| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2210 01737 0671 |
| Дугаар | 2024/ДШМ/176 |
| Огноо | 2024-02-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Өлзийжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2024/ДШМ/176
Т.Х-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Өлзийжаргал,
хохирогч Ч.О, түүний өмгөөлөгч Э.Туул,
шүүгдэгч Т.Х-гийн өмгөөлөгч Х.Баатарбилэг,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/765 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Т.Х-д холбогдох 2210 01737 0671 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Т-ийн Х, 1981 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Завхан аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ...-д мэргэжилтэн ажилтай, ам бүл ганцаар Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... хороолол, ... гудамж, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/353 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан;
Т.Х- нь 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... хотхоны ... дүгээр байрны ... тоот гэртээ байхдаа “Lenovo” загварын зөөврийн компьютероор хохирогч Ч.О-гийн Худалдаа хөгжлийн банкны 444444444 тоот дансанд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 9.800.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газар: Т.Х-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Т-ийн Х-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-д 350 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-гаас 7.800.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.О-д олгохоор, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Учир нь, Т.Х-, Ч.О- нар нь 18 жил хамт амьдарсан эхнэр, нөхөр хоёр бөгөөд тэдний гэр бүлийг цуцалсан тухай албан ёсны шүүхийн шийдвэр байдаггүй. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дах заалтад гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг гэр бүл гэж тодорхойлсон байдаг. Мөн Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж тус тус хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, гэрлэгчдийг тусдаа амьдрахыг даалгасан нь тухайн гэр бүлийн харилцааг дуусгасан тухай агуулгагүй бөгөөд гэр бүлийн маргаан нь шүүхээс эцэслэгдэн шийдэгдээгүй байхад гэрлэлтийн харилцаа дууссантай адилтган үзсэн нь хуульд нийцээгүй байна. Улмаар шүүх гэр бүлийн хөрөнгөтэй холбоотой аливаа маргааныг хянан шийдвэрлэхдээ гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болсон эсэх, тухайн маргааны зүйл болсон хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарах эсхүл хуваарьт хөрөнгөд хамаарах эсэхийг нарийвчлан тогтоох шаардлагатай байсан. Гэтэл Т.Х-, Ч.О- нарын хууль ёсны хүчин төгөлдөр гэрлэлтийг үл харгалзан, хуваарьт болон дундын хөрөнгийн аль нь болохыг дүгнэлт хийлгүйгээр нөхөр нь эхнэрээсээ хулгайлсан болгож, ял оногдуулж байгаа нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаараагүй байна гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байхыг шаарддаг. Гэтэл Ч.О- өөрийн дансны нэвтрэх кодыг Т.Х-д өгсөн байх ба Т.Х- нь Ч.О-д дансны мэдээлэл очдог гэдгийг мэдэж, шилжүүлгийн зориулалтыг бичиж, мөнгө авч байсан нь 9.800.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан гэх хулгайлах гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Аливаа нууц код бүхий мэдээллийг эзэмшигч л зөвхөн мэдэх ба эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр түүнийг нууцаар эсхүл хүчээр авах боломжгүй юм. Т.Х-гийн хувьд эхнэрийнхээ интернэт банкны дансанд хууль бусаар буюу хакердаж нэвтрээгүй гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тус тус тогтоогддог учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хулгайлах гэмт хэргийн шинжийг хангахгүй гэж үзэж байна. ...Гэрлэлт цуцлах шийдвэр гараагүй. Хавтаст хэргийн 238 дугаар хуудаст цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан баримт авагдсан. 243 дугаар хуудаст гарааш гэж тэмдэглэж авсан байна. Цагдаагийн байгууллагад Т.Х- Ч.О-г гарааш залилж авсан гэсэн гомдол гаргахад гараашийг дундын хөрөнгө гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. ... Нууц кодыг Ч.О- өөрөө хэлсэн байдаг. ... Шүүгдэгч Т.Х- дундын дансны мөнгөнөөс авсан гэж байсан боловч шүүхээс шийдвэр гарсан тул хохирол төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн зүйл байхгүй. ... Гараашийг Ч.О- зарсан тул гарааш зарсан мөнгийг буцааж авсан. ...Иймд дээрх нөхцөл байдлыг бүхэлд нь хянан үзэж, хувийн маргаан бүхий асуудалтай байгаа гэрлэгчийн онцлогийг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдийг тус тус баримтлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ч.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2021 оны 9 дүгээр сард гэрлэлт цуцлуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Т.Х- надад болон миний 2 хүүхдэд гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдэж байсан тул Иргэний хэргийн анхан шатны шүүх эвлэрлийн 3 сарын хугацааг олгох боломжгүй гэж үзэн тусдаа амьдрахыг даалгасан. Миний бүх цахим хаягийг хакердаж, намайг хянадаг байсан. Т.Х- “Чи надаас салахгүй шүү. Салбал олон нийтийн цахим хуудаст мэдээллийг чинь цацна.” гэж удаа дараа намайг сүрдүүлдэг байсан. Миний данснаас 4.900.000 төгрөгөөр 2 удаа гүйлгээ хийж, 7 дугаар сарын 16-ны өдөр намайг 300.000 төгрөгтэй үлдээсэн. Худалдаа хөгжлийн банкаар 5.000.000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй гүйлгээ хийхэд гүйлгээний нууц код шаарддаг тул би Т.Х-д гүйлгээний нууц үгээ өгсөн бол шууд 10.000.000 төгрөгөөр нэг удаа авах байсан. Миний данснаас 4.900.000 төгрөгөөр 2 удаагийн зарлага гармагц Худалдаа хөгжлийн банканд очиж энэ гүйлгээг би өөрөө хийгээгүй талаар мэдэгдсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Би Т.Х-гаас төлөгдөөгүй үлдсэн хохирлоо хурдан барагдуулж авмаар байна. Надад удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, миний данснаас авсан мөнгийг дундын данснаас авсан мэтээр ярьж байгаад маш их гомдолтой байна. Т.Х- бид хоёр тус тусдаа данс тооцоотой. Миний эзэмшлийн данснаас мөнгө авчхаад намайг нууц үгээ өөрөө хэлсэн гээд байдаг. Намайг сэтгэл мэдрэлийн өвчтэй тул Т.Х-д бүх нууц үгээ өгсөн гэж хэлдэг боловч би тийм өвчтэй байгаагүй. Т.Х- хүүхдүүддээ дэмжлэг болдоггүй бөгөөд үүрэг, хариуцлагаа ухамсарласан шинж байдаггүй. ... Гарааштай холбоотой маргаан, нэхэмжлэлийн шаардлагын баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Цагдаагийн байгууллагад ч ийм гомдол байхгүй. ... Т.Х-гийн амьдарч байгаа орон сууцны ипотекийн зээлийн үндсэн зээлдэгч нь би учраас ипотекийн зээлийг би төлдөг. Т.Х- удаа дараа намайг шалгуулахаар гомдол гаргаж байгаа тул гэрлэлт цуцлагдахгүй удааширч 3 жил гаран болж байна. ...” гэв.
Хохирогч Ч.О-гийн өмгөөлөгч Э.Туул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.О-гийн ганцаар эзэмшдэг Худалдаа хөгжлийн банкны дансны гүйлгээтэй холбоотой гараашны мөнгөний асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Энэ талаар шүүгдэгч Т.Х-гийн өмгөөлөгч Х.Баатарбилэг худал тайлбар гаргаж байна. Хавтаст хэрэгт гэрлэлт цуцлах тухай иргэний хэрэг үүсгэх захирамжийг нотлох баримтын шаардлага ханган хавсаргасан. Иргэний хэрэг үүсгэсэн захирамж болон гэрлэгчдийг шүүхийн шийдвэр гарах хүртэл тусдаа амьдрахыг даалгасан шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Ч.О-гийн шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүрэн утгаараа байдаг. Хариуцагч Т.Х-гаас гараашны мөнгө, дундын өмчтэй холбоотой сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул энэ талаар хавтаст хэрэгт хавсаргах баримт байхгүй. Ч.О-гийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны дансанд 10.000.000 төгрөг байсан бөгөөд энэ нь зөвхөн Ч.О-гийн бие даасан хувийн үйл ажиллагаанаас олсон орлого гэдгийг нотлох зорилгоор 2022 оны 7 дугаар сарын дансны хуулгыг гаргаж өгсөн. Ч.О- нь сэтгэл зүйчийн магистрын дипломтой бөгөөд өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхэлж орлого олдог. Тухайн дансанд байсан 10.000.000 төгрөг нь Ч.О-гийн 7 дугаар сарын 01-ээс 7 дугаар сарын 06-ны өдрийн хооронд олсон орлого гэдгийг дансны хуулгаас харж болно. Ч.О- нь Т.Х-д нууц кодоо өгсөн гэх нотлох баримт байдаггүй. Ч.О- данснаас нь зарлага гармагц банканд гомдол гаргасан бөгөөд Т.Х- гэрээсээ “Lenovo” загварын зөөврийн компьютероор нэвтэрсэн гэх баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан. Иймд Т.Х- нь Ч.О-гийн данснаас мөнгийг нууцаар, хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр авсан гэдэг нь тогтоогдсон гэж үзэж байна. Гэр бүлийн тухай хууль болон Иргэний хуульд хамтран амьдрах хугацаанд бий болсон хөрөнгийг дундын өмч гэж үзнэ гэж заасан байдаг. Гэтэл шүүгчийн захирамжаар тусдаа амьдарч байх цаг хугацаанд хэрэг үйлдэгдсэн байдаг. Гарааштай холбоотой асуудал нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргахаас өмнө болсон асуудал юм. Харин тусдаа амьдарч байх хугацаанд Ч.О-гийн эзэмшлийн данснаас мөнгө авсан байх тул үүнийг дундын өмч гэж тооцох боломжгүй. Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол нь гарааштай холбоогүй бөгөөд Т.Х- Ч.О-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр дуусгавар болсон байдаг. Иймд шүүгдэгч Т.Х-гийн өмгөөлөгч Х.Баатарбилэгийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй, шүүгдэгч Т.Х-гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Өлзийжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч “Хаан банкны 5555555555 тоот данснаас сэтгэл зүйч Ч.О-гийн данс руу мөнгө шилжүүлсэн.” гэж мэдүүлсэн бөгөөд мөнгө шилжүүлсэн гүйлгээ нь хэрэг үйлдэгдэхээс 1 сарын өмнөх хугацаанд хохирогч Ч.О-гийн данс руу орсон мөнгөний гүйлгээ байдаг. Хохирогч Ч.О-гийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны дансны орлого нь шүүгдэгч Т.Х-гийн хамтран амьдарч байх хугацаандаа хамтран эрхэлдэг байсан бизнесийн үйл ажиллагаанаас олсон орлого гэдэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогддоггүй. Шүүгдэгч Т.Х- 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Ч.О-гийн данс руу нэвтрэн мөнгө авсан бөгөөд улмаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ч.О- бид хоёрын дундын орлого бөгөөд Ч.О-гийн дансанд байсан” гэж мэдүүлдэг боловч энэ талаараа хангалттай нотлох баримт гаргаж өгөөгүй. ...2021 оноос шүүгдэгч Т.Х-, хохирогч Ч.О- нар тусдаа амьдарч байгаа нөхцөл байдал тогтоогддог. Гэмт хэрэг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр үйлдэгдсэн байдаг. 2021 онд тусдаа амьдрахыг даалгасан шүүхийн шийдвэр гарсан боловч 2019 оноос тусдаа амьдарч байсан тул тухайн данс нь зөвхөн хохирогч Ч.О-гийн хувийн данс байсан гэж үзсэн. ...Гарааш авсан нь 2019 онд тусдаа амьдрахаас өмнө болсон асуудал юм. Тухайн гараашны захиалгын гэрээ, худалдах худалдан авах гэрээ нь хохирогч Ч.О-гийн нэр дээр байдаг. ...Хохирогч Ч.О-гийн нэр дээр тухайн гараашийг захиалсан бөгөөд гараашны төлбөрийг хохирогч Ч.О-гийн данснаас шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон тул шалгах шаардлагагүй гэж үзсэн. ... Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэр бүлийн гишүүд өөрөөр тохиролцоогүй бол тэдгээр нь хувийн үйл ажиллагаатай холбогдсон үүргээ өөрийн хуваарьт эд хөрөнгөөрөө хариуцна.” гэж заасан байдаг. Мөн хуульд зааснаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулж олсон орлогыг хуваарьт хөрөнгөд хамруулахаар заасан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч Ч.О- сэтгэл зүйч мэргэжилтэй бөгөөд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хувийн эмнэлэг ажиллуулж олсон орлого тул түүний хуваарьт хөрөнгө гэж үзсэн. ...Шүүгдэгч Т.Х- нь хохирогч Ч.О өөрөө нууц кодыг хэлсэн гэдэг боловч хохирогч Ч.О- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нууц кодыг хэлээгүй гэж мэдүүлдэг. Хамтран амьдарч байх хугацаандаа нууц кодыг ямар нэг байдлаар олж авсан. Яаж нууц кодыг олж авсан талаар мэдэхгүй байна. ...Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд прокурор дүгнэлт хийж хохирогч Ч.О-гийн хувийн дансанд буюу хуваарьт хөрөнгөд шүүгдэгч Т.Х- хууль бусаар нэвтэрч 9.800.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Т.Х-д холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Т.Х-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад Т.Х-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх дараах үндэслэл тогтоогдов.
Прокуророос шүүгдэгч Т.Х-г 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... хотхоны ... дүгээр байрны ... тоот гэртээ байхдаа зөөврийн компьютероор Худалдаа хөгжлийн банк дахь хохирогч Ч.О-гийн эзэмшлийн 444444444 тоот дансанд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 9.800.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн хохирогч, шүүгдэгч, гэрч О.М нарын мэдүүлгүүд, хохирогчийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ч.О-гаас гарган өгсөн баримтууд болох орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ, хохирогч, шүүгдэгч нарын харилцсан зурвасууд, дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Х- нь 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Худалдаа хөгжлийн банк дахь хохирогч Ч.О-гийн эзэмшлийн данс руу зөөврийн компьютероор нэвтэрч, 2 удаагийн гүйлгээгээр нийт 9.800.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан үйл баримт тогтоогджээ.
Харин шүүхээс Т.Х-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг хангасан, “...шууд санаатай, шунахай сэдэлттэй байна...” гэж дүгнэсэн нь шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримттай нийцэхгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар төгссөнд тооцдог бөгөөд хууль бусаар гэдэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах, эзэмших, ашиглах эрхгүй байдгаар тодорхойлогдоно.
Аливаа этгээдийн гэм буруу нь гэмт үйлдлийн хохирол, үр дагавар нь гэмт этгээдийн хийсэн үйлдэлтэй шууд холбогдсон байх сэтгэхүйн холбогдол, ухамсарт зан үйлийн объектив талтайгаа уялдсан байх ёстой.
Хулгайлах гэмт хэргийн субъектив талын шинжүүд нь (1) бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авах гэсэн зорилго, (2) бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөл, эзэмшилд түргэн хугацаанд шилжүүлэх гэсэн шунахайн сэдэл, (3) ийнхүү өөрт хамааралгүй, шилжүүлэн авах ёсгүй эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар бусдад хохирол учрахыг ухамсарласан байдал, (4) энэхүү үр дагавар, хохирол, хор уршгийг зориуд хүсэж үйлдсэн байна.
Иймд, хулгайлах гэмт хэргийн субъектив заавал байх шинж нь бусдын эд хөрөнгийг “хууль бусаар авах” тусгай зорилго бүхий байх явдал юм.
Хохирогч Ч.О-, шүүгдэгч Т.Х- нар нь эхнэр, нөхөр бөгөөд Ч.О- нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан талаарх баримтууд хэрэгт авагдсан ба энэхүү иргэний маргаан нь эцэслэн шийдвэрлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд байгаа талаар оролцогчид давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан.
Дээр дурдсан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээ авах тухай” 1513 дугаар захирамжаар тус хэргийн хариуцагч Т.Х-г орон сууц болон хамтран өмчлөх дундын өмч, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, захиран зарцуулахыг хориглосон байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогч Ч.О-гийн данснаас шүүгдэгч Т.Х-гийн шилжүүлэн авсан мөнгийг тэдгээрийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн эсэх, эсхүл шүүгдэгч болон хохирогч нарын хэн алины хуваарьт эд хөрөнгө, өөрсдийн үйл ажиллагааны орлого, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах буюу өөрийн эрхэлсэн бизнесийн үйл ажиллагааны үр шимд олж авсан хөрөнгө, мөнгө эсэхийг бүрэн тогтоож чадаагүй байна.
Тодруулбал, хохирогч, шүүгдэгч нар нь тамхины худалдаа эрхэлдэг, Энэтхэг улсаас чулуу, чулуун эдлэл худалдан авч, борлуулдаг байсан, хохирогч сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг талаар хэн аль нь тайлбарлан мэдүүлсэн байна. Түүнчлэн хохирогч шүүгдэгчийн шилжүүлэн авсан 9.800.000 төгрөгийг “сэтгэл зүйч, уламжлалтын эмчийн ажил эрхэлдэг ба хөдөө явахаар, мөн хувь хүнээс авсан зээлээ төлөхөөр хурааж байсан мөнгө” хэмээн мэдүүлсэн /1хх 126/, нөгөө талаас шүүгдэгч энэхүү мөнгийг шилжүүлэн авсан шалтгааныхаа талаар “...Би өөрийн нэр дээр гарааш худалдан авахаар Хурд ХХК-тай гэрээ байгуулан урьдчилгаа мөнгө 15.000.000 төгрөгийг шилжүүлж байсан. Гэтэл миний гараашийг миний зөвшөөрөлгүй Ч.О- борлуулагчтай нийлж, өөрийн ээжийн нэр рүү шилжүүлсэн байсан. Иймд би Ч.О-гийн нэр дээр байх данс руу гэртээ байсан зөөврийн компьютероор орж, 9.800.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан. ...” хэмээн мэдүүлсэн /1хх 160-161/ байна.
Гэтэл анхан шатны шүүх үүнээс өмнөх хугацаанд уг дансыг хохирогч болон шүүгдэгч нар хэрхэн ашиглаж байсан нь тодорхойгүй байхад хохирогч Ч.О-гийн дансны хуулганаас зөвхөн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны 1 сарын лавлагааг таслан авч хэрэгт бэхжүүлснийг үнэлсэн,
“...Шүүхийн шийдвэрээр тус тусдаа амьдрахыг даалгасан хугацаанд Ч.О-гийн данс, орлого нь түүний хуваарьт хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй...” хэмээн Иргэний болон Гэр бүлийн тухай хууль дахь гэрлэлт дуусгавар болох болон дундын, хуваарьт эд хөрөнгийн талаарх тодорхойлолт, ухагдахууныг хэт явцууруулан тайлбарласан,
шүүгдэгч Т.Х- нь шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авсан эсэх, эсхүл хуваарьт эд хөрөнгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан эсэх буюу шүүгдэгчийн гэм буруу мөрдөх ажиллагаагаар хангалттай тогтоогдоогүй байхад түүнийг шууд санаатай, шунахай сэдэлтээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.
Хохирогч, шүүгдэгч нар нь гэр бүлийн асуудлаар маргаантай байдал нь тэдний мэдүүлгийн агуулгад нөлөөлж болзошгүй байдаг тул эдгээр мэдүүлгэн нотлох баримтыг бусад нотлох баримтуудтай харьцуулах үзэх нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой болохыг анхаарч үзэх шаардлага үүсч байна.
Шүүгдэгч Т.Х-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтууд болох “A” гэх цахим хуудсаар Энэтхэг Улсаас оруулж ирсэн чулууг худалдан борлуулдаг байсан талаарх мэдүүлэг, мөн автомашины зогсоол худалдан авахаар шилжүүлсэн мөнгийг Ч.О- нь бусдад шилжүүлсэн талаарх мэдүүлсэн мэдүүлэг, энэ талаар өөрөөс нь гаргаж өгсөн баримтууд болох чулуу худалдан авсан баримт, 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Хурд ХХК-тай байгуулсан суудлын автомашины дулаан зогсоол худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтуудыг шүүх хэргийн бусад баримтуудтай харьцуулан үнэлж, үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэж чадаагүй ажээ.
Өөрөөр хэлбэл, шүүх өмгөөлөгчийн тайлбар, прокурорын санал, дүгнэлт, хохирогч, гэрчийн мэдүүлэгт дурдсан үндэслэл нь хэрэгт цугларсан баримт, үйл баримттай санал нийлэхгүй байгаа бол нэг бүрчлэн хууль зүйн үндэслэлтэйгээр няцаах үүрэгтэй боловч ийнхүү үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй нь шүүгдэгчийн гэм бурууг хөдөлбөргүй тогтоох зарчимд харшилсан гэж үзэхэд хүргэж байна.
Шүүгдэгч Т.Х-гийн эхнэр Ч.О-гийн данснаас мөнгө шилжүүлж авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан, тэрээр энэ гэмт хэргийг шунахай сэдэлтээр үйлдсэн эсэх, тэрээр гэр бүлийн дундын өмч, эсхүл өөрийн хуваарьт өмчийг авсан эсэх нь хөдөлбөргүй тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “Эргэлзээгүй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” нотолгооны стандарт шаардлагыг хангаагүй байх тул энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч Т.Х-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Давж заалдах шатны шүүх ийнхүү Т.Х-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь түүний үйлдлийг Зөрчлийн тухай хуульд зааснаар шалган шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзсэн болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОЧ