Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/167

 

 

 

 

 

      2024             02            01                                        2024/ДШМ/167

 

Т.Б д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төгсжаргал,

шүүгдэгч Т.Б , түүний өмгөөлөгч Б.Энхболд,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/749 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Б , түүний өмгөөлөгч Б.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар эрүүгийн 2210010941261 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Т.Б , ....-ний өдөр ... аймагт төрсөн, ... настай, ..., ... боловсролтой, жолооч мэргэжилтэй, ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:../.

Т.Б  нь 2022 оны 4 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн үед ... тоот хашаанд байрлах Т.Э-н эзэмшлийн байшингийн цонхыг хагалж, хууль бусаар нэвтэрч 42 инчийн Samsung брэндийн зурагт, DDISH төхөөрөмж зэргийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсны улмаас бусдад 499.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Т.Б гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.Б гийн өмгөөлөгч Б.Энхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Т.Б  нь 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ: “Би 2020 онд Т.О гэх эмэгтэйтэй тухайн тоотод хамт амьдардаг байсан юм” гэх, 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр өгсөн сэжигтний мэдүүлэгтээ “...тэгээд согтоод өмнө нь богино хугацаанд хамтран амьдарч байсан Т.О  гэх эмэгтэйн гэрт нь очсон” гэх, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “..би тэр өдөр архи их хэрэглэсэн байсан. Видео колл хийж танайд очиж хоноё гэж эгчтэй нь ярихад манайд очоод хоноо, яасан их архи уудаг юм, түлхүүр нь байдаг газраа байгаа гэж хэлсэн. Намайг очиход түлхүүр байгаагүй тул би цонх хагалж орсон” гэх мэдүүлэг тус тус өгсөн байна. Т.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй, анхнаасаа болсон хэргийн талаар тогтвортой үнэн зөв мэдүүлэг өгч байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог юм. Т.Б  нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 9 дүгээр гудамжны 363 тоот хашаанд байрлах байшинд 2021 оны 4 дүгээр сараас 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд хохирогч Т.Э-н төрсөн эгч Т.Т.О тэй хамтран амьдарч байсан байх ба энэ талаар хохирогч Т.Э нь мэдүүлэг өгөхдөө дурдсан байдаг. Мөн Т.Б  нь тухайн хашаа байшингийн өмчлөгч, эзэмшигчийг Т.О гэж андуурч ойлгосон болох нь түүнийг мэдүүлгээс харагддаг бөгөөд улмаар гэмт хэрэг гардаг өдөр Т.О рүү фейсбүүкийн мессенжер чатаар холбогдож Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 9 дүгээр гудамжны 363 тоот хашаанд байрлах байшинд нь хонох зөвшөөрөл аваад нэвтэрч орсон байна. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгч Т.Б  нь өмчлөгч, эзэмшигчээс нь зөвшөөрөл авчихлаа гэж андуурч ойлгоод дээрхи байшин руу нэвтэрч орж унтсан байхад анхан шатны шүүх хэргийн бодит байдлаас өөрөөр дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Т.Б , Т.Э нар нь бие биенийгээ зүс таних төдий таньдаг талаар мэдүүлэг өгсөн байдаг ба хэрвээ Т.Б  дээрхи байшингийн өмчлөгч, эзэмшигчийг Т.Э болохыг мэддэг байсан бол энэ нь зүс таних төдий таних түүнээс зөвшөөрөл авахгүй байсан болохыг харуулж байгаа юм. Мөн Т.Б  нь Т.Э-н эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрсэн үйлдэл дээрээ маргаж байгаа боловч Самсунг брэндийн зурагт, зурагтын төхөөрөмж хулгайлсан талаараа үнэн зөв мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй болон хохирол нөхөн төлсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг харгалзан үзэлгүйгээр 2 жилийн хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” зарчмыг баримтлан Т.Б д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Т.Б  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Би 2021 оны 4 дүгээр сараас 10 сарыг хүртэл хугацаанд Т.Т.О тэй хамтран амьдарч байсан бөгөөд хэрэг гардаг өдөр согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байхдаа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 9 дүгээр гудамжны 363 тоот хашаанд байрлах байшинд унтах санаатай Т.Т.О ийн фейсбүүк хаягаар нь ярьж байгаад түүнээс зөвшөөрөл авч байшинд орж унтсан нь үнэн юм. Т.О бид хоёрын амьдарч байсан байшинг Т.О нь өөрийнх нь байшин гэж тухайн үед надад хэлж байсан бөгөөд одоо тухайн байшин нь байдаггүй нурчихсан юм. Би Т.Э зүс таних төдий болно. Миний бие дээрх байшинд зөвшөөрөлгүй, хууль бусаар нэвтэрч орсон гэх хэрэг дээрээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин самсунг брэндийн зурагт, төхөөрөмж хулгайлсан талаараа анхнаасаа үнэн зөв мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд миний хувийн байдлыг харгалзан үзэж хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. Би Төв аймгийн Баянхангай суманд настай ээж Гөлгөөгийн Чулуунбямбын хамт амьдардаг бөгөөд миний ээж 2015, 2017 онуудад харвалт өгч, харвалтын улмаас саажилт үүсч, сэтгэцийн өөрчлөлт орсон, таталт өгдөг эмчийн хяналтад тогтмол үзүүлж миний асаргаанд байдаг юм. Мөн миний төрсөн эгч Чулуунбямба овогтой Ариунбилэг нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зам тээврийн осолд өртөж нас барсан бөгөөд өнчин үлдсэн хүүхдүүдийг нь асран хамгаалах ёстой болж байгаа учраас энэхүү хувийн байдлыг минь харгалзан үзэж, хэргийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, зүйлчлэлийг өөрчилж өгнө үү.” гэв.

 

Прокурор Л.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх Т.Б д холбогдох хэргийг хэлэлцээд бусдын орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүгдэгч Т.Б гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол хор уршигт тохирсон гэж үзэж байгаа. Шүүгдэгч Т.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчтой нэг сарын хугацаанд хамт амьдарч байсан гэдгээ мэдүүлдэг. Тухайн байранд орохдоо хохирогчтой видео калл хийж зөвшөөрөл авсан тухайгаа мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлээгүй. Эзэмшигчийн зөвшөөрлөөр тухайн оронд байранд нэвтэрсэн гэх үйл баримт тогтоогддоггүй. Хохирогч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт оролцохдоо “манай эгчтэй нэг жилийн хугацаанд хамт амьдраагүй нэг сарын хугацаанд хамт амьдарч байсан, энэ миний эзэмшлийн байр, цонхыг нь хагалсан, хаалгыг татаж модыг эвдэлсэн байсан” гэж мэдүүлдэг. Энэ нь хэргийн газрын үзлэгээр тогтоогддог. Шүүгдэгч Т.Б  эзэмшигчээс нь зөвшөөрөл авсан мэтээр мэдүүлдэг болов ч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тухайн орон байранд нэвтэрсэн үйл баримт тогтоогдож байгаа учраас хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байгаа.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

Хохирогч Т.Э-н “ ...хашаа байшиндаа ирэхэд манай жижиг байшингийн цонх хагархай дотор нь ороход согтуу хүн унтаж байсан. Мөн байшинд байсан Самсунг загварын зурагт Дидиш тоглуулагч төхөөрөмж зэрэг эд зүйл байхгүй болсон байхаар нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” /хх-н 22/ гэх мэдүүлэг,

Яллагдагч Т.Б гийн “...байшингийн модон хаалгыг татсан бөгөөд түгжээ нь модноосоо сугарч гарч ирээд би дотогшоо ороод хар өнгийн LCD загварын 42 инчийн зурагт байсныг нь би авч гараад урагшаа явж байгаад нүүрс зардаг газарт танихгүй 40-45 насны эрэгтэй хүнд 50.000 төгрөгөөр зарчихсан юм. Тухайн мөнгөөрөө би архи худалдан аваад ганцаараа уучихаад орой цагийг нь сайн мэдэхгүй байна, нар жаргасан байдалтай байсан. Тэр үед би дахин Арцатын 9-363 тоотын хаалгаар нь ороод орон дээр нь тасраад унтчихсан юм. Удалгүй цагдаагийн машинтай хүмүүс ирээд намайг яваад явсан юм...” /хх 22/ гэх мэдүүлэг,

            Гэрэл зургийн үзүүлэлт  /хх 16-18/,

            Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн газрын 2008 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат 9 гудамж, 363 тоот хаягт байршилтай 26.5 м.кв талбайтай, Хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Т.Э-н эзэмшлийнх” гэх 000585577 дугаартай гэрчилгээ /хх-80/,

Дамно хөрөнгийн үнэлгээ /хх 18-24/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

Т.Б  нь 2022 оны 4 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн үед ... тоот хашаанд байрлах Т.Э-н эзэмшлийн байшингийн хаалгыг нь эвдэн, хууль бусаар нэвтэрч 42 инчийн Samsung брэндийн зурагт, DDISH төхөөрөмж зэргийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсны улмаас бусдад 499.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцсэн байна.

            Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглож, хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүйгээс гадна, иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаалахаар хуульчилсан.

Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, цонх хагалж орсон бол хууль бус нэвтрэлт гэж үздэг.

Хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэхээс өмнө тухайн орон байранд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд урьдчилан мэдсэн, мэдээгүй эсэхээс үл шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Хүн амьдрах орон байр, үйлчилгээний танхим, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд уг гэмт хэргийн тухайд оршин суугчийн эзгүйд амьдарч буй орон байрных нь хаалгыг нь эвдэн орж буй шүүгдэгчийн үйлдэл нь хууль бус нэвтрэлтийн шинж чанарыг илт агуулжээ.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хохирол, үнийн дүн, үйлдэж буй арга зэрэг нь тухайн гэмт хэргийн нэг шинж болж байдаг онцлогтой. Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахайн сэдэлт, зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч өөртөө захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс төгсдөг.

 

Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийг нууц далд аргаар авах гэдэгт өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр тухайн эд хөрөнгийг хадгалан хамгаалагдаж байсан орон зайнаас хөдөлгөн өөрийн болгон авахад чиглэсэн бүхий л идэвхтэй үйлдлийг хамааруулж ойлгох ба гагцхүү уг гэмт үйлдлээ хэрэгжүүлэхдээ орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрсэн тохиолдолд хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.Б  нь 2022 оны 4 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн үед ... тоот хашаанд байрлах Т.Э-н эзэмшлийн байшингийн хаалгыг нь эвдэж, хууль бусаар нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “... хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэсэн хүндрүүлэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Б г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байх ба түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.

 

Учир нь, гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай нийцэж, тохирсноор Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангана.

 

Шүүгдэгч Т.Б гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэр хэмжээ, анхан шатны шүүхэд хэрэг хянагдах явцад хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдлын тухайд анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэхэд, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч Т.Б , түүний өмгөөлөгч Б.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Харин анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 18, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрүүдэд явагдсан шүүх хуралдааны тэмдэглэлийг хэрэгт хавсаргаагүй хайнга хайхрамжгүй үйлдлийг буруутган тэмдэглэвэл зохино.

 

            Шүүгдэгч Т.Б  нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 71 хоног цагдан хоригдсон байгааг дурдаж байна.  

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/749 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б , түүний өмгөөлөгч Б.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б гийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 71 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА

                                    ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН