2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/02943

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 08 191/ШШ2025/02943

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, шүүгч Д.Ганболд, шүүгч Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 39 дүгээр гудамж, 464 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Доржсүрэнгийн ******* /рд:ХМ79110500/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байр, 123 тоот хаягт оршин суух, Алтжин овогт Цэдэвийн ******* /рд:ЧО79101502/-т холбогдох,

 

Гэм хорын хохиролд 4,963,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Хариуцагчийн өмгөөлөгч ******* /Ү№1377/,

Иргэдийн төлөөлөгч *******, *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон үндэслэл, шаардлагыг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн миний хүү *******ийг 2023.10.11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 72 дугаар сургууль дотор ******* нь шатан дээр зөрөхдөө мөргөлөө гэсэн шалтгаанаар нүүрэн тус газар цохиж зодсон. Үүний улмаас хүү *******ийн зүүн доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын хоёр талын зөрүүтэй нийлмэл хугаралтай, хамрын таславч зөрүү багатай хугаралтай, хамар уруул, баруун хацар хэсэгт зөөлөн эдийн хаван хавдартай, уруул завжинд язарсан шарх, дух эрүүнд зулгарал бүхий гэмтлийг эрүүл мэндэд нь санаатайгаар хохирол учруулсан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2024.04.23-ны өдрийн №12 дугаартай прокурорын тогтоолоор өсвөр насны яллагдагч *******од холбогдох 2311020490427 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.6 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

Тус тогтоолоор хохирогч *******т учирсан эмчилгээний зардал гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу насанд хүрээгүй *******ын хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч *******аас гэм хорын хохирол нэхэмжилсэн.

Хамрын ясны хугарлыг нь насанд хүрсэн үед нь хийх шаардлагатай гэсэн үүднээс хойшлуулсан байсан боловч одоо зайлшгүй хийх шаардлагатай болсон тул хийлгэхээс өөр аргагүй болсон. Учир нь үнэр мэдрэхгүй, хүчилтөрөгчийн дутагдалд орсон, эмнэлэгт үзүүлж мэс ажилбар хйилгэх боломжтой гэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй. Түүнээс гадна хүү маань 2 жил шүдний аппарат зүүсэн, дөнгөж аппаратаа авахуулсан үедээ хамар руугаа цохиулснаас шүднүүд нь хөдөлгөөнд орж дахин чиг тавьж эмчлүүлсэн. Бусад ингэж цохиулаагүй байсан бол шүдийг дахин эмчлүүлэх шаардлага байгаагүй болно.

Иймд эмчилгээ хийлгэсэн зардал 950,000 төгрөг, цаашид ЭМЖЖ эмнэлэгт хамар ясны хугарал засах, хамрын таславчийг тэгшлэх мэс засал хийлгэх заалттай тул уг ажилбарын төлбөр болох 3,993,960 төгрөг, хэргийн материалын хуулбар авахад төлсөн 20,000 төгрөг, нийт 4,963,960 төгрөгийг *******ын ээж *******аас гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч ******* нь хариу тайлбартаа болон өмгөөлөгч ******* нь татгалзлын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн ******* миний бие Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шаны шүүхэд *******ын нэхэмжлэлтэй, гэм хорын хохиролд 4,963,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад, эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Миний хүү Наранболдын Ариунболд нь 2009 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн бөгөөд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрлах 72 дугаар дунд сургуулийн 9а ангид суралцаж байхдаа 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хичээлийн завсарлагаанаар сургуулийн 2-3 давхарын шатан дээр ангийн хүүхэдтэйгээ юм яриад зогсож байсан. Гэтэл тус сургуулийн 10 дугаар ангийн сурагч ******* хажуугаар нь зөрж өнгөрөхдөө ******* болон түүнтэй цуг зогсож байсан хүүхдийг биеэрээ санаатай мөрлөн мөргөж, улмаар өдөж хоргоон, ал минь гэх зэрэг муухай үгээр хэл амаар доромжлон, хэрүүл маргаан үүсгэсэн байдаг.

Энэ үед ******* нь *******ийг 2 удаа алгадсан, ******* нь *******ын эрүү хэсэгт цохисон, үүний дараа *******ийн ангийн хүүхэд Э.Ганбат нь бусад хүүхдүүдийн хамт *******ыг ангиас нь хүчээр чирч гарган нийлж зодсон.

Ингэж зодуулсны улмаас *******ын биед зүүн доод зовхи, хамрын нурууны цус хуралт, хамрын таславчны мурийлт, эрүүнд зулгаралт бүхий гэмтлийн хөнгөн зэрэг учирсан нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13014 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Дээрх хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 12 дугаар тогтоолоор эрүүгийн 2311020490427 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч гомдол гаргасан. Гомдлын дагуу Улсын ерөнхий прокурорын газрын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/2860 дугаартай албан бичгээр дүүргийн прокурорын дээрх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан" болохыг мэдэгдэж, мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулсан.

Түүнчлэн "Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ? гэдэг шиг гэм хор учирахад *******ийн манай хүүтэй хэрүүл маргаан үүсгэж, хэл амаар доромжилсон үйлдэл нөлөөлсөн, түүнээс гадна тухайн цаг хугацаанд сургуулийн ариун цэврийн өрөөнд өөр хүүхэд *******ийг цохиж зодсон үйл баримт тогтоогдсон, түүнд учруулсан гэмтлийг чухам хэн нь учруулсан нь эргэлзээтэй байдаг.

Гэхдээ уг болсон үйл явдал нь сургуулийн орчинд болсон бөгөөд хүүхдүүд эцэг, эхээсээ хол, сургуулийн захиргааны мэдэлд байхад болсон. Тийм учраас Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.2-д зааснаар 7-14 хүртэлх насны иргэн сургууль, хүүхэд хүмүүжүүлэх болон эрүүл мэндийн байгууллагын шууд хяналтын дор байхдаа бусдад учруулсан гэм хорыг эдгээр хуулийн этгээд хариуцаж арилгана гэж заасан. *******ын хувьд 2023.10.11-ний өдөр төрсөн, тухайн өдөр 13 нас 9 сар, 22 хоногтой, 14 нас хүрээгүй байсныг прокурорын тогтоолд дурдсан байдаг. Өмнөх прокурорын тогтоолыг хүчингүй болгосон нь нас тогтоохдоо алдаа гаргаснаас хүчингүй болсон.

Нэхэмжлэгч нь хариуцагчаа өөрөө тодорхойлох эрхийнхээ хүрээнд хүүхдээс буюу хүүхдийн эцэг, эхээс гэм хорыг нэхэмжилсэн, гэхдээ тухайн үед хүүхдүүд сургуулийн орчинд байсан учраас учирсан гэм хорын хохирлыг сургууль хариуцлагыг бүрэн хариуцах ёстой. Ер нь хүүхдүүд ийм замбараагүй байгаа нь сургуулийн хяналт, хариуцлага сулаас шалтгаалсан гэж үзэж байна.

Мөн хохирлын хувьд хамрын мэс заслын хагалгаа хийлгэх үнэлгээг нэхсэн боловч хүүхэд маань насанд хүрэхээр хийлгэхээр тул ирээдүйд үүсэх хохирол, энэ нь учирсан бодитой хохирол биш байна. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д эд хөрөнгөд учирсан бодит хохирлыг гэм буруутай этгээд хариуцах ёстой, тэрнээс биш ирээдүйд учрах хохирлыг хариуцах боломжгүй. Тухайн үедээ үнэхээр зардал гарсан бол нэхэмжлэх боломжтой.

Бусад зарцуулагдсан гэх зардалд 950,000 төгрөг гэх боловч зарим баримт нь харагдахгүй байх ба харагдаж байгаа баримтыг тооцож үзэхэд 720,000 төгрөг нь хамааралтай, харин шүдний эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэсэн боловч шүдэнд гэмтэл учирсныг гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтэд дурдагдаагүй байгаа. Ер нь хохирлын хэмжээ тогтоогдсон ч гэсэн гэм хорыг сургууль хариуцна гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгч *******, ******* нар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Хариуцагчийн хүү ******* нь бусдын биед гэмтэл учруулсан буруутай тул тэрээр бусдын хүүхдийн эмчлүүлсэн бодит хохирол болох эмчилгээний зардал, хагалгааны төлбөрийг төлөх үүрэгтэй гэж үзэж байна гэв.

 

4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

4а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, *******ийн төрсний гэрчилгээний хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, фото зураг, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл, *******ийн эмжж эмнэлэгийн гэмтлийн тодорхойлолт, *******ийн дүрс оношилгооны шинжилгээний хариу, З.Хонгорзул эмчийн үзлэгийн баримт, шүдний зураг, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл, зарлагын баримтууд, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 12 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоол, Хамрын мэс заслын үнэлгээ, *******ийн дүрс оношилгооны шинжилгээний хариу, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12А Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоол / хх 1-2,3, 4-5, 6, 7-8, 9, 10-13, 14-16, 17-20, 21-25, 26, 27-28, 47-50/,

4б.Хариуцагчаас ирүүлсэн: *******ын хэргийг харъяалалын дагуу шилжүүлэх тухай хүсэлт, *******ын оршин суугаа хаягийн лавлагаа, *******ын төрсний гэрчилгээний дэвтрийн хуулбар, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/2860 тоот Ерөнхий прокурорын хариу мэдэгдэх хуудас, хариу тайлбар, *******ыг өмгөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлт /хх 36, 37, 62, 63, 64-65, 66/ зэргийг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэм хорын хохиролд 4,963,960 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч бүхэлд нь зөвшөөрөхгүй маргасан.

 

2.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

 

3.Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а.Өсвөр насны яллагдагч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 72 дугаар сургууль дотор насанд хүрээгүй *******тэй маргалдсаны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12А тогтоолоор тогтоогдсон. /хх 47-50/

 

3б.Уг тогтоолоор өсвөр насны яллагдагч *******од холбогдох эрүүгийн хэргийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан ял оногдуулах насанд хүрээгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, дээрх тогтоолд талууд гомдол гаргаагүй, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон.

 

3в.Дээр дурдсан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолд ...энэ хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч нар эмчилгээний зардал болон өөрт учирсан гэм хорын хохирлоо яллагдагч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч нараас нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй... болохыг заасан байна.

 

4.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...*******ын гэм буруутай үйлдлийн улмаас *******ийн биед учирсан гэмтлийг эмчлүүлэхэд 950,000 төгрөг, бичиг баримт хуулбарлахад 20,000 төгрөг төлсөн, хамар ясны хугарал засах, хамрын таславч тэгшлэх мэс заслын эмчилгээ хийлгэхэд 3,993,960 төгрөг шаардлагатай, нийт 4,963,960 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.

 

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...ирээдүйд хийгдэх мэс ажилбарын төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй, шүдэнд гэмтэл учирсан нь тогтоогдохгүй байх ба тухайн үйл явдал сургуулийн орчинд болсон учраас учирсан хохирлыг сургууль хариуцан арилгах үүрэгтэй гэж маргасан.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

мөн хуулийн 503 дугаар зүйлийн 503.2-т 7-14 хүртэлх насны иргэн сургууль, хүүхэд хүмүүжүүлэх болон эрүүл мэндийн байгууллагын шууд хяналтын дор байхдаа бусдад учруулсан гэм хорыг эдгээр хуулийн этгээд хариуцан арилгана,

503.5-т Насанд хүрээгүй хүмүүс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах бөгөөд түүний цалин хөлс, орлого, захиран зарцуулах эрхэд нь байгаа хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй бол хүрэлцэхгүй байгаа тэр хэмжээгээр эцэг эх, харгалзан дэмжигч нь нөхөх хариуцлага хүлээнэ гэж тус тус заасан.

 

5а.Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар учирсан хохирлоо шаардахын тулд гэм хор учруулагчийн хууль зөрчсөн үйлдэл /эс үйлдэхүй/, түүнээс үүсэх гэм хор /хохирол/, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулсан этгээдийн гэм буруу тогтоогдсон байхыг шаардана.

 

5б.Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сургуулийг иргэний хариуцагчаар оролцуулаагүй байхаас гадна гэм хор шаардсан хуульд заасан шаардах эрхийн урьдчилсан нөхцөл хангагдсан, тодруулбал ******* нь *******тэй маргалдсаны улмаас бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл, уг үйлдлийн улмаас *******ийн эрүүл мэндэд хохирол учруулсан зэрэг нь хоорондоо шууд шалтгаантай холбоотой болох нь тогтоогдож байх тул тухайн хохирлыг сургууль хариуцах ёстой гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

6.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-т:Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж заажээ.

6а. Нэхэмжлэгч ******* нь 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн *******ийн, хариуцагч ******* нь 2009 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн *******ын хууль ёсны төлөөлөгч болох нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх 5,62/

 

Үүнээс үзэхэд бусдын гэм буруутай үйлдлийн улмаас *******ийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг ******* арилгуулахаар шаардах эрхтэй, харин *******ын гэм буруутай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлыг ******* хариуцан арилгах үүрэгтэй байна.

6б.Энэ гэмт хэргийн улмаас *******ийн биед ...хамар яс, хамрын таславчийн хугарал, духны зулгаралт, уруулын баруун булан, дотор салст, баруун завжинд язарсан шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №13011 дугаартай дүгнэлтээр тогтоосон./хх 48/

 

7.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл болгож ЭМЖЖ эмнэлэг, шүдний болон нүдний эмчид 2023.10.12, 2023.10.13, 2023.10.17-ны өдөр тус тус үзүүлсэн, эмчийн зааврын үндсэн дээр эмчилгээ болон дүрс оношилгоо хийлгэсэн талаарх баримт, үүнтэй холбоотой зардал төлсөн баримт, мэс заслын үнэлгээний талаарх жагсаалт, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын бэлэн мөнгөний орлогын баримт зэргийг шүүхэд ирүүлсэн. /хх 6-8, 10-15, 17-20, 26-28/

7а.Зохигчийн тайлбар, шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан баримт зэргээс үзэхэд *******т учирсан гэмтлийг эмчлүүлэхэд ЭМЖЖ эмнэлэгт төлсөн 325,000 төгрөг, шүдний эмчилгээнд төлсөн 350,000 төгрөг, дүрс оношилгоонд төлсөн 140,000 төгрөг, эм, бусад хэрэгсэл худалдан авсан 49,800 төгрөг, нийт 864,800 төгрөг, түүнчлэн бичиг баримт хуулбарлуулахад 20,000 төгрөг, нийт 884,800 төгрөгийн зардал гаргасан болох нь тогтоогдож байх ба уг зардлыг хариуцагч хариуцан арилгах үүрэгтэй, харин мэс заслын төлбөрт шаардагдах 3,993,960 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй байна.

7б. Нэхэмжлэгч нь *******т мэс заслыг одоо хийлгэхэд 3,993,960 төгрөг шаардлагатай болсныг, хариуцагч нь энэхүү гэмтлийн улмаас шүд эмчлүүлэх шаардлагагүй гэх татгалзсан тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолсонгүй.

 

8.Иймд *******ын гэм буруутай үйлдлийн улмаас *******ийн эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотой баримтаар тогтоогдож буй эмчилгээ хийлгэсэн зардал 864,800 төгрөг, бичиг баримт хуулбарлуулсан зардал 20,000 төгрөг, нийт 884,800 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,079,160 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

9.Шүүх шийдвэрээ гаргахдаа иргэдийн төлөөлөгч нарын гаргасан өөрийн хүүхдийн бусдын биед гэмтэл учруулсан буруутай үйлдлийн улмаас бусдын хүүхдийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг хариуцах үүрэгтэй гэх дүгнэлт гаргасныг харгалзан үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.7гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулах нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,373 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул 884,800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох  25,785 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.5, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 884,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,079,160 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурьдаж, улсын орлогоос 94,373 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 25,785 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ

 

 

 

ШҮҮГЧИД Д.ГАНБОЛД

 

 

 

Д.ЯНЖИНДУЛАМ