| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/02120/И |
| Дугаар | 197/ШШ2025/06707 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 197/ШШ2025/06707
2025 05 23 197/ШШ2025/06707
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай-5, *******ны төв байр хаягт байрлах, ******* ХК /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 31 дүгээр хороо, Монел 14 гудамж, ******* тоот хаягт оршин суух Эр******* Эл******* /Регистрийн дугаар:*******/-т холбогдох,
10,221,902.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунмандах, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Э.Эл*******аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,459,596.68 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 752,280.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 10,026.08 төгрөг, нийт 10,221,902.80 төгрөг гаргуулахаар шаардсан.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т зааснаар нэхэмжлэлд дурдсан хаягийн дагуу шуудангаар нэхэмжлэл болон бусад холбогдох баримтыг хүргүүлснийг хариуцагч нь 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гардан авсан боловч мөн хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-т заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй тул уг хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй болжээ. /хх 18/
4. Нэхэмжлэгч ******* ХК нь арилжааны банкны үйл ажиллагаа явуулах эрхтэй болох нь нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн ******* дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар баримтаар нотлогдож байна. /хх 14/
5. Зохигчид 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр******* дугаартай Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээ байгуулж, уг гэрээг үндэслэн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дижитал зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай жилийн 21 хувь, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүний 20 хувь байхаар харилцан тохиролцож, мөн өдөр хариуцагч буюу зээлдэгчийн ******* дахь ******* дугаартай дансруу 10,000,000 төгрөгийг олгосон болох нь зээлийн гэрээ, зээлийн дансны хуулгаар тогтоогдсон. /хх 5-9/
5.1. Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд мөн хуулийн 451.2-т зааснаар талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хуульд заасан бичгээр хийх шаардлагыг хангасан байна. /хх 5-9/
5.2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
5.3. Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулга, зэрэг баримтыг ирүүлсэн бөгөөд уг баримтаас үзвэл хариуцагч буюу зээлдэгч нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээлийг хүлээн авснаас хойш үндсэн зээлийн төлбөрт 540,403.32 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 363,271.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,025.41 төгрөг нийт 904,700 төгрөгийг төлж, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл 9,459,596.68 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 752,280.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 10,026.08 төгрөг, нийт 10,221,902.80 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байх тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 10,221,902.80 төгрөгийг шаардах эрхтэй. /хх 10/
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч хариу тайлбар ирүүлээгүй.
6.1. Хариуцагч нь хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох, зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, нотлох баримтаа ирүүлэх үүрэг, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн буюу хүүгийн тооцооллын талаар маргаагүй гэж үзэх үндэслэлтэй.
7. Иймд хариуцагч Э.Эл*******аас 10,221,902.80 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
8. Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 178,502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 178,502 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь уг хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Э.Эл*******аас 10,221,902.80 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,502 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 178,502 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.АЗБАЯР