Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 47

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 07                    2018/ШЦТ/47                                    Баруун-Урт сум 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                                                                                                      

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгч Ц.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Чт холбогдох эрүүгийн 1830000550039 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага  мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эхнэр хүүгийн хамт Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг Хашаат гэх оршин суух,  Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 13 тоот шийтгэх тогтоолоор  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, /рд:ЛЖ86082010/ Хатгин овогт Ц.Ч.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Ц.Ч нь 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Биллион зоогийн газарт хохирогч  Х.Бат-Эрдэнийг  зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  - Шүүгдэгч Ц.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай найз Бат-Эрдэнэ намайг 02-р сарын 09-ний орой уулзъя гээд дуудаад байхаар нь би уулзаагүй, 02-р сарын 10-ны өдөр бас дуудаад байхаар нь хоол идчихээд салъя гээд уулзсан. Өмнө нь  бид хоёр зун хоорондоо муудалцаж байсан. Тэгээд хамт хоол идчихээд явлаа гэхэд дахиад дуудаад байсан. Намайг очиход Сүхчулуунтай хамт архи уугаад сууж байсан. Дахиад нэг архи авч уусан. Тэгээд хамт сууж байхад хүзүүгээр тэвэрч байхдаа гараараа хатгаад өвтгөөд байхаар нь би уурласан. Тэгээд маргалдаад муудалцсан. Би Бат-Эрдэнийн нүүр рүү нэг цохисон. Тэгээд зодоон хийхгүй явлаа гэхэд араас очоод дахиад зодолдсон. Бат-Эрдэнэ намайг өс хонзонгоор зодох гээд байсан. Өмнөх өдөр нь найзууддаа Чинзоригийг зодож байж санаа амармаар байна гэж хэлсэн байсныг нь би мэдээгүй уулзсан. Би авто осолд ороод хөл муутай байдаг учраас хүнтэй зодолдох шаардлага байхгүй гэв.  

 

-Хохирогч Б.Бат-Эрдэнэ  мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “... Тэгээд бид нар ширээнд  сууж байгаад би Чинзоригийг хажуу талаас нь хүзүүгээр нь тэвэрсэн чинь намайг “Чи ямар санаа гаргаад байгаа юм гээд надтай маргаж эхэлсэн. Тухайн үед би их согтуу байсан болохоор зарим үйл явдлыг санахгүй байна. Ямарч байсан манай ажлын зоогийн газрын үүдэнд Чинзориг намайг хэд хэдэн удаа нүүр рүү цохиод байсан. Чинзоригт зодуулсны улмаас дээд уруул дотор талдаа язарсан баруун шанаа хавдсан байсан. Бид хоёрын хооронд өс хонзон гэх зүйл байхгүй.  Надад гаргах гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 04-5-р хуудас/

 

- Гэрч О.Мижиддорж мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “... Тэгээд бид бүгд 1 шил архи хуваагаад ууж байтал Бат-Эрдэнэ, Чинзориг нар маргалдаж эхэлсэн. Би тухайн үед согтуу байсан болохоор юунаас болж маргасан талаар мэдэхгүй байна. Б.Бат-Эрдэнэ Чинзориг 2 цуг сууж байтал Бат-Эрдэнэ Чинзоригийн араас дагз руу нь цохиж байх шиг байсан. Хоорондоо зодолдох гээд байхаар нь Чинзоригийг аваад гартал Бат-Эрдэнэ гарч ирээд зодолдох гээд зууралдаж байгаад Ц.Чт 2 удаа цохиулж байсан  ..” гэх /хх-ийн 10-р хуудас/  

 

- Гэрч Н.Сүхчулуун мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “... Удалгүй Чинзориг, Мижиддорж хоёр Биллион бааранд ирээд 4-лээ 2 шил архи хувааж ууцгаасан. Ширээнд суухдаа  Бат-Эрдэнэ, Чинзориг хоёр тэврэлдээд юм яриад сууж байсан. Би гарч тамхи татаад, 00 орчихоод ирсэн чинь Бат-Эрдэнийн хамраас цус гарсан Чинзоригтой муудалцсан байсан. Тэгээд би Чинзоригийг аваад гартал Бат-Эрдэнэ араас дагаж гарч ирээд эргээд зодолдох гээд байсан...” гэх /хх-ийн 9-р хуудас/  

- Гэрч Б.Энхтүвшин мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2018 оны 02 сарын 10-ны өдөр 18 цагийн үед манай дүү Бат-Эрдэнэ над руу залгаад найздаа зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь хэн юм гэсэн чинь Чинзориг гэсэн. Би ажил дээр нь очсон чинь хамар, амнаас нь цус гарчихсан доошоо тонгойгоод байж байсан. Тэгээд өөрөөс нь юу болсон талаар асуусан чинь дуугарахгүй байсан. Бааранд байсан хүмүүс нэг найзтайгаа дотор зодолдож байгаад гадаа гарч зодолдоод байсан гэж хэлсэн. Түргэн дуудаад эмч ирж 1 тариа хийсэн. Эмнэлэг дээр очоод 1 дусал залгуулж уруулд нь оёдол тавиулсан.  Одоо манай дүүгийн дээд уруул нь сэтэрсэн, зүүн хацар дээр нь цус хурсан толгой нь өвдөөд байна гэж байсан...” гэх /хх-ийн 06-р хуудас/  

 

-Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 101 тоот дүгнэлтийн  “1. Б.Бат-Эрдэнийн биед  тархи доргилт, дээд уруулын язарсан шарх, цус хуралт  бүхий зөөлөн эдийн няцрал  гэмтэл тогтоогдлоо.  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт  тогтмол нөлөөлөхгүй ” гэх дүгнэлт /хх-ийн 14-р  хуудас/

 

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 70 дугаар тодорхойлолт /хх-ийн 23-р хуудас/

 

-Ц.Чийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч Ц.Ч нь 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Биллион зоогийн газарт хохирогч Х.Бат-Эрдэнийг  зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Чийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Бат-Эрдэнэ, гэрч О.Мижиддорж, Н.Сүхчулуун, Б.Энхтүвшин нарын мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 101 дугаартай дүгнэлт, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Ц.Чт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж,  хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул Ц.Чийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.Чийн  үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 500.000 төгрөгөөр торгох  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Шүүгдэгч Ц.Чт  ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Шүүгдэгч Ц.Ч  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, хохирогч Б.Бат-Эрдэнэ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Хатгин овогт Ц.Чийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Чийг 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу  500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Чт оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ц.Чт мэдэгдсүгэй. 

 

 

5. Ялтан  Ц.Ч нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй,  хохирогч Б.Бат-Эрдэнэ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Чт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА