2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 192/ШШ2025/03615

 

 

 

2025 05   01

 

 

192/ШШ2025/03615

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Гурвантэс сум, 4 дүгээр багт байрлах Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* гудамж, 21 дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух Жамбал овогт Дашнамсрайн ******* /регистрийн дугаар: *******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 11,875,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч, прокурор Н.Ундрах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Засаг дарга хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,875,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Д.******* нь 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд хэрэгжиж байсан "Мак дэд сан" төслийн дагуу сум хөгжүүлэх сангаас жилийн 3 хувь /1 сарын 0.25 хувь/-ийн хүүтэй 10.000.000 төгрөгийг 18 сарын хугацаатайгаар авч, зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дуусгавар болсон байна. Энэ хугацаанд зээлдэгч Д.******* нь 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зээлийн хүү, үндсэн төлбөрт нийт 50.000 төгрөгийг төлсөн байна. Иргэн Д.******* нь 2014 оны 06 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн үлдэгдэл 10.000.000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 237.500 төгрөг, алданги болох 1.637.500 төгрөг, нийт 11.875.000 төгрөгийг тус тус төлөөгүй, мөн хэмжээгээр төрд хохирол учраад байна. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргаас Прокурорын байгууллагыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргуулах, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар хүсэлт ирүүлсний дагуу тус Прокурорын газраас төрийг төлөөлж, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр 41.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ба иргэн Д.*******гээс зээлийн гэрээний үлдэгдэл 11.875.000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр прокурорын нэхэмжлэл гаргаж байна гэж тодорхойлсон.

 

2. Хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн. Хариуцагч тал татгалзлын үндэслэлийн талаар: Нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа дууссан. гэж тайлбарласан.

 

3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн албан бичиг, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1/69 дугаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын албан бичгийн хуулбар, 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн а/90 дугаар Төслийн санхүүжилт олгох тухай Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын захирамжийн хуулбар, Мак дэд сангаас зээл олгохоор шалгаруулсан төслийн санхүүжилтийн хуваарийн хуулбар, 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 0000031 дугаар төлбөрийн хүсэлтийн хуулбар, 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 11 дугаар Мак дэд сангаас олгох зээлийн гэрээний хуулбар, хавсралтын хамт, тус өдрийн 11 дугаар барьцааны гэрээний хуулбар, хавсралтын хамт, 0256375 дугаар техникийн тодорхойлолтын хуулбар, Мак сангийн төслийн баримт бичгийн хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1/3116 дугаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын албан бичиг, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1/671 дугаар Өмнөговь аймгийн Прокурорын газрын албан бичиг, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1/315 дугаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын албан бичиг, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1/24 дугаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/437 дугаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1/492 дугаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1/604 дугаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын албан бичиг.

 

4. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0984 дугаар итгэмжлэл, 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 0263 дугаар итгэмжлэл, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0682 дугаар итгэмжлэл.

 

5. Шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 143/ШЗ2022/00225 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 143/ШШ2022/00107 дугаар Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1/69 дугаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн а/90 дугаар Төслийн санхүүжилт олгох тухай Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын захирамж, Мак дэд сангаас зээл олгохоор шалгаруулсан төслийн санхүүжилтын хуваарь, 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 0000031 дугаар төлбөрийн хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Мак сангийн төслийн баримт бичгийн хуулбар, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 09/А дугаар Хотол дэгжих ХХК-ийн тодорхойлолтын хуулбар, хамтран ажиллах гэрээний үнэ тарифийн хүснэгтийн хуулбар, 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 77 дугаар тодорхойлолтын хуулбар, 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 11 дугаар Мак дэд сангаас олгох зээлийн гэрээ, хавсралтын хамт, тус өдрийн 11 дугаар барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хавсралтын хамт, 00509522 дугаар техникийн гэрчилгээ, 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 18/99 дугаар Монгол шуудан ХК-ийн албан бичиг, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/91 дугаар Архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны үлгэрчилсэн болон салбарын жагсаалт батлах тухай Архивын Ерөнхий газрын даргын тушаалын хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1/349 дугаар Шүүхийн тусгай архивын газрын албан бичиг, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 62 дугаар Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын албан бичиг, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02/218 дугаар Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын газрын албан бичиг, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар Өмнөговь аймгийн Архивын тасгийн албан бичиг, 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1/303 дугаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын албан бичиг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01/02 дугаар Мак сан ТББ-ын албан бичиг, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хамтран ажиллах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШЗ2021/02476 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1. Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,875,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд маргажээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч Д.******* нь 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас 10,000,000 төгрөгийн зээл авч тус сантай байгуулсан зээлийн гэрээний дагуу 50,000 төгрөгөөс өөр төлбөр буцаан төлөөгүй тул зээлийн төлбөрт 10,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 237,500 төгрөг, алдангийн төлбөрт 1,637,500 төгрөг нийт 11,875,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.

3. Хариуцагч Д.******* зээл авсан, 50,000 төгрөгөөс өөр төлбөр буцаан төлөөгүй талаараа маргаагүй боловч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн.

4. Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга, Мак дэд сан, хариуцагч Д.******* нар 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулж, энэ гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч гэрээний хугацаа дуусахад зээлийг буцаан төлөх үүргийг харилцан хүлээжээ.

5. Сум хөгжүүлэх сан, Мак дэд сан нар нь зээлдүүлэгчид буюу үүрэг гүйцэтгүүлэгчид, Д.******* нь зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч болох нь дээрх гэрээгээр тогтоогдож байна. Зээлдүүлэгчид нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид байх тул Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Сум хөгжүүлэх сан нь зээлийн төлбөрийг дангаар Д.*******гээс шаардах эрхтэй байна.

6. Мөн Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар сумын Засаг дарга нь сум хөгжүүлэх санг төлөөлөх эрхтэй байна. Сумын Засаг даргын зүгээс прокурорын байгууллагад хандаж нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд оролцох зэргээр шүүхэд өөрийгөө төлөөлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын байгууллага зөвшөөрчээ. Иймд Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар сумын Засаг даргыг прокурорын байгууллага төлөөлж нэхэмжлэл гаргасан, шүүх хуралдаанд оролцсон байна.

7. Хариуцагч Д.******* 10,000,000 төгрөгийн зээл авсан, авсан зээлээсээ 50,000 төгрөгийг төлж үлдэх төлбөрийг төлөөгүй болохоо зөвшөөрсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар талууд нэг үйл баримтын талаар талууд маргаагүй бол тухайн үйл баримтыг тогтоогдсон гэж үздэг.

8. Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Мак дэд сангаас олгох зээлийн гэрээ-ний дагуу зээлийн төлбөрийг Д.*******гээс буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон байна. Тодруулбал хариуцагч буюу зээлдэгч нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр үүргээ гүйцэтгэхээс татгалзсан байна.

9. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. гэж заажээ. Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих тухай хууль болон бусад хуулиар Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй талаар заагаагүй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д: гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан ба мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар энэ хугацааг шаардах эрх үүссэн цагаас эхлэн тоолохоор заажээ.

10. Сум хөгжүүлэх сангаас Д.*******д зээл олгохдоо 18 сарын хугацаа тохирч 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр бичгээр гэрээ байгуулжээ. Иймд талуудын тохиролцоо ёсоор 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусах бөгөөд энэ үеэс зээлдүүлэгчид шаардах эрх үүссэн байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг тул энэ хугацааг шаардах эрх үүссэн 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш тоолоход 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дууссан байна.

11. Нэхэмжлэгч тал 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр бичгээр мэдэгдэл өгч байсан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж тайлбарласан. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа гагцхүү тогтоосон журмын дагуу шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах, эсхүл үүрэг гүйцэтгэгч шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр тасалддаг. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зээлдүүлэгч Сум хөгжүүлэх сан нь анх 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр анх тогтоосон журмаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байна.

12. Зээлдэгч Д.******* нь зээлийн төлбөрийг төлсөн, эсхүл төлөхөөр баталгаа гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтын хэмжээнд тогтоогдоогүй, мөн Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэж үзэх үндэслэл мөн баримтаар тогтоогдоогүй болно.

13. Түүнчлэн, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан үндэслэл хэрэгт авагдсан баримтын хэмжээнд тогтоогдоогүй. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

14. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан Д.*******гээс 11,875,000 төгрөг гаргуулах тухай Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР