Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01146

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2021/01214 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Б-ын хариуцагч Б-анд холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б-ын сайдын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/424 тоот тушаалаар Усны Үндэсний хорооны нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан. Б-ын сайдын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/38 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг шийдвэрийг эсэргүүцэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд миний бие нэхэмжлэл гарган, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрээр Б-ын сайдын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/38 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, миний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох, холбогдох шимтгэлүүдийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүхийн энэ шийдвэр одоо хүчин төгөлдөр байгаа. Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул миний бие шүүхэд уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гарган, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 128/Ш32017/4046 дугаартай захирамж гаран, гүйцэтгэх хуудас бичигдсэн болно. Мөн хуульд заасан хугацаанд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу надад цалинтай тэнцэх нөхөн олговор олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийх тус шүүхийн 2018 оны 182/ШШ2018/02041, 2019 оны 182/ШШ2О19/01568 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2425 тоот магадлал гарсан. Б-ны Төрийн нарийн бичгийн дарга 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/125 тоот тушаал гарган намайг өөр ажил, албан тушаалд буюу тус яамны Усны хяналт шинжилгээний, усны бохирдол, зөвшөөрлийн механизм хариуцсан мэргэжилтнээр томилж, дараа нь Б-ын сайдын 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/35 тоот тушаалаар Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын ажлыг хавсруулан гүйцэтгүүлэхээр заасан. Миний бие эдгээр шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс шийдвэр гүйцэтгэл явагдаж дуусаагүй гэж үзсэн. 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх өргөдлийг Б-ын сайдад гаргасан боловч хариу өгөөгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн дагуу хянан үзэж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын 12 дугаар хавсралтаар Усны үндэсний хороог байгуулж, нарийн бичгийн даргыг орон тооны байхаар зааж улмаар Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн зарим чиг үүргийг шилжүүлэх тухай 323 дугаар тогтоолоор Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний Усны Үндэсний хорооны ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд /хуучин нэрээр/ шилжүүлсэн. Энэхүү тогтоолын дагуу 2015 оны төсөвт нэмэлт санхүүжилт тусгаагүй, мөн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн төсвийн байгууллагад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай 55 дугаар тогтоолын 6 дахь хэсэгт зааснаар Усны Үндэсний хорооны ажлын алба татан буугдсантай холбогдуулан чиг үүргийг нь эрхлэх асуудлын хүрээнд холбогдох байгууллагад хариуцуулж, орон тооны нэг ажилтныг батлагдсан төсөвтөө багтаан ажиллуулах зохицуулалт хийхийг Б-ын сайдад үүрэг болгож, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай 80 дугаар тушаалаар Ц.Б-ад 1 сарын тэтгэмж олгосон. Улмаар тус яаманд Ц.Б-ыг томилох орон тоо, төсөв байхгүйгээс ажиллуулах боломжгүй нөхцөл үүссэн тул түүнийг Б-ын сайдын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, тус яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын даргад Усны Үндэсний хорооны нарийн бичгийн даргын ажлыг хавсран гүйцэтгүүлсэн ба дээрх шийдвэрийг нэхэмжлэгч Ц.Б- эс зөвшөөрч Б-ын сайдын 2017 оны Б/38 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл Усны Үндэсний Хорооны нарийн бичгийн даргын орон тоо нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 387 дугаар тогтоолоор орон тооны бус болон өөрчлөгдсөн ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэгт Энэ хуулийн 103.4-т зааснаас бусад ажилтны урьд ажиллаж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэх өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасны дагуу Б-ны төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/125 дугаар тушаалаар Ц.Б-ыг тус яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын Усны нөөцийн хэлтсийн Усны хяналт-шинжилгээ, усны бохирдол, зөвшөөрлийн механизм хариуцсан мэргэжилтнээр, Б-ын сайдын 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын албан тушаалыг /орон тооны бус/ хавсран гүйцэтгүүлэхээр тус тус томилж, албан тушаалын цалинг ТЗ-7-5 шатлалаар, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 25 хувь, зэрэг дэвийн нэмэгдлийг 44 хувиар буюу боломжит дээд хэмжээгээр тогтоосон. Гэтэл нэхэмжлэгч Ц.Б- нь дээрх шийдвэрийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан Усны Үндэсний хорооны нарийн бичгийн даргын ажилд томилохыг Б-ын сайдад даалгах нэхэмжлэлийг дахин Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч тус шүүхээс энэхүү маргаан нь захиргааны хэргийн харьяаллын бус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт харьяалах хэрэг гэж үзэн Ц.Б-ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 01/1367 тоот албан бичиг хүргүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-наас 30 121 107 /гучин сая нэг зуун хорин нэгэн мянга нэг зуун долоон/ төгрөгийг гаргуулж Ц.Б-ад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б-ын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч Б-анд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б-наас улсын тэмдэгтийн хураамжид 308 555 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүх хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв, бодитой талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын 12 дугаар хавсралтаар Усны Үндэсний хороог байгуулж, нарийн бичгийн даргыг орон тооны байхаар зааж улмаар Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн зарим чиг үүргийг шилжүүлэх тухай 323 дугаар тогтоолоор Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний Усны Үндэсний хороо-ны ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд /хуучин нэрээр/ шилжүүлсэн. Энэхүү тогтоолын дагуу 2015 оны төсөвт нэмэлт санхүүжилт тусгаагүй, мөн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Төсвийн байгууллагад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай 55 дугаар тогтоолын 6 дахь хэсэгт зааснаар Усны Үндэсний хорооны ажлын алба татан буугдсантай холбогдуулан чиг үүргийг нь эрхлэх асуудлын хүрээнд холбогдох байгууллагад хариуцуулж, орон тооны нэг ажилтныг батлагдсан төсөвтөө багтаан ажиллуулах зохицуулалт хийхийг Б-ын сайдад үүрэг болгож, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай 80 дугаар тушаалаар Ц.Б-ад 1 сарын тэтгэмж олгосон. Тус яаманд Ц.Б-ыг томилох орон тоо, төсөв байхгүйгээс ажиллуулах боломжгүй нөхцөл үүссэн тул түүнийг Б-ын сайдын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, тус яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын даргад Усны Үндэсний хорооны нарийн бичгийн даргын ажпыг хавсран гүйцэтгүүлсэн ба дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Б-ын сайдын 2017 оны Б/38 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Улмаар Усны Үндэсний хорооны нарийн бичгийн даргын орон тоо нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 387 дугаар тогтоолоор орон тооны бус болон өөрчлөгдсөн ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэгт заасны дагуу Б-ны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/125 дугаар тушаалаар Ц.Б-ыг тус яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын Усны нөөцийн хэлтсийн Усны хяналт- шинжилгээ, усны бохирдол, зөвшөөрлийн механизм хариуцсан мэргэжилтнээр, Б-ын сайдын тушаалаар Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын албан тушаалыг (орон тооны бус) хавсран гүйцэтгүүлэхээр тус тус томилж, албан тушаалын цалинг ТЗ-7-5 шатлалаар, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 25 хувь, зэрэг дэвийн нэмэгдлийг 44 хувиар буюу боломжит дээд хэмжээгээр тогтоосон. Түүнчлэн Усны Үндэсний хорооны нарийн бичгийн дарга нь төрийн захиргааны албан тушаал буюу Засгийн газрын 2019 оны Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай 275 дугаар тогтоолоор батлагдсан тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэлийн ангилал, зэрэглэлд багтдаггүй болно. Гэтэл анхан шатны шүүх ... энэ хугацаанд ажил олгогчийн буруугаас ажил үүргээ гүйцэтгээгүй бөгөөд цалин хөлс аваагүй байх тул тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч олгоно. гэж хэргийг үнэн зөв, бодитой талаас нь үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч Б-анд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч байгууллага нь ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч Ц.Б-ын ажиллаж байсан Усны Үндэсний хорооны нарийн бичгийн даргын ажил албан тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор орон тооны бус болон өөрчлөгдсөнтэй холбоотойгоор шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй болсон гэх үндэслэл заан татгалзсан байна.

 

Б-ын Сайдын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/424 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ц.Б- нь Усны Үндэсний хорооны нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байгаад Б-ын сайдын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгджээ. /хх-ийн 5-р тал/

 

Дээрх тушаалыг нэхэмжлэгч Ц.Б- нь эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүх 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0714 дугаар шийдвэрээр Б-ын Сайдын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/38 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Ц.Б-ыг өмнө эрхэлж байсан Усны Үндэсний хорооны нарийн бичгийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 19-28-р тал/

 

Хариуцагч байгууллага нь дээрх шийдвэрийг биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, улмаар нэхэмжлэгч Ц.Б- нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хоёр удаа гаргаж, тус шүүх 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/02041 дугаар шийдвэр, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2019/01568 дугаар шийдвэрээр тус тус шийдвэрлэжээ. /хх-ийн 6-18-р тал/

 

Хариуцагч татгалзалдаа болон давж заалдах гомдолдоо Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Усны Үндэсний хорооны нарийн бичгийн даргын ажил, албан тушаал нь орон тооны бус болсон тул 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Ц.Б-ад газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын усны нөөцийн хэлтсийн мэргэжилтний ажлыг Усны Үндэсний хорооны нарийн бичгийн даргын албан тушаалтай хавсран гүйцэтгүүлэхээр тушаал гаргасан, нэхэмжлэгч нь тус тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй гэжээ.

 

Гэвч Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 387 дугаар тогтоолоор Усны Үндэсний хорооны нарийн бичгийн даргын албан тушаал нь орон тооны бус болж өөрчлөгдсөн байна. Өөрөөр хэлбэл, Усны Үндэсний хорооны нарийн бичгийн даргын албан тушаал орон тооны бус болж өөрчлөгдөөгүй байхад буюу 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Ц.Б-ад өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэхээр тушаал гаргасан нь шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх хуулийн шаардлагад нийцээгүй, бүтэц, орон тооны өөрчлөлтийн улмаас шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

 

Иймд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 30 121 107 төгрөгийг хариуцагч Б-наас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б-ад олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасанд тус тус нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2021/01214 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Г.ДАВААДОРЖ