| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0965/З |
| Дугаар | 128/ШШ2025/0442 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2025/0442
2025 06 05 128/ШШ2025/0442
Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, “Ө*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
“Нэг талаас: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, VIP оффис, 1 давхарт байрлах "Ө******* *******" ХХК /нэхэмжлэгч/ /РД:5256755/ түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Ц******* Б******* /РД:Й388092213/, нөгөө талаас: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо, А, Н замд байрлах Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, түүнийг төлөөлж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.М /хариуцагч/ нар /цаашид хамтад нь "Талууд” гэх/ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийг удирдлага болгон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа "Ө******* *******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/1068 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрх дуусгавар болгох тухай" захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий маргааныг дараах байдлаар харилцан тохиролцож, энэхүү гэрээг байгуулав.
Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү гэрээгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа "Ө******* *******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн оролцогчдын эрх, үүрэг, тэдгээртэй холбоотой харилцааг зохицуулна.
1.2. Энэхүү гэрээ талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр байгуулагдсан бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, дарамт, шахалт нөлөөлөөгүй болно.
Хоёр. Талуудын эвлэрэл
2.1. Энэхүү гэрээгээр нэхэмжлэгч “Ө******* *******" ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/1068 дугаар "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрх дуусгавар болгох тухай" захирамжийг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах, Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь энэхүү гэрээний хавсралтад заасан эргэлтийн цэгийн солбицлын дагуу 4.1 га газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх эрх олгох шийдвэр гаргах, гэрээ, гэрчилгээг газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэн баталгаажуулах үүрэг хүлээнэ.
2.2. Газар эзэмшүүлэх гэрээг газрын мэдээллийн санд зөвшөөрч, баталгаажуулах үүргийг нэхэмжлэгч "Ө******* *******" ХХК хариуцна;
2.3. "Ө******* *******" ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоход шаардагдах барим материалыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд бүрдүүлэн өгнө.
2.4. "Ө******* *******” ХХК-г 4.1 га газрын дуудлага худалдааны үнэ төлөх үүргээс чөлөөлнө.
2.5. Талууд эвлэрлийн гэрээг байгуулж, шүүхээр баталгаажуулснаар энэ гэрээнд заасан асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд Нийслэлийн Засаг дарга гэрээний 2.1 дүгээр зүйлд заасан үүрийг биелүүлэхээр энэхүү гэрээнд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.М гарын үсэг зурав.
Гурав. Бусад
3.1. Талууд энэхүү гэрээнд гарын үсэг зурж, тамга, тэмдгээр баталгаажуулан, шүүгчийн захирамжаар баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болно.
3.2. Талууд энэхүү гэрээнд заасан эрх үүргээ биелүүлснээр гэрээг дуусгавар болсонд тооцно.
3.3. Талууд гэрээг шүүхэд хүргүүлж эвлэрлийг батлуулахаар тохиролцов” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “Ө*******-*******” ХХК-аас “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрх дуусгавар болгох тухай” А/1068 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаар 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10161 дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж, шүүхийн хяналтад буй маргааныг дуусгавар болгохоор шүүхэд ханджээ.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь “...хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар хариуцагч нь “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх” эрхтэй бол, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.“Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2.“Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж зохицуулжээ.
4. Нэхэмжлэгч "Ө*******-*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мэргэндарь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нарт итгэмжлэлээр эвлэрэн хэлэлцэх эрх олгогдсон болохыг шүүх шалган тогтоож, дараах нөхцөлөөр эвлэрснийг баталж, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
5.Талуудын байгуулсан 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №3 дугаар эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч “Ө*******-*******" ХХК-ийн зүгээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрх дуусгавар болгох тухай” А/1068 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах, хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь энэхүү гэрээний хавсралтад заасан эргэлтийн цэгийн солбицлын дагуу 4.1 га газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх эрх олгох шийдвэр гаргах, гэрээ, гэрчилгээг газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэн баталгаажуулах үүрэг хүлээж, нэхэмжлэгч талаас шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэгчид эзэмшүүлэх эрх олгох шийдвэр гаргах үүрэг хүлээсэнтэй холбогдуулан дараах нөхцөлийг тохиролцсон. Тодруулбал, гэрээний 2 дугаар зүйлийн 2.1. “...гэрээний хавсралтад заасан эргэлтийн цэгийн солбицлын дагуу 4.1 га газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх эрх олгох шийдвэр гаргах, гэрээ, гэрчилгээг газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэн баталгаажуулах үүрэг хүлээнэ”, 2.2. “Газар эзэмшүүлэх гэрээг газрын мэдээллийн санд зөвшөөрч, баталгаажуулах үүргийг нэхэмжлэгч "Ө*******-*******" ХХК хариуцна”, 2.3. “Ө*******-******* ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоход шаардагдах барим материалыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд бүрдүүлэн өгнө”, 2.4. “Ө*******-******* ХХК-г 4.1 га газрын дуудлага худалдааны үнэ төлөх үүргээс чөлөөлнө...” зэргээр болон бусад нөхцөлүүдийг тохиролцож, гэрээнд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б*******, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.М нар гарын үсэг зурж албажуулжээ.
6. Энэхүү захиргааны хэрэгт бие даасан шаардлагагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа хуулийн этгээдийн болон өөр гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй байна гэж үзлээ. Учир нь ийнхүү зөрчигдөхгүй болох нь 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаартай гэрээний хавсралт ёсоор хариуцагч Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгч хуулийн этгээдэд эзэмших эрх олгохоор болсон газрын байршил нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, М*******н урд байрлах, дараах солбицолтой нийт 4.1 га талбайтай
|
| x | y |
| 0 | 635520.0559 | 5301692.7918 |
| 1 | 635610.2217 | 5301498.8347 |
| 2 | 635590.7067 | 5301443.9322 |
| 3 | 635458.3434 | 5301389.5130 |
| 4 | 635374.8726 | 5301570.4407 |
| 5 | 635520.0559 | 5301692.7918 |
байх бөгөөд энэхүү газар нь гуравдагч этгээд “Ц******* *******” ХХК-ийн одоо эзэмшиж буй Нийслэлийн засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаар захирамжийг үндэслэж олгосон Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах нэгж талбарын 178******* дугаартай 28420 м.кв газартай давхцалгүй байна.
7. Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хуулийн зөрчилгүй байна гэж үзлээ. Хэргийн оролцогчдод Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” болохыг тайлбарласан ба уг агуулгыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан талаарх баримтад гарын үсэг зурсан болно.
8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар тус эвлэрэл нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болох нь талуудын тайлбар, хүсэл зоригийн илэрхийллээр тогтоогдсон гэж үзэв.
9. Иймд нэхэмжлэгч болон хариуцагч нар харилцан тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрэх талаар хүсэлтээ илэрхийлснээрээ түүнээс гарах үр дагавартай танилцаж, гарын үсэг зурсан, хүсэлт зоригоо илэрхийлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, "Ө*******-*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, индексийн 128/2024/0965/З дугаар бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ө*******-*******”, хариуцагч Нийслэлийн Засаг дарга нарын хооронд байгуулсан 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаар эвлэрлийн гэрээг баталж, индексийн 128/2024/0965/З дугаар бүхий “Ө*******-*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарт танилцуулах буюу гардуулахыг шүүгчийн туслах А.Энхсаруулд даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН