2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/03369

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 22 191/ШШ2025/03369

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1 тоот хаягт байрлах, Төрийн банк ХК / регистрийн дугаар 5341469/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 21 дүгээр байр, 6 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Б хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа, Цагдан хорих 409 дүгээр нээлттэй, хаалттай ангид хорих ял эдэлж байгаа, Боржигон овогт Жамъянмядагийн ******* /регистрийн дугаар ЧГ72030774/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 12,949,545.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагч ******* /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :

Зээлдэгч ******* нь Төрийн банктай 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 109800173741 тоот Кредит карт эзэмших зээлийн гэрээ байгуулан 5,000,000 /таван сая/ төгрөгийн зээлийг бэлэн гүйлгээний жилийн 36 хувь, бэлэн бус гүйлгээний жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан.

Тэрээр картнаас 2,304,320 төгрөг бэлнээр, 2,642,681.05 төгрөг бэлэн бусаар зарцуулсан бөгөөд эргэн төлөлт огт хийгээгүй, өдийг хүрсэн.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээл төлөхөөс зайлсхийж байсан тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 12,749,025 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч түүний оршин суух хаяг тодорхойгүй үндэслэлээр 2023 оны 01 сарын 20-ны өдрийн 102/ШЗ2023/01859 дүгээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан.

Банкны зүгээс 2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр зээлдэгч *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж тус шүүхийн 2023 оны 06 сарын 07-ны өдрийн 182/ШШ2023/01724 дүгээр *******ыг эрэн сурвалжлах тухай шүүхийн шийдвэр гарсан.

******* нь эхнэрийн хамт бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж шүүхээс 5 жилийн хорих ялаар шийтгэгдэн хоригдож байгааг хэвлэл мэдээллийн эх сурвалжаас мэдэж 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 421 дүгээр нээлттэй хорих ангид очин биечлэн уулзаж шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хорих ангийн хаягаар гардаж авах тухай хүсэлтийг бичгээр гаргасныг нэхэмжлэлд хавсаргасан болно.

2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар *******тай байгуулсан зээлийн гэрээний үүрэг нь үндсэн зээлийн төлбөр 4,947,001.05 төгрөг, үндсэн хүүийн төлбөр 5,370,692.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,624,802 төгрөг, бусад шимтгэл 7,050 төгрөг, нийт 12,949,545.24 төгрөг болж хуримтлагдсан байна.

Зээлдэгч ******* нь гэрээ байгуулснаас хойш зээлийн төлбөр огт төлөөгүй, түүний одоо байгаатай холбоотой үндсэн зээлийн төлбөрийг төлсөн тохиолдолд Эрсдлийн хорооны хурлаар хэлэлцүүлсний эцэст үлдсэн төлбөрийг хэрхэх талаар шийдвэрлэх боломжтой байсан боловч тэрээр төлбөр огт төлөөгүй болно. Түүнээс гадна *******ын одоогийн нөхцөл байдлыг удирдлагуудад танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхэд асуудалтай болохыг мэдэгдснээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэхгүйгээр 2024.04.29-ний өдрийн байдлаар шаардлагаа дэмжиж байгаа болно.

Энэхүү зээлийн гэрээний хугацаа 2020.09.13-ны өдөр дууссан, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололыг хуульд нийцүүлэн, Монгол банкны хүү тооцох аргачлалаар тооцож гаргасан учир хариуцагчийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэдгийг зөвшөөрөхгүй.

Иймд 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 109800173741 тоот кредит карт эзэмших зээлийн гэрээний үүрэгт 12,949,545.24 төгрөгийг зээлдэгч *******аас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******* нь шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Төрийн банктай кредит картын зээлийн гэрээ байгуулсан, тухайн үед эргэн төлөлт хийж байсан, сүүлд 2023 оноос цагдан хоригдоод төлж чадаагүй, үүнээс өмнө төлж байсан. Анх 5,000,000 төгрөгийн кредит картын зээл авсан байтал одоо хүү, нэмэгдүүлсэн хүүг дахин нугалсан үнийн дүнгээр тооцсон байгааг зөвшөөрөхгүй. Уг нь хоригдоогүй байсан бол төлбөрийг төлчих байсан, нэхэмжлэлийн үнийн дүнг буруу тооцсон гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөр 4,947,001.05 төгрөг, хүү 2,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийг зөвшөөрч байна, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

3а.Нэхэмжлэгчээс ирүүлсэн: нэхэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024.04.16, 2025.04.21-ний өдөр *******т олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, талуудын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан 109800173741 тоот кредит карт эзэмших гэрээ, кредит дансны дэлгэрэнгүй лавлагаа, кредит дансны хуулга, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1859 тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1724 тоот шийдвэр, 2022.04.19, 2024.01.17-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, *******ын 2022.04.19, 2024.01.17, 2024.04.26-ны өдрийн хүсэлт, зээлдэгчийн анкет, Ж.Наранманадхын иргэний үнэмлэхийн хуулбар, Төрийн банкнаас 2024.01.10-ны өдөр Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тоо бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны 2024.05.01-ний өдрийн №141 тоот *******ын тухай тодорхойлолт /хх 1-30, 57/ зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Төрийн банк ХК нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагч *******ад холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 4,947,001.05 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 5,370,692.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,624,802 төгрөг, бусад шимтгэл 7,050 төгрөг, нийт 12,949,545.24 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 7,000,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй маргасан.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

3.Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зээлдүүлэгч Төрийн банк ХК нь карт эзэмшигчийн хэрэглээнд зориулан тодорхой хэмжээний зээлийн лимит бүхий Кредит картыг хугацаа, хүү, шимтгэл хураамж, эргэн төлөгдөх нөхцөлтэй олгох,

Зээлдэгч ******* нь зээлийн эрхтэй карт ашиглан гүйлгээ хийх, төлбөрийн нэхэмжлэх илгээснээс хойш тухайн сарын 15-ны өдрийг зарцуулсан зээлийн хүү, шимтгэлийг дараа сарын төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө зээлдүүлэгчийн картанд эргүүлэн төлөх, төлбөр төлөх хугацаанд банкнаас нэхэмжилсэн хамгийн бага төлбөрөөс багагүй төлбөрийг буцаан төлөх, энэхүү төлбөрийг төлөөгүй, эсхүл дутуу төлсөн тохиолдолд хугацаа хэтрүүүлсний шимтгэл төлөх зориулалттай 109800173741 дугаар Кредит карт эзэмших гэрээ байгуулагдсан. /хх 6-9/

 

3б. Дээрх гэрээний 2-т Алтан кредит карт, картын хугацаа 2 жил, зээлийн лимит 5,000,000 төгрөг, бэлэн гүйлгээний хүү жилийн 36 хувь, бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24 хувь, хугацаа хэтрүүлсний шимтгэл нийт төлбөрийн 1 хувь, хамгийн багадаа 10,000 төгрөг, картыг ашигласан жил бүр хураамжийг төлөх ба жилийн хураамжийг банк картнаас суутган авна, гүйлгээний шимтгэлийг банкны ҮХШЕН-д заасны хувь хэмжээгээр картнаас суутган авна, хамгийн бага төлбөр нийт төлбөрийн 10 хувь, төлбөрийн нэхэмжлэх илгээснээс хойш тухайн сарын 15-ны өдөр хүртэл байхаар тохиролцжээ.

 

3в. Нэхэмжлэгч нь 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гэрээний зүйл 5,000,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, кредит картын гэрээ, кредит дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх 6-9, 11-15/

 

3г. Гэрээний оролцогчид хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн гэрээний нөхцлийг өөрсдөө тодорхойлсон, үүний үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа, талууд гэрээнд заасан үүргээ аль нэг нь биелүүлж чадахгүй тохиолдолд гэрээний үүрэг шаардахаар тохиролцсон нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж заасантай нийцсэн байна.

 

3д. Дээрх байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан, тэдний хооронд гэрээний харилцаа үүссэн, талууд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т заасан зээлийн хүүгийн талаар тохиролцсон гэж үзэв.

 

4. Нэхэмжлэгч нь талуудын хооронд 2018.09.13-ны өдөр байгуулагдсан гэрээний хугацаа 2020.09.13-ны өдөр дууссан, зээлдэгч нь зээлийн төлбөрт 2019.07.16-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй, гэрээний үүрэг биелэгдээгүй тул үүрэг зөрчигдсөн өдрөөс эхлэн 2024.04.29-ний өдөр хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл, гэрээгээр тохиролцсон хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардлын хамт шаардсан нь хуульд нийцсэн гэж тодорхойлсон.

 

5. Хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүрэгт хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 4,947,001.05 төгрөг, хүү 2,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

6. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2 жил буюу 24 сарын хугацаатай байгуулсан, гэрээний хугацаа 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр дууссан, хариуцагч нь гэрээгээр тохирсны дагуу эргэн төлөлтийг төлөөгүй болох нь кредит дансны хуулга, кредит дансны дэлгэрэнгүй лавлагаа зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

6а. Талууд гэрээний 2.4.1, 2.4.2-т бэлэн гүйлгээний хүүг жилийн 36 хувиар, бэлэн бус гүйлгээний хүүг жилийн 24 хувиар тооцож төлөхөөр тохиролцсон байх тул хариуцагчийн гэрээгээр хүү тооцсныг зөвшөөрөхгүй гэх тайлбар нь үндэслэлгүй гэж үзнэ.

7. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-тЗээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

 

7а. Нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээгээр тохиролцсон гэх байдалтай холбоотой баримт ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

 

8. Иймд хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 4,947,001.05 төгрөг, үндсэн хүү 5,370,692.19 төгрөг, бусад шимтгэл 7,050 төгрөг, нийт 10,324,743.24 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нэмэгдүүлсэн хүү 2,624,802 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 заасныг баримтлан хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 180,146 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222,143 төгрөг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 10,324,743.24 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,624,802 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 180,146 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222,143 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ