Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/158

 

Ц.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл,

хохирогч А.Т-, түүний өмгөөлөгч Л.Батжаргал,

шүүгдэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/737 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Ц.Б-д холбогдох 2303 00533 0453 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ц-ийн Б, 1984 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Архангай аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Д” ХХК-д уурын зуухны машинист ажилтай, ам бүл 6, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Архангай аймгийн ... сумын ... багт суух бүртгэлтэй, /РД: ... /,

  • Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял,
  • Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэгдсэн;

Ц.Б- нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Наадамчдын зам, 118 дугаар сургуулийн урьд замд 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 21:40 цагийн үед “Toyota Prius” загварын 00-00ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх. 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч байсан явган зорчигч А.Т-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газар: Ц.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Ц-ийн Б-г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Архангай аймгийн Өгийнуур сумын нутаг дэвсгэрээс хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолохоор,

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б- н хохирогчид 1.700.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Ц.Б-гаас хохирогчийн эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 17.620.530 гаргуулан хохирогч А.Т-т олгохоор,

хохирогч А.Т- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардал болон ажилгүй байсан хугацааны дутуу авсан цалин хөлсөө нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгч Ц.Б-гаас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Ц.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирлыг төлсөн ба цаашид ч хохирлыг төлөхөө илэрхийлсэн.

1. Ц.Б- Архангай аймгийн Ө суманд “Д” ХХК-ийн машинистаар ажилладаг. 1 сарын өрхийн орлого 1.4 сая гаруй, ам бүл 6, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдарч, ажил хийсэн орлогоороо эхнэр, хүүхдээ тэжээдэг. Шүүх өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд Ц.Б-д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан ч өмгөөлөгч болон шүүгдэгчийн зүгээс зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү.

2. Мөн Ц.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял хэрэглэсэн нь үндэслэлгүй тул хэрэглэхгүй байх.

3. Хохирогч А.Т- шүүхийн шатанд 10.735.000 төгрөгийн нэхэмжлэл баримт гаргаж өгсөн бөгөөд үүнийг шүүх нотлох баримтыг шаардлага хангасан гэж хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох.

4. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан ба уг аргачлалын 4 дэх хэсэгт заасан “Нөхөн төлбөр тооцох жишиг, аргачлал” хүснэгтийн гуравдугаар зэрэглэлд хүндэвтэр “Хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг нь 9-15 хувь байх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон байх тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасны дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг 7.150.000 төгрөгөөр тооцов гэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хүний сэтгэцэд учирсан хохирлыг шинжээч томилж, дүгнэлт гаргаагүй байхад шүүх шийдэж байгаа нь үндэслэлгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүгдэгч Ц.Б- болон түүний эхнэр ажил хөдөлмөр эрхэлдэг, мал, бусад эд хөрөнгөтэй тул торгох ялыг биелүүлэх боломжтой. Шүүгдэгч Ц.Б- нь уурын зуухны машинист буюу биеийн хүчний ажил хөдөлмөр эрхэлдэг тул цахим гав зүүхээс гадна цахим гавыг цэнэглэхэд хүндрэлтэй байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах болон хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Машинаа янзлуулсан. Уурын зуух өвлийн цагаар ажилладаг тул Улаанбаатар хотод барилга дээр плита нааж байсан. Би Архангай аймгийн Ө суманд оршин суух хаягтай. Гэм буруу дээрээ маргаагүй. Хохирогч А.Т-тэй манай эгч ярьсан. Намайг нэг залгахад гар утсаа аваагүй. ...” гэв.

Хохирогч А.Т-ийн өмгөөлөгч Л.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч А.Т-тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан хохирогч А.Т-ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан байдаг. Шүүгдэгч Ц.Б-н хөдөлмөр эрхлэлттэй холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт маргаж байх тул торгох ял оногдуулах боломжгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж заасны дагуу анхан шатны шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Явган хүний гарцаар гарч байгаа явган зорчигчид тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгөх үүрэгтэй бөгөөд зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явж байгаа тээврийн хэрэгслийн жолооч явган зорчигч А.Т-т зам тавьж өгөөд зогсож байхад шүүгдэгч Ц.Б- зам тавьж өгөлгүй явган зорчигч А.Т-ийг мөргөсөн байдаг. Хохирогч А.Т-ийн баруун өвдөгний шөрмөс тасарсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд “Мөнгөн гүүр” эмнэлэгт үзлэг, шинжилгээ, оношилгоо хийлгэсэн. Шөрмөс нь нөхөн сэргээгдэх боломжгүй эрхтэн тул мэс заслын аргаар холбож хэвийн байдалд нь оруулдаг байна. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.” гэж заасан бөгөөд хохирогч А.Т- нь төгсөх курсийн оюутан тул ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, хөл нь зовуурьтай байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-гаас 10.735.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.Б-н өмгөөлөгч О.Оюунчимэгээс сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулахад заавал шинжээчийн дүгнэлт гаргуулсан байх шаардлагатай гэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6 дахь хэсэгт “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ.” гэж заасан бөгөөд хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу 3-р зэрэглэл 9-15% гэж тогтоон, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөр олгохоор заасан. Хавтаст хэргийн 21 дүгээр талд авагдсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварыг хохирогч А.Т- хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Хэрэв хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар заасан байдаг. Иймд, шүүгдэгч Ц.Б-н өмгөөлөгч О.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогч А.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Анхан шатны шүүх хурлын дараа мэс засалд орох байсан боловч хохирол барагдуулаагүй тул мэс засал хийлгэж чадаагүй. Яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай байгаа боловч би санхүүгийн хувьд боломжгүй байгаа тул мэс засал хийлгэж чадахгүй байгаа. ...” гэв.

Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч  Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Б-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч А.Т- явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваад шүүгдэгч Ц.Б-н жолоодож явсан тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний хуульд заасны дагуу эмчилгээний зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэг нь сэтгэцийн эмгэг, өөрчлөлт биш, харин хохирогч гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хохирол учирч, уг гэмтлийн улмаас амьдралын хэв маяг алдагдсанаас уурлаж, бухимдах нөхцөл байдал үүсдэг тул нөхөн төлбөр олгож буй зүйл юм. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягтыг хүлээн зөвшөөрвөл шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэх бөгөөд хэрэв хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар заасан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйл, 1.9 дүгээр зүйлд заасны дагуу гэмт хэрэг гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэнэ. Шинээр батлагдсан Эрүүгийн хуулиар 2.700.000 төгрөгөөс 14.000.000 төгрөгөөр торгох ялын санкцитай болж торгох ялын хэмжээ нэмэгдсэн тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдал дордоно. Зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээнд өөрчлөлт ороогүй. Торгох ялын хэмжээ нэмэгдсэн тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

  1. Шүүгдэгч Ц.Б- нь 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 21:40 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Наадамчдын зам, 118 дугаар сургуулийн урьд замд “Toyota Prius-10” загварын 00-00ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, зам хөндлөн гарч байсан явган зорчигч А.Т-ийг мөргөж, эрүүл мэндэд нь баруун өвдөгний дотор, гадна жийргэвч, урд чагтан холбоосны урагдал,баруун шилбэний тахилзуур ясны далд хугарал, зулайн хуйх, хамрын нуруу, баруун өвдөг, баруун тохой, нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
  • хохирогч А.Т-ийн: “...Явган хүний гарцаар зам хөндлөн гарч явах үед баруунаас ирэх хөдөлгөөний хамгийн зүүн буюу хойд урсгалын машин дөхөж ирээд бид нарт зам тавьж өгөөд зогсохоор нь зам хөндлөн гараад 2 дугаар эгнээ буюу дундах эгнээ рүү орох үед миний баруун гар талаас нэг суудлын машин ирж намайг мөргөсөн. ...Газарт унасны дараа босох гэхэд миний баруун хөл өвдөөд босч чадахгүй байсан. ...” /хх 18/,
  • шүүгдэгч Ц.Б-гийн: “...Ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр 30 орчим км/цагийн хурдтай явж байсан. Тэгтэл эсрэг урсгалын хөдөлгөөний машинуудын гэрэл гялбаад байсан. Гялбаанаас гараад харахад явган хүний гарц тулаад ирсэн байсан. Явган хүний гарцаар 2 хүн хойноос урагшаа чишлэлтэй зам хөндлөн гарч байхыг хараад тоормос гишгэсэн ба зогсож амжилгүй нэг эрэгтэй хүнийг мөргөөд зогссон. ...” /хх 72/ гэсэн мэдүүлгүүд,
  • хохирогч А.Т-ийн эрүүл мэндэд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн баруун өвдөгний дотор, гадна жийргэвч, урд чагтан холбоосны урагдал, баруун шилбэний тахилзуур ясны далд хугарал, зулайн хуйх, хамрын нуруу, баруун өвдөг, баруун тохой, нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 10058 дугаартай дүгнэлт /хх 38-39/,
  • шүүгдэгч Ц.Б- нь 00-00ААА улсын дугаартай “Toyota Prius” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасныг зөрчсөн, явган зорчигч А.Т- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй болохыг тогтоосон Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн лавлагаа /хх 60-61/,
  • ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-11/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
  1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Ц.Б-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

  1. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Ц.Б-г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, түүний энэхүү хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ц.Б-гийн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр хийсэн болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч А.Т-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа бөгөөд хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар маргаагүй болно.

  1. Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг давж заалдах шатны шүүхэд хандаж  “Шүүгдэгч Ц.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассаныг хэрэглэхгүй байх, зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар солиулах” талаар гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн үндэслэлийн талаар дүгнэхдээ:

“...шүүгдэгч Ц.Б- нь тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасныг зөрчсөн, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдлыг,

Мөн хохирогчийн эрүүл мэндэд тулгуур эрхтний ... хугарал бүхий гэмтэл учирсан хор уршгийн шинж чанар, хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй нөхцөл байдал, шүүгдэгч нь Архангай аймгийн Өгийнуур суманд “Долоон бар” ХХК-д ажилладаг хувийн байдлыг харгалзан үзсэн” гэжээ. 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-гийн үйлдэл нь хэдийгээр болгоомжгүйгээр үйлдэгдсэн хэдий ч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байдал, түүний хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгч нь ослын дараа хохирогчид эмнэлгийн тусламж дуудсан, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд 1.700.000 төгрөгийг төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй, түүнд оногдуулсан ял тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ял оногдуулж болно...” гэж заасан болно.

  1. “Анхан шатны шүүх Иргэний хуульд зааснаар шүүгдэгч Ц.Б-гаас эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 17.620.530 төгрөгийг гаргуулан хохирогч А.Т-т олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” талаар шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо дурдсан бөгөөд гомдлын энэ хэсэгт давж заалдах шатны шүүх дараах хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч Ц.Батбаяр 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хохирогч А.Т-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлийг тогтоож, үүнийг хүлээн зөвшөөрсөн талаар сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн баримтыг танилцуулжээ /хх 21/.

Шүүхийн шинжилгээний байгууллага нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогч А.Т-ийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоогоогүй байхад түүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтлийн зэргээр сэтгэцийн гуравдугаар зэрэглэлийн хор уршиг учирсан гэж шууд тогтоосон нь үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан.

Уг аргачлалын 2.1-т “Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно”,

2.2-т ““Сэтгэцийн эмгэг” гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар ойлгоно. Сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно” гэж тайлбарласан бөгөөд 3.2-т “Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3[1]-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно” гэж заажээ.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 1.3-т “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахад Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг баримтална.” гэж,

2.1-д “Гэмт хэргийн хохирогчийн ...зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ” гэж тус тус зааснаас үзэхэд гэмт хэргийн улмаас хохирсон хүний сэтгэцэд учирсан хор уршиг, сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг тогтооход тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтэд үндэслэх шаардлагатай байна.

Гэтэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шүүх шинжилгээний байгууллагаар шинжилгээ хийлгээгүй, энэ талаар баримт хэрэгт байхгүй байхад анхан шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг 7.150.000 төгрөгөөр тооцон шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Харин анхан шатны шүүх хохирогчийн хагалгаанд орох зардал, эм авсан зардал зэргийг хэрэгт хамааралтай, хохирогчийг эмчлүүлэхтэй холбоотой зайлшгүй гарах зардал гэж үзэн шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хохирол гаргуулсан энэхүү хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-гаас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 17.620.530 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг “10.470.530 төгрөг гаргуулахаар” өөрчилж, харин хохирогч А.Т- нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг шинжилгээний байгууллагаар тогтоолгосны үндсэн дээр гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг энэхүү магадлалд дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/737 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

6 дахь заалтын “...17.620.530...” гэснийг “...10.470.530 /арван сая дөрвөн зуун далан мянга таван зуун гуч/...” гэж,

7 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Т- нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, цаашид гарах зардал, ажилгүй байсан хугацааны дутуу авсан цалин хөлсөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж өөрчилсүгэй.

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангасугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                                             

                                                  

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

                                    ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

 

[1] Энэ хуулийн 40.1-д заасан дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.