| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2022/06640/И/Н |
| Дугаар | 191/ШШ2025/03616 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/03616
2025 04 29 191/ШШ2025/03616
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо Шинэ 72 цэргийн хотхон А блок 5-2 тоот хаягт оршин суух, Улаанмалгайт овогт Ч.Г
Нэхэмжлэгч: Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, сурлагын задгай 7 дугаар гудамж, 7 тоот хаягт оршин суух Ламынхан овогт Д.С,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, 5 дугаар байр, 26 тоот хаягт оршин суух Цогт овогт Х.Б нарын гаргасан,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консулын 5-123 тоот хаягт байрлах Х ХХК .
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Багшийн дээд, Сонор плаза, 703 тоот хаягт байрлах Х ХХК
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Үйлдвэр хороолол, Туул гол, 29 дүгээр байр, 218 тоот хаягт оршин суух Монгол овогт Ц.Т нарт холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 9-14 тоот хаягт байрлах, Х ХХК
Орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, орон сууцыг Улсын комисст хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхийг даалгах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг бүрдүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ч.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Төгссайхан, түүний өмгөөлөгч *******
Нэхэмжлэгч Х.Батцэрэн, *******, тэдний өмгөөлөгч
Хатан цамхаг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
Хариуцагч ******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгч нарын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төгссайхан, өмгөөлөгч ******* нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
******* миний бие "Хатан цамхаг" ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ байгуулж Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16-р хороо, 72-р цэргийн хотхонд байрлах Эрчим Арт ХХК-ийн 2036 мкв газар дээр баригдах 80 айлын орон сууцны "А" блок орон сууцны 5-р давхар 47,19 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 мкв үнийг 1,250,000 төгрөгөөр тооцож нийт 58,987,500 төгрөгөөр худалдан авхаар болсон.
Орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээний 2.2-т заасны дагуу 58,987,500 төгрөгийн төлбөрийг гэрээ байгуулахдаа миний бие өөрийн ХААН банкны 5720361111 тоот данснаас бүрэн төлсөн болно.
Орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээний 4.1-т заасны дагуу "Хатан цамхаг" ХХК нь Орон сууцны барилгыг 2021 оны 2 дугаар улиралд батлагдсан зураг дагуу барьж захиалагч болох ******* надад хүлээлгэн өгөхөөр болсон.
Гэвч "Хатан цамхаг" ХХК нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16-р хороо, 72-р цэргийн хотхонд байрлах Эрчим Арт ХХК-ийн 2036 мкв газар дээр баригдах 80 айлын орон сууцны "А" блок орон сууцны 5-р давхар 47,19 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг хугацаа хожимдуулж жил гарангийн дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдөр биет байдлаар хүлээлгэн өгч манай гэр бүл худалдаж авсан байрандаа нүүж орсон.
Биет байдлаар орон сууцыг хүлээж авч нүүж орсноос хойш ******* миний бие удаа дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахад шаардагдах баримтыг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газарт танай компани илгээх шаардлагатай байгаа талаар "Хатан цамхаг" ХХК-аас шаардахад "Хатан цамхаг ХХК нь санхүүгийн чадавхи муу байгаа тул Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16-р хороо, 7 цэргийн хотхонд байрлах Эрчим Арт ХХК-ийн 2036 мкв газар дээр баригдах 80 айл орон сууцны "А" блок орон сууцыг банкны барьцаанд тавьж дараагийн санхүүжилт авах болно гэсэн тайлбарыг өгч миний өмчлөх эрхэнд халдаж байна.
Захиалагч ******* нь гэрээний 3.1 дэх хэсэгт заасны дагуу Х.Ариунболдын Хаан банкны 5063126117 тоот дансанд гэрээ баталгаажуулсан өдөр буюу 2021 оны 01-р сарын 12-ны өдөр гэрээний төлбөр болох 58,987,500 төгрөгийг 100% төлж барагдуулж, захиалагч талын зүгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хүлээсэн үүргээ 100% биелүүлсэн.
Ингээд 2022 оны 10-р сарын 01-ний өдөр худалдан авсан орон сууцандаа нүүж орсон боловч тог цахилгаангүй, усгүй, лифтгүй байранд лаа асаан газ хэрэглэн, зөөврийн усаар хэрэгцээгээ ханган, ил жорлон ашиглан гэр бүлийн хамт хүндхэн амьдарч байна. Өөрөөр хэлбэл өнөөдрийг хүртэлх хугацаанд тус орон сууцыг Төсөл хэрэгжүүлэгч "Хатан цамхаг" ХХК нь тус орон сууцыг Улсын комисст хүлээлгэн өгөөгүй байгаа тул Орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг захиалагч миний нэр дээр гараагүй байгаа болно.
Хатан цамхаг ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх, тухайн компанийн тамга, тэмдгийг барьсан Х.Ариунболд гэдэг хүнтэй 2021.01.12-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, тухайн өдөртөө төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Уг барилга нь Эрчим Арт ХХК-ийн захирал н.Цэцгээ гэдэг хүнтэй ******* нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр Б блокыг барьж дуусгаад ажлын хөлсөнд А, Б блокоос байр зарах эрхийг шилжүүлэн авсан байдаг. Хатан цамхаг ХХК нь Эрчим Арт ХХК-ийн Баянзүрх дүүргийн 16 хороонд байрлах 80 айлын барилгын А,Б блокыг авсан боловч иргэдтэй гэрээ байгуулсан хүн нь ******* юм.
Хатан цамхаг ХХК-ийн нийтэд санал болгосон зарын дагуу очиж уулзаад гэрээ байгуулахад захирал гэж Х.Ариунболд өөрийгөө танилцуулаад гэрээнд гарын үсэг зурсан, барилга 2022 оны 2 улиралд ашиглалтад орно, 5 давхарт, 47.19 мкв байр эзэнгүй байгаа, худалдаж авч болно гэсний дагуу гэрээ хийсэн. Ингэхдээ талбайг нь хэмжиж үзээгүй бөгөөд зураг төслийн дагуу баригдаж байгаа болохоор нь итгэсэн.
Тухайн үед гэрээ байгуулахад барилга баригдсан, гэхдээ арай дуусаагүй байсан, давхрыг үзэж сонголт хийсэн учраас талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Гэтэл 2020 онд ББСБ-аас зээл авахдаа *******, Б.Оюунчимэг нар 5 үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан, үүний нэг нь энэхүү маргаж байгаа 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын А,Б блокыг барьцаалан Хас Хаан ББСБ ХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан байна. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдах авах гэрээний дагуу ******* төлбөрийг 100% бүрэн төлсөн, худалдагч тал нь биет байдлын болон эрхийн зөрчилгүй хөрөнгө хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрч байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.8-т барилга баригдаж дууссаны дараа эд хөрөнгийн өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх, 4.13-т улсын комисс хүлээн авсан орон сууцыг 100 хувь төлбөр төлсөн захиалагчид хүлээлгэн өгөх, 5.1-т барилгын ажлыг дуусгаж, акт үйлдэж хүлээлгэж өгөх, 5.2-т төлбөрийг бүрэн төлсний дараа түлхүүрийг гардан авах, 5.3-т түлхүүр хүлээлгэж өгснөөр захиалагчид орон сууц өмчлөх эрх шилжсэнд тооцно гэж заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Хатан цамхаг ХХК-иас шаардсан.
Гэрээ байгуулах үед барилгын хаягжилт, давхрын өрөөний тоо тавигдаагүй байсан боловч бидний худалдан авсан байр бол одоо энэ Ц.Тулгын өмчилж байгаа байр мөн.
Иймд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72-р цэргийн хотхонд байрлах Эрчим Арт ХХК-ийн 2036 мкв газар дээр баригдах 80 айлын орон сууцны А блок, 5 давхар 47.19 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг ******* өмчлөх эрхтэй болохыг тогтоож,
талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээний 4.1 дэх хэсэгт Төсөл хэрэгжүүлэгч нь Орон сууцны барилгыг 2021 оны 2-р улиралд батлагдсан зургийн дагуу барьж, захиалагч талд хүлээлгэж өгнө гэж заасны дагуу Хатан цамхаг ХХК-д тус орон сууцыг Барилгын тухай хууль болон бусад холбогдох норм, дүрэм, стандартын дагуу барьж байгуулан, Улсын комисст хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхийг даалгаж,
Гэрээний 4.8 дахь хэсэгт Төсөл хэрэгжүүлэгч нь "Барилга баригдаж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж, холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу уг орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай холбогдох бичиг баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагч Хатан цамхаг ХХК-д даалгаж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгч Х.Батцэрэн, ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч ийн хамт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
******* миний бие нь Хатан цамхаг ХХК-тай 2022.01.11- ний өдөр 21/12 тоот "Орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ-г байгуулсан. Тус гэрээгээр Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72-р цэргийн хотхонд байрлах Эрчимт Арт ХХК-ийн 2036 м.кв газар дээр баригдах 80 айлын орон сууцны А блок орон сууцны 5 дугаар давхарын 46.17 м.кв талбайтай /120 тоот/ 2 өрөө орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцож, гэрээний нийт үнэ болох 60,000,000 /жаран сая/ төгрөгийг бүхэлд нь төлсөн болно.
Анх Х.Батцэрэн нь дээрх байрыг 2020.04.08-ны өдөр Хатанцамхаг ХХК болон Хангарьд пропертийз ХХК-иудтай гурвалсан 12 тоот Орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ байгуулж, гэрээний төлбөрийг бүрэн төлсөн байдаг. Улмаар миний бие ******* нь анхны захиалагч Х.Батцэрэнтэй тус байрыг худалдан авахаар харилцан тохирч, "Хатан цамхаг" ХХК-иас эрх шилжүүлэх зөвшөөрөл авсны үндсэн дээр Хатан цамхаг" ХХК-тай 2022.01.11-ний өдөр 21/12 тоот "Орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ-г байгуулсан юм. Х.Батцэрэнд дээрх гэрээ байгуулах эрхийг түүний төрсөн эгч Х.Оюунтүлхүүрээс шилжүүлэн өгсөн байдаг.
Гэтэл дээрх орон сууцны барилга баригдаж дууссан ч өнөөдрийг хүртэл орон сууцны гэрчилгээг гаргаж өгөөгүй. Түүнээс шалтгаалан захиалсан орон сууцандаа орохыг хүлээж, түрээсийн байранд амьдарч байна. Энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан захиалагч бид санхүүгийн болон сэтгэл санааны хүнд байдалд ороод байна.
"Хатан цамхаг" ХХК-тай байгуулсан 2022.01.11-ний өдрийн 21/12 тоот "Орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ-ний 4,8 дахь хэсэгт Барилга баригдаж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж, холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх үүрэгтэй" гэж заасан боловч үүргээ өнөөдрийг хүртэлх хугацаанд биелүүлэхгүй байна. Энэхүү орон сууцыг худалдан авахдаа өөрийнхөө хөлс хүчэээр цуглуулсан мөнгөөр төлбөрийг бүрэн төлж барагдуулан шударгаар олж авсан боловч эд хөрөнгө өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй өдийг хүрч байна.
Тухайн байр ашиглалтад орохгүй, дээр нь давхардуулан гэрээ байгуулсан байж магадгүй гэсэн яриа гарсны дагуу захиалагч нарын хамт байрны гадаа очоод үзэхэд зарим хүмүүс байранд орчихсон байсан. Уг нь ******* нь уулзалтыг зохион байгуулсан боловч бидний захиалсан 5 давхрын 120 тоот орон сууцанд ******* орчихсон, чаддаг юм бол шүүхээр ороод аваарай гэсэн.
Хэргийг анх нэгтгэхээс өмнө Хатан цамхаг ХХК-ийн төлөөлөгч нь *******тай байгуулсан гэрээ хууль бус, харин Х.Батцэрэнтэй өмнө байгуулчихсан гэрээтэй байсан гэсэн мөртлөө өнөөдөр өөр тайлбар өгч байгааг зөвшөөрөхгүй.
Түүнээс гадна ******* нь хэнтэй гэрээ байгуулж байгаагаа шалгах боломжтой байсан, тэрээр компанийг төлөөлөх эрхгүй этгээд буюу Х.Ариунболдтой гэрээ байгуулсан байсан. Хуулийн этгээдийн мэдээлэлийн сан дах ил тод мэдээллийн сангаас үзэхэд компанийн эцсийн өмчлөгч хэн байсан нь тодорхой харагдах бөгөөд Х.Ариунболд захирал мөн эсэхийг шалгасны эцэст гэрээг байгуулах боломжтой байсан. Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримтаар гэрээ байгуулах эрхтэй этгээд ******* болох нь тогтоогдож байх тул ******* нь хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан байна.
Хатан цамхаг ХХК-тай 2018.08.06-ны өдөр Х.Батцэрэнг гэрээ байгуулахад 4 давхрыг нь үзүүлээд танайх 5 давхарт яг ийм хэмжээтэй 3 өрөө, 46.17 мкв гэхэд нь 3 өрөө арай бага юм байна гээд 2 өрөө болгож хуваалгахаар болсон. Уг нь Х.Оюунтүлхүүртэй гэрээ байгуулахдаа 2019.01 сард ашиглалтад оруулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл оруулаагүй байна.
Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг Хатан цамхаг ХХК-д холбогдуулан гаргасан байх боловч уг барилгын өмчлөгчөөр ******* бүртгэлтэй, тэрээр өмчлөгч байх тул түүний шаардлага үндэслэлгүй юм.
Хатан цамхаг ХХК, Хангарьд пропертийз ХХК, Х.Батцэрэн нарын хооронд байгуулагдсан гэрээний дагуу Х.Батцэрэн нь Хангарьд пропертийз ХХК-ийн захирал н.Болортуяагийн дансанд гэрээний төлбөр 46,000,000 төгрөгийг шилжүүлсэн, Б.******* нь 60,000,000 төгрөгийг Х.Батцэрэнд шилжүүлсэн, төлбөр тооцооны хувьд маргаан байхгүй.
Иймд *******, Х.Батцэрэн нарыг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо 72-р цэргийн хотхонд байрлах Үйлчилгээтэй 75 айлын орон сууц-ны А блок, 5-р давхар, 46.17 мкв талбай бүхий 2 өрөө 120 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баичиг баримт гаргаж өгөхийг хариуцагч Хатан цамхаг ХХК, Хангарьд пропертийз ХХК, ******* нарт даалгах шаардлага гаргасан.
Хариуцагч Хангарьд пропертийз ХХК-д холбогдох шаардлагаас татгалзсан тул дээрх шаардлагыг Хатан цамхаг ХХК, ******* нарт холбогдуулан гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Хариуцагч Хатан цамхаг ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь татгалзлын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2021.01.12-ны өдөр орон сууц захиалгын гэрээг иргэдтэй хийж байх үед барилгын материалын хэвийн бус хөдөлгөөнтэй байсныг гэрээлэгч талууд аль аль нь олж хараагүй байсан. Барилга барих явцад барилгын материалын үнэ урд өмнө нь байгаагүйгээр өссөн. Жишээ нь гол материал болох цементийн үнэ 5 дахин өсч 1 тонн нь 250,000 төгрөг байсан ба гэнэт өсөж 600,000 төгрөг болсон. Дан ганц цемент ч биш бүх материал хамгийн багаар бодоход 2 дахин өссөн. Ингэсний улмаас санхүүжилт зогсож хүнд байдалд орсон. Эдийн засгийн энэ хямралд Монголын бүх барилгын компаниуд өртсөн. Барилгыг барьж дуусгахын тулд Тайм энд валью ББСБ-д 70 %-ийн гүйцэтгэлгэлтэй 3450 мкв талбайтай орон сууцны барилгаа барьцаалж зээл аван гүйцэтгэлийг 90 %-д хүргэсэн. Зөвхөн 3450 мкв орон сууцны барилгаар зээлийн баталгаа гаргаагүй, өөрийн эзэмшилд байсан 4 үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалсан.
Одоо 3450 мкв орон сууц зээлийн барьцаанд байгаа, улсын бүртгэлийн дугаар Y-2204081608. Барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгаа учир Өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Хатан цамхаг ХХК нь 2018 онд Цайз 72 дах төслийн барилгын А блокоос нийт 12-14 айлыг мкв-ыг 700,000 төгрөгөөр Хангарьд пропертийз ХХК-ийн борлуулалтын компанид өгсөн. Үүнд иргэн Х.Батцэрэн гэх захиалагч Хангарьд пропертийз ХХК-ийн борлуулалтын албаар дамжуулж орж ирсэн. Хангарьд пропертийз ХХК нь Х.Батцэрэнд манай үнээс нэмж зарсан байдаг. Х.Батцэрэн нь тус байраа мөн ******* гэдэг иргэнд мөн үнэ нэмж зарсан байдаг.
Иймд Хангарьд пропертийз ХХК-ийн борлуулалтын алба нь Х.Батцэрэнгийн хохирлыг барагдуулах, Х.Батцэрэн нь *******ын хохирлыг барагдуулах, Хатан цамхаг ХХК нь Хангарьд пропертийз ХХК-ийн хохирлыг барагдуулах шат дараалалтай явах нь зүйтэй гэж үзэж байна.
Манай ХХК-д барилга хариуцсан даамал хийж байсан иргэн Х.Ариунболд нь зөвшөөрөлгүй ХХК-ийн тамга тэмдгийг ашиглаж иргэн *******тай гэрээ хийж байр заран өөрийн дансаар төлбөрийг авч өөр тийш нь захиран зарцуулсан байдаг. Иймд энэ Ч.Гантулгын гэрээ манайд хамааралгүй, түүний гэрээ хууль бус болохыг мэдэгдэж байна.
Манай компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал нь Цэрэндоржийн Тулга бөгөөд Х.Батцэрэнгийн төлбөр нь манай компанийн дансанд орж ирээгүй, Хангарьдын дансанд орчихсон байдаг.
Түүнээс гадна 2 нэхэмжлэгчийн 1 нь 75 айлын, нөгөө нь 80 айлын барилга, мөн 47,19 мкв, 46.17 мкв гээд талбай нь хүртэл зөрүүтэй байна. Гэтэл үнэн хэрэгтээ нэхэмжлэлд дурдсан барилга огт байхгүй, зөвхөн Баянзүрх 16 дугаар хороо, Дандарбаатарын гудамж 50 а тоот орон сууцны барилга байгаа боловч нэхэмжлэгч нар энэ байрны талаар ямар нэгэн маргаан үүсгээгүй, энэ барилгын талаар зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шүүхийн шийдвэр дээр ажиллагаа явагдаж байгаа тул өмчлөх эрхийн баримтыг гаргаж өгөх боломжгүй. Энэ барилга бүхэлдээ Г хэлбэртэй, барилгыг бүхэлд нь дуусгаж байж барилгыг улсын комисст хүлээлгэж өгөх ёстой учраас Хатан цамхаг ХХК хариуцахгүй, үүнийг Эрчим Арт ХХК-иас нэхэх ёстой.
Иймд нэхэмжлэгч ******* болон Х.Батцэрэн, ******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. / 1 хх 25, 3 хх 73-74/
4.Хариуцагч Хангарьд пропертийз ХХК нь шүүхэд гаргасан татгалзлынхаа үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна . Үүнд:
Тус шүүхэд хянагдаж байгаа *******ын нэхэмжлэлтэй "Хатанцамхаг" ХХК болон "Хангарьд Пропертийз ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч "Хангарьд Пропертийз" ХХК-ийн зүгээс дараахь хариу тайлбарыг өгч байна.
2018 оны 07 сарын 20-ны өдөр "Хатан цамхаг" ХХК-иас "Орон сууц захиалгын гэрээ"-ээр нийт 17 ширхэг орон сууцыг худалдан авч төлбөр тооцоог бэлэн болон бартероролцуулан төлж дуусгасан байдаг. Тус төсөл нь "Эрчим Арт" ХХК-ийн хэрэгжүүлж байгаад 3 жил гаруй хугацаанд зогссон төсөл байсан ба Хатан цамхаг ХХК-тай үргэлжлүүлэн барьж ашиглалтад оруулах, төлбөр тооцоонд А блокыг өгч зарж борлуулах захиран зарцуулах эрхийг өгсөн "Хамтран ажиллах гэрээ-тэй байсан.
Өөрийн худалдан авсан орон сууцнуудаа гуравдагч этгээдэд борлуулсан ба гэрээ миний зүгээс давхцаагүй. Тус орон сууц нь анх надтай гэрээ хийсэн хугацаандаа ороогүй ба тухайн үед надад Тулгаа захирал хэлэхдээ 2 блок зэрэг комиссд өгөхгүй бол болохгүй байна, нөгөө блокоо хүлээж байна гэж хэлсэн.
Сүүлийн үед надаас байр авсан хүмүүс над дээр ирж өөрөөс чинь авсан байрыг Тулгаа захирал өөр хүнд зарж давхардсан байна гэж ирэх боллоо.
1. Миний бие энэ байрыг захиалж худалдан аваад төлбөр тооцоог Хатан цамхаг" ХХК-д шилжүүлж бүрэн дууссан.
2. Авсан байраа гуравдагч этгээдэд борлуулахдаа "Хатан цамхаг" ХХК-тай гэрээ байгуулж хийсэн.
3. Тус байруудыг зарахдаа хэн нэгэнд давхцуулж зарсан зүйл байхгүй болно.
4. Гэрээний процесс, гэрээг харахад гуравдагч этгээдтэй хийсэн гэрээнд "Хатан Цамхаг" ХХК нь барилга болон гэрээтэй холбоотой үүргийг хүлээсэн байдаг.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. /2 хх 105/
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "Хас Хаан ББСБ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дашжаргал нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд Ч.Гантулгын нэхэмжлэлтэй Хатан цамхаг ХХК-д холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Хас Хаан ББСБ ХХК оролцож байна.
СЗХ-ны даргын 2021.07.02-ны өдрийн 169 дугаар тушаалаар "Хан-Алтайн нуруу ББСБ" ХХК-ийн оноосон нэрийг "Тайм энд Валью ББСБ ХХК болгон өөрчилсөн ба СЗХ-ны 2022.07.06-ны өдрийн 389 дугаар тогтоолоор "Тайм энд Валью ББСБ ХХК-ийг "Хас Хаан ББСБ" ХХК-д нэгтгэхийг зөвшөөрсний дагуу нэгдсэн болно.
"Хан-Алтайн нуруу ББСБ" ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр №0001713 тоот Зээлийн гэрээ, мөн өдөр №0001713 тоот Барьцааны гэрээгээр БЗД, 16-р хороо, 16-р хороолол, Дандарбаатарын гудамж, 50а тоот хаягт байршилтай ГД:000688488 улсын бүртгэлийн Ү- 2204081608 дугаарт бүртгэлтэй, 3450 м.кв талбайтай Үйлчилгээ, орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байдаг.
Дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ "Хатан цамхаг ХХК болон Тулга нар нь биелүүлээгүй тул 2020 онд шүүхэд нэхэмжлэл гарган 2021 оны 06 сарын 181/ШШ2021/01154 тоот шүүгчийн захирамжаар зээлийн гэрээний үүрэгт 768,374,060.80 төгрөг гаргуулахаар болсон. Дээрх шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч нь сайн дураар зээлийг төлж барагдуулаагүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 10 сард эхэлсэн байдаг.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхэлснээс хойш "Хатан цамхаг" ХХК болон ******* нар нь зээлийн төлбөрөөс огт төлбөр төлөөгүй тул зарим барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн байдаг.
Тус 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн үнэлгээний компаниас үнэлэхэд уг үнэлгээг хариуцагч нар нь эс зөвшөөрч үүнтэй холбоотой маргаан 3 шатны шүүхээр хянагдаж Хатан цамхаг ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шийдвэр хэвээр үлдэж хуулийн хүчин төгөлдөр болсон.
Уг барилга ба түүний доторх талбай бүр нь манай ББСБ-ын зээлийн барьцаанд байгаа ба төлбөрийг барьцаа хөрөнгөөр албадан барагдуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд явж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 47,19 м.кв 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох буюу нэхэмжлэгчийг тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох ямар ч боломжгүй бөгөөд уг орон сууцны дуудлага худалдаа явагдаж, манай байгууллагын зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр бүрэн барагдуулах хүртэлх хугацаанд уг барьцааны зүйлийг өөрчлөх болон орон сууцны өмчлөх эрхийг бусад этгээдэд олгох боломжгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан өмчлөх эрхтэй холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /2хх 211-212/
6. Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:
6а. Нэхэмжлэгч *******ас ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021.01.12-ны өдөр Хатан цамхаг ХХК-тай байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ-ний болон Хатан цамхаг ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ч.Гантулгын Хаан банк ХК-ийн шилжүүлгийн мэдээлэл, Ч.Гантулгын иргэний үнэмлэхийн хуулбар, 2022.11.03-ны өдөр С.Төгссайханд олгосон итгэмжлэл, өмгөөлөгч *******, Б.Туяажаргал нарыг оролцуулах хүсэлт, ашиглалтын зардал төлсөн баримт, ихэсгэсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ашиглалтын зардал төлсөн баримт /1 хх 1-9, 20, 29, 183, 244-250, 2 хх 1-6, 36-38, 3 хх 75-120/
6б. Нэхэмжлэгч Х.Батцэрэн, ******* нараас ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******ын Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2020.04.28-ны өдөр Хатанцамхаг ХХК болон Хангравьд пропертийз ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээний хуулбар, 2022.01.11-ний өдөр Хатан цамхаг ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан Орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ, *******аас 2023.01.12-ны өдөр, Х.Батцэрэнгээс 2022.10.25-ны өдөр, 2024.03.06-ны Г.Гэлэгдуламд олгосон итгэмжлэл,өмгөөлөгч Цэндпүрэвийг оролцуулах хүсэлт, Х.Батцэрэнгийн Төрийн банк ХК-ийн харилцах дансны харилцагчийн хуулга, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /2 хх 70-84, 172, 184, 192, 237, 3 хх 4/
6в. Хариуцагч Хатан цамхаг ХХК-иас ирүүлсэн: Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, Ц.Тулгын иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, 2023.01.16, 2023.02.06-ны өдөр д олгосон итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.10.29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Б.Оюунчимэгийн Хаан банк ХК ийн 5003326999 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, 2-7 дахрын байгуулатн зураг /1хх 13-15,18, 21-22, 25, 47, 184,190, 2 хх 89, 3 хх 20-21
6г. Хариуцагч Хангарьд пропертийз ХХК-иас ирүүлсэн: Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.03.02, 2024.03.13-ны өдөр О.Бумцэцэгт олгосон итгэмжлэл, хариу тйалбар, Хатанцамхаг ХХК болон Хангарьд пропертийз ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээний хуулбар, Х.Батцэрэнгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Х.Оюунтүлхүүрийн эрх шилжүүлэх тухай хүсэлт, 75 айлын орон сууцны 5 давхрын зураг, /2 хх 94, 104-105, 116-126, 3 хх 19,
6д. Хариуцагч *******ас ирүүлсэн: Иргэний үнэмлэхийн хуулбар /3 хх 30,
6е. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас Хаан ББСБ ХХК-иас ирүүлсэн: 2023.10.24-нйи өдөр О.Дашжаргалд олгосон итгэмжлэл , Санхүүгийн зохицуулах хорооны даргын тушаал, хариу тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртглийн гэрчилгээний хуулбар /2 хх 204-206,211-213, 3 хх 56
6ё. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Эрхийн улсын бүртгэлийн Y-2204081608 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, 50а тоот хаягт байршилтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээ, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой баримт, Хатан цамхаг ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, Хаан банк ХК-ийн 5720361111 болох 5063126117 тоот дансны гүйлгээний хуулга, Neguun.mn сайтын бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс ирүүлсэн баримт, Хаан банк ХК-иас ирүүлсэн 5063126117 тоот дансны 2021.01.12-2021.02.21-ний өдөр хүртэлх хугацааны хуулга, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас ирүүлсэн баримт, Х.Ариунболдын нас барсны бүртгэлийн лавлагаа, орон сууцанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 59-181, 204-221, 224-228, 231-238, 2 хх 7-28, 42-48, 57-61, 2 хх 169, 2 хх 233-234, 238-248/ зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Хатан цамхаг ХХК-д холбогдуулан
Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72-р цэргийн хотхонд байрлах, 80 айлын орон сууцны А блок орон сууцны 5-р давхар 47.19 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, орон сууцыг Улсын комисст хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхийг даалгах, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах,
2.Нэхэмжлэгч *******, Х.Батцэрэн нар хариуцагч Хатан цамхаг ХХК, Хангарьд пропертийз ХХК, ******* нарт холбогдуулан
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо 72-р цэргийн хотхонд байрлах Үйлчилгээтэй 75 айлын орон сууц-ны А блок, 5-р давхар, 46.17 мкв талбай бүхий 2 өрөө 120 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримт гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.
2а. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгч *******, Х.Батцэрэн нар хариуцагч Хангарьд пропертийз ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.
3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШЗ2023/15018 дугаар захирамжаар хариуцагч Хатан цамхаг ХХК-ийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Хас Хаан ББСБ ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан. / 2хх 30-35/
4.Хариуцагч нар нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргасан.
5.Шүүх нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч *******, Х.Батцэрэн нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6.Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6а. *******, Хатан цамхаг ХХК нар 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр №21/01 тоот Орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр Хатан цамхаг ХХК нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72-р цэргийн хотхонд байрлах, Эрчим Арт ХХК-ийн 2036 мкв газар дээр баригдах 80 айлын орон сууцны А блок орон сууцны 5-р давхар 47.19 мкв талбайтай /айл 2/ 2 өрөө орон сууцыг 2021 оны II улиралд барьж ашиглалтад хүлээлгэн өгөх, ******* нь гэрээний үнэ 58,987,500 төгрөгийг төлөхөөр тохиролцож, мөн өдөр төлбөрийг гэрээнд тусгагдсан Х.Ариунболд, Хаан банк 5063126117 тоот дансанд төлсөн. /1хх 4-8, 2хх 42-48/,
6б. Хатан цамхаг, Хангарьд пропертийз ХХК, Х.Оюунтүлхүүр нар 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах захилгын гэрээ байгуулж, гэрээгээр Хатан цамхаг ХХК нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72-р цэргийн хотхонд байрлах, Үйлчилгээтэй 75 айлын орон сууц-ны А блок, 5 давхар загварын 46.17 мкв 2 өрөө 120 тоот орон сууцыг захиалагч талд 2018.12.31-ний өдөр барьж ашиглалтад хүлээлгэн өгөх, Х.Оюунтүлхүүр нь гэрээний үнэ 46,170,000 төгрөгийг Хангарьд пропертийз ХХК-д 2018.08.16-ны өдөр төлөхөөр тохиролцож, төлбөр төлөх үүргээ биелүүлсэн.
- Х.Оюунтүлхүүр нь энэхүү эрхээ 2019.08.27-ны өдөр Х.Батцэрэнд шилжүүлснээр Хатан цамхаг ХХК, Хангарьд пропертийз ХХК, Х.Батцэрэн нар 2020.04.28-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ байгуулж, гэрээний төлбөрийг төлсөн, /46,000,000 төгрөг/
-Улмаар Х.Батцэрэн нь энэхүү гэрээний шаардахыг эрхийг *******т шилжүүлснээр *******, Хатан цамхаг ХХК-ийн хооронд 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр №21/12 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ байгуулж, Хатан цамхаг ХХК нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72-р цэргийн хотхонд байрлах, Үйлчилгээтэй 75 айлын орон сууц-ны А блок, 5 давхар 46.17 мкв 2 өрөө 120 тоот орон сууцыг 2018.12.31-ний өдөр барьж ашиглалтад хүлээлгэн өгөх, ******* нь гэрээний үнэ 60,000,000 төгрөгийг, гэрээнд тусгагдсан Х.Батцэрэнд төлөхөөр тохиролцож, төлбөрийг төлсөн. /2хх 74, 81-82, 120-126, 192/
7.Нэхэмжлэгч ******* нь шаардлагын үндэслэлээ...гэрээгээр тохиролцсон төлбөрийг бүрэн төлж биелүүлсэн, орон сууцыг 2022.10.01-ний өдөр өөрийн эзэмшил, ашиглалтад хүлээн авсан,
Нэхэмжлэгч *******, Х.Батцэрэн нар шаардлагын үндэслэлээ...Хатан цамхаг ХХК, Хангарьд пропертийз ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ бүрэн биелүүлж, төлбөрийг төлсөн, гэрээнд тусгагдсан 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын өмчлөгч ******* тул түүнийг хариуцагчаар татсан гэж тус тус тодорхойлсон.
8.Хариуцагч Хатан цамхаг ХХК нь татгалзлын үндэслэлээ ...******* нь компанийг төлөөлөх эрхгүй этгээд Х.Ариунболдтой гэрээ байгуулсан, түүний төлсөн гэх төлбөрийг компани хүлээн аваагүй...,
...*******, Х.Батцэрэн нартай байгуулсан гэрээний үүргийг Хангарьд пропертийз ХХК хариуцах үүрэгтэй..., гэрээгээр тохиролцсон гэх хаягжилт, дугаарлалт бүхий орон сууцны барилга байхгүй, барилгын давхарт дугаар олгогдоогүй ... гэж,
8б. Хариуцагч Хангарьд пропертийз ХХК нь татгалзлын үндэслэлээ.....Эрчим Арт ХХК-ийн зогссон төсөлд Хатан цамхаг ХХК-тай хамтран ажиллахаар тохиролцож 17 ширхэг орон сууц худалдан авч, гуравдагч этгээдэд худалдан борлуулж, төлбөрийг Хатан цамхаг ХХК-д бүрэн төлсөн, байрыг давхардуулж худалдаагүй, гэрээнд барилга болон гэрээтэй холбоотой үүргийг Хатан цамхаг ХХК хариуцахаар тохиролцсон... гэж тус тус маргасан. /2 хх 105/
8в. Хариуцагч *******д 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, түүнд зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, хэрэгт авагдсан баримтуудтай танилцуулсан боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд буюу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг 2024.05.01-ний өдөр шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байхаас гадна товлосон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болох нь тогтоогдсон. /3хх 30-34,129-134/
8г. Үүнээс үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т:Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагч ******* нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлийг бий болгосон гэж үзэв.
9. Хариуцагч Хатан цамхаг ХХК нь нэхэмжлэгч *******тай байгуулсан гэрээг компанийг төлөөлөх эрхгүй этгээд Х.Ариунболдтой байгуулсан, тэрээр нас барсан гэж гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж байгаа тохиолдолд талуудын хооронд 2021.01.12-ны өдөр байгуулагдсан №21/01 тоот гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлтэй хийсэн эсэхийг тодруулах учиртай.
9а. Хэрэгт авагдсан, Хатан цамхаг ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, тус компанийн дүрэм зэргээс үзэхэд ******* нь тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.3-т зааснаар тэрээр өөрөө гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлдэг болох нь тогтоогдож байна. /1 хх 21-22, 204-206/
9б. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс ирүүлсэн 220604347 тоот хэрэгт,
-Ц.Тулгын гэрчээр өгсөн ....гүйцэтгэх захирлаар Хишигжаргалын Ариунболдыг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ажилд авсан. Ажилд авахдаа итгэмжлэх болон тушаал гаргаж Х.Ариунболдыг гэрээнд гарын үсэг зурах, хурал зөвлөгөөнд оролцох, албан бичгийг хариуцаж албан бичиг хийлгэж өгөх, байгууллагын тамга дарах эрхийг олгосон....,
...барилгын ажлыг хариуцан явуулж байсан, захиалагчдын манай компанитай байгуулсан гэрээг ерөнхий захирлыг орлож, Х.Ариунболд гарын үсэг зурж байгуулдаг байсан. ...айлууд давхардаж нэг байранд олон айл захиалга өгч гэрээ байгуулсныг Х.Ариунболдыг 2021 оны 10 сард зам тээврийн ослоор нас барсны дараа мэдсэн. Хамгийн сүүлд саяхан барилгын гадаа захиалагчидтай уулзах үед мэдсэн ....гэх мэдүүлэг,
- Хатан цамхаг ХХК-иас Х.Ариунболдод 2020.07.20-ны өдөр олгосон хугацаа заагаагүй итгэмжлэлд ...гэрээнд гарын үсэг зурах, төлөөлж хурал зөвлөгөөнд оролцох, албан бичигт хариу өгөх..,
- 2021.02.03-ны өдөр олгосон 3 сарын хугацаатай итгэмжлэлд ...компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, компанийг төлөөлж тушаал, шийдвэр гаргах, компанитай холбоотой асуудлаар төрийн байгууллагад хандах, өргөдөл гомдол хүсэлт гаргах, хэлэлцээ хийх, гэрээ байгуулах, гэрээнд нэмэлт, өөрчлөлт орулах, гэрээ болон холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах, банк болон банк бус санхүүгийн байгууллагад төлөөлөх, зээлийн бичиг баримт бүрдүүлж өгөх, авах, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх... эрх тус тус олгогдсон байгаагаас үзэхэд түүнд Хатан Цамхаг ХХК-ийг төлөөлөх эрх олгосон, тэрээр олгогдсон итгэмжлэлийн хүрээнд бусадтай орон сууц захиалгын гэрээг байгуулж, төлбөрийг хүлээн авч байсан нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. /2 хх 7-18/
9в.Дурдаж буй дээрх үйл баримтыг Хатан цамхаг ХХК нь баримтаар няцаагаагүй болно.
9г. Мөн Хатан цамхаг ХХК, Хангарьд Пропертийз ХХК, Х.Оюунтүлхүүр нарын 2018.08.06-ны өдрийн, Хатан цамхаг ХХК, Хангарьд ПропертийзХХК, Х.Батцэрэн нарын 2020.04.28-ны өдрийн, Хатан цамхаг ХХК, Хангарьд Пропертийз ХХК, ******* нарын 2022.01.11-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ-ний агуулга, төлбөр төлөгдсөн байдал зэргийг харьцуулан үзэхэд,
Хатан цамхаг ХХК, Хангарьд Пропертийз ХХК-ийн хооронд, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа, Х.Оюунтүлхүүр, Х.Батцэрэн болон Х.Батцэрэн, ******* нарын хооронд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасан шаардах эрх шилжих гэрээний харилцаа, үүний дагуу Хатан цамхаг ХХК, ******* нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа тус тус үүссэн гэж үзэв. /2хх 75-80, 2хх 81-82, 2хх 122-124/
9д. Тодруулбал *******, Хатан цамхаг ХХК болон *******, Хатан цамхаг ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдах үед орон сууцны барилга баригдаж дуусаагүй, дутуу баригдсан байсан, энэ талаар маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
10. Үүнээс үзэхэд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар хүчин төгөлдөр гэж үзнэ.
11. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, /13321/, Дандарбаатарын гудамж, 50 а тоот хаягт байршилтай, 3450 мкв талбайтай, Үйлчилгээ, орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх бүхэлдээ 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Эрхийн улсын бүртгэлийн Y-2204081608 дугаарт бүртгэж, иргэн Ц.Тулгын /рд АИ77011331/-ийн өмчлөлд бүртгэгдсэн, уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан Хатан цамхаг ХХК болон Хас Хаан ББСБ ХХК /Хан Алтайн нуруу ББСБ ХХК/-ийн хооронд 2020.03.05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангах арга болгож байгуулсан барьцааны гэрээ бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/01154 дүгээр захирамжийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад уг барилгыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа явагдаж байгаа болох нь тогтоогдож байна. /1 хх 59-181/
11а. Зохигчийн тайлбар, дээрх баримтаас үзэхэд *******тай 2021.01.12-ны өдөр, *******тай 2022.01.11-ний өдөр тус тус гэрээ байгуулсанаас хойш ажил гүйцэтгэгч Хатан цамхаг ХХК нь гэрээнд заасан хугацаанд ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөөгүй, орон сууцны барилгыг улсын комисс хүлээн аваагүй, 3450 мкв талбай бүхий, 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын өмчлөгч ******* бүртгэгдэж, түүнд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000688488 дугаартай гэрчилгээ олгогдсон,
Хас Хаан ББСБ ХХК /Хан Алтайн нуруу ББСБ ХХК/ болон Хатан цамхаг ХХК-ийн нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ бүртгэгдсэн байна. /1 хх 59-181/
11б. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан.
11в. Нэхэмжлэгч Ч.Гантулгын хувьд гэрээний үүрэгт 2021.01.12-ны өдөр гэрээ байгуулж, төлбөрийг төлснөөр, нэхэмжлэгч *******ын хувьд Хатан цамхаг ХХК, Хангарьд Пропертийз ХХК, Х.Оюунтүлхүүр нарын хооронд 2018.08.06-ны өдөр гэрээ байгуулж төлбөрийг тус тус төлснөөр гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлсэн, хариуцагч Хатан цамхаг ХХК нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна. /1хх 8, 2 хх 81-82/
11г. Зохигчийн тайлбар, тогтоогдож буй хэргийн үйл баримт, гэрээ байгуулагдсан огноо, хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн барилгын талбайн зураг /46.17 мкв/, талуудыг байлцуулан тухайн байранд хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргийг нэгтгэн дүгнэхэд Хатан цамхаг ХХК, Хангарьд пропертийз ХХК, ******* нарын хооронд байгуулагдсан гэрээний дагуу өмчлөх эрх *******т түрүүлж үүссэн болох нь тогтоогдсон, Хатан цамхаг ХХК нь уг гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр уг орон сууцыг захиалан бариулах гэрээг *******тай давхардуулан байгуулсан болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. /2хх 59-181, 3хх 116-126, 169/
11д. Хариуцагч Хатан цамхаг ХХК нь нэхэмжлэгч *******тай 2022.01.11-ний өдөр байгуулагдсан гэрээний дагуу өмчлөх эрхийн бүртгэлтэй холбоотой баримтыг Хангарьд пропертийз ХХК хариуцна гэж тайлбарласан боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.8-т энэхүү үүргийг гүйцэтгэгч буюу Хатан цамхаг ХХК хариуцах болохыг тусгажээ. /2хх 81/
11е.Түүнчлэн ******* нь Эрхийн улсын бүртгэлийн Y-2204081608 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, 50а тоот хаягт байршилтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээ, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байхаас гадна тэрээр Хатан цамхаг ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч тул тэрээр нэхэмжлэгч *******тай байгуулсан гэрээний үүргийг харуицан арилгах үүрэгтэй гэж үзэв. /1хх 204-206/
12. Хариуцагч Хатан цамхаг ХХК нь нэхэмжлэлд дурдсан 80 айл, 75 айл гэх орон сууцны хаягжилт болон 5 давхарт хаалганы дугаарлалт байхгүй гэж маргасан боловч талууд гэрээ байгуулагдаж байх үед барилгын хаягжилт олгогдоогүй, давхрын хаалганы дугаарлалт хийгдээгүй байсан, одоогийн байдлаар маргаж буй орон сууцны барилгын хаяг нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 50 а тоот хаягжилт бүхий 3450 мкв талбай бүхий барилга болох нь тогтоогдож байх ба нэхэмжлэгч нар энэхүү хаягт байрлах барилга гэдгийг тодорхойлсон.
13. Иймд нэхэмжлэгч *******ыг, Эрхийн улсын бүртгэлийн Y-2204081608 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, 50а тоот хаягт байршилтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээ, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 5 дугаар давхрын 46.17 мкв талбай бүхий , 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууц өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт /үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ/-ыг гаргаж өгөх, дээрх орон сууцыг түүний эзэмшилд шилжүүлэхийг хариуцагч Хатан цамхаг ХХК болон ******* нарт даалгаж,
нэхэмжлэгч *******, Х.Батцэрэн нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
14. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэж, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1-т барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тохиолдолд барьцааны эрх дуусгавар болно гэж, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж зохицуулсан тул гуравдагч этгээдүүдийг холбогдох орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоосон нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай барьцаалагчийн шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
14а. Тодруулбал, Ц.Тулгын өмчлөлийн 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын тодорхой хэсэг буюу А блок, 5 давхар, 46.17 мкв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******ыг салгаж тогтоосон нь уг барилгаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай барьцаалагч Хас Хаан ББСБ ХК-ийн шаардах эрхийг хөндөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.
15. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагч Хатан цамхаг ХХК, хариуцагч ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 457,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгч Ч.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 523,087 төгрөг, нэхэмжлэгч *******, Х.Батцэрэн нарын төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг, Эрхийн улсын бүртгэлийн Y-2204081608 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, 50а тоот хаягт байршилтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээ, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 5 дугаар давхрын 46.17 мкв талбай бүхий, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууц өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт /үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ/-ыг гаргаж өгөх, дээрх орон сууцыг түүний эзэмшилд шилжүүлэхийг хариуцагч Хатан цамхаг ХХК болон ******* нарт даалгаж,
Хариуцагч Хатан цамхаг ХХК, хариуцагч ******* нарт холбогдох, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч Х.Батцэрэн нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-т заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч *******, Х.Батцэрэн нар нь хариуцагч Хангарьд пропертийз ХХК-д холбогдох нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч Хатан цамхаг ХХК, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 457,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгч *******ас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 523,087 төгрөг, нэхэмжлэгч *******, Х.Батцэрэн нараас төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШЗ2023/02815, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2023/06091 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ