Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 0021

 

      Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Гурванбулаг сумын Ардчилсан намын нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Гурванбулаг сумын Сонгуулийн салбар хороонд холбогдох

           “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчдийн материалыг  хүлээн авахаас татгалзсан сумын Сонгуулийн салбар хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, Сонгуулийн салбар хороонд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авах хугацааг шинэчлэн тогтоохыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий 158/2016/0020/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Гурванбулаг сумын Ардчилсан намын дарга Ц.Бат-Эрдэнэ, хариуцагч тус сумын Сонгуулийн хорооны дарга А.Эрдэнэбулган, гэрч Д.Эрдэнэбат, Б.Батжаргал, Б.Хишигдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

       Нэхэмжлэгч Гурванбулаг сумын Ардчилсан намаас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон тус намын дарга Ц.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа : Монгол Улсын сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль 2016 оны 10 сард явагдахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Булган аймгийн Гурванбулаг сумын Ардчилсан намаас хэд хэдэн намын гишүүдийг тус сумын иргэдийн төлөөлөгчид нэр дэвшүүлэхээр шийдвэрлэж, шаардлагатай баримт бичиг материалуудыг цуглуулсан болно. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт "Нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ" гэж заасны дагуу нэр дэвшигчийн баримт бичгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 17.00 цагаас өмнө сонгуулийн салбар хороонд гарган өгөх үүрэгтэй байсан.                                                                                                                                                     

      Манай намаас сонгуульд нэр дэвшигч Д.Эрдэнэбат нь 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр шаардлагатай баримт бичигт гарын үсэг зурахаар Гурванбулаг суманд ирж байх замдаа мотоцикль нь эвдэрсэн тул намын ажилтан Д.Баттулга сумаас түүнийг очиж авч ирэн нэр дэвшигчдийн материалыг сонгуулийн салбар хороонд аваачиж өгөхөд 17 цаг 10 минут болсон буюу материал хүлээн авах хугацаа 10 минут өнгөрсөн байсан. Тухайн үед бид ийнхүү хугацаа хоцрох болсон шалтгаанаа сонгуулийн хороонд тайлбарласан боловч сонгуулийн хороо хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлээр манай намын нэр дэвшигчдиин материалыг хүлээн авахаас татгалзсан.

         Материал хүлээн авах хугацааг 10 минутаар хэтрүүлсэн нь ялимгүй зөрчил төдийгүй ийнхүү хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай талаар холбогдох тайлбарыг бид Сонгуулийн салбар хороонд гаргасан байдаг. Гэтэл хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэлгүйгээр, ялимгүй зөрчилд шалтаглан Гурванбулаг сумын Ардчилсан намаас нэр дэвшигчдийн материалыг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн үйлдэл нь нэр дэвшигчдийн үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл байна.

      Түүнчлэн Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигчдийн бүрдүүлэх материалд татварын тодорхойлолт, цагдаагийн тодорхойлолт болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг хавсарган өгөх шаардлагыг тавьсан байдаг. Манай намын нэр дэвшигчид Булган аймгийн холбогдох төрийн эрх бүхий байгууллагаас дээр дурдсан тодорхойлолтуудыг авахаар 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүсэлт гаргасан боловч тус байгууллагуудаас хуульд заасан материал хүлээлгэн өгөх сүүлийн хугацааны дотор нэр дурдсан тодорхойлолтуудыг гарган өгөөгүй. /2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тодорхойлолтуудыг хүлээн авсан/ Булган аймгийн Гурванбулаг сумын сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн салбар хороонд төрийн байгууллагын үйл ажиллагааны улмаас татварын тодорхойлолт, цагдаагийн тодорхойлолт болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг хуульд заасан хугацааны дотор хүлээлгэн өгөх боломжгүй байгаа талаар хандахад бүх материалыг хуульд заасан хугацааны дотор л өгөх ёстой гэсэн хариуг бидэнд өгсөн. Мөн сонгуулийн хорооны дарга А.Эрдэнэбулгантай утсаар холбогдох гэж удаа дараа оролдсон боловч холбогдож чадаагүй. Тиймээс төрийн байгууллагын үйл ажиллагааны улмаас нэр дэвшигчдийн материалыг хуулийн хугацаанд өгч чадаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн байна.

     Иймд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдийн материалыг  хүлээн авахаас татгалзсан Сонгуулийн салбар хорооны үйлдлийг хүчингүй болгуулах, иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авах хугацааг шинэчлэн тогтоохыг даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

         Хариуцагч А.Эрдэнэбулганаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт "Нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараахь баримт бичгийг орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ..." гэж заасныг зөрчиж 17 цаг 14 минутад Ардчилсан намын гишүүн Г.Батцэцэг сумын Сонгуулийн хорооны байранд нэр дэвшигчдийн баримт бичгийг авч ирсэн нь хуулинд заасан хугацаа өнгөрсөн байсан байна. Иймд уг материалыг хулээж авах боломжгүй нөхцөл байдал үүссэн болно. Мөн тухайн өдрийн 17 цаг 35 минугад Ардчилсан намын гишүүн Д.Баттулга Ардчилсан намаас нэр дэвшигчдийн зарим материалыг сумын сонгуулийн хорооны байранд оруулж ирсэн юм.

        Ингээд сумын Сонгуулийн салбар хорооны хуралдааныг хийж Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь заалтыг Гурванбулаг суман дахь Ардчилсан нам зөрчсөн үйлдэл гаргасан тул Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн материалыг хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэрийг сумын сонгуулийн хорооноос гаргасан болно.

       Сонгуулийн хуульд зааснаар нэр дэвшүүлэх ажиллагааг 5 хоногт буюу 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөө с 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хооронд явуулж, уг хуулийн хугацаа дууссан өдрөөс хойш 3 хоногт багтаан буюу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлэх ёстой. Энэ хугацаанд намууд нэр дэвшигчдийнхээ материалыг бүрдүүлэх хангалттай хугацаа юм. Сонгуулийн хуулинд цаг хугацааны асуудлыг маш нарийн тусгаж өгсөн байдаг учраас намууд энэ бүхнийг тооцсон байх ёстой. Тэгэхээр Ардчилсан намын энэ үйлдэл нь хуулийг зөрчсөн, үүрэг хариуцлагаа биелүүлээгүй үйлдэл гэж үзэж байна.

     Монгол улсын Үндсэн хуулинд заасан сонгогдох эрхтэй боловч бас үүний хажуугаар хуулийг биелүүлэх, хуулиа дээдлэх үүрэг хариуцлагаа биелүүлж чадаагүй байна.

      Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зуйлийн 157.2.1-157.2.7 дахь хүртэлх 7 төрлийн бичиг баримтыг намууд нэр дэвшигч тус бүр дээрээ бүрдүүлэн хуульд заасан хугацаанд буюу 9 дүгээр сарын 01-ний 17 цаг 00 минутаас өмнө сумын Сонгуулийн хороонд ирүүлэх ёстой. Нэхэмжлэлд дурдсан шүүх, цагдаа, татварын байгууллагын тодорхойлолт гээд байгаа зүйлүүд бол мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1-154.3.5 дахь заасан нэр дэвшигчдэд тавигдах шаардлага юм. Энэ талаар сумын Ардчилсан намынхан нэг ч удаа сумын Сонгуулийн хороонд хандаагүй болно.

       Гэтэл Ардчилсан намын нэхэмжлэлд өөрсдөө хуулийн заалтуудыг нарийн мэдэхгүй байгаа буруутай үйлдлээ төрийн байгуулагуудын буруутай үйлдэл мэтээр бичсэн байгаа нь өөрсдийнхөө буруутай үйл ажиллагааг бусад руу түлхэх гэсэн үйлдэл гэж үзэж байна.

     Булган аймгийн Гурванбулаг суман дахь Ардчилсан Намын дэд дарга Л.Намдаг, гишүүн Д.Баттулга нараас нэр дэвшигчдийнхээ материалыг өгөх хуулийн хугацаа хоцроосон болохыг хүлээн зөвшөөрч, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг хүлээж авахыг хүссэн хүсэлт, өргөдлийг сумын Сонгуулийн салбар хороонд ирүүлсэн.

       Ингээд сумын Сонгуулийн салбар хорооноос Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дах заалтыг зөрчсөн учир Ардчилсан Намаас нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээж авах боломжгүй гэсэн хариу хүргүүлсэн.” гэв.   

    Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

        Шүүхээс нэхэмжлэгчийн Гурванбулаг сумын Сонгуулийн салбар хороонд холбогдуулан гаргасан “2016 оны сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Гурванбулаг сумын Ардчилсан намаас нэр дэвшсэн нэр дэвшигчдийн материалыг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, Сонгуулийн салбар хороонд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчдийн материал хүлээн авах хугацааг шинэчлэн тогтоохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

       Гурванбулаг сумын Ардчилсан намаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 6 тойргийн 21 мандатад 21 хүнийг нэр дэвшүүлэхээр Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 /Сонгуульд оролцох нам нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана/ -д зааснаар 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн тус сумын Ардчилсан намын зөвлөлийн гишүүдийн хуралдаанаар хэлэлцэж, нэр бүхий 21 нэр дэвшигчийг мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 /Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн аймаг, нийслэл, сум дүүрэг дэх намын салбар байгууллага дотоод дүрэм, журамд заасан хуралдаанаараа хэлэлцэж ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэнэ/ -д заасны дагуу санал нэгтэйгээр баталжээ.

       Гурванбулаг сумын Сонгуулийн салбар хороо нь Ардчилсан намаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшсэн нэр дэвшигчдийн материалыг хуулийн хугацаанд буюу 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 17 цаг 00 минутаас өмнө ирүүлээгүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна.

       Нэхэмжлэгчээс “Сонгуулийн салбар хороонд нэр дэвшигчдийн материалыг хуульд заасан хугацаанд хүргүүлээгүй нь нэр дэвшигч Д.Эрдэнэбатын мотоциклийн дугуй хагарсны улмаас тус намын гишүүн Д.Баттулга өөрийн машинаар нэр дэвшигч Д.Эрдэнэбатыг авч ирэхээр явахдаа Ардчилсан намаас нэр дэвшсэн нэр дэвшигчдийн материалыг албан өрөөндөө цоожилж явсан, мөн Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан Булган аймгийн татварын хэлтэс, Цагдаагийн газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас авах ёстой албан бичиг тодорхойлолтууд цаг хугацаандаа очоогүй зэрэг нь хүндэтгэх үзэх шалтгаан байтал Сонгуулийн салбар хороо материалыг хүлээн аваагүй нь буруу” гэж,

        Хариуцагчаас “Сонгуулийн тухай хуульд нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш намаас нэр дэвшигчдийн материалыг гурав хоногт багтаан орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны Сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ гэж заасныг зөрчиж 17 цаг 14 минутад ирүүлсэн нь хуульд заасан хугацаа өнгөрсөн” гэж маргажээ.

     Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д “Сонгуульд оролцох нам нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана” гэсэн байх ба дээрх тав хоногийн хугацаанд нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан байхаар зохицуулжээ. Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 06 дугаар “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолын 2-т “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байхаар тогтоосугай” гэсэн байх ба нэр дэвшүүлэх ажиллагаа 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр эхэлж мөн сарын 29-ний өдөр дуусахаар байна. Үүнээс харахад тус сумын Ардчилсан намаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд намаас нэр дэвшүүлэх ажиллагааг дээрх 5 хоногийн хугацаанд хийж дуусгах ба Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т заасан шаардлагыг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дотор бүрдүүлэх ёстой байжээ.

     Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн маргаж байгаа цагдаагийн газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон татварын хэлтсээс гаргах ёстой нэр дэвшигчийн өр авлага, ял шийтгэлийн талаарх баримтуудыг нэр дэвшүүлэх ажиллагаа эхэлснээс хойш дуусах хүртэлх 5 хоногийн хугацаанд бүрдүүлсэн байхыг ойлгох нь зүйтэй юм.   

     Гэрч Б.Батжаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэр дэвшигчдийн татварын өр болон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр авлагын талаарх лавлагаа, цагдаагийн газрын ял шийтгэгдсэн эсэх талаарх тодорхойлолтуудыг 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 16 цагт авч, Гурванбулаг сум руу шууд гараад 18 цаг өнгөрч байхад сумын төвд очсон” гэж,

     Гэрч Б.Хишигдаваа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “ Ардчилсан нам 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 17 цаг 10 минутад материалаа оруулж ирсэн...” гэж тус тус мэдүүлснээс харахад Ардчилсан намын нэр дэвшигчдэд тавигдах шаардлага Сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд бүрдээгүй байсан байна гэж дүгнэлээ.

       Мөн Гурванбулаг сумын Ардчилсан намаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 22 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Эрдэнэбат нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.3-т заасан “нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл”-ийг өөрийн биеэр бичээгүй, утсаар хэлж бичүүлсэн гэх ба уг зөвшөөрөлд гарын үсэг зурахаар сумын төв рүү явах замдаа мотоциклийн дугуй хагарсны улмаас тус намын гишүүн Д.Баттулга очиж авахаар явахдаа нэр дэвшигчдийн материалыг өрөөндөө цоожилж явсан тухай Сонгуулийн салбар хороонд гаргасан өргөдөлд дурьдсан зэргээс харахад тус сумын Ардчилсан нам нэр дэвшигчдийн материалыг хуульд заасан хугацаанд гаргаж өгөөгүй, намын гишүүн гэх Д.Баттулга хариуцлагагүй хандаж хуульд заасан хугацааг хэтрүүлсэн буруутай байна.

      Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ дээрх нөхцөл байдлуудыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж маргасан боловч “Хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт “гэнэтийн аюул, байгалийн давагдашгүй хүчин, дайны болон онц байдал зарласан, мөн тухайн орон нутагт гоц халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон зэрэг өөрөөс үл хамаарах шалтгаан”-ыг ойлгох нь зүйтэй. Харин нэр дэвшигч Д.Эрдэнэбатын мотоциклийн дугуй хагарч тус намын гишүүн Д.Баттулга өөрийн хувийн машинтай очиж ачиж ирснээс хугацаа хожимдуулсан нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй ба аймгийн Татварын хэлтэс, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон шүүхээс гаргуулан авах тодорхойлолтыг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний хооронд гаргуулан авах хангалттай хугацаа байсан гэж үзэх үндэслэлтэй юм.

       Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэлт хийхэд Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 /Нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ/ -т заасан хугацаанд нэр дэвшигчдийн материалыг Сонгуулийн салбар хороонд хүргүүлээгүй нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байх ба сумын Сонгуулийн салбар хорооны хууль зөрчсөн буруутай үйлдэл тогтоогдохгүй байна.

     Нэр дэвшигчдийн материалыг хүлээн авах хугацаа буюу 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 17 цаг хүртэл тухайн орон нутагт байгалийн гамшиг болон нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар нэр дэвшигчдийн материалыг биечлэн ирүүлэхэд саад болох нөхцөл байдал үүсээгүй байх тул сумын Сонгуулийн салбар хороонд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авах хугацаа шинэчлэн тогтоохыг даалгах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй юм.        

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т заасныг баримтлан Гурванбулаг сумын Ардчилсан намаас тус сумын Сонгуулийн салбар хороонд холбогдуулан гаргасан “2016 оны сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Гурванбулаг сумын Ардчилсан намаас нэр дэвшсэн нэр дэвшигчдийн материалыг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, Сонгуулийн салбар хороонд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчдийн материал хүлээн авах хугацааг шинэчлэн тогтоохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дүгээр зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.МӨНХЖАРГАЛ