| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2016/0295/Э |
| Дугаар | 308 |
| Огноо | 2018-04-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 308
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч М.Амарзаяа,
Шүүгдэгч Ц.Бнарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Ц.Б холбогдох 1808005980314 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 23 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эцэг, эх, дүү нарын хамт
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Бнь 2018 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Т.Н гэртээ орох гэж байхад нь “чи хаашаа яваад ирж байгаа юм” гэж маргалдан нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Ц.Бнь 2018 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Т.Н гэртээ орох гэж байхад нь “чи хаашаа яваад ирж байгаа юм” гэж маргалдан нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- гэмт хэргийн талаарх өргөдөл, гомдол /хх-6/,
- хохирогч Т.Нмөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2018 оны 01 дүгээр сарын 20-ны орой ажил тараад найз Амарсайхантай уулзаад хороололд караоке, пабд суусан. Шөнө 00 цаг өнгөрөөж караокеноос гараад Балжиннямтай гэрийнхээ үүдэнд таарсан. Намайг таксинаас буухад Балжинням гудамжаараа гарч ирж байсан. Намайг “хаачаад ирж байгаа, гичий бэ” гэхээр нь би “чамд ямар хамаатай юм” гээд бид 2 муудалцахад миний миний зүүн талын хацар луу 2-3 удаа алгадаад, зүүн талын гарнаас зуураад байсан. Тэгээд гадаа хэсэг хэрэлдэж зогссон. Нэг хэрэлдэж эхлээд хэрүүл эхлээд тэгсээр байгаад үүр цайлгасан. Тэгээд ажилдаа шууд явсан болохоор ээж “яагаад ирж хоноогүй юм” гэхээр нь “Б намайг зодсон” гэдгээ хэлсэн. Ажлаа тараад ирэхэд аав, ээж 2 миний нүүр, нүд хөхөрсөн байгааг харсан. Нүүрний зүүн тал нүд орчмоор болон зүүн талын гарын бугалга хөхөрсөн байсан. Бгараараа намайг цохиод байсан. Нүд гарын хөхрөлт зүгээр болсон тул ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Надаас ямар нэгэн зардал гараагүй...гэх мэдүүлэг /хх-10/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №1847 дугаартай шинжээчийн:...Т.Н биед баруун зүүн доод зовхи, эрүүний баруун хэсэгт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-21/
- шүүгдэгч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2018 оны 01 дүгээр сарын 20-ны орой 22.00 цагийн гэрээсээ аавынхаа машиныг унаад гарсан. Хааяа нэг уулздаг Н таксинаас бууж таараад очиход нилээн халамцуу байсан. Би “чи хаагуур яваад байгаа юм бэ” гэтэл “чамд ямар хамаатай юм” гэхээр нь өөрийнх нь төлөө хэлж байхад гээд Нямболор луу уурлахад “өөдөөс өрвөлзөөд согтуурхаад” байхаар нь нүүр лүү нь 2-3 удаа баруун зүүн гараараа алгадсан. Тэгээд бид 2 миний машинд өглөө 06 цаг хүртэл хэрэлдэж суусан...гэх мэдүүлэг /хх-51-52/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Ц.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Т.Н гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-34/ гэжээ.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түгээгч ажилтай зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Боногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Бнь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧГ.ГАНБААТАР