Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/01

 

2024      01         26                                                 2024/ДШМ/01                

 

 

О.*******ад холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

прокурор Х.*******,

шүүгдэгч О.*******, түүний өмгөөлөгч Т.Хүдэр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг,

                        нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр нар оролцов.

 

1. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ерөнхий прокурор Н.Найгалдоржийн эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.*******ад холбогдох эрүүгийн 2330001010116 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

2. Монгол Улсын иргэн, 1981 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг “*******”-ын 7 дугаар гудамжны 721 тоотод оршин суух, Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан, Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 540,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Боржигин овогт Очирбатын ******* /РД:ЛЮ81092179/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

3. Шүүгдэгч О.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багт байрлах “Цээнэ” дэлгүүрийн хойд талын 4 замын уулзварт 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчимд “Porter” маркийн 15-88 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7, 15.9, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, ослын улмаас “Subaru Impreza” маркийн 09-18 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.******* нас барж, насанд хүрээгүй хохирогч буюу 3 сартай Ж.Үүлэнсолонгын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.           

4. Хяналтын прокурор Д.Сүрэнхорлоо нь түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

5. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын агуулга: Боржигин овогт Очирбатын *******ыг “согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”, мөн “Хүний амь нас хохирсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.*******ад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч О.*******ад шүүхийн шатанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч О.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 14,850,000 /арван дөрвөн сая найман зуун тавин мянга/ төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч З.Баатархуяг нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******аас 6,835,900 /зургаан сая найман зуун гучин таван мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд оруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******аас оршуулгын зардалд 2,726,166 /хоёр сая долоон зуун хорин зургаан мянга нэг зуун жаран зургаа/ төгрөг, гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 133,100,000 /нэг зуун гучин гурван сая нэг зуун мянга/ төгрөг, нийт 135,826,166 /нэг зуун гучин таван сая найман зуун хорин зургаан мянга нэг зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулж, хохирогч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн “Дэнж”-ийн 29-8 тоотод оршин суух Алтанбүс овогт Ганбаатарын ******* /РД:ЛЛ96060908/-т олгож,  Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1 дэх  хэсэгт зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 225,000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгийг О.*******аас сар бүр гаргуулж, Зээрднүүд овогт *******ийн Үүлэнсолонго /РД:ЛЛ22311506/-д арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл нь олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд иргэний нэхэмжлэгч Г.******* энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ж.Үүлэнсолонго болон өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч О.*******ын 758891 дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

6. Ерөнхий прокурор Н.Найгалдорж эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүх шүүгдэгч О.*******ад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэхгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. Учир нь хэргийн үйл баримтаас дүгнэхэд О.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багт байрлах “Цээнэ” дэлгүүрийн хойд талын 4 замын уулзвар дээр 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зам тээврийн осол гаргасан. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан тул сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлсэн 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх үйлдэлд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг болох 133,100,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах үндэслэлгүй байна. Шүүх иргэний хуулийн холбогдох заалтыг буцаан хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хэсэг болон тогтоох хэсгийн 7 дахь заалтын энэ хэсэгт өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

7. Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг зөвшөөрөхгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

9. Шүүгдэгч О.******* болон түүний өмгөөлөгч Т.Хүдэр нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Эрх зүйн байдал дордсон гэв.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

10. Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ О.*******ад холбогдох эрүүгийн хэргийг эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах, үнэлэх талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам зөрчих болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчих буюу хууль бусаар хязгаарласан тохиолдол гараагүй учир хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

12. Шүүгдэгч О.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багт байрлах “Цээнэ” дэлгүүрийн хойд талын дөрвөн замын уулзварт 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчимд “Hyundai рorter” загварын 15-88 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх, дүрмийн 3.7а-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх, дүрмийн 15.9-т гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх, дүрмийн 12.3-т жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас гол замаас ирж байгаа “Subaru Impreza” загварын 09-18 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, түүний  жолооч Э.******* нас барж, насанд хүрээгүй хохирогч буюу 3 сартай Ж.Үүлэнсолонгын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Тодруулбал:  

  • хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******ийн: “... 2023.02.22-ны 15 цаг өнгөрч байхад гэрээсээ хадам аавынх руугаа явахаар имприза загварын 09-18 УНХ дугаарын машинтайгаа нөхөр жолоодож, би охиноо өвөр дээрээ аваад урд талын суудалд суугаад явж байхад туслах зам буюу баруун гар талаас портер загварын машин ирж хүчтэй мөргөсөн” гэх /1хх-23х/,
  • гэрч В.Батмөнхийн: “... 2023.02.22-ны өдрийн 17 цагийн үед төв замаар хойшоо явж байтал 4 замын уулзварт портер болон улаан өнгийн машин мөргөлдсөн байхаар нь эмнэлэгт дуудлага өгсөн. Портерын залууг ажиглахад согтуу байгаа бололтой харагдсан” гэх /1хх-39х/,
  • гэрч Д.Амармөнхийн: “... талийгаач бид хоёр миний машинтай аймгийн нэгдсэн эмнэлгийн баруун талын эмийн сан руу очихоор явж байтал гэнэт налаад ирэхээр ухаан алдлаа гэж бодоод 103 дээр ирсэн. Эмч нар тариа хийгээд цээжин дээр дарж тусламж үзүүлсэн.  Эмч нас барсан гэж хэлсэн” гэх /1хх-43/,
  • Насанд хүрээгүй гэрч С.Очиргаравын: “... аав бид хоёр 11 цагийн үед портер маркийн машинтай цагаан сарын хэсэлт хийхээр явж 3 айлаар орсон. Аав айл бүрд 3 хундага уугаад явсан. Тэгээд 15 цагийн үед гэрт буулгаад явсан” гэх /1хх-47х/ мэдүүлгүүд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг
  • Мөрдөгчийн магадлагаа /1хх-165-168х/
  • Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаартай “Талийгаач Э.*******т  цээж хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэг, дэлүүний язарсан шарх бүхий гэмтэл учирснаас гадна зүрхний гол судасны нумны өгсөх хэсгийн урагдлын улмаас үнхэлцэгний хөндийд хурц цус алдаж зүрх чихэлдэж нас барсан” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-63-70х/,
  • Мөн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 63, 64 дугаартай “Ж.Үүлэнсолонгын биед тархи доргилт, духанд зулгарсан шарх бүхий гэмтэл учирч, гэмтлийн хөнгөн зэрэгт, хүзүүний тавдугаар нугалмын хажуугийн сэртэнгийн хугарал, баруун нэгдүгээр хавирганы хугарал бүхий гэмтэл учирч гэмтлийн хүндэвтэр зэрэгт тус тус  хамаарна.” гэх дүгнэлт /хх-83-84, 90-91х/,
  • Жолооч О.*******ын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 2.18 хувийн тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон тухай тэмдэглэл /1хх-186-187х/
  • Хэргийн газар, тээврийн хэрэгсэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-5-11х, 58-60х, 177-182х/ зэрэг болно.

13. Анхан шатны шүүхээс О.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 14,850,000 төгрөгийг төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялаар шийтгэж, тухайн ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

   14. Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан бөгөөд тухайн хуульд энэ хэсгийг буцаан хэрэглэх талаар дурдаагүй байна. Түүнчлэн Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн “хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заажээ. Энэ хуульд заасан цаг хугацаанаас өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтоох асуудал яригдахгүй юм. Дээд шатны прокурорын энэ талаар бичсэн эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “шүүгдэгчээс гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 133,100,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.*******т олгох тухай” гэснийг  хүчингүй болгохоор тогтов.

15. Амь хохирогч Э.*******ийн сарын цалин хөлс, орлого тодорхойгүйн улмаас түүний дунджийг тогтоох боломжгүй байхад анхан шатны шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгөөс тэжээгчээ алдсаны тэтгэвэрт авч байгаа 325,000 төгрөгийг хасаж, зөрүү 225,000 төгрөгийг О.*******аас сар бүр гаргуулж, Ж.Үүлэнсолонгод арван зургаан нас хүртэл, суралцаж байгаа бол арван найман нас хүртэл нь олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсгийн “төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрд тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэж заасанд нийцэхгүй байна. Мөн Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож, нийгмийн халамжийн сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэрт сар бүр 325,000 төгрөгийг 2040 он  буюу 18 нас хүртэл олгохоор шийдвэрлэжээ. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 16. Шүүгч прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авснаас хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндсэн болон нэмэлт хугацаанаас хэтэрч,  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүй байх хэрэгтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 05-ны өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

1.1. Тогтоох хэсгийн 7 дахь хэсгийн “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******аас оршуулгын зардалд 2,726,166 /хоёр сая долоон зуун хорин зургаан мянга нэг зуун жаран зургаа/ төгрөг, гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 133,100,000 /нэг зуун гучин гурван сая нэг зуун мянга/ төгрөг, нийт 135,826,166 /нэг зуун гучин таван сая найман зуун хорин зургаан мянга нэг зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулж, хохирогч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн “Дэнж”-ийн 29 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух Алтанбүс овогт Ганбаатарын ******* /РД:ЛЛ96060908/-т олгосугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******аас оршуулгын зардалд 2,726,166 /хоёр сая долоон зуун хорин зургаан мянга нэг зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулж, хохирогч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн “Дэнж”-ийн 29 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух Алтанбүс овогт Ганбаатарын ******* /РД:ЛЛ96060908/-т олгосугай гэж өөрчилсүгэй.

1.2. Тогтоох хэсгийн 8 дахь заалтыг хүчингүй болгосугай.

1.3. Тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ын шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 52 /тавин хоёр/ хоногийг  хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

 

Гурав. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          О.БААТАРСҮХ

                              ШҮҮГЧИД                          С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                      Ц.ЭРДЭНЭЗУУ