| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Давааням |
| Хэргийн индекс | 116/2025/0014/З |
| Дугаар | 116/ШШ2025/0019 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 116/ШШ2025/0019
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Давааням би, Дорнод аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.*******ын дүгнэлттэй, Санхүүгийн зохицуулах хорооны Мөнгөн зээлийн зохицуулалтын албаны референт, улсын байцаагч М.Янжинлхамд холбогдуулан гаргасан “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0943042 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” зөрчлийн хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэлтэй байх тул Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Санхүүгийн зохицуулах хорооны Мөнгөн зээлийн зохицуулалтын албаны референт М.Янжинлхамаас 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр холбогдогч “******* ******* *******” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.34 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 0943042 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Мөнгөн зээлийн зохицуулалтын албаны референт, улсын байцаагч М.Янжинлхам шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дорнод аймгийн Прокурорын газрын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай 06 дугаар дүгнэлтийн дагуу шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дорнод аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.******* нь ...“******* ******* *******” ХХК нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэлгүйгээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн, зээлийн гэрээ байгуулахдаа нэмэлт төлбөр авсан байж болзошгүй зөрчил үйлдсэн болох нь зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Санхүүгийн зохицуулах хорооны Мөнгөн зээлийн зохицуулалтын албаны референт, улсын байцаагч М.Янжинлхам уг зөрчилд 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэлгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хэрэг хянан шалгах ажиллагааны явцад Санхүүгийн зохицуулах хорооны Мөнгөн зээлийн зохицуулалтын албаны референт, улсын байцаагч М.Янжинлхам нь “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0943042 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр илэрхийлсэн нь ...бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д заасныг баримтлан, “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0943042 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн хяналтын прокурор Т.*******ын дүгнэлтийг, хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Мөнгөн зээлийн зохицуулалтын албаны референт, улсын байцаагч М.Янжинлхам хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ В.ДАВААНЯМ