Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 319/ШШ2025/00371

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багт оршин суух, ******* ******* овогт *******ын *******ы хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: хүсэлт гаргагч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Х.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: *******ын ******* миний бие 1969 оны 08-р сарын 27-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багт *******ын 4 дахь хүү болж төрсөн Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуульд 1977 онд 1-р ангид орж 1985 оны 06 сарын 10-ны өдөр 8-р анги төгсөөд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Баруун салаа бригадад эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1987 оны 10-р сарын 15 ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж 1989 оны 10-р сарын 15-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирээд одоо хүртэл мал маллаж амьдарч байна. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон учраас Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас 70-р дансны лавлагаа авч хэрэгт хавсаргав. Иймд Х.******* намайг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Баруунсалаа бригадад 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тус тус тогтоож өгнө үү.” гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн болон шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:

2.1. Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, овог нэр өөрчилсөн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлагаа, хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан лавлагаа, *******, ******* нарын тодорхойлолт, малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахдаа бүрдүүлж өгсөн баримтын хуулбар зэрэг нотлох баримтыг  гаргаж өгсөн.

2.2. Шүүхээс: Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, ХААТР маягтын хуулбарууд, гэрч *******, ******* нарыг асуусан тэмдэглэл зэрэг нотлох баримуудыг бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

3. Хүсэлт гаргагч Х.******* нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Баруун салаа бригадад 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийн шаардлага гаргажээ.

4. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан дараах нотлох баримтыг үнэлж, хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Баруун салаа бригадын 70 дугаар дансны түүвэрт 1985-1989 он хүртэл хүсэлт гаргагч Х.*******, түүний эцэг Б.******* нарын нэр дээр цалин, хөлс олгосон бичилт хийгдсэн байна. /хавтаст хэргийн 7-11 дэх тал/

Хүсэлт гаргагч Х.*******ы эцэг ******* болох нь төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна. / хавтаст хэргийн 4 дэх тал/

Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын лавлагаагаар *******ын ******* нь 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, Барилгын цэргийн 110 дугаар ангид алба хааж, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанаас халагдсан байна.

Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар Х.******* нь 1990 оноос 2000 оныг дуустал ажилласан жилээ нөхөн тооцуулжээ.  /хавтаст хэргийн 13 дахь тал/,

2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Х.*******д 550  дугаартай малчны мэргэжлийн үнэмлэхийг олгосон байна. /хавтаст хэргийн 16 дахь тал/,

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 29/442 дугаартай албан бичгээр ирүүлсэн Х.*******ы ХААТР 1А маягтад “ажилладаг байгууллага Баруун салаа, ажилд орсон он 1989 он, эрхэлдэг ажил хоньчин” гэж, ХААТР 15 а маягтад “эрхэлдэг ажил хоньчин” гэж тус тус бичигджээ. /хавтаст хэргийн 25-29 дэх тал/,

Гэрч *******ын “...Х.*******ыг 1988 оноос эхлэн мэднэ. Х.******* надаас 3 ах. Тэрээр 8 жилийн сургуулиа төгсөөд 1985 оноос эхлэн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн баруун салаа бригадад бог мал малласан. Тэрээр 1987 онд цэргийн албанд татагдсан бөгөөд цэрэгт явах хүртлээ мал маллаж байсан. Цэргээс халагдаж ирээд тус багтаа нэгдэл тартал малчнаар ажилласан. Тухайн үед нэгдлийн даргаар Дамдин дарга ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

Гэрч *******ы “...Сургуулиа төгсөөд эцэг, эхийн хамт Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3-р бригадад малчнаар ажиллаж байсан. Цэрэгт 1987 онд татагдаж 1989 онд халагдаж ирж байсан. Түүнээс хойш 3-р бригадад малчнаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/ хэрэгт авагдсан.

Дээрх архивын лавлагаа, гэрчүүдийн мэдүүлэг, ХААТР маягтуудын хуулбар зэрэг нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Х.******* нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Баруунсалаа бригадад 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс цэргийн албанд татагдах хүртэл буюу 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байна.

6. Гэрч *******, ******* нарын мэдүүлгийн эх сурвалж нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдсон тул гэрчээс хууль сануулж авсан мэдүүлгийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн нотлох баримт гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов. 

7. Шүүх хэрэгт цугларсан гэрчийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж, хүсэлт гаргагч Х.*******ы Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

                                                         ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад зааснаар ******* ******* овогт *******ын *******ы Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Баруунсалаа бригадад 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Х.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд  шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ө.БАХЫТБЕК