| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2202 00353 0116 |
| Дугаар | 2024/ДШМ/177 |
| Огноо | 2024-02-06 |
| Зүйл хэсэг | 20.7.1., 20.7.3.3., |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2024/ДШМ/177
С.Н-ид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Баясгалан,
шүүгдэгч С.Н-ийн өмгөөлөгч С.Төгс,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин даргалж, шүүгч Х.Санжидмаа, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/1381 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Н-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2202 00353 0116 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Б боржигин овгийн С-ийн Н-, 1982 оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 454 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 375 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан;
Шүүгдэгч С.Н- нь Б.Ү-тай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, нийт 4,6905 грамм жинтэй, “каннабис” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, улмаар биедээ хадгалсан,
мөн А.М-тэй “Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, Бүгд Найрамдах Турк улсаас худалдаалах зорилгоор Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай нийт 3,7565 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Станбул-Улаанбаатар чиглэлийн ОМ3136 дугаартай аяллын онгоцоор карго ашиглан, Монгол Улсын хилээр 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хууль бусаар нэвтрүүлж илгээснийг А.М- нь 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах түрээсийн байрнаас хүлээн авсан буюу хууль бусаар олж авсан, тус бодисоос 1,3975 грамм цэвэр жинтэй бодисыг Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Ү.Ө-од хууль бусаар өгсөн,
улмаар дээрх бодисоос 2022 оны 3 дугаар сарын 15-16-ны өдрийн хооронд өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” хотхоны ... дугаар байрны ... тоотод 2,3226 граммыг, өөрийн биедээ 0,0364 граммыг тус тус хадгалсан гэмт хэргүүдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж гэсэн хүндрүүлэх нөхцөлтэйгөөр гэмт хэргийг үйлдэхийг санаачилж, төлөвлөн зохион байгуулагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газар: С.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б ургийн овогт С-ийн Н-ийг бусадтай үгсэн тохиролцож, бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, улмаар биедээ хадгалсан, хууль бусаар олж авсан, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хууль бусаар бусдад өгч улсын хилээр нэвтрүүлж үйлдэхийг санаачилж, төлөвлөн зохион байгуулагчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-ид 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг, зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил зорчих эрх хязгаарлах ял, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-ид оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр,
шүүгдэгч С.Н-ид оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн эдлүүлж түүний оршин суух газраас явахыг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгаж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-ийн цагдан хоригдсон 226 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, шүүгдэгч С.Н- нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт цэвэр жин нь 3.7565 грамм мөс гэх сэтгэцэд нөлөөлөх бодис уутнуудын хамт. тарианы шингэний 2 ширхэг шил, улаан өнгийн асаагуур 1 ширхэг, цагаан өнгийн асаагуур 1 ширхэг, улаан дугуй, цэнхэр өнгийн тавцантай хүүхдийн скүүтер дугуй 1 ширхэг, цагаан өнгийн соруул 1 ширхэг зэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1606 дугаартай шийтгэх тогтоолоор устгасан, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Н-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.Н- давж заалдах гомдолдоо: “...Надад холбогдох эрүүгийн хэрэг, мөн миний 2000 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 375 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор нэг жилийн хорих ялаар шийтгүүлж байгаагүй зэргийг бүрэн тогтоож шалгаагүй. Мөн шүүгдэгч А.М- нь мөрдөн байцаалтын явцад гурван удаа мэдүүлэг өгсөн байдаг. Тухайн мэдүүлгүүд зөрүүтэй, худал хэлж байгаа нь тодорхой байдаг. Мөн Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээр 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 2023/ШЦТ/979 дугаартай тогтоолоор надад холбогдох Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан зүйл ангид хамаардаг хэргийг судалж, хэргийг цагаатгаж байсан 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралд иргэдийн төлөөлөгч аль зүйл анги дээр гэм буруутайг тодорхой хэлээгүй байдаг. Мөн карго явуулсан хүнийг олж тогтоох боломжтой мөртлөө тогтоогоогүй. Гэрчийн мэдүүлгээр намайг карго явуулаагүй гэж тодорхой гарсан байдаг. А.М-, Б.Б- нар хар тамхиа хэрэглэж байх үедээ цагдаагийн албан хаагчдад баригдаад, надаас авсан гэж худал мэдүүлдэг. Мөн А.М- карго авахдаа өөрийн Хаан банкны 5555555555 данс руу 50.000 төгрөгийг Цогоо гэх хүн хийсэн байсныг цагдаагийн байгууллага шалгах боломжтойг шалгаагүй. Миний хадам аав болох Цог нь огт карго авч байгаагүйг мэдүүлсэн. Иймд би өөрт холбогдох Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргээ хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн байдаг. Би А.М- гэх хүнийг огт танихгүй. Иймд би олон жилийн ялтай, хүнд зүйл ангитай хэрэгт гүтгэгдэж, өөрийн эрүүл мэнд, эрх чөлөө, сэтгэл санаа, санхүүгээр маш их хохирч байна. Иймд надад холбогдуулсан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан зүйлчлэлийн хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож, хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бичсэн зүйл үнэн зөв. ...” гэжээ.
Шүүгдэгч С.Н-ийн өмгөөлөгч С.Төгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч С.Н- нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байгаагүй. А.М- гэх хүн машиндаа “Мөс” гэх нэршилтэй мансууруулах бодис хэрэглэж байгаад баригдсан бөгөөд тухайн үед нэг хүнтэй хамт байсан. Хэнээс авсныг нь асуухад “Турк улсад байдаг ах явуулсан.” гэсэн ганц л мэдүүлэг байдаг. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үзэхэд А.М- 3 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд эхний 2 удаагийн мэдүүлэгтээ “Турк улсаас С.Н- ах явуулсан.” гэж мэдүүлээд 3 дахь мэдүүлэгтээ “Би С.Н- гэж хүнийг танихгүй. Өөр хүн явуулсан.” гэж тухайн хүнийг нэр, хаягтай нь хэлж мэдүүлсэн байдаг. С.Н-, А.М- нар бие биеэ танихгүй бөгөөд 2 өөр дүүрэгт амьдардаг, 10-20 насны зөрүүтэй хүмүүс байдаг. Ү.Ө-, С.Н- нар нь өөр эцэгтэй төрсөн ах, дүү бөгөөд Турк улсад хамт байсан байдаг. Ү.Ө-ын гэр бүлийн гишүүнийхээ эсрэг өгсөн мэдүүлгээр хүнийг яллаж болохгүй. “Манай ах Турк улсаас тийм зүйл явуулж магадгүй гэж байсан. Яг явуулсан эсэхийг нь мэдэхгүй байна.” гэж Ү.Ө- мэдүүлсэн байдаг. Турк улсаас ирсэн каргог шалгахад хориглосон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Каргоны төлбөр 50.000 төгрөгийг А.М-гийн данс руу шилжүүлсэн хүн карго явуулсан байх магадлалтай гэж үзэж байна. С.Н-ийн эзэмшлийн ганцхан дансыг шалгаж үзэхэд гүйлгээ хийгээгүй байдаг. С.Н- “Мөс” гэх нэршилтэй мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тодруулахаар шинжилгээ хийхэд хориглосон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. С.Н-ийн эхнэрт хууль сануулалгүйгээр мэдүүлэг авч “Турк улсаас карго явуулж байсан уу” гэж асуухад, эхнэр нь “Хувцас каргогоор явуулж байсан” гэж мэдүүлдэг. Шүүгдэгч С.Н-ийг ямар нотлох баримтаар гэм буруутайд тооцсон нь тодорхойгүй байна. Өмнө нь 7 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар эдгээр нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн байдаг. А.М-гийн гар утсанд С.Н-оос мессенжерээр чат ирсэн гэдэг бөгөөд гар утсанд үзлэг хийхэд тийм зүйл илрээгүй. А.М- “Над руу залгасан дугаарыг би санахгүй байна. Залгасан дугааруудыг устгачихсан.” гэж мэдүүлдэг бөгөөд устгасан дугаарыг сэргээх боломжтой боловч уг ажиллагааг хийгээгүй. А.М-, Ү.Ө- нар “Миний гар утас руу залгаад тэрийг очоод авчих, тэр хүнд өгчих гэсэн, дансаа явуулчих гэсэн” гэдэг бөгөөд тухайн залгасан дугаарыг нь асуухад мэдэхгүй гэж хэлдэг. Тухайн үед С.Н- Турк улсад байсан тул юнителийн дугаараас ярих боломжгүй бөгөөд Монгол Улсад ирмэгц Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон байдаг. А.М- мэдүүлэгтээ “С.Н- Турк улсаас явуулсан бөгөөд тэнд аваачаад өгчих. 3.000.000 төгрөг өгье гэсэн.” гэж мэдүүлсэн боловч С.Н-ид тийм хэмжээний мөнгө байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлон тогтоосон гэж үзэж байна. Шүүгдэгч С.Н- нь урьд мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан үйлдэлд 2019 онд шалгагдаж байхдаа Монгол Улсаас гадагш зорчин Турк улсад суурьшиж, мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан байдаг. 2022 онд Истанбул-Улаанбаатар чиглэлийн ачааны нисэх онгоцонд хориглосон мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн болох нь тогтоогдсон. М- сэжигтнээр нэг удаа, яллагдагчаар 2 удаа мэдүүлэг өгсөн байдаг. Сэжигтнээр өгсөн мэдүүлэг болон яллагдагчаар өгсөн эхний мэдүүлэг тогтвортой байдаг бөгөөд 3 дахь удаагийн мэдүүлэг нь зөрүүтэй байдаг. Эхний 2 удаагийн мэдүүлэгтээ “Шүүгдэгч С.Н-той хүүхэд насандаа танилцаж байсан. Дотно биш ч гэсэн фейсбүүкээр харилцдаг таньдаг ах юм.” гэж мэдүүлдэг бөгөөд ямар фейсбүүк хаягаар харилцдаг талаараа зөрүүгүй тодорхой дурддаг. Шүүгдэгч С.Н- тухайн цаг хугацаанд “Ариунаа Ари” гэсэн эхнэрийнхээ фейсбүүк хаягийг ашигладаг байсан. Тухайн цаг хугацаанд мансууруулах бодис хамт хэрэглэж байсан Б- өөрийн таньдаг ахаас “Мөс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах бодисыг авсан талаараа гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Эдгээр бичгийн нотлох баримтуудаар А.М-гийн эхний 2 удаагийн мэдүүлгийг үнэн, зөв гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ гэмт хэргийн гүйцэтгэгч болох А.М- болон Ү.Ө- нарт холбогдох хэргийг урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1606 дугаар шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн байдаг. Тухайн шийтгэх тогтоолд дурдсан үйл баримт, нөхцөл байдал нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1381 дугаар шийтгэх тогтоолтой ижил байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.26 дугаар зүйлд заасны дагуу иргэдийн төлөөлөгч бичгээр санал гарган уншиж сонсгодог бөгөөд иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга, бүтцийн талаар хуульчилсан зүйл байхгүй тул иргэдийн төлөөлөгчийн санал үндэслэлтэй гэж үзэж байна. Каргог хүлээн авч Монгол Улсад тараасныг болон каргоны Монгол Улсад нэвтэрч буй үйл явцыг шалгасан улсын байцаагч нар карго ямар шугамаар орж ирсэн талаар болон тухайн хориглосон мансууруулах бодис илэрсэн биет зүйл нь скүүтер байсан талаар мэдүүлсэн байдаг. Тухайн карго нь А.М-гийн эхнэрийн гар утсаар болон Цогоо гэх хүний нэрээр хаягласан ачаа байсан талаар гэрч, яллагдагч нар мэдүүлдэг. Каргог хүлээн авч байх цаг хугацаанд А.М-гийн дансанд Цогоо гэх хүнээс каргоны төлбөрт 50.000 төгрөг шилжүүлсэн үйл баримт байдаг боловч С.Н- өөрийн эзэмшлийн данснаас өөр дансаар мөнгө шилжүүлсэн байх боломжтой. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд үйл баримтыг нотлон тогтоосон гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар С.Н-ид холбогдох эрүүгийн хэргийн шийдвэр, ажиллагааг түүний гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
С.Н-, Б.Ү- нарыг 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт хүргэж өгсөн талаарх гэрч Д.Ш-ийн мэдүүлэг /2хх 189-190/,
шүүгдэгч С.Н-ийн: “...Би шавар гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би найз Б.Ү-ын хамт зуслангийн байшин, лагерийн газар сонирхож яваад таарсан. Тэгээд сонирхож үзээд, өөрөө хэрэглэх гэж Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөрийн голын эрэг дээр ургасан мансууруулах үйлчилгээтэй ургамлыг гар аргаар алга хавсарч байгаад тосыг нь гартай наалдуулж цуглуулсан. Би өөрөө хэрэглэх гэж шавар гэх бодисыг гаргаж авсан. ...” /2хх 244/,
яллагдагч Б.Ү-ын: “...Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...Би найз С.Н-ийн хамт лагерийн газар хайж яваад урьд өмнө нь интернэтээр харсан мансууруулах төрлийн ургамалтай таарсан. Тэгээд сонирхож үзээд бид хоёр мансууруулах үйлчилгээтэй ургамлыг гар аргаар алга хавсарч байгаад тосыг нь гартай наалдуулж цуглуулаад С.Н- халаасандаа хийсэн. ...” /2хх 236/ гэсэн мэдүүлгүүд,
хэргийн газарт хийсэн нөхөн үзлэгээр хураан авсан ногоон өнгийн ургамал мэт зүйлүүдэд делта-9 тетрагидроканнабинол илэрсэн, энэ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисыг жагсаалтад багтдаг болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 4797 дугаар дүгнэлт /2хх 194-196/,
шүүгдэгч С.Н-ийн биеэс биологийн дээж болгон авсан шээсний дээжээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад хамаарах тетрагидроканнабинол илэрсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 4721 дүгээр дүгнэлт /2хх 214-215/,
хойшлуулшгүйгээр явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 193 дугаар тогтоол /2хх 135-136/,
шүүгдэгч С.Н-ийн биед үзлэг хийхэд өөрийн өмсөж явсан хувцаснаас гялгар цаасанд ороосон шавар мэт эд зүйлийг гарган өгснийг хураан авсан талаарх тэмдэглэл /2хх 150-153/,
хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 141-144/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2хх 183/ болон хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлохоор заасан.
Шүүгдэгч С.Н-ийн үйлдсэн дээрх гэмт хэргийн цаг хугацаа нь 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр байх ба энэ үед дагаж мөрдөж байсан хуулиар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн үйлдлийг гэмт хэрэгт тооцож байсан.
Харин 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “олж авсан” үйлдлийг гэмт хэрэгт тооцож, ял шийтгэхээр заасан болно.
Иймд, С.Н-ийн үйлдлийг гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан хуульд заасан “хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэсэн шинжээр нь зүйлчлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, дээр дурдсанаар зөвтгөн дүгнэсэн болно.
гэрч Б.Ю-ийн: “...Үлдэгдэл ачаагаа агуулах руугаа зөөж байх хооронд хүүхдийн скүүтэр дугуйг 89897489 утасны дугаартай залуу ирж, ачааны 50.000 төгрөгийг шилжүүлээд аваад явсан байсан. ...Бид онлайнаар холбогдон групп үүсгэж, Турк Улсад байгаа “Азаа” гэх хүн бараануудыг цуглуулж ачуулсан. ...“ /1хх 197/,
гэрч Б.Б-ийн: “...2022 оны 3 дугаар сарын 16-ны өглөө 08:10 цагт А.М- ах залгаад “13 дугаар хороололд хүрээд ир” гэхээр нь би 13 дугаар хорооллын 5 дугаар байрны хойно очиход А.М- ах өөрийн машиндаа сууж байсан. Ингээд уулзаад тамхилсан ба дараагаар нь А.М- ах тарианы шилтэй мөс гаргаж ирсэн ба тэрнээс нь хамт сорж хэрэглэсэн. ...” /1хх 205/,
яллагдагч Ү.Ө-ын: “...2022 оны 01 дүгээр сарын сүүлд би ахтайгаа фэйсбүүкээр холбогдсон. Тухайн үед С.Н- “Би Монгол руу хүнд мөс өгүүлэхээр явуулах юм. Тэр үед чиний захиад байгаа гутлыг явуулна. Тэр мөс авсан хүн чамд мөснөөс жаахныг өгч магадгүй. Тэгвэл тэрийг нь чи хэрэглээрэй” гэж хэлсэн. ...2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр А.М-гийн над руу залгасан дугаарыг би санахгүй байна. ...” /2хх 90-92/,
яллагдагч А.М-гийн: “...2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр С.Н- ах “A” гэсэн хаягаас миний “С” гэсэн хаяг руу “Мөс явуулъя, чи хоёр газар шидэхэд болно” гэхээр нь зөвшөөрсөн. Намайг эхлээд шагнана гэж байсан, сүүлдээ “2 сая төгрөг өгнө” гэсэн. 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр над руу чат бичсэн. “Мянган оюутны байрны замын эсрэг талын Хаан банктай байрны 1 дүгээр орцонд явуулсан юм байгаа, очоод ав” гэсэн. Тухайн газарт очиход их хэмжээний ачаа буусан байсан. Тухайн үед ачаагаа авч чадаагүй. ...2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр С.Н- ах эхнэрийнхээ фэйсбүүк хаягаас чат бичиж “Кино үйлдвэрийн ард талын “ЭМЖ” худалдааны төвд байдаг каргоноос очиж ав” гэсэн. Каргоны ажилтан надад хүүхдийн скүүтэр дугуй гаргаж өгсөн. Тухайн дугуйг аваад гэрийн гадна ирээд дугуйны гол төмрөөс мөнгөлөг цаасанд хийсэн байсан мөсийг гаргаж авсан. ...Гэр рүүгээ ороод цахилгаан жин авч, буцаж гарч ирээд машиндаа сууж мөс гэх зүйлийг жинлэхэд 7 орчим грамм байсан. Хоёр уутанд хувааж 3 граммаар хийсэн. С.Н- ах надад “3 граммыг энэ дугаар руу залгаж холбогдоод нэг газар хаяарай” гэсэн. ...” /2хх 56-57/ гэсэн мэдүүлгүүд,
Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, А хотхоны ... тоотод хийсэн нэгжлэгээр хураан авсан цагаан өнгийн нунтаг зүйл, 00-00УУУ улсын дугаартай хар өнгийн “Toyota Prius” загварын тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр хураан авсан 2 ширхэг тарианы шил, Монгол Улсын 10 төгрөгийн дэвсгэрт, А.М-гийн биед хийсэн үзлэгээр илэрсэн цагаан өнгийн нунтаг зүйл зэргээс метамфетамин илэрсэн бөгөөд уг бодис нь Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1791 дугаартай дүгнэлт /1хх 219-224/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, илгээсэн гэмт хэргийг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол гэмт хэрэгт тооцож, ял шийтгэхээр заасан.
Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хэргийн үйл баримтын талаар зөв дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт тус гэмт хэргийн “худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, илгээсэн, улсын хилээр нэвтрүүлсэн” шинжийг орхигдуулсныг зөвтгөн дүгнэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Н-ийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэх яллагдагч Ү.Ө-оос мэдүүлэг авахдаа /2хх 82-83/ хуульд заасан яллагдагчийн эрх, үүргийг танилцуулснаас гадна өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээр нь хангаж, түүний сонгон авсан өмгөөлөгч Э.Түвшинбаярыг байлцуулсан байна.
Хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч Г.Б-, Б.Ю, яллагдагч А.М-, Ү.Ө- нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Н-ийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдож байх ба эдгээр нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг бүрэн нотолж чадсан, эргэлзээ төрүүлээгүй байна.
Хэргийн зүйлчлэлийг хийх, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход шүүгдэгч С.Н-ид “А.М-д өгнө гэсэн 3.000.000 төгрөг байсан эсэхийг тодруулах”, “Тэд хоорондоо холбогдсон байж болох утасны дугаарыг сэргээх” зэрэг ажиллагааг хийх шаардлагагүй, энэ нь хэргийн үйл баримт, зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс А.М-гийн гар утаст үзлэг хийхэд шүүгдэгч С.Н-той харилцсан гэх нөхцөл байдал илрээгүй гэх боловч тэрээр С.Н-той “...чатаар харилцаад дараа нь чатуудаа устгасан байгаа, одоо чатууд байхгүй...” гэж мэдүүлснээс гадна тэрээр С.Н-той хэрхэн харилцаж байсан, сэтгэцэд нөлөөт бодисыг илгээн улсын хилээр нэвтрүүлснийг хэрхэн хүлээн авсан талаар тодорхой мэдүүлжээ.
Шүүгдэгч С.Н- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай болох нь хэргийн 4 дүгээр хавтасны 17-18 дугаар талд байх Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 361 дүгээр дүгнэлтээр тогтоогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэсэн нь үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч С.Н-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тус гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал гэм бурууд тохирчээ.
Мөн Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуульд зааснаар шүүгдэгч С.Н-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар өршөөн сольсон нь уг хуулийг зөв хэрэглэсэн байна.
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад шүүгдэгч С.Н-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хэм хэмжээг бус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримталсан нь буруу байна.
Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг ... шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. ...” гэж заасныг баримтлаагүй орхигдуулсан байна.
Прокуророос С.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны товыг тогтоох тухай 2023/ШЗ/2878 дугаар захирамж /4хх 222/-аар яллагдагчийг шүүхэд шилжүүлэхдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон С.Н-ийг шүүхэд шилжүүлсүгэй” хэмээн буруу зүйл, хэсгээр хэргийг шүүхэд шилжүүлснийг магадлалд дурдаж байна.
Хууль зүйн техникийн хувьд гэмт хэргийн бүх шинж бүрээр хууль зүйн дүгнэлт хийж, гэм буруутайд тооцсон гэмт хэргийн шинжийг бүрэн байдлаар шүүхийн тогтоолын тогтоох хэсэгт тусгаж байхыг цаашид анхааруулан тэмдэглэж байна.
Анхан шатны шүүх ийнхүү шийтгэх тогтоол гаргахдаа хуулийг буруу бичсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, яллагдагчийг прокурорын ялласнаас өөр зүйл, хэсгээр шүүхэд шилжүүлсэн нь албан ажилдаа хайхрамжгүй, хайнга хандсаны илрэл бөгөөд энэ алдааг дахин гаргахгүй байхад цаашид анхаарвал зохино.
Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатын шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/1381 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч С.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Давж заалдах шатны шүүх ийнхүү анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул шүүгдэгч С.Н-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулж тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1 дэх заалтын “...хууль бусаар олж авсан, ...” гэснийг хасаж, “...хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хууль бусаар бусдад өгч улсын хилээр нэвтрүүлж үйлдэхийг санаачилж, төлөвлөн зохион байгуулагчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн...” гэснийг “...сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, илгээсэн гэмт хэргийг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт...” гэж,
4 дэх заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт зааснаар...” гэж тус тус өөрчилсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОЧ