Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 157/ШШ2025/00106

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “С************ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.М***********т холбогдох “1,380,573 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “С************ ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С************ХХК нь Хэрэглэгчид худалдан авч буй бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг "С*************" аппликейшнээр дамжуулан Үйлчилгээний нөхцөл заасан хуваарийн дагуу хуваан төлөх үйлчилгээг санал болгодог. Хэрэглэгч А.М*********** нь 2022-10-27-ны өдөр "С*************" аппликейшнээр дамжуулан худалдан авалтын төлбөрийг хуваан төлөх үйлчилгээ авах хүсэл зоригоор Үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн. Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу Хэрэглэгч нь өөрийн эрхийн хэмжээнд 100,000 төгрөгөөс 10,000,000 төгрөг хүртэл үнийн дүнтэй бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг 4 хувааж 15 хоногийн зайтайгаар 45 хоногийн хугацаанд хуваан төлөх; 3 хувааж, 30 хоногийн зайтайгаар 60 хоногийн хугацаанд хуваан төлөх боломжтой. Мөн Хэрэглэгч нь хуваарьт төлөлтийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсний төлбөр /торгууль/ болон алданги нэмэгдэж бодогддог. Хугацаа хэтрүүлсний төлбөр нь хуваарьт төлөлтөө төлөөгүй тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч тооцогддог ба уг хуваарьт төлбөрийг 7 хоног хэтрүүлсэн тохиолдолд дахин 1 удаа нэмж бодогддог. Тухайлбал,

• 100,000 төгрөгөөс 500,000 төгрөг бүхий үнийн дүнтэй худалдан авалтад 5,000 төгрөг;

500,001 төгрөгөөс 1,000,000 төгрөг бүхий үнийн дүнтэй худалдан авалтад 10,000 төгрөг;

1,000,001 төгрөгөөс 2,000,000 төгрөг бүхий үнийн дүнтэй худалдаг авалтад 30,000 төгрөг зэргээр бодогддог.

Харин сүүлийн төлөлт хийх хугацаанаас 14 хоног хэтрүүлсэн бол дараагийн өдрөөс хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги нэмж тооцогдоно.

А.М*********** нь "С*************" аппликейшнээр дамжуулан дараах худалдан авалтыг хийсэн. 2022-10-27-ны өдөр 1,227,176 төгрөгийн 313660 дугаартай худалдан авалтыг (Bishrelt wellmartchain мерчантын Худалдааны төв)-с хийж, төлбөрөө 4 хувааж, 15 хоногийн зайтайгаар 45 хоногийн хугацаанд төлөхөөр, эхний төлөлт 306,794  төгрөгийг төлсөн. Төлөх эцсийн хугацаа  2022-12-11-ний өдөр байсан боловч гэрээний үүргээ зөрчиж, худалдан авалтын төлбөрөө эргэн төлөөгүй байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар худалдан авалтын төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд: худалдан авалтын үлдэгдэл 902,382 төгрөг, торгууль 60,000 төгрөг, алданги 400,191 төгрөг, нийт 1,380,573 төгрөг.

А.М***********ээс "С*************" аппликейшнээр дамжуулан хийсэн худалдан авалтын төлбөрт 1,380,573 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Х  овогт А-ын М*********** шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие А.М*********** нь С************ ББСБ-аас нэхэмжилсэн 1,380,573 (нэг сая гурван зуун наян мянга таван зуун далан гурав)  төгрөгөө 2025 оны 06 сарын 10-аас эхлэн 3 сарын  хугацаатай хувааж төлнө. Маргах зүйлгүй.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “С************ ББСБ” ХХК нь хариуцагч А.М***********т холбогдуулан 1,380,573 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч А.М*********** нь 1,380,573 төгрөгийг “С************ ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь үйлчилгээний нөхцөл болон нууцлалын бодлоготой танилцсан баримт, худалдан авалт, эргэн төлөлтийн хүснэгт, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,380,573 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,380,573 (нэг сая гурван зуун наян мянга таван зуун далан гурав) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,040 төгрөгийн тавин хувь 18,520 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 18,520 төгрөгийг, хариуцагч А.М***********ээс улсын тэмдэгтийн хураамж 18,520 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “С************ ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “С************ ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 1,380,573 (нэг сая гурван зуун наян мянга таван зуун далан гурав) төгрөгийг хариуцагч А.М*********** нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,040 төгрөгийн тавин хувь 18,520 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 18,520 төгрөгийг, хариуцагч А.М***********ээс улсын тэмдэгтийн хураамж 18,520 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “С************ ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч А.М*********** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                   

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР