Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2016/01268

 

Д.Бат-Оргилын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/04795 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1465 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Д.Бат-Оргилын нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Цогтгэрэлд холбогдох,

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хишигбаяр, хариуцагч С.Цогтгэрэл, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хорооллын 12 дугаар байрны 20 тоот хаягт байршилтай 56 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204042368 дугаарт бүртгэлтэй гэрчилгээ эзэмшиж байгаа болно.Гэтэл дээрх байрыг 2011 онд ашиглалтад орох үед нь сантехникийн асуудлыг хариуцаж байсан “Нарантээл” ХХК-ийн ажилтан С.Цогтгэрэл нь түр байрлах нэрийдлээр орсон боловч одоог хүртэл миний өмчлөлийн байрыг чөлөөлж өгөхгүй хэл амаар доромжлох үйлдлийг удаа дараа гаргаж, ашиглалтын зардлын төлбөрийг төлөхгүй нөхцөл байдлыг үүсгэж өдийг хүрлээ.Иймд Д.Бат-Оргил миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хорооллын 12 дугаар байрны 20 тоот хаягт байршилтай 56 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас С.Цогтгэрэлийг албадан гаргуулж, байрыг чөлөөлж өмчлөх эрхээ эдлэх боломжийг олгож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ургах наран хорооллын 12 дугаар байрны 20 тоот 56 м.кв 2 өрөө орон сууцанд 2012 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нүүж орсон болно. Д.Бат-Оргил гэдэг хүн ямар арга замаар миний байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсанд гайхаж байна.Анх 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ургах наран орон сууцны төслийг хэрэгжүүлэх төлөөлөн удирдах зөвлөл байгуулах тухай “Жанхар цамхаг” ХХК, “Наран тээл” ХХК, “Тээвэрчдийн үрс” ХХК-ийн захирлуудын хурлын шийдвэрээр төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдаж Ургах наран орон сууцны хорооллын барилгын ажлыг эхэлсэн байдаг юм. Энэ ажилд миний ажиллаж байсан “Нарантээл” ХХК-ийн захирал Ч.Насанжаргал нь төслийн удирдагчаар нь оролцож миний бие дээрх “Нарантээл” ХХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж барилгын ажлыг хариуцаж байсан юм.Төсөлд оролцсон компаниудын хооронд байгуулсан гэрээ ёсоор манай байгууллага гүйцэтгэсэн ажлынхаа хөлсөнд иргэн Д.Бат-Оргилын үндэслэлгүй нэхэмжлээд байгаа 2 өрөө орон сууцыг авч тухайн үед ерөнхий инженерээр ажиллаж байсан С.Цогтгэрэл надад шилжүүлэн өгсөн юм. Компани хоорондын гэрээгээр 2 өрөө 2 орон сууцыг “Жанхар цамхаг” ХХК нь манай “Нарантээл” ХХК-д шилжүүлэн өгөх байсан боловч өнөөдрийг хүртэл үлдсэн 1 байраа өгөөгүй байгаа. 2 компани тооцоогоо эцэслэн дуусгаагүй, манай компани үлдсэн авлагаа авах асуудал яригдаж байгаа учир миний бие өнөөдрийг хүртэл байраа өөрийн нэр дээр шилжүүлэн авч чадаагүй. Энэ нь тухайн үеийн цагийн бүртгэл, хийсэн ажлын тайлан, цалингийн цэс, ажлын зураг, хийсэн ажлын актыг үндэслэн олгож байсан цалингийн хүснэгт зэргээр тогтоогддог. Төслийн ерөнхий зохицуулагч “Нарантээл” ХХК-ийн захирал Ч.Насанжаргал, төслийн дэд зохицуулагч “Жанхар цамхаг” ХХК-ийн захирал Н.Амардэлгэр нар өнөөдрийн маргаан дагуулаад байгаа 2 өрөө байрыг анх “Нарантээл” ХХК-ийн техник, тоног төхөөрөмж, машин механизмыг ашигласны хөлсөнд “Жанхар цамхаг” ХХК-иас, “Нарантээл” ХХК-д шилжүүлэн өгөх тохиролцоо хийсэн байдаг. Төсөл дуусч барилга ашиглалтад орсноор тохиролцоо ёсоор “Нарантээл” ХХК-ийн захирал Ч.Насанжаргалын 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 03 тоот тушаалаар ерөнхий инженер С.Цогтгэрэл уг 20 тоот байранд 2012 оны 03 дугаар сарын .25-ны өдөр нүүж орсон. С.Цогтгэрэл нь байрандаа нүүж орсон өдрөөс эхлэн “Жанхар цамхаг” ХХК-ийн захирал Н.Амардэлгэрээс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулах талаар удаа дараа шаардаж, утсаар ярьж байсан боловч гаргаж өгөөгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/04795 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжпэгч Д.Бат-Оргилын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Ургах наран хорооллын /13180/ 12 дугаар байрны 20 тоот 2 өрөө орон сууцыг хариуцагч С.Цогтгэрэлийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Цогтгэрэлээс 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бат-Оргилд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1465 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/04795 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Цогтгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Цогтгэрэлийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Магадлалд зааснаар “Нарантээл” ХХК-ийн захирал Ч.Насанжаргал, “Жанхар цамхаг” ХХК-ийн захирал Н.Амардэлгэр нарыг шүүхэд гэрчээр дуудаж гэрчийн мэдүүлэг авсан боловч “Жанхар цамхаг” ХХК-ийн захирал Н.Амардэлгэрээс нотлох баримтууд гаргуулах боломжтой байсан хэдийч зөвхөн түүний хэлсэн ...манай компанийн бүх бичиг баримт битүүмжлэгдсэн байгаа... гэдэг үгээр мэдүүлгийг дуусгаж хэзээ, ямар байгууллага, ямар учир шалтгааны улмаас битүүмжилсэн, битүүмжилсэн бол битүүжилсэн байгууллагын акт, баримт бичгийг үзэлгүйгээр шийдвэрлэсэн болно. Хариуцагчийн зүгээс шүүхэд гаргаж өгөх нотлох баримт дутмаг байгаа бөгөөд маргалдаж буй байртай холбоотой нотлох баримт, болон Ургах наран хорооллын уг барилгын ажил ашигтай хэрэгжиж төсөлд оролцсон “Жанхар цамхаг” ХХК, “Нарантээл” ХХК-иуд тус бүртээ хоёр, хоёр байр авч болох байсан гэдгийг нотлох баримтууд “Жанхар цамхаг” ХХК-ийн захирал Н.Амардэлгэрт байгааг удаа мэдэгдсээр байтал нотлох баримт гаргуулаагүй магадлалд дурдсан ажиллагааг дутуу хийсэн нь шийдвэрийг үнэн зөв гаргах боломжгүй болгосон гэж үзэж давж заалдах шатны шүүхэд удаа дараа гомдол гаргаад байхад энэ талаар анхан шатны шүүх нь ямар нэгэн ажиллагаа хийлгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлээд нэг талыг барьсан шийдвэр гаргаж түүнийг нь давж заалдах шатны шүүх хэвээр баталж байгаад маш их гомдолтой байна. ...Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

                                                                             ХЯНАВАЛ:         

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хэмжээнд дүгнэлт хийснийг үгүйсгэх үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч Д.Бат-Оргил нь маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Ургах наран хорооллын 12 дугаар байрны 20 тоот орон сууцыг 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Б.Сувдаас 30 000 000 төгрөгөөр худалдан авч, өмчлөх эрхээ 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болжээ \хх-ийн 4 дүгээр тал\. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог. Нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг хууль бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

Хариуцагч С.Цогтгэрэл дээрх орон сууцыг ажлын хөлс, урамшуулалд авсан гэж тайлбарласан боловч үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил өмчлөх эрхийг үүсгэхгүйгээс гадна орон сууцны барилгын захиалагч болон ажил гүйцэтгэгчийн хоорондох тооцооны харилцаа хариуцагчийг өмчлөгч гэж үзэх үндэслэл болохгүй юм. “Жанхар цамхаг” ХХК болон “Нарантээл” ХХК-нд холбогдуулан шаардлага гаргах хариуцагчийн эрх нээлттэй байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул нэхэмжлэгч Д.Бат-Оргилын шаардлагыг хангасан хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбараа өөрөө нотлох, шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй ба шүүх талуудын хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нотлох баримтын бүрдлийн талаар хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/04795 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1465 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН