Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/01175

 

 

 

 

 

 

 

 

 

Э- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/00830 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э- ХХК-ийн хариуцагч Ү- ХХК, Н- ХХК-д холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд хариуцагч Ү- ХХК-иас 577 910 010 төгрөг, хүчин төгөлдөр бус гэрээний улмаас учирсан хохирол буюу алдангид Н- ХХК-иас 142 574 308.5 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагч Ү- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З, түүний өмгөөлөгч Б.М, хариуцагч Н- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э- ХХК нь Ү- ХХК-тай харилцан тохиролцож 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах 2017/03 дугаартай гэрээ хийж, Ү- ХХК-д Кэйс ай эйч магниум загварын трактор 1 ширхэг, Кэйс ай эйч АТХ 400 загварын үрлэгч 1 ширхэгийг хүлээлгэн өгсөн. Худалдсан техникүүдийн нийт үнэ 409 000 ам.доллар болсон. Дээрх гэрээний дагуу Ү- ХХК манай компанид 100 000 ам.доллар өгсөн байдаг ба үлдэгдэл мөнгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул мөнгөө өгөхийг шаардахад тус компани Н- ХХК-иас авлагатай тул танай үлдэгдэл төлбөрийг Н- ХХК өгөхөөр болсон гэсэн. Удалгүй Н- ХХК-ийн захирал Ц.Б манай компанийн хувьцаа эзэмшигч н.Болдсайхан руу ярьж Ү- ХХК-ийн захирлын хэлснээр танай мөнгийг манайх өгөх болсон, танайх манай компанитай гэрээ хийчих гэсний дагуу Э- ХХК болон Н- ХХК-ийн хооронд 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 2019/06 дугаартай тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Ингэж гэрээ хийхдээ Ү- ХХК-ийн төлсөн 100.000 ам.долларыг хасч тооцон, Ү- ХХК-ийн төлөхийг зөвшөөрсөн алданги болох 40 000 ам.долларыг нэмж нийт 360 000 ам.долларын гэрээ хийсэн. Ингээд манай компани 2 техникийн төлбөрийг Н- ХХК-иас нэхэмжилж эхэлсэн. Улмаар 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд Н- ХХК-д холбогдуулан трактор 1 ширхэг, үрлэгч 1 ширхэгийг буцаан гаргуулах, хохиролд 634 760 280 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан боловч Н- ХХК-ийн зүгээс маргаан бүхий тоног төхөөрөмж манай компанийн эзэмшилд байхгүй, Дорнод аймагт байрлах Ү- ХХК-ийн эзэмшилд байгаа, Н- ХХК-ийн зүгээс Ү- ХХК-д төлөх ямар ч өр төлбөр байхгүй, бодитой гэрээ байгуулагдаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ гэж тайлбарласан. Энэхүү тайлбаруудыг үндэслэн манай зүгээс нэхэмжлэлээ татан авч, Ү- ХХК-иас трактор, үрлэгчийг буцаан авсан. Нэгэнт бодитоор Ү- ХХК-д хоёр ширхэг техникийг өгсөн тул тус гэрээний 15.1-т заасны дагуу торгууль 122 700 ам.доллар буюу 342 412 755 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн гэрээний 15.3-т зааснаар ашигласан хугацааны элэгдэл хорогдол 147 240 ам.доллар буюу 410 895 306 төгрөг, тухайн техникээс дутаасан, тоносон эд ангийн зардал 62 835 336 төгрөг, тус техникийн эвдрэлийг засах сэлбэгийн зардал 11 912 650 төгрөг, техник хэрэгслийг буцаан татахад гарсан зардал 28 918 963 төгрөг, нийт 856 975 010 төгрөгөөс Ү- ХХК-ийн төлсөн 100 000 ам.доллар буюу 279 065 000 төгрөгийг хасаж, 577 910 010 төгрөгийг Ү- ХХК-иас гаргуулж өгнө үү. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ байгуулагдсан буруутай этгээдээр учирсан хохирлоо арилгуулна гэж заасны дагуу Н- ХХК хүсэл зоригоо илэрхийлж, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулсан. Иймд хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан буруутай этгээдээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар алданги төлүүлэхээр нэхэмжилж байна. Манайх БНХАУ-ын CNH компанитай дилерийн гэрээ байгуулсан компани. Тухайн тоног төхөөрөмжүүдийг өөрсдөө зээлээр оруулж ирдэг. Тиймээс зээлээр авсан барааны төлбөрийг төлөхгүй байна гэсэн шаардлага Хятадын компаниас мэдэгдэл манайд ирж байсан. Ү- ХХК төлбөрөө төлж чадахгүй байгаагаас болж манайхаас зээлийн гэрээний хүү, алдангид 132 551 090 долларыг төлөхөөр нэхэмжилсэн. Алданги төлөх ёстой болсон талаар и-мэйлээр явуулсан албан бичгүүдэд үзлэг хийлгэж нотлох баримтаар бэхжүүлсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ү- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ү- ХХК нь Э- ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 2017/03 дугаар тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг байгуулж, трактор болон үрлэгчийг нийт 409 000 ам.доллараар худалдан авсан бөгөөд урьдчилгаа төлбөрт 100 000 ам.долларыг төлж, хууль ёсоор эзэмшиж эхэлсэн бөгөөд Дорнод аймгийн Халх гол суманд байрлах манай компанийн газар тариалангийн үйл ажиллагаанд эдгээр техникүүдийг ашиглаж байсан. Манайх 2018, 2019 онуудад ургац алдсан шалтгааны улмаас худалдан авсан техникийн үлдэгдэл төлбөрийг бүхэлд нь төлж чадаагүй боловч дээрх хугацаанд нийтдээ 29 000 000 төгрөгийг цувуулан төлсөн. Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах талаар хэлэлцээр хийх явцад Н- ХХК-ийн захирал Ц.Б- нь Э- ХХК-ийн хувьцаа эзэмшигч н.Болдсайхан болон манай компанийн хувьцаа эзэмшигч Ч.Махбал нарыг аль алыг нь таньдаг учраас төлбөр төлөх асуудлаар талуудыг холбож өгч байсан юм. Гэтэл Э- ХХК-ийн зүгээс манай компанийн хууль ёсны эзэмшилд байсан трактор, үрчлэгч машиныг болон 634 760 280 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байсан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 12934 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар трактор, үрчлэгчийг битүүмжилсэн. Улмаар эдгээр техникүүдийг Э- ХХК-д шууд өгч явуулсан бөгөөд Э- ХХК техникүүдийг шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнуудтай хуйвалдан буцаан авмагцаа тус шүүхэд Н- ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ татан авсан. Харин одоо Э- ХХК дээрх хууль бус үйлдлээ хаацайлахын тулд манай компаниас ямар ч үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгөө ашигласан дүнд тооцох боломжтой. Нэгэнт гэрээнээс татгалзаад хоёр тал хоёр тийш болсон. Тиймээс татгалзсан гэрээний заалтыг үндэслэж хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч Н- ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан тоног төхөөрөмж нь Ү- ХХК, Э- ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу Дорнод аймагт байрлах Ү- ХХК-ийн эзэмшилд шилжсэн байхад Улаанбаатар хотод байрлах бидэнд худалдан, хүлээлгэн өгсөн мэтээр хүчин төгөлдөр болоогүй гэрээ гэгчийг үндэслэн нэхэмжилж байгаа нь илт хууль бус байна. Техникийг манай өмчлөлд шилжүүлээгүй, бид ашиглаагүй бөгөөд Ү- ХХК-д шилжүүлсэн тул уг нэхэмжлэл үндэслэлгүй байна. Н- ХХК нь гадаад худалдаа, Монгол Улсын хилээр үржлийн дэгдээхэй, үржлийн өндөг импортлох, өндөг тахианы махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэхэмжлэлд дурдсан газар тариаланд ашиглагдах трактор, үрлэгчийн хэрэгцээ шаардлага байхгүй юм. Э- ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд манай компанид холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Маргааны явцад тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 12934 тоот захирамжаар маргаан бүхий трактор, үрчлэгчийг битүүмжилсэн. Тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 05060 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байгаа тул Э- ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ү- ХХК-иас 28 918 963 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 538 910 047 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н- ХХК-иас 142 574 308.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 918 320 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ү- ХХК-иас 302 545 төгрөгийг гаргуулж, Э- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Э- ХХК нь Ү- ХХК-тай байгуулсан гэрээг цуцлах болсон үндэслэл нь хариуцагч Ү- ХХК гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ зөрчиж, төлбөрөө төлөөгүй 3 жил хэтрүүлсэн тул учирсан хохирлоо шаардан гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Ү- ХХК нь төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлсэн бол тухайн мөнгөн хөрөнгийг манай компанийн эргэлтэд орж үр шимээ өгөх байсан. Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний заалтыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар сайн дураараа хүлээн зөвшөөрч, гарын үсэг, тамгаар баталгаажуулсан байдаг. Ийнхүү сайн дураараа тохиролцсон заалтын дагуу торгуулийг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байтал хуулийн ямар ч үндэслэлгүй татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Манай компанийн зүгээс гэрээг цуцлах тухай мэдэгдлийг албан бичгээр явуулж, техник, тоног төхөөрөмжөө саадгүй хүлээлгэн өгөхийг шаардаж байсан боловч техник, тоног төхөөрөмжийг Н- ХХК-ийн хөрөнгө тул бид мэдэхгүй гэсэн үндэслэлээр татгалзсаар ирсэн байдаг. Газар тариалангийн 3 улирал ашигласан техникийг буцаасан тул шинэ техникийн адил үнэд хүрч зарагддаггүй тул элэгдэл хорогдлыг гэрээгээр талууд тохиролцдог. Хариуцагчийн зүгээс шүүх хуралдаан дээр элэгдэл, хорогдлыг зөвшөөрч тайлбарладаг бөгөөд тухайн техникээс дутаасан, тоносон эд ангийн зардал, тус техникийн эвдрэлийг засах сэлбэгийн зардал зэргийг гаргуулах үндэслэлгүй, элэгдэл хорогдол дотроо багтсан гэж маргадаг. Гэтэл тухайн техникээс дутаасан, тоносон эд ангийн зардал, тус техникийн эвдрэлийг засах сэлбэгийн зардал зэрэг нь ердийн журмаар тооцсон элэгдэл, хорогдолд тооцогдохгүй, элэгдэж, хорогдоогүй шууд тухайн техникээс дутаасан эд анги, түүнийг нөхөж худалдан авч, нөхөж засаж тавьж, сэлбэсэн зардал юм. Техникүүдийг буцаан татах үед хүлээлцсэн акт үйлдсэн боловч хариуцагч талын байлцсан ажилтнууд гарын үсэг зурахаас татгалзсанд нэхэмжлэгч компани буруугүй юм. Э- ХХК болон Н- ХХК-ийн хооронд 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан 2019/06 дугаартай хүчин төгөлдөр бус гэрээний улмаас учирсан хохирол болох гэрээ байгуулснаас нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацааны гадаадын техник нийлүүлэгч компанид төлсөн алданги болох 51 090 ам.долларыг нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцож 142 574 308 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд шүүхээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл техник хэрэгслийг Н- ХХК-ийн өмчлөлд шилжүүлээгүй, хүчин төгөлдөр бус гэрээ байх ба талууд энэ талаар маргаагүй гэж дүгнэсэн байна. Харин нэхэмжлэгч компанийн зүгээс дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийг байгуулахад Н- ХХК буруутай гэж үзэж Н- ХХК-ийн ерөнхий захирал Баатарбилэгийн хууран мэхэлж гэрээ байгуулсан талаархи мессежнүүд, мөн Ү- ХХК-ийн ерөнхий захирал Махбалын Н- ХХК-ийн ерөнхий захирал Баатарбилэгийн техник, тоног төхөөрөмж тул асууж байж хүлээлгэж өгье гэсэн агуулгатай утсаар ярьсан бичлэг зэргийг нотлох баримтаар бэхжүүлэн хавтас хэрэгт тусгуулсан. Эдгээр баримтуудыг шүүх огт үнэлээгүйд гомдолтой байна. Харин алданги тооцож нэхэмжлэл гаргах үед манай компани санхүүгийн боломжгүй байдлаас шалтгаалан тухайн алдангийг төлөөгүй байсан бөгөөд тухайн техник хэрэгслийг гадаадын компаниас зээлээр худалдан авч байгаа, тухайн компани алдангиа манайхаас нэхэмжилсэн талаарх холбогдох мэйл болон гэрээ, албан бичгийг гаргаж өгдөг. Гэтэл шүүх хуралдаан дээр алданги төлөгдсөн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хуульчид мэдэгдээгүй үндэслэл үүсдэг. Нэгэнт шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагын үүднээс болон алданги төлөх үндэслэл болсон нотлох баримтууд байсаар байхад шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэг удаа нотлох баримтыг гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж болох байтал хэт нэг талд шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Э- ХХК нь хариуцагч Ү- ХХК, Н- ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд хариуцагч Ү- ХХК-иас 577 910 010 төгрөг гаргуулах, хүчин төгөлдөр бус гэрээний улмаас учирсан хохирол буюу алдангид Н- ХХК-иас 142 574 308.5 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Ү- ХХК нь худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас манай компани гэрээнээс татгалзаж, тоног төхөөрөмжийг буцаан авсан, иймд гэрээнд заасны дагуу торгууль 342 412 755 төгрөг, элэгдэл 410 895 306 төгрөг, эд ангийн зардал 62 835 336 төгрөг, сэлбэгийн зардал 11 912 650 төгрөг, тээвэрлэлтийн зардал 28 918 963 төгрөг, нийт 856 975 010 төгрөгөөс хариуцагч Ү- ХХК-ийн төлсөн 100 000 ам.доллар буюу 279 065 000 төгрөгийг хасаж 577 910 010 төгрөгийг хариуцагч Ү- ХХК-иас гаргуулна мөн хариуцагч Н- ХХК нь хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсны улмаас манай компани гадаадын компанид алданги төлж хохирсон тул алдангид 142 574 308.5 төгрөгийг хариуцагч Н- ХХК-иас гаргуулна гэх агуулгаар тодорхойлсон.

 

Хариуцагч Ү- ХХК татгалзалдаа манай компани худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 100 000 ам.доллар болон 29 000 000 төгрөгийг төлсөн боловч худалдагч нь гэрээнээс татгалзаж, тоног төхөөрөмжийг буцаан авсан, гэтэл нэмж хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж, хариуцагч Н- ХХК нь нэхэмжлэгч компанитай ямар нэгэн гэрээний харилцаанд ороогүй, үүрэг хүлээгээгүй гэх үндэслэл заан тус тус татгалзжээ.

 

Нэхэмжлэгч Э- ХХК нь хариуцагч Ү- ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Э- ХХК нь Case IH Magnum загварын нэг ширхэг тракторыг 220 000 ам.доллараар, Case IH ATX 400 загварын нэг ширхэг үрлэгчийг 189 000 ам.доллараар худалдах, хариуцагч Ү- ХХК нь төлбөрийг гэрээний хавсралт 1-д заасны дагуу төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 28-34-р тал/

Анхан шатны шүүх дээрх гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь зөв боловч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмыг зөрчсөнөөс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Хариуцагч Ү- ХХК нь тоног төхөөрөмжийн үнэд 100 000 ам.доллар болон 29 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүйн улмаас Э- ХХК нь гэрээнээс татгалзаж, трактор болон үрлэгчийг буцаан авсан үйл баримт талуудын хэн алины тайлбараар тогтоогдсон.

 

Талуудын байгуулсан тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний 15.1-д Гэрээний талууд нөгөө талынхаа буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж гэрээ цуцлагдсан тохиолдолд эсрэг талдаа гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг төлнө гэж, 15.3-д Гэрээний дагуу нийлүүлсэн барааг буцаан татахдаа ашигласан улирал болгоноор нийт үнийн дүнгийн 12 хувиар элэгдэл, хорогдол тооцож, тухайн үеийн эвдрэл гэмтэл, зайлшгүй хийгдэх ёстой засварын ажлыг тооцож үнэлэн авна гэж тус тус заасан байна. /хх-ийн 29-31-р тал/

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан. Талууд өөрсдийн аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд харилцан зөвшилцөж байгуулсан гэрээний дээрх заалтууд нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, гэрээг цуцалсан тохиолдолд үүсэх үр дагаврыг тодорхойлсон байна. Иймд нэхэмжлэгч Э- ХХК нь гэрээний дээрх заалт болон Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээ цуцалсны улмаас учирсан хохирлыг хариуцагч Ү- ХХК-иас шаардах эрхтэй.

 

Гэрээний зүйл болох трактор болон үрлэгчийн нийт үнэ 409 000 ам.доллар байх бөгөөд уг дүнгээс гэрээний 15.1, 15.3-д заасны дагуу хохирол тооцоход нийт 269 940 ам.доллар /409 000$ х 30% = 122 700$, 409 000$ х 12% = 49 080$, 49 080$ х 3 улирал = 147 240$, 147 240$ + 122 700$ = 269 940$/ болно.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан. Нэгэнт талууд гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэгч Э- ХХК нь хариуцагч Ү- ХХК-ийн гэрээний дагуу төлсөн төлбөрийг мөн буцаан төлөх үүрэх хүлээх юм. Гэвч талуудын гэрээний 15.2, 15.4-т гэрээг цуцалснаар худалдан авагчийн төлсөн төлбөрөөс торгууль, хохирлыг суутгаж, хүрэлцээгүй тохиолдолд дутуу төлбөрийг худалдан авагч худалдагчид үл маргах журмаар 15 хоногт багтаан төлөхөөр тохиролцсон байна.

 

Иймд дээрх 269 940 ам.доллараас хариуцагч Ү- ХХК-ийн төлсөн 100 000 ам.долларыг хасвал 169 940 ам.доллар болно. Үүнийг Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсэх үеийн ханш буюу нэхэмжлэл гаргах үеийн ханш 2790.65 төгрөгөөр тооцвол 474 243 061 төгрөг /169 940 х 2790.65 = 474 243 061/ болно, мөн уг дүнгээс хариуцагч Ү- ХХК-ийн өмнө төлсөн 29 000 000 төгрөгийг хасвал нийт 445 243 061 төгрөгийг хариуцагч Ү- ХХК-д буцаан төлөх үүрэг үүссэн тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Э- ХХК нь гэрээний зүйл болох трактор болон үрлэгчийг хариуцагч Ү- ХХК-ийн ажлын талбайгаас тээвэрлэхэд нийт 28 918 963 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан техник татах ажлын мөнгөн урьдчилгааны тайлан, мөнгө олгохыг хүссэн өргөдөл, Хаан банк-ны шилжүүлгийн баримт, ажил, үйлчилгээ үзүүлэх болон хамтран ажиллах гэрээ, томилолт зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 155-178, 204-212-р тал/

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан тул дээрх тээвэрлэлтийн зардал болох 28 918 963 төгрөг, гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол 445 243 061 төгрөг, нийт 474 162 024 төгрөгийг хариуцагч Ү- ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Э- ХХК-д олгох нь зүйтэй.

 

Харин эд ангийн зардалд 62 835 336 төгрөг, сэлбэгийн зардалд 11 912 650 төгрөг гаргуулах шаардлагын тухайд тус зардлуудыг эргэлзээгүй нотолсон баримт хэрэгт авагдаагүй, нөгөө талаар улирал тутам нийт үнийн дүнгийн 12 хувиар элэгдэл, хорогдлыг тооцсон тул дээрх зардалтай давхацсан гэж үзэхээр байна. Иймд уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

Мөн анхан шатны шүүх хариуцагч Н- ХХК-иас 142 574 308 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч хүчин төгөлдөр бус гэрээ гэх агуулгаар дүгнэсэн нь учир дутагдалтай болсон байна. Учир нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд зааснаар үүрэг үүсдэг. Нэхэмжлэгч Э- ХХК нь хариуцагч Н- ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх боловч тус гэрээний дагуу нэхэмжлэгч Э- ХХК нь хариуцагч Н- ХХК тоног төхөөрөмжийг бодитоор хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Гэрээ бодитой хэрэгжээгүй байна. Иймд гэрээ цуцалсантай холбоотой хохирлыг хариуцагч Н- хариуцах үндэслэлгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/00830 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 28.918.963 /хорин найман сая есөн зуун арван найман мянга есөн зуун жаран гурван/ ... гэснийг 474 162 024 гэж, ... 538.910.047... гэснийг 103 747 986 гэж,

2 дах заалтын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь ... гэснийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх гэж,

3 дах заалтын ... 56.1 ... гэснийг 56.2 гэж, ... 7.1 ... гэснийг 7.1.1 гэж, ... 302.545 ... гэснийг 2 528 760.12 гэж тус тус өөрчлөн шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 918 920 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Г.ДАВААДОРЖ