Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/175

 

 

 

 

 

 

    2024            2             1                                        2024/ДШМ/175

                       

                                                                                         

Т.Б, Э.Ж, Д.Б, Д.Б нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч С.Болортуяа, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Шагдар, Э.Халиун,

яллагдагч Т.Бгийн өмгөөлөгч Э.Эрдэнэхишиг, Б.Наранбаатар, Н.Цэцэгмаа, А.Кадирбек,

яллагдагч Э.Ж, түүний өмгөөлөгч А.Кадирбек,

яллагдагч Д.Б, түүний өмгөөлөгч Э.Туул,

яллагдагч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 2023/ШЗ/2604 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Шагдар, Э.Халиун нарын хамтран бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 73 дугаар эсэргүүцлээр яллагдагч Т.Б, Э.Ж, Д.Б, Д.Б нарт холбогдох 19410000320129 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Минжүү овогт Т.Б, 1956 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймагт төрсөн, 67 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер, эдийн засагч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт ...................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........................./;

2. Агваанлувсан овогт Э.Ж, 1985 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, менежментийн удирдлага мэргэжилтэй, “Авшиг-Од сэр” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт .................. тоот хаягт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................/;

3. Хошууд овогт Д.Б, 1966 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймагт төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Эм Эм Жи Капитал” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, гэмт хэрэгт холбогдох үедээ “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, ам бүл 2, эхнэрийн хамт .....................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........................./;

4. Хонин онход овогт Д.Б, 1960 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймагт төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, гэмт хэрэг холбогдох үедээ “Улаанбаатар дулааны сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, ач, зээ нарын хамт ................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: .........................../;

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/608 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

1. Яллагдагч Т.Б нь 2004-2008 онд Сонгинохайрхан дүүргээс Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон төрийн албан тушаалтнаар ажиллаж байх үедээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн найз Л.Зундуйн үүсгэн байгуулсан “Ёл Хангай” ХХК-ийг ашиглан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянголын амны замын зүүн талын энгэрт дээрх компанийн нэр дээр газар эзэмшиж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Л.Найданд нөлөөлж,

Улмаар Л.Найдан нь Газрын тухай хуулийн 33.1.2 дахь хэсэг /энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно/-т заасныг зөрчиж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр холбогдох баримт материалын бүрдэл дутуу байхад “Ёл Хангай” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн дээрх газарт орон сууцны хороолол барих зориулалтаар 100 га газар эзэмшүүлэхээр 2005 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 259 тоот дугаартай “Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай” захирамж гаргасны дагуу Сонгинохайрхан дүүргийн газрын албыг төлөөлж дарга Б.Нямдаваа, газар зохион байгуулагч Ж.Батсайхан нар нь “Ёл Хангай” ХХК-ийн захирал Л.Зундуйн 2006 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 06/010 дугаартай “тус дүүргийн нутаг дэвсгэрээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон Т.Б 40.000 айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай тул газар эзэмших гэрээ хийж, гэрчилгээ олгож өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэн 2006 оны 5 дугаар сарын 9-ний өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулж газрын суурь үнэлгээгээр 3.168.000.000 /гурван тэрбум нэг зуун жаран найман сая/ төгрөгийн үнэлгээ бүхий 72 га газар эзэмших гэрчилгээг 15 жилийн хугацаатай олгож, улсад их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг үйлдэхэд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Л.Найданд нөлөөлж гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон” гэмт хэргийг,

“Т.Б нь 2000-2004 онд Улаанбаатар хотын ерөнхий менежер, 2004-2008 онд Монгол Улсын Их хурлын гишүүн, 2008-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд зэрэг төрийн өндөр албан тушаалуудад ажиллаж байхдаа бий болсон албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг ашиглан 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Твин таур” оффисын албан өрөөнд “Сод Монгол групп” ХХК-ийн ерөнхийлөгч Ц.Анандбазартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, түүний Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын шатахуун хангамжийн байгууламжийн менежментийг хэрэгжүүлэх төслийн гүйцэтгэгчээр “Сод Монгол групп” ХХК болон нэгдмэл сонирхолтой хуулийн этгээдийг шалгаруулах гэсэн ашиг сонирхлын үүднээс,

Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын шатахуун хангамжийн байгууламжийн менежментийг хэрэгжүүлэх төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Зам, тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэд албан тушаалын байдалтай нь холбогдуулан 50.000 ам доллар буюу 120.092.500 төгрөгийг хахуульд өгөхөөр завдсан” гэмт хэргийг,

“Т.Б нь 2000-2004 онд Улаанбаатар хотын ерөнхий менежер, 2004-2008 онд Монгол Улсын Их хурлын гишүүн, 2008-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд зэрэг төрийн өндөр албан тушаалуудад ажиллаж байхдаа бий болсон албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж “Нью тур” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Анандбазарын хандсаны дагуу уг компанийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бага тэнгэрийн аманд баригдаж буй Бага тэнгэр цогцолбор хотхоныг цахилгааны сүлжээнд холбох буюу 2016 оны 1038/2016 тоот техникийн нөхцөлийн хугацааг сунгуулан, холболтын цэг өөрчлөн олгуулах гэсэн хүсэл зоригийг гүйцэлдүүлж давуу байдал бий болгуулахаар өөрийн танил “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бд нөлөөлж,

Улмаар Д.Б нь 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 48 тоот дугаартай Эрчим хүчний зохицуулах хорооны “Журамд өөрчлөлт оруулж тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолын хавсралтын 3.6-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь иргэн, хуулийн этгээдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш үндсэн судалгааг 14 хоногийн дотор хийж, шинэ холболтын техникийн болон санхүүгийн нөхцөлийг тусгасан саналыг хүсэлт гаргасан иргэн хуулийн этгээдэд хүргүүлнэ...” гэж заасныг зөрчиж, “Нью тур” ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гаргасан 17/139 дугаартай “Техникийн нөхцөл хүсэх тухай” хүсэлтийг хүлээн авч техникийн нөхцөлийн хугацааг сунгуулан, холболтын цэг өөрчлөн олгуулахад шаардагдах бичиг баримтыг дутуу ирүүлсэн байхад буюу өмнөх техникийн нөхцөлийн хуулбарыг ирүүлээгүй байхад буцааж саналыг хүргүүлэлгүй Т.Бн хүсэлтээр 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр буюу 30 хоногийн дараа 1930/2017 дугаар бүхий техникийн нөхцөлийг баталж, Д.Б нь албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Нью тур” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон,

мөн Т.Б нь 2000-2004 онд Улаанбаатар хотын ерөнхий менежер,                     2004-2008 онд Монгол Улсын Их хурлын гишүүн, 2008-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд зэрэг төрийн өндөр албан тушаалуудад ажиллаж байхдаа бий болсон албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж “Нью тур” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Анандбазарын хандсаны дагуу уг компанийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бага тэнгэр цогцолбор хотхоны хашаан дотор дулаан дамжуулах төвийг байрлуулах зорилгоор өмнө нь өөрийн удирдлагад ажиллаж байсан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бт нөлөөлж,

Д.Б нь “Мон-Кузбасс” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан зураг төслийн “Нью тур” ХХК-ийн “Бага тэнгэр” хотхоны гадна талын дулааны шугамын ажлын зургийг өөрчилж, “Нью тур” ХХК-ийн Бага тэнгэрийн амны аялал жуулчлалын цогцолборын дэргэд буюу тус цогцолборын хашаан дотор бариулах зорилгоор 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2017/03 дугаар хурлыг удирдан зохион байгуулахдаа “Нью тур” ХХК-ийн эзэмшил талбайд дулаан дамжуулах төвийг барьсан тохиолдолд 1 хэлхээний шугамд тохируулга хийх цэгүүдийг тооцох, шугам хоосруулахгүй нөхцөлийг хангасан байх ёстой гэдгийг мэдсээр байж Дулаан дамжуулах төвийг “Нью тур” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Бага тэнгэрийн амны аялал жуулчлалын цогцолборын дэргэд буюу хашаан дотор нь барих шийдвэр гаргаж,

Улмаар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бын удирдан зохион байгуулсан дээрх хурлын шийдвэрийг үндэслэн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Зүүн түгээх төвийн Шинэ хэрэглэгчийг төвлөрсөн дулаанд холбох 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №01/03 дугаар зөвшөөрлөөр “Нью тур” ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бага тэнгэрийн аманд байрлах эзэмшил талбайд дулаан дамжуулах төвийн зөвшөөрөл олгогдож, “Нью тур” ХХК-нд давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон” гэмт хэргийг,

Мөн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б нарт нөлөөлж, “Нью тур” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бага тэнгэрийн аманд баригдаж буй Бага тэнгэр цогцолбор хотхоныг цахилгааны сүлжээнд холбуулах, дулаан дамжуулах төвийг барих хууль бус шийдвэр тус тус гаргуулж давуу байдал бий болгуулах гэмт хэрэгт хатгагчаар оролцсоны төлөө тус компанийн үүсгэн байгуулагч, “Сод Монгол групп” ХХК-ийн ерөнхийлөгч Ц.Анандбазараас Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Бага тэнгэрийн ам 449 тоот хаягт байрлах, 542.96 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, 448 тоот хаягт байрлах, 542,96 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг тус тус үнэ төлбөргүй авахаар тохиролцож,

улмаар 449 тоот хаягт байрлах, 542.96 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж өөрийн охин Б.Оюунбилэгийн нэр дээр 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч эзэмшсэн, мөн 448 тоот хаягт байрлах, 542.96 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэр дээрээ шилжүүлэн аваагүй боловч эзэмшиж, ашиглаж мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн,

“Т.Б нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Твин таур” оффисын албан өрөөнд “Сод Монгол групп” ХХК-ийн ерөнхийлөгч Ц.Анандбазартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, түүний Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын шатахуун хангамжийн байгууламжийн менежментийг хэрэгжүүлэх төслийн гүйцэтгэгчээр “Сод Монгол групп” ХХК болон нэгдмэл сонирхолтой хуулийн этгээдийг шалгаруулах гэсэн ашиг сонирхлын үүднээс нисэх онгоцны шинэ буудлын шатахуун хангамжийн байгууламжийн менежментийг хэрэгжүүлэх төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Зам, тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэд хахууль өгөхийг завдсан гэмт хэргийн улмаас өөрийн эзэмшилд ирсэн 50.000 ам доллар буюу 120.092.500 төгрөгийг гэмт хэргийн улмаас бий болсон гэдгийг мэдсээр байж ашиглаж, мөнгө угаасан,

мөн Т.Б нь гэмт хэрэг үйлдэж бий болсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж буюу “Ёл хангай” ХХК-ийн нэрийг ашиглан шилжүүлэн авсан хууль бус эх үүсвэртэй Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянголын амны замын зүүн талын энгэрт байрлах 72 га газрын эх үүсвэрийг нуун далдаж хууль ёсны мэт харагдуулах зорилгоор өөрийн хүргэн Э.Жы 2009 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр үүсгэн байгуулсан “Ёда-Инвестмент” ХХК-ийн нэр дээр дээрх 72 га газрыг 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 782 дугаартай захирамжаар шилжүүлэхэд удирдан зохион байгуулж Э.Жы үйлдэл оролцоог хуваарилан,

Улмаар Э.Ж нь “Ёда-Инвестмент” ХХК-ийн дээрх 72 га газрыг эзэмшиж байхдаа 20 га газрыг “Ти Си Ди” ХХК-д 2.322.000.000 төгрөгөөр худалдан борлуулан уг гэмт хэргийн улмаас бий болсон эд хөрөнгийг хууль ёсны мэт харагдуулах, анхны эх үүсвэрийг нуун далдалж, байнга тогтвортой үйл ажиллагаа явуулах зорилгоор Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 18/4 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Авшиг од сэр” банк бус санхүүгийн байгууллагыг иргэн Б.Эрдэнэболдоос 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулан шилжүүлэн авч, дээрх газар худалдан борлуулж олсон хууль бус ашгаас тус банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн санг 2014 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 300.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 400.000.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 800.000.000 төгрөгөөр, 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 41.500.000 төгрөгөөр тус тус нийт 1.541.500.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд уг банк бус санхүүгийн байгууллага нь 2012 оноос 2023 он хүртэлх хугацаанд бусдад 2.5-3.5 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлэх бизнесийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж “Мөнгө угаах” гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэхэд Т.Б удирдан зохион байгуулж, гүйцэтгэгчээр хамтран оролцсон” гэмт хэрэгт,

2. Яллагдагч Э.Ж нь хадам эцэг Т.Бн зохион байгуулсны дагуу гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж буюу “Ёл хангай” ХХК-ийн нэрийг ашиглан шилжүүлэн авсан хууль бус эх үүсвэртэй Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянголын амны замын зүүн талын энгэрт байрлах 72 га газрын эх үүсвэрийг нуун далдаж хууль ёсны мэт харагдуулах зорилгоор өөрийн 2009 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр үүсгэн байгуулсан “Ёда-Инвестмент” ХХК-ийн нэр дээр дээрх 72 га газрыг 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 782 дугаартай захирамжаар шилжүүлэн авч,

Улмаар “Ёда-Инвестмент” ХХК-иар дээрх 72 га газрыг эзэмшиж байхдаа 20 га газрыг “Ти Си Ди” ХХК-нд 2.322.000.000 төгрөгөөр худалдан борлуулж, уг гэмт хэргийн улмаас бий болсон эд хөрөнгийг хууль ёсны мэт харагдуулах, анхны эх үүсвэрийг нуун далдалж, байнга тогтвортой үйл ажиллагаа явуулж, ашиглах зорилгоор Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж 18/4 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Авшиг од сэр” банк бус санхүүгийн байгууллагыг иргэн Б.Эрдэнэболдоос 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулан шилжүүлэн авч, дээрх газар худалдан борлуулж олсон хууль бус ашгаас тус банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн санг 2014 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 300.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 400.000.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 800.000.000 төгрөгөөр, 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 41.500.000 төгрөгөөр тус тус нийт 1.541.500.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд уг банк бус санхүүгийн байгууллага нь 2012 оноос 2023 он хүртэлх хугацаанд бусдад 2.5-3.5 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлэх бизнесийн үйл ажиллагааг тасралтгүй явуулан, ашиглаж мөнгө угаасан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэхэд бүлэглэн гүйцэтгэгчээр хамтран оролцсон” гэмт хэрэгт,

3. Яллагдагч Д.Б нь нийтийн албан тушаалтан буюу “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;”, 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх;”,

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 23 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Д.Бтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээний 3.20-д “Гүйцэтгэх захирал нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийг тухай хуулиудыг чанд мөрдөн ажиллана.” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

2000-2004 онд Улаанбаатар хотын ерөнхий менежер, 2004-2008 онд Монгол Улсын Их хурлын гишүүн, 2008-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд зэрэг төрийн өндөр албан тушаалуудад ажиллаж байсан Т.Бн “Нью тур” ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бага тэнгэрийн аманд баригдаж буй Бага тэнгэр цогцолбор хотхоныг цахилгааны сүлжээнд холбох буюу 2016 оны 1038/2016 тоот техникийн нөхцөлийг хугацааг сунгуулан, холболтын цэг өөрчлөн олгуулж уг компанид давуу байдал бий болгуулахаар хандсаны дагуу,

2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 48 тоот дугаартай Эрчим хүчний зохицуулах хорооны “Журамд өөрчлөлт оруулж тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолын хавсралтын 3.6-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь иргэн, хуулийн этгээдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш үндсэн судалгааг 14 хоногийн дотор хийж, шинэ холболтын техникийн болон санхүүгийн нөхцөлийг тусгасан саналыг хүсэлт гаргасан иргэн хуулийн этгээдэд хүргүүлнэ...” гэж заасныг зөрчиж “Нью тур” ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гаргасан 17/139 дугаартай “Техникийн нөхцөл хүсэх тухай” хүсэлтийг хүлээн авч техникийн нөхцөлийг хугацааг сунгуулан, холболтын цэг өөрчлөн олгуулахад шаардагдах бичиг баримт буюу өмнөх техникийн нөхцөлийн хуулбарыг ирүүлээгүй байхад саналыг буцааж хүргүүлэлгүй Т.Бн хүсэлтээр 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр буюу 30 хонгийн дараа 1930/2017 дугаар бүхий техникийн нөхцөлийг баталж “Нью тур” ХХК-д давуу байдал бий болгох гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон” гэмт хэрэгт,

4. Яллагдагч Д.Б нь нийтийн албан тушаалтан буюу “Улаанбаатар дулааны сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа:

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;”, 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх;”,

“Улаанбаатар дулааны сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 24 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хувьцаат компанийн гүйцэтгэх захиралтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээний 1.2-д “Гүйцэтгэх захирал үйл ажиллагаандаа “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”, “Компанийн тухай хууль”, “Хөдөлмөрийн тухай хууль”, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” болон бусад хууль тогтоомж, компанийн дүрэм, энэхүү гэрээ, Сангийн яам, Эрчим хүчний яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг удирдлага болгон ажиллана” гэж тогтоосон хэм хэмжээг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

2000-2004 онд Улаанбаатар хотын ерөнхий менежер, 2004-2008 онд Монгол Улсын Их хурлын гишүүн, 2008-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд зэрэг төрийн өндөр албан тушаалуудад ажиллаж байсан Т.Бн “Нью тур” ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бага тэнгэрийн аманд баригдаж буй Бага тэнгэр цогцолбор хотхоны хашаан дотор дулаан дамжуулах төвийг байрлуулж уг компанид давуу байдал бий болгуулахаар хандсаны дагуу,

“Мон-Кузбасс” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан зураг төслийн “Нью тур” ХХК-ийн “Бага тэнгэр” хотхоны гадна талын дулааны шугамын ажлын зургийг өөрчилж, “Нью тур” ХХК-ийн Бага тэнгэрийн амны аялал жуулчлалын цогцолборын дэргэд буюу тус цогцолборын хашаан дотор бариулах зорилгоор 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2017/03 дугаар хурлыг удирдан зохион байгуулахдаа “Нью тур” ХХК-ийн эзэмшил талбайд дулаан дамжуулах төвийг барьсан тохиолдолд 1 хэлхээний шугамд тохируулга хийх цэгүүдийг тооцох, шугам хоосруулахгүй нөхцөлийг хангасан байх ёстой гэдгийг мэдсээр байж Дулаан дамжуулах төвийг “Нью тур” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Бага тэнгэрийн амны аялал жуулчлалын цогцолборын дэргэд буюу хашаан дотор нь барих шийдвэр гаргаж,

Улмаар дээрх хурлын шийдвэрийг үндэслэн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Зүүн түгээх төвийн Шинэ хэрэглэгчийг төвлөрсөн дулаанд холбох 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №01/03 дугаар зөвшөөрлөөр “Нью тур” ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бага тэнгэрийн аманд байрлах эзэмшил талбайд дулаан дамжуулах төвийн зөвшөөрөл олгогдож, “Нью тур” ХХК-нд давуу байдал бий болгох гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Т.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Э.Жы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Д.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...1.Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн №48 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай” 2302000000304 дугаар бүхий тогтоолоор /48хх 139-142/ яллагдагч Ц.Анандбазарын дээр дурьдсан үйлдлүүдийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан “...гэмт хэргийг шуурхай илрүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх...” зорилтын хүрээнд яллагдагч Ц.Анандбазарт холбогдох хэргийг Т.Б нарт холбогдох хэргээс тусгаарлаж, эрүүгийн 2102004870303 дугаартай хэрэгтэй нэгтгэн шалгах шаардлагатай. Түүнчлэн түүнд холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэх нь эрүүгийн 1941000320129 дугаартай хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болох нөхцөл байдал тогтоогдохгүй...” гэж дүгнэн эрүүгийн 1941000320129 дугаартай хэргээс яллагдагч Ц.Анандбазарт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлиин 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргүүдийг тусгаарлан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 2102004870303 дугаартай хэрэг үүсгэж яллагдагчаар татагдаж байгаа хэрэгт нэгтгэн шалгахаар шийдвэрлэжээ.

Дээрхээс үзэхэд яллагдагч Т.Бг Ц.Анандбазарын хамаарал бүхий “Сод Монгол групп” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс Ц.Анандбазартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн бусдад хахууль өгөхийг завдсан, яллагдагч Д.Быг албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ц.Анандбазарын хамаарал бүхий “Нью тур” ХХК-нд давуу байдал бий болгосон гэмт хэрэгт Ц.Анандбазарыг хатгагчаар хамтран оролцсон, яллагдагч Д.Быг албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ц.Анандбазарын хамаарал бүхий “Нью тур” ХХК-нд давуу байдал бий болгосон гэмт хэрэгт Ц.Анандбазарыг хатгагчаар хамтран оролцсон, мөн яллагдагч Т.Бг яллагдагч Д.Б, Д.Б нарт нөлөөлж “Нью тур” ХХК-нд давуу байдал бий болгуулах гэмт хэрэгт Т.Бг хатгагчаар оролцсоны төлөө Ц.Анандбазараас түүнд үл хөдлөх эд хөрөнгүүдийг эзэмшиж, ашиглаж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн үйлдлүүдэд Ц.Анандбазарыг бүлэглэж, хамтран оролцсон гэх 4 гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд тусгагдсан байхад түүнийг энэ хэргээс тусгаарлан шүүхэд шилжүүлээгүйгээс үйлдэгдсэн гэх гэмт хэрэгт үйл баримтын болон хууль зүйн дүгнэлтийг шүүхээс хийх бололцоогүй нөхцөл байдал бий болгожээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдэж буй тодорхой ажиллагаанууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан хэргийн бодит байдлыг бүрэн бодитойгоор тогтоох, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтооход чиглэгдсэн байдаг онцлогтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг тодорхойлон заасан ба яллагдагч нарыг гэмт хэрэг үйлдэхэд зохих үүрэг гүйцэтгэж хамтран болон бүлэглэн оролцсон гэж үзэх тохиолдолд тэдгээрийн үйлдэл нэг бүрийг бүрэн тогтоох, харилцан уялдаа холбоо байгаа эсэх, гэм буруутайд тооцох эсэх, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тодорхой ялгамжтай байдлаар оногдуулах гэх зэрэг нөхцөл байдлуудыг тогтоох зайлшгүй шаардлага үүсдэг. Иймд шүүх хэргээс зарим яллагдагчийн хэргийг тусгаарласан нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар байна гэж үзсэн тул энэ талаар холбогдох ажиллагааг хийж гүйцэтгүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

            2. Яллагдагч Т.Бг Л.Найданд нөлөөлж, Л.Найдан нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр холбогдох баримт материалын бүрдэл дутуу байхад “Ёл Хангай” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн дээрх газарт орон сууцны хороолол барих зориулалтаар 100 га газар эзэмшүүлэхээр 2005 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 259 тоот дугаартай “Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай” захирамж гаргасны дагуу Сонгинохайрхан дүүргийн газрын албыг төлөөлж дарга Б.Нямдаваа, газар зохион байгуулагч Ж.Батсайхан нар нь “Ёл Хангай” ХХК-ийн захирал Л.Зундуйн 2006 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 06/010 дугаартай “тус дүүргийн нутаг дэвсгэрээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон Т.Б 40.000 айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай тул газар эзэмших гэрээ хийж, гэрчилгээ олгож өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэн 2006 оны 5 дугаар сарын 9-ний өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулж газрын суурь үнэлгээгээр 3.168.000.000 /гурван тэрбум нэг зуун жаран найман сая/ төгрөгийн үнэлгээ бүхий 72 га газар эзэмших гэрчилгээг 15 жилийн хугацаатай олгож, улсад их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг үйлдэхэд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Л.Найданд нөлөөлж гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон” гэх хэргийн улмаас учирсан хохирлыг бодитой тогтоосон эсэх нь эргэлзээтэй талаар гаргасан өмгөөлөгч нарын санал үндэслэлтэй. Тодруулбал тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэх 3.168.000.000 /гурван тэрбум нэг зуун жаран найман сая/ төгрөгийн хохирол учирсан гэдгийг зөвхөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын албан тоотод тусгагдсан Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолд үндэслэн тогтоосон нь бодитой гэж үзэхэд учир дутагдалтай болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар зайлшгүй тогтоосон байхыг шаардах ба ингэхдээ тусгай мэдлэг бүхий шинжээчээр тогтоолгох нь зүйтэй.

Тийнхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зөв тогтоосноор гэмт үйлдлийн талаар хийх хууль зүйн дүгнэлт, хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял оногдуулах гэх зэрэгт чухал ач холбогдолтой юм.

            3. Яллагдагч Д.Быг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Бага тэнгэр цогцолбор хотхоныг цахилгааны сүлжээнд холбох, холболтын цэг өөрчлөн олгуулан бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэг, мөн яллагдагч Д.Быг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨҮК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах байхдаа албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж дулаан дамжуулах төвийг Бага тэнгэрийн амны аялал жуулчлалын цогцолборын дэргэд буюу хашаан дотор барих шийдвэр гаргаж бусдад давуу байдал бий болгосон гэх хэргүүдэд техникийн болон хууль, эрх зүйн хувьд тухайн шийдвэрүүдийг гаргах боломжтой байсан эсэх талаар тусгай мэдлэг бүхий этгээдээр шинжээчийн дүгнэлт гаргуулж, холбогдох бүхий л этгээдээс мэдүүлэг авах ажиллагаа хийх нь зүйтэй.

            4. Зарим яллагдагчид яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн атлаа яллагдагчаас дахин мэдүүлэг авах талаар хуулийн заалтыг хангах нь зүйтэй.

            5. Шүүхэд хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснээс хойш /шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд ирэхээс бусад тохиолдолд/ яллагдагч Т.Б нь эрүүл мэндийн шалтгаанаар улсын болон хувийн хэд хэдэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар баримт ирүүлж шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй нөхцөл байдал байсан ба цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг саадгүй хэвийн явуулах, яллагдагчийн хувийн байдлыг тодруулах үүднээс түүний эрүүл мэндийн байдалд шинжилгээ хийлгэх, холбогдох баримт гаргуулах гэх зэрэг зохих ажиллагааг хийх шаардлагатай байна. Иймд хэргийг прокурорт очтол яллагдагч Т.Б, Э.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч Д.Б, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжпүүлж, хэрэгт хавсарган ирүүлсэн Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсээс ирүүлсэн 1 ширхэг флаш диск түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл зэргийг хэргийн хамт хүргүүлж /тусдаа 1 хавтас 11 хуудастай/, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 21 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж хүргүүлж шийдвэрлэжээ.

            Прокурор Ц.Шагдар, Э.Халиун нарын хамтран гаргасан эсэргүүцэлдээ: “...1.Шүүхээс яллагдагч Т.Б нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Л.Найданд нөлөөлж гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцож улсад их хэмжээний буюу 3.168.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн хохирлын хэмжээг тусгай мэдлэг бүхий шинжээч томилж тогтоолгох нь зүйтэй. ...тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэх 3.168.000.000 төгрөгийг зөвхөн Газар зохион байгуулалт, геодези, зураг, зүйн газрын албан тоотод тусгагдсан Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолд үндэслэн тогтоосон нь бодитой гэж үзэхэд учир дутагдалтай гэж дүгнэсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар яллагдагч Т.Б нь 2004-2008 онд Сонгинохайрхан дүүргээс Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон төрийн албан тушаалтнаар ажиллаж байх үедээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Л.Найданд нөлөөлж, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянголын амны замын зүүн талын энгэрт 72 га газрыг хууль бусаар эзэмшсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогддог. Газрын тухай хуулийн 33.1.2 дахь хэсэг “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж зааснаас үзэхэд дээрх Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянголын амны замын зүүн талын энгэрт байрлах 72 га газрыг дуудлага худалдаа явуулах эсхүл төсөл шалгаруулах замаар бусдад эзэмшүүлэх ёстой байжээ. Тухайн газрын суурь үнийг тодорхойлохдоо Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйл Төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхийн 19.1.5 дахь хэсэгт “газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлалыг батлах” гэж, Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Газрын суурь үнэлгээг Засгийн газар тогтооно” гэж тус тус заасныг баримтлан тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 1997 онд баталсан 152 дугаар тогтоолд үндэслэн дээрх газрын суурь үнийг 3.168.000.000 төгрөгөөр тодорхойлсон байна. Яллагдагч Т.Б нь дээрх газрыг хууль бусаар эзэмшсэний улмаас улсад 3.168.000.000 төгрөгийн хохирол учруулсан болохыг Газар зохион байгуулалт, геодези, зураг, зүйн газраас гаргасан тооцооллоор тогтоосон байх тул дээрх Төрийн захиргааны байгууллагын албан ёсны баримтыг үндэслэн хохирлын хэмжээг тогтоосон нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн төдийгүй Төрийн захиргааны байгууллагаас газрын суурь үнэлгээг тогтоохдоо холбогдох хууль, дүрэм журмыг зөрчөөгүй тул шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй бөгөөд Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолд үндэслэн тогтоосон төлбөрийн хэмжээг бодитой биш гэж үзэх үндэслэлгүй юм. Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дараах тохиолдолд заавал шинжилгээ хийлгэнэ” гэсэн заалтад хөрөнгийн үнэлгээ хамаарахгүй байх тул шинжилгээний байгууллагаар үнэлгээ тогтоолгох үндэслэлгүй байна.

2. Шүүхээс яллагдагч Д.Б, Д.Б нарын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх хэргүүдэд техникийн болон хууль, эрх зүйн хувьд тухайн шийдвэрүүдийг гаргах боломжтой байсан эсэх талаар тусгай мэдлэг бүхий этгээдээр шинжээчийн дүгнэлт гаргуулж, холбогдох бүхий л этгээдээс мэдүүлэг авах ажиллагаа хийх нь зүйтэй гэжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ердийн бүрэлдэхүүнтэй "албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн хувьд хууль тогтоогч хор уршиг заавал учирсан байхыг шууд хуульчлан тодорхойлолгүйгээр хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт хамааруулсан.

Гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжүүдийг гэмт хэргийн бүрэлдэхүүний төрөл болон тодорхой гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид хэрхэн хуульчлан тогтоосноос шалтгаалан ангилдаг. Өөрөөр хэлбэл, нийгэмд аюултай тодорхой гэмт үйлдлийн шинжийг хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангид заахдаа түүний гол шинж болох объектив талын, ялангуяа үйлдэл, эс үйлдэхүй, хор уршгийг ихэвчлэн хуульчилдаг бөгөөд үүнтэй холбоотойгоор гэмт хэргийн бүрэлдэхүүний бүтцийг материаллаг, хэлбэрийн гэсэн төрөлд хуваадаг. Материаллаг бүрэлдэхүүний хувьд үйлдэл, эс үйлдэхүй, хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо заавал байх үндсэн шинжид хамаардаг. Харин хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогддог бөгөөд хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй билээ. Яллагдагч Д.Бы “Нью тур” ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гаргасан 17/139 дугаартай “Техникийн нөхцөл хүсэх тухай” хүсэлтийг хүлээн авч техникийн нөхцөлийг хугацааг сунгуулан, холболтын цэг өөрчлөн олгуулахад шаардагдах бичиг баримтын дутуу ирүүлсэн байхад буюу өмнөх техникийн нөхцөлийн хуулбарыг ирүүлээгүй байхад буцааж саналыг хүргүүлэлгүй Т.Бн хүсэлтээр 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр буюу 30 хоногийн дараа 1930/2017 дугаар бүхий техникийн нөхцөлийг баталж албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Нью тур” ХХК-д давуу байдал бий болгосон болох нь,

Яллагдагч Д.Бын яллагдагч Т.Б нөлөөлснөөр “Нью тур” ХХК-ийн “Бага тэнгэр” хотхоны гадна талын дулааны шугамын ажпын зургийг өөрчилж, “Нью тур” ХХК-ийн Бага тэнгэрийн амны аялал жуулчлалын цогцолборын дэргэд буюу тус цогцолборын хашаан дотор бариулах зорилгоор 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2017/03 дугаар хурлыг удирдан зохион байгуулахдаа “Нью тур" ХХК-ийн эзэмшил талбайд дулаан дамжуулах төвийг барьсан тохиолдолд 1 хэлхээний шугамд тохируулга хийх цэгүүдийг тооцох, шугам хоосруулахгүй нөхцөлийг хангасан байх ёстой гэдгийг мэдсээр байж Дулаан дамжуулах төвийг “Нью тур” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Бага тэнгэрийн амны аялал жуулчлалын цогцолборын дэргэд буюу хашаан дотор нь барих шийдвэр гаргаж, “Нью тур” ХХК-д давуу байдал бий болгосон болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож, тэдгээрийн бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг нэгэнт төгс үйлдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, яллагдагч Д.Б, Д.Б нарт яллагдагч Т.Б нь 2000-2004 онд Улаанбаатар хотын ерөнхий менежер, 2004-2008 онд Монгол Улсын Их хурлын гишүүн, 2008-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд зэрэг төрийн өндөр албан тушаалуудад ажиллаж байхдаа бий болсон албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж нөлөөлсний улмаас “Нью тур” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор техникийн нөхцөлийг сунгуулах баримт бичиг дутуу байхад, “Нью тур” ХХК-ийн эзэмшил талбайд дулаан дамжуулах төвийг баривал 1 хэлхээний шугамд тохируулга хийх цэгүүдийг тооцох, шугам хоосруулахгүй нөхцөлийг хангасан байх ёстой гэдгийг мэдсээр байж холбогдох шийдвэрүүдийг гаргаж давуу байдал нэгэнт бий болгосон байхад энэхүү шийдвэрүүд нь биелэх боломжтой байсан эсэхэд тусгай мэдлэг бүхий этгээдээр шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах шаардлагагүй байна.

Мөн “Нью тур” ХХК нь дээрх техникийн шийдлүүдийн дагуу цахилгаан, дулаанаар хангагдаж үйл ажиллагаагаа явуулж байгаа болохыг дурдах нь зүйтэй. Түүнчлэн дээрх шийдвэрүүдийн талаар мэдвэл зохих этгээдүүд болох гэрч Ж.Батзориг /15хх 201-202/, гэрч Т.Мөнхболд /15хх 205-206/, гэрч М.Гансүх /16хх 208-209/, гэрч Т.Алтангэрэл /16хх 234-236, 46хх 181-182/, гэрч Б.Батбаяр /16хх 238-239/, гэрч Ш.Мөнхжаргал /16хх 241-242/, гэрч Т.Батдондог /19хх 109-110/ нараас гэрчийн мэдүүлэг авсан ба тэдгээрийн мэдүүлэг нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компаниас 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 1/940 дугаартай албан бичгээр “Нью Тур” ХХК-д олгосон техникийн нөхцөл, холбогдох баримтууд /15хх 213-250, 16хх 1-231/, Эрчим хүчний яамнаас ирүүлсэн “Нью Тур” ХХК-ийн 2008 оноос 2019 он хүртэл үйлчилгээ авахаар гаргасан хүсэлт, шийдвэрлэлтийг ирүүлсэн баримт /34хх 16-68/, “Улаанбаатар дулаан сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компаниас 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 01/1076 дугаартай албан бичгээр “Нью Тур” ХХК-д олгосон техникийн нөхцөл, холбогдох баримтууд /16хх 244-250, 17хх 1- 63/, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн архивд 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /28хх 211-222/ зэргээр давхар нотлогдож тогтоогдсон байх тул хэргийн үйл баримттай холбоотойгоор дахин гэрч тогтоон мэдүүлэг авах шаардлага үүсээгүй болно.

3. Шүүхээс цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн явуулах, яллагдагч Т.Бн хувийн байдлыг тодруулах үүднээс түүний эрүүл мэндийн байдалд шинжилгээ хийлгэх, холбогдох баримт гаргуулах гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох” зорилгоор хүний эрүүл мэндийн байдалд шинжилгээ хийхээр хуульчилсан. Мөн Эруүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “сэтгэцийн, эсхүл хүнд өвчнөөр өвчилсний улмаас хүрэлцэн ирж чадахгүй болох нь шинжээчийн дүгнэлт, эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор нотлогдсон бол” гэж хуульчилснаас үзэхэд сэтгэцийн хувьд өөрчлөлт орсон талаар үндэслэл бүхий сэжиг байвал Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд шинжилгээ хийлгэх талаар даалгаж дүгнэлт гаргуулах нь үндэслэлтэй байна. Хэргийн үйл баримтаас үзэхэд яллагдагч Т.Бд эрүүл мэндэд гэмт хэргийн улмаас хохирол учирсан, эсхүл сэтгэцэд өөрчлөлт орсон гэж үзэх нөхцөл байдал үүсээгүй байх тул түүний эрүүл мэндийн байдалд шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэлгүй байна. Хэрэв яллагдагч нь хүнд өвчний улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн явуулахад саад учрах нөхцөл байдал үүссэн бол яллагдагчийн эрүүл мэндийг шалтгааныг тодорхойлсон эрх бүхий байгууллагын тодорхойлолтыг шүүх үнэлж, дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэх боломжтой юм. Шүүхээс зарим яллагдагчид яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн атлаа яллагдагчаас дахин мэдүүлэг авах талаар хуулийн заалтыг хангах нь зүйтэй гэжээ.

4. Яллагдагч Э.Жд 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 245 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татсан. Дээрх тогтоолд 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 432 дугаартай тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн боловч яллагдагчаас дахин мэдүүлэг аваагүй нөхцөл байдал үүссэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааны зорилт нь яллагдагчийг урьд яллагдагчаар татсан зүйлчлэлээс хүндэрсэн тохиолдолд холбогдсон хэргийн талаар мэдүүлэг авах, тайлбар гаргаж өгөх зэргээр яллагдагчийн эрхийг хангахад чиглэгдсэн ажиллагаа байдаг. 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 245 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 432 дугаартай яллагдагчаар татах тогтоол нэмэлт, өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолууд нь яллагдагч Э.Жы холбогдсон нэг гэмт хэргийн шинжид дүгнэлт хийжээ. Хэдийгээр зүйлчлэл хүндэрсэнтэй холбоотойгоор яллагдагчаас дахин мэдүүлэг аваагүй боловч яллагдагч Э.Жыг буруутгаж буй хэргийн үйл баримттай холбоотойгоор удаа дараа мэдүүлэг авч байсан нөхцөл байдал хэрэгт авагдсан яллагдагч Э.Жы яллагдагчаар өгсөн мэдүүлгээр тогтоогддог.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу оролцогчийн эрхийг хязгаарласан гэж шүүх үзвэл шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж дээрх мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зөрчлийг зөвтгөх боломжтой байсныг анхаарч үзээгүй байна.

            5. Шүүхээс хэргийн зарим яллагдагчийн хэргийг тусгаарласан нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар байна гэж үзжээ. Яллагдагч Т.Б нарт холбогдох хэрэгт яллагдагч Ц.Анандбазарын 4 үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл хэсгээр яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Яллагдагч Ц.Анандбазар нь яллагдагч Т.Бтай бүлэглэн бусдад хахууль өгөхийг завдсан, мөн Т.Бгаар дамжуулан өөрийн "Нью тур” ХХК-д давуу байдал бий болгох зоригоор “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК- ийн гүйцэтгэх захирал Д.Б нарт нөлөөлүүлж давуу байдал олж авсан, түүний хариуд яллагдагч Т.Бд “Нью тур” ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бага тэнгэрийн аманд баригдаж буй хотхоноос 449 тоот хаягт байрлах, 542.96 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, 448 тоот хаягт байрлах, 542.96 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг тус тус үнэ төлбөргүй шилжүүлэн өгсөн гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд яллагдагч Ц.Анандбазар нь өөртөө давуу байдал бий болгох, мөн бусдад хахууль өгөхийг завдах гэсэн гэмт үйлдлүүддээ дан ганц яллагдагч Т.Бтай холбогдож байсан үйл баримт тогтоогддог. Өөрөөр хэлбэл, яллагдагч Ц.Анандбазар нь яллагдагч Т.Бгаас бусад яллагдагчийн холбогдсон гэмт хэрэгтэй шууд хамааралгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно” гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд гэмт хэрэгт холбогдсон этгээдийн үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байвал гэмт хэрэгт хамтран оролцсон бусад этгээдийг заавал байлцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. Яллагдагч Т.Бн холбогдсон гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон учир яллагдагч Ц.Анандбазарыг уг хэргээс тусгаарлаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхээр байна. Нөгөөтэйгүүр яллагдагч Ц.Анандбазарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад яллагдагч Ц.Анандбазар нь “...“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар 2018-2021 онд ажиллаж байсан Д.Баттөрд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн...” гэх үйлдэлд 2023 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 2102004870303 дугаартай хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн байцаалт явуулж байгаа болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно...” гэж заасны дагуу яллагдагч Ц.Анандбазарт холбогдох хэргүүдийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулах нөхцөл байдал бий болсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан “...гэмт хэргийг шуурхай илрүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх...” зорилтын хүрээнд яллагдагч Ц.Анандбазарт холбогдох хэргийг тусгаарлаж, яллагдагч Т.Б нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна. Шүүгчийн захирамжид дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг бүхий зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж, мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хоногоор хойшлуулна” гэж тус тус зааснаас үзэхэд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтуудыг шинжлэн судалсны дараа эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн гэж үзвэл шинжээч томилох, оролцогчийн эрхийг зөрчсөн бол 60 хүртэл хоногоор шүүх хуралдааныг хойшлуулж оролцогчийн эрхийг хангах зэргээр шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байх тул мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шүүх хэрэгт авагдсан баримтуудыг нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэлгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгүүлэх, хэргийг буруу тусгаарласан гэж дүгнэж хэргийн бодит байдлаас зөрүүтэй шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.

            Прокурор Э.Халиун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс 5 үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Нэгдүгээрт, мөрдөн шалгах ажиллагаагаар хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар яллагдагч Т.Б нь 2004-2008 онд Сонгинохайрхан дүүргээс Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон төрийн албан тушаалтнаар ажиллаж байх үедээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Л.Найданд нөлөөлж, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянголын амны замын зүүн талын энгэрт 72 га газрыг хууль бусаар эзэмшсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогддог. Газрын тухай хуулийн 33.1.2 дахь хэсэгт “энэ хуулийн 33.1.1 дэх хэсэгт зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3 дахь хэсэгт заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.” гэж зааснаас үзэхэд дээрх Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянголын амны замын зүүн талын энгэрт байрлах 72 га газрыг дуудлага худалдаа явуулах эсхүл төсөл шалгаруулах замаар бусдад эзэмшүүлэх ёстой байсан. Тухайн газрын суурь үнийг тодорхойлохдоо Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд Төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхийг хуульчилсан байдаг бөгөөд 19.1.5 дахь хэсэгт “газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлалыг батлах” гэж, Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Газрын суурь үнэлгээг Засгийн газар тогтооно.” гэж тус тус заасныг баримтлан тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 1997 онд батлагдсан 152 дугаар тогтоолд үндэслэн дээрх газрын суурь үнийг 3.168.000.000 төгрөгөөр тодорхойлсон байна. Яллагдагч Т.Б нь дээрх газрыг хууль бусаар эзэмшсэний улмаас улсад 3.168.000.000 төгрөгийн хохирол учруулсан болохыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас гаргасан тооцооллоор тогтоосон байх тул дээрх Төрийн захиргааны байгууллагын албан ёсны баримтыг үндэслэн хохирлын хэмжээг тогтоосон нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн төдийгүй Төрийн захиргааны байгууллагаас газрын суурь үнэлгээг тогтоохдоо холбогдох хууль, дүрэм журмыг зөрчөөгүй тул шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй бөгөөд Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолд үндэслэн тогтоосон төлбөрийн хэмжээг бодитой биш гэж үзэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дараах тохиолдолд заавал шинжилгээ хийлгэнэ” гэсэн заалтад хөрөнгийн үнэлгээ хамаарахгүй байх тул шинжилгээний байгууллагаар үнэлгээ тогтоолгох үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хоёрдугаарт, яллагдагч Д.Бы “Нью тур” ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гаргасан техникийн нөхцөл хүсэх тухай хүсэлтийг хүлээн авч техникийн нөхцөлийг хугацааг сунгуулан, холболтын цэг өөрчлөн олгуулахад шаардагдах бичиг баримтыг дутуу ирүүлсэн байхад буюу өмнөх техникийн нөхцөлийн хуулбарыг ирүүлээгүй байхад буцааж саналыг хүргүүлэлгүй Т.Бн хүсэлтээр 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр техникийн нөхцөлийг баталж албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Нью тур” ХХК-д давуу байдал бий болгосон, мөн яллагдагч Д.Б яллагдагч Т.Бд нөлөөлснөөр “Нью тур” ХХК-д давуу байдал бий болгосон болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон. Яллагдагч Д.Б, Д.Б нарт яллагдагч Т.Б нь 2000-2004 онд Улаанбаатар хотын ерөнхий менежер, 2004-2008 онд Монгол Улсын Их хурлын гишүүн, 2008-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд зэрэг төрийн өндөр албан тушаалуудад ажиллаж байхдаа бий болсон албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж нөлөөлсний улмаас “Нью тур” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор техникийн нөхцөлийг сунгуулах баримт бичиг дутуу байхад, “Нью тур” ХХК-ийн эзэмшил талбайд дулаан дамжуулах төвийг баривал 1 хэлхээний шугамд тохируулга хийх цэгүүдийг тооцох, шугам хоосруулахгүй нөхцөлийг хангасан байх ёстой гэдгийг мэдсээр байж холбогдох шийдвэрүүдийг гаргаж давуу байдал нэгэнт бий болгосон байхад энэхүү шийдвэрүүд нь биелэх боломжтой байсан эсэхэд тусгай мэдлэг бүхий этгээдээр шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. Мөн “Нью тур” ХХК нь дээрх техникийн шийдлүүдийн дагуу цахилгаан, дулаанаар хангагдаж үйл ажиллагаагаа явуулж байгаа нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон албан бичгүүдээр тогтоогддог. Иймд хэргийн үйл баримттай холбоотойгоор дахин гэрчийн мэдүүлэг авах, шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. Гуравдугаарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох” зорилгоор хүний эрүүл мэндийн байдалд шинжилгээ хийхээр хуульчилсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “сэтгэцийн, эсхүл хүнд өвчнөөр өвчилсний улмаас хүрэлцэн ирж чадахгүй болох нь шинжээчийн дүгнэлт, эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор нотлогдсон бол” гэж хуульчилснаас үзэхэд сэтгэцийн хувьд өөрчлөлт орсон талаар үндэслэл бүхий сэжиг байвал Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд шинжилгээ хийлгэх талаар даалгаж дүгнэлт гаргуулах нь үндэслэлтэй байна. Хэргийн үйл баримтаас үзэхэд яллагдагч Т.Бд эрүүл мэндэд гэмт хэргийн улмаас хохирол учирсан, эсхүл сэтгэцэд өөрчлөлт орсон гэж үзэх нөхцөл байдал үүсээгүй байх тул түүний эрүүл мэндийн байдалд шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэлгүй байна. Хэрэв яллагдагч нь хүнд өвчний улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн явуулахад саад учрах нөхцөл байдал үүссэн бол яллагдагчийн эрүүл мэндийг шалтгааныг тодорхойлсон эрх бүхий байгууллагын тодорхойлолтыг шүүх үнэлж, дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэх боломжтой байсан. Дөрөвдүгээрт, яллагдагч Э.Жд 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн боловч яллагдагчаас дахин мэдүүлэг аваагүй нөхцөл байдал үүссэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааны зорилт нь яллагдагчийг урьд яллагдагчаар татсан зүйлчлэлээс хүндэрсэн тохиолдолд холбогдсон хэргийн талаар мэдүүлэг авах, тайлбар гаргаж өгөх зэргээр яллагдагчийн эрхийг хангахад чиглэгдсэн ажиллагаа байдаг. 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолууд нь яллагдагч Э.Жы холбогдсон нэг гэмт хэргийн шинжид дүгнэлт хийсэн байдаг. Хэдийгээр зүйлчлэл хүндэрсэнтэй холбоотойгоор яллагдагчаас дахин мэдүүлэг аваагүй боловч яллагдагч Э.Жыг буруутгаж буй хэргийн үйл баримттай холбоотойгоор удаа дараа мэдүүлэг авч байсан нөхцөл байдал хэрэгт авагдсан яллагдагч Э.Жы яллагдагчаар өгсөн мэдүүлгээр тогтоогддог. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу оролцогчийн эрхийг хязгаарласан гэж шүүх үзвэл шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж дээрх мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зөрчлийг зөвтгөх боломжтой байсан гэж үзэж байна. Тавдугаарт, яллагдагч Т.Б нарт холбогдох хэрэгт яллагдагч Ц.Анандбазарын 4 үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл хэсгээр яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд яллагдагч Ц.Анандбазар нь өөртөө давуу байдал бий болгох, мөн бусдад хахууль өгөхийг завдах гэсэн гэмт үйлдлүүддээ дан ганц яллагдагч Т.Бтай холбогдож байсан үйл баримт тогтоогддог. Өөрөөр хэлбэл яллагдагч Ц.Анандбазар нь яллагдагч Т.Бгаас бусад яллагдагчийн холбогдсон гэмт хэрэгтэй шууд хамааралгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно.” гэж заасны дагуу яллагдагч Ц.Анандбазарт холбогдох хэргийг тусгаарласан. Яллагдагч Т.Бн холбогдсон гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон учир яллагдагч Ц.Анандбазарыг уг хэргээс тусгаарлаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн яллагдагч Ц.Анандбазарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад яллагдагч Ц.Анандбазар нь бусдад хахууль өгсөн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалт явуулж байгаа болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу яллагдагч Ц.Анандбазарт холбогдох хэргүүдийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулах нөхцөл байдал бий болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан “...гэмт хэргийг шуурхай илрүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх...” зорилтын хүрээнд яллагдагч Ц.Анандбазарт холбогдох хэргийг тусгаарлаж, яллагдагч Т.Б нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна. ...” гэв.

            Прокурор Ц.Шагдар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн асуултад хариулъя. Яллагдагч Ц.Анандбазарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байхад өөр гэмт хэрэг үйлдсэн нь илэрсэн тул өнөөдөр хэлэлцэж буй хэргээс яллагдагч Ц.Анандбазарын хэргийг тусгаарлаж, 2 хэргийг нэгтгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. ...” гэв.

            Яллагдагч Т.Бгийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийн 5 дахь заалт буюу анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 1 дэх заалтад дараах тайлбарыг гаргаж байна. Т.Бн 4 үйлдэлтэй яллагдагч Ц.Анандбазар холбоотой тул Ц.Анандбазарыг байлцуулахгүйгээр хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй гэж үзэж байна. Прокурор ямар үндэслэлээр Ц.Анандбазарт холбогдох хэргийг Т.Б нарт холбогдох хэргээс тусгаарлаж, Баттөрд холбогдох хэрэгт нэгтгэсэн нь тодорхойгүй байна. Т.Б нь ишемийн харвалт буюу тархины цус харвалттай, хэл яриа нь саажилттай болсон зэргээр эрүүл мэндийн нөхцөл байдал муу байгаа. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Т.Б нь тэргэнцэртэй ирж оролцсон. Ц.Анандбазараас шүүх хуралдаанд заавал мэдүүлэг авах шаардлагатай гэж үзэж байна. Ц.Анандбазар нь яллагдагчаар татагдсанаар гэрчээр дуудах боломжгүй болсон тул заавал оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж үзсэн. Иймд яллагдагч Ц.Анандбазар нь яллагдагч Т.Б нарт холбогдох хэрэгт шууд хамааралгүй гэсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. 50.000 ам долларын хахууль өгөхийг завдсан үйлдлийн нотлох баримт нь дугтуй өгсөн зүйл л байдаг. Энэ талаар Ц.Анандбазараас мэдүүлэг авах шаардлагатай байна. Хэргийг тусгаарласнаас хойш олон сарын хугацаа өнгөрсөн боловч шалгаж дуусаагүй байх тул цаг хугацаа нь тодорхойгүй хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэж үзэж байна. Хэрэг бүртгэлт прокурор дээр хугацаагүй болсон. Хэзээ, юу шалгаж байгаа нь мэдэгдэхгүй, сар, сараар хэрэг бүртгэлтийн хугацааг сунгаад л яваад байдаг. Т.Б, Д.Б, Д.Б нарын эрх зүйн байдлын хувьд Ц.Анандбазарыг заавал шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэж үзэж байна. Өмгөөлөгч миний бие Б.Шинэбаатар нарт холбогдох хэрэгт өмгөөлөгчөөр 3 дахь өдрөө шүүх хуралдаанд оролцож байхад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг давхацсан. Миний гаргасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтийг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид оруулан бичсэн боловч дүгнэлт хийгээгүй. Хүсэлтийг агуулгаар нь хүлээн авч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан тул гомдол бичих боломжгүй байсан. Миний шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан 5 заалттай хүсэлт бичгээрээ одоо байна. Яллах дүгнэлтэд бичигдсэн Т.Бд холбогдох үйлдэл нэг бүр нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ажиллагааг хийлгэх хүсэлтийг гаргасан. Давж заалдах шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд гаргасан хүсэлтийг хангах талаар магадлалд нэмэлт заалт оруулж өгнө үү. ...” гэв.

            Яллагдагч Т.Б, Э.Ж нарын өмгөөлөгч А.Кадирбек тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэргийг тусгаарласантай холбоотой дараах тайлбарыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд зөвхөн нэг тохиолдолд прокурор эрүүгийн хэргийг тусгаарлахаар заасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно.” гэж заасан байдаг. Прокурор Ц.Анандбазарт холбогдох хэргийг тусгаарлахдаа Т.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэдгийг үндэслэлтэй тогтоож чадаагүй. Ц.Анандбазарын Т.Бтай холбогдох 4 гэмт хэргийн шинжтэй үйлдлээс 3 үйлдэлд нь Ц.Анандбазарыг гүйцэтгэгч, Т.Бг хатгагч, хамжигч гэж үзсэн. Ц.Анандбазарыг оролцуулахгүйгээр Т.Б нарт холбогдох хэргийг шийдвэрлэх нь ял, эрүүгийн хариуцлагыг шийдвэрлэхэд саад болно. Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэргийн оролцогчид буюу гүйцэтгэгч, хатгагч, хамжигчид ялыг ялгамжтай оногдуулдаг. Гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан байдаг. Гэмт хэргийн гүйцэтгэгч Ц.Анандбазарыг оролцуулахгүйгээр Т.Бд ял, эрүүгийн хариуцлага оногдуулах боломжгүй гэж анхан шатны шүүх дүгнэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Ц.Анандбазар, Т.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцвол Ц.Анандбазар шүүх хуралдаанд оролцоогүй байхад гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдохоор байна. Техникийн болон хууль, эрх зүйн хувьд тухайн шийдвэрүүдийг гаргах боломжтой байсан эсэх талаар тусгай мэдлэг бүхий этгээдээр шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзсэн. Дулаан дамжуулах төвийг Бага тэнгэрийн аманд барих уу, эсвэл хашаан дотор барих уу гэдгийг тусгай мэдлэг бүхий этгээдээр шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй. Бага тэнгэрийн аманд байрлах аялал жуулчлалын цогцолбор нь далайн түвшнээс дээш өндөрт байдаг тохиолдолд дулаан дамжуулах төвийг хаана байрлуулах стандарт байдаг. Үүнийг зураг төсөл гаргасны дараа өөрчилж давуу байдал бий болгосон гэж гэрчийн мэдүүлгээр дүгнэх боломжгүй. Б гэх хүн дангаар шийдвэр гаргадаггүй. 6 гишүүнтэй зөвлөлийн хурлаар шийдвэр гаргадаг. Тухайн 6 гишүүний 4 гишүүнээс нь мэдүүлэг авч 2 гишүүнээс нь мэдүүлэг аваагүй байдаг. Мэдүүлэг аваагүй 2 гишүүний нэг болох Эрхбаяр гэх техник нөхцөлийн хэлтсийн инженер болох хамгийн чухал хүнээс мэдүүлэг аваагүй байдаг. Шийдвэр гаргахад оролцож буй хүмүүсийн шийдвэр гаргалтад өгч буй санал нь гэмт хэрэг мөн гэж үзвэл шалтгаан, нөхцөл нөлөөлсөн асуудал байгаа эсэхийг тодруулах зорилгоор шаардлагатай этгээдүүдээс мэдүүлэг авах нь зүйтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Э.Жтай холбоотой анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 4 дэх заалтад бичсэнээр зарим яллагдагчид яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн атлаа яллагдагчаас дахин мэдүүлэг аваагүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд хэргийн зүйлчлэлийг хүндрүүлсэн бол дахин мэдүүлэг авна гэж заасан байдаг. Дахин мэдүүлэг аваагүй талаараа прокурор хүлээн зөвшөөрдөг. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, дахин мэдүүлэг авах ажиллагааг хийх боломжтой гэж үзсэн. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.” гэж заасан тул үүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэж байна. Э.Жд холбогдох зарим үйлдлийг прокурор 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Зарим яллагдагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол үйлдэн хүчингүй болгосон байдаг. Э.Ж газар худалдсан 2.000.000.000 төгрөгөөс 1.500.000.000 төгрөгөөр “Авшиг-Од сэр” банк бус санхүүгийн байгууллагынхаа дүрмийн санг нэмэгдүүлж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. 1.500.000.000 төгрөгийн задаргаа нь 800.000.000 төгрөг, 700.000.000 төгрөг, 300.000.000 төгрөг, 400.000.000 төгрөг байдаг. 800.000.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан гэх үйлдэл тогтоогдохгүй байна гэж үзэн 2023 оны 6 дугаар сарын                23-ны өдөр прокурор тогтоол үйлдэн хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хэрэгсэхгүй болгосон үйлдэлдээ яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Үүнийг шүүхийн шатанд залруулах боломжгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Яллагдагч Т.Бгийн өмгөөлөгч Б.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно.” гэж заасан байдаг. Энэ нь үүрэг болгосон хэм хэмжээ биш бөгөөд Ц.Анандбазар нь Т.Бгийн 4 үйлдэлтэй холбоотой байх тул Ц.Анандбазарыг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр эрх тэгш байх ёстой. Монгол Улсын Их Хурлын гишүүний хэргийг авч үлдээд, энгийн иргэний хэргийг тусгаарлаж, нотлогдоогүй байхад шийдвэрлэх нь хуульд нийцэхгүй. Т.Бгийн үйлдлийг хатгагч, хамжигчаар зүйлчилсэн байдаг. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүргийн газрын үнэлгээг 3.100.000.000 төгрөг гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэлгээ хийсэн. Тухайн газар нь эзэмшлийн газар байсан бөгөөд төрийн эзэмшилд шилжсэн тул үнэлгээ хийх шаардлагагүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, Т.Бд холбогдох үйлдэл нэг бүрийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй. Сонгинохайрхан дүүргийн газрын албаны төлөөлөл Нямдаваа, газар зохион байгуулагч Батсайхан нараас мэдүүлэг аваагүй, яллагдагчаар татаагүй. Засаг даргаар ажиллаж байсан Найдан гэх хүн нас барсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Найдангийн гэр бүлийн гишүүдэд мэдэгдэх үүрэгтэй. Эдгээр ажиллагаанууд дутуу хийгдсэн гэж үзэж байна. Зарим яллагдагчид яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн атлаа яллагдагчаас дахин мэдүүлэг аваагүй талаар өмгөөлөгч нар ярьсан тул давхцуулж ярихгүй орхилоо. Гуравдугаарт, яллагдагчаар татсан тогтоол нь ойлгомжгүй талаар өмгөөлөгч А.Кадирбек ярьсан. 410, 421 дүгээр тогтоолууд хэргийг бүхэлд нь хангасан байдлаар ойлгогдож байгаа хэдий ч яллах дүгнэлтээр зөвтгөөгүй байдаг. 242, 262 дугаар тогтоолууд шийдвэрлэгдээгүй орхигдсон байдаг. Энэ нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа юм. Шинжээчийн дүгнэлт гаргуулах, холбогдох этгээдүүдээс мэдүүлэг авах ажиллагааг хийх шаардлагатай байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлох шаардлагатай гэж үзэж байна. ...” гэв.

            Яллагдагч Т.Бгийн өмгөөлөгч Э.Эрдэнэхишиг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоогоогүй, хэргийг буруу тусгаарласан, эрүүл мэндийн байдалд шинжилгээ хийлгэх талаар дараах тайлбарыг гаргаж байна. Нэгдүгээрт, хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүх талаас нь бүрэн, бодитой, хангалттай нотолсон байх ёстой. Гэтэл 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ тогтоогдоогүй гэж үзэж байна. Хохирлын хэмжээ буюу 3.168.000.000 төгрөгийг л яриад байдаг бөгөөд хохирлын шинж чанар, хэр хэмжээ тогтоогдоогүй байдаг. Газрын суурь үнийг тодорхойлохдоо Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.5 дахь хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоол зэргийг дурдсан прокурорын тайлбарт дараах тайлбарыг гаргаж байна. Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйл нь Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Барилга, хот байгуулалтын яам бүрэн эрхээ хэрэгжүүлж газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлалыг баталсан. Гэтэл уг аргачлалаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын алба газрын суурь үнэлгээг тооцож ирүүлсэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ биш юм. Өөрөөр хэлбэл, яамны бүрэн эрхийг агентлаг хэрэгжүүлэх боломжгүй. Газрын суурь үнэлгээ, улсад учирсан хохирлын хэмжээ нь шууд хамааралтай ойлголт биш гэж үзэж байна. Газрын суурь үнэлгээ нь газрын төлбөрийг тооцож, тогтооход л хэрэглэгддэг. Энэ талаар Газрын тухай хуульд нийтлэг зохицуулалт, Газрын төлбөрийн тухай хуульд нарийвчилсан зохицуулалт байдаг. Прокурор газрын суурь үнэлгээ бол тааз үнэ гэж байна. Газар тухайн үед ч, одоо ч төрийн өмч байсан. Төр газрыг гэрээний үндсэн дээр тодорхой хугацаагаар эзэмшүүлэхээр түр шилжүүлсэн байсан. Тухайн үед газрын дуудлага худалдаа явуулаагүй нь буруу эсэхийг хэн тогтоох вэ. 2005 онд дуудлага худалдаа явагддаггүй байсан. Газрын агентлагаас авсан мэдээгээр дуудлага худалдааны анхны үнийг нөхөн төлүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын 4 удаагийн захирамж гарч нөхөн төлүүлж байсан бөгөөд анх газар эзэмшсэн “Ёл хангай” ХХК-аас газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан компани газар эзэмших эрхийн гэрчилгээний анхны дуудлага худалдааны үнээс 100.000.000 төгрөг төлсөн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг. Хоёрдугаарт, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1/1386 тоот албан бичгийг л үндэслэн 3.168.000.000 төгрөг гэж гарсан. Авлигатай тэмцэх газар суурь үнэлгээг тооцох хүсэлт ирүүлсний дагуу агентлаг Засгийн газрын тогтоолд заасан аргачлалаар тооцон ирүүлсэн байдаг. Засгийн газрын агентлагийн эрх байдлын тухай хууль, Газрын тухай хуульд агентлагийн эрх хэмжээг тус тус заасан байдаг. Агентлагт хохирлын хэмжээ тооцох, шинжилгээ хийх эрх хэмжээ байдаггүй. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын тодорхойлсон суурь үнэлгээг хохирлын хэмжээ гэж шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэх боломжгүй. Гуравдугаарт, Улсын Дээд шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 16 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарласан байдаг. Уг тайлбарт хохирогчийн хувьд мэдүүлэг өгөх нь эрх, үүргийн нэгдмэл хэрэгжилт тул заавал хангах ёстой гэж анхааруулсан байдаг. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хууль ёсны хохирогчоор тогтоосон, итгэмжлэгдсэн төлөөлөгч Загдсамбар гэх хүнээс 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 1 удаа мэдүүлэг авсан байдаг. Тэрээр хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй гэж мэдүүлсэн баримт нь 48 дугаар хавтаст хэргийн 130 дугаар хуудаст авагдсан. Дөрөвдүгээрт, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн газрын суурь үнэлгээ нь хохирлын хэмжээ биш болохыг прокурорууд зарим талаар зөвшөөрч байна гэж үзэж байна. Төрийн захиргааны байгууллагаас газрын суурь үнэлгээг тогтоохдоо хууль, дүрэм журмыг зөрчөөгүй гэж прокурор эсэргүүцэлдээ бичсэн байна. Суурь үнэлгээ тогтоосон гэдгийг хүлээн зөвшөөрсөн бол суурь үнэлгээ нь тааз үнэ бөгөөд төрийн өмчит байгаа газар тул өмчийн үнэлгээг л өөрсдөө гаргасан. Тусгай мэдлэг бүхий этгээдээр заавал шинжилгээ хийлгэх шаардлагатай байна. Улсын Дээд шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолын 5.2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаас бусад бүх асуудлаар шинжилгээ хийлгэж болно гэж, 5.2.5 дахь заалтад тусгай мэдлэгийн хүрээнд бус мөрдөн шалгах ажиллагаагаар мөрдөгчийн тогтоосон хохирлын тооцоог шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхгүй гэж тус тус заасан байдаг. Прокурор эсэргүүцэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээ хамаарахгүй гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсэг, 27.3 дугаар зүйл, 27.4 дүгээр зүйлд тус тус заасан зохицуулалтуудыг нэгдмэл байдлаар хэрэглээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид хөрөнгийн үнэлгээ тогтоолгох талаар бичээгүй, учирсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар зайлшгүй тогтоосон байхыг шаардах ба ингэхдээ тусгай мэдлэг бүхий шинжээчээр тогтоолгох нь зүйтэй гэж үзсэн. Гэтэл прокурор эсэргүүцэлдээ хөрөнгийн үнэлгээ хийлгэх шаардлагагүй гэсэн байдаг. Тавдугаарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ.” гэж заасан байдаг. Энэ заалт нь эрх олгосон, сонгож болох хэм хэмжээ биш, мөрдөгч тогтоох боломжгүй, тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай асуудалд шинжилгээ хийхийг үүрэг болгосон заалт юм. Эдгээр заалтуудыг илүү нарийвчлан заасан Шүүх шинжилгээний тухай хуулийн 9, 10 дугаар зүйлд шинжилгээг ямар байгууллагуудаар хийлгэхийг заасан байдаг. Газар эзэмших эрх авсантай холбоотой асуудал тул Газрын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд мэргэжлийн байгууллага хохирлыг тогтооно гэж заасан тул тусгай мэдлэг бүхий этгээд шаардлагатай гэж үзэж байна. Яллагдагчаар татагдсан 4 хүнээс 3 хүн нь, Т.Бгийн 7 үйлдлээс 4 үйлдэл нь Ц.Анандбазартай шууд хамааралтай байна. “Нью тур” ХХК-д давуу байдал үүссэн эсэхийг Ц.Анандбазараас асуух шаардлагатай. Яллагдагч Т.Бн эрүүл мэндийн байдалд шинжилгээ хийлгэх асуудлыг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид тодорхой бичигдсэнийг гуйвуулж тайлбарлаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүний эрүүл мэндэд гаднаас учирсан хохирлыг тогтоохтой холбоотой асуудлыг яриагүй тул тухайн заалтыг хэрэглэхгүй. Монгол Улсын иргэний Үндсэн хуульд заасан амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангасан заалтыг оруулсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид сэтгэц, хор уршиг гэсэн агуулгаар томьёолоогүй байдаг. Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд үзлэг, шинжилгээ, оношилгоо гэсэн нэр томьёогоор хуульчилж, нийтэд тогтсон ойлголт тул эмнэлгийн байгууллагын баримтыг гаргуулах нь зүйтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Яллагдагч Д.Бы өмгөөлөгч Э.Туул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгч нар зөрүүтэй, хангалтгүй, хууль зөрчсөн нотлох баримтуудад тулгуурлан яллах дүгнэлт үйлдсэн талаар хүсэлт, гомдлоо хэлэлцүүлсэн. Яллагдагч Д.Б 2016-2020 оны хооронд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Нью тур” ХХК  2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр цахилгаанаар хангах тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг өгсөн байдаг. “Нью тур” ХХК нь тусгай зөвшөөрлийг жил бүр сунгуулдаг бөгөөд 2013, 2014, 2016 онуудад 3 удаа хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг 1-2 жилийн хугацаатай авч байсан. 2016 онд тусгай зөвшөөрөл дууссаны дараа сунгуулах хүсэлт өгсөн. 8 дугаар сарын 10-ны өдөр өгсөн хүсэлтийг 9 дүгээр сарын 11-ний өдөр шийдвэрлэсэн байдаг. Эрчим хүчний зохицуулах хорооны 48 дугаар тогтоолоор 14 хоногийн хугацаанд шийдвэрлэх ёстой байтал уг хугацааг хэтрүүлсэн нь “Нью тур” ХХК-д давуу байдал бий болгосон гэж үзсэн. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд зөрүүтэй байдаг. Прокуророос техникийн нөхцөлийг сунгуулах хүсэлтэд 2016 онд өгсөн хуучин техникийн нөхцөлийн хуулбар байхгүй байхад сунгасан гэж байна. 2016 онд өгсөн техникийн нөхцөл нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний дотоод сүлжээнд ч байж байдаг. Д.Б комиссын бүрэлдэхүүнд оролцож дүгнэлт гаргадаггүй. Нэр бүхий 5 техникийн инженерээс бүрдсэн комисс ажиллаж дүгнэлт гаргадаг. 8 дугаар сарын 10-ны өдрөөс 9 дүгээр сарын 11-ний өдрийн хоорондох 14 хоног нь хуулиар зөвшөөрөгдсөн хугацаа юм. Хугацаа хэтрүүлсэн асуудалд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Яллах дүгнэлтэд нотлох баримтгүйгээр ялласан байдаг. Техникийн комиссын 5 гишүүний 2 гишүүнээс л мэдүүлэг авсан байдаг. Гэрч Батзориг “Би Бага тэнгэрийн аманд өөрийн биеэр очиж цахилгаан шугам холболтын цэгийг үзсэн. Би маш их материалтай байдаг учраас дарагдаад удааширсан байж магадгүй.” гэж, гэрч Мөнхболд “Би бичиг баримтын асуудал хариуцдаггүй. Өөр асуудал хариуцдаг.” гэж тус тус мэдүүлэг өгсөн байдаг. Нэгдүгээрт, техникийн комиссын үлдсэн 3 гишүүнээс гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай гэж үзсэн. Хоёрдугаарт, анхнаасаа баримт бичиг дутуу байсан уу, эсвэл техникийн комисс 30 дахь өдрөө буюу 9 дүгээр сарын 11-ний өдөр гүйцэтгэх захиралдаа өгөөд гүйцэтгэх захирал нь техникийн комисс дэмжсэн тул гарын үсэг зурсан уу гэдэг хугацааны асуудалд хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт өгөх боломжгүй байсан тул анх материал хүлээж авсан “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн нэг цэгийн үйлчилгээний ажилтан Анхбаяр гэх хүнээс гэрчээр мэдүүлэг авах шаардлагатай байна. Техникийн нөхцөлийг сунгуулах хүсэлтэд 2016 онд өгсөн хуучин техникийн нөхцөлийн хуулбар байхыг шаардаж буй Эрчим хүчний зохицуулах хорооны 48 дугаар тогтоол нь нотлох баримтын шаардлага хангаагүй, захиргааны хэм хэмжээний актад бүртгэгдсэн талаар дардасгүй байдаг. Эрчим хүчний зохицуулах хорооны мэргэжилтэн Гансүх гэх хүн Авлигатай тэмцэх газрын мөрдөгч рүү хувийн и-мэйл хаягаар илгээсэн хуулбар нотлох баримтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн тул нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Яллагдагч Т.Бн эргэлзээтэй мэдүүлгийг яллагдагч Д.Быг яллах нотлох баримт болгосон. Яллагдагчийн мэдүүлгийг нөгөө яллагдагчийн эсрэг мэдүүлэг болгон ашиглаж болохгүй гэж нотлох баримтыг хэрхэн дүгнэх талаар Улсын Дээд шүүхээс тайлбар гаргасан байдаг. Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн архиваас “Нью тур” ХХК-ийн бүрдүүлсэн материалын талаар цуглуулсан баримт байдаг. Яллаж буй нотлох баримтууд нь хангалтгүй, зөрүүтэй, хууль зөрчсөн, хуулбар баримтууд байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 3 дахь заалтыг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Яллагдагч Д.Бын өмгөөлөгч Б.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллах дүгнэлтэд Быг “Нью тур” ХХК-ийн хашаан дотор дулаан дамжуулах төвийг барьсан тохиолдолд нэгдүгээр хэлхээний шугамд тохируулга хийх цэгүүдийг тооцоолох, шугам хоосруулахгүй байх нөхцөлийг хангасан байх 2 нөхцөлийг мэдсээр байж зөрчсөн гэж буруутгасан байдаг. Нэгдүгээр хэлхээний тохируулга нь буруу тооцоологдсон уу, шугам нь хоосорсон уу гэдгийг бид тогтоох боломжгүй. Тусгай мэдлэг бүхий этгээдээр шинжээчийн дүгнэлт гаргуулж тогтоолгох шаардлагатай. Бага тэнгэрийн аманд байрлах цогцолборын хашаан дотор дулаан дамжуулах төвийг барьсан нь техникийн хувьд хамгийн зөв шийдэл байсан бөгөөд хашаан дотор барьснаар шугам хоосрохгүй, нэгдүгээр хэлхээний тохируулга илүү сайн хийгдсэн. 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуралд оролцсон хүмүүсийн заримаас нь гэрчийн мэдүүлэг аваагүй гэж өмгөөлөгч нар хэлж байна. Тухайн хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай гэж үзэж байна. Тусгай зөвшөөрөл бүхий “Эрчим төсөл” ХХК зураг төсөл хийсэнтэй холбогдуулан мэдүүлэг аваагүй. Зураг төсөл гарсны дараа барилга угсралтын ажлыг мөн өөр компани хийсэн бөгөөд мөн л мэдүүлэг аваагүй байдаг. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Яллагдагч Э.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч А.Кадирбекийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

            Яллагдагч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Э.Туулын гаргасан тайлбарыг дэмжиж байна. ...” гэв.

            Яллагдагч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дулаан дамжуулах төв гэдэг нь онцгой тоног төхөөрөмж байдаг. 4 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаар Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.13, 3.1.14 дэх заалтуудад тус тус нийцүүлж шийдсэн байдаг. Яллах дүгнэлтэд хүмүүсийн амаар хэлсэн зүйлээр намайг буруутгасан нь үндэслэлгүй байна. Техникийн нөхцөлд заасан Бага тэнгэрийн дулаанд холбоход зориулж 500 мм-ийн шугам өргөтгөж, өндөр хүчин чадлын ноцос станц барих хамгийн чухал заалтыг “Нью тур” ХХК хийгээгүй. Улсын төсвийн хөрөнгөөр буюу 7.200.000.000 төгрөгөөр хийж 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ашиглалтад оруулсан. Ашиглалтад орсноор Бага тэнгэрийг дулаанаар хангах даралтын утга 3-4 дахин сайжирсан. Технологийн нарийн ажиллагааг мөрдөгч, прокурор мэдэх боломжгүй тул тусгай мэдлэг бүхий этгээдээр стандартыг зөрчсөн эсэх, хуульд нийцсэн эсэх, улсын төсвийн хөрөнгөөр хийгээд даралт нь 3-4 дахин сайжирсан эсэхийг тогтоолгох шаардлагатай гэж үзэж байна. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь: 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Т.Б, Э.Ж, Д.Б, Д.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянаад;

Анхан шатны шүүхийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсэн шүүгчийн захирамжаас яллагдагч Т.Бг прокуророос Ц.Анандбазартай бүлэглэн

-2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Твин таур” оффисын албан өрөөнд “Сод Монгол групп” ХХК-ийн ерөнхийлөгч Ц.Анандбазартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, түүний Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын шатахуун хангамжийн байгууламжийн менежментийг хэрэгжүүлэх төслийн гүйцэтгэгчээр “Сод Монгол групп” ХХК болон нэгдмэл сонирхолтой хуулийн этгээдийг шалгаруулах гэсэн ашиг сонирхлын үүднээс нисэх онгоцны шинэ буудлын шатахуун хангамжийн байгууламжийн менежментийг хэрэгжүүлэх төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Зам, тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэд албан тушаалын байдалтай нь холбогдуулан 50.000 ам.доллар буюу 120.092.500 төгрөгийг хахуульд өгөхөөр завдсан,

мөн Ц.Анандбазартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэд хахууль өгөхийг завдсан гэмт хэргийн улмаас өөрийн эзэмшилд ирсэн 50.000 ам.доллар буюу 120.092.500 төгрөгийг гэмт хэргийн улмаас бий болгосон гэдгийг мэдсээр байж ашиглаж, мөнгө угаасан,

-“Нью тур” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Анандбазарын хандсаны дагуу уг компанийн эзэмшлийн бага тэнгэрийн аманд баригдаж буй Бага тэнгэр цогцолбор хотхоныг цахилгааны сүлжээнд холбогдох буюу 2016 оны 1038/2016 тоот техникийн нөхцөлийн хугацааг сунгуулан, холболтын цэг өөрчлөн олгуулах гэсэн хүсэл зоригийг гүйцэлдүүлж давуу байдал бий болгуулахаар өөрийн танил “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бд нөлөөлж, Д.Б нь 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 48 тоот дугаартай Эрчим хүчний зохицуулах хорооны “журамд өөрчлөлт оруулж тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолын хавсралтын 3.6-д заасныг зөрчиж, “Нью тур” ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гаргасан 17/139 дугаартай “техникийн нөхцөл хүсэх тухай” хүсэлтийг хүлээн авч техникийн нөхцөлийн хугацааг сунгуулан, холболтын цэг өөрчлөн олгуулахад шаардагдах бичиг баримтыг дутуу ирүүлсэн байхад өмнөх техникийн нөхцөлийн хуулбарыг ирүүлээгүй байхад буцааж саналыг хүргүүлэлгүй Т.Бн хүсэлтээр 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр буюу 30 хоногийн дараа 1930/2017 дугаар бүхий техникийн нөхцөлийг баталж, Д.Б нь албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Нью тур” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон,

-албан тушаалын нэр хүнд, эрх чөлөөг урвуулан ашиглаж Ц.Анандбазарын хандсаны дагуу уг компанийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бага тэнгэр цогцолбор хотхоны хашаан дотор дулаан дамжуулах төвийг байрлуулах зорилгоор өмнө нь өөрийн удирдлагад ажиллаж байсан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бт нөлөөлж, Д.Б нь “Мон-Кузбасс” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан зураг төслийн “Нью тур” ХХК-ийн “Бага тэнгэр” хотхоны гадна талын дулааны шугамын ажлын зургийг өөрчилж, “Нью тур” ХХК-ийн Бага тэнгэрийн амны аялал жуулчлалын цогцолборын дэргэд буюу тус цогцолборын хашаан дотор бариулах зорилгоор 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2017/03 дугаар хурлыг удирдан зохион байгуулахдаа “Нью тур” ХХК-ийн эзэмшил талбайд дулаан дамжуулах төвийг барьсан тохиолдолд 1 хэлхээний шугамд тохируулга хийх цэгүүдийг тооцох, шугам хоосруулахгүй нөхцөлийг хангасан байх ёстой гэдгийг мэдсээр байж Дулаан дамжуулах төвийг “Нью тур” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Бага тэнгэрийн амны аялал жуулчлалын цогцолборын дэргэд буюу хашаан дотор нь барих шийдвэр гаргаж, Д.Бын удирдан зохион байгуулсан дээрх хурлын шийдвэрийг үндэслэн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Зүүн түгээх төвийн Шинэ хэрэглэгчийг төвлөрсөн дулаанд холбох 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №01/03 дугаар зөвшөөрлөөр “Нью тур” ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бага тэнгэрийн аманд байрлах эзэмшил талбайд дулаан дамжуулах төвийн зөвшөөрөл олгогдож, “Нью тур” ХХК-нд давуу байдал бий болгох гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон” хэрэгт яллагдагчаар татсан үйлдлийг  Ц.Анандбазарт холбогдох хэрэгтэй нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжийн 1 дэх заалтыг хэвээр үлдээв.

Учир нь, Ц.Анандбазарыг нийслэлийн прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 166 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /18хх 52-58/, мөн 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 209 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж /18хх 67-78/ яллагдагчаар татаж мэдүүлэг авсан байна. /18хх 83-85/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, ...бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна”, 2 дахь хэсэгт “хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэдэн хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн ...бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасан ба зөвхөн хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болохоор хуульчилсан байна.

Гэтэл дээрх нөхцөл буюу хэргийг тусгаарлах үндэслэл хангалттай бий болоогүй байхад яллагдагч Ц.Анандбазарт холбогдох хэргүүдийг тусгаарласан нь буруу байна.

Тодруулбал, Т.Бг Ц.Анандбазарын хамаарал бүхий “Сод Монгол групп” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс Ц.Анандбазартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн бусдад хахууль өгөхийг завдсан, яллагдагч Д.Быг албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ц.Анандбазарын хамаарал бүхий “Нью тур” ХХК-нд давуу байдал бий болгосон гэмт хэрэгт Ц.Анандбазарыг хатгагчаар хамтран оролцсон, яллагдагч Д.Быг албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ц.Анандбазарын хамаарал бүхий “Нью тур” ХХК-нд давуу байдал бий болгосон гэмт хэрэгт Ц.Анандбазарыг хатгагчаар хамтран оролцсон, мөн яллагдагч Т.Бг яллагдагч Д.Б, Д.Б нарт нөлөөлж “Нью тур” ХХК-нд давуу байдал бий болгуулах гэмт хэрэгт Т.Бг хатгагчаар оролцсоны төлөө Ц.Анандбазараас түүнд үл хөдлөх эд хөрөнгүүдийг эзэмшиж, ашиглаж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн хэргүүдэд Ц.Анандбазарыг бүлэглэж, хамтран оролцсон гэх 4 үйлдэл холбогдол тусгагдсан байхад Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 48 дугаартай “зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай”2302000000304 дугаартай тогтоолоор /48хх 139-142/ Ц.Анандбазарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарим үйлдлүүдийг тусгаарласан нь үндэслэлгүй болжээ.

Мөн шүүгчийн захирамжийн 4 дэх үндэслэл болох “зарим яллагдагчид яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн атлаа яллагдагчаас дахин мэдүүлэг авах талаар хуулийн заалтыг хангах нь зүйтэй гэх дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаар дахин мэдүүлэг авна” гэж заасан, энэ зохицуулалт нь мөрдөгч, прокурорт эрх олгосон бус, үүрэг болгосон заалт бөгөөд яллагдагчийн ямар хэрэгт яллагдагч байгаагаа мэдэх үндсэн эрхийг хангах нь зүйтэй.  

Мөн Т.Бгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэргийн шинжтэй үйлдэл бий эсэхийг нэмэлт ажиллагаагаар шалгах шаардлагатай гэж үзлээ.

Учир нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б нарт нөлөөлж, “Нью тур” ХХК-ийн Бага тэнгэрийн аманд баригдаж буй Бага тэнгэр цогцолбор хотхоныг цахилгааны сүлжээнд холбуулах, дулаан дамжуулах төвийг барих хууль бус шийдвэр тус тус гаргуулж давуу байдал бий болгуулах гэмт хэрэгт хатгагчаар оролцсоны төлөө тус компанийн үүсгэн байгуулагч, “Сод Монгол групп” ХХК-ийн ерөнхийлөгч Ц.Анандбазараас Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Бага тэнгэрийн ам 449 тоот хаягт байрлах, 542.96 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, 448 тоот хаягт байрлах, 542,96 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг тус тус үнэ төлбөргүй авахаар тохиролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэргийн шинжтэй эсэх талаар огт ажиллагаа явуулаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан “мөнгө угаах” гэмт хэргийн шинжтэй гэж зүйлчилж оруулж ирсэн нь учир дутагдалтай байна.

“Мөнгө угаах” гэдэг нь хууль бусаар олсон мөнгө, эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний гарал, үүслийг нуун далдалж, уг эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хууль ёсны болгох, гүйлгээнд оруулах зорилгоор хууль, хяналтын байгууллага, олон нийтийн анхаарлыг таталгүйгээр бусдыг төөрөгдүүлэхэд чиглэгдсэн хууль бус олон арга хэлбэр, шат дамжлага бүхий үйл ажиллагаа гэж ойлгохоор хуульчилжээ.

Дээрх үйлдэлд “хахууль авах” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах шаардлагатай, ингэснээр аль гэмт хэргийн шинж хангагдах эсэхэд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд дээрх нэмэлт ажиллагаануудыг зайлшгүй хийх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих байдал /гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл/-ыг төдийгүй хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин шүүгчийн захирамжийн 2 дахь үндэслэл болох Т.Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Л.Найданд нөлөөлж 2006 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн “иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж газрын суурь үнэлгээгээр 3.168.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 72 га газар эзэмших гэрчилгээг 15 жилийн хугацаатай олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд тухайн газрын суурь үнийг Газрын тухай хууль болон Газрын төлбөрийн тухай хуульд тус тус заасныг баримтлан тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолд үндэслэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын  2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1/1386 дугаар албан тоотоор /46хх 234-236/ үнэлгээ гарсан бөгөөд засгийн газрын 152 дугаар тогтоолын дагуу  газрын үнэлгээ үнэлэгдэж байх тул шинжээч томилох шаардлагагүй гэж үзлээ.

3 дахь үндэслэл болох яллагдагч Д.Быг албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Бага тэнгэр цогцолбор хотхоныг цахилгааны сүлжээнд холбох, холболтын цэг өөрчлөн олгуулан бусдад давуу байдал бий болгосон гэх, мөн Д.Быг албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж дулаан дамжуулах төвийг Бага тэнгэрийн амны аялал жуулчлалын цогцолборын дэргэд буюу хашаан дотор барих шийдвэр гаргаж бусдад давуу байдал бий болгосон гэх хэргүүдэд техникийн болон хууль, эрх зүйн хувьд тухайн шийдвэрүүдийг гаргах боломжтой эсэх талаар тусгай мэдлэг бүхий этгээдээр шинжээчийн дүгнэлт гаргуулж, холбогдох бүхий л этгээдээс мэдүүлэг авах ажиллагаа хийх шаардлагагүй.

            Учир нь Нью тур” ХХК нь дээрх техникийн шийдлүүдийн дагуу цахилгаан, дулаанаар хангагдаж үйл ажиллагаагаа явуулж байгаа болохыг дурдах нь зүйтэй. Түүнчлэн дээрх шийдвэрүүдийн талаар мэдвэл зохих этгээдүүд болох гэрч Ж.Батзориг /15хх 201-202/, гэрч Т.Мөнхболд /15хх 205-206/, гэрч М.Гансүх /16хх 208-209/, гэрч Т.Алтангэрэл /16хх 234-236, 46хх 181-182/, гэрч Б.Батбаяр /16хх 238-239/, гэрч Ш.Мөнхжаргал /16хх 241-242/, гэрч Т.Батдондог /19хх 109-110/ нараас гэрчийн мэдүүлэг авсан ба тэдгээрийн мэдүүлэг нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компаниас 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 1/940 дугаартай албан бичгээр “Нью Тур” ХХК-д олгосон техникийн нөхцөл, холбогдох баримтууд /15хх 213-250, 16хх 1-231/, Эрчим хүчний яамнаас ирүүлсэн “Нью Тур” ХХК-ийн 2008 оноос 2019 он хүртэл үйлчилгээ авахаар гаргасан хүсэлт, шийдвэрлэлтийг ирүүлсэн баримт /34хх 16-68/, “Улаанбаатар дулаан сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компаниас 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 01/1076 дугаартай албан бичгээр “Нью Тур” ХХК-д олгосон техникийн нөхцөл, холбогдох баримтууд /16хх 244-250, 17хх 1- 63/, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн архивд 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /28хх 211-222/ гэх зэрэг баримтууд байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэргийг хянах боломжтой шинжээчийн дүгнэлт зайлшгүй гаргах шаардлагагүй.

5 дахь үндэслэл болох яллагдагч Т.Б нь эрүүл мэндийн шалтгаанаар улсын болон хувийн хэд хэдэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар баримт ирүүлж шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй нөхцөл байдал байсан ба цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг саадгүй хэвийн явуулах, яллагдагчийн хувийн байдлыг тодруулах үүднээс түүний эрүүл мэндийн байдалд шинжилгээ хийлгэх, холбогдох баримт гаргуулах гэх зэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүний эрүүл мэндийн байдлыг тодруулах шаардлагатай гэж анхан шатны шүүх үзжээ. Хэрэв яллагдагч Т.Б нь эрүүл мэндийн байдал муудсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах хэмжээнд хүрсэн гэж үзэж байгаа бол холбогдох мэргэжлийн эмч, байгууллагын шинжилгээ, эмчилгээний баримтуудаа бүрдүүлэн хуулийн байгууллагад өгөх эрх нь яллагдагч, түүний өмгөөлөгч нарт бий бөгөөд дээрх ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны шатанд  зайлшгүй хийхээр хуульчлагдсан асуудал биш тул шүүхээс заавал шинжээч томилох шаардлагагүй. Иймд шүүгчийн захирамжийн 2, 3, 5 дахь үндэслэлүүдэд заасан ажиллагаануудыг шалгах шаардлагагүй, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудад дүгнэлт хийн шийдвэрлэх боломжтой байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр прокурор Ц.Шагдар, Э.Халиун хамтран бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 73 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 11 дүгээр сарын 3-ны өдрийн 2023/ШЗ/2604 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 2023/ШЗ/2604 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Шагдар, Э.Халиун хамтран бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 73 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Яллагдагч Т.Б, Э.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, Д.Б, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

              ШҮҮГЧ                                             Н.БАТСАЙХАН

 

               ШҮҮГЧ                                            С.БОЛОРТУЯА

 

               ШҮҮГЧ                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ