Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 116/ШШ2025/0022

 

   Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Давааням би, байрлах, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/548 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Тус компани нь Дорнод аймгийн Хэрлэн сумын  эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн 500м2 талбай бүхий шатахуун түгээх станцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч юм. Манай компани хуульд заасан журмын дагуу буюу шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан бөгөөд манай өмчлөх эрх 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр баталгаажиж Улсын бүртгэлийн байгууллагаас гэрчилгээ олгогдсон. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө орших газрын эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу буюу шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар шилжүүлэн авах ажиллагаа явагдаж байгаа ба үүний учир шалтгаан нь уг газар, үл хөдлөх хөрөнгө нь гадаадын буюу Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банкны барьцаанд байсан бөгөөд 2013 оны хөрөнгө хамгаалах захирамжтай, барьцаалбартай, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас аливаа эрхийг түдгэлзүүлсэн байсан. “******* *******” ХХК нь Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банкны эрхийг залгамжлан авсан хуулийн этгээд юм. Гэтэл Дорнод аймгийн Засаг дарга нь 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/548 дугаартай “Газар албадан чөлөөлөх тухай” захирамжаараа манай өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг манайд буюу өмчлөгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр авагч, барьцаалагчид огт мэдэгдэхгүйгээр албадан чөлөөлөх буулгах шийдвэр /захиргааны акт/ гаргасан нь үндэслэлгүй байна. Дорнод аймгийн Засаг дарга тухайн үл хөдлөх эд хөрөнгө орших газрын эзэмших эрхийг цуцалсан гэх боловч уг цуцалсан захирамж болон 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/548 дугаартай захирамжаа гаргахдаа ч барьцаалагчид огт мэдэгдээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.2, 24.4 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтуудыг шууд зөрчсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл хуулийн дээрх заалтуудыг хэрэгжүүлээгүй, мэдэгдээгүй, түүнтэй холбоотой хуулиар олгогдсон тодорхой эрхүүдийг эдлэх, хэрэгжүүлэх боломжийг манайд олгоогүй шийдвэр /захиргааны акт/ гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй” гэх үндэслэлд хамаарч байгаа буюу Захиргааны акт илт хууль бус гэж үзэхээр байна. Уг захиргааны актын улмаас барьцаалагчийн эрх, манай өмчлөх эрх, өмчлөгчийн хууль ёсны ашиг сонирхол шууд зөрчигдөж байна. Түүнчлэн дээр дурдсан захирамжуудыг Засаг дарга, түүний ажлын албаны холбогдох нэгж албан тушаалтнаас хуульд заасан журмын дагуу манайд мэдэгдэх, гардуулах ажиллагааг хийгээгүй болно. Иймд Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/548 дугаартай “Газар албадан чөлөөлөх тухай” захирамж /захиргааны акт/-ийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, Ц.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Манай компанийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Иргэний хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1073 тоот Магадлалыг биелүүлэх асуудлаар нэхэмжлэгч болон хариуцагч нар харилцан санал солилцож, ...улмаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, шийдвэрт дурдсан газруудын хэмжээ, зориулалтад өөрчлөлт оруулан эзэмших эрхийг манай компанид олгох тухай захирамж гаргасан. Ийнхүү хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байх тул Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/548 дугаартай “Газар албадан чөлөөлөх тухай” захирамж үр дагаваргүй, захирамжийн үр дагавар үүсэхгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь, Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан, Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/548 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий  нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “А/548 дугаартай “Газар албадан чөлөөлөх тухай” захирамжаараа манай өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг манайд буюу өмчлөгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр авагч, барьцаалагчид огт мэдэгдэхгүйгээр албадан чөлөөлөх буулгах шийдвэр /захиргааны акт/ гаргасан” нь илт хууль бус захиргааны акт байна гэж үзэж маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, Дорнод аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/324 дүгээр “Газрын зориулалт, хэмжээнд өөрчлөлт оруулах тухай” захирамжаар “...******* ******* ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус аж ахуйн нэгжийн “******* *******” ХХК-аас шүүхийн шийдвэрийн дагуу эрх шилжүүлэн авсан Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 12 дугаар цэцэрлэгийн хойд талд байршилтай, шатахуун түгээх станцын зориулалт бүхий 1500м2 газраас улсын төвсийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй авто зам, авто замын чиглэлд давхцаж байгаа явган зам, дугуйн замын хэсэгт хамаарах 283 м2 газрыг хасаж газрын хэмжээг 1217 м2-аар тогтоон газар эзэмшлийн зориулалтыг худалдаа үйлчилгээний зориулалттай болгон өөрчилж 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, ...эзэмшил газрын хаягийг Хэрлэн сум, 7 дугаар баг, Хүүхэд эмэгтэйчүүд 1 гудамжны 103 тоот болгох”-оор, мөн өдрийн А/325 дугаар захирамжаар “... ******* ******* ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус аж ахуйн нэгжийн “******* *******” ХХК-аас шүүхийн шийдвэрийн дагуу эрх шилжүүлэн авсан Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт орон сууцны 49 дүгээр байрны зүүн талд байршилтай, шатахуун түгээх станцын зориулалт бүхий 1240м2 газрын эзэмших эрхийг сэргээж, улсын төвсийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй авто зам, авто замын чиглэлд давхцаж байгаа явган зам, дугуйн замын хэсэгт хамаарах 714 м2 газрыг хасаж газрын хэмжээг 526 м2-аар тогтоон газар эзэмшлийн зориулалтыг худалдаа үйлчилгээний зориулалттай болгон өөрчилж 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, ...эзэмшил газрын хаягийг тоот болгосугай” гэж тус тус шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн байна.

Ийнхүү нэхэмжлэгч “******* *******” ХХК нь, Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/548 дугаартай “Газар албадан чөлөөлөх тухай” захирамж үр дагаваргүй, захирамжийн үр дагавар үүсэхгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн байна.   

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж заасан.

Иймд  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч “******* *******” ХХК, Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан, Дорнод аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/548 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд нь  уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

   ШҮҮГЧ                            В.ДАВААНЯМ