| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Давааням |
| Хэргийн индекс | 116/2025/0007/З |
| Дугаар | 116/ШШ2025/0024 |
| Огноо | 2025-06-12 |
| Маргааны төрөл | Газар, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 116/ШШ2025/0024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Давааням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын, байрлах, “Дорнод *******” ХХК ,
Хариуцагч: Дорнод аймгийн Засаг даргын хооронд үүссэн, “Дорнод аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 5/317 дугаар албан тоот татгалзлыг хууль бус болохыг тогтоолгох, компанийн эзэмшлийн 3,5 га газарт гэрчилгээ олгож өгөхийг хариуцагчид даалгах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч “Дорнод *******” ХХК-ийн зүгээс Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан, “Дорнод аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 5/317 дугаар албан бичгийг хууль бусад тооцуулж, “Дорнод *******” ХХК-ийн 3.5 га газар эзэмших эрхийг сэргээхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг: “Дорнод аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 5/317 дугаар албан тоот татгалзлыг хууль бус болохыг тогтоож, компанийн эзэмшлийн 3.5 га газарт гэрчилгээ олгож өгөхийг хариуцагчид даалгах” гэж тодруулсан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүх:
2.1. Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 280 дугаар захирамжаар, “...Дорнод *******” ХХК-д 7.5 га газрыг эзэмшүүлсэн[1] бөгөөд дээрх захирамжийг үндэслэн, нэгж талбарын ******* дугаар бүхий 40288 м2 газрыг жаран жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2004 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ******* дугаар бүхий “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”[2] олгогдож байсан байна.
2.2. Дорнод аймгийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг солих тухай” 231 дүгээр захирамжийн 5 дахь заалтаар: Хэрлэн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 280 дугаар захирамжаар “Дорнод *******” ХХК-д эзэмшүүлсэн ******* дугаартай газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож, Хэрлэн сумын багийн нутагт одоо байгаа 4.0 га газрыг контор, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсүгэй[3] гэжээ.
2.3. Нэхэмжлэгч “Дорнод *******” ХХК-ийн зүгээс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Засаг даргад хандаж, “...газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн бодит хэмжээсээр гаргаж өгнө үү” гэж хүсэлт гаргасны[4] дагуу Дорнод аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 5/317 дугаар албан бичгээр[5] “...хууль тогтоомжийн хүрээнд дээрх газрыг тус аж ахуйн нэгжид шууд эзэмшүүлэх боломжгүй байна” гэсэн хариуг[6] хүргүүлсэн.
2.4. Нэхэмжлэгчээс тус шүүхэд хандаж, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.[7]
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. “Дорнод *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “Дорнод *******” ХХК нь тухайн газрын байршилд 1959-1969 оны хооронд барьж ашиглалтанд орсон томоохон 7 үндсэн хөрөнгө байрладаг. Улмаар манай байгууллага нь Хэрлэн сумын Засаг даргын 1997 оны 11 сарын 28-ны өдөр 280 дугаар захирамжаар Дорнод аймаг, тоотод 7.5 га талбай бүхий газрыг 40 жилийн хугацаатайгаар үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байсан. Ийнхүү 2006 оны 04 сарын 15-ны өдөр Засаг даргын тамгын газрын албанд албан хүсэлтээр нийт 7.5 га газраас зөвхөн 4 га газарт ногдох талбайн хэмжээнд гэрчилгээг солиулахыг хүссэн байдаг. Гэтэл Дорнод аймгийн Засаг даргын 2006 оны 07 сарын 05-ны өдрийн 231 тоот захирамжаар манай гаргасан хүсэлтийн агуулгаас хальж 4 га газарт эзэмших эрхийн гэрчилгээ олгож, үлдсэн 3.5 га газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгосон байдаг. Хүчингүй болгосон 3.5 га газарт манай өмчлөлийн 1959-1969 оны хооронд ашиглалтанд орсон томоохон 7 үл хөдлөх хөрөнгө байдаг. Ийнхүү тус аймгийн Засаг даргын 3.5 га талбайд ногдох газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн санаачлагаар хүчингүй болгосон шийдвэр нь манай компанийн эзэмших эрхэд үндэслэлгүйгээр халдаж буй үйлдэл гэж үзэж байна. Ийнхүү 3.5 га газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаарх мэдэгдлийг бидэнд огт өгч байгаагүй бөгөөд бид ч газраа бодитоор эзэмшиж ашиглаж байсан учраас гомдол чирэгдэл болж яваагүй. Ийнхүү саяхнаас үл хөдлөх хөрөнгүүдээ гэрчилгээжүүлэх асуудлаар бүртгэлийн байгууллагад хандахад доорх газрын гэрчилгээг биднээс шаардаж тус асуудлаар эрх бүхий байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлэх талаар хөөцөлдөхөд газар эзэмших эрхийг сэргээх агуулгаар хариу өгсөөр ирсэн. Тухайлбал: ...Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 сарын 28-ны өдрийн 12/05 тогтоолоор бодитоор эзэмшиж ашиглаж буй хашааны хэмжээгээр олгох шийдвэр гарсан. Мөн Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас манай хүсэлтийг бодит эзэмшил, ашиглалтанд нийцүүлэн газар эзэмших эрхийг сэргээх шийдвэрүүдийг гаргаж байсан. Улмаар 2025 оны 01 сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Засаг даргад албан хүсэлт гаргаж 3.5 га газар эзэмших эрхийг сэргээхийг хүссэн боловч 2025 оны 02 сарын 07-ны өдрийн 5/317 дугаар албан тоотоор бидний хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан хариуг өгсөн. Тус албан тоотод одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд газар эзэмших эрхийг шинээр авах зохицуулалтуудыг ишилж бидний гомдолд дурдсан асуудлуудыг шийдвэрлэхээс татгалзсан байна. Бид ийнхүү 7.5 га газрыг 1997 оноос хойш 28 жил тасралтгүй эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд эзэмшиж эхэлснээс хойш байгууллагын хашаа эзэмшил газрыг өргөтгөж, өөрчлөх болон сунгаж байгаагүй, харин ч хашааг багасган жижигрүүлсэн тохиолдол олон байдаг. Газрын зөрчилтэй асуудлаас үүдэн эдгээр үндсэн хөрөнгүүдэд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах, барьцаа хөрөнгөд бүртгүүлэх, дотор нь хадгалагдах хөдлөх хөрөнгө буюу улаан буудай, ******* зэрэг эргэлтийн хөрөнгийг барьцаалах боломжгүй учраас байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд ихээхэн хэмжээний хохиролтой байна. Бид өнгөрсөн жилүүдэд татварын албанаас илгээсэн албан нэхэмжлэхийн дагуу тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн татварыг жил бүр төлсөөр ирсэн бөгөөд сүүлийн 20 гаруй жил аймгийн шилдэг татвар төлөгч байгууллагаар тогтмол шалгарч ирсэн. Мөн бодит хэмжээст ороогүй манай байгууллагын өмчлөлийн төмөр замын засвар арчилгааны ажилд УБТЗ-ын Баянтүмэн тасгийн албан шаардлагын дагуу жил бүр 30 гаруй сая төгрөгийн тогтмол зардал гаргаж засвар үйлчилгээ хийлгэн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Ийнхүү 2006 оны 07 сарын 05-ны өдрийн 231 тоот захирамжаар бидний эзэмшдэг 3.5 га газрыг ямар үндэслэлээр хүчингүй болгосон нь тодорхойгүй, хүчингүй болгосныг бидэнд мэдэгдээгүй, мэдэх боломжоор хангаагүй, гомдол гаргах эрхээр хангаагүй бөгөөд бид энэ асуудлаар эрх бүхий байгууллагад гомдол гаргахад шийдвэрлэж өгөхгүй дахин шинээр ав гэж хариу өгч байгаа нь бидний газар эзэмших эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Мөн манай компанийн 3.5 га газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үлдсэн 4 га газраа ашиглах боломжгүй нөхцөл байдалд хүргэж байгаа бөгөөд дээр нь байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулахгүй байх, цаашлаад манай компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, зогсоох, асар их хөрөнгө мөнгө зарцуулсан бүтээн байгуулалтуудыг ашиглалтгүй болгох, устгах, нураах нөхцлийг бүрдүүлж байна. Манай компанийн өдийг хүртэл хүлээцтэй хандаж байсан шалтгаан нь 3.5 га газрыг хүчингүй болгосон захиргааны актын үйлчлэл бодитоор бидэнд үйлчилж байгаагүй, 3.5 га газар хүчингүй болсон талаар төрөөс ямар нэгэн арга хэмжээ авч байгаагүй, эзэмших ашиглах эрхэд саад учруулсан зүйл байгаагүй учраас бид өдийг хүрсэн. Иймд Дорнод аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 5/317 дугаар албан бичгийг хууль бусад тооцуулах, манай компанийн 3.5 га газар эзэмших эрхийг сэргээхийг даалгаж өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа Дорнод аймгийн Засаг даргын 5/317 дугаар татгалзал хууль бус болохыг тогтоож, манай компанийн эзэмшлийн 3.5 га газарт гэрчилгээ олгохыг даалгах гэж тодруулж байна. “Дорнод *******” ХХК нь 1958 онд үүсгэн байгуулагдаж, 1998 онд хувьчлагдаж байсан. 1958 онд байгуулагдсан барилга байгууламжууд байдаг. Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 280 тоот захирамжаар нийт 7.5 га газар олгосон. Энэ захирамжийг хүчингүй болгосон захирамж үүнээс хойш гараагүй. Энэ хугацаанд бараг нэг ч төрийн албан хаагч нөхцөл байдалтай танилцаж байгаагүй. Бүхий л үл хөдлөх хөрөнгүүд анхнаасаа л байсан. Агуулах маань л гэхэд 1.5 тэр бум төгрөг болсон. Бусад хөрөнгүүдэд байнга сайжруулалт хийж байсан. Үтрэмийн бэлэн бүтээгдэхүүний агуулах нь дунджаар 500 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа. 1000 тоннын агуулах нь сүүлд баригдсан. Дунджаар 500 сая төгрөгийн үнэлгээтэй. Төмөр зам анхнаасаа байсан ба жилд дунджаар 30 орчим сая төгрөгийг төлж ирсэн. Хариуцагч талаас яагаад гэнэт энэ асуудлыг хөөцөлдөж байгаа юм гэж асуугаад байна. Бид нар бизнес хийж байгаа хүмүүс. Энэ хугацаанд ямар ч хүн илүү газар ашиглаад байна гэж хэлж байгаагүй. Бид үйл ажиллагаагаа өргөжүүлж, гэрчилгээ авч барьцаалах зорилготой кадастр хийлгэсэн бөгөөд уг асуудлыг мэдсэн. Багадаж 3.5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө байршсан. Бид гэрчилгээ гаргаж чадахгүй байгаа хэдий ч одоог хүртэл агуулах чиглэлээр ашиглаж байгаа. Төмөр замаараа ОХУ-аас импортын бараа бүтээгдэхүүн авч ашигладаг. “Дорнод *******” ХХК нь сүүлийн 20 орчим жил аймгийн шилдэг татвар төлөгчөөр шалгарч ажиллаж байна. Нийт 100 гаруй ажилтантай. Нийгмийн даатгалыг тогтмол төлдөг. ТОП-150 аж ахуйн нэгжээр шалгарч байсан. Манай *******ын үйлдвэр Монгол Улсын хэмжээнд анхны 3 үйлдвэрийн нэг юм. Монгол Улсын хэмжээнд 7 *******ын үйлдвэр ажилладаг. Зүүн бүстээ цор ганцаараа үйл ажиллагаа эрхэлдэг. Бид нарыг газрын татвараас зайлсхийх гэж газрын хэмжээгээ багаар мэдүүлсэн мэт ярьж байна. Тийм зүйл байхгүй гэж итгэлтэйгээр хэлэхээр байна. Бидний одоо зөрчигдөөд байгаа эрхийг минь сэргээж өгнө үү гэж хүсч байна гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг шаардлагыг Дорнод аймгийн Засаг даргын 5/317 тоот албан тоот татгалзлыг хууль бус болохыг тогтоож, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах гэж тодруулж байна. Өмнө нь бол эзэмших эрхийг сэргээх гэж тодорхойлсон. Гэвч эзэмших эрх хэвээр байгаа учраас болохгүй гэж үзсэн. Ер нь бол маргааны зүйл нь хэвээр. Эзэмших эрхийн гэрчилгээ болгож тодруулж байгаа юм. “Дорнод *******” ХХК нь Хэрлэн сумын Засаг даргын 1998 оны 280 тоот захирамжаар Чойбалсан 7 дугаар гудамж 717 тоотод 7.5 га газрыг 40 жилийн хугацаатайгаар үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар анх эзэмшсэн. Үүний 4 га дээр гэрчилгээ гарсан байдаг. Дорнод аймгийн Засаг даргын 2006 оны 231 тоот гэрчилгээ солих тухай захирамжаар манай эзэмшиж байсан 4 га газрын гэрчилгээг шинэчилсэн. Манай талаас гаргасан хүсэлтээр гэрчилгээг шинэчилсэн. Өнөөдөр маргааны зүйл нь 7.5 га газрыг 2006 оны 4 га газар гээд хүсэлт өгсөн юм биш үү? Тэгээд 4 га газар болгосон юм биш үү? гэж үздэг. Гэхдээ анхнаасаа 3.5 га газар нь гэрчилгээгүй эзэмшсээр ирсэн. Эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан учраас манайх 7.5 га газрыг эзэмших шийдвэр олгогдсон. Гагцхүү гэрчилгээ л байхгүй байсан юм. Яагаад өнөөдрийг хүртэл маргахгүй яваад байсан бэ гэхээр бодит эзэмшил дээр 7.5 га газрыг эзэмшиж, ашиглаж ирсэн. Бүхий л үл хөдлөх хөрөнгийг ашиглаж ирсэн. Үйл ажиллагаанд ямар нэгэн саад учраагүй. Гэвч сүүлд газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах гээд кадастар хийлгэх гэхэд үл хөдлөх хөрөнгийг тусгаарласан зураглал гарч ирсэн. 5 жилийн хугацаанд тасралтгүй захиргааны байгууллагатай харилцаж ирсэн. Гэвч татгалздаг байсан. Татгалзаж байгаа үндэслэл нь 2006 онд 4 га газар дээр хүсэлт гаргасан байна. Тиймээс үлдэх хэсэг хүчингүй болсон гэж тайлбарладаг. Дуудлага худалдаа хийлгэх боломжтой гэж хариу тайлбараа гаргасан. 1997 онд олгосон 7.5 га газрыг хүчингүй болгосон нэг ч шийдвэр байхгүй байгаа. Тухайн 3.5 га газар дээр маш олон объект байршсан байгаа. Манайх тухайн хөрөнгийг ашиглах цор ганц өмчлөгч. Цаашид ч ашиглах байх гэж найдаж байна. Тиймээс гэрчилгээ олгож, гэрээ байгуулах үүрэг нь төрийн байгууллагад байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Уг шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
3.4. Хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хэрлэн сумын Засаг даргын 1997 оны 280 дугаар захирамжаар “Дорнод *******” ХХК-д 7.5 га газрыг үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байх бөгөөд “Дорнод *******” ХХК нь Хэрлэн сумын Засаг даргатай 2003 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нийт 40288 м2 талбайг эзэмшихээр гэрээг байгуулж, 2004 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан. Монгол Улсын Газрын тухай хууль 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинэчлэгдэн мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий 1 дүгээр бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг аймгийн Засаг дарга шийдвэрлэх эрх зүйн зохицуулалттай болсны дагуу “Дорнод *******” ХХК нь аймгийн Газрын албанд 2006 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Манай компани Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 4 га газарт үйл ажиллагаа эрхэлдэг. Газар эзэмшигчийн гэрчилгээг шинэчлэн сольж олгоно уу” гэх утга бүхий 44 дүгээр албан бичгийг ирүүлсэн байдаг. “Дорнод *******” ХХК болон Хэрлэн сумын Засаг дарга нарын хооронд байгуулсан 2003 оны газар эзэмшүүлэх гэрээ, тус байгууллагад олгосон ******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон нэхэмжлэгч байгууллагын 2006 оны 44 дүгээр албан бичгүүдийг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын 2006 оны 231 дүгээр захирамжаар “Дорнод *******” ХХК-д 4 га газрыг контор, үйлдвэрлэл, үйчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс Дорнод аймгийн Засаг даргыг компанийн газар эзэмших эрхэд үндэслэлгүйгээр халдаж, өөрийн санаачлагаар 4 га газар эзэмшүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй болно. Учир нь аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийг баримтлан “Хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ, түүнд олгосон газар эзэмших гэрчилгээ болон тухайн байгууллагын хүсэлт”-ийг үндэслэн холбогдох шийдвэрийг гаргасан тул аймгийн Засаг даргын 2006 оны 231 дүгээр захирамж нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болно. Монгол Улсын Газрын тухай хууль болон бусад холбогдох журмаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх ашиглуулах харилцааг зохицуулж байгаа бөгөөд тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33.1.2-т тус тус зааснаар дээрх газрыг тус аж ахуй нэгжид шууд эзэмшүүлэх боломжгүй бөгөөд газар эзэмших хүсэлтийг Хэрлэн сумын Засаг даргад гаргаж, сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан Газрын тухай хууль тогтоомж, журмын дагуу газар эзэмших асуудлыг шийдвэрлүүлэхээр одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар зохицуулсан. Аймгийн Засаг даргын 2025 оны 5/317 дугаар албан бичгээр дээрх хуулийн зохицуулалтыг хуулийн этгээдэд тайлбарласан бөгөөд тус албан тоот нь хууль зөрчөөгүй тул хууль бусад тооцуулах эрх зүйн үндэслэл байхгүй болно. Иймд аймгийн Засаг даргын 2006 оны 231 дүгээр захирамж нь нэхэмжлэгчтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ, “Дорнод *******” ХХК-д олгосон газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ болон тухайн байгууллагаас ирүүлсэн хүсэлт зэргийг үндэслэн гарсан хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр бөгөөд мөн аймгийн Засаг даргын 2025 оны 5/317 дугаар албан бичиг ямар нэг хууль тогтоомж зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1997 оны 280 дугаар захирамж өнөөдөр ч хүчинтэй гэж ярьж байна. Газрын тухай хууль шинэчлэгдсэн. Улсын хэмжээнд газрын гэрээ, гэрчилгээг шинэчлэх шаардлагатай болсон. Энэ үед “Дорнод Гурил” ХХК “Манайх 4 га газарт үйл ажиллагаа эрхэлдэг. Гэрчилгээг олгож өгнө үү” гэж хүссэн. Үүнийг бүрэн шийдвэрлэж өгсөн гэж харж байгаа. Том газар эзэмшдэг газрууд нь газрын төлбөрөө багасгахын тулд газрын хэмжээгээ багасгаж мэдүүлдэг байсан. Энэ арга байж магадгүй гэж бодож байна. Одоо иргэн, аж ахуй нэгж байгууллага газар эзэмших хүсэлтээ тухайн Засаг даргад гаргана. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж зөвшөөрлийг олгох юм бол Засгийн газрын тогтоол гаргадаг. Ингээд дуудлага худалдаа юм уу бусад сонгон шалгаруулалт зарладаг. Тиймээс 5/317 тоот албан бичиг нь хууль бус гэж үзэхгүй байна. Газар эзэмших гэрээ байгуулсан байдал, төрийн байгууллагад ирүүлсэн албан бичгээс харахад “мэдээгүй байх боломжгүй” болох нь харагдаж байна. 2006 оны аймгийн Засаг даргын захирамжийг гаргахдаа өөрсдийнх нь хүсэлтийн дагуу ажиллагааг хийсэн. Бид нар тэр тоог таамгаар тавиагүй гэдгийг хэлэхийг хүсч байна гэв.
3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрлэн сумын Засаг даргын захирамжаар 7.5 га газар эзэмшүүлсэн. Газрын тухай хууль 2003 оноос хэрэгжиж эхэлсэн. Хуульд эрхийн гэрчилгээгээр газрыг баталгаажуулна гэж заасны дагуу 2004 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гэрчилгээ олгосон. Засаг даргын 5/317 дугаар албан бичигт “Төлөвлөгөөнд тусгуулан, дуудлага худалдаа зохион байгуулах боломжтой” гэж дурдсан бөгөөд уг албан бичиг нь хэн нэгний эрх ашгийг зөрчсөн албан бичиг биш юм. Тиймээс хууль бусад тооцуулах шаардлагыг ойлгохгүй байна. 1997 оны захирамж нь сумын Засаг даргын захирамж байгаа. 1 дүгээр бүсийн газар нутаг дээрх газрыг аймгийн Засаг дарга хариуцдаг болсон. Тиймээс шинээр гэрээ байгуулах ёстой болно. Гэтэл өөрсдөө 2006 онд хүсэлтээ өгөхдөө 4 га газарт гэрчилгээ олгож өгөхийг хүссэн хүсэлтийг гаргасан. Тиймээс л манайх 4 га газарт гэрчилгээг олгосон. Мөн хичнээн жилийн өмнөх асуудлыг яагаад одоо гэнэт сөхөж байгааг ойлгохгүй байна. 2002 оноос хойш 3.5 га газар дээр төлбөрийг төлж байгаагүй гэж байна. Гэрчилгээ байхгүй газар дээр гэрчилгээ сунгуулах ямар хүсэлт гаргасан нь тодорхой бус байна. 5/317 тоот албан бичиг нь ямар хуулийг зөрчсөн болох нь тодорхой бус хэвээр байна. Албан бичиг нь хууль зөрчөөгүй болох нь харагдаж байна. Татвараас зайлсхийж байгаагүй гэж хэлж байгаа ч гэрчилгээ гаргах шийдвэртэй хамааралгүй байна. Бид хуулийг л дагаж мөрдөж ажиллах ёстой. Заавал давуу байдал нэхээд байх юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлан үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчээс, ... 1997 оны Хэрлэн сумын Засаг даргын захирамжаар 7.5 га газар эзэмшүүлсэн, түүнээс 4 га газарт гэрээ байгуулан гэрчилгээ олгогдсон, үлдэх 3.5 га газартаа гэрчилгээ гаргуулах эрхтэй тул аймгийн Засаг даргын татгалзал хууль бус, 1959 оноос хойш эзэмшилдээ байлгаж буй хашаалсан газарт үйлдвэрийн хөрөнгүүд байрлаж, их хэмжээний хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарладаг.
3. Хариуцагчаас, ... 1997 оны Хэрлэн сумын Засаг даргын захирамжаар 7.5 га газрыг эзэмшүүлсэн хэдий ч, 2004 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ******* дугаар бүхий Газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 40288 м2 газрын, аймгийн Засаг даргын 2006 оны 231 дүгээр захирамжаар 4 га газрын эзэмших эрхийг тус тус баталгаажуулсан, компани өөрийн эзэмшлээ 4 га газар гэж хүсэлтээ гаргаж, газар эзэмшүүлэх гэрээг байгуулж ирсэн тул 4 га газрын эзэмших эрх баталгаажсан, үлдэх 3.5 га газрыг шууд олгох боломжгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарладаг.
4. Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 280 дугаар захирамжаар, “... Дорнод *******” ХХК-д 7.5 га газрыг эзэмшүүлсэн[8] бөгөөд дээрх захирамжийг үндэслэн, нэгж талбарын ******* дугаар бүхий 40288 м2 газрыг жаран жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 2004 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ******* дугаар бүхий “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” олгогдож байсан байна.
5. Дорнод аймгийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг солих тухай” 231 дүгээр захирамжийн 5 дахь заалтаар: Хэрлэн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 280 дугаар захирамжаар “Дорнод *******” ХХК-д эзэмшүүлсэн ******* дугаартай газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож, Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутагт одоо байгаа 4.0 га газрыг контор, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж,[9] дээрх захирамжийг үндэслэн 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 40000 м2 газрыг 7 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр ******* дугаар бүхий гэрчилгээ олгожээ[10].
6. Дорнод аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/762 дугаар захирамжаар[11], ... “Дорнод *******” ХХК-ийн үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмших 40000 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаатайгаар сунган эзэмшүүлсэн байна.
7. Дээрх 40000 м2 газрыг эзэмшүүлэх тухай гэрээг анх 2003 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Хэрлэн сум, Чойбалсан хотын Засаг даргын тамгын газрын Захирагчийн албатай[12] байгуулж байсан бөгөөд, гэрээг 40000 м2 хэмжээгээр байгуулж ирсэн, 40000 м2 газарт ноогдох төлбөрийг хуулийн дагуу төлж ирсэн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарладаг бөгөөд 2002-2025 онд газрын төлбөр төлсөн баримтууд хэрэгт хавсаргагдсан[13] байна.
8. Ийнхүү “Дорнод *******” ХХК-ийн одоо эзэмшиж буй байршилд 4 га газрын хувьд газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, газар эзэмшүүлэх тухай гэрээг эрх бүхий этгээдтэй 4 га газрын хэмжээгээр байгуулж ирсэн гэх дээрх тогтоогдсон үйл баримтын талаар талууд маргадаггүй.
9. Харин нэхэмжлэгчээс анх 1997 оны 280 дугаар захирамжид 7.5 га газар эзэмшүүлсэн тул зөрүү болох 3.5 га газарт эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах үндэслэлтэй гэж, хариуцагчаас 3.5 га газрын хувьд эзэмших эрх үүсээгүй, шууд гэрчилгээ олгох үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж байна.
10. Нэхэмжлэгчээс дээрх зөрүү газрын асуудлаараа эрх бүхий этгээдэд 2020 оноос эхлэн удаа дараа хандаж байсан гэж тайлбарладаг бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр[14], 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр[15] Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт, мөн онуудад Дорнод аймгийн Засаг даргад хандаж хүсэлт гаргаж байсан баримтууд хэрэгт авагдсан байна.
11. Мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Сумын газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 12/05 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар: 1 дүгээр баг, гудамж, 18291 м2 газрыг, 2302: Үйлдвэрлэлийн барилга байгууламж, бусад газар зориулалтаар давуу эрхээр эзэмшүүлэхээр баталж байсан[16] бөгөөд, дээрх Хурлын хуралдаанд “Дорнод *******” ХХК-ийг төлөөлж менежер н.Эрдэнэбат оролцон хүсэлтээ танилцуулж байсан байна. [17]
12. Нэхэмжлэгчээс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Засаг даргад хандан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн бодит хэмжээсээр гаргуулах” тухай хүсэлт гаргасныг Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 5/317 дугаар албан бичгээр, “... дээрх газрыг тус аж ахуйн нэгжид шууд эзэмшүүлэх боломжгүй” гэсэн татгалзсан агуулгатай хариу хүргүүлсэн[18] тул дээрх татгалзлыг хууль бус гэж үзэж шүүхэд хандсан байна.
13. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар “газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг ойлгохоор заасан бөгөөд энэ нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ олгогдсон газрыг, гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд эзэмших боломжтой болохыг хуульчилсан байна.
14. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д зааснаар: Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.3.2-т аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна.” гэж зохицуулснаар нэхэмжлэгчийн маргаж буй 3.5 га газрыг эзэмшүүлэх тухай шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь Дорнод аймгийн Засаг дарга байх бөгөөд, тус газрыг эзэмшүүлэх тухай аймгийн Засаг даргын шийдвэр гараагүй тул 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 5/317 дугаар албан бичгээр татгалзсан хариу өгсөн нь хуульд нийцсэн байна.
15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-т “захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах” гэж зааснаар даалгах шаардлагын хувьд захиргааны хууль бус татгалзал, эс үйлдэхүй тогтоогдож, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол нэхэмжлэл хангагдах зохицуулалттай. [19]
16. Нөгөө талаас, даалгах нэхэмжлэлийн шаардлага хангагдах удаах нөхцөл нь захиргааны байгууллагаас гаргахыг шаардаж буй захиргааны акт нь хүчин төгөлдөр үйлчилж буй эрх зүйн зохицуулалтын хувьд боломжтой байх учиртай бөгөөд шүүхээс захиргааг хууль зөрчихөд хүргэсэн шийдвэр гаргахыг даалгах боломжгүй. [20]
17. Газрын тухай хуулийн 23.3. Аймаг, нийслэлийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна: “23.3.7. эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох”-оор зааснаас үзвэл газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох нь аймгийн Газрын албаны эрх хэмжээнд хамаарч байгаа бөгөөд гэрчилгээ олгогдох урьдчилсан нөхцөл нь газар эзэмшүүлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан байхыг шаардаж байна. Дээрх газрыг эзэмшүүлэх эрх бүхий этгээд болох аймгийн Засаг даргаас дээрх газрыг “Дорнод *******” ХХК-д эзэмшүүлэх тухай шийдвэр гараагүй байх тул шууд 3,5 га газарт гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах үндэслэлгүй байна.
18. Харин нэхэмжлэгчээс, Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлж, маргаан бүхий газрыг эзэмших эрхийг олж авах эрх нээлттэй бөгөөд энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
19. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.3, 3.1.7, 21 дүгээр зүйлийн 21.3, 21.3.2, 23 дугаар зүйлийн 23.3, 23.3.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч “Дорнод *******” ХХК-ийн Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан, “Дорнод аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 5/317 дугаар албан тоот татгалзлыг хууль бус болохыг тогтоолгох, компанийн эзэмшлийн 3,5 га газарт гэрчилгээ олгож өгөхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Дорнод *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.ДАВААНЯМ
[1] Хэргийн 13-14-р хуудас
[2] Хэргийн 82-р хуудас
[3] Хэргийн 106 дугаар хуудас
[4] Хэргийн 57-р хуудас
[5] Хэргийн 40-41-р хуудас
[6] Хэргийн 58-р хуудас
[7] Хэргийн 1-2 дугаар хуудас
[8] Хэргийн 13-14-р хуудас
[9] Хэргийн 106 дугаар хуудас
[10] Хэргийн 226 дугаар хуудас
[11] Хэргийн 79- 80 дугаар хуудас
[12] Хэргийн 83-84 дүгээр хуудас
[13] Хэргийн 18-19 дүгээр хуудас
[14] Хэргийн 173 дугаар хуудас
[15] Хэргийн 172 дугаар хуудас
[16] Хэргийн 157-158 дугаар хуудас
[17] Хэргийн 162 дугаар хуудас
[18] Хэргийн 77-78 дугаар хуудас
[19] УДШ-ийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Дугаар 00/ХТ2022/0074 тогтоол
[20] УДШ-ийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Дугаар 001/ХТ2020/0192 тогтоол