| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0287/Э |
| Дугаар | 349 |
| Огноо | 2018-03-13 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 349
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
улсын яллагч Ч.Батбаяр,
хохирогч Г.Баярням,
шүүгдэгч Д.Мнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Мт холбогдох эрүүгийн 1706 00681 0388 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, ажилладаг, ам бүл 5, эх, ах, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Дын М.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Мнь 2017 оны 7 дугаар сарын 11-ний оройн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Статистикийн 12 дугаар гудамжны 4 тоотод оршин суух иргэн Г.Баярнямын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч Акира маркийн шилэн ус буцалгагч, 2 литрын халуун сав, хуучны шилэн гүц, 40 инчийн Сони маркийн лсд зурагтыг хагалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устган гэмтээж иргэн Г.Баярнямд 954.790 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ммэдүүлэхдээ: “…2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Г.Лхагваболдтой би утсаар ярьсан. Г.Лхагваболд урьд нь миний нөхөр байсан хүн. Г.Лхагваболд надад хэлэхдээ 2 хүүхдийн маань тэтгэлгийг өгнө гэж ярьсан байсан. Хүүхдүүдтэйгээ уулзаж гадуур явж хоол унданд орно гэж Г.Лхагваболд ярьж байсан. Тэгээд хүүхэдтэйгээ уулзаж чадахгүй явсан чинь хүүхдүүд маань уйлаад байсан. Тэгээд би Г.Лхагваболд руу залгаад “чи яагаад хүүхдүүдтэйгээ уулзахгүй явж байгаа юм бэ” гэсэн чинь “2017 оны 7 дугаар сарын 11-ний өглөө би чам руу мөнгө шилжүүлнэ” гэж надад хэлсэн. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 11-ний өглөө утас руу залгасан боловч эхлээд дуудаж байгаад дараа нь утсаа салгасан байсан. Тэгэхээр нь би гэрт очиж ярилцахаар очсон чинь байхгүй байсан. Надад нэг түлхүүр байдаг. Би түлхүүрээр эхэлж онгойлгох гэж үзсэн боловч түлхүүрийн голоо сольсон байсан. Тэгээд цонх нь онгорхой болохоор нь би цонхоор нь ороод зурагтын хагалсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Баярням мэдүүлэхдээ: “….Манай гэрийн 42 инчийн зурагт, шилэн ус буцалгагч, ээжээс минь үлдсэн дээр үеийн шилэн гүц, халуун савыг энэ хүн эвдсэн байсан. Миний санаж байгаа зүйлүүд одоогоор энэ байна. Д.Мээс үнэлгээний байгууллагаас тогтоож өгсөн хохирлоо нэхэмжилж байна. Одоогийн байдлаар надад хохирол төлсөн зүйл байхгүй. Хохирлоо барагдуулж авмаар байна. Шүүхийн өмнө Д.Мийн амнаас дахин надтай уулзаж, холбогдохгүй гэсэн баталгаа авмаар байна. Хүүхдүүдийг маань болон намайг доромжлохгүй, заналхийлэхгүй байхыг би хүсч байна.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Баярнямын өгсөн мэдүүлэг /хх-21-23/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-19/, гэрч Г.Лхагваболдын өгсөн мэдүүлэг /хх-59/, шүүгдэгч Д.Мийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Мнь 2017 оны 7 дугаар сарын 11-ний оройн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Статистикийн 12 дугаар гудамжны 4 тоотод оршин суух иргэн Г.Баярнямын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч Акира маркийн шилэн ус буцалгагч, 2 литрын халуун сав, хуучны шилэн гүц, 40 инчийн Сони маркийн лсд зурагтыг хагалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устган гэмтээж иргэн Г.Баярнямд 954.790 төгрөгийн хохирол учруулсан нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Г.Баярнямын өгсөн: “....Би нөхөр Г.Лхагваболд болон 2 хүүхдийн хамтаар 2017 оны 7 дугаар сраын 11-ний өдрийн 17 цагийн орчим гэрээсээ гараад Гачууртад гол дээр очиж хоносон. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 13 цагийн орчим гэртээ ирсэн чинь манай байшингийн цонх онгойсон байсан. Тэгээд би гэртээ ороход үүдэнд байдаг гоо сайхны хэрэгслийн жижиг тавиур унасан байсан. Манайх давхар хаалгатай. Тухайн үед дотор талын хаалга онгойсон байсан. Гэртээ ороход хөргөгчинд байсан эд зүйлс гаргаад цацчихсан том өрөө рүү орсон чинь гэрийн бүх эд зүйлсийг газар унагаж шидсэн эвдэлсэн байдалтай байсан….Цагдаа ирэхээр нь бид нар юмаа бүртгэхэд алдагдсан эд зүйлс байгаагүй. Харин зарим эд зүйлийг эвдэлсэн байсан. Ус буцалгагч акира маркийн шилэн ус буцалгагч үнэ нь 2015 онд 42.800 төгрөгөөр авч байсан. Хуучин хоёр литрын халуун сав 12.000 төгрөгөөр авч байсан. Ээжээс надад үлдсэн хуучны шилэн гүц 20.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 879.990 төгрөгийн үнэтэй авч байсан лед 40 инчийн зурагт эвдэрсэн байсан.” /хх-21-22/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Г.Лхагваболдын өгсөн: “…2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр байх би Гачуурт руу голын эрэг дээр хоноод маргааш нь гэртээ ирэхэд манай байшингийн цонхоор хүн ороод гэр оронд байсан эд хогшлыг нураагаад эвдсэн байсан. Би хулгай орсон байна гэж бодоод цагдаа дуудсан боловч миний салсан эхнэр Д.Мгэрт ирээд цонхоор ороод зурагт хагалсан байсан….Д.Мтэй 2002 оноос гэр бүл болсон 2016 онд шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулсан 2 хүүхэд ээж дээрээ байх шийдвэр гарсан. Бид хоёрын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Би хоёр хүүхэддээ тэтгэмжийн мөнгийг сар бүр өгдөг. Сар бүр тэтгэмжийн мөнгийг байнга өгч чаддаггүй юм. Тухайн өдөр мөнгө шилжүүлэх гэсэн боловч Гачууртын АТМ ажиллахгүй мөнгө шилжүүлж чадаагүй юм тэрнээс болсон болов уу гэж бодож байна.” /хх-58-59/ гэх мэдүүлэг,
-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-45/,
-Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-34/,
-Гар утсанд ирсэн мессежийг зургаар харуулсан баримт /хх-47-50/,
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-19, 35/,
-Шүүгдэгч Д.Мийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.Мийн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Мт ял шийтгэл оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан торгуулийн ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Хохирогчийн нэхэмжилсэн эд зүйлсийн үнэ 954.790 төгрөгийг шүүгдэгч Д.Мээс гаргуулж хохирогч Г.Баярнямд олгохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Мнь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Дын Мийг эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Мийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Мнь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Мнь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Д.Мнь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мээс 954.790 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Баярнямд олгосугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Д.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС