Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/159

 

О.Б, Б.Б, Б.Д

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сүхчулуун,

яллагдагч О.Б, Б.Б, Б.Д нарын өмгөөлөгч Э.Түвшинбаяр,

нарийн бичгийн дарга Б.ЭнхД- нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЗ/3380 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Сүхчулууны бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2 дугаартай эсэргүүцэлд үндэслэн О.Б, Б.Б-, Б.Д- нарт холбогдох 2306 00000 1806 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Б овгийн О-ийн Б, 1996 оны ... дугаар сарын ...-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... хотхоны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,
  • Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/595 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөгдсөн,
  • Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдийн 2023/ШЦТ/34 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан;
  1. А овгийн Б-ийн Б, 2003 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эгч, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,
  • Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/929 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэгдсэн;
  1. Б овгийн Б-ийн Д, 2002 оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

О.Б, Б.Б-, Б.Д- нар бүлэглэн 2023 оны 4 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Амгалан” хотхоны 14 дүгээр байрны гадна талын автомашины зогсоолоос хохирогч Г.Г-ийн өмчлөлийн 00-00УУУ улсын дугаартай “Toyota Prius-30” загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй, 4 ширхэг обуд зэрэг 920.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газар: О.Б, Б.Б-, Б.Д- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Яллагдагч нар гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ижил төрлийн гэмт хэрэгт холбогдсон талаар мэдүүлсэн байх боловч хэрэгт дээрх мэдүүлэгтээ холбогдуулан хийсэн ажиллагаа байхгүй байна. Яллагдагч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах хэмжээ хязгаартай ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “хүнд ял оногдуулж болох эрүүгийн хэрэгт хөнгөн ял оногдуулж болох эрүүгийн хэргийг нэгтгэнэ” гэх зохицуулалттай. Өөрөөр хэлбэл яллагдагч нар нь нэг гэмт хэргийг хэд хэдэн удаа үйлдсэн тохиолдолд нэмж нэгтгэн зүйлчилснээр яллагдагчийн эрх зүйн байдал дээрдэнэ. Яллагдагч нар нь өөр хэрэгт шалгагдаж байгаа эсэхийг тодруулах, хэрэгт холбогдсон бол хэргийг яллагдагч Б.Д-, О.Б, Б.Б- нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмж нэгтгэн шалгах шаардлагатай. Хэрэгт 00-00УУУ улсын дугаартай “Приус” загварын тээврийн хэрэгслийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл авагдсан, хэргийн үйл баримтын талаар яллагдагч нар нь “машины дугуй хулгай хийхээр гадуур гарсан, гарахдаа яллагдагч Б.Д-ий ээж И.Г-ийн 00-00УУУ улсын дугаартай “Приус-20” загварын тээврийн хэрэгсэлтэй гадуур явсан” гэжээ. Дээрхээс үзэхэд яллагдагч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “машин механизм ашиглаж үйлдсэн” хүндрүүлэх шинж байгаа эсэхийг шалгах нь зүйтэй. Хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 929 дүгээр шийтгэх тогтоол, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар тус тус авагджээ. Харин яллах дүгнэлтэд яллагдагч Б.Б-, О.Б нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэж биеийн байцаалт хэсэгт бичигджээ. Яллагдагч Б.Б-, О.Б нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар тус тус шийтгэх тогтоолын хуулбар авагдсан хэдий ч ял шийтгэлээ эдэлсэн эсэх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй...” гэж дүгнэж, яллагдагч О.Б, Б.Б-, Б.Д- нарт холбогдох эрүүгийн 2306 00000 1806 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, яллагдагч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор М.Сүхчулуун бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх яллагдагч нарын гэрч болон яллагдагчаар өгсөн “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бусдын тээврийн хэрэгслийн дугуйг хулгайлан авсан гэх 1 удаагийн үйлдэл байгаа" гэсэн мэдүүлэгт үндэслэн тэдний энэ үйлдлийг шалгах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж хэргийг нэгтгэн шүүхэд шилжүүлэх нь тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ" гэх үндэслэл муутай дүгнэлт хийж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн 2306000001806 дугаартай хэрэгт Б.Д-, О.Б, Б.Б- нарыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн талаар иргэн, хуулийн этгээдээс гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл авагдаагүй, энэ талаарх баримт хэрэгт байхгүй байна.

Шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нар нь "мөрдөн шалгах ажиллагааны явцад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 1 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлсэн мэдүүлэг нь үндэслэлгүй, бусад нотлох баримтаар тогтоогдохгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад сандрах, тулгамдаж мэдүүлэг өгсөн" гэж мэдүүлсэн бөгөөд шүүгчээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг яагаад шүүхийн хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдсөн талаар удаа дараалан асуулт асууж байсан тул шүүгдэгч нар сэтгэл санааны хувьд дарамтад орж тодорхой мэдүүлэг өгөлгүйгээр мэдүүлэг өгөх ажиллагааг дуусгасан болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч болон яллагдагчаар мэдүүлэг авах үйл ажиллагаанд өмгөөлөгч оролцоогүй, яллагдагч Б.Д-, О.Б, Б.Б- нар нь тодорхой хэмжээний боловсролтой боловч эрх зүйн чиглэлээр боловсрол эзэмшээгүй байгаа зэргийг ч мөн харгалзан үзэх шаардлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах, 9.6 дугаар зүйлд гэрчийн эрхийг тодорхой заасан. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн шатнаас хийсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Д-, О.Б, Б.Б- нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдсэн болох нь бүхий л нотлох баримтаар тогтоогдсон байхад тэднийг гэрчийн статус, эрх, үүргийг сануулан мэдүүлэг авсан баримтыг яллах, цагаатгах талын баримт болгохоор шүүх захирамжид зааж өгсөн нь үндэслэлгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 16.3 дугаар зүйлд заасныг ч шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосонгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл /Хулгайлах/ хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар төгсөх, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 -т “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг тогтоож өгсөн. Хэрэгт цугларсан нотлох баримтаар яллагдагч нар нь тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож явахдаа бусдын эд хөрөнгийг хулгайлсан бөгөөд, тээврийн хэрэгслийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд учирсан саадыг арилгах зорилгоор ашигласан гэх ямар ч нотлох баримт авагдаагүй, хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг тээврийн хэрэгсэл ашиглаж хэргийн газраас холдуулж зөөсөн үйлдлийг хүндрүүлэх шинж чанар гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, яллагдагч нарын үйлдлийг хүндрүүлэх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байхад шүүгч “яллагдагч нар нь тээврийн хэрэгсэл унаж явсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл болох” мэтээр дүгнэж хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй. Мөн 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 988 дугаартай яллах дүгнэлтэд яллагдагч нарын урьд өмнө ял шийтгэл эдэлж байсан эсэх талаарх мэдээллийг зөрүүтэй, буруу бичсэн техникийн алдааг яллах дүгнэлтийг зөвтгөн гаргаж, шүүгдэгч нарт дахин гардуулж өгөх, яллагдагч нарт холбогдох өмнөх шийтгэх тогтоол хэрхэн биелсэн талаарх мэдээлэл, баримтууд, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан үйлдэл, гэмт хэрэг байгаа эсэх талаарх лавлагаа мэдээлэл, тогтоол шийдвэр зэргийг шүүхээс тогтоосон хугацаанд шүүхийн шатанд хэрэг хянагдаж байх явцад нөхөн гүйцэтгэж хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаанд дүгнэлт хийж, хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч О.Б, Б.Б-, Б.Д- нарын өмгөөлөгч Э.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар О.Б, Б.Б-, Б.Д- нарт холбогдох эрүүгийн хэргийн шийдвэр, ажиллагааг прокурор эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

  1. Шүүгдэгч хэдийгээр хуульд зааснаар гэм буруугаа хүлээх, нотлох үүрэг хүлээхгүй боловч үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлж нэг яллах дүгнэлтийн хүрээнд асуудлыг шийдвэрлүүлж эрх зүйн байдлаа дээрдүүлэх хууль зүйн боломж нь гагцхүү шүүгдэгчийн хүсэл зоригоос хамаардаг.

Хэрэв шүүгдэгч оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу оногдуулсан ялуудыг нэгтгэж, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоодог.

Энэхүү хэргийн тухайд яллагдагч нар нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бусдын эд хөрөнгийг хулгайлсан талаар тайлбарлан мэдүүлсэн байх бөгөөд тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс энэхүү асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар нэг мөр шалган тогтоох шаардлагатай.

  1. Яллагдагч О.Б нь урьд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, яллагдагч Б.Б- нь хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэгдсэн талаарх шүүхийн шийдвэрүүд хэрэгт авагдсан байх боловч уг шийтгэх тогтоолууд нь www.shuukh.mn сайтаас хуулбарласан, “Хуулбар үнэн” эсэхийг нотолсон баримтгүйн дээр эдгээр шийтгэх тогтоол биелэгдсэн эсэх нөхцөл байдлыг тодруулах нь шүүгдэгч нарын холбогдсон хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх заалтуудыг зөв хэрэглэхэд ач холбогдолтой болно.
  2. Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид яллагдагч нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүндрүүлэх шинжийг хангасан эсэхийг шалгах талаар заасан нь үндэслэлтэй болжээ.

Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд энэхүү нөхцөл байдалд дүгнэлт хийх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гэмт хэргийг бүрэн илрүүлэх зорилтод нийцэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн хүнд шударгаар ял оногдуулах, нөгөө талаас ял завшуулахгүй байх үр нөлөөтэй.

Дээрх үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЗ/3380 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Сүхчулууны бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЗ/3380 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Сүхчулууны бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

                                    ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ