Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/191

 

     

 

 

 

  2024             2              8                                          2024/ДШМ/191         

                       

                                                                                         

Ш.А, Б.А, С.Б, Н.Ннарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр  даргалж, шүүгч Б.Батзориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Билгүүн,

шүүгдэгч Ш.А, түүний өмгөөлөгч Д.Буджав,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Баасансүрэн,

шүүгдэгч С.Б, Н.Насанжаргал, тэдгээрийн өмгөөлөгч Д.Ганбаатар,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч А.Мөнхсайхан, Г.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/1026 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Э, Л.О нарын хамтран гаргасан, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар, шүүгдэгч Ш.А, түүний өмгөөлөгч Ж.Буджав нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Ш.А, Б.А, С.Б, Н.Ннарт холбогдох 2309000000339 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Цагаагчууд овгийн Б.А, 1980 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .....................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч .................... тоотод оршин суух, /РД:......................./;

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 406 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2002 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгэж, 2006 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 344 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 6 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.5 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар, мөн хуулийн  тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялуудыг хүндэд нь багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 10 жилийн хугацаагаар тогтоож, Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 171 дүгээр шүүгчийн захирамжаар 7 жилийн хорих ял болгон өөрчилж, эдлээгүй үлдсэн 8 сарын хорих ялаас 2012 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2. Боржигон овгийн Ш.А, 1976 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ..............................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:............................../;

Баянгол дүүргийн шүүхийн 1996 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 126 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял тус тус оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг нь хүндэд нь багтаан 3 жилийн хорих ялаар тогтоосон.

Хархорин дахь сум дундын 2 дугаар шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 15 хоногийг нэмж нэгтгэн 2 жил 10 сар 15 хоногийн хорих ялаар тогтоосон,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 113 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нэмж нэгтгэн 4 жилийн хорих ял оногдуулж, эдлээгүй үлдсэн 8 сар 23 хоногийг хорих ялаас 2004 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 202 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж, 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  3 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн  91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар 17 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 17 жилийн хугацаагаар тогтоож, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 117 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил 4 сар 26 хоногийн хорих ял болгон өөрчилж, 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

3. Боржигон овгийн С.Б, 1977 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ......................тоотод оршин суух хаягтай боловч ................... тоотод оршин суух, /РД:.................../;

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 368 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн,  

Баянзүрх дүүргийн шүүхййн 2006 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаа 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 368 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 15 хоногийн зарим болох 4 сарын ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг  1 жил 4 сарын хугацаагаар тогтоож, 2007 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 23А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 150.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлээгүй үлдсэн 8 сар 10 хоногийн хорих ялаас 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

4. Агь овгийн Н.Н, 1983 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, иргэний үнэмлэхийн лавлагаагаар ................гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ................... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.................../;

Шүүгдэгч Б.А, Ш.А, С.Б нар нь бүлэглэж, 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 17 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Рашааны гудамжны автобусны буудлын орчим хохирогч Б.Э, Л.О нарт хүч хэрэглэн сүхийг зэвсгийн чанартай хэрэглэж, Б.Эын эзэмшлийн 220.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung А20” загварын гар утсыг дээрэмдэн авсан,

мөн шүүгдэгч Н.Ннь 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, “Зуслан” гэх нэртэй супермаркетад гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр Б.Эын эзэмшлийн “Samsung А20” загварын гар утсыг эдийн засгийн гүйлгээнд оруулж ашигласан буюу бусдад 30.000 төгрөгийн барьцаанд тавьсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.А, Ш.А, С.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар, Н.Насанжаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.А, Ш.А, С.Б нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Н.Насанжаргалыг “шүүгдэгч Ш.А, Б.А, С.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэмт хэрэг буюу энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж авсан, ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2- д зааснаар шүүгдэгч Ш.Ад 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар шүүгдэгч С.Б, Б.А нарт тус бүр 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Насанжаргалд 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А, С.Б, Б.А нарт тус бүрт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Насанжаргалыг Дорноговь аймгийн нутаг дэвсгэрээс өөр газарт явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Насанжаргалын цагдан хоригдсон 58 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасаж нийт 11 сар 02 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биечлэн эдлэх хэмжээг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Агийн цагдан хоригдсон 245 хоног, шүүгдэгч С.Бын цагдан хоригдсон 244 хоног, шүүгдэгч Б.Аийн цагдан хоригдсон 89 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хэрэгт хураагдан ирсэн сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Б.Хуягбаатарт буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 30.000 төгрөгийг шүүгдэгч Н.Насанжаргалын хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.А, С.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Н.Насанжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ннь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас зайлсхийсэн, биелүүлээгүй тохиолдолд ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогч Л.О, Б.Э нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.А нь хохирогч бидэнд ямар нэгэн заналхийлсэн үг хэллэг, үйлдэл гаргалгүй зөвхөн бусад оролцогч болон бидний хоорондын үл ойлголцлыг харилцааны хүндрэл, гаргахаас сэргийлэн таслан зогсоосон байхад шүүхээс олон жилийн хорих ял оногдуулсанд туйлаас их харамсаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд, мөн шүүх хуралдаанд оролцож мэдүүлэг өгөхдөө ч бидний зүгээс Б.Аийн талаар үнэн зөв мэдүүлэхийг хичээж ирсэн ба бидний хууль зүйн мэдлэг хомс, хэргийн үйл баримтыг үнэн бодитоор шийднэ хэмээн итгэж явсны улмаас мөрдөн шалгах ажиллагааны үеэр мөрдөгчийн хөтөлж авсан болон уншиж танилцуулалгүйгээр гарын үсэг зурсан, илт ташааруулсан агуулга үг хэллэгтэй, бараг зохиомол гэмээр мэдүүлэг, гэмгүй нэгний амьдралд ийм хортойгоор нөлөөлсөнд хуулийн байгууллагуудыг шударга ажиллагаанд итгэж явсан бид нарт тун харамсалтай байна.

Иймд хэрэгт мөрдөн шалгаж, хяналт тавьсан хуулийн байгууллагуудын нэг талыг барьсан хариуцлагагүй ажиллагаанаас шалтгаалж анхан шатны шүүхээс илт хоморголон хамаатуулж анхан шатны шүүхээс хүнд ял сонссон Б.Аийн тухайн үйлдэлд оролцсон үнэн бодит байдлыг зөв тогтоон салгаж, хохирогч бидний эцсийн үнэн зөв мэдүүлгийг үндэслэн шударга шийдвэр гаргаж, нэгэн хүний амьдралыг хамгаалаач хэмээн давж заалдах шатны шүүхэд хандаж буйг хүлээн авч хангаж өгнө үү. Б.Атэй бид одоо болон өмнө ч танил байгаагүй.  Б.А болон түүний гэр бүл, өмгөөлөгчийн зүгээс бидэнд ямарваа нэгэн нөлөө дарамт шахалт үзүүлээгүй бөгөөд зөвхөн энэ хүний хувьд шударга зөв шийдвэр гаргаасай гэсэн иргэн хүний эмзэглэлээр хөндөж буй билээ. Тиймээс ч энэ байр сууриа хамгаалан шаардлагатай тохиолдолд давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоход бэлэн байна. ...” гэжээ.

            Шүүгдэгч Б.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч гэх Б.Э, Л.О, энэ хоёр хүний Б.Э нь Самсунг А20 маркийн гар утсаа алдаж 220.000 төгрөгийн хохирол учирсан гэх энэ хүн хохирогч. Харин Л.О гэх хүнийг яагаад хохирогчоор тогтоосныг ойлгохгүй байна. Энэ хүн 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр биед байсан ямар нэг эд зүйлээ алдаагүй, мөн бие махбод болон эд эрхтэнд нь гэмтэл учраагүй нь тогтоогдсон байхад шүүх хуралд хохирогчоор оролцож байгааг ойлгохгүй байна. Л.О нь тэр өдөр буюу 2023 оны 2 дугаар сарын 7-нд дуудлагаар ирсэн цагдаагийн хажууд энэ хэргийн гэрч А.Аянберген гэж залууг цохисон, уруулаас нь цус гаргаж байсан. Цагдаа өөрөө дундуур нь орж салгасан /хх 106/ казак залууг цохисон гэсэн тэмдэглэл, Л.О гэх хүн хохирогч мөн үү. Мөн энэ хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг арилгахад өндөр ач холбогдох өгөх нэгэн зүйл нь дуудлагаар очсон цагдаагийн энгэрийн камерын бичлэг. Энэ бичлэгийг хэрэгт хавсаргаагүй. Яагаад хэрэгт хавсаргах боломжгүй гэснийг гайхаж байна. Учир нь, бүх зүйл тэр энгэрийн камерт бичигдсэн байх ёстой. Тэр үед цаг эрт байсан, 15-16 цагийн үед бүх зүйл тодорхой бичигдсэн. Камерын бичлэгийн талаар гэрч Батзоригийн мэдүүлэг, мөн миний бие 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс 5 дугаар сарын 8-ны өдрийн хооронд 3 сар цагдан хоригдсон хугацаанд мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн. Энэ хэрэгт өөрийн оролцоогүйг нотлохын тулд прокурор Ц.Төгөлдөрт бичгээр 3 удаа, мөн батлан даалтад байхдаа 2 удаа /хх 165-166, 168-169, 177-178/ хүсэлт гаргаж байсан. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нар мэдүүлэхдээ С.Б гэж залуу нь цамцаа сөхөөд сүх харуулсан. Тэгээд айгаад зугтаасан гэж хэлсэн. Шүүгч асуусан, “та анх хоолойд нь сүх тулгаад утас дээрэмдсэн гэж хэлсэн байна” гэхэд хохирогч “үгүй би тийм мэдүүлэг өгөөгүй” гэж хэлсэн. Мөн хохирогч Б.Эаас шүүгдэгч Ш.Агийн өмгөөлөгч Д.Буджав шүүхийн хэлэлцүүлэгт таны хоолойд сүх тулгасан уу, таныг дарамталж айлгасан уу, таныг боосон уу гэхэд үгүй гэсэн.  Харин таны гар утсыг Ш.А яаж авсан бэ гэхэд зүгээр миний энгэрээс барьж байгаад кармаа тэмтрээд авсан, надад хүч хэрэглээгүй гэж хэлсэн. Мөн прокурор Билгүүн нь анх эд мөрийн баримтаар хураагдаж байсан сүхийг шүүхийн хэлэлцүүлгийн үеэр эд мөрийн баримтаар тооцохгүй гэж мэдэгдсэн. Мөрдөн байцаагч нь эхнээсээ нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Шүүгдэгч Н.Насанжаргалыг архины хамааралтайг мэдсээр байж хөтөлж мэдүүлэг авсан байсан. Мөн хохирогчийн анхны мэдүүлэг нэг хүн ярьсан мэт үг үсэг ижилхэн утга агуулга ижил байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт Н.Нболон хоёр хохирогч нар ийм мэдүүлэг өгөөгүй гэдгээ хэлж байсан. Н.Нхэлэхдээ мөрдөн байцаагч намайг сүх олж ир, сүх байсан гэж хэл, үгүй бол хорино гэж дарамталдаг байсан гэж хэлсэн. Анх 2023 оны 2 дугаар сарын 8-нд намайг болон Ш.А бид хоёрыг батлан даалтад гарган гэрээсээ хүн дууд гэсэн. Тэр үед эхнэр гадаа ирсэн байсан. Мөрдөн байцаагч өрөөнөөсөө гараад хэсэг хугацааны дараа ахмад Буянбатын хамт орж ирээд, Буянбат ахмад уурлаад наад хоёроо одоо хорь гэж хэлээд хорьж, уурлаад шоронгийн хулгайчаар нь дуудаад байсныг үнэхээр ойлгоогүй. Миний бие эхнэр Болормаад хэлж авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан. Үүнд мөрдөгч Мөрөн хэт нэг талыг барьсан. Гэрч, хохирогч нарын хэлж яриагүй зүйлийг хэлсэн, ярьсан болгосон. Хохирогч гэх хүмүүс яагаад удаа дараа худал мэдүүлэг өгч, энэ мэт хууль зөрчсөн үйлдлүүд нь миний эсрэг ашиглагдаж, эрх зүйн байдал минь дордож анхан шатны шүүхээс надад 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсанд маш их гомдолтой байна. Авлигатай тэмцэх газар шалгуулахаар өгсөн өргөдөл гомдлын хариуг нь хавтаст хэрэгт хавсаргаж өгнө үү гэж хүсэж байна.

            Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлт хийхдээ энэ бол зэвсэгтэй дээрмийн хэрэг биш байна гэж хэлсэн. Миний бие анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг мөн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэрт маш их гомдож байна. Учир нь, хийгээгүй хэргийнхээ төлөө хүнд зүйл ангиар ийм олон жилийн хорих ял оногдуулж байгаад харамсаж байна. Би хоорондоо маргаж байсан хоёр хүнийг салгасан, өөр надад ямар нэг хууль бус, зүй бус үйлдэл гаргасан зүйл байхгүй. Иймд хэргийн бодит үнэнийг тогтоохын тулд хэргийг тал бүрээс нь сайн нягталж шийдвэрийг үнэн зөвөөр гаргана гэдэгт итгэж байна. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань “мак импеккс” ХХК-д ажилладаг. Бид бусдын адил цалингийн болон автомашины зээлтэй, сар 1.350.000 төгрөгийг банк болон банк бус санхүүгийн байгууллагад төлдөг. Би “UB cab” ХХК-д гэрээт ажилтнаар ажиллаж өдөр 100.000 төгрөгийн орлоготой байсан. Зээлээ эхнэртэйгээ төлөлцөөд гэр бүлийн хэрэглээний мөнгө олдог байсан. Намайг ингэж хилс хэрэгт орж, цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсоноос хойш эхнэр, хүүхдүүд маань үнэхээр хүнд байдалд орж, надад эхнэр хүүхдүүдээс минь өөр хамаатан садан байхгүй. Иймд ар гэрийн минь байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялыг тал бүрээс нь судалж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч С.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн ээдрээтэй байдлыг тогтоож, шалгаж үзээгүй. 2023 оны 2 дугаар сарын 9-ний өглөө 08 цагийн үед Н.Нбид хоёрыг Хуягбаатар ахынд байхад мөрдөн байцаагч дэслэгч Мөрөн орж ирээд Хуягбаатар ахаас сүхээ гаргаад ир гэж хэлж байсан. Ах сүхээ гаргаж ирээд яах гэж байгаа юм бэ гэхэд зургийг нь аваад шалгачихаад буцааж авч ирж өгнө гээд миний нэр болон Н.Насанжаргалын нэрийг асуугаад хамт хэлтэс рүү авч явсан. Очоод надаас байцаалт авсан, би болсон явдлыг үнэн зөвөөр нь хэлсэн. Тэгээд Мөрөн байцаагч гараад явсан. Орой 21:00 цагийн үед ирээд Н.Насанжаргалаас миний эсрэг байцаалт авсан байсан. Намайг маргааш өглөө ирэхдээ нэг сүх аваад ирж чадах уу гэж асуухад нь би юун сүх вэ, манайд сүх байдаггүй. Та Хуягбаатар ахын сүхийг авсан биздээ гэхэд олж ирэхгүй бол чамайг хорино гээд шүүхийн тогтоолоор хорьсон. Би яагаад хорьж байгаа талаар асуухад чи сүх авч ирээгүй гэдэг үндэслэлээр хорилоо гэж хэлсэн. Бид нарын хэлэх үгийг цаг минутаар хориг тавьж бүрэн гүйцэт хэлүүлээгүй. Хохирогч шүүх хуралдаан дээр сүх тулгаагүй, боогоогүй гэж мэдүүлэг өгсөн. Улсын яллагч сүхийг нотлох баримтаар тогтоогоогүй гэж үзэж байхад мөрдөн байцаагч худал хэрэг бүрдүүлсний үндсэн дээр бид дөрвийг тулгаж ялласан. Мөрдөн байцаагч хохирогчийг согтуу байх үед мэдүүлэг авч гарын үсэг зуруулсан. Н.Насанжаргалаас ажлын цаг дууссан байхад бид нарын эсрэг айлган сүрдүүлж мэдүүлэг аваад Н.Насанжаргалыг явуулсан. Мөрдөн байцаагч прокурорын зөвшөөрөлгүй дур мэдэн манай гэр болон амбаарт нэгжлэг хийсэн. Мөрдөн байцаагч өөрөө Хуягбаатарын гэрт нь орж сүхийг авсан. Хуягбаатар шүүх хурал дээр ирж гэрчийн мэдүүлэг өгөхдөө тэр сүх бол гэрээс гардаггүй, ерөөсөө хүн амьтанд өгдөггүй сүх гэж мэдүүлэг өгсөн. Мөрдөн байцаагч над руу 2 удаа өөр өөр байцаагч явуулсан. 2 дугаар сарын 10-нд эхэлж ирсэн байцаагч надад гурван цаас дүүрэн бичсэн юм авч ирээд гарын үсэг зур гэсэн. Би өмгөөлөгчгүй гарын үсэг зурахгүй гэхэд тэгвэл зөвшөөрөхгүй байна гээд биччих гэж надад зааж өгөөд бичүүлээд аваад явсан.

4 дүгээр сарын 11-нд хоёр байцаагч ирээд байцаалт авсан. Би болсон явдлыг үнэн зөвөөр ярьсан. Тэр байцаагч надад өмгөөлөгч авч ирсэн гээд утсаар ярьж нэг эмэгтэй хүн дуудсан. Тэр эмэгтэй миний мэдүүлгийг уншиж өгөөд гарын үсэг зур гэсэн. Би тэр эмэгтэйгээс та шүүх хурал дээр суух юм уу гэхэд тэр эмэгтэй суухгүй гэхэд би гарын үсэг зурахгүй гэсэн. Мөрдөн байцаагч 3 дугаар сарын 6-нд ирж юм бичсэн цаас авч ирээд гарын үсэг зур гэхэд өмгөөлөгч гэсэн гарын үсэгтэй байхаар нь би өмгөөлөгчгүй шүү дээ гэхэд өө би андуурсан байна гээд хоосон цэвэр цагаан цаас гаргаж ирээд энэ дээр гарын үсгээ зурчих гээд гарын үсэг зуруулаад аваад явсан. Бид нарыг баригдах үед Эрүүгийн хоёр цагдаа энгэрийн жижиг камерын бичлэгтэй нэгжлэг хийсэн. Бид нараас юу ч гараагүй, тэгээд Ш.А, Б.А хоёрыг аваад явсан. Намайг гэртээ харь гэсэн. Шүүх хуралдаан дээр камерын бичлэг байгаа гэхэд үүнийг шүүх авч хэлэлцээгүй. ...” гэв.

            Шүүгдэгч Ш.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн ээдрээтэй байдлыг нягталж үзээгүй. Бид нарын хэлэх үгийг цаг минутаар хориг тавьж бүрэн гүйцэт хэлүүлээгүй. Хохирогч нар шүүх хуралдаан дээр сүх тулгаагүй, боогоогүй гэж мэдүүлэг өгсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч гэрч Б.Хуягбаатараас модон иштэй төмөр сүхийг авсан байх боловч түүнийг улсын яллагчаас шүүхийн явцад шинжлэн судлаагүй, яллах дүгнэлтэд нотлох баримтанд тусгаагүй. Анхан шатны шүүх сүхийг нотлох баримт гэж үзээгүй. Мөрдөн байцаагч нь шүүгдэгч Н.Насанжаргалыг согтуу байхад нь мэдүүлэг авсан байдаг. Бас өмгөөлөгчгүй мэдүүлэг болон цагдаагийн хэлтэс дээр 12 цаг байлгаж эрүүдэн шүүсэн. Айлган сүрдүүлж мэдүүлэг авчихаад бид нарыг гэрчлээд байдаг.  Гэрч Г.Батзориг мэдүүлэг өгсөн байдаг. Тухайн үед энгэрийн камерын бичлэг болон өөрийнхөө нүдээр бүх үйл явдлыг харсан гэж гэрчийн мэдүүлэг байдаг ба тэр сүхийг хажууд харсаар байж, яагаад албан үүргээ биелүүлж тэр зодооныг салгаагүй хараад зогсоод байсан. Сүхийг харсаар байж яагаад хурааж аваагүй, заавал сүүлд нь мөрдөн байцаагч гэрчийн гэрээс авсан юм. 30-40 минутын энгэрийн камерын бичлэгийг яагаад хавтаст хэрэгт авхуулаагүй.

            Мөрдөн байцаагч яагаад хохирогч нарын согтуу байхад нь авч явсан бэ, ямар ашиг сонирхлын зөрчилтэй болоод Эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж мэдүүлэг авч биднийг хийгээгүй хэрэгт минь тулгаж яллаж байгаад гомдолтой байна. Хэргийн талаар мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд зөрдөггүй. Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд гэрч, хохирогч нараас шүүхэд өгсөн тайлбар мэдүүлэг зэргээс тухайн цаг мөчид сүх, түүнтэй адилтгах тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл байгаагүй болох нь тогтоогддог. Бид нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 6 жил 5 жил 6 сарын хорих ял оногдуулсан байна. Энэ зүйл анги нь зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж гэж заасан байдаг. Гэтэл сүх гээд байгааг шүүх хуралдаанд дээр нотлох баримт гэж авч үзээгүй улсын яллагчийн зүгээс шинжлэн судлаагүй. Хохирогч, гэрч нарын мэдүүлэг тогтворгүй, хэргийн ээдрээ төвөгтэй байдал бүрэн арилаагүй. Яллах дүгнэлтээ гардан авч танилцаж гарын үсэг зураагүй. Хавтаст хэрэгтээ танилцаагүй байхад хэргийг минь шүүх рүү шилжүүлсэн байдаг. Миний бие 6 жилийн хорих ял авч байгаад харамсаж байна. Намайг энэ хэрэг дээр өмнөх хувийн байдлыг минь харж дүгнэж ялласан. Хууль төлөөлж ажиллаж байгаа цагдаа болон прокурорын байгууллагад гомдолтой байна. Өмнөх хэргийг минь харж энэ хэрэг дээр минь намайг битгий яллаач гэж хүсэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно” гэж заасан байдаг. Мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэж заасан байтал хохирогч нар согтуу, гэрч гээд байгаа  Н.Ннь өмгөөлөгчгүй, мэдүүлэг өгөхдөө согтуу байсан байдаг.  16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан байдаг. Гэтэл зэвсгийн чанартай гээд байгаа тэр сүх гэрэл зураг болон сүхийг таниулж нотлох баримтаар оруулаагүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдон 6 жилийн хорих ял авч байгаадаа дэндүү гомдолтой байна. Миний бие одоо өндөр настай эхийн хамт амьдардаг. Хоригдоод одоо 279 хоног болж байгаа. Нэг ч удаа батлан даалтад гараагүй өдийг хүртэл хоригдоход миний биеийн байдлын хувьд тааруу байна. Яагаад гэвэл цагдан хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэг нь эрүүл  мэндийн даатгал төлөөгүй бол эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх боломжгүй байдаг тул миний бие эрүүл мэндээ эмчлүүлж чадалгүй биеийн зовиуртай өдрүүдийг өнгөрөөж байна. Хөгшин настай эхдээ өдөр бүр санаа зовж, сэтгэл санааны хувьд ч маш их дарамтанд өнгөрөөж байна. Хийгээгүй хэргийнхээ төлөө ингээд хуулийн золиос болж цагдан хорих байранд шаналж өнгөрөөж байгаадаа гомдолтой байна. Миний бие хэдий олон удаа шүүхээр орж яллуулж байсан боловч энэ хэрэг дээр бол үнэхээр өөрийн хийгээгүй үйлдлийн төлөө бүхэл бүтэн 6 жилийн ял авч байгаадаа дэндүү харамсаж байна. Нийгэмд гарч хүн шиг амьдармаар байна. Энэ амьдралаар үнэхээр амьдармааргүй байна. Хүн шиг амьдрах боломж олгож хэргийг минь үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэж миний бие маш их хүсэж бйна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Аийн өмгөөлөгч Д.Баасансүрэн давж заалдах болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгч Ш.А, Б.А, С.Б нар бүлэглэж 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хохирогч Б.Э, Л.О нарыг өдөөн хоргоож, улмаар тэдгээрийн хувцаснаас нь зуурч, хоолойг нь боох зэргээр хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, сүхийг зэвсгийн чанартай хэрэглэж айлган гар утсыг дээрэмдэн авсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов” гэжээ. Хохирогч Б.Эын 2 дугаар сарын 17-ны өдөр хохирогчоор дахин мэдүүлэг өгөхдөө “дунд зэргийн хэмжээтэй модны сүх гаргаж ирээд миний хоолойд тулгаад юмнуудаа гаргаад ир гэж хэлсэн” гэж мэдүүлэг өгсөн байна, энэ талаар ярина уу гэсэн асуултад “би айгаад тэгж мэдүүлэг өгсөн, тэрнээс биш яг хоолойд тулгасан асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг /1хх 79-80/ өгсөн ба шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “сүх хоолойд тулгаж, боосон асуудал байхгүй, тийм мэдүүлэг өгөөгүй’’ гэж тус тус мэдүүлэг өгсөн байхад шүүх хууль зүйн үндэслэлгүй төсөөллөөрөө дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

2. Хохирогч Л.О 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр тухайн асуудал болсны дараа 18:21 минутад анх мэдүүлэг өгчээ. /1хх 67-68/ Дээрх мэдүүлгээс дүгнэхэд хоёр хохирогчийг согтууруулах ундаа хэрэглэсэн байхад мэдүүлэг авсан байна. Түүнчлэн хоолойг нь боогоод заамдсан, сүх гаргаж ирээд Эркагийн хоолойд тулгасан гэх асуудал болоод дууссан нөхцөл байдал байна. Үүний дараа Л.О Эркагийн гэр рүү гүйж очоод ээжийг нь дуудаад гар утас олж ирээд цагдаа дуудсан, түүний дараа удалгүй гар утсыг нь аваад зугтаахдаа хохирогч нарын биед халдаж, айлгаж, хүч хэрэглэсэн үйлдэл гаргаагүй байна.

3. Хохирогч Б.Эын 2 дугаар сарын 7-ны өдөр болон 2 дугаар сарын 17-ны өдөр /1хх 76-77, 80/ өгсөн 2 удаагийн мэдүүлгээр Б.Э нь айгаад өөрөө гар утсаа гаргаж өгсөн эсхүл халзан залуу намайг нэгжээд өмдний халааснаас авсан гэж өөр өөрөөр мэдүүлж байгаа нь тухайн үйл явдал бодитоор болсон гэхэд эргэлзээ төрүүлдэг. Мөн мөрдөгчийн 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө дунд зэргийн хэмжээтэй модны сүх гаргаж ирээд миний хоолойд тулгаад юмнуудаа гаргаад ир гэж мэдүүлэг өгсөн байна. Энэ талаар ярина уу гэхэд “би айгаад тэгж мэдүүлэг өгсөн, тэрнээс биш яг хоолойд  тулгасан асуудал байхгүй” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “2023 оны 2 дугаар сарын 7-нд өгсөн мэдүүлэгт тийм зүйл яриагүй, уусан учир уншихгүй зурсан” гэж хохрогч нарын мэдүүлэг тогтворгүй, агуулгын хувьд зөрүүтэй байхад шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлээгүйд гомдолтой байна.

4. Яллах дүгнэлтэд дурдсан голлох нотлох баримтууд нь хохирогч Л.О, Б.Э, гэрч С.Мөнхгэрэл, Г.Батзориг, Г.Эрдэнэзаяа нарын мэдүүлэг байх бөгөөд хохирогч нараас бусад нь тухайн асуудал болох үед байгаагүй шууд гэрчүүд биш юм. Түүнчлэн хохирогч нарын мэдүүлэг бусад нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдоогүй бөгөөд дуудлагаар ирсэн цагдаа ч тухайн үед сүх байсан гэж нотолж чаддаггүй, хэрэв байсан бол түүнийг хураан авах, олох ажиллагаа хийх, энгэрийн камерын бичлэгээ цагдаадаа туслаад гаргаж өгөх байсан нь тодорхой байдаг.

Харин тухайн асуудлын талаар сайн мэдэх хамгийн эрүүл байсан /хохирогчид цохиулж уруулаас нь цус гарсан/ гэрч А.Аянбергений мэдүүлгийг няцаасан нотлох баримт байхгүй байхад түүний мэдүүлгийг үнэлж, бусад баримтуудтай харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” нь шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгааг харуулж байна.

5. Гэрч Н.Ннь мэдүүлэг өгөхдөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, тухайн үеийн зүйлийг сайн мэдэхгүй байсан ч мөрдөгч асуухаар нь амыг нь дагуулаад хэлсэн гэж мэдүүлдэг. Мөн түүнчлэн тус мэдүүлэгт “...Ш.А болон сахалтай залуу, С.Б бид хэд Зуслан дэлгүүрээс 0.75 литртэй Стандарт архи 2 шил, тэгээд бас ойр зуурын хоолны юм аваад мөнгө нь дууссан. ...тэгээд 20 цагийн үед цагдаа нар ирээд  Ш.А, Б.А нарыг бариад явсан" гэжээ. Гэтэл шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудсаас харахад 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 16:38:59 цагт дуудлага өгөөд, 17:21:19 цагт дуудлага очоод Ш.А, Б.А нарыг дагуулаад аваад явсан байхад 20:00 цагт хамт байсан гэж ярьсан мэдүүлэг үгүйсгэгдэж байна /1хх 48/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүхэлд нь бүрэлдүүлж байдаг тулгуур болсон үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх ёстой. Иймд дээрх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бодитой хянан үзэж хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Б, Н.Ннарын өмгөөлөгч Д.Ганбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч нар 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр болсон хэрэг учралын талаар мэдүүлдэг бөгөөд шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдээс зөрдөггүй, мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрч, хохирогч нараас шүүхэд өгсөн тайлбар, мэдүүлэг зэргээс гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг мөчид сүх, түүнтэй адилтгах тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл байгаагүй болох нь тогтоогддог.  Гэвч шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Н.Насанжаргалын 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг, 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн дуудлагын цагдаа Г.Батзоригийн илтгэх хуудас, мэдүүлэг болон хохирогч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхэд өгсөн зөрүүтэй мэдүүлгүүдэд үндэслэн шүүгдэгч нарт ял оногдуулсанд гомдолтой байна. Тодруулбал,

1. Хохирогч Л.Оы зүгээс гэрч А.Аянбергений биед халдсан тухайгаа үгүйсгэдэг хэдийн боловч дуудлагаар очсон цагдаагийн ахлах дэслэгч Г.Батзоригийн 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлгээр /хх 105-107/,  Мөн гэрч А.Аянбергений 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгт “Зодолдож байсан хохирогч нарыг салгахаар зогсож байсан Ш.Агийн араар тойрч, шар куртиктэй намхан залуу шууд миний зүүн хацар орчимд нэг удаа цохьсон, тэгээд хавирч унагаагаад дээрээс 3-4 удаа цээж рүү болон гуя хэсэг рүү өшиглөсөн” гэх мэдүүлгээр тус тус нотлогддог. /хх 109-110/ Дээрх байдлаар шүүгдэгч нар болон хохирогч нарын хооронд үл ойлголцол болж, улмаар хохирогч Л.Оы зүгээс “Түй май Багануурын шоронгийн пизда яаж ясыг чинь цайруулахыг хараарай” хэмээн занасан болох нь гэрч А.Аянбергений 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгт дурдагдсан. Тэр ч үүднээс мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хохирогч нарын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг гаргуулж хавтаст хэрэгт авхуулсан.

2.  Хохирогч Л.О 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 16 цаг 38 минутад “7-8 хүн сүх барьсан, зодсон” гэх дуудлага өгсөн болох нь хавтас хэрэгт авагдсан “дуудлагын лавлагааны хуудас”-аас харагддаг. /хх 48/ Энэхүү дуудлагад өгүүлсэн “сүх барьсан, дээрэмдүүлсэн, зодсон” гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд нь дараах нотлох баримтуудаар няцаагддаг болно. Үүнд, сүх барьсан гэх үйлдэл нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгчийн зүгээс хохирогч Л.Оаас цагдаад хэдэн удаа дуудлага өгсөн бэ гэхэд эхнийх нь гэрийн гадаа дуудлага өгсөн гэв. Ямар асуудлаар дуудлага өгсөн бэ гэхэд Б.Э утсаа алдсан гэж дуудлага өгсөн гэв. Хохирогч Б.Эаас “цагдаа нар ирсний дараа сүх хайх асуудал дурдагдсан уу” гэхэд цагдаа тийм юм болоогүй, сүхний талаар дурдаагүй гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлийн 25-26 тал/

Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа, ахлах дэслэгч Г.Батзориг, цагдаагийн ахлагч Ганболд нар нь дуудлагаар хэргийн газар ирсэн гэх боловч хохирогч нараас сүхний талаар дурдаагүйгээс цагдаагийн албан хаагчийн зүгээс зэвсгийн чанартай зүйл илрүүлэх ажиллагаа хийгдээгүй. Дуудлагаар хэргийн газарт ирсэн хугацаанд шүүгдэгч нарын биед хийсэн үзлэгээр сүх илрээгүй байдаг. Ахлах дэслэгч Г.Батзориг 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдөр буюу хохирогч нараас 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр гомдол гаргасан өдрийн дараа өдөр “илтгэх хуудас” бичихдээ “хүзүүнд нь сүх тулгаж дээрэмдсэн байсныг олж тогтоосон” гэсэн нь, мөн 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдөр буюу шүүгдэгч, хохирогч нараас гэрч, хохирогчийн мэдүүлгүүд авсны дараа гэрчээр өгсөн мэдүүлэгтээ намайг ална шүү гээд заналхийлээд сүх гаргаад ир гээд араасаа нэг хүнээс сүх гаргаж ирээд утас дээрэмдсэн хүн мөн байна гэсэн” гэж дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эх сурвалжаа нотолдоггүй. /хх 49,105-107/ Гэрч Г.Батзоригийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “цагдаагийн ахлагч 30-40 минутын бичлэг хийсэн” гэх боловч энгэрийн камерын бичлэгийг хавтас хэрэгт авхуулаагүй. Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс дээрх энгэрийн камерын бичлэгийг эд мөрийн баримтаар хавтаст хэрэгт авхуулах хүсэлтээ прокурорын шатанд хяналтын прокурорт, мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр удаа дараа илэрхийлсэн боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийг цагаатгах болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар мэтгэлцэх бололцоог хязгаарласан.

            Хохирогч нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн хохирогчоор 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо “сүх хоолойд тулгасан” гэх утгатай, дахин хохирогчоор өгсөн мэдүүлгүүд нь “Сүхээ дээш өргөөд орилоод байсан” гэх утгатай болж, эцэст нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “сүх хоолойд тулгаагүй, дээш өргөөгүй, зөвхөн өмднөөсөө жаахан гаргасан, эсхүл үзүүлсэн” гэх утгатайгаар нэгэн зэрэг өөрчлөгдсөөр ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хохирогч нар мэдүүлэг өгөх болгондоо хоорондоо үгсэн тохиролцож байсан болох нь, мөн цагдаагийн ахлах дэслэгч Г.Батзоригийн илтгэх хуудас, мэдүүлэг зэрэг нь мөн адил хохирогч нарын мэдүүлгүүдтэй харилцан уялдаатай болох нь илт харагддаг. /хх 49, 67-68, 70-71,76-77, 79-81,105-107/ Хохирогч Э, Л.О нар нь хохирогчоор өгсөн мэдүүлгүүддээ хэрэг учрал болсон өдөр буюу 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Дэнжийн 1000 худалдааны төвөөс хүнсний зүйл цуглуулж, мөн 0,75 л нэг шил архи худалдан авч хохирогч Эын гэрт 14:00 цагийн үед очсон. Архиа хувааж уусны дараа 16:00 орчим гэрээсээ гарсан тухай мэдүүлдэг. Тодруулбал хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байсан эсэх нь эргэлзээтэй байдаг. Хэрэг бүртгэх шатанд хохирогч нарын согтолтын зэргийг тогтоосон тухай нотлох баримт авагдаагүй хэдий боловч хохирогч нарын мэдүүлгээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогддог. /хх 67-68, 70-71, 76-77, 79-81/ Мөн хохирогч нараас цагдаагийн байгууллагад дуудлага өгөхдөө 7-8 хүн байсан гэсэн нь тэдгээрийг хүн тоолох чадваргүй байсан болохыг илтгэж байна.

  Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2023 оны 2 дугаар сарын 9-ний өглөө 08:30 минутын үед мөрдөгч Э.Мөрөн шүүгдэгч С.Б, Н.Ннарыг гэрч Хуягбаатарын гэрт унтаж байх үед нь саатуулж, С.Баас яллагдагчаар татсан мэдүүлэг авахаар, Н.Насанжаргалаас гэрчийн мэдүүлэг авахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст хүргэсэн байдаг.

Шүүгдэгч Н.Насанжаргалаас тухайн өдрийн 20:40 минутад буюу цагдаагийн хэлтэст архины үйлчилгээ гарсны дараа буюу эрүүл болсны дараа мэдүүлэг авах зорилгоор бүтэн 12 цагийн хугацаанд хоол унд, ус өгөлгүйгээр тарчлаан зовоож буюу эрүүдэн шүүх арга барилыг хэрэглэн байж мэдүүлэг авсан байдаг. Шүүгдэгч Н.Ннь шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлэгтээ "... намайг айлгаж байсан, ярихгүй бол хорино гэж байсан, хажуу өрөөнд нь байсан хүмүүс “наадхаа хориоч” гэж байсан, би анх удаа ийм зүйл үзсэн, анх ингэж хэлж байсан, тэрүүгээрэй байгаарай гэж байсан” гэж, мөн даргалагчийн асуултад “юм л бол хорих гээд байсан тул амыг нь дагуулсан”, “сүүлдээ залхаад байсан учир амыг нь дагуулж мэдүүлэг өгсөн” гэж өгүүлсэн нь дээрх нөхцөл байдлыг нотолдог. Шүүгдэгч Н.Насанжаргалын 2023.02.09-ний өдөр өгсөн мэдүүлэг нь эхний хэсэгтээ хөтлөн асуусан шинжийг агуулж, улмаар шүүгдэгчээр өөрөөр нь цааш үргэлжлүүлэн яриулахад цаг хугацааны хувьд болон хэнтэй хаана юу хийж байсан талаараа бодит байдлаас зөрүүтэй өгүүлсэн байдаг. Энэ нэг талаар шүүгдэгч тухайн цаг мөчид гэрчийн мэдүүлэг өгөх чадваргүй байсан болохыг нотлон харуулж байна. /хх 96-97, шүүх хуралдааны тэмдэглэлийн 18-20, 45-46/

Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Н.Насанжаргалыг үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байсан гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй болно. Түүнчлэн шүүгдэгч Н.Насанжаргалаас 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар татсан тогтоол танилцуулж, мэдүүлэг авахдаа 0230 дугаартай өмгөөлөгч А.Гантуяаг байлцуулсан гэх баримтын тухайд. /шүүх хуралдааны тэмдэглэлийн 20-р тал/ Шүүгдэгч Н.Насанжаргалын хувьд А.Гантуяа гэх өмгөөлөгчтэй уулзаж байгаагүй, мэдүүлэг өгөхөд хамт байгаагүй талаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед илэрхийлсэн. Өмгөөлөгч А.Гантуяагийн яллагдагч Н.Насанжаргалтай “Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ” хавтас хэрэгт байдаггүй. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр яллагдагч Н.Насанжаргалд өмгөөлөгч томилуулах хүсэлтийг Хууль зүйн туслалцааны төвд ирүүлснээр Улсын өмгөөлөгч миний бие 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шүүгдэгч Н.Ннь өмгөөлөгчтэй хамт мэдүүлэг өгсөн нь баримтаар нотлогдохгүй байгаа болно.

            Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчийн зүгээс хохирогч нарын мэдүүлэгт дурдагдсан цагаан модон иштэй, жижиг модны сүхийг олж тогтоон, эд мөрийн баримтаар хураан авах ажиллагаагаар гэрч Хуягбаатарын гэрт хадгалагдаж байсан модны жижиг сүхийг 2023.02.09-ний өдөр эд мөрийн баримтаар хураан авсан байдаг. Өмгөөлөгчийн зүгээс тухайн эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болох сүхэнд биологийн шинжилгээ хийлгэх хүсэлтээ хяналтын прокурорт 2023.06.08-ны өдөр, мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шинжилгээ хийлгэх хүсэлтээ 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдөр тус тус гаргасан боловч биологийн болон бусад шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж үзэн хүсэлт хүлээн авахаас татгалзсан. Улмаар шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах үе шатанд прокурорын зүгээс эд мөрийн баримтаар хураагдсан сүхийг шинжлэн судлахаас татгалзсаныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан. Өөрөөр хэлбэл, мөрдөгч нь хэргийн газрын үзлэг, нэгжлэгээр шүүгдэгч нар нь зэвсгийн чанартай зүйл ашиглан гэмт хэрэг үйлдсэн болохыг баримтаар тогтоогоогүй тул шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгчийг цагаатгах болон зүйлчлэл хөнгөрүүлэх байр сууринаас мэтгэлцэх эрхийг хязгаарласан явдал болсон.

“Зодсон” гэх үйлдэл нь хохирогч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шат, нотлох баримт шинжлэн судлах шатанд өгсөн мэдүүлгүүдээр няцаагддаг буюу шүүгдэгч нарын зүгээс хохирогч Э, Л.О нарыг зодох үйлдэл гаргаагүй болох нь тогтоогддог.

3. Шүүгдэгч Н.Насанжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонд дараах үндэслэлээр гомдолтой байна. Шүүгдэгч Н.Ннь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шат болон нотлох баримт шинжлэн судлах шатанд шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “шүүх хуралдаанд байгаа хүмүүсээс Ш.А болон С.Б нараас бусдыг нь таньдаггүй байсан”, “шүүгдэгч Ш.Агаас хадгалж бай гэж хэлээд өгсөн, тухайн утсыг гэмт хэргийн замаар олж авсан болохыг мэдээгүй” талаар, энэ талаар мөн өмнөх мэдүүлгүүддээ дурдсан байдаг. Түүний мэдүүлгүүд нь дараах нотлох баримтуудаар нотлогддог. Үүнд, шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Амгалан “хэрэг учрал болсон газар шүүгдэгч Н.Нбайгаагүй” гэх, шүүгдэгч Алтангэрэлийн “Насанжаргал байгаагүй” гэх, гэрч А.Аянбергений “Насанжаргал тэнд байгаагүй” гэх, хохирогч Б.Э “шүүгдэгч Н.Нбайгаагүй” гэх мэдүүлгүүдээр тус тус шүүгдэгч Н.Ннь хэргийн газар байгаагүй болохыг, харин хохирогч Л.Оы шүүхэд өгсөн мэдүүлгээр “Н.Нбайсан” гэх боловч тэрээр утас алдагдахаас өмнө хэргийн газраас зугтсан байсан талаар, мөн айсандаа хэн хэн байсныг анзаараагүй гэж зөрүүтэй мэдүүлдэг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэх үйлдэл нь няцаагдаж байх тул шүүгдэгч Н.Насанжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан зүйл ангиар яллах хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн шүүгдэгч Н.Насанжаргалын хувьд гэмт хэргийн замаар олж авсан эд зүйл болохыг мэдээгүй, шүүгдэгч Амгалангийн утас гэж ойлгон бусдад барьцаанд тавьсан байдаг. Түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсны улмаас хор уршиг гэм буруугүйгээр үйлдэгдсэн. Иймд шүүгдэгч С.Б нь зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй, бусдыг айлган сүрдүүлсэн гэх үйлдэл гаргаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, мөн шүүгдэгч, хохирогч нараас шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байх тул, мөн шүүгдэгч Н.Насанжаргалын үйлдэл нь гэм буруугүйгээр үйлдэгдсэн байх тул тус тус цагаатгаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...”  гэв.

Шүүгдэгч Ш.Агийн өмгөөлөгч Ж.Буджав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж, мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж тус тус заасан.

Улсын Дээд Шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №13 дугаар тогтоолд:                                          "...Дээрэмдэх гэдэгт бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон аливаа идэвхтэй үйлдлийг ойлгоно. “Довтолсон” гэж бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах зорилгоор илээр эсхүл гэнэдүүлэн (араас нь цохих, хоолой боох гэх мэт) өөр этгээд рүү хүч хэрэглэн халдсаныг хэлнэ. “Амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж” гэдэгт хохирогчийн эсэргүүцлийг дарахад чиглэгдсэн бие махбодын хүчирхийллийн аливаа үйлдэл хийснийг ойлгоно. Хүч хэрэглэсэн тухайн үйлдлийн улмаас бусдын бие махбодод хор уршиг бодитойгоор учраагүй боловч хүч хэрэглэсэн арга нь (хоолой боох, ... гэх мэт) хохирогчийн амь биед нь аюултай нөхцөл байдал бий болгохоор байсан бол дээрх ойлголтод хамааруулж үзнэ. ...” гэж, мөн Улсын Дээд Шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №41 дүгээр тогтоолд: “...Хүч хэрэглэх гэж бие махбодын хүчирхийлэл хийхэд чиглэгдсэн аливаа идэвхтэй үйлдлийг хэлнэ. Хүч хэрэглэхээр заналхийлэх гэдэгт бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор хийсэн сэтгэл санааны хүчирхийллийг ойлгоно. Энэхүү хүчирхийлэл нь идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд гэмт этгээд үүнийг үгээр илэрхийлэхээс гадна биет байдлаар үзүүлсэн байж болно” гэж тус тус албан ёсоор тайлбарласан.

2. 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №1026 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд: Улсын яллагч: Сүх тулгаж, хоолойд нь тулгасан зүйл байна уу гэхэд  шүүгдэгч Ш.А: Тийм зүйл байхгүй. Хэзээ нь боож, хэзээ нь сүх тулгасан юм гэв. /тэмдэглэлийн 11 дэх тал/,

“Шүүгдэгч Б.Аийн өмгөөлөгч Д.Баасансүрэн: Таны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв үү, шүүхийн хэлэлцүүлэгт өгч байгаа мэдүүлэг үнэн зөв үү гэхэд  шүүгдэгч Н.Насанжаргал: Өнөөдрийн ярьсан зүйл үнэн. Учир дутагдалтай ярьсан зүйл байгаа. 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр болсон зүйлийн талаар худлаа ярьсан. Мөрдөн байцаагч намайг өдөржин толгой тархи өвдөж, хоол унд идэж уугаагүй байхад загнаад “ингэж хэлэхгүй бол болохгүй” гэж хэлээд мэдүүлэг авдаг байсан. 2-3 хуудас цаас өгөөд гарын үсгээ зур гэдэг. Тэгээд би гарын үсгээ зураад, юу гэж хэлэх юм бол гарах бол гэж бодоод мэдүүлдэг байсан гэв.

Шүүгдэгч Б.Аийн өмгөөлөгч Д.Баасансүрэн: Та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа мэдүүлэг өгсөн үү гэхэд шүүгдэгч Н.Насанжаргал: Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад мэдүүлэг авдаг байсан гэв” /тэмдэглэлийн 16 дахь тал/,

“Шүүгдэгч Б.Аийн өмгөөлөгч Д.Баасансүрэн: Тухайн өдөр сүх байсан уу гэхэд шүүгдэгч Н.Насанжаргал: Байгаагүй гэв” /тэмдэглэлийн 16-17 дахь тал/,

Даргалагчаас: Танаас мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг авсан байна. Та мэдүүлгээ өмгөөлөгчтэй дэлгэрэнгүй байдлаар өгсөн байна. Таны энэ мэдүүлэг үнэн зөв үү гэхэд шүүгдэгч Н.Насанжаргал: Шүүхийн хэлэлцүүлэгт өнөөдөр мэдүүлж байгаа мэдүүлэг үнэн зөв. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгээ сайн санахгүй байна гэв” /тэмдэглэлийн 20 дахь тал/,

Даргалагчаас: Ийм байдлаар мөрдөгч хандсан бол хууль бус. Түүнийг нотлох баримт байна уу гэхэд шүүгдэгч Н.Насанжаргал: Намайг юм ярихаар загнаад байдаг. Буруу ярьсан юм шиг байна гэж хэлж байсан. Тэгсэн за гэж хэлсэн ч алга болсон гэв” /тэмдэглэлийн 21 дэх тал/,

Хохирогч Л.О: тэгээд нэг шил 0.75 литрийн архи худалдаж аваад Б.Эын гэрт ирээд уусан. ...тэгээд авсан архиа уучхаад ... 0.75 литрийн архи л уусан...гэв. Хохирогч Б.Э: ...Л.Оых Хайлаастад байдаг учир манайд ирсэн. Тэгээд манайд ирээд 0.75 литрийн архи хувааж уугаад, хоол унд идсэн. ...С.Б өврөөсөө сүх гаргаж ирсэн. Гэтэл Л.О цаашаа гүйгээд явсан. Тэгээд Ш.А миний биеийг тэмтэрч байгаад өмдний кармагаас утас аваад “яв пизда минь” гэж хэлж байсан. ... Цохиж, зодсон зүйл байхгүй ... гэв” /Тэмдэглэлийн 21-21 дахь тал/,

Улсын яллагч: Таны мэдүүлэг дээр “нэг нь удирдаж байсан. Энэ хоёрыг алчих, алчих” гэж хэлсэн гэж байна гэхэд хохирогч Л.О: Би тэгж хэлээгүй. С.Б гэдэснээсээ сүх гаргаж ирсэн учир би айгаад зугтаасан гэв.

Улсын яллагч: Таны өмнө хохирогчоор өгсөн мэдүүлэг дээр “сүх тулгасан” гэж байна гэхэд

Хохирогч Л.О: Би тэгж хэлээгүй. Гаргаж ирэхэд л айгаад зугтаасан гэв.

Улсын яллагч: “Б.Эын хоолойд сүх тулгаад, юмнуудаа гаргаад ир гэсэн. Би айгаад ухаан алдлаа гэж хэлээд боолтоо тайлуулсан” гэж байна. Таныг боосон гэж ойлгож болох уу гэхэд хохирогч Л.О: Бид хоёрыг заамдсан гэв.

Улсын яллагч: Таны өмнө өгсөн хохирогчийн мэдүүлэг үнэн зөв үү гэхэд хохирогч Л.О: Би тэгж хэлээгүй. Заамдсан байсан. Гэдэснээсээ сүх гаргаж ирэхээр нь хоолой боогоод байна гэж хэлэхэд тавьсан гэв” /тэмдэглэлийн 22 дахь тал/,

Улсын яллагч: Хохирогч Б.Эаас асууя. Таны хоолойд сүх тулгасан уу гэхэд хохирогч Б.Э: Тийм зүйл байхгүй гэв.

Улсын яллагч: Сүх гаргаж ирсэн асуудал байна уу гэхэд хохирогч Б.Э: Шүүгдэгч С.Б цамцаа сөхөөд сүх үзүүлсэн гэв” /тэмдэглэлийн 22 дахь тал/,

Улсын яллагч: Ш.А таныг ирж мөрөлчихөөд юу гэж хэлсэн бэ гэхэд хохирогч Б.Э: Тэгээд л яваад өгсөн гэв” гэж /Тэмдэглэлийн 23 дахь тал/,

“Шүүгдэгч Б.Аийн өмгөөлөгч Д.Баасансүрэн: Та хэзээ хүзүүнд сүх тулгаж, хэзээ таныг боосон бэ гэхэд хохирогч Б.Э: Сүх тулгасан асуудал байхгүй гэв” /тэмдэглэлийн 23 дахь тал/,

Шүүгдэгч Ш.Агийн өмгөөлөгч Ж.Буджав: ...Тухайн үед шүүгдэгч Ш.А таны биед хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн үү гэхэд хохирогч Б.Э: Байхгүй гэв.

Шүүгдэгч Ш.Агийн өмгөөлөгч Ж.Буджав: Хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл гаргасан уу гэхэд хохирогч Б.Э байхгүй гэв

 

 

Шүүгдэгч Ш.Агийн өмгөөлөгч Ж.Буджав: Тухайн үед Ш.Агийн биед зэвсгийн чанартай зүйл буюу сүх байсан уу гэхэд хохирогч Б.Э: Үгүй гэв” /тэмдэглэлийн 24 дэх тал/,

Шүүгдэгч Н.Насанжаргал, С.Б нарын өмгөөлөгч Д.Ганбаатар: Хэр хэмжээгээр гаргаж ирсэн бэ гэхэд хохирогч Л.О: Куртикнийхээ тэндээс сугалаад л гаргаад ирсэн учир би зугтсан гэв.

Шүүгдэгч Н.Насанжаргал, С.Б нарын өмгөөлөгч Д.Ганбаатар: Сүхний үзүүр гарсан уу гэхэд хохирогч Л.О: Бага хэмжээгээр гарч ирсэн байсан гэв.

Шүүгдэгч Н.Насанжаргал, С.Б нарын өмгөөлөгч Д.Ганбаатар: Сүх далайсан уу гэхэд хохирогч Б.Э: Сүх далайгаагүй. Өмднөөсөө ишийг нь доош харуулсан сүх гаргасан гэв” /Тэмдэглэлийн 25 дахь тал/,

Даргалагчаас: Таны биеийг тэмтэрсэн үү гэхэд хохирогч Б.Э: Тиймээ. Халаас тэмтэрч байсан гэв.

Даргалагчаас: Танд юм хэлсэн үү гэхэд хохирогч Б.Э: Юм хэлээгүй. Тэмтэрч байгаад утас аваад яв гэж хэлсэн гэв.

Даргалагчаас: Таны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр “эд зүйлээ гаргаж өг” гэж хэлсэн гэж мэдүүлсэн байна гэхэд хохирогч Б.Э: Тийм харилцан яриа болоогүй гэв.

Даргалагчаас: Та өөрийнхөө өгсөн мэдүүлгийг уншаагүй юу гэхэд хохирогч Б.Э: Хариулсангүй" /Тэмдэглэлийн 27 дахь тал/,

Улсын яллагч: ... 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр өгсөн мэдүүлэг дээрээ хоолойд сүх тулгасан гэж мэдүүлсэн байна. Ямар учраас ингэж мэдүүлсэн бэ гэхэд хохирогч Л.О: Хоолойд тулгаж байхыг хараагүй. Гаргаж ирэхийг харсан гэв” /Тэмдэглэлийн 42 дахь тал/,

Шүүгдэгч Н.Насанжаргал, С.Б нарын өмгөөлөгч Д.Ганбаатар: Та гэрчийн мэдүүлэг дээрээ “сүх тулгахад утсыг нь гаргаж өгсөн” гэсэн мэдүүлэг байна гэхэд Хохирогч Л.О: Би тэгж яриагүй, гаргаж ирсэн талаар харсан. Айгаад зугтаасан. Сүхний иш нь доошоо харсан байдалтай гаргаж ирсэн гэв.

Шүүгдэгч Н.Насанжаргал, С.Б нарын өмгөөлөгч Д.Ганбаатар: С.Б сүх гаргаад орилсон зүйл байна уу гэхэд хохирогч Л.Насанжаргал: Намайг зугтсаны дараа Б.Э орилсон байх гэв.

Шүүгдэгч Н.Насанжаргал, С.Б нарын өмгөөлөгч Д.Ганбаатар... Таны утсыг хэрхэн авсан бэ гэхэд хохирогч Б.Э: Халаас нэгжиж байгаад авсан гэв.

Шүүгдэгч Н.Насанжаргал, С.Б нарын өмгөөлөгч Д.Ганбаатар: Та мэдүүлэгтэйгээ уншиж танилцсан уу гэхэд хохирогч Б.Э: 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр өгсөн мэдүүлэг дээрээ жоохон уусан байсан учир хэргийн материалтай танилцаагүй гэв” /тэмдэглэлийн 43-44 дэх тал/,

Шүүгдэгч Ш.Агийн өмгөөлөгч Ж.Буджав: ...Ш.А таныг боосон уу гэхэд хохирогч Б.Э: Боогоогүй гэв.

Шүүгдэгч Ш.Агийн өмгөөлөгч Ж.Буджав: Таныг эд зүйлээ өгөхийг шаардсан уу гэхэд хохирогч Б.Э: Үгүй, тэмтрээд авсан. Тэгээд яв гэж хэлсэн гэв” /Тэмдэглэлийн 45 дахь тал/,

Даргалагчаас: Шүүгдэгч Н.Насанжаргалаас асууя. Яллагдагчаар өгсөн мэдүүлгийг дэлгэрэнгүйгээр мэдүүлсэн байна. Таныг болсон асуудлыг дүгнэх чадвартай гэж хэлсэн байна. Мөрдөгч энэ мэдүүлгийг зохиож бичнэ гэж байх уу гэхэд шүүгдэгч Н.Насанжаргал: Ерөнхийдөө үнэн. Сүх байгаагүй. Тэрийг хараагүй. Сүүлдээ залхаад байсан учир амыг нь дагуулаад мэдүүлэг өгсөн гэв” /тэмдэглэлийн 46 дахь тал/ тус тус тэмдэглэгджээ.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, хариулсан дээрх мэдүүлгүүдийг харьцуулан шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийж байна. 2 дугаар сарын 7-ны өдрийн 17 цагийн үе бол монгол орны байгаль цаг улирлын онцлогтой уялдан эрт харанхуй бүрий болж үзэгдэх орчин хязгаарлагддаг цаг хугацаа байдаг ба тухайн үед хохирогч Б.Э, Л.О нар 0.75 литр согтууруулах ундааг хувааж уусан байсан гэж мэдүүлдэг ба шүүгдэгч С.Бын өмдөнд ишийг нь доош харуулсан сүх байсан бөгөөд сүхний үзүүр бага хэмжээгээр гарч ирсэн гэж мэдүүлдэг. Хэрэв өмднөөсөө ишийг нь доош харуулсан сүхийг “сугалаад гаргаад ирсэн” нь үнэн бол сүхний үзүүр буюу ажлын хэсэг нь хамгийн түрүүнд бүрэн гарч ирэх байсан гэж үзэж байна.

Үзэгдэх орчин хязгаарлагдмал орчин нөхцөлд 0.375 литр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч /0.75 литр-2хүн=1 хүн 0.375 литр согтууруулах ундаа хэрэглэсэн/ болж буй үйл явдлыг бүрэн бодитой ухамсарласан эсэхэд эргэлзээ1 төрж байгаа тул хохирогчдын мэдүүлэг бусад шууд нотлох баримтаар зайлшгүй магадлагдаж байгаа тохиолдолд түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх нь “хэргийн бодит байдлыг тогтоох” зарчимд нийцнэ гэж үзэж байна. Тухайн үед шүүгдэгч нарын хэн алины биед ямар нэгэн сүх байгаагүй үйл баримт тогтоогдож байх ба хохирогчийн “...шүүгдэгч С.Бын биед сүх байсан...” гэх агуулга бүхий мэдүүлэг бусад шууд нотлох баримтаар магадлагдахгүй буюу тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ. Шүүх хуралдаанд хохирогч Б.Э, Л.О нарт хууль сануулж мэдүүлэг, хариулт авсан. Хохирогч болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хариултуудыг харьцуулан шинжлэн судлахад “шүүгдэгч Ш.А нь хохирогч Б.Эын биед ямар нэгэн хүч хэрэглэсэн үйлдэл хийгээгүй, ямар нэгэн байдлаар хүч хэрэглэхээр заналхийлж сүрдүүлээгүй” үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Ш.А нь хохирогч Б.Эын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдов. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/1026 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ш.Ад холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Нтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний өгөөгүй мэдүүлгийг өгсөн мэтээр бичсэн байсан. Би болсон үйл явдлын талаар тодорхой хэмжээгээр мэдэж байгаа. Гэтэл тухайн үед огт болоогүй үйл явдлыг нэмж бичсэн байсан. Мөн би өмгөөлөгч Гантуяа гэх хүнийг огт танихгүй. Гэтэл намайг мэдүүлэг өгөхөд өмгөөлөгч Гантуяаг хамт байлцуулсан. Энэ асуудалтай холбогдуулан Өмгөөлөгчдийн холбоонд гомдол гаргасан. Тухайн үед Ш.А надад гар утас өгсөн. Би урьд нь Ш.Агийн гар утсыг дэлгүүрт 30.000 төгрөгийн барьцаанд тавьж өгч байсан. Тухайн гар утсыг би Ш.Агийнх гэж ойлгож, барьцаанд тавиад маргааш нь авч өгнө гэж бодож байсан. Мөнгөөр нь архи авч уусан минь үнэн. Гэтэл тухайн гар утсыг дээрэмдэж авсан байсныг сүүлд нь мэдсэн. Би тухайн дээрэмдэх гэмт хэрэг болсон гэх газарт байгаагүй. Маргааш нь манайд нэг эмэгтэй ирэхэд минь би Ш.Агийн эхнэр байх гэж айж, ичсэндээ тухайн гар утсыг хаана тавьснаа хэлж, 5.000 төгрөг нэмж төлөөд буцаагаад өгсөн. Ийм л зүйл болсон. Би тухайн гэмт хэрэг гарсан гэх газарт байгаагүй. Тэд гэрээс гарахдаа сүх авч гараагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч намайг “чи хаанаас ч хамаагүй, хүнээс ч хамаагүй тэр сүхийг олж ир” гэж байнга дарамталж байсан. Сүүлдээ би гэртээ байгаа алхыг хүртэл авч очиж харуулсан. Дараа нь би ах Хуягбаатарынхаа гэрт очихдоо далд хийсэн байсан сүхийг нь “надад түр өгчих, шалгаад буцаагаад өгнө” гэж хэлээд мөрдөгчид авчран өгсөн. Үүнд л үндэслэж уг хэрэг үүссэн гэж бодож байна. Хуягбаатар ах бол хүнд эд зүйлээ өгч, хэрэглүүлдэггүй маш хашир хүн байдаг. 2023 оны 2 дугаар сарын 208-ны өдөр Хуягбаатар ах С.Б бид хоёрыг дуудсан. Ингээд бид архи, согтууруулах ундааны зүйл уучихаад тэндээ хоносон. Өглөө нь энгийн хувцастай хүн ирж бид хоёрыг айлгаж, сүрдүүлээд авч явсан. Биднийг өглөөний 08 цагт авч явчихаад оройны 20 цаг 30 минут хүртэл байцаасан. Энэ хугацаанд юу ч идээгүй тул толгой маш их өвдөж байсан. Би татаж, ухаан алддаг өвчтэй. Мэдүүлэг өгчихөөд гэртээ харих гэтэл би автобусны буудал хаана байгааг ч мэдэхгүй, төөрсөн. Миний эрүүл мэндийн байдал маш муу байгаа. Би чихрийн шижингийн /сахарын өвчин/ өвчтэй. Мөн зүрх байнга өвддөг. Архи ууж, өвчин зовлонгоо дардаг. Учир нь, би байнга эм, тариа авах чадалгүй. Одоо ингээд ярихад хүртэл амьсгаадаад хүндрэлтэй байна. Урьд нь би Сэтгэцийн эрүүл мэндийн төвд архины хамааралтайгаар хэвтэн эмчлүүлж байсан. Энэ байдлыг минь далимдуулж, миний өгсөн мэдүүлэгт өөрчлөлт оруулсан. Мөн танихгүй хүнээр гарын үсэг зуруулсан байсан. Тухайн үед надад мэдүүлэгтэйгээ танилцаж, унших тэнхэл байгаагүй. Мөрдөгч “ингэж хэлэхгүй бол болохгүй шүү” гэх мэтээр дарамталж байсан. Ш.А, Б.А, С.Б нар “жоохон айлгах гэсэн биш арай дэгсдүүлчих шиг боллоо” гэж ярьж байхыг би таньдаг, мэддэг хүмүүсээсээ сонссон. ...” гэв.

Прокурор Э.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.А, Ш.А, С.Б нар нь бүлэглэж, 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Рашааны гудамжны автобусны буудлын орчим хохирогч Б.Э, Л.О нарт хүч хэрэглэн сүхийг зэвсгийн чанартай хэрэглэж, Б.Эын эзэмшлийн 220.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung А20” загварын гар утсыг дээрэмдэн авсан үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэж, хохирогчдыг шүүх хуралдаанд оролцуулсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял нь тэдний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Харин шүүгдэгч Н.Насанжаргалын тухайд гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг нуун дарагдуулж, тухайн гар утсыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж бусдад барьцаанд тавьсан гэх үндэслэлээр мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан. Мөн анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нарыг эрүүдэн шүүсэн асуудлыг ярьдаг. Гэвч уг асуудалтай холбогдуулан яллагдагч, түүний өмгөөлөгч нараас мөрдөн шалгах ажиллагааны шатанд холбогдох эрх бүхий байгууллагад ямар нэгэн гомдол гаргаагүй. Мөн энэ талаар баримтыг гаргаж өгөөгүй. Мөн шүүгдэгч Н.Н“би ийм мэдүүлэг өгөөгүй, миний өгсөн мэдүүлгүүд худлаа мэдүүлэг байна” гэдэг. Н.Ннь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар маш тодорхой мэдүүлсэн. Тухайн мэдүүлгийг мөрдөгч өөрчилж, хууль бус үйлдэл гаргасан зүйл байхгүй. Уг хэргийн анхан шатны шүүх хуралдаан маш олон удаа хойшилсон. Хохирогчдын зүгээс “анхан шатны шүүх хуралдаанд оролцохгүй, бид яллагдагч нараас айж байна” гэж илэрхийлсэн боловч хохирогчдыг шүүх хуралдаанд оролцуулсан. Мөн хохирогчдын мэдүүлгийг зөрүүтэй гэж тайлбарлаж байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад хохирогчдын өгсөн мэдүүлэгтээ холбогдуулан эргэлзээтэй нөхцөл байдлуудыг тодруулж, асуусан. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.Агийн эхнэр Болормаа гэрчээр оролцохдоо шүүгдэгч Н.Насанжаргалын тухайн гар утсыг хэрхэн авч, өгсөн талаар тодорхой мэдүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Иймд шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

1.Шүүгдэгч Б.А, Ш.А, С.Б нар нь бүлэглэж, 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 17 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Рашааны гудамжны автобусны буудлын орчим хохирогч Б.Э, Л.О нарт хүч хэрэглэн сүхийг зэвсгийн чанартай хэрэглэж, Б.Эын эзэмшлийн 220.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung А20” загварын гар утсыг дээрэмдэн авсан болох нь:

хохирогч Л.Оы "...би харихаар болоод намайг найз Э 5 буудлын автобусны буудал руу дөхүүлж өгнө гээд хамт явж байсан чинь 2 өндөр хүн явж байсан. Нэг нь халзан, нөгөө нь сахалтай хүн байсан. Бид хоёрыг дуудсан чинь бид хоёр сонсоогүй юм шиг явж байсан чинь бид хоёрыг дахиж дуудаад Б.Эыг халзан өндөр нь татсан, тэр хоёр согтуу байсан. Би “адилхан уучихсан юм чинь маргалдаад яах юм бэ, би найзыгаа аваад явчихъя” гээд аваад гэр рүү нь явсан чинь араас ирээд улбар шар өнгийн хашааны хажууд бид хоёрыг тэр хоёр бариад авсан. Нөгөө хоёр хүний хамт явж байсан 4 хүн тэр хоёрын ард бөөгнөрөөд зогссон байсан. Намайг сахалтай том биетэй урт бор савхитай хүн нь заамдаад миний хоолойг боогоод хашаанд шахсан. Харин Б.Эыг халзан богино бор савхитай хүн нь заамдаад хашаанд шахчихсан байсан. Тэр халзан нь нөгөө “сүхээ гаргаад ир” гэж хэлсэн. Тэгсэн чинь ард нь зогсож байсан нэг уртавтар хар бараан куртиктэй өндөр нь 160-165 см орчим өндөртэй хүн куртикээ дээшлүүлээд модон иштэй төмөр дунд оврын хэмжээтэй сүх гаргаж ирэхээр нь би айгаад нөгөө сахалтай залууд миний хоолойг боогоод байхаар нь “жаахан суллачих” гэж хэлсэн чинь гараа сулласан. Би шууд гарыг нь татаж салгаад шууд зугтаад Б.Эын гэрт орж ирээд ээжийг нь шууд дагуулаад гараад ирсэн. Тэгсэн чинь Б.Э миний өөдөөс ирж байсан. Би юу болсон талаар асуусан чинь “миний утсыг аваад явчихлаа, цагдаа дууд гэж хэлсэн. ...” /1хх 68, 71/,

хохирогч Б.Эын "... Л.О харилаа” гэхээр нь би дөхүүлж өгье гээд бид хоёр хамт гараад гэрээс баруун урагшаа гол дагуу явж байсан чинь бид хоёрын зүүн урд хэсгээс хоёр хоёроороо нийт 6 хүн цуваад гарч ирсэн. Бид хоёр руу бор савхитай өндөр халзан, тэгээд бас сахалтай, борх урт савхитай хоёр эрэгтэй хүн ирээд бид хоёр руу томроод “ална шүү, пизда минь хэн бэ, та хоёр” гээд байсан. Тэгэхээр нь Л.О “адилхан согтуу хүмүүс байж болиочдээ” гэсэн чинь “хуцаад байгаарай” гэхээр нь бид хоёр зугтаасан. Тэгээд манай гэрийн баруун урд буланд байдаг улбар шар өнгөтэй хашааны тэнд нөгөө хоёр эрэгтэйд баригдсан. Намайг халзан залуу нь барьж аваад заамдаад хашаанд шахаад байж байсан чинь Л.Оыг сахалтай өндөр залуу нь ирээд заамдаад хоолойг нь боогоод хашаанд шахсан. Тэгээд байж байсан чинь халзан залуу нь “сүх гаргаад ир” гэсэн чинь тэр хоёрын ард байсан намхан бор царайтай туранхай хар бараан куртиктэй эрэгтэй дунд зэргийн хэмжээтэй модон иштэй сүхийг куртикээ сөхөөд гаргаад ирсэн. Тэгсэн чинь Л.О шууд гүйгээд манай гэрийн зүг гүйсэн. Тэгээд байж байсан чинь халзан залуу намайг нэгжээд миний өмдний баруун талын өмдний халааснаас Самсунг А20 загварын гар утсыг маань аваад намайг тавиад “зайл” гэсэн чинь нөгөө сүх гаргаж ирдэг жижигхэн залуу “ална шүү, пизда минь, зайл” гээд сүхээ далайгаад байсан, намайг цохих гэж байгаа юм шиг харагдаад байсан. Намайг “одоо зайл” гээд тэд нар яваад өгсөн. ...” /1хх 77-78/,

гэрч Г.Батзоригийн “...Би тухайн өдөр цагдаагийн ахлагч Ганболдын хамт 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. ... дуудлага мэдээлэлд очиж шалгахад дуудлага өгсөн гэх өндөр нам 2 эрэгтэй хүн “7 буудал руу гол гарах гэж явж байгаад 4, 5 хүнд гар утсаа дээрэмдүүлчихлээ” гэж байсан. Тэгээд тэр хүмүүсийн зарим нь засмал дээр байна. Харин намайг дээрэмдсэн хүмүүс нь энд байхгүй байна. Намайг дээрэмдсэн хүн нь өндөр хүрэн савхин куртиктэй хүн байсан. Яг гар утас авсан гэх хүн нь байхгүй байна гэсэн. Тэгээд тухайн засмал дээр байсан хүмүүс дээр очсон чинь “намайг заамдсан хүн нь энэ байна” гээд сахалтай өндөр залууг зааж байсан. Тэгээд нөгөө сахалтай залууг машиндаа суулгаад дээрэмдүүлсэн гэх газарт нь очсон. Тэндээсээ хохирогч гэх өндөр залууг аваад тэр хавийн айлуудаар орж шалгахад өндөр халзан эрэгтэй айлын хашааны тэнд нуугдаад зогсож байсан. Тэгсэн чинь нөгөө хохирогч залуу “энэ хүн мөн байна. Намайг ална шүү гээд заналхийлээд сүх гаргаад ир” гээд “араасаа нэг хүнээс сүх гаргаж ирээд миний утсыг дээрэмдсэн хүн мөн байна” гэсэн. Тэгээд би тухайн хүнийг аваад сахалтай хүнтэй хамт эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн. ...Би тэнд байсан бүх хүнээс гар утасны талаар асуусан тэгсэн хэн нь ч хариулахгүй байсан. ...” /1хх 105-107/,

гэрч Г.Мөнхгэрэлийн “...2023 оны 02 дугаар сарын 7-ны өдөр байх Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Зуслан супермаркетын ард байдаг түүхий эд авдаг цэг дээрээ ажлаа хийж байсан чинь Насанжаргал гээд эмэгтэй ганцаараа байсан, ирсэн байх. Тухайн үед цаг хэд болж байсныг нь санахгүй байна. Тэгээд надад хар гэртэй, хар цэнхэр өнгөтэй гар утас харуулаад “миний гар утас байгаа юм. Та 40.000 төгрөг өгчих гээд” байсан. Би тухайн хүнийг буцаагаад “40,000 төгрөгөөр авч чадахгүй байх” гээд 30.000 төгрөгөөр авсан. Тэгээд маргааш буцаж ирээд авна гэж хэлээд надаас 30.000 төгрөг бэлнээр аваад явсан. Маргааш нь билүү нөгөөдөр нь өөр нэг 50 орчим насны махлаг эмэгтэй ирээд “танайд Насаа утас тавьсан гэсэн. Би тэр утсыг авах гэсэн юм” гээд байсан. Тэгээд “таны утас мөн үү гэсэн чинь мөн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “нөгөө хүнээ дагуулж ирээд ав” гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй Насанжаргалыг аваад ирсэн. Тэгээд надаас 35,000 төгрөг төлөөд аваад явсан. ...” /1хх 99-100/,

гэрч Х.Болормаагийн “...Батбаярын эхнэр надад хэлэхдээ “тухайн хүмүүс зодолдож байхад би утсыг нь олсон гэж хэлсэн. Зуслан супермаркетын хажуу талын хоёрдогч түүхий эд авдаг цэг дээр 35.000 төгрөгөөр барьцаанд тавьсан, одоо авч чадахгүй мөнгөгүй байна” гэхээр нь би 35.000 төгрөг төлж тухайн утсыг авсан. Самсунг А20 гэх загварын гар утас байсан. ...” /1хх 90/

Шүүгдэгч Б.Аийн яллагдагчаар өгсөн: “...Бид нар нөгөө авсан архиа ууж дуусгаад тэгээд С.Бын гэрээс юм ярьж байгаад бүгдээрээ Дамбын рашаан тал руугаа гараад явж байсан чинь танихгүй хоёр залуу муудалцаад байсан чинь Ш.А очоод тэр хоёрыг салгаад түлхээд байсан. Тэгээд би араас нь Ш.А дээр очоод юун хүмүүс вэ гээд явъя гээд Ш.А аваад явсан. Тэр үед нөгөө С.Бын гэрт байсан хүмүүс араас цуваад ирж байсан. Нөгөө хоёр залууг салгачхаад Дамбын рашааны тэрүүгээр автобусны буудал орох гээд явж байсан чинь цагдаа ирсэн. Тэгээд намайг нэг цагдаа нь суучих гээд нэг хүний утас алга болсон байна, утас нь байна уу гээд асуугаад байсан. Тэгээд тэндээс Ш.А бид хоёрыг машинд суулгаад аваад явсан. Би тухайн өдөр С.Бын гэрт очихоосоо өмнө Ш.А, Пүрвээ, Пүрвээгийн найз нартай 0.75 литрийн архи уусан. Тэгээд тухайн үед мэдүүлэг өгөхдөө зарим зүйлийг нь санахгүй байна гэж мэдүүлэг өгсөн. Би тухайн гар утсыг бол хараагүй, хэн авсан талаар мэдэхгүй байна. Би тийм зэвсгийн чанартай зүйл ашиглаагүй, тийм зүйл байгаагүй. Ш.А бид хоёр эрүүлжүүлэхэд орсон орой С.Б зодсон гэсэн. Эрүүлжүүлэхээс гарахдаа хоносон мөнгө өгөх гээд Ш.А, С.Бтай утсаар ярьсан чинь тэр гар утсыг 30.000 төгрөгөөр тавиад архи уусан гэж байсан. ...” /1хх 8-9/,

Шүүгдэгч Н.Насанжаргалын яллагдагчаар өгсөн “...бид нар цувраад гарсан, тэгээд Дамбын рашааны тийшээ явж байсан чинь өндөр нам хоёр залуу манай тэнд байдаг бөө байдаг айлын гэрээс жоохон урдхан талд байж байсан чинь Амгалан нөгөө сахалтай залуу, тэгээд бас Батбаяр нар очоод муудалцаад байсан. Тэгсэн чинь нөгөө хоёр залуу нь зугтаагаад явсан чинь Амгалан нөгөө сахалтай найзтайгаа хамт очоод бариад аваад муудалцаад зууралдаад зогсож байсан. Нөгөө Амгалангийн найз гээд 2 танихгүй залуу нь бас очсон, тэгээд нэг харсан чинь Амгалангийн найз гээд нэг залуугийн амнаас нь бага зэрэг цус гарсан байсан. Амгалан болон нөгөө сахалтай залуу нар хоорондоо муудалцаад байж байсан чинь Батбаяр нэг модон иштэй дунд зэргийн хэмжээтэй сүх гаргаж ирээд нөгөө хоёр залууг айлгаад “ална” гээд орилоод байсан тэгээд Амгалан сахалтай найздаа нэг утас өгсөн, тэгсэн чинь нөгөө хоёр хохирогч гээд байсан залуучуудын намхан нь зугтаагаад явчихсан. Тэгээд араас нь нөгөө өндөр нь гүйгээд явсан, тэгээд тэр сахалтай залуу нь надад тэр утсыг өгөөд “энийг зар” гээд байхаар нь би “зарж яах юм бэ, би барьцаанд тавиад өгье” гээд хэлээд байж байсан чинь нөгөө хохирогч гээд 2 залуу цагдаатай хамт ирсэн байсан. Тэгээд Амгалан, сахалтай хоёр залууг цагдаа нар аваад явсан, тэгээд би нөгөө утсыг түүхий эд авдаг газар Батбаярын хамт очсон, тэгээд Батбаяр гадаа үлдээд би ороод Мөөгий гээд эгчид 30.000 төгрөгөөр тавиад тэр мөнгөөрөө станцын буудлын тэнд байдаг дэлгүүр ороод 2 стандарт болон бусад хүнсний эд зүйл аваад 2,000 гаран төгрөг буцаагаад хариулт гээд авсан. ...” /1хх 14-20/,

Шүүгдэгч Ш.Агийн яллагдагчаар өгсөн: “...Архиа хувааж уугаад тэндээсээ явахаар болоод рашааны автобусны буудал руу Б.А бид хоёр явж байсан чинь өндөр, нам хоёр залуу хоорондоо зодолдоод байсан. Би түрүүлээд очоод тэр хоёрыг салгасан чинь тэр үед Б.А миний ард байсан. Бид хэдтэй хамт явж байсан казак залуу ирээд байж байсан чинь нөгөө хоёр залуугийн намхан залуу нь та нарт ямар хамаатай юм гээд казак залуугийн нүүр рүү цохисон. Тэгэхээр нь би тэр жижигхэн залуугийн мөрөн дээрээс нь гараараа барьж байгаад татаад хавсарч унагасан. Тэгсэн чинь Б.А намайг боль гээд тэврээд авсан. Нөгөө хоёр хохирогч гэх залуучууд гүйгээд яваад өгсөн. Тэгсэн чинь газар нэг хар өнгөтэй утас байсан, би марк загварын санахгүй, тэр утсыг би аваад саяны хоёр хүний гар утас шүү гээд Н.Насанжаргалд өгсөн. ...надад хавсруулж унадаг залуу ирээд бид хоёрыг дээрэмдчихлээ гээд орилоод байсан. Жижиг бид нартай хамт явж байсан казак залууг цохиод байсан.  Бид нарт зэвсгийн чанартай зүйл байгаагүй. С.Б руу эрүүлжүүлэхийн цагдаагийн дугаараас залгаж Б.А бид хоёр яагаад эрүүлжүүлэхэд орсон талаар асуугаад нөгөө Н.Насанжаргалд өгсөн гар утсыг буцааж өгөөрэй гэж хэлсэн чинь С.Б за гэж хэлж байсан. Би хүмүүсийн эд зүйлийг дээрэмдэж авсан зүйл байхгүй, ямар нэгэн зэвсгийн чанартай зүйл авч яваагүй. ...” /1хх 18-20/,

Шүүгдэгч С.Бын яллагдагчаар өгсөн: “..манай гэрийн ойролцоо голын эрэг дээр хоёр нөхөр хоорондоо зодолдоод байгаа бололтой ноцолдоод байсан. Ш.А тэр хоёрыг салгая  гэж хэлээд явсан. Нөгөө хоёр залуу Ш.А руу дайраад эхэлсэн, салаад явсан нөгөө хоёр хүний өндөр нь үлдээд намхан нь яваад өгсөн. Өндөр залуу нь утас аваад ир гээд орилоод байсан, голын эрэг дээр ноцолдож байхад нь утас нь унасан байсныг Ш.А олж авсан юм шиг байсан, би түүнийг хараагүй. Гэртээ ирээд цагдаа явсны дараа манай эхнэр Н.Ннадад Ш.А нэг утас өгөөд 30.000 төгрөгт барьцаанд тавьчих гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь манай эхнэр төмөр авдаг цэг дээр аваачиж 30.000 төгрөгт барьцаанд тавьсан гэсэн. Ш.А утсыг аваад манай эхнэрт өгөөд явуулсан юм билээ. Тэр хооронд цагдаа нар ирсэн. Тэр хоёр залуутай маргалдаж муудалцаж зууралдсан зүйл байхгүй. Ш.А сайн хүн болох гэж тэр хоёрыг зодолдоод байхаар нь салгах гэж яваад ийм зүйл болсон. Түүнээс тэр хоёрыг дээрэмдсэн хүн огт байхгүй. ...” /1хх 29-31/ гэсэн мэдүүлгүүд,

Шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас “Цагдаад дуудлагыг 2023.2.7-ны өдрийн 16:38:59 минутад өгсөн, дуудлагаар 17:21:19 минутад очсон. /1хх 48/, 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Хохирогч Б.Э нь зүүн гар талаасаа хамгийн захын хүн буюу Б.Аийг заагаад энэ хүн найз Л.Оы хоолойг боож байсан хүн мөн байна гээд зааж байгаа байдлыг харуулав. ...Хохирогч Б.Э нь баруун захын хүн намайг заамдаж хоолойг маань боогоод миний гар утсыг дээрэмдэн авсан хүн байна гэж гараараа Ш.Аг зааж байгааг тодруулж харуулав. ...” гэсэн тэмдэглэл /1хх 50-52/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Хохирогч Б.Э болон Л.О нарын дээрэмдүүлсэн гэх газрыг зааж байгаа зураг болон дээрэмдүүлсэн гэх газрын хажуу талын хашааг харуулав...” гэсэн тэмдэглэл /1хх 53-56/,

эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээн авсан “...Хөх өнгийн самсунг А205 маркийн гар утсыг 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 17 цаг 17 минутад хүлээн авав...хүлээлгэн өгсөн Х.Болормаа...” гэсэн тэмдэглэл /1хх 57/

эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн “Хохирогч Б.Эад Самсунг А20 загварын цэнхэр өнгийн хар гэртэй гар утсыг хүлээлгэн өгөв...хүлээн авсан Б.Э...” гэсэн тэмдэглэл /1хх 60/

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Самсунг Галакси а20 маркийн хөх цэнхэр өнгийн гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 220.000 /хоёр зуун хорин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн тэмдэглэл /1хх 137-138/ зэрэг,

2.Шүүгдэгч Н.Ннь 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, “Зуслан” гэх нэртэй супермаркетад гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр Б.Эын эзэмшлийн “Samsung А20” загварын гар утсыг эдийн засгийн гүйлгээнд оруулж ашигласан буюу бусдад 30.000 төгрөгийн барьцаанд тавьсан болох нь:

гэрч Г.Мөнхгэрэлийн “...2023 оны 02 дугаар сарын 7-ны өдөр байх Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Зуслан супермаркетын ард байдаг түүхий эд авдаг цэг дээрээ ажлаа хийж байсан чинь Насанжаргал гээд эмэгтэй ганцаараа байсан, ирсэн байх. Тухайн үед цаг хэд болж байсныг нь санахгүй байна. Тэгээд надад хар гэртэй, хар цэнхэр өнгөтэй гар утас харуулаад “миний гар утас байгаа юм. Та 40.000 төгрөг өгчих гээд” байсан. Би тухайн хүнийг буцаагаад “40,000 төгрөгөөр авч чадахгүй байх” гээд 30,000 төгрөгөөр авсан. Тэгээд маргааш буцаж ирээд авна гэж хэлээд надаас 30,000 төгрөг бэлнээр аваад явсан. Маргааш нь билүү нөгөөдөр нь өөр нэг 50 орчим насны махлаг эмэгтэй ирээд “танайд Насаа утас тавьсан гэсэн. Би тэр утсыг авах гэсэн юм” гээд байсан. Тэгээд “таны утас мөн үү гэсэн чинь мөн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “нөгөө хүнээ дагуулж ирээд ав” гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй Насанжаргалыг аваад ирсэн. Тэгээд надаас 35,000 төгрөг төлөөд аваад явсан. ...” /1хх 99-100/,

гэрч Б.Эрдэнэзаяагийн “...2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр үдээс хойш 16 цагийн үед байх. Цагийг нь санахгүй байна. Тэр үед би Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Мөнгөн дэлгүүр дотроо ганцаараа байж байтал манай энэ хавийн архи уугаад байдаг Баагий гээд монхор хамартай, намхан туранхай хүнтэй хамт яваад байдаг эмэгтэй орж ирээд 2 шил 0,75 литрийн архи, мөн “Алтан навчис" нэртэй тамхи 1 хайрцаг, 1 ширхэг кола ундаа авсан. Тэгээд надад 30,000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд хариулт гээд 2900 төгрөг надаас авсан. Тэгээд тэр эмэгтэй гар утсаар нэг хүнтэй та нар хаана байна, голын цаана байгаа юм уу, би яваад очъё гээд яриад байсан. Тэгээд гараад явсан. Ганцаараа орж ирсэн. Өөр хүн хамт байгаагүй. Харин дэлгүүрт орж ирээд юм авахгүй зогсоод байхаар нь би та яах гэж байгаа юм, хүн хүлээж байгаа юм уу гээд асуусан чинь надад хүнтэй утсаар ярьж байж авна гээд байсан. ...” /1хх 114-1145/

гэрч Х.Болормаагийн “...Батбаярын эхнэр надад хэлэхдээ “тухайн хүмүүс зодолдож байхад би утсыг нь олсон гэж хэлсэн. Зуслан супермаркетын хажуу талын хоёрдогч түүхий эд авдаг цэг дээр 35.000 төгрөгөөр барьцаанд тавьсан, одоо авч чадахгүй, мөнгөгүй байна” гэхээр нь би 35.000 төгрөг төлж тухайн утсыг авсан. Самсунг А20 гэх загварын гар утас байсан. ...” /1хх 90/,

Шүүгдэгч Н.Насанжаргалын яллагдагчаар өгсөн “...Ш.А сахалтай найздаа нэг утас өгсөн, тэгсэн чинь нөгөө хоёр хохирогч гээд байсан залуучуудын намхан нь зугтаагаад явчихсан, тэгээд араас нь нөгөө өндөр нь гүйгээд явсан, тэгээд тэр сахалтай залуу нь надад тэр утсыг өгөөд “энийг зар” гээд байхаар нь би “зарж яах юм бэ, би барьцаанд тавиад өгье” гээд хэлээд байж байсан чинь нөгөө хохирогч гээд 2 залуу цагдаатай хамт ирсэн байсан. Тэгээд Амгалан сахалтай хоёр залууг цагдаа нар аваад явсан, тэгээд би нөгөө утсыг түүхий эд авдаг газар Батбаярын хамт очсон, тэгээд Батбаяр гадаа үлдээд би ороод Мөөгий гээд эгчид 30.000 төгрөгөөр тавиад, тэр мөнгөөрөө станцын буудлын тэнд байдаг дэлгүүр ороод 2 стандарт болон бусад хүнсний эд зүйл аваад 2,000 гаран төгрөг буцаагаад хариулт гээд авсан. ...” /1хх 14-20/,

эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээн авсан “...Хөх өнгийн самсунг А20 маркийн гар утсыг 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 17 цаг 17 минутанд хүлээн авав...хүлээлгэн өгсөн Х.Болормаа...” гэсэн тэмдэглэл /1хх 57/

эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн “Хохирогч Б.Эад Самсунг А20 загварын цэнхэр өнгийн хар гэртэй гар утсыг хүлээлгэн өгөв...хүлээн авсан Б.Э...” гэсэн тэмдэглэл /1хх 60/

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Самсунг А20 маркийн хөх цэнхэр өнгийн гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 220.000 /хоёр зуун хорин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн тэмдэглэл /1хх 137-138/ зэрэг тус тус хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

            Дээрэмдэх гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн, эсвэл хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдэл хийгдсэнээр гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох ба тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид хохирол учирсан эсэхээс үл хамаардаг онцлогтой байдаг.

Өөрөөр хэлбэл, халдагч этгээд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор халдлагад өртөгч рүү чиглэсэн айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон үйлдэл хийгдсэнээр гэмт хэргийн шинжийг хангадаг.

“Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэдгийг иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгохоор,

“Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгохоор тус тус хуульд тусгайлан тайлбарласан.

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Б.АШ.А, С.Б нарыг бүлэглэж “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” буюу сүхийг зэвсгийн чанартай ашиглан хохирогчийг айлган сүрдүүлж, түүний эзэмшлийн утсыг авсан болох нь нотлогдсон гэж үзэж анхан шатны шүүх гэм буруутайд, шүүгдэгч  Н.Насанжаргалыг “гэмт хэрэг үйлдэж  олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж авсан, ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.А, Ш.А, С.Б нар нь хохирогч Б.Э, Л.О нарт хүч хэрэглэхийн зэрэгцээ сүхийг зэвсгийн чанартай ашиглаж, Б.Эын эзэмшлийн 220.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung A20 загварын гар утсыг дээрэмдэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар, Н.Насанжаргалын гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Б.Эын эзэмшлийн Samsung A20 загварын гар утсыг бусдад 30.000 төгрөгийн барьцаанд тавьсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 16 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Рашааны гудамжны автобусны буудлын орчим хохирогч Б.Э, Л.О нар явж байхад нь шүүгдэгч Ш.А, Б.А нараас тэдгээрийг өдөөн хоргоож, тодорхой шалтгаангүйгээр маргаан үүсгэн, улмаар хохирогч Б.Эыг шүүгдэгч Ш.А, хохирогч Л.Оыг шүүгдэгч Б.А тус тус заамдан хүч хэрэглэж, шүүгдэгч С.Баас өмсөж явсан цамцныхаа дотор хэсгээс сүх ил гарган үзүүлэх зэргээр айлган сүрдүүлж, эд хөрөнгийг нь авах зорилгоор Ш.А нь Б.Эын биеийг нэгжиж, улмаар түүний өмдний баруун халаасанд байсан “Samsung A20” загварын гар утсыг авсан үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын болон учруулсан хохирол, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ш.Ад 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар шүүгдэгч С.Б, Б.А нарт тус бүр 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Н.Насанжаргалд 1 жил 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсан нь тэдний гэм бурууд тохирсон байна.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн ял шийтгэл оногдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Э, Л.О нарын хамтран гаргасан, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар, шүүгдэгч Ш.А, түүний өмгөөлөгч Ж.Буджав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.АШ.А, С.Б нар нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл нийт 120 /нэг зуун хорь/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/1026 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Э, Л.О нарын хамтран гаргасан, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар, шүүгдэгч Ш.А, түүний өмгөөлөгч Ж.Буджав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.АШ.А, С.Б нар нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл нийт 120 /нэг зуун хорь/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

  ШҮҮГЧ                                             Т.ӨСӨХБАЯР

  

  ШҮҮГЧ                                              Б.БАТЗОРИГ

 

  ШҮҮГЧ                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ