2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/03763

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/03763

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч Л.Золзаяа, шүүгч Б.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  оршин суух, ******* овогт ******* *******/РД: **************/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  оршин суух, ******* овогт ******* *******/РД: *******/-т холбогдох,

 

Гэм хорын хохиролд 56,656,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч Л.*******, хариуцагчийн өмгөөлөгч Р., иргэдийн төлөөлөгч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* миний охин *******ын /одоо 15 настай/ нь 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Л.*******аар үсэндээ сор тавиулах үйлчилгээ хийлгэх явцдаа Л.*******ын буруутай үйлдлийн улмаас хохирч хүндэвтэр гэмтэл авсан.

Улмаар  дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргахад  дүүргийн прокурорын газраас 2024 оны 8 дугаар сарын 13-ний өдрийн 845 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 Дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн.

Ингэхдээ олсон нь хэсэгт насанд хүрээгүй хохирогч С., түүний хууль ёсны төлөөлөгч Д.******* нар нь иргэн Л.*******аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж тусгасан. /тогтоолын 4-р тал/

Миний охин ингэж үсчин Л.*******аар хуйхаа түлүүлсний улмаас эмнэлгийн байгууллагаар үзлэг шинжилгээ хийлгэж 10 хоногийн турш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж бүтэн норкозтой хагалгаанд орох шаардлагатай болсон ба уг үзлэг, шинжилгээ, эмчилгээний зардалд нийт 1,384,000 /памперс 14000, клизм 5000, бинт 11000, боолт 40000, тос 48000, ариутгалын бээлий 15000, эм 51000, нөхөн сэргээх эмчилгээ 1200000/ төгрөг зарцуулсан байна.

Мөн охиноо эмнэлэгт үзүүлж тээвэрлэхэд 99,000 төгрөгийн бензин зарцуулсан байна.

Энэ хугацаанд охиноо хагалгаанд ороход нь сахиж, эмнэлгээс гарсны дараа 4 цагийн зайтай өдөрт өдрийн 3 удаа боолт хийлгэж, нөхөн сэргээлгэх эмчилгээнд охиноо хүргэхэд 2 сарын хугацаанд би ажил хөдөлмөр эрхлэлгүй охиноо сахиж, олох ёстой байсан орлогоо олж чадаагүй. Миний бие хувиараа хоол хийж хүргэх, сормуус суулгах гоо сайхны үйлчилгээ хийдэг ба сард дунджаар 20 сая төгрөгийн орлого олдог. Энэ орлогоосоо зээлээ төлж, гэр бүлээ авч явдаг байсан. Гэвч Л.******* охинд гэмтэл учруулсаны улмаас би орлого олж хийж чадахгүй болж өр зээлийн дарамтанд орж ихээхэн хохирч байна. Иймд ажил хөдөлмөрөө эрхэлж чадаагүй үеийн орлого /20 сая * 2 сар/ 40,000,000 төгрөг нэхэмжилж байна. Өдөрт олох ёстой байсан орлогыг сүүлийн 6 сарын дансны хуулгын дунджаар тооцсон болно.

Мөн тус гэмт хэргийн улмаас миний охины сэтгэцэд 2 дугаар зэргийн гэмтэл тогтоогдсон. /прокурорын тогтоолын 3-р тал/ Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны хамтарсан тушаалаар хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-с 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нөхөн төлбөр олгохоор заасан. Энэ үндэслэлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 22.99 дахин нэмэгдүүлэхэд 15,173,400 төгрөг болж байгааг нэхэмжилж байна. 22.99 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр шаардаж байгаа үндэслэл нь охины минь хуйх одоо болтол эдгэрээгүй, халцарсан хэсэгт дахин хэзээ ч үс ургахгүй гэсэн, халцарсан хэсгийн хуйх нь одоо ч таталдаж өвдөж байгаа, охин хүүхдийн эрүүл мэндийг насан туршид нь хохироосон учир хамгийн өндөр дүнгээр тооцож хохирлыг нь барагдуулах ёстой гэж үзэж байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 хэсэгт "Бусдын эрүүл мэнд ... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл ...-р гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 хэсэгт "Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах... зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй" гэж тус тус заасныг үндэслэн

Иймд Л.*******аас гэм хор хохиролд/1,384,000+99,000+40,000,000+ 15,173,400/ нийт 56,656,400 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч Д.*******ын өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сая нотлох баримт шинжлэн судлахад хариуцагчийн хэрэглэсэн супраны чанарын шаардлага, сертификат байгаа эсэх талаар баримт гарч ирсэнгүй. Хариуцагч чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлсэн гэж байгаа боловч энэ нь нотлогдохгүй байна. Анх охин очихдоо үсээ гоё болгоё гэж л очиж үйлчлүүлсэн. Хариуцагч ажилдаа хайхрамжгүй хандсан буруутай үйлдэл байгаа. Прокурорын тогтоолоор мөн гэм буруутай болох нь тогтоогдсон. Тэрнээс биш гэмт хэргийн шинжгүй, буруутай эсэх нь тогтоогдоогүй гэж үзэж хэргийг хаагаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагчаас тухайн үедээ мэдүүлэгтээ гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн боловч өнөөдрийн шүүх хуралд буруугүй гэж тайлбарлаж байна. Хууль сануулаад мэдүүлэг авахаар үнэн ярьдаг, харин иргэний шүүх дээр ирээд худал ярьж байгаа харагдаж байна. Гэм буруугийн шалтгаант холбоо байгаа. Өмгөөлөгчийн хувд хэлэхэд хөлсөөр ажиллах гэрээний шинж харагдаж байна. Төлбөрийг хүлээж авсан бол энэ ажлыг чанартай хийж гүйцэтгэх ёстой. Тэгэхээр нөгөө талаараа гэрээнээс учирсан хохирол гэж дүгнэхээр байна. Зардлуудын хувьд 1,384,000 төгрөг эмчилгээний зардал нь хариуцагч эмчилгээний зүйл авч өгөхөөс гадна нэхэмжлэгч өөрөө эм боолт авч байсан гэдгийг илэрхийлж байгаа. Мөн хариуцагч тал машинаар явж байсанд маргахгүй байгаа учраас бензиний зардал мөн үндэслэлтэй. Олох ёстой байсан орлого нь дансны хуулгаар орлого олдог байсан нь тогтоогдож байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс он сар огноогоороо хүүхдийнхээ төлөө цагаа зарцуулаад, эмчилгээ хийлгээд явж байсан нь харагдаж байгаа. гэв.

 

Хариуцагч Л.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хавьцаа Д.******* охинтойгоо манай салонд орж ирээд, охиныхоо үсэндээ сор тавиулна гэсэн. Эхлээд 15-20 минут байлгаад, усан цэнхэр өнгөтэй маникюр түрхсэн. Би энэ охины үсийг түлсэн гэдгийг эхлээд хүлээн зөвшөөрч байсан. Гэтэл 2 удаа угаалт орсон. Эхлээд сайн угаахгүй бол болдоггүй. 2 дах удаагаа угаалт орж байхад түлэгдэх ёсгүй. Сүүлд нь бодоод байхад би усан цэнхэр өнгийн маникюр орсон байна лээ. Тухайн үедээ зүгээр сууж байгаад үйлчилгээгээ аваад л явсан. Гэтэл түлэгдчихлээ гэж хэлсэн. Тэгээд хамт түлэнхийн төв рүү явсан. Гэтэл түлэгдсэн байна үсийг нь хусаж байж цэвэрлэнэ гэсэн. Тухайн үсийг нь хусахад үс нь шарлаагүй байсан. Тэгэхээр шарх байж байгаад халаалтын явцад сэдэрсэн юм болов уу гэж бодсон. Тухайн үедээ эмчилгээнд нь хамт явдаг байсан. Гэтэл дараа нь бодоход түлэгдэлтийн шинж байхгүй, шар үлдэцгүй байсан. Түлэгдэж байхад дуугүй өнгөрч чадахгүй. Хуйхны цайруулалт хийж байхад хүмүүсийн нулимс нь гоожоод болъё гэж хэлдэг. Хэзээ хойно нь ингэж хэлж байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй. Иймээс хуйх шархтай, эмзэглэлтэй байсан нь халаалтын явцад сэдэрсэн байх магадлалтай. Харин супранд түлэгдсэнийг зөвшөөрөхгүй. Гэмтлийн эмнэлэг болон нэхэмжлэгчийн гэр хооронд ойрхон алхаад л очдог. Хамт алхаад боолтыг цуг хийсэн. Зардал материалыг нь өгч байсан. Хор хохирлыг нь тооцож үзмээр санагдаж байна. Нөгөө талаас хими будаг, супранаас болсон талаар баримт авагдаагүй. Тухайн бүтээгдэхүүн чанарын шаардлага хангасан, хангаагүй гэж хэлээд байгаа. Миний хувьд Стилл брэндийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тэгэхээр химийн бүтээгдэхүүнээс болсон уу, эсвэл шарх сэдэрсэн үү гэдэг нь тогтоогдоогүй. Иймд хүлээн зөвшөөрөхгүй. гэв.

 

Хариуцагч Л.*******ын өмгөөлөгч Р. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан баримтыг судлахад ихэвчлэн эрүүгийн журмаар шийдвэрлэж байсан үеийн материалыг хавсаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа эрх үүргийг нь тайлбарлаад, гарын үсгийг нь зуруулаад, дүгнэлт гаргадаг. Гэтэл иргэний хэрэгт тэр дүгнэлтийг авчраад шууд дүгнэх боломжгүй. Харин бичмэл нотлох баримтын үүднээс үнэлж болно. Хэрэв сэтгэцэд учирсан хохирол ярьж байгаа бол шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх ёстой. Иргэний болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Эрүүгийн хэргээс татсан материалаас Прокурорын тогтоолд н.ийн үсийг засах үедээ хуйханд супра нэртэй үс цайруулах бүтээгдэхүүн түрхэж гэсэн байна. Гэтэл хуйханд түрхээгүй. Мөн шинжээчийн дүгнэлтэд бодисоос түлэгдсэн байх боломжтой гэж байгаа. Яг химийн бодисоор түлэгдсэн гэдгийг нотлоогүй. Уг баримтуудаар шууд тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн нэхэмжлэгч тал гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа гэж яриад байна. Эрүүгийн хэрэгт гэрчээр урьдчилан мэдүүлэг авч, өөрийнх нь эсрэг ашиглах маягаар хуулийг ашиглаж болохгүй. Өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхтэй гэсэн заалт байгаа. Шинжээчийн дүгнэлтээр үнэлэх боломжгүй. Хохирлын хувьд эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэсэн байгаа. Эсвэл гэрээний улмаас учирсан хохирол гэж байгаа. Тухайн этгээдийг гэм буруутай гэж шүүхээс эцэслэн тогтоох ёстой. Энэ нь хуульд нийцэхгүй байна. Хэрэгт зардалтай холбоотой баримт байхгүй. Зардал нь тогтоогдохгүй байна. Олох ёстой орлогын хувьд өнөөдөр 10 сая төгрөг олсон бол дараа нь мөн 10 сая төгрөг олно гэсэн үг биш. Татварын баримтгүй, дансны хуулга л гаргаж өгсөн байсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж шаардсан.Улсын дээд шүүхийн хүний сэтгэцэд учирсан хор уршиг, нөхөн төлбөрийг төлүүлэх жишиг аргачлал гээд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 24 дүгээр тогтоолын хавсралтаар 2-р зэрэг гэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тооцно гэсэн байгаа. 13-22.99 гэснээр нэхэмжилсэн байсан. Энэ нь 3-р зэрэгт хамаарна. нэхэмжилсэн байсан. 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг байсан. 2024 онд 660,000 төгрөг болсон. Гэтэл хамгийн өндөр дүнгээр бодсон. Аргачлалын 3 дугаар зүйлд зааснаар хохирогч өөрт учирсан хохирлоор ашиг олохгүй байх гэж заасан. Хохирлын нөхөн төлбөр бодит хор уршиг, нөхөн төлбөрийн тэнцвэрт байдлыг хана гэсэн байгаа. Энэ зарчмуудтай нийцэхгүй байна. Хамгийн өндрөөр нь нэхэмжлэхдээ насан туршид нь хохироосон, халзарсан хэсэгт дахиж үс ургахгүй гэсэн үндэслэл ярьсан. Эрүүгийн хэргээс татсан материалд Монголын нөхөн сэргээх, гоо сайханчдын нийгэмлэгээс дүгнэлт гаргасан байсан. Үүнд ийм хэмжээний сорвийг энгийн аргаар зөөлөн авч, сорви үлдэхгүй эдгэрэх боломжтой гэсэн баримт байсан. Тэгэхээр яг гэм буруу нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Т. шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн нэхэж байгаа зардал нь үндэслэлгүй гэж бодож байгаа. Хариуцагчийн хувьд хүүхдийн үсийг түлсэн нь буруу. Зохих ёсны төлөх ёстой мөнгөө төлөх хэрэгтэй. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан С.ийн төрсний бүртгэлийн лавлагаа, дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 845 дугаартай тогтоолын хуулбар, 4 ширхэг фото зураг/1-р хавтас, хх-11-12/, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн эмнэлгээс гарах үеийн тэмдэглэл, Апи-мон сэргээн засах сувилалын тодорхойлолт, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн төлбөрийн баримт, Д.*******ын эзэмшлийн Хаан банк ХК-ийн дугаартай депозит дансны 2024.03.01-2024.09.01-ний өдөр хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02/96 дугаартай тодорхойлолт, 4 ширхэг фото зураг/1-р хавтас, хх-127-128/,

Хариуцагчийн баримтаар гаргасан Л.*******ын эзэмшлийн Хаан банк ХК-ийн дугаартай депозит дансны 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хуулга,

Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн дүүргийн Прокурорын газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №Ц-1/1016 дугаартай албан бичиг, Мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай тогтоолын хуулбар, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Насан хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбар, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбар, Монголын нөхөн сэргээх, гоо сайхны мэс засалчдын нийгэмлэгийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн хуулбар, Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудасны хуулбар, Д.*******ын эзэмшлийн Хаан банк ХК-ийн дугаартай депозит дансны 2024.01.01-2024.01.22-ны өдөр хүртлэх хугацааны дэлгэрэнгүй хуулы хуулбар, Бэлэн мөнгөний орлогын баримт/1 хх 159-163/, Ажлын байрны түрээсийн 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээ, Д.*******ын эзэмшлийн Хаан банк ХК-ийн дугаартай депозит дансны 2023.04.01-2023.07.01-ний өдөр хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэлийг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.******* хариуцагч Л.*******т холбогдуулан үзлэг, шинжилгээ, эмчилгээний зардал 1,384,000/нэг сая гурван зуун наян дөрвөн мянга/ төгрөг, тээвэрлэсэн зардал 99,000/ерэн есөн мянга/ төгрөг, олох ёстой байсан орлого 40,000,000/дөчин сая/ төгрөг, сэтгэцэд учруулсан гэм хор 15,173,400/арван таван сая нэг зуун далан гурван мянга дөрвөн зуу/ төгрөг, нийт 56,656,400/тавин зургаан сая зургаан зуун тавин зургаан мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Л.******* нь тухайн гэмтэл нь яг ямар шалтгааны улмаас үүдэн бий болсон талаар албан ёсны мэргэжлийн эмчийн дүгнэлт байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Иргэдийн төлөөлөгч Т. шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтдээ нэхэмжлэгчийн нэхэж байгаа зардал нь үндэслэлгүй гэж бодож байгаа, хариуцагчийн хувьд өө төлөх хэрэгтэй гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн дор дурдсан үндэслэлээр иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Д.******* нь 2008 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Шаргалжууут овогт *******ын ийн эх болох нь 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т Эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх ... шүүхэд төлөөлөх бөгөөд тэд өөрийн бүрэн эрхийг нотлох баримт бичгийг шүүхэд үзүүлнэ. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь тус шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр С. нь 15/арван тав/ настай буюу иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байсан байх тул Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар Д.******* нь С.ийн хууль ёсны төлөөлөгч гэж үзэх ба С.ийг шүүхэд төлөөлөх эрхтэй байна.

 

С. нь 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчаас үсэндээ сор тавиулах үйлчилгээ авсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаар үсэндээ сор тавиулах үйлчилгээ хийлгэх явцдаа хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас хүндэвтэр гэмтэл авсан гэж маргаж байна.

 

Хариуцагч нь тухайн гэмтэл нь яг ямар шалтгааны улмаас үүдэн бий болсон талаар албан ёсны мэргэжлийн эмчийн дүгнэлт байхгүй гэж маргаж байна.

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн дугаар Шинжээчийн дүгнэлтээр С.ийн биед зулайн хуйханд түлэгдлийн гүн сорвижил гэмтэл тогтоогдсон байх ба дээрх гэмтэл нь химийн бодисын түлэгдэлтийн улмаас үүсэх боломжтой хуучин гэмтэл бөгөөд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн дугаар Шинжээчийн дүгнэлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ., 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч ... тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг , бичмэл ... баримт ... шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно. гэж заасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дах хэсэгт зааснаар хуульд заасан арга хэрэгслээр олж авсан баримтат мэдээлэл нь нотлох баримтад хамаарах ба баримтат мэдээлэл нь нотолгооны хэрэгсэл болох зохигч болон тэдгээрийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дах хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан арга хэрэгслээр олж авагдсан байх ба зохигчийн тайлбарыг бодит нөхцөл байдлыг тогтоох нотолгооны хэрэгсэл гэж үзнэ.

 

Хариуцагч нь С.ийн үсэнд Супра гэх нэртэй цайруулагч түрхсэн талаар, Супра гэх цайруулагч нь химийн бодис талаар маргахгүй байна.

 

С.ийн үсэнд Супра гэх нэртэй цайруулагч бодис түрхсэнээс хойш 2/хоёр/ хоногийн дараа зохигчид Түлэнхийн төврүү очсон байх ба С.ийн толгойн түлэгдсэн хэсгийн үсийг хусаад цэвэрлэгээ хийсэн болох нь зохигчийн энэ талаарх тайлбараар тогтоогдож байна.

 

дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс С. нь 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэртэй үсчний газарт үсээ будуулж байхдаа химийн бодист толгойгоо түлүүлсэн гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Л.******* нь 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэртэй үсчний газарт насанд хүрээгүй хохирогч С.ийн үсийг засах үедээ түүний хуйханд Супра нэртэй үс цайруулах үйлчилгээтэй химийн бодисыг түрхэж хэт удаасны улмаас насанд хүрээгүй хохирогч С.ийн эрүүл мэндэд зулайн хуйханд түлэгдэлтийн гүн сорвижил гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан үйл баримтыг тогтоосон болох нь Нийслэлийн дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 845 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

 дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөн шалгах ажиллагаагаар С.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй болохыг тогтоосон байх боловч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл тогтоогдсон үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн болох нь Нийслэлийн дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 845 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад С. нь ... Супра гэх хүчиллэг маягийн зүйл түрхээд ... Халуун малгай углаад 20-25 орчим минут болсон. Уг нь бол тухайн үед 15-20 минут байла гэж хэлсэн ... сүүлдээ миний толгойн дээд хэсэгт хорсож өвдөөд бүгчимдээд байсан ... гэх мэдүүлэг өгсөн болох нь Нийслэлийн дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 845 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дах хэсэгт зааснаар зохигчийн тайлбараар С.ийн үсэнд Супра гэх нэртэй цайруулагч бодис түрхсэнээс хойш 2/хоёр/ хоногийн дараа зохигчид Түлэнхийн төвд очиж, С.ийн толгойн түлэгдсэн хэсгийн үсийг хусаж цэвэрлэгээ хийсэн болох нь тогтоогдож байна.

 

С.ийн зулайн хуйх түлэгдэж, гэмтэл учирсан нь хариуцагч нь С.ийн үсэнд Супрах гэх нэртэй цайруулагч бодис түрхэж удаасан хариуцагчийн болгоомжгүй эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой болох нь зохигчид 2/хоёр/ хоногийн дараа Түлэнхийн төвд очсон тухай тайлбар, дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс явуулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад С.ийн өгсөн ... Супра гэх хүчиллэг маягийн зүйл түрхсэн ... тухайн үсчинд аймар халаад хорсоод байна гэж хэлэхэд тэр үсчин эмэгтэй тэгдэг юм аа угаасаа гээд хуушуур идээд намайг ойшоохгүй, тоохгүй яваад байсан ... гэх тайлбар, дээрх гэмтэл нь химийн бодисын түлэгдэлтийн улмаас үүсэх боломжтой тухай Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн дугаар Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Түүнчлэн, хариуцагч нь С.ийн зулайн хуйхыг түлсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан болох нь нэхэмжлэгчид үс суулгах зориулалтаар 1,800,000/нэг сая найман зуун мянга/ төгрөг шилжүүлсэн Хаан банк ХК-д Л.******* эзэмшиж байгаа Депозит дансны 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх ... эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах ... зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж заасан.

 

С. нь ХХК-д Толгойн үстэй хэсгийн химийн түлэгдэлтийн дараах үлдэц сорви оноштойгоор 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 15 хоног нөхөн сэргээх, физик эмчилгээ хийлгэж, эмчилгээний зардалд 1,200,000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөг төлсөн болох нь эрхэс ХХК-ийн Тодорхойлолт, ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын 1,200,000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас С.ийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан эмчилгээний зардалд 1,200,000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид 1,800,000/нэг сая найман зуун мянга/ төгрөг шилжүүлсэн байх боловч уг мөнгийг үс суулгах зориулалтаар шилжүүлсэн байх тул эмчилгээний зардлаас хасаж тооцох үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчийн хариуцагчаас эмчилгээний зардалд нэхэмжилсэн үлдсэн 184,000/1,384,000-1,200,000=184,000/ /нэг зуун наян дөрвөн мянга/ төгрөгийн гэх баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4, 44.5 дахь хэсэгт заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангахгүй байх тул хариуцагчаас эмчилгээний зардалд 184,000/нэг зуун наян дөрвөн мянга/ төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь охиноо эмнэлэгт үзүүлж тээвэрлэхэд гарсан бензиний зардал гэх 99,000/ерэн есөн мянга/ төгрөг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байх боловч уг 99,000/ерэн есөн мянга/ төгрөгийн зардал нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагчаас бензиний зардалд 99,000/ерэн есөн мянга/ төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас хөдөлмөрөө эрхэлж чадаагүй үеийн олох ёстой байсан орлого гэх 40,000,000/дөчин сая/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг гаргуулах ба нэхэмжлэгч нь өөрийн охин С.ийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд нэхэмжлэл гаргаж байх ба хохирогчид хамаарахгүй байна.

 

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь сард 20,000,000/хорин сая/ төгрөгийн орлого олдог болох нь Хувь хүний орлогын албан татварын тайлан зэрэг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагчаас олох байсан орлогод 40,000,000/дөчин сая/ төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас сэтгэцэд учруулсан гэм хорд 15,173,400/арван таван сая нэг зуун далан гурван мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд ... мөнгөн хэлбэрээр арила., мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ. гэж заасан.

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дугаар Шинжээчийн дүгнэлтээр С.ийн сэтгэцэд учирсан хор уршиг нь хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байгаа болох нь тогтоогджээ.

 

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 1-ийн 1.1-т уг аргачлалыг гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцийн хор уршгийг ариглахад харгалзан үзэхээр заажээ.

 

Нийслэлийн дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 845 дугаар тогтоолд ... С., түүний хууль ёсны төлөөлөгч Д.******* нар нь иргэн Л.*******аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. гэжээ.

 

Хариуцагч нь Нийслэлийн дүүргийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 845 дугаар тогтоолд дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорт гомдол гаргаагүй байх ба уг тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул С.ийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгахад Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг харгалзах үзэх үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор 2023 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550,000/таван зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоожээ.

 

С.ийн сэтгэцэд хор уршиг учирсан 2023 оны 7 дугаар сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000/таван зуун тавин мянга/ төгрөг байжээ.

 

Монголын нөхөн сэргээх, гоо сайхны мэс засалчдын нийгэмлэгийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтийн асуулт 2-ын хариултад сорвины эд дээр үс ургахгүй гэсэн байх тул С.ийн сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах хэмжээг хариуцагч нь гэм хор учруулсан болгоомжгүй эс үйлдэл гаргасан 2023 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дөрвийн хоёрдугаар зэрэглэлд заасан 12.99/арван хоёр зууны ерэн ес/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас С.ийн сэтгэцэд учирсан хор уршигт 7,144,500/550,000х12.99=7,144,500/ /долоон сая нэг зуун дөчин дөрвөн мянга таван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдсэн 8,028,900/15,173,400-7,144,500=8,028,900/ /найман сая хорин найман мянга есөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлээр иргэдийн төлөөлөгчийн хариуцагчийн хувьд хүүхдийн үсийг түлсэн нь буруу, зохих ёсны төлөх ёстой мөнгөө төлөх хэрэгтэй, нэхэмжлэгчийн нэхэж байгаа зардал/бензин, олох ёстой байсан орлого/ үндэслэлгүй гэж бодож байгаа гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.*******аас нийт 8,344,500/найман сая гурван зуун дөчин дөрвөн мянга таван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгон, үлдсэн 48,311,900/дөчин найман сая гурван зуун арван нэгэн мянга есөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Л.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 148,462 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.        Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.*******аас нийт 8,344,500/найман сая гурван зуун дөчин дөрвөн мянга таван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгон, үлдсэн 48,311,900/дөчин найман сая гурван зуун арван нэгэн мянга есөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Л.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 148,462 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ

 

 

ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР