| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00101/И |
| Дугаар | 157/ШШ2025/00108 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 157/ШШ2025/00108
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Б************** би нэхэмжлэгч Хэнтий аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Э****************д холбогдох “6,808,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Прокурорын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б ургийн овогт Ч-гийн Э**************** нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний шөнө У.Б**************ын биед халдаж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэж, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн, зүйл хэсэгт зааснаар 15.000 нэгж буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
Хэнтий, Баянхонгор, Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Гэмтэл согог судлалын үндэсний төв нь 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хооронд тус тус У.Б**************ын эрүүл мэндэд учирсан гэмтлийг оношилгоо шинжилгээ, эмчилгээ зэрэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас 6.808.000 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг нэхэмжилж, гаргуулан авсан байна. Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас "гэмт хэрэгт холбогдсон буруутай этгээдээс эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг хуульд заасны дагуу нэхэмжилж, төрийг хохиролгүй болгож өгнө үү" гэсэн агуулга бүхий хүсэлт, итгэмжлэл ирүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6 дахь заалтад "эрүүл мэндийн даатгалын сан" гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг гэж хуульчилсан.
Дээрх байдлаас Ч.Э****************ы гэм буруутай үйлдлийн улмаас У.Б**************ын үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын санд хуримтлуулсан төр, иргэн, хуулийн этгээдээс эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлсөн төлбөрөөр худалдан авч байгаа нь төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх", Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно",
Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.",
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт "Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй" гэж зааснаар гэмт хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирлыг гаргуулахаар төрийн байгууллагын хүсэлт, прокурор өөрийн санаачилгаар нэхэмжилж байна.
Ч.Э****************ы гэм буруутай үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 6,808,000 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь .................. тоот дансанд оруулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Б овогт Ч-гийн Э**************** шүүхэд гаргасан тайлбартаа: “... Миний бие нь энэхүү надаас нэхэмжилж буй 6,808,000 (зургаан сая найман зуун найман мянга) төгрөгийг 12-оос 24 сарын хугацаанд төлж барагдуулна .” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Прокурорын газар нь хариуцагч Ч.Э****************д холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал 6,808,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Ч.Э**************** нь хохирогч иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал 6,808,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлөх үүрэгтэй болох нь Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоол, гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирч, эрүүл мэндийн дааталын сангаас тусламж үйлчилгээний зардал авсан эсэхийг тодруулах иргэдийн судалгаа, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 6,808,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 6,808,000 (зургаан сая найман зуун найман мянга) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 6,808,000 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж 123,878 төгрөгийн тавин хувь 61,939 төгрөгийг хариуцагч Ч.Э****************аас гаргуулж төрийн сангийн нэгдсэн дансанд оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Прокурорын газрын нэхэмжилсэн 6,808,000 (зургаан сая найман зуун найман мянга) төгрөгийг хариуцагч Ч.Э**************** нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 6,808,000 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж 123,878 төгрөгийн тавин хувь 61,939 төгрөгийг хариуцагч Ч.Э****************аас гаргуулж төрийн сангийн нэгдсэн дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ч.Э**************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.Б**************