2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/03502

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 25 191/ШШ2025/03502

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 11 дүгээр байр, 74 тоот хаягт оршин суух, Ядам овогт Батмөнхийн Баясгалан /РД:ВЕ98040702/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, /13330/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 103/1 байр, 3 тоот хаягт оршин суух, Дашдаваагийн Мөнхсайхан /РД:ИЦ87091076/-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнион бюлдинг С блок, 5 давхар, 501 тоот хаягт байрлах, *******,

 

Орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид :

Нэхэмжлэгч *******,

Хариуцагчийн өмгөөлөгч ******* /Ү№2106/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингэс,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :

Миний бие ******* нь 2023 оны 11 дүгээр сараас эхлэн орон сууц худалдан авахаар сонирхож, 2023 оны 12 дугаар сард "Хаан банк" ХК-ийн эдийн засагч Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13-р хороо, 14-р хороолол /13330/, энхтайваны өргөн чөлөө гудамж, 103/1 байр, 9 тоот хаягт байрлалтай 58.86 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг санал болгосон.

Улмаар тус орон сууцны өмчлөгч "Ай энд жи интернэшнл" ХХК-тай 2023 оны 12 дугаар сарын 20-ны "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г бичгээр байгуулж, тус гэрээгээр орон сууцыг 158,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсоны дагуу "Хаан банк" ХК-д Ипотекийн зээлийн хүсэлт гаргаж, "Хаан банк" ХК-тай 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ЗГ/202454328581 тоот "Ипотекийн зээлийн гэрээ-г бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр миний өмчлөлд шилжсэн.

Гэвч орон сууцны өмчлөх эрх үүссэн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж чадаагүй байна. Учир нь тус орон сууцыг "Ай энд жи интернэшнл" ХХК нь ******* надад худалдахаас өмнө одоогийн оршин суугч *******д Тогтвортой ажиллах гэрээ"-ний дагуу эзэмшиж, ашиглуулж, ******* болон "Ай энд жи интернэшнл" ХХК нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа 2023 оны 11 дүгээр сарын 06-ны цуцлагдаж, "Тогтвортой ажиллах гэрээ" нь цуцлагдсан гэж мэдэгдсэн ба орон сууцыг удахгүй чөлөөлж өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөөгүй байна.

Оршин суугч *******аас орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа шалтгааныг тодруулахад "Ай энд жи интернэшнл" ХХК-тай гэрээтэй, гэрээний дагуу төлбөрөө авсан тохиолдолд орон сууцыг чөлөөлж өгөхөд асуудалгүй гэж мэдэгдсэн.

Дээрх орон сууцыг 2023 онд банктай байгуулсан ипотекийн зээлээр худалдаж авсан, зээлийн гэрээ байгуулагдснаас хойш зээлийнхээ төлбөрийг төлж байгаа боловч орон сууцыг өөрийн эзэмшил, ашиглалтад авч чадалгүй өдий хүрч байна.

Иймд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13-р хороо, 14-р хороолол /13330/, энхтайваны өргөн чөлөө гудамж, 103/1 байр, 9 тоот орон сууцны шударга өмчлөгч ******* надад *******ы хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Мөнхсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгч Ц.Батболд нь татгалзлын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

*******гийн нэхэмжлэлд ... Улмаар тус орон сууцны өмчлөгч "Ай энд жи интернэшнл" ХХК-тай 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулж, тус гэрээгээр орон сууцыг 158 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцсоны дагуу Хаан банк ХК-д ипотекийн зээлийн хүсэлт гаргаж, Хаан банктай 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 3Г202454328581 тоот ипотекийн зээлийн гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр миний өмчлөлд шилжсэн. ... гэжээ.

******* нь 2021 оноос өнөөдрийг хүртэл маргаж буй орон сууцанд гэр бүлийн хамт амьдарч байгаа бөгөөд анх тус байранд Ай энд жи интернэшнл ХХК-тай байгуулсан тогтвортой ажиллах гэрээний дагуу нүүж орсон. Дараа нь Ай энд Жи интернэшнл ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө интернэшнл ХХК-тай худалдах, худалдан авах 624 тоот гэрээ байгуулсан, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна.

Тэгэхээр ******* нь орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаагүй, компанитай байгуулсан гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаж байгаа болно.

 

Уг гэрээний гол нөхцөл нь орон сууцны төлбөрийг ипотекийн зээлээр төлөхөөр тохиролцсон боловч гуравдагч этгээдийн зүгээс энэхүү зээл байгуулагдахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхгүй байснаас болоод зээлэнд хамрагдаж чадахгүй болсон.

"Ай энд жи интернэшнл" ХХК нь *******тай байгуулсан гэрээтэй ижилхэн гэрээг 2023.12.20-ны өдөр *******тай байгуулсан байдаг бөгөөд ингэхдээ *******тай байгуулсан 2023.10.04-ний өдрийн гэрээг цуцалсан, гэрээнээс татгалзсан зүйл байхгүй. Гэтэл дээрх гэрээг хэрхсэн болох нь тодорхойгүй мөртлөө иргэн *******тай гэрээ байгуулж, худалдан борлуулсан нь хууль бус, хэрэгт авагдсан баримтаар биет байдлын болон эрхийн зөрчилтэй хөрөнгө гэдэг нь тогтооогдож байна.

Үүнээс үзэхээр нэхэмжлэгч ******* нь эрхийн болон биет байдлын доголдолтой үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан болох нь тогтоогдож байна.

Иймд *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ай Энд Жи Интернэшнл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чингэс нь шүүхэд гаргасан хариу тайлбарынхаа үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн ******* нь "Ай энд жи интернэшнл ХХК-ийн охин компани болох "Ай энд жи инженеринг" ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ТАГ-06 тоот Тогтвортой ажиллах гэрээ-г бичгээр байгуулж, уг гэрээний дагуу Баянзүрх дүүрэг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13-р хороо, 14-р хороолол /13330/, энхтайваны өргөн чөлөө гудамж, 103/1 байр, 9 тоот хаягт байрлалтай, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000988708 гэрчилгээний дугаартай, Ү-2204124199 улсын бүртгэлийн эрхийн дугаартай, 58.86 м.кв талбай бүхий Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өнөөдрийг хүртэл эзэмшүүлж, ашиглуулж байгаа билээ.

Гэвч хариуцагч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр компанид бичгээр гаргасан өргөдөлдөө өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх утга бүхий өргөдлийг гаргаж, "Ай энд жи интернэшнл ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Б/99 тоот Гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, хариуцагчийн тус орон сууцыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болсон.

Уг нөхцөл байдал үүсэхээс өмнө "Ай энд жи интернэшнл ХХК болон Ай энд жи инженеринг" ХХК нарын шүүхийн шийдвэрийн дагуу бусдад төлбөл зохих төлбөрийг төлөөгүйгээс үүдэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас компанийн өмчлөлийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдэд гүйцэтгэх ажиллагааг явуулж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэн, хөрөнгүүдийг битүүмжилсэн.

Улмаар хариуцагч *******д компанийн зүгээс тус орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авах саналыг тавьж, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, уг гэрээний дагуу ипотекийн зээлийг судлуулахаар болсон.

Гэвч хариуцагч ******* нь ипотекийн зээлийн шаардлага хангахгүй байна, зээлээр авах боломжгүй тухай мэдэгдсэн ба компанийн зүгээс тус орон сууцыг "Хаан банк" ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор байгуулсан барьцааны гэрээний дагуу хураагдах эсхүл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан дуудлага худалдаагаар борлуулагдах болсныг мэдэгдсэн болно.

******* нь гэрээний төлбөрийг төлөх боломжгүй гэхээр нь байрыг чөлөөлүүлэх шаардлагын талаар хэд хэдэн удаагийн уулзалт хийж ярилцсан боловч хашаа, байшин авч өг эсхүл 30,000,000 төгрөг өгвөл чөлөөлж өгнө гэхэд компанийн зүгээс 15,000,000 төгрөг санал болгосныг зөвшөөрөөгүй.

Мөн хариуцагч нь тус гэрээг өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэх боловч тус гэрээнд заасан орон сууцны төлбөрөөс ямар ч төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй болно.

"Ай энд жи интернэшнл" ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр "Хаан банк" ХХК-тай 3,000,000,000 төгрөгийн "Барилгын зээлийн гэрээ"-г бичгээр байгуулж, "Ай энд жи интернэшнлХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан /барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөд орон сууц багтсан болно/.

Ай энд жи интернэшнл ХХК нь тус зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлж чадаагүй тул барьцааны гэрээний дагуу Баянзүрх дүүрэг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13-р хороо, 14-р хороолол /13330/, энхтайваны өргөн чөлөө гудамж, 103/1 байр, 9 тоот хаягт байрлалтай, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000988708 гэрчилгээний дугаартай, Ү-2204124199 улсын бүртгэлийн эрхийн дугаартай, 58.86 м.кв талбай бухий Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, борлуулалтын орлогыг тус зээлийн гэрээний эргэн төлөлтийг хийхээр болсон.

Улмаар "Хаан банк ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэн *******д худалдахыг даалгаж, "Ай энд жи интернэшнл ХХК нь иргэн *******д тус орон сууцыг худалдсан.

Иймд гуравдагч этгээд болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан гэрээ нь хуулийн дагуу хийгдсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэж өгнө үү гэв.

 

4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

4а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Эрхийн улсын бүртгэлийн Y-2204124199 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол /13330/, Энхтайваны өргөн чөлөө гудамж 103/1 байр, 9 тоот хаягт байршилтай, 58.86 мкв талбайтай, хоёр өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 001201193 дугаартай гэрчилгээний хуулбар, Ай энд жи интернэшнл ХХК болон ******* нарын хооронд 2023.12.20-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбар, Хаан банк ХК болон ******* нарын хооронд 2024.02.29-ний өдөр байгуулагдсан Ипотекийн зээлийн гэрээ-ний хуулбар, уг гэрээний хавсралт, *******гийн Хаан банк ХК-ийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх 1-19, 43/,

4б. Хариуцагчаас ирүүлсэн: *******ы иргэний үнэмлэхийн хуулбар, өмгөөлөгч Ц.Гансүхийг оролцуулах хүсэлт, хариу тайлбар, *******аас 2024.08.08-ны өдөр Ц.Гансүхэд олгосон итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмгөөлөгч *******ыг оролцуулах хүсэлт, Ай энд жи интернэшнл ХХК болон ******* нарын хооронд 2023.10.04-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбар, /хх 22, 27-29, 44, 50-51/,

4в. Бие даасан шаардлага гаргаагүй гравдагч этгээдээс ирүүлсэн: Ай энд жи интернэшнл ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025.3.12-ны өдөр Э.Чингэст олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Хаан банк ХК болон Ай энд жи интернэшнл ХХК-ийн хооронд 2022.06.08-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ, Ай энд жи интернэшнл ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.11.06-ны өдрийн Б/99 тоот *******ыг ажлаас чөлөөлсөн Хөдөлмөрийн харилцааг цуцлах тухай тушаалын хуулбар, Ай энд жи инженеринг ХХК болон ******* нарын хооронд 2021.07.23-ны өдөр байгуулагдсан Тогтвортой ажиллах гэрээ-ний болон хөдөлмөрийн гэрээний хуулбар, тойрох хуудас, /хх 107, 111-129, 132/,

4г. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Эрхийн улсын бүртгэлийн Y-2204124199 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол /13330/, Энхтайваны өргөн чөлөө гудамж 103/1 байр, 9 тоот хаягт байршилтай, 58.86 мкв талбайтай, хоёр өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийгдсэн талаарх баримт, /хх 57-103/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан, орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

2. Хэрэг хянаг шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр Ай энд жи интернэшнл ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан. /хх 49, 53-55/

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... орон сууцны хууль ёсны өмчлөгч тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй гэж тодорхойлсон.

 

5. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... "Ай энд жи интернэшнл" ХХК-тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа тул хууль бус гэж үзэхгүй, *******тай байгуулсан гэрээг дуусгавар болгоогүй мөртлөө *******д гэрээгээр худалдан борлуулсан нь хуульд нийцэхгүй, биет байдлын болон эрхийн доголдолтой хөрөнгө худалдан авсан тул шаардлага үндэслэлгүй гэж маргасан.

 

6. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6а. Эрхийн улсын бүртгэлийн Y-2204124199 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол /13330/, Энхтайваны өргөн чөлөө гудамж 103/1 байр, 9 тоот хаягт байршилтай, 58.86 мкв талбайтай, хоёр өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр *******-ийг,

2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өмчлөгчөөр *******г тус тус бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон болох нь Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн баримтаар тогтоогдож байна. /хх 57-103/

 

6б. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг бүртгэсэн улсын бүртгэлд 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ,

2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Хаан банк ХК болон *******, Б.Тунгалаг, Б.Ууганбаяр нарын хооронд байгуулагдсан орон сууцны ипотекийн зээлийн гэрээ, уг гэрээний үүргийг хангах арга болгож байгуулагдсан барьцааны гэрээ тус тус бүртгэгдсэн, эдгээр гэрээний үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх *******-иас *******д шилжүүлсэн болох нь бүртгэгджээ.

 

6в. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар ******* нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 158,000,000 төгрөгөөр худалдах, ******* нь үнийг төлөхөөр тохиролцсон, тэрээр гэрээгээр хүлээсэн үүргийг Хаан банк ХК-тай 2024.02.29-ний өдөр байгуулсан ипотекийн зээлийн гэрээний дагуу худалдагчид төлсөн, банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангах арга болгож орон сууцыг барьцааны гэрээгээр барьцаалсан үйл баримт тогтоогдож байна. /хх 5-19/

 

7. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй,

110 дугаар зүйлийн 110.1Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заасан.

 

7а. Дээрх байдлаас үзэхэд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжсэн гэж үзэх бөгөөд тодруулбал ******* болон ******* нар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр орон сууцыг өмчлөх эрх шинэ өмчлөгч буюу *******д үүсэж, өмнөх өмчлөгч буюу *******-ийн өмчлөх эрх дуусгавар болсон үйл баримт тогтоогдож байна. /хх 56-58/

 

7б.Үүнээс үзэхэд Эрхийн улсын бүртгэлийн Y-2204124199 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол /13330/, Энхтайваны өргөн чөлөө гудамж 103/1 байр, 9 тоот хаягт байршилтай, 58.86 мкв талбайтай, хоёр өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр *******г бүртгэж, түүнд 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 001201193 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байх тул түүнийг Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар өмчлөгч, тэрээр бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчийг шаардах эрхтэй гэж үзнэ. /хх 4,100/

 

8. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар ******* болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн хооронд хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаатай байсан, гүйцэтгэх захирлын 2023.11.06-ны өдрийн Б/99 тоот Хөдөлмөрийн харилцааг цуцлах тухай тушаалаар уг харилцаа дуусгавар болсон нь тогтоогдож байна. /хх 122, 127-129, 132/

8а. Талууд хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай байхдаа "Ай энд жи интернэшнл ХХК-ийн охин компани "Ай энд жи инженеринг" ХХК болон ******* нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ТАГ-06 тоот Тогтвортой ажиллах гэрээ,

Ай энд жи интернэшнл ХХК болон ******* нарын хооронд 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ тус тус байгуулагдсан. /хх 50-51, 123-125/

 

8б. 2021.07.23-ны өдрийн Тогтвортой ажиллах гэрээ-г талууд 2020.11.23-ны өдрөөс 2030.11.23-ны өдрийг дуустал 10 жилийн хугацаатай байх, ажил олгогчийн зүгээс ажилтныг дэмжин ажиллах, дэмжлэг болгох, тогтвортой ажиллахад зориулж, ...Баянзүрх дүүрэг, Баянзүрх апартмент орон сууцны 2-р ээлжийн Б блокийн орон сууцны 1 давхарт, 58.86 мкв 2 өрөө, 1 мкв нь 1,800,000 төгрөг, нийт 105,948,000 төгрөгийн үэнлгээ бүхий орон сууцыг энэхүү гэрээнд заасан хугацаанд ажилтан компанид тогтвортой ажилласнаар 1 удаа дэмжлэг болгож орон сууцны нийт үнийн дүнгийн 50% буюу 52,974,000 төгрөгийг хөнгөлж, орон сууцыг олгох-оор тохиролцсон,

2023.10.04-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь орон сууцны 1 мкв талбайг 2,800,000 төгрөг, нийт 164,808,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь арилжааны банкны ипотекийн зээлийн санхүүжилтээр төлбөрийг төлөхөөр тус тус тохиролцсон байна.

 

8в. Эдгээр тогтоогдож байгаа үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд, ******* болон Ай энд жи интернэшнл ХХК-ийн хоорондох хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон байхаас гадна худалдан авагч нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт орон сууцны үнийг худалдагчид төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

8г. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж тус тус заасан.

 

8д. Тодруулбал, ******* нь дээрх орон сууцны үнийг бүрэн төлөөгүй нөхцөлд тэрээр тухайн орон сууцыг гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа гэж татгалзаж байгаа нь үндэслэлгүй байх ба тэрээр энэхүү татгалзлынхаа үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

9. Иймд дээрх орон сууцны өмчлөгч ******* болох нь тогтоогдож байх тул түүний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2204124199 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол /13330/, Энхтайваны өргөн чөлөө гудамж 103/1 байр, 9 тоот хаягт байршилтай, 58.86 мкв талбайтай, хоёр өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

10. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 947,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 947,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасантай нийцнэ. /хх 3/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Y-2204124199 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол /13330/, Энхтайваны өргөн чөлөө гудамж 103/1 байр, 9 тоот хаягт байршилтай, 58.86 мкв талбайтай, хоёр өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******ы хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 947,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 947,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ