| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2024/01931/И |
| Дугаар | 191/ШШ2025/01404 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/01404
2025 02 14 191/ШШ2025/01404
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх, 2 дугаар гудамж, 1587 тоот хаягт оршин суух, Тарваганыхан овогт Ш.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Туул булаг, 2-20 дугаар гудамж, 1 тоот хаягт оршин суух, Орилоо овогт Э.Д холбогдох,
Тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох, 6,989,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ш.Батбилэг,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарангуа
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Норов,
Гэрч *******р, *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өмгөөлөгч Н.Нарангуагийн хамт дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Ш.Батбилэг миний бие Э.Давхарбаярын аав н.Энхбаярын Эф Си Эс Хаус Галерей ХХК-д 2014 оноос хойш мужаанаар ажиллаж ирсэн бөгөөд миний хөдөлмөр, зүтгэлийг үнэлж компаниас автомашин авч өгөхөөр болсон. Үүний үндсэн дээр Очир ундраа ББСБ ХХК-тай 2020.09.25-ны өдөр БЗЗГ20/253 дугаартай Зээлийн гэрээ, БЗФГ20/253 дугаартай Фидуцийн гэрээг тус тус байгуулан 8075 УБО улсын дугаартай Тоёота королла румион маркийн автомашиныг 11,900,000 төгрөгийн зээлээр худалдан авч, урьдчилгаа төлбөрт 5,100,000 төгрөгийг компаниас төлсөн.
Харин миний бие автомашины даатгалын хураамж, улсын дугаарын үнэ, автомашин худалдах, худалдан авах гэрээний нотариатын зардлыг төлсөн. Ингээд миний бие дээрх автомашиныг хувийн хэрэгцээндээ 2020.09.25-ны өдрөөс эхлэн эзэмшиж, ашиглаж эхэлсэн бөгөөд компани зээлээ бүрэн төлөөд дуусахаар миний эзэмшилд бүрэн шилжүүлж өгнө гэж тохиролцсон.
Миний бие Очир Ундраа ББСБ ХХК-д 2022.08.01-2023.07.03-ны өдрийг хүртэл нийт 6,989,500 төгрөгийг төлсөн бөгөөд 2020 оны 10 сараас хойш Эф Си Эс Хаус Галерей ХХК-д цалингүй ажилласан.
Э.Давхарбаяр нь 2023 оны 7 дугаар сард буюу улсын баяр наадмын дараа машиныг чинь түр авч хэрэглээд ирье гэж авч яваад надад буцааж өгөөгүй бөгөөд машинаа авъя гэхээр тооцоогоо хийгээд ав гэж хэлсэн, сүүлдээ утсаа ч авахаа больсон.
Миний бие Э.Давхарбаярын аав н.Энхбаярын компанид 2014-2022 он хүртэл тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласаны шагнал, үр шим гарч автомашинтай боллоо хэмээн баярлаж, түүний аав н.Энхбаярын гэрт гал тогооны тавилга хүртэл үнэгүй хийж өгсөн. Гэтэл Э.Давхарбаяр нь миний хөдөлмөрийн үр шим болох автомашиныг өнөөдрийг хүртэл буцааж өгөхгүй байгаа нь миний хөдөлмөр зүтгэлийн үр шимийг үгүйсгэсэн шударга бус явдал гэж бодож байна.
Зээлийн гэрээний оролцогч нь *******, *******, Эф Си Эс Хаус галерей ХХК гээд 3 зээлдэгч байгаагаас үзэхэд ******* машинд хөрөнгө оруулсан, компанийн зүгээс машиныг зээлээр худалдаж аваад ажилтандаа өгөхөөр тохиролцсон гэдэг нь тогтоогдоно. Түүнээс гадна ******* өөрт хамаагүй бол зээлийн гэрээнд оролцож компанийн өмнөөс үүрэг хүлээх шаардлагагүй юм.
Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1-т заасан шагнал олгохоор амлаж нийтэд зарласан гэдгийг олон нийтэд зарлахыг хэлэхгүй, хамт олны өмнө амлаж, ингэж зарлаад 3 жилийн хугацаанд *******ийн хувийн эзэмшил, ашиглалтад машиныг ашиглуулж байсан.
Гэтэл ******* нь зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон мөртлөө машиныг түр хэрэглэе гэж авчихаад өөрийнхөө өмчлөлд шилжүүлж авсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Шагналын зүйл болох тээврийн хэрэгслийг зээл төлөгдөж дуусангуут *******ийн өмчлөлд шилжүүлж өгөх үүрэгтэй байсан.
*******ыг машиныг өөрийн өмчлөлд шилжүүлж авах үед нь буцаагаад өгчихнө гээд бүрэн итгэлтэй байсан боловч өгөхгүй болохоор нь 2023 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан, оршин суух хаяг тодорхойгүй гэсэн учир эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан, ******* оршин суух хаягаа шүүхэд тодорхойлж өгсөн учир түүний хүсэлтээр нэхэмжлэлээсээ татгалзсан.
Иймд ******* намайг 8075 УБО улсын дугаартай Тоёота королла румион маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоож, автомашины зээлэнд төлсөн 6,989,500 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа болон татгалзлын үндэслэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Норов нь шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч ******* нь миний аав н.Энхбаяртай ямар харилцаатай байсан болох, түүний компанид ажиллаж байсан эсэх, хэдийгээс хэдий хүртэл ямар үр бүтээлтэй ажилласан болох, миний аав түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж автомашин авч өгөхөөр тохиролцсон эсэх талаар мэдэх зүйл байхгүй.
Очир Ундраа ББСБ ХХК-тай байгуулсан БЗЗГ20/253 тоот зээлийн гэрээний зээлдэгчээр *******, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Эф Си Эс Хаус Галерей ХХК, иргэн ******* нар оролцож 11,900,000 төгрөгийн зээл авсан. Уг зээлийн мөнгөн хөрөнгө дээр миний бие 5,100,000 төгрөг гаргаж, нийт 17,000,000 төгрөгийн үнэ бүхий УБО 8075 улсын дугаартай Toyota Corolla Rumion маркийн автомашин худалдан авсан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дээрхи зээлийн гэрээний дагуу 11,887,000 төгрөгийг зээлдэгч "Очир Ундраа ББСБ ХХК-д төлсөн гэх боловч 3 удаагийн гүйлгээгээр 2,500,000 төгрөгийг иргэн Баярбатын Бат-Өлзий гэх хүний дансанд шилжүүлсэн баримтыг хавсаргасан нь ойлгомжгүй байна. Харин нэхэмжлэгч нь дээрхи зээлийн гэрээний дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд 6,889,500 төгрөг төлсөн болох нь тодорхой байна.
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1. хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж, мөн зүйлийн 108.1. "дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэжээ.
УБО 8075 улсын дугаартай автомашин нь нэхэмжлэгч, хариуцагч нарын дундын өмч бөгөөд энэхүү хөрөнгөнөөс хариуцагч *******т ногдох хэсэг нь 69.9 хувь юм.
Харин дундаа хэсгээр өмчлөгчийн хувьд нэхэмжлэгч нь өөрт ногдох хэсгээ гаргуулах, эсхүл хариуцагч надад ногдох хэсгийг гарган өгч автомашинаа өмчлөх эрх нь нээлттэй юм.
Тус зээлийн гэрээний "Зээл олголт, эргэн төлөх хуваарь-ийн дагуу 2020.09.25-2023.09.15-ны өдөр хүртэл нийт 17,949,634 төгрөг төлөх үүрэгтэй, үүнээс нэхэмжлэгч нь 6,889,500 төгрөг, хариуцагч нь 11,060,134 төгрөг тус тус төлсөн, мөн тухайн тээврийн хэрэгслийг худалдан авахад 5,600,000 төгрөг, нийт 16,660,134 төгрөг төлсөн байна.
- 2023.07.07-ны өдөр дээрх Зээлийн олон Фидуцийн гэрээг дуусгавар болгож 2023.07.26-ны өдөр 8075УБО улсын дугаартай "Тoyota Corolla Rumion маркийн тээврийн хэрэгсэлийн өмчлөх эрхийг хууль ёсны дагуу шилжүүлж авсан.
Энэхүү тээврийн хэрэгсэл нь 2011 онд үйлдвэрлэгдсэн, 124,000 км гүйлттэйгээр 2020.09.17-ны өдөр Монгол улсад орж ирсэн байдаг.
Нэхэмжлэгч ******* нь тухайн тээврийн хэрэгслийг 2020.09.25-ны өдрөөс 2023.07 сарыг дуустал нийт 2 жил 10 сар гаруй хугацаанд эзэмшиж, ашиглаж ирсэн байдаг. Дээрхи зээлийн гэрээний дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд нэхэмжлэгч нь 6,889,500 төгрөг төлсөн байна.
Иймд нэхэмжлэгчийн, УБО 8075 улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийнх нь хөдөлмөр зүтгэлийг үнэлж ажил олгогч шагнасан гэх тайлбар үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Гэрч У.Мөнхболор шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...*******ын аав н.Энхбаярын Форд Костюм Хоум ХХК-д нягтлан бодогчоор 2020.06-2021.11 сар хүртэлх хугацаанд ажилласан. Маргаж байгаа машины урьдчилгаа төлбөрийг компани төлсөн, зээлийн гэрээ бэлэн боллоо гэхэд *******, ******* 2 гэрээнд гарын үсэг зурж байсан. Зээлийн эргэн төлөлтийг сар бүр компаниас төлж байсан, өмнө нь н.Бэхбат гэдэг хүний ажлын хөлсөнд машин авч өгч байсан. Манайд олон жил үр бүтээлтэй ажилласан гээд *******т машин өгнө гэдгийг хамт олны хурал дээр мэдэгдсэн, бид алга ташиж баяр хүргэцгээж байсан. Зээлийн гэрээний огноог санахгүй байна, харин гэрээ байгуулагдах үед машиныг ******* барих болно гэдгийг хэлж байсан. Намайг ажлаас гарах хүртэл ******* машинаа барьж байсан, хэрэв компанийн мэдлийнх байсан бол тэнд ажиллагсад ажлын шаардлагаар барих байсан, гэвч машиныг ******* зөвхөн барьдаг байсан нь түүнийх гэдэгтэй холбоотой юм. Энхбаяр, Давхарбаяр нарын компани 1 дор үйл ажиллагаа явуулдаггүй, охин компани биш, тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг. Энхбаяр захиралтай хувийн ажлаар саяхан уулзахад Батбилэгийн машиныг өөрт нь өгчихсөн гэж байсан, гэтэл өгөөгүй байгаа нь сонин санагдаж байна гэв.
4. Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...2020 оны 9 сард Батбилэг ах над руу залгаад Ах нь машин авч байгаа, ирээд авчих гэсэн. Тэгээд 11 дүгээр хороололд байдаг ажил дээр нь очиход захирал Энхбаяр болон 3 хүн гарч ирээд машиныг сүүгээр мялаагаад хүлээлгэж өгснийг би авч явсан. Тухайн үед компаниас сайн ажилласан гээд ББСБ-аас авч өгсөн гэж ******* ярьж байсан... гэв.
5. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:
5а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******ээс 2024.02.19-ний өдөр Н.Нарангуад олгосон итгэмжлэл, *******ийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Очир Ундраа ОМЗ ББСБ ХХК-тай 2020.09.25-ны өдөр *******, Эф Си Эс Хаус Галерей ХХК, ******* нарын байгуулсан БЗЗГ20/253 тоот зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, зээлийн олголт, эргэн төлөх хуваарь, Хаан банк ХК-ийн шилжүүлгийн мэдээлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.01.26-ны өдрийн 101/ШШ2024/00621 тоот захирамжийн хуулбар, *******ын 2024.01.25-ны өдөр шүүхэд гаргасан тайлбар, *******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн бүртгэлийн лавлагаа, ихэсгэсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, мужаан *******ийн 2020.09 сард хийж гүйцэтгэсэн ажил гэх хүснэгт, 8075 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл /хх 1-31, 39-44, 72-73, 95-97/,
5б. Хариуцагчаас ирүүлсэн: *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, *******аас 2024.05.29-ний өдөр *******т олгосон итгэмжлэл, хариу тайлбар, *******ын Хаан банк ХК-ийн депозит дансны хуулга, Эф Си Эс Хаус Галерей ХХК-ийн депозитын болон Худалдаа хөгжлийн банкны харилцах дансны хуулга, өмгөөлөгчөөр Б.Гантөмөрийг оролцуулах хүсэлт, *******ын Хас банкны хуулга, Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Аагиймаа Гомбо Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Эф Си Эс Хаус Галерей ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, хариу тайлбар, 8075 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн мэдээлэл, Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 49, 53-62,71,74-77,92,98-99/ зэрэг баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан, 8075 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох, 6,989,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
3. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3а. 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зээлдүүлэгч Очир Ундраа ОМЗ ББСБ ХХК нь 11,900,000 төгрөгийг, жилийн 33.6 хувь, сарын 2.8 хувийн хүүтэй, 36 сар буюу 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаатай, Автомашин худалдан авах зориулалттай зээлдүүлэх,
зээлдэгч *******, Эф Си Эс Хаус Галерей ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нар зээл, хүүгийн хамт, тогтоосон хугацаанд эргүүлэн төлөхөөр тохиролцсон БЗЗГ20/253 тоот зээлийн гэрээ,
- Мөн өдөр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож, 8075 УБО улсын дугаартай Toyota corolla Rumion маркийн, тээврийн хэрэгслийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх БЗФГ20/253 тоот гэрээ /фидуци/ тус тус байгуулсан. /хх 7-11/
3б. 8075 УБО улсын дугаартай Toyota corolla Rumion маркийн, тээврийн хэрэгсэл нь 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс *******ын өмчлөлд бүртгэгдсэн үйл баримт тогтоогдож байна. /хх 96-97,99/
4. Нэхэмжлэгч нь үндэслэлээ ...*******ын аав н.Энхбаярын Эф Си Эс Хаус Галерей ХХК-д 2014 оноос мужаанаар үр бүтээлтэй ажилласныг үнэлж, 8075 УБО улсын дугаартай Тоёота Королло Румион маркийн тээврийн хэрэгслийг зээлийн гэрээний үүрэг дуусангуут шагнал болгож өмчлөлд шилжүүлэн өгөхөөр амласан, гэрээний оролцогч ******* тээврийн хэрэгслийг өмчлөлдөө авсан нь үндэслэлгүй, зээлийн гэрээний үүрэгт 6,989,500 төгрөг төлснийг буцаан шаардсан ...гэх агуулгаар тайлбарласан.
5. Хариуцагч нь татгалзлаа ...ББСБ-аас авсан 11,900,000 төгрөгийн зээл дээр 5,600,000 төгрөг нэмж, 17,500,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг худалдан авсан, уг зээлийн гэрээний үүрэгт 11,060,134 төгрөг төлсөн, нийт 16,660,134 төгрөг төлсний үндсэн дээр тээврийн хэрэгслийн өмчлөгч болсон, нэхэмжлэгч нь компанид хэдийгээс хэдий хүртэлх хугацаанд ямар үр бүтээлтэй ажилласныг, түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж тээврийн хэрэгслээр шагнахаар амласан болохыг мэдэхгүй ... гэх агуулгаар маргасан.
6. Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1-т Тодорхой үйлдэл хийсэн, эсхүл тодорхой үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгохоор амлаж нийтэд зарласан этгээд уг үйлдэл хийсэн буюу үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгох үүрэг хүлээнэ гэж зааснаас үзэхэд шагнал олгохоор амлаж нийтэд зарласан үйл баримт тогтоогдсон байхыг шаардаж байна.
6а. Хэрэгт нэхэмжлэгчээс ирүүлсэн Мужаан ******* 2020.09 сар хийж гүйцэтгэсэн ажил гэх баримт нь аль компанийх болох нь тодорхойгүй, тухайн компанийн тамга, санхүүгийн тэмдгээр баталгаажуулаагүй зэргээс үзэхэд түүнийг маргаж буй тээврийн хэрэгсэлтэй холбоотой зардлыг гаргасан гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна. /хх 95/
6б. Зохигчийн тайлбар, гэрч *******р, ******* нарын мэдүүлэг зэргээс үзэхэд Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасны дагуу ажил олгогч Эф Си Эс Хаус Галерей ХХК-иас ажилтан *******т цалин хөлсний бүрдэл хэсэг болох шагнал урамшуулал амласан гэж үзэхээр байх ба хариуцагч хариуцагч *******ын тухайд түүнд шагнал олгохоор амласан гэх үйл баримт тогтоогдсонгүй гэж үзэв.
6в. Дээр дурдсан байдлыг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч нь маргаж буй тээврийн хэрэгслийг шагнал болгон олгохоор амлаж нийтэд зарласан этгээд нь ******* гэж үзэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
7. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшснээс үүсэх үүргийн талаар зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй гэж заасан.
Үүнээс үзэхэд, талуудын хооронд ямар нэг үүрэг үүссэн эсэх, хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан эсэх нь тогтоогдох учиртай.
7а.Зохигчийн тайлбар, нэхэмжлэгчээс ирүүлсэн, Хаан банк ХК-ийн 2022.08.01-ний өдрийн 1,000,000 төгрөг, 2022.10.26-ны өдрийн 400,000 төгрөг, 2022.11.03-ны өдрийн 2,300,000 төгрөг, 2022.11.16-ны өдрийн 450,000 төгрөг, 2022.12.17-ны өдрийн 430,000 төгрөг, 2023.01.18-ны өдрийн 250,000 төгрөг, 2023.02.01-ний өдрийн 200,000 төгрөг, 2023.03.01-ний өдрийн 320,000 төгрөг, 2023.03.16-ны өдрийн 200,000 төгрөг, 2023.04.01-ний өдрийн 130,000 төгрөг, 2023.04.15-ны өдрийн 230,000 төгрөг, 2023.04.30-ны өдрийн 230,000 төгрөг, 2023.05.16-ны өдрийн 377,000 төгрөг, 2023.05.19-ний өдрийн 2,500 төгрөг, 2023.06.26-ны өдрийн 250,000 төгрөг, 2023.07.03-ны өдрийн 120,000 төгрөг, нийт 6,889,500 төгрөгийг Очир Ундраа ОМЗ ББСБ ХХК-д шилжүүлсэн баримтаас үзэхэд хариуцагч ******* нь маргаж буй тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байх тул тэрээр зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгчээс төлсөн 6,889,500 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй, тодруулбал тэрээр үндэслэлгүй хөрөнгөжих учиргүй юм. /хх 15-30/
7б.Харин нэхэмжлэгчээс 2022.08.10-ны өдрийн 500,000 төгрөг, 2022.08.12-ны өдрийн 1,500,000 төгрөг, 2022.08.29-ний өдрийн 500,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөгийг Б.Бат-Өлзийд шилжүүлсэн нь дээрх үйл баримтад хамаарахгүй, өөрөөр хэлбэл хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв. /хх 12-14/
8. Иймд хариуцагч *******аас 6,889,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100,000 төгрөгт холбогдох хэсэг болон 8075 УБО улсын дугаартай Toyota corolla Rumion маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байх тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 125,182 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 372,232 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан, хариуцагч *******аас 6,889,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8075 УБО улсын дугаартай Toyota corolla Rumion маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох болон 100,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 125,182 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 372,232 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ