| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2018/0033/Э |
| Дугаар | 45 |
| Огноо | 2018-02-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Роза |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 45
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон
Улсын яллагч Ц.Роза
Шүүгдэгч Х.Бын өмгөөлөгч Т.Хүдэр
Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Розагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-т холбогдох эрүүгийн 1830000000029 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч, өрөмдөгч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Мандахын 2-11 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Бааюу овогт Х.Б.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Х.Б 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт гэртээ эхнэр З.Гтай маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 01 дүгээр сарын 22-ны орой гэртээ байхад манай найз утсаар яриад хүрээд ир хамт хөдөө явъя гэсэн. Бид нар урагшаа говь руу айлд очоод нэг шил архи уучихаад өглөө 05 цагийн үед гэртээ ирээд эхнэртээ уучихлаа уучлаарай гэсэн. Юунаас болж муудсанаа санахгүй байна. Эхнэрийнхээ үснээс нь зулгааж, цамцных нь захнаас дарж байгаагаа мэдсэн. Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
-Хохирогч З.Г мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “... Манай нөхөр Х.Б 2018 оны 02 дугаар сарын 04-ний орой 23 цагийн үед найзынх нь машин говьд суусан гээд гарсан. Гэтэл өглөөний 05-06 цагийн хооронд гэртээ нэлээн согтуу орж ирээд би гэрлүүгээ явлаа гээд байхаар нь гэртээ ирчихсэн байна унтаж амар гэтэл унтахгүй агсам тавьж, миний үснээс зулгааж цамцны захан дээрээс дарж байхад манай охин Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байсан. 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Х.Б нь миний зүүн шанаа руу нэг удаа цохисон. Үүнээс болж хацрын дотор талд язарсан. Мөн зүүн гарын чигчий хурууг хазсан. Тухайн үед манай нөхөр гэрийнхээ эд зүйлийг эвдлэх гээд байхаар нь би бүсээр хөл гарыг нь хүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-р хуудас/
-Насанд хүрээгүй гэрч Б.Баяржаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “... Намайг унтаж байхад аав хашгираад байхаар нь сэрээд хартал аав, ээж 2 маргалдаад байсан. Аав, ээжийг зодоод байхаар нь нөгөө өрөө рүү ороод Цагдаагийн газар руу 102 гэж утсаар залгаад цагдаа дуудсан. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны орой аав согтуу ирээд ээжийг зодох гээд байхаар нь ээж бүсээр гар хөлийг нь уясан чинь нэг гар нь мултраад ээжийг татаад хурууг нь хазсан...” гэх /хх-ийн 17-р хуудас/
-Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 92 дугаар дүгнэлтийн “1. З.Гы биед зүүн завжинд цус хуралт, зүүн эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн гарын 5 дугаар хуруунд урагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй ” гэх дүгнэлт /хх-ийн 19, 21-р хуудас/
-Хохирогч З.Гы Х.Бт гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-ийн 35-р хуудас/
-Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 28-р хуудас/
-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 5/294 дугаар тодорхойлолт /хх-ийн 26-р хуудас/
-Х.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт гэртээ хохирогч З.Гтай маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Х.Бын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч З.Г, насанд хүрээгүй гэрч Б.Баяржаргал нарын мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 92 дугаартай дүгнэлт, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Бт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул Х.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Х.Бын үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул Прокурорын гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Х.Бт ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Б цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, хохирогч З.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бааюу овогт Х.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Быг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Бт оногдуулсан торгох ялыг 1 жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Х.Бт мэдэгдсүгэй.
5. Ялтан Х.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, хохирогч З.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА