Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 126/2018/0016/з |
Дугаар | 214 |
Огноо | 2019-06-17 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 214
Ч.Н-ын нэхэмжлэлтэй,
Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн
сонгуулийн нэгдсэн хороо, Алаг-Эрдэнэ сумын
Засаг даргад тус тус холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч,
Б.Мөнхтуяа,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж,
Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар тогтоол, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийн нэгдсэн хороонд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр явагдсан захирагчийн сонгуулийг хүчингүй болгох шийдвэр гаргахыг даалгах, хууль бус үйл ажиллагааны улмаас Ч.Н-т учруулсан 5.598.110 төгрөгийг гаргуулах,
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0169 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Ч.Н, түүний өмгөөлөгч Н.А, хариуцагч Сонгуулийн нэгдсэн хорооны дарга Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, М.Ц, гуравдагч этгээд Б.Г нарыг оролцуулж,
Хариуцагч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр: Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 11, 13, 14 дүгээр зүйлийн 1, 3-д заасныг баримтлан иргэн Ч.Н-ын нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар тогтоол, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаар Хатгал тосгоны Захирагчаар Б.Г-ыг батламжилсан захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Хатгал тосгоны Захирагчийн сонгуулийн нэгдсэн хороонд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр явагдсан захирагчийн сонгуулийг хүчингүй болгох шийдвэр гаргахыг даалган, хууль бус үйл ажиллагааны улмаас Ч.Н-т учруулсан 5.598.110 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0169 дүгээр магадлалаар: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Ч.Н-рын нэхэмжлэлийг хангаж, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар тогтоол, мөн аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д зааснаар нэхэмжлэгч Ч.Н-ыг “Хатгал тосгоны захирагчийн нэгдсэн хороонд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр явуулсан захирагчийн сонгуулийг хүчингүй болгох шийдвэр гаргахыг даалгах, учруулсан хохирол 5.598.110 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Хариуцагч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны дарга Ц.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хот тосгоны захирагчийн сонгууль явуулах огцруулах тухай журмын 24, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д хот тосгоны захирагчийн сонгуульд оролцсон нийт сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчийг захирагчаар сонгогдсонд тооцно. Нэр дэвшигчийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол нийт сонгогчдын хамгийн олон санал авсан 2 хүнийг дахин санал хураалтад оруулна гэсэн байна. Сонгуульд оролцсон нийт сонгогчдын хамгийн олон санал авсан 2 хүн гэсэн ойлголтод 2-оос дээш этгээд сонгуульд оролцсон тухай ойлголт хамаарах юм.
4. Өөрөөр хэлбэл Хот тосгоны захирагчийн сонгууль явуулах огцруулах тухай журмын 25 дахь заалт 2-оос дээш этгээд сонгуульд оролцсон тохиолдолд хамаарах эрх зүйн акт юм. Харин 2-оос дээш этгээд бус ердөө 2 этгээд өрсөлдсөн бол дээрх журмын 25-ыг үндэслэн олонхийн санал авсан нь сонгогдсонд тооцогдох юм.
5. Давж заалдах шатны шүүхээс нийт сонгогчдын олонхийн санал аваагүй нэр дэвшигч Б.Г-ыг сонгогдсонд тооцож захирагчаар томилсон нь нийт сонгогчдын олонхийн санал авсан бол сонгогдсонд тооцох хуулийн заалтыг зөрчсөн байна гэж дүгнэсэн нь 2-оос дээш этгээд нэр дэвшээд хэн аль нь олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан этгээдийг дахин санал хууралтад оруулна. Зөвхөн 2 этгээд нэр дэвшсэн бол уг 2 этгээдээс олонхийн санал авсан нь сонгогдсонд тооцох ойлголт бүхий эрх зүйн актыг зөв тайлбарлаж чадаагүй юм.
6. Мөн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Ч.Ням-Очир нь Б.Г-аас 16 саналаар бага сонгогчийн санал авсан, хүчингүй саналын хуудас 47 байгаагаас үзвэл дахин санал хураалтад оролцвол сонгуулийн дүнд нөлөөлөхөөр байна гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх сонгуульд оролцсон иргэдээс нэр дэвшсэн 2 этгээдийн алийг нь ч сонгохыг хүсээгүй хоосон саналын хуудас өгөх нь саналаа өгч сонгох эрхээ эдэлж байгаа хэрэг юм гэж дүгнэсэн байна. Хэний ч төлөө санал өгөхийг хүсэхгүй байгаа иргэдийг оролцуулж дахин санал хураалт явуулахад сонгуулийн дүнд хэрхэн нөлөөлөх нь ойлгомжгүй бөгөөд давж заалдах шатны шүүхийн дээрх 2 дүгнэлт хоорондоо эрс тэс ойлголттой зөрчилтэй болсон байна.
7. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэжээ.
ХЯНАВАЛ:
8. Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Сонгуулийн нэгдсэн хорооны гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
9. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоны захирагчийн ээлжит сонгууль явагдаж, саналын хайрцгаас 1389 саналын хуудас тоологдож, 47 саналын хуудас хүчингүйд тооцогдож, үлдэх 1342 саналын хуудаснаас нэр дэвшигч Б.Г 679, нэр дэвшигч Ч.Н 663 санал авсан үйл баримт тогтоогдсон, хэргийн оролцогчид энэхүү үйл баримттай маргаагүй байна. Гагцхүү хүчингүй 47 саналын хуудсыг нийт сонгогчийн тоонд оруулан тооцох эсэх үйл баримттай холбогдуулан, нэхэмжлэгчээс “хүчингүй саналын хуудсыг нийт сонгогчийн тооноос хасахгүй, хэн ч олонхийн санал аваагүй” гэж, хариуцагчаас “нийт сонгогчийн тооноос хүчингүй саналын хуудсыг хасч тооцно, Б.Г олонхийн санал авсан” гэж тус тус маргасан байна.
10. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д “Хот, тосгоны захирагчийн сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг тухайн хот, тосгоны захирагчаар сонгогдсонд тооцно” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд “нийт сонгогч” гэдэгт тухайн санал хураалтад оролцож, саналын хуудас авсан сонгогчийг ойлгох бөгөөд тухайн саналын хуудаст хэнийг ч дэмжээгүй, эсхүл журамд зааснаас өөр тэмдэглэгээ хийсэн байдал нь тухайн саналын хуудсыг нийт санал хураалтад оруулан тооцохгүй байх үндэслэл биш, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
11. Захирагчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн этгээдүүдийн саналын зөрүү 16 байгаа тохиолдолд хүчингүй саналын хуудсыг нийт сонгогчийн тоонд оруулан тооцохгүй байх нь сонгуулийн үр дүнд шууд нөлөөлөх үр дагавартай байна. Тодруулбал, хүчингүй 47 саналын хуудсыг нийт сонгогчийн тоонд оруулан тооцсоноор нэр дэвшигчийн хэн аль нь олонхийн санал авч чадаагүй, дахин санал хураалт явуулах үр дагавар үүссэн байна.
12. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т “Хэрэв нэр дэвшигчийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол сонгуульд оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулна. Дахин санал хураалтад оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулна. Дахин санал хураалтад оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг тухайн хот, тосгоны захирагчаар сонгогдсонд тооцно” гэж зааснаар “хамгийн олон санал авсан” гэж үзэх үндэслэл нь нийт сонгогчийн олонхийн санал авсан байх урьдчилсан нөхцөл мөн байх тул хариуцагчийн “Сонгуульд оролцсон нийт сонгогчдын хамгийн олон санал авсан 2 хүн гэсэн ойлголтод 2-оос дээш этгээд сонгуульд оролцсон тухай ойлголт хамаарах юм, харин 2-оос дээш этгээд бус ердөө 2 этгээд өрсөлдсөн бол олонхийн санал авсан нь сонгогдсонд тооцогдох” гомдол үндэслэлгүй.
13. Хариуцагчийн өмгөөлөгчийн “нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, нэхэмжлэлийн шаардлагыг хэзээ нэмэгдүүлсэн нь тодорхойгүй, 2018 оны 06 дугаар тогтоолын 1 дэх заалтаар сонгуулийн дүнг хүчинтэйд тооцсон” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэмэгдүүлсэн, шүүхээс энэ хүрээнд хэргийг шийдвэрлэсэн, түүнчлэн нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Хатгал тосгоны захирагчийн нэгдсэн хороонд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр явуулсан захирагчийн сонгуулийг хүчингүй болгох шийдвэр гаргахыг даалгах” шаардлагаас татгалзсан тул шүүхийн шийдэлд нөлөөлөхгүй байна.
14. “Гэрчүүдэд эрх үүрэг танилцуулаагүй, нэг хуудаст 11 гэрчээр гарын үсэг зуруулсан, гэрчийн мэдүүлэгт шүүгч гарын үсэг зураагүй” гэх гомдол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, шүүхээс 11 гэрчээс нэгэн зэрэг мэдүүлэг аваагүй, 1-р хавтаст хэргийн 134-167 дахь талд авагдсан гэрч асуусан тухай тэмдэглэлүүдээс үзвэл өөр өөр цаг хугацаанд асуусан байгаа нь гэрчийг асуух хуульд заасан журам зөрчсөн байдал тогтоогдохгүй, шүүгч холбогдох баримтад гарын үсэг зурсан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй.
15. “Хариуцагч Сонгуулийн хороо татан буугдсан, татан буугдсан байгууллагыг хариуцагчаар татаж оруулсан, нэхэмжлэлийн хувийг Сонгуулийн хорооны дарга биш Захирагчийн ажлын албаны дарга гардаж авсан, Засаг даргад нэхэмжлэлийн хувь гардуулахдаа өөр хүнд гардуулсан” гэх гомдлын тухайд: хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Сонгуулийн хорооны дарга нь сонгуулийн хороо татан буугдсан үйл баримтын талаар маргаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй тул шүүхийг буруутгах, хэрэг хянан шийдвэрлэхэд ноцтой нөлөөлөх зөрчил гаргасан гэж үзэхгүй.
16. Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2018 оны 11 сарын 01-ний өдрийн 1/432 дугаар албан бичгээр Ч.Н-ын нэхэмжлэлд холбогдох баримт бичгийг багийн Засаг даргаар дамжуулан авахыг зөвшөөрсөн, энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй боловч энэхүү үйл баримттай холбогдуулан төлөөлүүлэх эрх олгосон сумын Засаг даргаас маргаагүй, шүүхэд мэтгэлцэх, нотлох баримт гаргаж өгөх эрхээ хэрэгжүүлсэн байх тул дээрх гомдол үндэслэлгүй.
17. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0169 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ