| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Байгалмаа |
| Хэргийн индекс | 101/2022/04325/И |
| Дугаар | 191/ШШ2025/03244 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/03244
| 2025 04 17 | 191/ШШ2025/03244 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б тоотод оршин суух, Д овогт Г-н ******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б тоотод оршин суух, Б овогт С-н ******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 68 840 640 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагчийн үндэслэлгүй хөрөнгөжсөн 13 360 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгчид холбогдох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагчийн өмгөөлөгч *******,
Гэрч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч *******гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь С.*******д холбогдуулан зээлийн төлбөрт 41 518 000 төгрөг, хүүд 6 568 640 төгрөг, алдангид 20 759 000 төгрөг, нийт 68 845 640 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. ******* болон С.******* нарын хооронд 2019.05.10-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдсан.
Энэ гэрээгээр 2 жилийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр 41 518 000 төгрөгийг зээлдүүлсэн боловч хариуцагч нь зээлийн хүү, төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, гэрээний хугацаанд *******гийн ХААН банкны дугаартай дансанд С.******* нь өөрийнхөө ХААН банкны дугаар данснаас 5 удаагийн үйлдлээр 13 360 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үүнийг хүүгийн төлбөрт тооцсон. Зээлийн гэрээний 3.7-д талууд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувь байхаар алданги төлөхөөр тохирсон.
Ийнхүү гэрээний үүргээ биелүүлээгүй учраас 2021.05.10-ны өдрөөс алданги тооцоход 392 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд алданги нь 32 550 112 төгрөг болсон учир хуульд заасантай нийцүүлэн 20 759 000 төгрөгөөр тооцон 68 845 640 төгрөгийг нэхэмжилж байна.
Хариуцагч нь мөнгө аваагүй юм бол гэрээ хийхгүй, мөнгө аваагүй юм бол өр төлбөртэй, төлнө гэх агуулга бүхий цахим харилцаа бий болгохгүй, мөнгө аваагүй хүн зээл, золоогоос, уучлаарай гэх агуулга бүхий гүйлгээний утгатай мөнгөн дүнг зээлдүүлэгчийн данс руу шилжүүлэхгүй. Хариуцагч мөнгө өгснөө нотолсон баримтгүй гэдэг боловч, мөнгө авсан, мөнгө авснаа хүлээн зөвшөөрөөд үүргээ гүйцэтгээд төлж байсан хүсэл зоригоо илэрхийлж байгаа нөхцөл байдлууд нотолж байна. Хүсэл зоригоо илэрхийлж Зээлийн гэрээ-г бичгээр байгуулсан, энэ нь талуудын хооронд өглөг, авлагын асуудал байсан гэж харж байна. Хариуцагч хэдийгээр т төлөх мөнгийг төлсөн гэх боловч тэр талаарх баримтыг гаргаж өгөөгүй. 2018.03.30-ны өдрийн гэрээ нь талуудын хооронд байгуулсан 2019 оны гэрээ рүү шилжүүлсэн гэдэг нөхцөл байдал байхгүй. Энэ нөхцөл байдлаас үзэхэд талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн байна. Үүнээс хойш хариуцагч зээлийн төлбөрийг төлөхөө илэрхийлж, төлж байсан нөхцөл байдал байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 68 845 640 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэв.
2.Хариуцагч С.*******аас шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа байр сууриа дэмжиж байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр татгалзаж байна.
1.Хэрэгт 2019.05.10-ны өдрийн бүртгэлийн 1138 дугаартай Зээлийн гэрээ авагдсан байдаг бөгөөд 3.4-д зээл олгох хэлбэр хугацааг бэлнээр, 2019.05.10-ны өдөр зээлдэгчид хүлээлгэн өгнө гэж тодорхой заасан. Нэхэмжлэгч нь 41 518 000 төгрөгийг бэлнээр хариуцагчид хүлээлгэж өгсөн гэж нэхэмжлэлдээ бичсэн боловч гэрээний зүйл болох 41 518 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн үйл баримт байхгүй буюу мөнгийг шилжүүлж өгөөгүй. Зээлийн гэрээний 6.1-д зээлдүүлэгч зээлдэгчид гэрээний зүйлийг шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцож, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно гэж гэрээ хэзээ хүчин төгөлдөр болох нөхцөлөө тусгасан байдаг.
Энэ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-д заасантай нийцнэ. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөл, эзэмшилд ямар нэгэн мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй учраас талууд гарын үсэг зурсан бүртгэлийн 1138 дугаар бүхий Зээлийн гэрээний 6 дугаар зүйл болон Иргэний хуулийн 282 дугаар зүйлд заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй.
Иймээс зээлийн гэрээнд заасан 41 518 000 төгрөг, түүнд ногдох хүү, алдангийг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.Мөн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны магадлалд дурдагдсан хүчин төгөлдөр дүгнэлтээр *******гаас С.*******д тус зээлийн гэрээний зүйл болсон мөнгөн хөрөнгийг хэзээ, хаана өгсөн, зээлийг хэрхэн олгосон, зээлийн хүүг хэрхэн олгосон гэдэг үйл баримтыг тодруулах шаардлагатай гэсэн.
Тухайн маргааныг шийдвэрлэхэд энэ үйл баримт чухал ач холбогдолтой. Нэхэмжлэгч нь хариуцагчид зээл олгосон гэж нэхэмжилж байгаа бол зээлийг хэзээ хаана олгосноо нотлох шаардлагатай гэж нотолгооны үүргийг дүгнэж, шийдвэрлэсэн байдаг. Үүнээс хойш үүнтэй холбоотой ямар нэгэн шинэ баримт хэрэгт авагдаагүй. Иймээс анхнаасаа хариуцагчийн тайлбарлаж, шүүхэд мэдүүлж байсны адил талуудын хооронд мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгчээс зээлдэгчид шилжүүлсэн үйл баримт байхгүй гэдэг нь давхар нотлогдож байгаа.
Хэрэгт бид 2018.03.30-ны өдөр С.******* болон нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээ-г өгсөн. Энэ гэрээний агуулга нь анх хариуцагч нь Кловер гэдэг банк бус санхүүгийн байгууллагаас 27 000 000 төгрөгийг авто машин худалдан авахаар зээлж төлөлт хийгдээд 25 000 000 төгрөг болоод тэр гэрээний үүргийг нь өөрийн Кловер банк бус санхүүгийн байгууллагаасаа иргэн, хувь хүнийхээ нэр дээр шилжүүлээд, , С.******* нар нь Япон улсад байхдаа мөнгө, төгрөг бэлнээр өгсөн асуудал байдаг. Үүнийгээ буцааж төлөхөөр хүүгээ нэмээд нийт 31 300 000 төгрөгийн гэрээ хийсэн. Тэгээд энэ гэрээний төлбөрийг нэхэмжлэгч *******гийн данс руу шилжүүлж байгаарай гэсний дагуу шилжүүлсэн гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл,тэр гэрээний төлбөрийг нь *******д төлбөр мөнгөний асуудалтай байгаа учраас манай найз руу шилжүүлж байгаарай гэдэг асуудлыг С.*******д хэлж байсан юм шиг байгаа юм. 2019.05.10-ны өдрийн гэрээний дагуу ямар ч мөнгө аваагүй. Тэр гэрээний дагуу 5 удаа мөнгө шилжээд байгаа нь өмнөх зээлийн мөнгийг нөхөн төлж байгаа асуудал. Тэр нь ч хоорондоо харилцсан чат дээр мөнгөө төлөөгүй талаар Б.Алтайд хэлсэн гэдэг агуулга байгаа. Өмнөх зээлийн гэрээний үнийн дүн 31 300 000 төгрөгт сард 2 хувийн хүүг буюу 939 000 төгрөгийг 1 жилээр тооцож үзвэл 41 518 000 төгрөг гарч байгаа юм. Гэрээ байгуулахаас өмнө 1 000 000 орчим төгрөг төлөөд үлдэх 41 518 000 төгрөгөөр нь *******, С.******* нар Зээлийн гэрээ-г байгуулсан гэдэг. Хариуцагч нь *******гийн данс руу мөнгө шилжүүлэхдээ ийн зээлийн мөнгийг өгч байна гэж бодоод яваад байсан. Энэ талаар С.*******, , ******* нарын хооронд бичгээр хийсэн гэрээ хэрэгт байхгүй, Япон улсад байхдаа амаар тохиролцсон байна. Тохиролцсон гэдгээ өмнөөс нь төлөөлж гэрээ байгуулсан нь хоорондоо чатаар харилцахдаа төлөөлөх хүн байхгүй, чи ирээд гарын үсгээ зур гэснээс харагдаж байна.
3.Талуудын хооронд анхнаасаа зээлийн гэрээний харилцаа анхнаасаа үүсээгүй. Зээлийн гэрээгээр тухайн төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлэх үүрэг хүлээсэн болохыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-д тодорхой заасан. Гэтэл хуулиар тодорхойлогдсон гэрээний гол нөхцөлийг биелүүлээгүй хэлцэл нь хүчин төгөлдөр бус, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн байдал нь талуудын хооронд байгуулсан гэрээ болон хэлцлийн үйл баримтаар харагдана. Учир нь энэ бол бага хэмжээний мөнгөн биш. Энэ мөнгийг шилжүүлэхдээ талуудын гэрээнд тусгасан дансаар шилжүүлэх, бэлнээр шилжүүлж өгөх гэж байгаа бол тодорхой баримт үйлдэх боломжтой байсан.
Нотариатч мөнгөө бэлнээр шилжүүлж байгаа бол баримт үйлдэхийг зөвлөсөн боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй байгаа нь зээлийн гэрээний үүргийн дагуу бодитоор төлбөр тооцоо хийгдээгүй болсон байгаа нөхцөл байдлыг харуулж байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний гол нөхцөл нь төлбөр шилжүүлсэн баримтаа тодорхой баталгаажуулах ёстой байдаг. Мөнгө шилжүүлсэн баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.-т заасны дагуу нотлох үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй байна.
Иймд анхнаасаа хууль зөрчиж байгуулсан хэлцэл, хуулийн шаардлага хангаагүй байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус байна.
Мөн нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6.-д заасан өмнөх зээлийн гэрээний дагуу хүүгээс дахин анз тооцож байгаа нь мөнгө хүүлэлтийн шинжтэй нөхцөл байдал үйл баримтуудаас тодорхой харагдаж байна.
Энэ нөхцөл байдал зээл олголттой холбоотой харилцаанд нэлээдгүй явагддаг учраас хууль тогтоогчийн зүгээс бодитоор тухайн төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулсанд тооцохоор хуульд зохицуулж өгсөн.
Иймд *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
3.Хариуцагч С.*******аас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан 13 360 000 төгрөгийг шаардсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Талуудын хооронд байгуулагдсан 1138 дугаартай зээлийн гэрээний 3.4, 6.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлээгүй учраас зээлийн гэрээ байгуулаагүй.
Иймд хариуцагч С.*******аас нэхэмжлэгч *******гийн данс руу шилжүүлсэн 13 360 000 төгрөгийг нэхэмжлэгч *******гаас буцаан шаардах эрхтэй гэж үзэж байгаа. Тодруулж хэлбэл, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасны дагуу талуудын хооронд үүрэг үүсээгүй учраас хариуцагч нь нэхэмжлэгч *******д өгсөн мөнгөө буцаан шаардаж байгаа. Мөн хууль зөрчиж бичгээр хийсэн хэлцэл нь үндэслэлгүй учраас хариуцагч С.*******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа 2019.05.10-ны өдөр мөнгө хүлээн аваагүй гэдэг үндэслэлээр тайлбарладаг. Гэтэл зээлийн гэрээний хугацаанд хариуцагчийн зүгээс тодорхой хэмжээний мөнгийг зээл, зээлийн төлбөр, уучлаарай гэсэн агуулгаар нэхэмжлэгчид шилжүүлсэн байдаг. Иргэний хуульд хүсэлт зоригийн илэрхийллийг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэдэг зарчим үйлчилдэг.
Хариуцагч үнэхээр мөнгө аваагүй байсан юм бол мөнгийг яагаад зээлийн төлбөрт төлж байгаа юм бэ, үнэхээр мөнгө аваагүй юм бол нэхэмжлэгч яагаад зээлийн гэрээний үүрэг шаардаад байгаа юм бэ. Талууд хоорондоо чатаар харилцаад байсан үйл баримт байна, үүнээс харахад энэ харилцаа байсан нөхцөл байдал байгаа. Гагцхүү хариуцагч шүүх хуралдаанд зөвшөөрөхгүй талаар тайлбарладаг. Үүнээс өмнө хариуцагч нь нэхэмжлэгчид түүний мөнгийг төлнө гээд төлөөд явж байсан үйл баримт, нөхцөл байдал байгаа. Үүнийг үүрэг үүсээгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Хариуцагч энэ үүргээ биелүүлэхээ илэрхийлж байсан утга агуулга, хүсэл зориг байдаг. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчид зээлүүлсэн мөнгөө бэлнээр өгсөн нь нэхэмжлэгчийн буруу болчихоод байгаа юм. Нэхэмжлэгч бэлэн мөнгө өгснөө нотолсон баримт үйлдээгүй. Харин бэлэн мөнгө өгснөө нотолж байгаа үйл баримт нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ байдаг. Үүнийгээ нотариатаар баталгаажуулсан байдаг. Үнэхээр мөнгө өгөөгүй, зээлийн гэрээ байгуулаагүй юм бол гудамжинд явж байсан хүнийг авч ирээд зээлийн гэрээ байгуулах ямар ч боломжгүй. Нөгөө хүн нь хүлээж аваад гэрээнд гарын үсэг зурж, нөхцөлөө тохирох ямар ч боломж байхгүй.
Өнгөрсөнд талуудын хүсэл зориг, харилцаа юу байсан бэ гэхээр үнэхээр зээлийн харилцаа байсан. Гагцхүү нэхэмжлэлийн шаардлагаа татгалзаж байгаа үндэслэлээ хариуцагч тал үүрэг үүсээгүй буюу нотлох баримт үйлдээгүй гэдэгт л хариуцагч тал өмгөөллийн стратеги хийж байна гэж харж байна. Тийм учраас хариуцагч талын тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, *******, с.******* нарын хооронд байгуулсан 2019.05.10-ны өдрийн Зээлийн гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, *******гийн эзэмшлийн ХААН банк ХК дахь дугаартай дансны хуулга, төлөөлөгчид олгосон итгэмжлэл / 1 хх-ийн 3-9 / 1 хх-ийн 72-83, 249/ зэргийг,
6.Хариуцагч талаас нотлох баримтаар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, , С.******* нарын хооронд байгуулсан 2018.03.30-ны өдрийн Зээлийн гэрээ /1 хх-ийн 34, 111, 229-230/ зэргийг тус тус нотлох баримтаар гаргасан.
7.Нэхэмжлэгч талын хүсэлтээр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.11.09-ний өдрийн 26208 дугаар захирамжийн дагуу дугаартай Iphone 12 pro max маркийн гар утас дахь гэх нүүр номын хуудас болон гэх нүүр номын хуудас хооронд харилцсан тухай цахим захидлууд, гэх хаягаас болон ******* мөнгө гэх хаягтай харилцсан телеграмм мессежүүд, түүнд шүүхээс үзлэг хийж баталгаажуулсан 2023.11.17-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл / 1 хх-ийн 119-139, 221-225/,
8.Хариуцагч талын хүсэлтээр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.08.21-ний өдрийн 21173 дугаар захирамжийн дагуу шүүх хуралдаанд мэдүүлсэн гэрч *******ийн мэдүүлэг хэрэгт авагдсан.
Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч С.*******д холбогдуулан, талуудын хооронд байгуулагдсан 2019.05.10-ны өдрийн Зээлийн гэрээ-ний үүрэгт буюу зээлийн төлбөрт 41 518 000 төгрөг, зээлийн хүүд 6 568 640 төгрөг, алдангид 20 759 000 төгрөг, нийт 68 845 640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Дээрх нэхэмжлэлийг хариуцагч С.******* эс зөвшөөрч улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээ байгуулагдаагүй тул үндэслэлгүйгээр шилжүүлэн авсан 13 360 000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч *******д холбогдуулах гаргажээ.
Шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, 2019.05.10-ны өдөр хариуцагч С.*******д 41 518 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, сард 2 хувийн хүүтэй зээлдүүлж Зээлийн гэрээ байгуулсан, мөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн, гэрээний хугацаанд зээлийн хүүд 13 360 000 төгрөг төлснөөс өөр ямар нэгэн төлөлт хийгээгүй тул зээлд 41 518 000 төгрөг, хүүд 6 568 640 төгрөг, зээлийн үүргийг хугацаандаа биелүүлээгүй тул гэрээний 3.7-д заасны дагуу 392 хоног хэтрүүлсний алдангид 20 759 000 төгрөгийг тус тус хариуцагч төлөх үүрэгтэй, 2018.03.30-ны өдөр , С.******* нарын байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 13 360 000 төгрөг төлсөн, гэрээг байгуулаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ гэж тайлбарласныг хүлээн зөвшөөрөхгүй, энэ гэрээг 2019 оны гэрээнд шилжүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй, зээл төлөх хүсэл зоригоо илэрхийлж байсан нь цахим захидлуудаар нотлогдсон гэж тайлбарлан мэтгэлцсэн.
2.Хариуцагч нь дээрх нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, 2019.05.10-ны өдрийн бүртгэлийн 1138 дугаартай Зээлийн гэрээ-ний 3.4-д зааснаар 41 518 000 төгрөгийг бэлнээр хариуцагчид өгөөгүй, гэрээний 6.1-д зээлдүүлэгч зээлдэгчид гэрээний зүйлийг шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцож, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно гэж зааснаас үзэхэд болон Иргэний хуулийн 282 дугаар зүйлд заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул 41 518 000 төгрөг, түүнд ногдох хүү, алдангийг төлөх үндэслэлгүй, нэхэмжлэгчээс зээлийн мөнгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн баримт хэрэгт байхгүй, нэхэмжлэгч нотлоогүй,
2018.03.30-ны өдрийн С.******* болон нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээ-ний төлбөрийг нэхэмжлэгч *******гийн данс руу шилжүүлж байгаарай гэсний дагуу хариуцагчаас 5 удаа 13 360 000 төгрөг шилжүүлсэн болохоос 2019.05.10-ны өдрийн гэрээний дагуу ямар ч мөнгө аваагүй учир уг гэрээний дагуу шилжүүлэх үндэсгүй, өмнөх зээлийн гэрээний үнийн дүн 31 300 000 төгрөгт сард 2 хувийн хүүг буюу 939 000 төгрөгийг 1 жилээр тооцож үзвэл 41 518 000 төгрөг болно, 2019.05.10-ны өдрийн Зээлийн гэрээ байгуулахаас өмнө 1 000 000 орчим төгрөг төлөөд үлдэх 41 518 000 төгрөгөөр нь *******, С.******* нар Зээлийн гэрээ-г байгуулсан.
Хариуцагч нь *******гийн данс руу ийн зээлийн мөнгийг төлж шилжүүлсэн, талуудын хооронд анхнаасаа зээлийн харилцаа үүсээгүй, гэрээний гол нөхцөлийг хангаагүй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн байдал хүчин төгөлдөр бус байна. Нэхэмжлэгч зээлийн мөнгийг талуудын гэрээнд тусгасан дансаар шилжүүлэх, бэлнээр шилжүүлж өгөх гэж байгаа бол тодорхой баримт үйлдэх боломжтой байсан гэж тайлбарлан маргасан.
3.Хариуцагч С.*******аас сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ, талуудын хооронд байгуулагдсан 1138 дугаартай 2019.05.10-ны өдрийн Зээлийн гэрээ-ний 3.4, 6.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлээгүй учраас зээлийн гэрээ байгуулагдаагүй тул С.*******аас нэхэмжлэгч *******гийн данс руу шилжүүлсэн 13 360 000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасны дагуу талуудын хооронд үүрэг үүсээгүй учраас хариуцагч нь нэхэмжлэгч *******д өгсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй гэж тайлбарлан мэтгэлцсэн.
4.Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд зээл, зээлийн төлбөр, уучлаарай гэсэн агуулгаар нэхэмжлэгчид нийт 13 360 000 төгрөг шилжүүлсэн нь зээлийн төлбөр төлөх үүргийн дагуу төлсөн, хариуцагч зээлийн мөнгийг аваагүй бол энэ мөнгийг шилжүүлэх шаардлагагүй, талууд хоорондоо цахим захидлаар харилцаад байсан үйл баримт байна, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон.
5.1.Нэхэмжлэгч *******, хариуцагч С.******* нар харилцан тохиролцон, нэхэмжлэгчээс 41 518 000 төгрөгийг сард 2 хувийн хүүтэйгээр, 2 жилийн хугацаатайгаар зээлүүлж, 2019.05.10-ний Зээлийн гэрээ-г байгуулж, гэрээний талууд гарын үсэг зурж, нотариатчаар гэрчлүүлсэн байна.
Уг гэрээний 3.1-д Гэрээний хугацаа: 2019.05.10-ны өдрөөс 2021.05.10-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай олгов... гэж, 3.3-т Зээлийн хүү: сар бүрийн 2 хувийн хүүтэй буюу 830 360 төгрөгийн ХААН банкны тоот дансанд шилжүүлж байхаар тохиролцов гэж, 3.4-т Зээл олгох хэлбэр, хугацаа: бэлнээр, 2019.05.10-ны өдөр зээлдэгчид хүлээлгэн өгнө гэж, 3.6-д Эргэн төлөх нөхцөл: Хэсэгчлэн төлж болно гэж тус тус заажээ.
5.2. Хариуцагч С.*******аас Зээлийн гэрээ-ний 3.3-т заасны дагуу нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн ХААН банк ХК дахь дугаартай дансанд дугаартай данснаас 2020.07.30-нд 5 000 000 төгрөгийг goos гэсэн, 2020.09.03-нд 360 000 төгрөгийг goos uuchlaarai гэсэн, 2020.10.20-нд 7 000 000 төгрөгийг goos zeel гэсэн, 2021.02.09-нд 400 000 төгрөгийг зээл гэсэн, 2021.02.10-нд 600 000 төгрөгийг goos zeel гэсэн гүйлгээний утгатайгаар нийт 13 360 000 төгрөгийг шилжүүлжээ.
Дээрх үйл баримтууд нь талуудын хооронд байгуулагдсан 2019.05.10-ны өдрийн Зээлийн гэрээ, *******гийн эзэмшлийн ХААН банк ХК дахь дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараар нотлогдсон.
5.3. Нэхэмжлэгч *******гаас зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгийг хариуцагч С.*******аас нэхэж шаардсан болон түүнийг төлөх талаар, зээлийн гэрээний хугацааг сунгахаар талууд хоорондоо харилцаж байсан тухай нэхэмжлэгчийн эзэмшлийн дугаартай Iphone 12 pro max маркийн гар утсанд крилл болон латин галигаар бичигдэж хадгалагдсан, 2020.08.01-нээс 2021.01.20-ныг хүртэл хугацааны гэх нүүр номын хуудас болон гэх нүүр номын хуудас хооронд харилцсан тухай цахим захидлууд, гэх хаягаас болон ******* мөнгө гэх хаягтай харилцсан телеграмм мессежүүд, эдгээрт шүүхээс үзлэг хийж баталгаажуулсан 2023.11.17-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл авагджээ.
Үндсэн нэхэмжлэлийн талаар.
6.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээний зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээч тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохиролцсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг.
Хэдийгээр хэрэгт нэхэмжлэгч *******гаас зээлийн мөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн тухай баримт авагдаагүй, ийм баримт үйлдээгүй тухай нэхэмжлэгч тал тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан бусад баримтууд, зээлдэгч С.*******аас гэрээний хугацаанд буюу 2020.07.31-нээс 2021.02.10-ны өдрийн хооронд зээлийн төлбөрийг төлснийг илэрхийлсэн гүйлгээний утга бүхий нийт 13 360 000 төгрөгийг төлсөн тухай нэхэмжлэгчийн дансны хуулга,
Шүүхээс үзлэг хийж баталгаажуулсан, нэхэмжлэгчийн эзэмшлийн дугаартай Iphone 12 pro max маркийн гар утсанд крилл болон латин галигаар бичигдэж хадгалагдсан, 2020.08.01-нээс 2021.01.20-ныг хүртэл хугацааны гэх нүүр номын хуудас болон гэх нүүр номын хуудас хооронд харилцсан тухай ... Эхнийхээ мөнгөнөөс л өгнө гээд байсан. Төрийн сан шалгуураа өөрчилсөн хамаг юмаа үзүүллээ. Дүү нь одоо бичээд л сууж байна, туслаач гээд..., Чи их бага гэлтгүй тасралтгүй мөнгө шилжүүлж өгөөч Золоо..., Золоо мөнгө шилжүүл ээ, Ирээд холбогдоно гэсэн хүлээж байна эгчээ, болгочих байхаа, болгоно гээд байсан, Боломжоороо мөнгө шилжүүлээч Золоо, надад үнэхээр мөнгө хэрэг болоод байна..., чи яагаад миний утсыг блоклоод мессежинд хариу өгөхгүй байгаа юм бэ, чамаас авах ёстой мөнгөө авъя, мөнгөө өг, Чамаас мөнгөө авъя гэсэн цахим захидлууд,
гэх хаягаас болон ******* мөнгө гэх хаягтай харилцсан ...5-р сарын 10-ны өдөр гэрээ нь дуусна, эгч нь 5-р сарын 8 гээд очих хэрэгтэй байна, хаана уулзаж сунгах уу, одоо хүүний мөнгөтэйгөө 42 сая төгрөгийн үлдэгдэл байна...Харин яах уу, дөхөж байгаад болох уу, төлөөлөх хүн олох байх тээ, Чи сарын 830 360 төгрөг өгөх ёстой, таг шүү дээ дүү минь төлөөлөл ирсэн ч чамаар гарын үсэг зуруулна шүү дээ... гэсэн телеграмм мессежүүд, зохигчдын тайлбар зэрэг баримтууд, үйл баримтыг харьцуулан дүгнэхэд хариуцагч С.*******д нэхэмжлэгч *******гаас зээлийн 41 518 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд 2019.05.10-нд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр болсон, гэрээний зээлдүүлэгч тал мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.
7.Зохигчдын хооронд байгуулсан 2019.05.10-ны өдрийн Зээлийн гэрээ-ний 3.3-т зааснаар сард 2 хувийн хүү буюу 830 360 төгрөгийг зээлдэгч буюу хариуцагч тал төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасантай нийцсэн байх бөгөөд мөн хуулийн 282 дугаар 282.3.-т заасан зээлийн хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан байна.
8.Зээлийн гэрээ-ний 3.1-д заасан 2 жилийн хугацаа нь 2021.05.10-нд дууссан, талууд уг гэрээний хугацааг сунгаагүй байх бөгөөд гэрээний хугацаа дуусахад хариуцагчаас үндсэн зээл 41 518 000 төгрөгөөс ямар нэгэн төлбөр төлөөгүй гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Зээлийн үнэ болох хүүд 41 518 000 төгрөгөөс 2 хувиар сард бүрт 830 360 төгрөгийг 24 сараар тооцоход зээлийн хүүд нийт 19 928 640 төгрөг тооцогдон хуримтлагдаж түүнээс зээлийн гэрээний хугацаанд буюу 2020.07.31-нээс 2021.02.10-ны өдрийн хооронд хариуцагч С.*******аас гэрээнд тодорхойлсон нэхэмжлэгч *******гийн дансанд шилжүүлсэн нийт 13 360 000 төгрөгийг хасахад 6 568 640 төгрөгийг зээлийн хүүд төлөх үүрэгтэй үлдсэн байна.
Иймд хариуцагч талын 2019.05.10-ны өдөр зээлийн мөнгийг бэлнээр хүлээлгэн өгөөгүй тул зээлийн гэрээ байгуулагдаагүй, гэрээ хүчин төгөлдөр бус гэх тайлбар татгалзлыг хүлээн авах боломжгүй бөгөөд талуудын байгуулсан зээлийн гэрээний үүргийн дагуу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-д зааснаар үндсэн зээлд 41 518 000 төгрөг, зээлийн хүүд 6 568 640 төгрөгийг тус тус нэхэмжлэгч шаардах эрхтэй, хариуцагч төлөх үүрэгтэй.
9.Хариуцагч талаас , С.******* нарын хооронд байгуулсан 2018.03.30-ны өдрийн 31 300 000 төгрөгийн дүн бүхий Зээлийн гэрээ-г нотлох баримтаар гаргаж, уг гэрээний төлбөрийг *******гийн данс руу шилжүүлж байхаар хэлсний дагуу мөнгө шилжүүлсэн, зээлийн 31 300 000 төгрөгийн хүүд сард 2 хувиар буюу 939 000 төгрөгийг 1 жилээр тооцож, зөрүү болох 1 000 000 орчим төгрөгийг байгуулахаас өмнө төлөөд үлдэх 41 518 000 төгрөгөөр нь 2019.05.10-нд *******, С.******* нар Зээлийн гэрээ-г байгуулсан, С.******* *******гийн данс руу мөнгө шилжүүлэхдээ ийн зээлийн мөнгийг төлж байгаа гэж ойлгосон гэж тайлбарлаж байх боловч энэ нөхцөл байдал нь баримтаар нотлогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, , С.******* нарын хооронд байгуулсан 2018.03.30-ны өдрийн Зээлийн гэрээ-ний үүргийн дагуу зээл 31 300 000 төгрөг, түүний 12 сарын хүүд сард 939 000 төгрөгөөр тооцоход 11 268 000 төгрөг бөгөөд уг зээлийн гэрээний үүрэгт төлөх 42 658 000 төгрөгөөс зээлдэгч С.******* нь хэдэн төгрөгийг төлсөн болох, үлдэх 41 518 000 төгрөгөөр зохигчдын хооронд 2019.05.10-ны өдрийн зээлийн гэрээг байгуулсан бол зөрүү болох 1 050 000 төгрөгийг хэнд, хэзээ төлсөн талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй.
Түүнчлэн Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1., 123.2., 123.6., 123.8.-д заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч ээс 2018.03.30-ны өдрийн Зээлийн гэрээ-ний шаардах эрх, үүргийг нэхэмжлэгч *******д шилжүүлсэн гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүйн дээр хариуцагч С.******* нь нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн дансаар т төлөх зээлийн төлбөрийг дамжуулан шилжүүлсэн гэх үндэслэл ч тогтоогдсонгүй.
Иймд хариуцагч талын 2018.03.30-ны өдрийн , С.******* нарын хооронд байгуулсан 31 300 000 төгрөгийн дүн бүхий Зээлийн гэрээ-ний үүрэгт 13 360 000 төгрөг шилжүүлсэн, талуудын хоорондох 2019.05.10-ны өдрийн зээлийн гэрээ байгуулагдаагүй, энэ нь өмнөх буюу 2018.03.30-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт төлөх 31 300 000 төгрөг, түүний хүүг нэмж байгуулсан гэрээ мөн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
10.Зохигчдын хооронд байгуулагдсан 2019.05.10-ны өдрийн Зээлийн гэрээ-ний 3.7-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар алданги төлнө гэж заасан байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж, 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцсэн байна.
Талуудын байгуулсан Зээлийн гэрээ-ний хугацаа 2021.05.10-нд дуусч, түүнээс хойш хариуцагч тал зээлийн төлбөрийг төлөөгүй бөгөөд нэхэмжлэл гаргасан 2022.06.17-ны өдрийн байдлаар 392 хоног гэрээний хугацааг хэтрүүлж үүргээ зөрчжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т Анз нь торгууль, алданги гэсэн 2 төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул хариуцагч С.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилснээр зээлийн төлбөр 41 518 000 төгрөгөөс 50 хувиар тооцон 20 759 000 төгрөгийг гэрээний хугацаа хэтрүүлсний хариуцлагад төлөх үүрэгтэй.
Сөрөг нэхэмжлэлийн талаар
11.Хариуцагч С.******* нь зээлийн гэрээний дагуу бодитоор зээлийн мөнгийг шилжүүлээгүй байхад буюу зээлийн гэрээ байгуулагдаагүй, гэрээний үүрэг үүсээгүй учраас нэхэмжлэгч *******гийн данс руу шилжүүлсэн мөнгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасны дагуу буцаан шаардах эрхтэй гэж тайлбарлан 13 360 000 төгрөгийг нэхэмжлэгчээс сөрөг шаардлагаар шаардсан.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: 492.1.1. хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон... гэж заасан.
Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний үүрэг 2019.05.10-нд үүссэн, Иргэний хуулийн 236 дугаар зүйлд зааснаар энэ гэрээний үүрэг дуусгавар болоогүй, мөн хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус гэх үзэх, 57., 58., 59., 60. дугаар зүйлүүдэд зааснаар талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.
Иймд хариуцагч С.*******аас 2019.05.10-ны өдрийн Зээлийн гэрээ-ний үүрэгт төлсөн 13 360 000 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэгч *******г үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн боломжгүй байна.
12.Дээрх нөхцөл байдлууд, үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж, нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган зээлийн гэрээний үүрэгт болон хугацаа хэтрүүлсний алдангид нийт 68 845 640 төгрөгийг хариуцагч С.*******аас гаргуулан олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч С.*******ын нэхэмжлэгч *******гаас 13 360 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгон тус тус шийдвэрлэлээ.
13.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 502 180 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдэн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 502 180 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь дээрх хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2., 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1., 115.2.3., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг баримтлан хариуцагч С.*******аас 68 845 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
2.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч С.*******ын нэхэмжлэгч *******гаас 13 360 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1.-д зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.08.15-ны өдрийн 19190 дугаартай захирамж, тус шүүхийн шүүгчийн 2022.10.25-ны өдрийн 24778 дугаартай захирамжийн заалтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасны дагуу шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үйлчлэхийг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА