Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 172

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг, улсын яллагч С.Энхтуул, шүүгдэгч Н.Баасансүрэн, хохирогч С.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Нямсүрэнгийн Баасансүрэнд холбогдох эрүүгийн “11811002320115” дугаартай, 186/2018/0150/э индекстэй хэргийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд төрсөн,  20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Технологийн дээд сургуулийн 4 дүгээр курсын оюутан, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 21-47 тоотод оршин суух бүртгэлтэй, Боржигон овогт Нямсүрэнгийн Баасансүрэн /РД:МЮ97013111/,

 

           Холбогдсон хэргийн талаар;

Н.Баасансүрэн нь 2018 оны 01 дүгээр сарын  09-ний өглөө 05 цагийн үед  Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, Хийморь цогцолборын 6 дугаар байрны 73 тоотод иргэн С.Болдбаатартай маргалдан улмаар түүнрүү ширээ шидэж биед нь баруун сарвууны чигчий хурууны алганы шивнүүрийн хугарал, сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:   Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Н.Баасансүрэн нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.

1.2. Хохирогч С.Болдбаатар нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Би 1 дүгээр сарын 9-ний өглөө Баасансүрэнтэй утсаараа юм үзэж унтуулахгүй байлаа гэж маргалдсан. Тухайн үед би боль гээд нилээд ширүүн дуугарсан. Тэгээд манай дүү над руу ширээ авч шидэхэд миний хуруунд бага зэргийн гэмтэл учирсан. Гэхдээ бид өөрсдийн сайн дурын үндсэн дээр эвлэрсэн гэв.

 Хоёр:  Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

            2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч С.Болдбаатарын:...би 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 6-73 тоот байранд миний ивээн тэтгэж хааяа нэг уулздаг Отгонжаргал болон түүний  дүүгийн хамт байж байгаад унтахын өмнө би 2-3 лааз пиво уусан. Ингээд пиво уучихаад унтацгаахаар хэвтсэн боловч жаахан унтаж байгаад сэртэл Баасансүрэн гэдэг дүү нь унтаагүй гар утсаараа оролдоод сууж байсан ба Отгонжаргалтай наашаа бол цаашаа бол  гэх зэргээр жаахан маргалдаж байснаа би Баасансүрэнг чи одоо утсаа болиочээ унтаач гэсэн чинь өөрийнхөө хажууд байсан ширээг надруу чиглүүлээд шидэхээр нь би гараараа хамгаалсан, ингээд миний гар бэртсэн гэх мэдүүлэг.         /хх-12/,

           2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Болдбаатар гэрчээр мэдүүлэхдээ:...би 2016 оны 06 дугаар сараас эхлэн Отгонжаргал гэдэг эмэгтэйтэй хамтран амьдарч Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, бага тойруу 6 дугаар байрны 73 тоотод байр түрээслэн амьдарч байгаа. Урьд шөнө буюу 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө 05 цаг 30 минутын үед Отгонжаргал бид 2 жаахан зүйлээс болж хэрүүл маргаан хийгээд байж байгаад би буруу хараад хэвтэж байсан чинь Отгонжаргалын дүү Баасансүрэн хүрч ирээд бидний хөнжлийг сөхөөд байхаар нь чи яагаад хөнжил сөхөөд байгаа юм бэ гэсэн чинь танд ямар хамаатай юм бэ гэж хэлээд босоод ирэхээр нь би босоод иртэл миний сууж байсан зүгрүү хажууд байсан модон ширээг аваад шидэхээр нь би баруун гараараа биеэ хаасан чинь миний баруун гарын ар хэсэгт онож гэмтээсэн. Тэгээд манай хамтран амьдрагч Отгонжаргал дүү Баасансүрэн болон хүүхдээ дагуулаад Дэнжийн 1000 руу эгчийнхээ гэрлүү явчихсан гэх мэдүүлэг. /хх13-14/    

         2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад  Н.Баасансүрэн гэрчээр мэдүүлэхдээ:....2018 оны 01 дүгээр сарын 08-ны орой манай эгч Отгонжаргал түүний хамтран амьдрагч Болдбаатар нар ганц нэг шил пиво ууж байгаад унтацгаасан ба шөнө 03 цагийн орчим Болдбаатар нь эгч Отгонжаргалтай маргалдаад байхаар нь би босч ирээд Болдбаатар ахад хандаж та одоо болилдоо эгчийг унтуулахгүй яагаад байгаа юм бэ гэтэл надруу уурлаж босож ирээд чи бол илүү шүү муу нусан чавх минь, гөлөг минь яг одоо эндээс зайл гэхээр нь би хоол унднаас чинь идэхгүй  байж чаднаа та арай дэндэж байгаа  юм биш үү гэтэл надруу ална шүү гээд дайраад байхаар нь би маргалдчихаад уурандаа хажууд байсан модон ширээг авч Болдбаатарын зогсож байсан газарлуу шидчихсэн  чинь Болдбаатар гараараа хаагаад гар нь гэмтсэн гэх мэдүүлэг. /хх 15-16/, 

         2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Отгонжаргалын:.. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны орой миний хамтран амьдрагч Болдбаатар 21 цагийн үед гаднаас орж ирээд бид 2 хөргөгчинд байсан пивоноос нэг нэг шил пиво уучихаад би унтчихсан. Тэгээд Болдбаатар ганцаараа суугаад үлдсэн ба шөнө 02 цаг өнгөрч байх үед намайг оролдоод сэрээсэн би өөдөөс нь унтмаар байна чи өглөө болооч гэсэн чинь чи хэнтэйгээ унтсан юм бэ надтай унтахгүй байна гээд  хэрүүл хийгээд үсчээд байсан. Тэгтэл манай дүү Баасансүрэн босч ирээд та одоо болилдоо эгчийг унтуулаач дээ гэсэн чинь чи дуугүй бай муу чацга минь би чамайг тэжээдэг чи ганцаараа зайл гэхэд би хоолноос  чинь идэхгүй байж болноо эгчийгээ аваад явна гэтэл Болдбаатар босч ирээд үсчээд байсан ба Баасансүрэн хажуудаа байсан ширээг Болдбаатарын зогсож байсан газрын ханаруу аваад шидтэл Болдбаатар гараараа хааж гараа гэмтээсэн. Тэгээд  дүү бид 2 хүүхдээ хувцаслаад Дэнжийн 1000 руу эгчийнх рүүгээ такси бариад явчихсан гэх мэдүүлэг. /хх 9-10/,

        2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Анхзаяа:..миний  төрсөн хүү Баасансүрэн нь 1997 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 21 настай, бага насаа Сэлэнгэ аймгийн  цэцэрлэгээр хүмүүжсэн, 2002 онд Сэлэнгэ аймгийн 1 дүгээр 10 жилийн сургуульд элсэн орж, 2008 он хүртэл суралцаж байгаад манай гэр Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотруу шилжиж ирээд манай хүү Баасансүрэн нь 2008 онд Чингэлтэй дүүргийн 61 дүгээр бүрэн дунд сургуульд элсэн орж 11 дүгээр ангиа төгссөн. Төгсөөд элсэлтийн шалгалтандаа тэнцэж өөрийн хүсэлтээр Хүнсний технологийн дээд сургуульд элсэн орж суралцаж байна. Баасансүрэн нь багадаа төлөв даруу зантай, бусадтай нийтэч эвтэй найртай, дуу болон яруу найргийн тал дээр авъяастай мөн сагсан бөмбөгөөр хичээлэх дуртай, элдэв янзын муу зуршил байхгүй, гэртээ дандаа эмэгтэй хүмүүстэй амьдардаг учраас хүнд их хайртай, дүү нартаа үлгэр дуурайлалтай архи дарс хэрэглээд байдаггүй, сайн хүүхэд гэж бодож байна гэх мэдүүлэг. /хх 19-20/,       

            2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1294 тоот актын:

1. С.Болдбаатарын биед баруун сарвууны чигчий хурууны алганы шивнүүрийн хугарал, сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болормаа  гэсэн дүгнэлт /хх-23/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Хавтас хэргээс гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-6/,  хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-12/, гэрчүүдийн мэдүүлэг /хх 13-20/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11294  дугаар дүгнэлт /хх-23/ шүүгдэгч болон хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн  бичгээр гаргасан хүсэлт /хх 40, 50/, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт  зэргийг шинжлэн судлалаа.

Дээрхи  хуульд заасан журмын  дагуу цугларсан  нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн  шалгах ажиллагааны явцад  хийгдвэл зохих ажиллагаа бүрэн  хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад  тулгуурлан дараахи үйл баримтыг  тогтоов.

         Шүүгдэгч Н.Баасансүрэн нь 2018 оны 01 дүгээр сарын  09-ний өглөө 05 цагийн үед  Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, Хийморь цогцолборын 6 дугаар байрны 73 тоотод иргэн С.Болдбаатартай маргалдан улмаар түүнрүү ширээ шидэж биед нь баруун сарвууны чигчий хурууны алганы шивнүүрийн хугарал, сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь Н.Баасансүрэн гэрчээр мэдүүлэхдээ...2018 оны 01 дүгээр сарын 08-ны орой манай эгч Отгонжаргал түүний хамтран амьдрагч Болдбаатар нар ганц нэг шил пиво ууж байгаад унтацгаасан ба шөнө 03 цагийн орчим Болдбаатар нь эгч Отгонжаргалтай маргалдаад байхаар нь би босч ирээд Болдбаатар ахад хандаж та одоо болилдоо эгчийг унтуулахгүй яагаад байгаа юм бэ бэ гэтэл надруу уурлаж босож ирээд чи бол илүү шүү муу нусан чавх минь, гөлөг минь яг одоо эндээс зайл гэхээр нь би хоол унднаас чинь идэхгүй  байж чаднаа  та арай дэндэж байгаа  юм биш үү гэтэл надруу ална шүү гээд дайраад байхаар нь би маргалдчихаад уурандаа хажууд байсан модон ширээг авч Болдбаатарын зогсож байсан газарлуу шидчихсэн  чинь Болдбаатар гараараа хаагаад гар нь гэмтсэн гэх мэдүүлэг. /хх 15-16/, мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Болдбаатар гэрчээр мэдүүлэхдээ:..би 2016 оны 06 дугаар сараас эхлэн Отгонжаргал гэдэг эмэгтэйтэй хамтран амьдарч Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Бага тойруу 6 дугаар байрны 73 тоотод байр түрээслэн амьдарч байгаа. Урьд шөнө буюу 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө 05 цаг 30 минутын үед Отгонжаргал бид 2 жаахан зүйлээс болж хэрүүл маргаан хийгээд байж байгаад би буруу хараад хэвтэж байсан чинь Отгонжаргалын дүү Баасансүрэн хүрч ирээд бидний хөнжлийг сөхөөд байхаар нь чи яагаад хөнжил сөхөөд байгаа юм бэ гэсэн чинь танд ямар хамаатай юм бэ гэж хэлээд босоод ирэхээр нь би босоод иртэл миний сууж байсан зүгрүү хажууд байсан модон ширээг аваад шидэхээр нь би баруун гараараа биеэ хаасан чинь миний баруун гарын ар хэсэгт онож гэмтээсэн гэх мэдүүлэг. /хх 13-14/, гэрч Н.Отгонжаргалын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны орой миний хамтран амьдрагч Болдбаатар 21 цагийн үед гаднаас орж ирээд бид 2 хөргөгчинд байсан пивноос нэг нэг шил пиво уучихаад би унтчихсан. Тэгээд Болдбаатар ганцаараа суугаад үлдсэн ба шөнө 02 цаг өнгөрч байх үед намайг оролдоод сэрээсэн би өөдөөс нь унтмаар байна чи өглөө болооч гэсэн чинь чи хэнтэйгээ унтсан юм бэ надтай унтахгүй байна гээд  хэрүүл хийгээд үсчээд байсан. Тэгтэл манай дүү Баасансүрэн босч ирээд та одоо болилдоо эгчийг унтуулаач дээ гэсэн чинь чи дуугуй бай муу чацга минь би чамайг тэжээдэг чи ганцаараа зайл гэхэд би хоолноос  чинь идэхгүй байж болноо эгчийгээ аваад явна гэтэл Болдбаатар босч ирээд үсчээд байсан ба Баасансүрэн хажуудаа байсан ширээг Болдбаатарын зогсож байсан газрын хана руу аваад шидтэл Болдбаатар гараараа хааж гараа гэмтээсэн... гэх мэдүүлэг. /хх 9-10/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1294 тоот актанд С.Болдбаатарын биед баруун сарвууны чигчий хурууны алганы шивнүүрийн хугарал, сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болормаа  гэсэн дүгнэлт /хх-23/, шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн  мэдүүлэг, шүүгдэгч болон хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэсэн  бичгээр гаргасан хүсэлт зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Баасансүрэнг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Хохирогч  С.Болдбаатар нь шүүхийн  хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ амаар болон бичгээр хүсэлт гаргаж  байх тул шүүгдэгчийн бусдад  учруулсан хохирлыг  нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж шүүх үзлээ. 

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Нямсүрэнгийн Баасансүрэнг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Баасансүрэнг  450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баасансүрэнд оногдуулсан торгох ялыг  3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баасансүрэн нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Н.Баасансүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Баасансүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.БАТЖАРГАЛ