Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 213

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч Э.Бадрал,

Шүүгдэгч Ц.Г /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уйлга харуул овогт Цогзолмаагийн Ганбатад холбогдох эрүүгийн 1711009340127 дугаартай хэргийг 2018 оны 2 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч Уйлга харуул овогт ЦГ, Монгол Улсын иргэн, 1995 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 23  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын 650в тоотод оршин суух,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ............................................

             Шүүгдэгч Ц.Г нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 18-375 тоотоос хохирогч Э.Бархастын Самсунг Нөүт-5 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлж 360.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

           Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Гаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Миний хувьд оюутан байх үеийн найз Бархаст маань 2017 оны 10 дугаар сарын эхээр фэйсбүүкээр мессенжер хаягаар надтай чатлах үедээ намайг малын мах зөөлцөөд өгөөч гэсний дагуу Бархастай утсаар нь холбогдоод 2017 оны 10 дугаар сарын 5-ны орой 22 цаг өнгөрч байх үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 18-375 тоотод уулзаж машинд суугаад Эмээлт зах руу явж хонины мах худалдаж аваад нэг портер дүүргээд буцаад үүрээр 04 цагийн үед Хүчит шонхор хүнсний зах дээр буулгаад Бархаст бид хоёр тэдний гэр буюу Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 18-375 тоотод очиж унтахаар болсон юм. Ингээд унтахаар хэвтэж байх үедээ би найзынхаа “Samsung note-5” маркийн гар утсыг оролдож байгаад утсыг нь аваад гарч явсан юм. Ингээд гарч явах үедээ найз нь явлаа гээд түүнд хэлээд гарч явсан. Тэгээд цаг гарангийн дараа миний тухайн үед барьж байсан 80216375 дугаар луу Бархаст өөрийнхөө Мобикомын дугаараас залгаад байсан тул би санаа зовоод утсаа салгасан юм. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Теди төв дээр очиж үл таних хүнд 260.000 төгрөгөөр зарж мөнгийг нь өөртөө зориулаад дуусгасан юм …Миний зүгээс найз Бархаст учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан …” гэсэн мэдүүлэг /хх-36-40х/,

Хохирогч Э.Бархастаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 10 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө 23 цагийн орчим Ганбат над руу залгасан. Надтай уулзъя гээд манай гэрт ирсэн. Би тухайн үед эмээлт рүү маханд явах гэж байсан юм. Эмээлт рүү Ганбаттай хамт явсан юм. Эмээлт дээр очоод бид хоёр махаа харж байж байгаад 04 цаг болж байхад Хүчит шонхор зах руу орж ирсэн. Хүчит шонхор захаасаа 7-8 цагийн хооронд манай гэрт очсон. Манай гэрт очоод байшингийн хоёр давхарт гараад цуг хэвтсэн юм. Тэгсэн чинь Ганбат хувцсаа өмсөөд би ер нь харьж унтлаа гээд босоод явсан. Би тэр үедээ шөнөжин нойргүй байсан болохоор над руу яриарай гэж хэлээд буцаад унтаад өгсөн. Миний эхнэр Солонгос улсад байдаг байдаг юм. Миний эхнэр Солонгос улсаас залгаад Моби чинь яагаад холбогдохгүй байгаа юм бэ фэйсбүүкдээ ороод ирээч гэхээр нь би утсаа хайсан. Тэгсэн чинь гэрт байсан утсыг минь Ганбат аваад гарсан байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-12-17х/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-29-30х/,

Шүүгдэгч Ц.Гын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-46х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн  мэдүүлгээр шүүгдэгч Ц.Г нь 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 18-375 тоотоос хохирогч Э.Бархастын Самсунг Нөүт-5 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлж 360.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ц.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Э.Бархаст нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Ц.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Ц.Гад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэсэн болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.