| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00131/И |
| Дугаар | 157/ШШ2025/00129 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 157/ШШ2025/00129
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч А.Мийн нэхэмжлэлтэй хариуцагч З.Б************д холбогдох “1,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б овогт А-ын М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2021 оны 08 сарын 12-нд Зоригоо овогтой Б************ нь аавтайгаа, дүү О-тайгаа гэрийн гадаа ирээд манай дүү О******** нь өрөнд ороод шүүхээр уншуулах гээд байна. Та 1 сая төгрөг зээлүүлж тус болооч гэсэн. Б************д би та хэд удаахгүй өгөөрэй гэхэд аавын тэтгэврийг зээлээд ч болов өгнө гэсэн. О*********ийн данс байхгүй байгаа миний дансанд хийчих гээд Б************ өөрийн дансандаа хийлгэсэн. Би нэг удаа утсаар яриад Б************гаас мөнгөө авъя гэхэд О*********** шоронгоос гарсан, өөрөөс нь аваарай гэсэн. ... Одоо Б************, О********* оёроос мөнгөө авъя гэхээр чамаас аваагүй ахаас авсан гээд нөхрийн маань хэлээд байдаг. ... Энэ хүмүүс 2021 оны 08 сарын 12-нд надаас мөнгө авсан. ... Иймд З.Б************гаас 1 сая төгрөгийг маань гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Н овогт З-ийн Б************ шүүхэд гаргсан тайлбартаа: “З овогтой Б************ миний бие 2021 оны 08 сарын 21-нд А.М гэх хүнээс (ах Р.Н**********ын эхнэр)-ээс 1,000,000 төгрөг авсан нь үнэн болно. Одоо энэхүү мөнгийг буюу 1,000,000 төгрөгийг 1 сарын хугацаанд А.Мид буцаан өгөхийг хүсэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.М нь хариуцагч З.Б************д холбогдуулан 1,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч З.Б************ нь 1,000,000 төгрөгийг А.Мид төлөх үүрэгтэй болох нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,000,000 (нэг сая) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийн тавин хувь 14,275 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 14,275 төгрөгийг, хариуцагч З.Б************гаас улсын тэмдэгтийн хураамж 14,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Мид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А.Мийн нэхэмжилсэн 1,000,000 (нэг сая) төгрөгийг хариуцагч З.Б************ нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийн тавин хувь 14,275 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 14,275 төгрөгийг, хариуцагч З.Б************гаас улсын тэмдэгтийн хураамж 14,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Мид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч З.Б************ нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР