Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/01174

 

 

 

 

 

 

 

 

 

Э- ХХК-ийн хүсэлттэй

дампуурлын хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2021/01392 дугаар шийдвэртэй, хүсэлт гаргагч Э- ХХК-ийн төлбөрийн чадваргүйд тооцуулж, дампууруулах хүсэлттэй, нэхэмжлэгч К- ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн хариуцагч Э- ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 7 715 187 686.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй дампуурлын хэргийг нэхэмжлэгч К- ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хэрэг гүйцэтгэгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э- ХХК нь К-тай 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 337 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулж 7 000 000 000 төгрөгийг, жилийн 5.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийн гэрээний үлдэгдэл үүргийг 2016 оны 8 дугаар сарын 01-ны өдөр болон 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн нөхцөл өөрчлөх нэмэлт гэрээг тус тус байгуулан үлдэгдэл төлбөр 3 892 000 000 төгрөг болохыг баталгаажуулсан. 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр К- ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас Э- ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шүүхэд гаргаж, улмаар нэхэмжлэлээсээ татгалзсан. Төлбөрийн чадваргүйд тооцсон өмнөх захирамж хүчингүй болоогүй байгаа. К-наас авсан зээлээ буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэхийн тулд тодорхой төсөл хэрэгжүүлэх хугацаа олгохыг хүссэн боловч төлбөрийн чадваргүйд тооцуулж цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон асуудал үүссэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 10604 дугаартай захирамжаар томилогдсон хэрэг гүйцэтгэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр төлбөрийн чадваргүйдэл, 2019 оны 11 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар дүгнэлтээр Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болох нь тогтоогдсон. Иймд Э- ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К- нь Э- ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 337 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 7 000 000 000 төгрөгийг, сарын 0.46 хувь, жилийн 5.5 хувийн хүүтэйгээр, бүтээгдэхүүн стандартын хангалт, үнэ тогтворжуулах буюу блокийн үйлдвэр байгуулах зориулалтаар зээлдүүлсэн. 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 337/1 зээлийн гэрээ болон 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 337-1 тоот зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр зээлийн хүүг зах зээлийн хүүд хөрвүүлж, жилийн 21.6 хувь болгох, өмнөх зээлийн гэрээний үр дүнг дүгнээд үлдэгдэл 3 892 000 000 төгрөг байна, хүүг дээр дурдсанаар өөрчилье гэж тохиролцож гэрээг шинэчлэн байгуулсан. Мөн зээлийн үүргийг хангуулахаар барьцааны гэрээг байгуулсан. Э- ХХК нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг оруулж тооцоолсон нийт 3 646 419 265.24 төгрөгийг төлсөн байдаг. Нэхэмжлэлийг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан. Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр 3 892 000 000 төгрөг гэж дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх бүрэн эрхтэй. Дампуурлын хэрэг гүйцэтгэгч нь шаардлагатай тохиолдолд хариуцагчийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх, шаардлагатай мэдээ баримтыг хариуцагчаас гаргуулан авах, дампуурлын хэрэг үүсгэхээс өмнө байгуулсан гэрээ, хэлцлийг хянаж, хүчингүйд тооцуулах, өөрчлүүлэх, цуцлуулах үүрэгтэй. Үүний дагуу дүгнэлтээ Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу бичих ёстой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хүсэлт гаргаж уг зээлийн мөнгийг юунд зарцуулсан, мөнгөөр авсан эд зүйлс нь хаана байгаа талаар, мөн уг зээлийн мөнгийг хэрхэн зарцуулсан зүйлсийн санхүүгийн баримтыг гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахад шүүгч хүсэлтийг хангасан боловч хүсэлт гаргагч нь уг баримтыг байхгүй гэж гаргаж өгөөгүй. Уг баримтыг гаргаж өгсөн бол нэхэмжлэгчийн зүгээс санхүүгийн шинжээч томилуулах алхам хийх байсан. Зээлийг блокийн үйлдвэр байгуулахаар авсан. Гэвч зээлийн мөнгөөр блокийн үйлдвэр байгуулаагүй бөгөөд юунд захиран зарцуулсан нь тодорхойгүй байгаа. Банк зээлийг олгосны дараа Э- ХХК-ийг татвараас очиж хянадаг. Хяналтыг зургаар баталгаажуулдаг бөгөөд уг баталгаажуулсан зураг дээрх газар нь барьцааны гэрээнд дурдсан Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах, аж ахуйн зориулалттай, 5 жилийн хугацаатай, нэгж талбарын 8023/0081 дугаартай, 7.660 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар байсан. Өөрөөр хэлбэл блокийн үйлдвэр гэж харуулж Монголбанк болон татварын шалгалтыг аргалсан байдаг. Үүнийг шалгуулахаар Нийслэлийн прокурорын газарт 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 3456 дугаартай албан бичгээр хандсан. Үүнээс үзэхэд блокийн үйлдвэр барихаар авсан зээлийн мөнгийг юунд зарцуулсныг тогтоохгүйгээр асуудал шийдвэрлэгдэж байгаад гомдолтой байна. Иймд хариуцагч Э- ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 7 715 187 686.82 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э- ХХК нь К-наас 3 892 000 000 төгрөгийн өр төлбөртэй талаар тайландаа тусгасан байдаг. Банкнаас 3 892 000 000 төгрөгийн нэхэмжлэл гаргасаныг зөвшөөрдөг. Харин 3 823 187 686 төгрөгийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь Э- ХХК нь К-наас зээл аваагүй, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 171 дугаарт барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр батлах тухай тогтоол, Монголбанкны ерөнхийлөгч болон Барилга хот байгуулалтын сайдын 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хамтарсан тушаалаар батлагдсан барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах хөтөлбөрийн дагуу барилга хот байгуулалтын яамтай 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 144 тоот бүтээгдэхүүн, стандартын хангалт, үнэ тогтворжуулах гэрээг байгуулж, 7 000 000 000 төгрөг авахаар анх тохиролцсон. Улмаар дамжуулан зээлдэгч болох К-тай 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 347 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулсан. К- нь 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 7 000 000 000 төгрөгийг 15 удаа хувааж дансанд шилжүүлсэн байдаг. Үүнээс сар бүр зээлийн данснаас үндсэн зээл 3 108 000 000 төгрөг, зээлийн хүүд 536 000 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 872 000 төгрөг буюу нийт 3 600 000 000 төгрөгийг буцаан авсан байдаг. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зээлийн харилцааг тодотгоод зохицуулсан байдаг. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тусгасан байна. Нэмэгдүүлсэн шаардлагын үнийн дүнг Э- ХХК-д шилжүүлээгүй гэдэг нь баримтаар тогтоогдож байна. Э- ХХК нь К-наас 3 800 000 000 төгрөгийн зээлийг аваагүй, дансанд шилжээгүй, Э- ХХК-д уг зээлийг захиран зарцуулах эрх олгоогүй хүчин төгөлдөр бус гэрээгээр банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн үнийн дүнг нэмэгдүүлж байгаа нь хуульд нийцэхгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгддэг. Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д шүүхээр шийдвэрлэгдэх тухай заалт байдаг. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ердийн журмаар буюу нэхэмжлэлээр үүсэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгаатай зохицуулалттай байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх, эвлэрэх, шаардлагыг нэмэгдүүлэх, сөрөг нэхэмжлэл гаргах боломжгүй учраас Э- ХХК-ийн зүгээс хариу тайлбар гаргаж татгалзлаа тайлбараараа илэрхийлэх боломжтой юм байна гэдэг байдлаар оролцсон. Тус банкнаас 3 892 000 000 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрдөг. Харин 3 823 187 686 төгрөгийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хэрэг гүйцэтгэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбартаа: Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг миний бие 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 13641 дугаартай захирамжаар гаргасан. Э- ХХК-ийн санхүүгийн 6 жилийн тайлан дээр санхүүгийн шинжилгээ хийсэн бөгөөд санхүүгийн шинжилгээ тайлангаа тоон утгаар нь нотолж гаргахын тулд Сангийн яам болон мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн газраас гаргасан санхүүгийн шинжилгээ хийх заавар, журмын дагуу өргөн хэрэглэгддэг орлогын тайлан, эргэлт, хөрөнгийн харьцаа, төлбөр барагдуулах ойрын боломж, төлбөр барагдуулах өнөөгийн боломж, санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ гэсэн цогц санхүүгийн шинжилгээнүүдийг хийж шинжилгээ болгоны доор Э- ХХК-ийн төлбөрийн чадвар, зохистой үзүүлэлт, энэ шинжилгээ нь юу илэрхийлж байгаа талаар тайлбар бичсэн. Дампуурлын тухай хуульд зааснаар сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан санхүүгийн тайлан, баланс дээр дүгнэлт гаргахыг шаардсан байдаг боловч миний бие Э- ХХК-ийн санхүүгийн дүр зураг илүү тод харагдах бол уу гэх үндэслэлээр 6 жилийн тайлан дээр санхүүгийн шинжилгээ хийсэн. Уг дүгнэлтээр тус компанийн хуваарилагдах хөрөнгө нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорт байрлалтай, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, 3038/5155 нэгж талбарын дугаартай, 10 000 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, Худалдаа, хөгжлийн банк дахь Э- ХХК-ийн 499204835 тоот төгрөгийн дансны үлдэгдэл 423 045.64 төгрөг байсан. Мөн К-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаа хөрөнгүүд нь Дампуурлын тухай хуульд заасны дагуу хуваарилах боломжгүй юм. Учир нь Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт дампуурлын хэрэг үүсгэхэд хариуцагчийн өмчлөлд байсан буюу түүнийг татан буулгаж улсын бүртгэлээс хасах хүртэлх хугацаанд шинээр бий болсон өмчлөлийн зүйлс, тэдгээрээс бий болох ашиг, орлогыг хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгөд хамруулна гэж заасан байх тул бусдын эзэмшил, өмчлөлийн хөрөнгийг нь хэрэг гүйцэтгэгч дампуурсны үр дагавар болгож хуваарилах нь буруу зүйл юм. Нэхэмжлэгчийн эрх хүлээн авагчийн хэлснээр К-, Э- ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 3 892 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэж үзсэн байдаг бөгөөд уг үнийн дүнгээр нэхэмжлэлийн дүнг тодорхойлсон. Учир нь дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн онцгой ажиллагааны журмаар хэлцэгдэг учир нэхэмжлэлийн шаардлагатай маргах, нэхэмжлэлийн шаардлага дээр эвлэрэх гэх мэт ажиллагаа хийгдээгүй. Хэрвээ нэхэмжлэлийн шаардлага маргаантай гэж үзэж байгаа бол Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-т хуульчилсан зохицуулалтаар ердийн журмаар шүүхэд шийдвэрлүүлж, эрхийн зөрчлийн маргаангүй болсон тохиолдолд л нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэх ёстой юм. Иймд миний бие 3 892 000 000 төгрөгөөр дүгнэлтээ гаргасан ба нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох 7 715 187 686 төгрөгийг хүлээж аваагүй юм. Хариуцагч, нэхэмжлэгч нараас дахин хөрөнгөжүүлэх саналыг шүүхэд ирүүлээгүй тул татан буугдах үндэслэл бий болсон гэж үзэж дүгнэлтдээ санал оруулсан болно. Мөн зээлийн хөрөнгийг юунд зарцуулсныг тогтоох эрх бүхий этгээд нь хэрэг гүйцэтгэгч биш. Зээлийн хөрөнгийг юунд зарцуулсныг тогтоох нь банкны хийх ёстой зүйл гэжээ.

 

Шүүх: Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар Э- ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-т зааснаар Э- ХХК-иас 3 892 000 000 төгрөг гаргуулж, К- дахь банкны эрх хүлээн авагчид олгож, үлдэх 3 823 187 686.82 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хүсэлт гаргагчаас төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдаж, хариуцагч Э- ХХК-иас 19 617 950 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж, Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3, 38 дугаар зүйлд зааснаар хэрэг гүйцэтгэгчийн зардлыг хариуцагчид хариуцуулж, төлбөрийг барагдуулах, татан буулгах ажиллагаа явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод хариуцуулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч К- ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Талуудын хооронд байгуулсан зээл, барьцааны гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ бөгөөд зээлдүүлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй. Барьцааны гэрээгээр үүргийг хангуулахаар шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцэх байтал шүүх тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан захирамжийг гомдол гаргах эрхгүйгээр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 3 823 187 686.82 төгрөгт холбогдох хэсгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, нэмэгдүүлэх эрхтэй бөгөөд шүүх эрхийг үүрэгжүүлэх ёсгүй. Шүүх нэхэмжлэлээс үндэслэлгүйгээр 3 823 187 686.82 төгрөгийг хэрэгсэхгүй болгож байгаа нь төлбөр авагч нарын хохирлоо барагдуулж авах боломжийг мөн хэмжээгээр бууруулсан. Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд Э- ХХК-ийн 2019 оны эхний хагас жилийн байдлаарх санхүүгийн тайланд К-ны зээлийн төлбөрт 3 957 783 600 төгрөг, хүүгийн төлбөрт 185 350 100 төгрөг бүртгэлтэй бөгөөд энэ нь зээлийн гэрээ, аудитын тайлангаар нотлогдож байна гэж дурдсан бөгөөд зээлдэгч өөрийн санхүүгийн тайланд зээлийн хүүгийн төлбөрийг бүртгэсэн байхад шүүх түүнийг зээлийн хүү төлөх үүрэггүй гэж дүгнэж байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсныг харуулж байна. Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, үйл ажиллагаа Дампуурлын тухай хуульд нийцээгүй. Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т дампуурлын хэрэг гүйцэтгэгч хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан, онцлог, удирдлагын үйл ажиллагааны талаар дүгнэлтийг гаргахаар заажээ. Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд зээлийн мөнгөн хөрөнгө болох 7 000 000 000 төгрөгийг хэрхэн зарцуулсан, уг мөнгөн хөрөнгөөр эд хөрөнгө баялаг бүтээсэн эсэх, эсвэл санаатай нууж шилжүүлсэн эсэх талаар тусгагдаагүй. Энэ дүгнэлт нь Дампуурлын тухай хуулийн дээрх шаардлагад нийцээгүй. Үүнтэй холбоотойгоор шүүхэд хүсэлт гаргасныг шүүхээс хангаж шийдвэрлэсэн боловч шүүгчийн захирамж биелэгдээгүй. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг 3 удаа гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр хүлээж авахаас удаа дараа татгалзсан. Хэргийн материалд эрүүгийн журмаар шалгуулж байгаатай холбоотой нотлох баримтууд авагдсан байхад шүүх анхаарч үзээгүй. Иймд дээрх үндэслэлээр гомдлыг хангаж. анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Хүсэлт гаргагч Э- ХХК нь төлбөрийн чадваргүйд тооцуулж, дампууруулах тухай хүсэлт гаргаж, түүнд холбогдуулан нэхэмжлэгч К- ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 7 715 187 686.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дах хэсэгт Нэхэмжлэгчдийн анхны хурлаас энэ хуулийн 11.2-т заасан шаардлага хангасан этгээдийг хэрэг гүйцэтгэгчээр батлуулахаар шүүхэд санал болгоно гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч К- ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас хариуцагч Э- ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг гүйцэтгэгчийг томилоогүй, өмнө томилогдсон хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасанд нийцээгүй байна.

 

Мөн анхан шатны шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хоёр тусдаа хэрэг мэтээр зээлийн гэрээний үүрэг шаардсан шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн шийдвэрийн үндэслэл тодорхой бус байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас зээлийн мөнгөн хөрөнгө болох 7 000 000 000 төгрөгийг зориулалтын дагуу ашигласан эсэхтэй холбоотой нотлох баримтыг зээлдэгчээс гаргуулахаар хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШЗ2021/01720 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэжээ. /хх-ийн 243-244, 248-249-р тал/

 

Гэвч дээрх шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй, хариуцагч Э- ХХК зээлийн мөнгөн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласан эсэхийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, дээрх нөхцөл байдал тодорхой болсноор тус компанийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан нөхцөл болон хуваарилагдах хөрөнгө тодорхой болох боломжтой юм. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5 дах хэсэгт Эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгөд хамаарна гэж заасан. Хүсэлт гаргагч буюу хариуцагчийн бусад этгээдээс авах авлага буюу шаардлага тодорхой бус байна.

 

Иймд дээрх нөхцөл байдлууд тодорхой бус байхад давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2021/01392 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Г.ДАВААДОРЖ