| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2024/00151/И |
| Дугаар | 191/ШШ2025/02793 |
| Огноо | 2025-04-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Бэлэглэл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/02793
2025 04 03 191/ШШ2025/02793
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 52 дугаар байр, 9 тоот хаягт оршин суух, Вандан дархан овогт Ч.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 51 дүгээр байр 6 тоот хаягт оршин суух, Барнууд овогт С.Ж-д холбогдох,
Талуудын хооронд 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Эрхийн улсын бүртгэлийн Y-2204029549 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, ХД-52 дугаар байр, 9 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 67.5 мкв талбайтай, хоёр өрөө, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж, өмчлөгчөөр бүртгэхийг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт даалгах тухай үндсэн,
Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /Ү№0480/
Хариуцагчийн өмгөөлөгч ******* /Ү№0051/
Гэрч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч *******ы хамт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзсан байх тул улсын тэмдэгтийн хураамжийг орон сууцаа анх 55 сая төгрөгөөр худалдаж авсан учир энэ дүнгээс бодож төлсөн, бөгөөд өөрийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, бэлэглэлийн гэрээг хавсаргаагүй гэж заасан байх ба эдгээр баримтыг миний дүү авсан учир надад байхгүй, эхнэр нь өгөхгүй, маргаан үүсгэсэн учир би шүүхэд хандсан.
Иргэн ******* би нөхөр *******ийн хамт 2004-2010 онд Солонгос улсад, хараар ажиллаж, орон гэртэй болохын тулд үр хүүхдээсээ хол олон жил тэвчиж, хичээж ажилласны хүчинд 2010 онд Баянзүрх дүүргийн 6-р хорооны 52-р байр, 9 тоот орон сууцыг худалдан авсан. Тухайн үед Монгол улсад байгаагүй учир аав Б.Чүлтэмийн нэр дээр орон сууцыг худалдан аваад 2010 онд Монголд ирснээс хойш өнөөдрийг хүртэл энэ орон сууцандаа амьдарч байна.
Энэ байрыг худалдан авснаас хойш миний төрсөн дүү Ч.Эрдэнэцогт хувиараа бизнес хийж байхдаа миний байрыг барьцаалж надаар зээл авахуулдаг, эсвэл миний байрыг хүний нэр дээр шилжүүлж, барьцаанд тавьж, бизнестээ хэрэглэж нилээн сайн орлого, ашигтай ажиллаж байсан.
Дүү Ч.Эрдэнэцогт нь 2010 оноос *******тай хамт амьдарч эхэлсэн, түүнтэй амьдрахаас өмнө өөрийнх нь 2 хүүхэд Э.Мөнхтуул, Э.Тэмүүжин нар түүний асрамжид байсан. Тэгээд дүү Ч.Эрдэнэцогт, ******* нар хамт амьдраад 6 хүүхэдтэй болсон боловч дүү маань 2023 оны 6 сард гэнэтийн ослоор нас барсан.
Дүү маань бурхан болоод, сэтгэл санааны хүнд байдалд орж ээж маань удаа дараа эмнэлэгт хэвтээд, түүнтэй ярилцах боломж олдоогүй байж байтал 2023.12.05-ны өдөр ******* нь гэнэт Хаан банкны зээлийн эдийн засагчтай 17 цагт миний байрыг барьцаанд тавина гэж гэрч орж ирснээр энэ маргаан эхэлсэн. Үүний дараа 2023.12.08-ны өдөр утсаар яриад Та Эрдэнэцогтыг байхад байраа барьцаанд тавиад байсан мөртөө яагаад одоо барьцаанд тавихгүй гэж байна вэ, миний ажлыг баллаж байна гэсэн. Тэгэхэд нь чи ер нь юу хийгээд байгаа юм бэ, ээж эмнэлгээс маргааш гарахаар бид танайд очиж уулзаж ярилцая гэсэн чинь Та нар манайд орж ирэх, ярих шаардлага байхгүй гээд утсаа салгасан мөртлөө 2024.12.15-ны өдөр байраа суллаж өг гэсэн месееж явуулсан байсан.
Миний дүү Ч.Эрдэнэцогт орон сууцтай болохын тулд барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгө байхгүй байсан учраас миний байрыг барьцаанд тавьж, 3 өрөө байртай, анд-200 маркийн авто машин худалдаж авсан.
******* дүүгийн маань өмнөх амьдралын 2 хүүхдийг хамт өсгөлцөж, хамтран амьдарсан учраас тухайн үед аавыг өндөр настай байсан тул зээл гарах боломжгүй гэсэн учраас түүний Капитрон банкинд таньдаг эдийн засагч байгаа гэхэд нь аавын нэр дээр байсан миний байрыг түүний нэр дээр шилжүүлж 30,000,000 төгрөгийн зээл авсан.
2013 онд Капитрон банкны зээлийн эдийн засагчтай яриад танай байрыг ипотекийн 8 хувийн зээлд оруулах боломжтой, дахиад 20,000,000 төгрөг нэмж гарах боломжтой гэж байна гэхээр нь ийм их өрийг дарж чадах юм уу гэхэд утсаа тасалсан. Дараа нь дүү Ч.Эрдэнэцогт ийм бага хүүтэй зээл дахиж олдохгүй дахиад нэг туслаач гэхээр нь *******ын нэр дээр байсан миний байрыг надад зарж байгаа мэт дүр үзүүлэн бүх бичиг баримтыг бүрдүүлж, Капитрон банкнаас ипотекийн 8 хувийн хүүтэй 60,000,000 төгрөгийн зээлийг миний нэр дээр гаргуулсан. Үүнээс харахад би өөрийн байрыг өмнө нь худалдаж авсан байж дахиад өөрийнхөө байрыг ипотекийн зээлээр худалдаж авах уу, энэ бол дүр үзүүлж хийсэн хэлцэл болох нь тогтоогдоно.
Миний нэр дээрх 60,000,000 төгрөгөөс дүү Ч.Эрдэнэцогт нь 54,000,000 төгрөгийг төлж, адуу авахын тулд зээлээ хааж, Капитрон банканд өртэй мэт бичиг бичүүлээд, надаас худалдан авсан мэт дүр үзүүлж, орон сууцны гэрчилгээг гаргуулсан. Энэ бүх хугацаанд нөхөр ******* бид хоёр цалингийн зээлээ төлж явсан байсан.
Дүү Ч.Эрдэнэцогт нь миний байрыг *******ын нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлчих, зээлийн ажилтантай найз, зээл авахад амар гэсэн. Тэгэхээр нь дүү маань итгэлтэй хүн учир түүнд эргэлзэхгүй итгэж явсан учраас бэлэглэлийн гэрээ, байрны гэрчилгээ гээд бүх баримтыг дүү авсан. Надад ямар ч баримт байхгүй байгаа бөгөөд манай дүү энэ байрыг миний байр гэдгийг бичиж тэмдэглээд ямар нэгэн юм үлдээсэн гэж бодож байгаа боловч даанч гэрт нь орж, юмыг нь үзэх боломжгүй юм.
Энэ орон сууц *******ынх байх боломжгүй, түүнтэй манай дүү суухаас өмнө бид энэ байрыг Солонгос улсад ажиллаж олсон мөнгөөрөө авсан байсан болох нь өмчлөх эрхийн бүртгэлээр тогтоогдоно.
Хүний газар зовж, сэтгэл санаагаар унах үедээ унаж, залуу насаа зөвхөн хөдөлмөрлөхөд зарцуулж авсан орон сууцаа яасан гэж бэлэглэх вэ, эд нарт, эдний гэр бүлд тус болж байна гэж өдий хүртэл бодож явсан.
Дүүг маань нас барсны дараа ******* түүнтэй хамтын амьдралтай болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан, тэгэхэд нь би тэднийг хамт амьдарч байсныг нь гэрчилж мэдүүлэг өгсөн. Гэтэл шүүхийн шийдвэр гарснаас хэдхэн хоногийн дараа ******* нь банкны ажилтан дагуулж орж ирснийг бодоход үнэхээр гомдмоор, хэлэх үг олдохгүй байна. Түүнээс гадна дүүгийн маань өмнөх амьдралын 2 хүүхдээр нь өвлөх эрхээс татгалзсан болохыг бичүүлж авсан байна.
2018.06.20-ны өдөр манай байрыг 105 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрөө 25 сая төгрөгөөр худалдан авах гэрээ, маргааш нь орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр *******д өгч байгаа гэсэн нь дүр үзүүлэн хийсэн гэрээ юм.
******* нь хариу тайлбартаа уг орон сууцыг 2018.06.20-нд худалдан авсан хууль ёсны өмчлөгч гэсэн байх боловч манайх Солонгос улсаас ирээд 2010 онд орон сууцандаа орсон, нөхөр *******тэй 1989 онд хууль ёсоор гэр бүл болж одоо хүртэл хамтран амьдарч байгаа болно.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид харилцан тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ" гэжээ.
Тэгвэл би орон сууцаа дүү болон ******* нарт өгөөгүй. 2010 оноос хойш нөхөр болон үр хүүхдүүдийнхээ хамт ашиглан амьдарч байгаа, зөвхөн өмчлөх эрхийн гэрчилгээгээ тэд нарт ашиглуулж байгаа учир уг гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Мөн Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар уг орон сууц нь нөхөр бид хоёрын дундын өмч, уг орон сууцыг авах гэж нөхөр минь 2003.12.19-2011.04.27-ны өдөр хүртэл 8 жил гаруй хугацаанд БНСУ-д хөдөлмөрлөж байгаад ирсэн, энэ байрыг худалдан авах мөнгөний ихэнх хувийг төлсөн.
Мөн хуулийн 128 зүйлийн 128.1-д Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулна", 128.2-т Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна" гэж заасан, түүнээс зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан бөгөөд энэ орон сууцыг худалдах, бэлэглэх гэрээнүүдэд миний нөхөр ******* нь огт оролцоогүй, түүний зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно.
Би өөрийн өмчлөлийн орон сууцаа *******д бэлэглэх хүсэл зориг огт байгаагүй, түүнтэй ийм тохиролцоо хийгээгүй, дүү Ч.Эрдэнэцогтын хүсэлт болох зээл авахад барьцаалж өгөөч гэсэн гуйлтаар дүр үзүүлж, хэлбэрийн хувьд бэлэглэлийн гэрээ байгуулж, өмчлөх эрхээ шилжүүлсэн.
Талуудын хооронд 3 төрлийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. 2018.06.20-ны өдөр орон сууцыг 105,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч ******* татвар төлөхөөс зайлсхийж 25,000,000 төгрөгийн гэрээ хийж, энэ гэрээг бүртгүүлсэн гэж тайлбарлаж байна.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь 2018.06.20-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан боловч энэ өдөр 2 өөр үнийн дүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдож байгаа учраас нэхэмжлэлийнхээ шаардлагыг ихэсгэх эрхтэй учир шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтэй байна.
Иймд талуудын хооронд 2018.06.20-ны өдөр байгуулагдсан орон сууц бэлэглэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулах, мөн хуулийн 56.5-т зааснаар Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, ХД 52 дугаар байр, 9 тоот орон сууцны өмчлөх эрхийг *******д буцаан шилжүүлж, өмчлөгчөөр бүртгэхийг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгч ******* нь шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
*******гийн гаргасан орон сууцны бэлэглэлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо 13 дугаар хороолол 52 Дугаар байр 9 тоот орон сууцны өмчлөх эрхийг миний нэр дээр шилжүүлж, өмчлөгчөөр бүртгэхийг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газарт даалгаж өгөх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.
2011 оны 05 сарын 27-ны өдөр анх тухайн маргаан бүхий орон сууцыг *******тай худалдах худалдан авах гэрээ хийж С.******* миний нэр дээр шилжүүлэн авч нөхөр бид 2 Капитрон банкинд барьцаанд тавьж 40.000.000 төгрөгний зээл авч тухайн зээлээс ******* нь Toyoto Premio маркийн маркийн машиныг 10 гаруй сая төгрөгөөр авсан ба тухайн машины мөнгөтөй хамт 2013.07.04-ны өдөр миний бие тухайн зээлийг хаасан. Улмаар 2013-07-08 ны өдөр миний бие нь *******д тухайн байрыг бэлэглэлийн гэрээгээр буцаан шилжүүлэн өгч ******* нь өрөнд орсон учир Капитрон банкнаас байраа барьцаалж 70.000.000 төгрөгний зээл авсан. Улмаар ******* нь сүлжээний бизнес эрхэлж өрөнд орж банк болон хувь хүмүүст өндөр хүүтэй өрөнд орж банкны зээлээ ч төлж чадахгүй нөхцөл байдал үүсэж байраа банкинд алдах эрсдэлтэй болсон тул хадам ээж Буянхишиг гуйсны улмаас уг байраа барьцаалсан зээл болон хувь хүмүүсд төлөх хүүтэй мөнгүүдийг төлж оронд нь байрыг нь авахаар тохиролцсон.
Ингээд Капитрон банкинд зээлийн үлдэгдэл 55.000.000 төгрөг, 4-10 хувийн хүүтэй хувь хүнээс авсан Эркад 10 хувийн хүүтэй авсан 4.300.000, Д.Ганболд 6 хувийн хүүтэй авсан 7.000.000, Ю.Уртнасан 4 хувийн хүүтэй авсан 2.800.000, Начин заан ламбард 5 хувийн хүүтэй 3.066.0000, Ламбард /найз/ 400.000, Туул 800.000, Отгоо 600.000, Хаш ах 4 хувийн хүүтэй 600.000, Булгаа 2.000.000, Ч.Эрдэнэцогт 1.400.000, зах 1.000.000 барс зах 2.000.000 жижиг өр 1.200.000 гэх мэтчилэн зээлсэн мөнгийг хүүгийн хамт төлж бүх өрийг дарж дуусгаад 2018.06.20 өдөр *******тай бэлэглэлийн гэрээ бус худалдах худалдан авах гэрээ байгуулах 105.000.000 төгрөгөөр Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо 13 дугаар хороолол 52 дугаар байр 9 тоот орон сууцны өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Тухайн үед манайх компьтерийн 2 лангуу ажиллуулдаг байсан. Тухайн лангууг би хамтран ажиллуулж өдөр бүр орологоо нөхөр болох Эрдэнэцогт руу явуулдаг байсан.
*******гийн өрийг тухайн 2 лангууны орлогоор нөхөр Эрдэнэцогт гүйлгээ хийж дардаг байсан тул нөхөр Эрдэнэцогт нь чиний хөдөлмөрлөж олсон мөнгө тул энэ байрыг чи нэр дээрээ ав гээд би *******тай худалдах худалдан авах гэрээ хийж тухайн байрны өмчлөгч болсон. Түүнээс биш түүнтэй дүр үзүүлэн бэлэглэлийн гэрээ хийгээгүй болно.
Миний нөхөр Ч.Эрдэнэцогт нь 2023 оны 06 сард авто ослоор гэнэт өнгөрсөн ба миний бие 11 сараас 13 насны 6 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй болж банк болон харилцагч байгууллага хувь хүнд ойролцоогоор 300.000.000 төгрөгний өртөй үлдсэн ба сард 20.000.000 төгрөгийн зээл болон түрээс төлж байгаа тул хадам эгч болох *******г байр суллаж өгч тухайн байрыг бусдад түрээслүүлж зээлнээсээ төлөхөөс өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байгаа билээ. Гэвч ******* нь зээл авах гээд банкны ажилтантай ороход уурлаж өөрийн байр мэт ярьж манай дүү надад энэ байрыг шилжүүлэн өгнө гэж байсан гэж худал ярьж үхсэн хүн үг хэлэхгүй гэсэн байр суурьтай хандаж байгаад гомдолтой байна.
Нэхэмжлэгч нь 2018.06.20-ны өдөр орон сууцны өмчлөх эрхийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, уг гэрээг дүр үзүүлсэн хийсэн гэж нэхэмжлэлдээ бичсэн боловч шүүх хуралдаанд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан мэтээр тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.
2018.06.20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 105,000,000 төгрөг, 25,000,000 төгрөг гэж байгуулсан 2 гэрээ байдаг. Гэвч 105,000,000 төгрөгийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт өгөөгүй шалтгаан нь татвар төлөхтэй холбоотой 25,000,000 төгрөгийн гэрээ 2018.06.20-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгддсэн.
Уг гэрээнээс хойш бусад гэрээний харилцаа үүсч явсан бөгөөд 2018.06.20-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ гэж байхгүй, дүр үзүүлэн уг гэрээг халхавчилж хийсэн гэрээ гэж байхгүй. Үүнээс үзэхэд мөн өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэхгүй бол өөр байгуулагдсан р гэрээ байхгүй.
Энэ тохиолдолд огт байгуулагдаагүй бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гээд шаардсан байгаа нь ойлгомжгүй, үүнийг шүүх анхаарч үзэхийг хүсч байна.
Маргаж байгаа байрыг зээлийн барьцаанд тавьж байсан нь үнэн, үүнтэй маргахгүй. Анх аав Б.Чүлтэмийн нэр дээр аваад, 2011 онд *******ын нэр дээр, 2013.06.21-ний өдөр буцаагаад *******гийн нэр дээр шилжүүлсний дараа зээл авсан байдаг. Тэгээд зээлээ төлж чадахгүй болоод ирэнгүүт 2018.06.20-ны өдөр 105,000,000 төгрөгөөр *******д худалдсан. Үүгээр бусдад төлөх *******гийн өрийг төлөөд, 2018.06.24-ний өдөр байрны үлдэгдэл 11,568,000 төгрөг шилжүүлж төлсөн байдаг. Дээрх гэрээг хийгдсэний дараа үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн байдаг. Гүйлгээний утга нь байрны мөнгөний үлдэгдэл гээд шилжүүлсэн. Дансны хуулгаар 15,000,000 төгрөг илүү шилжүүлсэн нь харагдана
Хэрэгт *******гийн бусдад төлөх өр төлбөрийн хэмжээний талаар талийгаач Ч.Эрдэнэцогт өөрийнхөө гараар бичсэн бичсэн баримтыг өгсөн, мөн Капитрон банкны дансны хуулганаас харагдана. Ийм учраас энэ худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байна.
Үүнээс хойш ******* өөрийн нэр дээрх байраа 2020.05.15-ны өдөр, 2020.07.20-ны өдөр Ю.Уртнасанд шилжүүлсэн, буцааж өөрийн өмчлөлд авсан гээд 4 удаа гэрээ хийгдсэн. Гэтэл хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсан 2018.06.20-ны өдрөөс хойш байгуулагдсан эдгээр гэрээг хэрхэх гэж байгаа нь тодорхойгүй байна.
Түүнээс гадна өмчлөх эрхийг 2018.06.20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн нь дараагийн зээл авахад ашиглах зорилготой байсан гэх боловч хэрэгт авагдсан баримтаар 2018.06.22-ны өдөр барьцаанаас чөлөөлснөөс хойш 2023.03.27-ны өдөр хүртэл орон сууцыг барьцаалж зээл аваагүй болох нь тогтоогдож байна.
Мөн дээрх гэрээг байгуулахдаа гэр бүлийн гишүүнээс зөвшөөрөл аваагүй гэх боловч ******* нь дангаар өмчлөгчийн хувьд гэрээ байгулахад гэр бүлийн гишүүнээс зөвшөөрөл авах шаардлагагүй тул дээрх үйлдлийг хүчингүй болгох үндэслэлгүй, зээл авсны хувьд түүнийг төлөх үүрэг зээлдэгчид байдаг учир түүний өмнөөс ******* төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй юм.
Хэдийгээр шүүх хуралдааны явцад зайлшгүй нөхцөлд шүүх хуралдааныг хойшлуулах боломжтой талаар хуульд заасан, гэтэл огт байгуулагдаагүй гэрээг байлгахын тулд шинээр нэхэмжлэл гаргахын тулд хойшлуулах боломжгүй юм.
Иймд нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч ******* нь шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч ******* нь улсын бүртгэлийн Ү-2204029549 дугаартай Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, ХД 52 дугаар байр 9 тоотод орших 67.5 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд энэ нь Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдоно.
Дээрх орон сууцыг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэн *******гаас 105,000,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд төлбөрийг бэлнээр болон дансаар төлж Орон сууц худалдах худалдан авах гэрээг нотариатчаар гэрчлүүлэн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн.
Нөхөр маань авто тээврийн ослоор 2023 оны 6 дугаар сард нас барж би бага насны 6 хүүхдүүдтэйгээ өнчирч үлдсэн.
Гэтэл миний өмчлөлийн орон сууцанд иргэн ******* нь хууль бусаар амьдран суллаж өгөхгүй, өнөөдрийг хүртэл эзэмшиж ашиглаж байна. Өөрийн өмчлөлийн орон сууцыг суллаж өгөхийг шаардсан боловч одоог хүртэл ******* нь суллаж өгөөгүй миний өмчинд халдсаар байна
Иймд ******* миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, ХД 52 дугаар байр 9 тоотод орших 67.5 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч ******* нь өмгөөлөгч *******ы хамт сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаарх татгалзлын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Иргэн ******* би нөхөр *******ийн хамт 2004-2010 онд Солонгос улсад хараар ажиллаж орон гэртэй болохын тулд үр хүүхдээсээ хол олон жил тэвчиж хичээж ажилласны хүчинд 2007 онд Баянзүрх дүүргийн 6 хороо, 13 хороолол, ХД 52 байр 9 тоот орон сууцыг худалдан авсан билээ.
Тухайн үед Монгол улсад байгаагүй учир аав Б.Чүлтэмийн нэр дээр орон сууцыг худалдан аваад 2010 онд Монголд буцаж ирээд энэ орон сууцандаа өдийг хүртэл амьдарч байна. Энэ байрыг авснаас хойш миний төрсөн дүү Ч.Эрдэнэцогт хувиараа бизнес хийж байхдаа миний байрыг барьцаалж надаар зээл авахуулж эсвэл миний байрыг хүний нэр дээр шилжүүлж барьцаанд тавьж бизнестээ хэрэглэж байсан. Миний дүү Ч.Эрдэнэцогт нь 2010 оноос нэхэмжлэгч *******тай хамт амьдарч эхэлсэн ба түүнтэй амьдрахаас өмнө өөрийнх нь 2 хүүхэд болох Э.Тэмүүжин, Э.Мөнхтуул нар нь аавынхаа асрамжинд байсан бөгөөд нийлээд хамт амьдарснаас хойш 6 хүүхэдтэй болсон.
Гэвч миний дүү Ч.Эрдэнэцогт 2023 оны 6 сарын 25-ны өдөр гэнэтийн ослоор нас барж бид гашуудаж дуусаагүй байтал ******* нь эд хөрөнгийн асуудал ярьж миний байрыг зээлэнд тавина гэж банкны эдийн засагчтай орж ирснээр энэхүү маргаан эхэлсэн.
******* нь миний дүүгийн 49 хоног өнгөрөөд 10 хонож байхад өмнөх амьдралын 2 хүүхдийг өв хөрөнгөнөөс татгалзах бичиг хийлгэж авсан байсныг би болоод миний аав, ээж минь хүртэл мэдээгүй.
Миний бие дүү Ч.Эрдэнэцогтын бизнесийг дэмжиж байраа барьцаанд тавьж амьдралд нь тусалж байснаас биш байраа зарах, бэлэглэх сонирхол, зорилго огт байгаагүй, байрны мөнгө гэж *******аас нэг ч төгрөгийг дансаар болон бэлнээр авч байгаагүй, түүний энэ луйврын шинжтэй үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй.
******* нь 11,600,000 төгрөгийг байрны үлдэгдэл гэж шилжүүлсэн гэдэг надад өгч байгаа мөнгө биш, учир өөрийнхөө өрийг төлөхөд мөнгө дутаад гээд таны дансанд хийгээд гаргачихъя гэсэн тул миний дүүдээ өгсөн мөнгө юм. Энэ мөнгөний зарцуулалт нь Хаан банкны дансны хуулгад байгаа бөгөөд энэ 2 миний нэрээр зээл авч өөрсдөө хэрэглэсөн мөртлөө миний зээл гээд яриад байгааг ойлгохгүй байна. Миний дүү нас барсан, харин ******* өөрөө амьд байж яагаад ийм зүйл ярьж байгааг ойлгохгүй байна. Миний нэр дээр авсан зээлээ төлөөч гэж шаардахад надаас авсан мөнгөөр зээлийг төлдөг байсан.
Иймд нэхэмжлэгч *******ын орон сууц чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Гэрч ******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Маргаж байгаа орон сууцыг *******ын хамт Солонгос улсад ажиллаж амьдарч байхдаа хөдөлмөрлөж олсон мөнгөөр худалдаж авсан. Байрны өмчлөх эрхийн гэрчилгээ *******гийн нэр дээр байсан, дүү Ч.Эрдэнэцогтын бизнесийг дэмжиж зээлийн барьцаанд байрыг минь тавьж ашиглуулж байсныг 2023.12.03-ны орой мэдээд хоорондоо маргалдаж асуудал үүссэн. Бид өөрсдөө яаж зовж, зүтгэж байж, арайхийж авсан мөртлөө байраа барьцаалж зээл авах, бусдад бэлэглэх зүйл огт байхгүй гэв.
6. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:
6а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Юнрэн Буянхишиг Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2007.10.29-ний өдөр Б.Болозойхүү, Б.Чүлтэм нарын хооронд байгуулагдсан Орон сууц захиалан бариулах гэрээ, тэдний иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Чүлтэмийн 2010.04.29-нйи өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан өргөдөл, кассын орлогын ордер, Хил хамгаалах ерөнхий газрын тодорхойлолт, *******гийн Хаан банк ХК-ийн пепозит дансны дэлгэрэнгүй хуулга,Э.Тэмүүжин, Э.Мөнхтуул нарын өв хүлээн авахаас татгалзсан хүсэлтийн хуулбар, өмгөөлөгч *******тай байгуулсан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, дэлгэрэнгүй тайлбар, / 1хх 1-23, 242-250, 2 хх 1-49, 3 хх 26-29, 50, 103-106/
6б. Хариуцагчаас ирүүлсэн: Хариу тайлбар, ******* болон ******* нарын хооронд 2018.06.20-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, тоо бичигдсэн цаас, Эрхийн улсын бүртгэлийн Y-2204029549 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, ХД-52 дугаар байр, 9 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 67.5 мкв талбайтай, хоёр өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, *******аас 2024.01.05-ны өдөр Д.Оюунгэрэлд олгосон итгэмжлэл, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* болон ******* нарын хооронд 2018.06.20-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Ч.Эрдэнэцогтоос 2018.06.19-ний өдөр байрны мөнгө утгаар *******д 52,800,000 төгрөг, 1,200,000 төгрөг тус тус шилжүүлсэн Хаан банк ХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.28-ны өдрийн 101/ШШ2023/05249 дугаар шийдвэр, Э.Мөнхжин, Э.Мөнх-Ундрал, Э.Мөнх-Оргил, Э.Төгсжаргал, Э.Нарангоо, Э.Аззаяа нарын төрсний гэрчилгээний хуулбар, *******аас 2024.01.05-ны өдөр Д.Оюунгэрэлд, 2024.09.11-ний өдөр О.Оюунтуяад, 2025.01.09-ний өдөр *******д олгосон итгэмжлэл, өмгөөлөгч Х.Батбаатарыг оролцуулах хүсэлт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөлөгч Б.Даваадоржийг оролцуулах хүсэлт, өмгөөлөгч *******ыг оролцуулах хүсэлт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023.12.07-ны өдөр Хаан банк ХК болон ******* нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, /1 хх 40-45, 47-48, 52, 3 хх 1-16, 31, 34, 38, 60, 83,107-114/
6в. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн, Эрхийн улсын бүртгэлийн Y-2204029549 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, ХД-52 дугаар байр, 9 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 67.5 мкв талбайтай, хоёр өрөө үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой баримтууд, Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн, 0199 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой баримтууд, Ч.Эрдэнэцогтын Хаан банк ХК-ийн эзэмшдэг болон эзэмшиж байсан дансны мэдээлэл, Капитрон банкнаас ирүүлсэн, *******гин тоот харилцах болон зээлийн дансны хуулга, эргэн төлөлтийн хуваарь, Ю.Уртнасан, Ю.Галбадрах нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, /1хх 66-197, 220-241, 2 хх 50-72, 88-245, 3 хх 69-79, 86-93/ зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан,
Талуудын хооронд 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Эрхийн улсын бүртгэлийн Y-2204029549 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, ХД-52 дугаар байр, 9 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 67.5 мкв талбайтай, хоёр өрөө, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж, өмчлөгчөөр бүртгэхийг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.
2. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
3. Нэхэмжлэгч нь шаардлагынхаа үндэслэлийг ... орон сууцны өмчлөх эрхийг зээлийн гэрээний үүрэгт барьцаалах зорилгоор дүр үзүүлэн, гэр бүлийн гишүүний зөвшөөрөлгүйгээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох, өмчлөгчөөр бүртгүүлэх нь үндэслэлтэй гэж тайлбарласан.
Хариуцагч нь татгалзлын үндэслэлийг...талуудын хооронд 2018.06.20-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдаагүй тул дүр үзүүлсэн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэж үзэн хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтаар, Эрхийн улсын бүртгэлийн Y-2204029549 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, ХД-52 дугаар байр, 9 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 67.5 мкв талбайтай, хоёр өрөө, орон сууц нь 2010.04.29-ний өдөр Б.Чүлтэмийн өмчлөлд /1хх 66-96/,
-2011.05.27-ны өдөр Б.Чүлтэм болон ******* нарын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу 2011.05.27-ны өдөр *******ын өмчлөлд /хх 98-100/,
-2013.06.21-ний өдөр ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан Орон сууцны бэлэглэлийн гэрээ-ний дагуу 2013.07.04-ний өдөр *******гийн өмчлөлд /1хх 101-150/,
-2018.06.20-ны өдөр ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу 2018.06.21-ний өдөр *******ын өмчлөлд /1хх 153-155/,
-2020.05.15-ны өдөр ******* болон Ю.Уртнасан нарын хооронд байгуулагдсан Өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээ-ний дагуу 2020.05.22-ны өдөр Ю.Уртнасан, ******* нарын өмчлөлд /1 хх 156-161/,
-2020.07.02-ны өдөр ******* болон Ю.Уртнасан нарын хооронд байгуулагдсан Өмчлөгч өөрт ногдох хэсгээ бэлэглэх гэрээ-ний дагуу 2020.07.07-ны өдөр Ю.Уртнасангийн өмчлөлд /1 хх 162-167/,
-2021.03.05-ны өдөр Ю.Уртнасан болон ******* нарын хооронд байгуулагдсан Өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээ-ний дагуу 2021.03.05-ны өдөр Ю.Уртнасан, ******* нарын өмчлөлд /1 хх 168-177/,
-2021.03.05-ны өдөр Ю.Уртнасан болон ******* нарын хооронд байгуулагдсан Өмчлөгч өөрт ногдох хэсгээ бэлэглэх гэрээ-ний дагуу 2021.03.05-ны өдөр *******ын өмчлөлд /1 хх 177-183/,
-2023.12.07-ны өдөр Хаан банк ХК болон зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч Шинэ түрлэг ХХК, Ч.Эрдэнэцогт нарын хооронд 36 сарын хугацаатай, 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хангах арга болгож байгуулагдсан барьцааны гэрээ тус тус бүртгэгдсэн байна. /1 хх 183-210, 3 хх 109-114/
4а. Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтаар, ******* болон ******* нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр маргаж буй орон сууцыг 25,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, энэхүү гэрээний үндсэн дээр 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр *******д өмчлөх эрхийн гэрчилгээ олгогджээ. /1хх 153/
4б. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т :Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаас үзэхэд талууд дээрх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр 2018.06.21-ний өдөр өмчлөх эрх *******д үүсч, өмнөх өмчлөгч *******гийн өмчлөх эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.
4в. Харин хариуцагч *******аас ирүүлсэн, талуудын хооронд мөн өдөр байгуулагдсан 105,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр өмчлөх эрх шилжсэн үйл баримт тогтоогдсонгүй. / 1хх 43/
4г. Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, энэхүү хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр орон сууцны өмчлөх эрх шилжсэн үйл баримт тогтоогдож байна гэж үзэв.
5. Нэхэмжлэгч нь талуудын хооронд 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан орон сууц бэлэглэлийн гэрээг шүүхэд баримтаар ирүүлээгүй бөгөөд тэрээр уг гэрээ 1 дүгээр хавтаст хэргийн 104 талд авагдсан гэж тайлбарласан боловч уг гэрээ нь *******аас 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр *******д бэлэглэлийн гэрээгээр орон сууц өмчлөх эрхийг шилжүүлсэн байх ба энэхүү гэрээний үндсэн дээр 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр *******д өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.
5а.Үүнээс үзэхэд уг гэрээг талуудын хооронд 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан орон сууцны бэлэглэлийн гэрээ гэж үзэх үндэслэлгүй, тодруулбал нэхэмжлэгч нь талуудын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотолсонгүй.
6. Дээрх тогтоогдож байгаа үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл, талуудын хооронд орон сууцны бэлэглэлийн гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдохгүй байх тул байгуулагдаагүй гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн, 56.1.8-т заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцох, түүнчлэн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.
7. Иймд хариуцагч *******д холбогдох, талуудын хооронд 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Эрхийн улсын бүртгэлийн Y-2204029549 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, ХД-52 дугаар байр, 9 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 67.5 мкв талбайтай, хоёр өрөө, үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж, өмчлөгчөөр бүртгэхийг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт даалгах тухай, нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
8. ******* нь шаардлыгн үндэслэлээ...Эрхийн улсын бүртгэлийн Y-2204029549 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, ХД-52 дугаар байр, 9 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 67.5 мкв талбайтай, хоёр өрөө, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч тул *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй гэж тайлбарласан.
******* нь таглазлын үндэслэлээ...өөрийн дүүгийн бизнесийг дэмжиж, байраа барьцаанд тавьснаас биш худалдах, бэлэглэх зорилго байгаагүй, байрны мөнгө гэж авч байгаагүй гэж маргасан.
9. Эрхийн улсын бүртгэлийн Y-2204029549 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, ХД-52 дугаар байр, 9 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 67.5 мкв талбайтай, хоёр өрөө, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр *******ыг бүртгэж, түүнд 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 000828246 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байгаагаас үзэхэд түүнийг Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар өмчлөгч гэж үзнэ. /1 хх 183/
10.Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар ******* болон ******* нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, ******* нь гэрээний төлбөр 25,000,000 төгрөгийг *******д бэлнээр төлж дуусгахаар тохиролцсон, энэхүү гэрээний үндсэн дээр 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ******* өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна.
10а. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заасан.
10б. ******* нь маргаж буй орон сууцыг хуульд заасны дагуу өмчлөх эрхтэй, түүнчлэн хуулийн дагуу эзэмших эрхтэй болохыг баримтаар нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
10в. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно, 183 дугаар зүйлийн 183.1-т Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус заасан.
11. Иймд дээрх орон сууцны өмчлөгч ******* болох нь тогтоогдож байх тул түүний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2204029549 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, ХД-52 дугаар байр, 9 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 67.5 мкв талбайтай, хоёр өрөө, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэх тул *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан *******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 573,350 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.1, 116, 118-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 56.5-т заасныг тус тус баримтлан, хариуцагч *******д холбогдох, талуудын хооронд 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Эрхийн улсын бүртгэлийн Y-2204029549 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, ХД-52 дугаар байр, 9 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 67.5 мкв талбайтай, хоёр өрөө, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж, өмчлөгчөөр бүртгэхийг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт даалгах тухай, нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан *******ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Y-2204029549 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, ХД-52 дугаар байр, 9 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 67.5 мкв талбайтай, хоёр өрөө, үл хөдлөх эд хөрөнгийг *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2023/00317 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан *******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 573,350 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ