2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/03961

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 07

191/ШШ2025/03961

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ч  тоот хаягт оршин суух Т  овогт Ш-н С-,

Нэхэмжлэгч: С тоот хаягт оршин суух Х овогт Н-н Н нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С байранд байрлах Ш газарт холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч *******, ******* нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа:

Чингэлтэй Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.12-ны өдрийн 1170 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.07.21-ний 1442 дугаар магадлалын дагуу гүйцэтгэгдэж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын 3 үл хөдлөх хөрөнгийг ******* ******* ******* ХХК-иар үнэлүүлсэн. Тус үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй.

1.Тухайн 3 үл хөдлөх эд хөрөнгийг нийт 5 864 295 000 төгрөгөөр үнэлсэн байдаг бөгөөд уг хөрөнгүүд нь хотын А бүсэд буюу бизнесийн ашигтай байрлалд байрлалтай, орон сууц болон оффис, худалдаа үйлчилгээний төвүүдийн дунд байрладаг онцлогтой. Тус хөрөнгүүдийн ойр орчмын барилгуудтай харьцуулбал тухайн хөрөнгүүд шинээр баригдсан.

Ойр хавийн бусад барилгаас харагдах байдал болон чанарын хувьд ялгаатай байгаа. Гэвч эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзэхгүйгээр маргаан бүхий хөрөнгүүдийг 5 864 295 000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2.Мөн үнэлгээ хийх ажиллагаанд шинжээч томилогдоогүй гэж үзэхээр бөгөөд шинжээч томилсон тогтоол болон шинжээчид эрх, үүрэг тайлбарлаж, танилцуулсан тэмдэглэл байхгүй гэж ойлгож байна. Хэдийгээр хэрэгт өгсөн боловч шинжээч нь тухайн хөрөнгийн үнэлгээг хийх үед буюу 2024.05.29-ний өдөр Монгол улсад байгаагүй болох нь хэргийн баримтаар нотлогдож байгаа. Энэ үндэслэлээр шинжээчийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3.Тус хөрөнгийн үнэлгээг Шүүх шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шинжилгээ хийх эрхтэй этгээд хийгээгүй гэж үзэж байна.

Иймд хуульд заасан журмыг удаа дараа зөрчиж, үндэслэлгүйгээр нэхэмжлэгч нарын өмчлөлийн 3 хөрөнгийг 5 864 295 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлтэй. Шинжээч нь тухайн шинжилгээний объектод өөрийн биеэр очиж үнэлгээ хийгээгүй гэдэг нь тодорхой болсон.

Мөн 3 үл хөдлөх хөрөнгийн 6 давхрын 6 тоот хөрөнгө дотор нь биеэр орж үзлэг хийгээгүй нь тус орон сууцанд амьдардаг өөр этгээдүүд нь ******* ******* ******* ХХК-ийн төлөөлөгч очсон гэх 2024.05.14-ний өдөр Монгол улсад байгаагүй байдаг.

Тийм учраас тус хөрөнгийг очиж үзээгүй нь нотлогдсон. Хөрөнгийн үнэлгээний тайланд тус хөрөнгийн гадна хаалганы зургийг оруулсан бөгөөд тус 3 хөрөнгийг үнэлсэн мэтээр тайланд тусгасан байгаа.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээс шинжээч томилсон тогтоол, шинжээчид эрх, үүрэг танилцуулсан баримтад зурсан гарын үсэг хэний гарын үсэг болохыг тодруулахад гэрч нь *******гийн гарын үсэг болохыг өөрөө хэлсэн байдаг. Шинжээч нь өөрөө 2024.03.26-ны өдөр Монгол улсын хилээр гараад 2024.07.19-нд Монгол улсад ирсэн гэдгээ гэрч өөрөө хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байдаг.

Дээрх нэхэмжлэлд дурдсан 3 үл хөдлөх хөрөнгөд шинжээч өөрөө очоогүй, хүнээр дамжуулж зургийг нь авсан гэдгийг хүлээн хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн тогтоолд зурсан гарын үсэг шинжээч ын гарын үсэг биш болохыг гэрчийн мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Иймд үнэлгээ нь Шүүх шинжилгээний хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журам, үндэслэлийг зөрчсөн учир хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.12-ны өдрийн 1170 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч *******, ******* нараас 1,4 тэрбум төгрөгийг гаргуулж ХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийг битүүмжилж, хураах ажиллагаа явагдсан байдаг. Талууд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 3 үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний хувьд тохиролцоогүй учраас үнэлгээ хийлгэхээр ******* ******* ******* ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч үл хөдлөх хөрөнгийг үнэлгээ гаргасан. Үнэлгээ хийсэн хөрөнгүүд нь Ч тоотод байрлах, 148 м.кв үл хөдлөх хөрөнгө авто зогсоолын хамт, мөн хаягийн мансартад нь байрлах 253 м.кв үл хөдлөх хөрөнгийг 120 м.кв дээврийн хамт, мөн хаягт байрлах 1 ба 2 хойд хэсэгт байрлах 264 м.кв үл хөдлөх эд хөрөнгүүд байсан бөгөөд нийт 5 864 295 000 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээний 2024.05.29-ний өдрийн 3/2628, 3/2629 дугаартай мэдэгдлүүдийг төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон төлбөр авагч ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт гардуулсан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байгаа. Хөрөнгийн үнэлгээг шинжээч гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэлгээг өөр хийсэн, туслах үнэлгээчин *******г томилж хөрөнгийг очиж үзэн, нөхцөл байдлын талаар зураг авч т өгсөн гэж мэдүүлсэн. Энэ нь ******* хөрөнгийн үнэлгээ гаргасан гэсэн нөхцөл байдал биш юм.

Мөн Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд шинжээч биечлэн заавал объектод очиж үзнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Мөн шинжээч гэрчийн мэдүүлэгтээ туслах үнэлгээчинг объект руу явуулж, үзүүлээд хөрөнгийн үнэлгээ гаргадаг гэх тайлбарыг гаргасан байгаа. Төлбөр төлөгч нар нь шүүхийн шийдвэр гарснаас хойш нэг ч төгрөг төлж барагдуулаагүй, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, үнэлгээ хийсэн ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд өмнө нь 3 удаа хойшилсон. Хэргийг шийдвэрлэхэд хангалттай баримт хэрэгт авагдсан. Тиймээс шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлттэй. Учир нь төлбөр авагч болох ХК нь төлбөр төлөгч нараас төлбөрөө авч чадахгүй, энэ асуудал шүүхийн шатанд удааширч байгаа учраас шүүхийн шийдвэрийг нэг талд нь гаргаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлттэй байна. Хэрэгт байгаа баримтын хүрээнд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулж хэргийг шийдвэрлэх боломжтой...гэжээ.

 

4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, *******, ******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.12-ны өдрийн 182/ШШ2023/01170 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.07.21-ний өдрийн 1442 дугаартай магадлал, Банкны төлбөр барагдуулах газрын 2024.05.29-ний өдрийн 3/2628 тоот Мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2024.01.15-ны өдрийн 24360078/03 тоот, 24360078/04 тоот, 2024.01.12-ны өдрийн 24360078/05 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-ууд, 2024.05.03-ны өдрийн 24360078/10 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол /1 хх-ийн 7-26/,

5.Хариуцагч талаас нотлох баримтаар, төлөөлөгч томилсон итгэмжлэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.11.27-ны өдрийн 15326 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 1117 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023.10.19-ний өдрийн 1249 дугаартай Хяналтын гомдол хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол, 2023.12.18-ны өдрийн 24360078 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн 2023.12.22-ны өдрийн 24360078/01 тоот Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023.12.27-ны өдрийн 1628 тоот албан бичиг, /1 хх-ийн 40-63/, 2024.01.08-ны өдрийн 24360078/04, 23460078/05 тоот Төлбөр төлөгчийн гадаад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэх хуудсууд, зарлан дуудах хуудсууд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, шийдвэр гүйцэтгэгчийн 2024.01.15-ны өдрийн 24360078/03 тоот, 24360078/04 тоот, 2024.01.12-ны өдрийн 24360078/05 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-ууд, 2024.05.03-ны өдрийн 24360078/10 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол, төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг, 2024.05.06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчээс явуулсан үнийн санал авах тухай мэдэгдлүүд, төлбөр төлөгч *******, *******, төлбөр авагч ХК-ийн үнийн саналууд, төлбөр авагчийн шинжээч томилуулах тухай хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн 2024.05.14-ний өдрийн 05/46 тоот Шинжээч томилох тухай тогтоол /1 хх-ийн 67-123/, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, ******* ******* ******* ХХК-ийн 2024.05.29-ний өдрийн 20/Ш тоот Хөрөнгийн үнэлгээний тайлан түүний хавсралтууд , нэхэмжлэх, төлбөр төлөгч болон төлбөр авагч талд явуулсан 2024.05.29-ний өдрийн 3/2628, 3/2629 тоот үнэлгээний мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, 2024.06.06-ны өдрийн 6/27 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мэдэгдлүүд /1 хх-ийн 130-208/ зэргийг,

6. Гуравдагч этгээд ХК-иас төлөөлөгч томилсон итгэмжлэл, регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-ийн 236-238/ зэргийг тус тус нотлох баримтаар гаргасан.

7.Нэхэмжлэгч талын хүсэлтээр, тус шүүхийн шүүгчийн 2024.08.21-ний өдрийн 14017 дугаартай, 2024.11.27-ны өдрийн 20246 дугаартай захирамжуудаар ирүүлсэн Сангийн сайдын 2023.10.10-ны өдрийн 196 тоот Тусгай зөвшөөрөл олгох тухай тушаал, ******* ******* ******* ХХК-ийн Тусгай зөвшөөрлийн тодорхойлолт, Хил хамгаалах ерөнхий газрын 2024.12.03-ны өдрийн 2-4в/8026 тоот албан бичиг бүхий ын Монгол улсын хилээр нэвтэрсэн талаарх лавлагаа / 1хх-ийн 241-242, 2 хх-ийн 7-9/, гэрч ын мэдүүлэг / 2 хх-ийн 28-34/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Зохигч талын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч байгууллагад холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баруун сэлбийн гудамж, 7 дугаар байрны 7 тоот, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 148 м.кв талбайтай орон сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт   дугаар байр, мансардны хэсгийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 253 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн 17 дугаар байрны 1 ба 2 дугаар давхрын хойд талын хэсэг тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 264 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг үнэлсэн шинжээч ******* ******* ******* ХХК-ийн 2024.05.29-ний өдрийн Ш/20 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан-р үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал эс зөвшөөрч маргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр оролцсон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХК-иас хариуцагчийн татгалзлыг дэмжсэн.

 

Шүүхээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

1.Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, бидний өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн , , дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг зэргийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шинжээч ******* ******* ******* ХХК-иас нийт 5 864 295 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ үндэслэлгүй, шинжээчид эрх үүрэг танилцуулсан, хууль сануулсан баримтыг сүүлд нөхөж хийсэн, уг баримтуудад шинжээч гэх гарын үсэг зураагүй, түүнийг төлөөлсөн ******* гарын үсгийг зурсан гэрчээр мэдүүлэхдээ тайлбарласан, Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2., 10.3.-т заасан журмыг ноцтой зөрчсөн, шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй, шинжээчийн дүгнэлт нь бодитой үнэн зөв гараагүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

2.Хариуцагч байгууллагаас, нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.12-ны өдрийн 1170 дугаар шийдвэрээр *******, ******* нараас 1 421 068 062 төгрөг гаргуулан ХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрийг биелүүлээгүй бол эрхийн улсын бүртгэлийн , , дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан, энэ шийдвэрийг биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, дээрх 3 үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, хураасан. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний саналыг авахад талууд тохиролцоогүй тул *******-Оргил ******* ХХК-ийг 2024.05.14-ний өдөр 05/46 тоот тогтоолоор шинжээчээр томилсны дагуу шинжээч нийт 5 864 295 000 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн үнэлгээний тайланг талуудад гардуулж өгч танилцуулсан, шинжээч ******* ******* ******* ХХК-ийн үнэлгээ хууль зөрчөөгүй учир нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХК-иас нэхэмжлэлийн шаардлагын талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн тайлбар бичгээр гаргаагүй ч хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан татгалзлыг дэмжсэн гэж үзнэ.

 

4.Хэрэгт авагдсан баримтууд, зохигчдоос гаргасан тайлбаруудаар дараахь үйл баримтууд тогтоогдсон.

 

4.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.12-ны өдрийн 1170 дугаар шийдвэрээр хариуцагч *******, ******* нараас 1 421 068 062 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХК-д олгож, барьцаа хөрөнгө болох, *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Ч  тоот, 148 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, 7 тоот автомашины зогсоол, *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Ч байр, мансардын давхар хаягт байрлах, 253 м.кв талбайтай, орон сууц, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, мөн 17 дугаар байрны 1 ба 2 дугаар давхрын хойд талын хэсэг тоот хаягт байрлах, 264 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс *******, ******* нарын гомдлоор хянан хэлэлцэж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.07.21-ний өдрийн 210/МА2023/01442 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр баталж шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

4.2.Энэ шийдвэрийг төлбөр төлөгч *******, ******* нар нь сайн дураар биелүүлээгүй, төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тул төлбөр авагч хүсэлт гаргаснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.11.27-ны өдрийн 182/ШЗ2023/15326 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 182/ГХ2023/01117 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас үйлдэгдсэн байна.

 

4.3.Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2023.12.18-ны өдрийн 24360078 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж, барьцааны зүйл болох төлбөр төлөгч нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэн, шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэж, 2024.01.12, 2024.01.15-ны өдрүүдэд битүүмжлэн, төлбөр төлөгч нарын хөрөнгийн мэдүүлгийг авч, 2024.05.03-ны өдөр эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураан авч 24360078/10 тоот тогтоол үйлдэн, барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгүүдийн үнийг төлбөр авагч, төлбөр төлөгч нар тохиролцон тогтоон шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэхийг талуудад даалгасан байна.

Эдгээр ажиллагаа нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд болон шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан баримтуудаар нотлогдсон бөгөөд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас явуулсан дээрх ажиллагаанууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13., 49., 54. дүгээр зүйлд заасантай нийцсэн байна.

 

4.4.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, нэхэмжлэгч ******* нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2202040584 дугаартай үл хөдлөх хөрөнгийг 5 016 000 000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө /орон сууц, автомашины зогсоол/-г 2 636 000 000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн 2202025794 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 5 920 000 000 төгрөгөөр,

төлбөр төлөгч нэхэмжлэгч ******* нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2202040584 дугаартай үл хөдлөх хөрөнгийг 6 336 000 000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө /орон сууц, автомашины зогсоол/-г 3 080 000 000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн 2202025794 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 7 590 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнийн саналыг ирүүлж,

төлбөр авагч ХК нь 2024.05.10-ны өдөр 5/5719 тоот албан бичгээр барьцааны хөрөнгүүдийн үнэлгээг шинжээч томилуулан тогтоолгох хүсэлтийг хариуцагч байгууллагад гаргажээ.

 

4.5.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т заасныг үндэслэн талууд үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасны дагуу тохиролцоогүй гэж үзэн 2024.05.14-ний өдөр шийдвэр гүйцэтгэгчийн 05/46 тоот Шинжээч томилох тухай тогтоол үйлдэж, уг тогтоолоор ******* ******* ******* ХХК-г шинжээчээр томилсон байх бөгөөд шинжээч нь 2024.05.29-ний өдөр нэхэмжлэгч *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 747 042 100 төгрөгөөр, *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 1 817 682 100 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 3 299 570 800 төгрөгөөр, нийт 5 864 295 000 төгрөгөөр үнэлж, уг үнэлгээг Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.-т заасны дагуу төлбөр төлөгч болон төлбөр авагч талуудад мэдэгдэн 2024.05.29-ний өдөр мэдэгдэл болон шинжээчийн дүгнэлтийг хүлээлгэн өгсөн нь мөн өдрийн 3/2628, 3/2629 тоот үнэлгээний мэдэгдлүүд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд зэргээр нотлогдсон.

 

5.Хэрэгт авагдсан хариуцагч талаас гаргасан шийдвэр гүйцэтгэгчийн 2024.05.14-ний өдрийн 05/46 тоот Шинжээч томилох тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн Шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээчийн 2024.05.29-ний өдрийн 20/Ш тоот Хөрөнгийн үнэлгээний тайлан, Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний 20/Ш тоот тайланг хүлээлцсэн баримт, 2024.05.28-ны өдрийн ******* ******* ******* ХХК-ийн 20/Ш тоот нэхэмжлэх зэрэг баримтуудад ******* ******* ******* ХХК-ийн захирал гэж гарын үсэг зурж, компанийн тамга дарагдсан байна.

Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шинжээч ******* ******* ******* ХХК-ийн 2024.05.29-ний өдрийн 20/Ш тоот Хөрөнгийн үнэлгээний тайлан-гийн 1.3.3-т Үнэлгээг 2024.05.15-наас 2024.05.29-ний хооронд хийсэн бөгөөд үнэлгээний дүгнэлтийг 2024.05.28-ны байдлаар гаргасан болно. Үнэлгээний зүйлтэй танилцсан огноо: 2024.05.19, Үнэлгээний огноо: 2024.05.28, Үнэлгээний тайлагналын огноо: 2024.05.29-ний өдөр болно..., 3.1 дэх Үнэлгээний үйл явц гэсэн хэсгийн 3 дахь заалтад Энэхүү үнэлгээний ажлын хүрээнд хөрөнгийн биет байдалтай 2024.05.19-ний өдөр тус компанийн бие төлөөлөгч газар дээр нь үзэж танилцсан, 4 дэх заалтад Уг хөрөнгийн талаар захиалагчийн өгсөн мэдээлэл, хөрөнгийн ашиглалтын одоогийн байдал, холбогдох баримт бичгүүд, ижил төстэй хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийг магадлан шинжилж үнэлгээг хийж гүйцэтгэв гэж тус тус бичжээ.

 

6.Хэрэгт авагдсан гэрч ын шүүхэд мэдүүлсэн мэдүүлэгт: ...Тухайн үед би Солонгост байсан. Манай итгэмжлэгдсэн төлөөлөгч очиж танилцаж, бичиг үйлдсэн...итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон *******гийн гарын үсэг...миний томилсон хүн очоод гардаж аваад миний өмнөөс гарын үсэг зурсан байх...итгэмжлэгдсэн хүн очиж зураг авч мэдээлэл явуулж байсан...үнэлгээ хийх эрх хараахан аваагүй, миний туслах байсан...тайланд намайг төлөөлсөн хүн гарын үсэг зурна, гэхдээ би үнэлгээг тэндээс хийгээд явуулж байгаа...төлөөлөгчийн ирүүлсэн мэдээлэлд үндэслээд би үнэлгээ хийсэн... гэжээ.

Мөн Хил хамгаалах ерөнхий газрын 2024.12.03-ны өдрийн 2-4в/8026 тоот албан бичгээр ирүүлсэн Монгол улсын хилээр нэвтэрсэн иргэний тодорхойлолтод .........2024.03.26...гарах...2024.07.19...орох... гэж бүртгэгдсэн байна.

 

7.Дээр дурдсанаас үзэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын хүсэлтээр шинжээч томилон үнэлгээ тогтоолгох явцад ******* ******* ******* ХХК-ийн захирал, үнэлгээчин Монгол улсад байгаагүй болох нь, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх ******* шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилсон тогтоол, шинжээчид эрх үүрэг танилцуулсан баримтууд болон 2024.05.29-ний өдрийн 20/Ш тоот Хөрөнгийн үнэлгээний тайлан-д гэж бичсэн болох нь тус тус тогтоогдсон.

Түүнчлэн шинжээчээр томилогдсон ******* ******* ******* ХХК-ийн захирал, үнэлгээчин аас шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээчийг төлөөлөн оролцох төлөөлөгч гэх *******д олгосон итгэмжлэл хэрэгт авагдаагүй байна.

 

8.Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилсон шинжээч нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоож хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.-д заасан шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийх, 5.2.2.-т шүүх шинжилгээг зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу хийх, 49 дүгээр зүйлийн 49.2.1.-д заасан шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой хийх гэсэн шаардлагуудыг хангасан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Тодруулбал, Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.-т Шинжилгээ хийх эрх бүхий этгээдэд дараах этгээд хамаарна... 8.2.4. мэргэжлийн байгууллага гэж, 17 дугаар зүйлийн 17.4.-т Энэ хуулийн 8.2.2.-т заасан шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан тохиолдолд дүгнэлтэд гарын үсэг зурж, хувийн тэмдгээр, 8.2.1., 8.2.3.-т заасан этгээд дүгнэлтийг гарын үсгээр, 8.2.4-т заасан этгээд шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан бол дүгнэлтийг гарын үсэг, байгууллагын тэмдгээр баталгаажуулна. гэж, мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.-т Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин, эсхүл үнэлгээний хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна. гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг нийт 5 864 295 000 төгрөгөөр тодорхойлсон ******* ******* ******* ХХК-ийн 2024.05.29-ний өдрийн 20/Ш тоот Хөрөнгийн үнэлгээний тайлан-г гаргахдаа дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн байна.

Түүнчлэн Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2., 10.3., 10.4.-т заасан шаардлагыг хангаагүй байгаагийн дээр шинжилгээ хийх эрх бүхий этгээд буюу Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4.-д заасан шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг бүхий этгээд шинжилгээ хийж дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

9.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно заасан бөгөөд нэхэмжлэгч нар нь дээрх хуулийн заалтын дагуу шинжээч ******* ******* ******* ХХК-ийн 2024.05.29-ний өдрийн 20/Ш тоот Хөрөнгийн үнэлгээний тайлан түүний хавсралтаар тогтоосон үнэлгээг 2024.05.29-ний өдрийн 3/2628 тоот мэдэгдлээр мэдсэнээс хойш 2024.06.04-нд уг үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд гаргасан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

 

10.Талуудаас гаргасан 1-р хавтаст хэргийн 64-66, 124-129 дүгээр талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдав.

 

11.Шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХК-д шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.-т заасны дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул түүний эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

12.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, хариуцагч Банкны төлбөр барагдуулах газар нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.12-ны өдрийн 1170 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.07.21-ний өдрийн 210/МА2023/01442 дугаар магадлалыг биелүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулан, барьцааны зүйл болох нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д заасан журмыг зөрчсөн байх тул шинжээч ******* ******* ******* ХХК-ийн 2024.05.29-ны өдрийн 20/Ш тоот Хөрөнгийн үнэлгээний тайлан-р үнэлсэн үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэлээ.

 

13.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Банкны төлбөр барагдуулах газраас улсын тэмдэгтийн хураамжид 210 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1., 116., 118.-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасныг баримтлан хариуцагч Банкны төлбөр барагдуулах газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2024.05.14-ний өдрийн 05/46 тоот Шинжээч томилох тухай тогтоол-ын дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг буюу барьцааны зүйл болох *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Ч  тоот, 148 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, 7 тоот автомашины зогсоол, *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Ч байр, мансардын давхар хаягт байрлах, 253 м.кв талбайтай орон сууц, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, мөн 17 дугаар байрны 1 ба 2 дугаар давхрын хойд талын хэсэг тоот хаягт байрлах, 264 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг шинжээч ******* ******* ******* ХХК-ийн 2024.05.29-ний өдрийн 20/Ш тоот Хөрөнгийн үнэлгээний тайлан-р үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Банкны төлбөр барагдуулах газраас улсын тэмдэгтийн хураамжид 210 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШЗ2024/11357 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА