| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0951/З |
| Дугаар | 128/ШШ2025/0441 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2025/0441
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “О******* ББСБ” ХХК /РД:2*******/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ү*******,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,
Хариуцагч: Монгол Улсын Ерөнхийлөгч,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын дарга Ж.М,
Гуравдагч этгээд: Прокурорын ерөнхий газар,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Г.Э.
Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11 дүгээр зарлигийн хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ын 2.1 дэх заалтыг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү*******, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1.“О******* ББСБ” ХХК-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хандан 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Я2/23/030 дугаар албан бичгээр, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Я2/23/079 дугаар албан бичгээр, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Я2/24/028 дугаар албан бичгээр тус тус гомдол, хүсэлт гаргаж, хандсан.
1.2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ТГ/334 дугаар албан бичгээр Улсын Ерөнхий прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1/3224 дугаар албан бичгээр ирүүлсэн хариуг “О******* ББСБ” ХХК-д хүргүүлсэн ба,
1.3.Тус 1/3224 дугаар албан бичигт “...иргэн Б.Б******* саналыг хүлээн авах боломжгүй” гэжээ.
1.4.Улмаар нэхэмжлэгч “О******* ББСБ” ХХК-ийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид холбогдуулан “Прокурорын тухай хуулийн 3.1.5 болон 66.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11 дүгээр зарлигийн хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ын 2.1 дэх заалтыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гаргаснаар 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9995 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1.Нэхэмжлэгч хуулийн этгээдээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11 дүгээр зарлигийн 2 дугаар хавсралтаар батлагдсан Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмын 2.1 дэх заалт нь Прокурорын тухай хуулийн 3.1.5 болон 66.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байх тул Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмын 2.1 дэх заалтыг хүчингүй болгуулахаар хандаж байна.
Уг журмын 2.1-д “Зөвлөл нь прокурорын мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой дараах хүсэлтийг үндэслэн шалгах, дүгнэлт гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 2.1.1-д “прокурор алдаа гаргасан эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Дээд шатны прокуророос ирүүлсэн хүсэлт”, 2.1.2-д “... жилд 3 буюу түүнээс дээш удаа сахилгын арга хэмжээ авагдсан прокурорыг тухайн албан тушаалд, эсхүл прокурорын үүрэгт ажилд тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргуулахаар дээд шатны прокуророос ирүүлсэн хүсэлт” гэж тус тус заасан байна.
Дээрх заалтуудаас харахад зөвхөн дээд шатны прокурор нь л доод шатны прокуророо алдаа гаргасан эсэх талаар нь дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргах эрхтэй мэтээр журамласан байна. Гэтэл Прокурорын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Прокурор мэргэжил, ёс зүйн дүрэм зөрчсөн тухай гомдлыг зөвлөлд гаргана” гэж заасан заалтаас харахад прокурорыг мэргэжлийн дүрэм зөрчсөн тохиолдолд зөвлөлд гомдол гаргах эрхийг зөвхөн дээд шатны прокуророор хязгаарлаагүй, харин ч хэргийн оролцогчийн өмгөөлөгч гомдол гаргах эрхтэй байхаар хуульчилсан байна. Хэргийн оролцогчийн өмгөөлөгчийн Прокурорын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасан эрхийг хязгаарлан зөвхөн дээд шатны прокурор нь л зөвлөлд хүсэлт гаргах эрхтэй мэтээр журамласан нь хэргийн оролцогчийн өмгөөлөгчийн дээрх хуулиар олгосон эрхэнд халдсан үйлдэл гэж үзэж байна. Мөн Прокурорын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д прокурор “ил тод, нээлттэй байх” зарчмыг үйл ажиллагаандаа баримтална гэж заасан байтал энэ зарчимтай зөрчилдсөн, эсрэг журам баталсан байна.
Прокурор нь ёс зүйн дүрэм зөрчсөн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11 дугаар зарлигийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан Прокурорын ёс зүйн дүрмийн 3.4.3-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нь зөвлөлд гомдол, хүсэлт гаргах эрхтэй байхаар журамласан атлаа мэргэжлийн дүрэм зөрчсөн бол хэргийн оролцогчийн өмгөөлөгч нь ч зөвлөлд гомдол гаргах эрхгүй, зөвхөн дээд шатны прокурор нь л доод шатны прокуророо алдаа гаргасан эсэх талаар нь дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргах эрхтэй мэтээр журамласан байна. Гэтэл Прокурорын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт нь Мэргэжлийн болон ёс зүйн дүрэм зөрчсөн бол холбогдох зөвлөлд хоёуланд нь хэргийн оролцогчид, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч гомдол гаргана гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, Прокурорын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалтыг нэг өдөр зэрэг батлагдсан Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам болон Прокурорын ёс зүйн дүрэмд 2 өөрөөр хэрэглэсэн нь хуулийн үндэслэлгүй байна.
Прокурорын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Дээд шатны прокурор прокурорын үйл ажиллагаа, шийдвэрийн талаарх гомдлыг хянан шийдвэрлэх, хууль бус, үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, буцаан авах эрхтэй" гэж заасан байна. Энэ заалтаас харахад прокурор мэргэжлийн алдаа гаргавал дээд шатны прокурор нь гаргасан шийдвэрийг нь хүчингүй болгох, өөрчлөх, буцаан авах эрхтэй байхад дахин Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журамд Зөвлөлийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргахаар журамласан нь утгагүй байна.
Шүүхийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 болон Өмгөөллийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д шүүгч болон өмгөөлөгч нар мэргэжлийн алдаа гаргасан тохиолдолд Сахилгын хороо болон Мэргэжлийн хариуцлагын хороонд хүн, хуулийн этгээдийн зүгээс гомдол гаргах эрхтэй байхаар хуульчилсан бөгөөд холбогдох журмуудад нь ч энэ эрх нээлттэй байгаа болно. Гэтэл прокурорын мэргэжлийн алдаанд гомдол гаргах эрхийг Прокурорын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар хэргийн оролцогчийн өмгөөлөгчид олгосоор байхад Ерөнхийлөгч журам батлан энэ эрхийг хааж, хязгаарласанд гомдолтой байна.
Иймд тус банк бус санхүүгийн байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 92-94 зүйлд зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийж, Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмын 2.1 дэх заалтыг хүчингүй болгуулахаар 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.С******* нарт тус тус хандаж албан бичиг хүргүүлсэн. Үүний хариуг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ТГ/334 тоот албан бичгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Э******* нь Улсын ерөнхий прокурорын газрын 1/3224 тоот албан бичгийг хавсарган ирүүлсэн байна. Уг хариуг нь тус банк бус санхүүгийн байгууллага хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна.
Шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа шаардлагын үндэслэл нь тус банк бус санхүүгийн байгууллага нь зээлдэгч Ш.Батжаргалд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.О******* нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа” буюу гэмт хэрэг үйлдсэн хугацаа тодорхойгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрэн хийгдсэн талаарх баримт, материалыг ирүүлээгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв хэмээн 433 дугаартай тогтоол гаргасан.
Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхийг тогтоох, хэрэгт зайлшгүй шаардлагатай баримт, материалыг холбогдох байгууллагаас нэхэн гаргуулах нь прокурорын өөрийн хийх ёстой ажил байтал энэ ажлуудаа огт хийлгүйгээр шууд хэргийг хааж байгаагаа Д.О******* нь тогтоолдоо өөрөө бичсэн. Ийм байдлаар мэргэжлийн ур чадваргүй, мэдлэггүй, хариуцсан ажилдаа хайнга, санаачилгагүй, хариуцлагагүй хандсан прокурор Д.О******* мэргэжлийн үйл ажиллагааны алдаа гаргасан эсэх дүгнэлтийг гаргуулахаар тус банк бус санхүүгийн байгууллага нь Прокурорын мэргэжлийн зөвлөлд Я2/22/069 дугаартай гомдол гаргасан.
Улсын ерөнхий прокурорын газраас 1/2736 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар хариуг ирүүлсэн. Прокурорын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д прокурорын мэргэжлийн үйл ажиллагааны алдаанаас болж хохирсон хэргийн оролцогч, хохирогчийн өмгөөлөгч нь прокурорыг мэргэжлийн үйл ажиллагааны алдаа гаргасан эсэх дүгнэлтийг гаргуулахаар Прокурорын мэргэжлийн зөвлөлд гомдол гаргах эрхтэй гэж заасан байхад хуулийг зөрчсөн хариу ирүүлсэн учраас журмын алдаатай заалтыг хүчингүй болгуулахаар хандаж байгаа болно. Прокурорын мэргэжлийн үйл ажиллагааны алдаанаас үүдэн цаг хугацаа, төлбөр барагдуулах ажиллагаа удаашрах зэрэг бусад зүйлээрээ хохирч байхад хохирогчийн гомдол гаргах эрхийг журмаар хязгаарлаж, Прокурорын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг зөрчиж байгаа нь тус банк бус санхүүгийн байгууллагын гомдол гаргах эрхийг зөрчиж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Шүүхээс Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмын маргаан бүхий заалтыг хүчингүй болгосноор тус банк бус санхүүгийн байгууллагын Прокурорын мэргэжлийн үйл ажиллагаанд гомдол гаргах эрх сэргэх юм” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Нэхэмжлэлийн үндэслэл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11 дүгээр зарлигаар батлагдсан “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ын 2.1 дэх заалт нь зөвхөн дээд шатны прокурор доод шатны прокурорыг мэргэжлийн алдаа гаргасан гэж үзвэл прокурорын мэргэжлийн зөвлөлд хүсэлт гаргах эрхтэйгээр журамласан байна. Нэхэмжлэгчээс энэхүү заалтыг хууль бус гэж үзэж байна. Учир нь Прокурорын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт прокурор мэргэжил, ёс зүйн дүрэм зөрчсөн тухай гомдлыг зөвлөлд гаргана гэж заасан. Гэтэл маргаан бүхий журамд зөвхөн хүсэлт гаргах эрхтэйгээр, гагцхүү зөвхөн прокурор хүсэлт гаргах эрхтэй гэж заасан нь хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар зарлигаар батлагдсан Прокурорын ёс зүйн дүрмийн 3.4.3 дахь заалтад хэргийн оролцогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч зөвлөлд гомдол гаргах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журамд энэхүү заалтыг оруулаагүй нь хуулийн үндэслэлгүй байна. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хууль болон Өмгөөллийн тухай хуулийн холбогдох заалтуудад шүүгч өмгөөлөгч нь мэргэжлийн алдаа гаргасан тохиолдолд хэргийн оролцогчид сахилгын хороо болон мэргэжлийн хяналтын хороонд гомдол гаргах эрхтэй байдаг. Гэтэл прокурорыг мэргэжлийн алдааг гаргасан тохиолдолд гомдол гаргах эрхгүй гэж журамд заасан нь хуулиар олгогдсон нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхэд халдаж байна гэж үзэж байна.
Иймд маргаан бүхий журмын 2.1 дэх заалтад заасныг хүчингүй болгож өгнө үү” гэв.
2.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Хуулиар гомдол гаргах эрхтэйгээр заасан байтал журамд гомдол гаргах эрхгүй гэж заасан нь хууль бус гэж үзэж байна” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: “... “О*******” банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлтэй “Прокурорын тухай хуулийн 3.1.5 болон 66.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмын 2.1 дэх хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад, дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Монгол Улсын Их Хурлаас 2017 онд батлагдсан Прокурорын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт “Прокурорын мэргэжлийн дүрэм, мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална” гэж заасан. Прокурорын тухай хуулийн дээрх заалтад үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11 дүгээр зарлигийн 1 дүгээр хавсралтаар “Прокурорын мэргэжлийн дүрэм”, 2 дугаар хавсралтаар “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам” тус тус батлагдан, дагаж мөрдөж байна.
Прокурорын мэргэжлийн дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдлийг прокурорын мэргэжлийн үйл ажиллагааны алдаа гэж үздэг. Прокурор мэргэжлийн үйл ажиллагааны алдаа гаргасан эсэхийг шалгаж шийдвэрлэх ажиллагааг Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмаар зохицуулсан. Прокурорын мэргэжлийн зөвлөл нь прокурорын мэргэжлийн дүрэм зөрчсөн эсэх асуудлаар явуулсан шалгалтын дүнг хэлэлцэн, хараат бусаар дүгнэлт гаргадаг. Энэ нь прокурор шийдвэрээ хараат бусаар гаргах, үйл ажиллагаанд бусад этгээд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, дарамт шахалт үзүүлэхийг хориглох баталгаа болсон бие даасан орон тооны бус зөвлөл юм. Тухайлбал, прокурорын гаргасан шийдвэр, мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шалгаж шийдвэрлэх зохицуулалтыг Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журамд тодорхойлсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоос прокурорын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гаргасан гомдлыг Прокурорын мэргэжлийн зөвлөл хүлээн авч шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Энэ хуульд зааснаас өөрөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх хэм хэмжээ тогтоосон журам гаргахыг хориглоно” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимтай нийцэхгүй юм.
Прокурорын мэргэжлийн дүрмийн 2.3-д тодорхойлсон прокурорын мэргэжлийн үйл ажиллагааны алдаанд хамаарах асуудлуудаар дээд шатны прокурор дүгнэлт гаргуулахаар Прокурорын мэргэжлийн зөвлөлд хүсэлт гаргах зохицуулалт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоос прокурорын шийдвэрт гомдол гаргах эрх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагддаг. Прокурорын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван тавдугаар бүлэгт заасан гомдол, хүсэлт гаргах, түүнийг шалгаж шийдвэрлэх нийтлэг журамд заасны дагуу дээд шатны прокурорт гомдол гарган шийдвэрлүүлдэг.
Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны прокурорт гомдол гаргах журмыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан. Тухайлбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос прокурорт 2022 онд 10,828, 2023 онд 11,506, 2024 онд 12,906 гомдол тус тус гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Прокурорын тухай хуулийн 10 дугаар зүйлд дээд шатны прокуророос доод шатны прокурорын шийдвэрийг заавал хянах тохиолдлыг хуульчилсан, мөн хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаар дээд шатны прокурор нь прокурорын үйл ажиллагаа, шийдвэрийн талаарх гомдлыг хянан шийдвэрлэх, хууль бус, үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, буцаан авах эрхтэй байдаг. Прокурорын тухай хуулийн 7 дугаар зүйлд "Хараат бус, бие даасан байх зарчим"-ыг хуульчилсан бөгөөд энэ зарчмын хүрээнд прокурор шийдвэрээ хуульд нийцүүлэн хараат бусаар гаргах, прокурорын шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулахад нь хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад прокурорын шийдвэрт гомдол гаргах журмыг тодорхой заасан бөгөөд прокурорын шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг шат шатны дээд шатны прокурорууд хуульд заасан үндэслэл журмын дагуу хянан шийдвэрлэж байна.
Дээрх хуулиудын хүрээнд шийдвэрлэхээр зохицуулсан гомдлыг Прокурорын мэргэжлийн зөвлөл хүлээн авч шийдвэрлэх нь Прокурорын тухай хуульд заасан прокурорын шийдвэрийг хянах хуулийн зохицуулалттай зөрчилдөхийн зэрэгцээ прокурорын хараат бус, бие даасан байх зарчим алдагдах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тасралтгүй, шуурхай явагдахад сөрөг нөлөө үзүүлнэ. Нэхэмжлэлийн шаардлагад Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмын 2.1 дэх заалт Прокурорын тухай хуулийн 3.1.5 болон 66.1 дэх заалтуудыг зөрчсөн гэсэн тухайд: Прокурорын тухай хуулийн 3 дугаар зүйлд прокурорын үйл ажиллагаанд баримтлах зарчмуудыг хуульчилсан ба энэ зүйлийн 3.1.5 дахь хэсэгт “ил тод, нээлттэй байх” зарчим тусгагдсан байна. Энэ зарчмын агуулгыг уг хуулийн 8 дугаар зүйлд “Хуулиар нууцлахаар тогтоосноос бусад асуудлаар гаргаж байгаа прокурорын шийдвэр ил тод байна", "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх болон хуулиар хориглосноос бусад тохиолдолд прокурор, түүний зөвшөөрснөөр холбогдох албан тушаалтан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц, шийдвэрлэлтийн талаар олон нийт, албан тушаалтан, хүн, хуулийн этгээдэд мэдээлэл өгч болно” гэж тус тус заасан.
Прокурорын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Прокурор мэргэжил, ёс зүйн дүрэм зөрчсөн тухай гомдлыг зөвлөлд гаргана” гэж заасан. Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмаар зөвлөлийн чиг үүрэг, бүтэц, зөвлөлийн хуралдааны дэг, хүсэлт шалгах, шийдвэр гаргахтай холбоотой харилцааг журамласан. Прокурорын ёс зүйн зөвлөл нь прокурорын сахилга, ёс зүйтэй холбогдуулж гаргасан санал, хүсэлт, гомдол, мэдээллийг үндэслэн, прокурор ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлдгээрээ Прокурорын мэргэжлийн зөвлөлийн чиг үүргээс ялгаатай болно.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд, Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмын 2.1 дэх заалт нь Прокурорын тухай хуулийн 3.1.5, 66.1 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно" гэж заасан. Гадагш чиглэсэн гэж иргэн, хуулийн этгээдэд эрх зүйн үр дагавар үүсгэсэн, тухайн байгууллагын дотоод зохион байгуулалт, зохицуулалтын шинжийг агуулаагүй байхыг ойлгодог. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11 дүгээр зарлигийн 2 дугаар хавсралтаар батлагдсан "Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам"-ын зохицуулалт нь иргэн, хуулийн этгээдэд эрх зүйн үр дагавар үүсгээгүй, Прокурорын мэргэжлийн зөвлөлийн чиг үүрэг, бүтэц, зөвлөлийн хуралдааны дэг, хүсэлт шалгах, шийдвэр гаргахтай холбоотой харилцаа буюу байгууллагын дотоод зохион байгуулалт, зохицуулалтын шинжийг агуулсан журам тул захиргааны актад хамаарахгүй юм. Иймд "О*******" банк бус санхүүгийн байгууллагаас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын дарга Ж.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Монгол Улсын Ерөнхийлөгч нь бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэн шийдвэр гаргадаг. Монгол Улсын Их Хурлаас 2017 онд батлагдсан Прокурорын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт прокурорын мэргэжлийн дүрэм, мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11 дүгээр зарлигийн 2 дугаар хавсралтаар Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмыг баталсан.
Нэхэмжлэгч талаас гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11 дүгээр зарлигийн 2 дугаар хавсралтаар баталсан Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмын 2.1-д заасан заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. Прокурорын мэргэжлийн дүрмийн 2.2 дахь заалтад прокурорын мэргэжлийн үйл ажиллагаа гэдгийг прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүхэд төрийг төлөөлөх чиг үүргийг тодорхойлсон хууль Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актыг хэрэгжүүлж буйг ойлгоно гэж заасан. Харин прокурор мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан эсэхийг шалгаж, шийдвэрлэх ажиллагааг прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмаар зохицуулсан харилцааг энэ журмаар зохицуулсан. Прокурорын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт прокурорын мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шалгах дүгнэлт гаргах орон тооны бус мэргэжлийн зөвлөлтэй байна гэж заасан бөгөөд тухайн зөвлөл нь дээд шатын прокуророос эсхүл өөрийн гаргасан шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж буй прокурорын гаргасан хүсэлтийн дагуу шалгаж дүгнэлт гаргадаг байхаар тус мэргэжлийн зөвлөлийн ажиллах журамд заасан байдаг. Тухайн зөвлөл нь прокурор шийдвэрээ хараат бусаар гаргах үйл ажиллагаанд нь бусад этгээд хөндлөнгөөс оролцох нөлөөлөх дарамт шахалт үзүүлэхийг хориглох баталгаа болсон бие даасан орон тооны бус зөвлөл юм.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоос прокурорын шийдвэр болон үйл ажиллагаанд гомдол гаргах эрх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагддаг. Прокурорын тухай хуулийн 10 дугаар зүйлд дээд шатны прокуророос доод шатын прокурорын шийдвэрийг хянах тохиолдлыг хуульчилсан байдаг. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт дээд шатны прокурор прокурорын үйл ажиллагаа шийдвэрийн талаарх гомдлыг хянан шийдвэрлэх, хууль бус үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, буцаан авах эрхтэй гэж заасан байдаг. Иймд прокурорын мэргэжлийн үйл ажиллагааны алдаанд хамаарах асуудлаар дээд шатын прокурорын дүгнэлт гаргуулахаар мэргэжлийн зөвлөлд хүсэлт гаргах зохицуулалт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Иймд нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллагаас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Дөрөв. Гуравдагч этгээдийн хариу тайлбар, татгалзал:
4.1.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: “..."О*******" банк бус санхүүгийн байгууллагын “Прокурорын тухай хуулийн 3.1.5 болон 66.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмын 2.1 дэх заалтыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч нь бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэр гаргадаг бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2017 онд батлагдсан Прокурорын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт “Прокурорын мэргэжлийн дүрэм, мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11 дүгээр зарлигийн 2 дугаар хавсралтаар “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам"-ыг баталсан. Нэхэмжлэгч талаас гаргасан Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмын 2.1 дэх заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг хүргүүлж байна. Прокурорын мэргэжлийн дүрмийн 2.2 дахь хэсэгт “Прокурорын мэргэжлийн үйл ажиллагаа” гэдгийг прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүхэд төрийг төлөөлөх чиг үүргийг тодорхойлсон хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актыг хэрэгжүүлж буйг ойлгоно гэж заасан байна. Харин прокурор мэргэжлийн үйл ажиллагааны алдаа гаргасан эсэхийг шалгаж шийдвэрлэх ажиллагааг Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмаар зохицуулсан. Прокурорын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт прокурорын мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шалгах, дүгнэлт гаргах орон тооны бус мэргэжлийн зөвлөлтэй байна гэж заасан бөгөөд тухайн зөвлөл нь дээд шатны прокуророос, эсхүл өөрийн гаргасан шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж буй прокурорын гаргасан хүсэлтийн дагуу шалгаж, дүгнэлт гаргадаг байхаар тус мэргэжлийн зөвлөлийн ажиллах журамд заасан байна. Тухайн зөвлөл нь прокурор шийдвэрээ хараат бусаар гаргах, үйл ажиллагаанд нь бусад этгээд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, дарамт шахалт үзүүлэхийг хориглох баталгаа болсон бие даасан орон тооны бус зөвлөл юм. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоос прокурорын шийдвэр болон үйл ажиллагаанд гомдол гаргах эрх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагддаг. Түүнчлэн, Прокурорын тухай хуулийн 10 дугаар зүйлд дээд шатны прокуророос доод шатны прокурорын шийдвэрийг заавал хянах тохиолдлыг хуульчилсан, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсэгт “Дээд шатны прокурор прокурорын үйл ажиллагаа, шийдвэрийн талаарх гомдлыг хянан шийдвэрлэх, хууль бус, үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, буцаан авах эрхтэй" байна гэж заасан байна.
Иймд прокурорын мэргэжлийн үйл ажиллагааны алдаанд хамаарах асуудлаар дээд шатны прокурор дүгнэлт гаргуулахаар Прокурорын мэргэжлийн зөвлөлд хүсэлт гаргах зохицуулалт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл байхгүй байгаа тул “О*******” банк бус санхүүгийн байгууллагаас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Монгол Улсын Их Хурлаас 2017 онд Прокурорын тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. Энэхүү хуулийн хүрээнд прокурорын мэргэжлийн дүрэм, ёс зүйн дүрэм болон мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлахаар заасан байдаг. Хуулийн хүрээнд прокурорын мэргэжлийн дүрэм болон мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам батлагдсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Прокурорын тухай хуулийн 3.1.5 дахь заалт болон 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгтэй холбогдуулан тайлбар хэлье. Прокурорын тухай хуулийн 3 дугаар зүйлд прокурорын үйл ажиллагааны зарчмуудыг хуульчилсан байдаг. Прокурорын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалт нь прокурорын үйл ажиллагааны ил тод нээлттэй байх зарчмын талаар зааж өгсөн байдаг. Ил тод нээлттэй байх зарчмын агуулгыг Прокурорын тухай хуулийн 8 дугаар зүйлд прокурорын шийдвэр ил тод байх, шийдвэрийн талаар олон нийтэд мэдээлэл өгөхтэй холбоотой зохицуулалт юм. Мэргэжлийн зөвлөлийн ажиллах журамтай холбоотой зохицуулалт биш юм.
Мөн Прокурорын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг зөрчсөнтэй холбоотойгоор тайлбар хэлэхэд прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам, прокурорын ёс зүйн дүрэм нь хоорондоо ялгаатай юм. Прокурорын ёс зүйн дүрэм нь прокурорын сахилга, хариуцлага, ёс зүйтэй холбоотой хэм хэмжээг тогтоосон журам юм. Мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам нь прокурор мэргэжлийн алдаа гаргасан эсэхийг шалгаж шийдвэрлэдэг. Прокурорын шийдвэртэй холбоотой асуудлыг бие даасан хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан байдаг. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар прокурорын шийдвэр үйл ажиллагаа хуульд нийцээгүй бол дээд шатны прокурорууд гомдлын дагуу хянах процесстой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар бүлэгт энэ зохицуулалт тусгагдсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь мөн ялгаагүй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан прокурорын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гарсан гомдлыг дээд шатны прокурор шийдэх зохицуулалттай байна. Мөн Прокурорын тухай хуулиар доод шатны прокурорын шийдвэр үйл ажиллагаа хууль нийцээгүй гэж үзвэл дээд шатны прокурор нь шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, буцаах эрхтэй байдаг. Прокурорын тухай хуулиар дээд шатны прокурор зайлшгүй хянах тохиолдлыг хуульчилсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан асуудлыг мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх, шийдвэрлэх үндэслэлгүй юм. Прокурорын шийдвэр, үйл ажиллагааг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зааснаар явуулахгүйгээр прокурорын мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх нь прокурор хараат бус байх зарчимтай зөрчилдөх тохиолдолд бий болно. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Прокурорын тухай хуулийн тодорхой заалтыг зөрчсөн гэх үндэслэл нь бодитой биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Нэхэмжлэгч “О******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
6. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн 901******* дугаарт, регистрийн 2******* дугаарт бүртгэгдсэн, зээлийн үйл ажиллагаа эрхлэх үндсэн чиглэлтэй.
7.Маргааны үйл баримтад хамаатуулан, нэхэмжлэгчийн зүгээс “нэр бүхий зээлдэгчийн гэмт хэргийн шинжтэй үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гаргасан өргөдлийг хяналтын прокурор Б.О******* хянахдаа мэргэжлийн алдаа гаргасан..., түүний мэргэжлийн ур чадваргүй, мэдлэггүй, хариуцсан ажилдаа хайнга, санаачилгагүй, хариуцлагагүй хандсан мэргэжлийн үйл ажиллагааны алдааны талаар дүгнэлт гаргуулах”-аар Я2/22/069 дугаартай гомдлыг Прокурорын мэргэжлийн зөвлөлд гаргахад,
8.Улсын ерөнхий прокурорын газрын 1/2736 дугаар хариу мэдэгдэх хуудсаар “прокурорын мэргэжлийн дүрэм, прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журамд зааснаар хэргийн оролцогчийн гомдлоор прокурорын асуудлыг Прокурорын мэргэжлийн зөвлөлд шилжүүлэх хууль зүйн боломжгүй” гэж хариу өгснийг эс зөвшөөрч,
9.Прокурорын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. “Прокурор мэргэжил, ёс зүйн дүрэм зөрчсөн тухай гомдлыг зөвлөлд гаргана” гэж заасан байхад хууль зөрчсөн журмын алдаатай заалтыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандах болсноо илэрхийлээд, ийнхүү нэр бүхий прокурорын мэргэжлийн үйл ажиллагааны алдааны улмаас цаг хугацаа алдаж, төлбөр барагдуулах ажиллагаа удааширсан, хохирогчийн гомдол гаргах эрхийг журмаар хязгаарласан нь хууль бус гэж маргаж байна.
10.Прокурорын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.“Прокурорын мэргэжлийн дүрэм, мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална” гэж заасан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 5. “Ерөнхийлөгчид бусад тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно” гэх агуулгын хүрээнд хуульчлагдсан асуудал байх бөгөөд,
11.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Дүрэм, журам батлах тухай” 11 дүгээр зарлигийн нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Прокурорын мэргэжлийн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Прокурорын мэргэжлийн үйл ажиллагаа гэдгийг прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих, шүүхэд төрийг төлөөлөх чиг үүргийг тодорхойлсон хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актыг хэрэгжүүлж буйг ойлгоно”, 2.3-д “Энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн дараах үйлдэл, эс үйлдлийг прокурорын мэргэжлийн үйл ажиллагааны алдаа гэж ойлгоно” гээд 2.3.1. “илтэд гэмт хэргийн шинжгүй, урьд нь шалгаж шийдвэрлэсэн эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүчин төгөлдөр шийдвэртэй гэдгийг мэдсээр байж гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргийг дахин шалгуулж шийдвэрлэсэн”, 2.3.2. “илтэд үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан”, 2.3.3. “гэмт хэргийн шинжтэй, эсхүл илтэд зөрчил үйлдсэн байхад зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй, зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцаагаагүй”, 2.3.4. “Прокурорын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүйгээс прокурорын шийдвэр удаа дараа хүчингүй болсон”, 2.3.5. “Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичээгүй”, 2.3.6. “улсын яллагч үндэслэлгүй яллахаас татгалзсан”, 2.3.7.“шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбоотой үндэслэлгүй дүгнэлтийг шүүхэд хүргүүлснээс шүүх хэрэгсэхгүй болгосон” гэж заасан бол,
12.Прокурорын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1. “Прокурорын мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шалгах, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөлтэй байна”, 64.2. “Прокурорын мэргэжлийн дүрэм, мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална” гэж зааснаар дээрх зарлигийн хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1. “Зөвлөл нь прокурорын мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой дараах хүсэлтийг үндэслэн шалгах, дүгнэлт гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан бол, харин энэхүү мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой хүсэлтийг хэн гаргах вэ гэдэгт Журмын 2.1.1. “прокурор мэргэжлийн үйл ажиллагааны алдаа гаргасан эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Дээд шатны прокуророос ирүүлсэн хүсэлт”, 2.1.2. “хяналтын ажлын алдаа гаргасан үндэслэлээр жилд 3 буюу түүнээс дээш удаа сахилгын арга хэмжээ авагдсан прокурорыг тухайн албан тушаалд, эсхүл прокурорын үүрэгт ажилд тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Дээд шатны прокуророос ирүүлсэн хүсэлт”, 2.1.3. “өөрийн гаргасан шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж, тухайн шийдвэрийн талаар Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн прокурорын хүсэлт” гэж заажээ.
13.Прокурорын тухай хууль болон Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан дүрэм, журмын зохицуулалтаас үзвэл, нэхэмжлэгчийн дээрх 12-д заасан журмын 2.1 дэх заалтыг хүчингүй болгуулахаар маргасан нэхэмжлэлийн үндэслэлийг хүлээн авах үндэслэлгүй байна.
14.Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4. “Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ” гэж зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11 дүгээр зарлигийн хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ын 2.1 дэх заалтыг хүчингүй болгуулах тухай маргааныг захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр Улсын дээд шүүхээс харьяалал тогтоосон болохыг, уг журам захиргааны хэм хэмжээ тогтоосон актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс илэрхийлсэн болохыг дурдаад, үүгээрээ хэргийн болон шүүхийн харьяалал зөрчигдөөгүй болно.
15. Нэхэмжлэгч нь хариуцагчаар нэрлэгдсэн Улсын Ерөнхийлөгчөөс маргаан бүхий “журам”-ын заалтыг зарлиг гарган батлахдаа бүрэн эрхээ хэтрүүлсэн, шийдвэр гаргах үйл ажиллагааны журамлалыг зөрчсөн, захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа буруу явагдсан зэргээр маргаагүй, харин “гомдол гаргах эрх”-ийг хязгаарласан гээд Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан эрхийг зөрчсөн гэж тайлбарласан. Энэхүү хуулийн зохицуулалт нь гомдол гаргах талаарх ерөнхий харилцаанд хэрэглэгдэх ба харин маргаан бүхий журмын заалтыг хүчингүй болгуулахаар маргасан Прокурорын тухай хуулийн 3.1.5. “ил тод, нээлттэй байх” талаарх прокуророос үйл ажиллагаандаа баримтлах зарчим, 66 дугаар зүйлийн 66.1. “Прокурор мэргэжил, ёс зүйн дүрэм зөрчсөн тухай гомдлыг зөвлөлд гаргана” гэсэн заалт нь илүү нарийвчилсан хууль авч энэ нь нэхэмжлэгчид эрх олгосон, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлын талаарх хамгаалалтыг нь бэхжүүлсэн заалт биш юм.
16.Ингэж үзэхийн учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар “...хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой болохыг заасан хуулийн үзэл санаа, 3.1.3-д зааснаар “...хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл” нь нэхэмжлэл болохыг заасан агуулгаар үзвэл, нэхэмжлэгчийн субьектив эрх ямар материаллаг эрх зүйн ямар хэм хэмжээгээр хамгаалагдаж байна вэ гэдэгт хариулах шаардлагаас үүдэлтэй.
17.Тэгвэл, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хяналтыг хэрэгжүүлж, гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдлийг хянасан прокурорын тогтоолыг эс зөвшөөрч, уг тогтоолыг гаргасан албан тушаалтан болох прокурорын шийдвэр үйл ажиллагааг прокурорын мэргэжлийн үйл ажиллагааны алдаанд тооцуулахаар гомдол гаргах эрхээ хязгаарлуулсан гэж үзэхгүй.
18.Хариуцагчийн болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар прокурорын шийдвэр үйл ажиллагаа хуульд нийцээгүй бол дээд шатны прокурор гомдлын дагуу хянах зохицуулалттай бөгөөд ийнхүү зохицуулсан асуудлыг мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх, шийдвэрлэх үндэслэлгүй. Прокурорын тухай хуулиар доод шатны прокурорын шийдвэр үйл ажиллагаа хуульд нийцээгүй гэж үзвэл дээд шатны прокурор нь шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, буцаах эрхтэй. Прокурорын шийдвэр, үйл ажиллагааг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зааснаар явуулахгүйгээр прокурорын мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх нь прокурор хараат бус байх зарчимтай зөрчилдөх боломжтой...” гэх тайлбар үндэслэлтэй.
19.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4/ “гомдол гэж төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг” ойлгохоор нэр томьёоны утгыг хуульчилсан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх, чөлөө ашиг сонирхлыг зөрчсөн албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаа байхаар байна, гэтэл нэхэмжлэгч нь “тус банк бус санхүүгийн байгууллагын зээлдэгч Ш.Батжаргалд Эрүүгийн хуульд зааснаар шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст хандсан өргөдөл, гомдлыг хянасан прокурор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тодорхойгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тодорхой баримт ирүүлээгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан” энэ шийдвэр үйл ажиллагаатай холбоотой гомдлоо гаргаж шийдвэрлүүлж чадахгүй байна гэж маргасан нь нарийвчилсан хуулийн зохицуулалтыг зөрчсөн, шүүхээр хамгаалагдах субьектив эрх, зөрчигдөж болзошгүй хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж үзэхээр байна.
20. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд заасан үндэслэлээр халдах хууль зүйн үндэслэлгүй.
21.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.“нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг зааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 5, Прокурорын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4-д заасныг баримтлан Монгол Улсын Ерөнхийлөгчид холбогдуулан гаргасан “О******* ББСБ” ХХК-ийн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11 дүгээр зарлигийн хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ын 2.1 дэх заалтыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч хуулийн этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН