Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2025/0290

 

 

 

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч А.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Т.Аь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Д, нэхэмжлэгч Б.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгч Ш.Ч, Ш.У нар болон гуравдагч этгээд С.Г*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Т.У, нэхэмжлэгч Ш.Ч, Ш.У, Т.У нарын өмгөөлөгч Б.Б, В.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С*******, гуравдагч этгээд У******* ХХК-ийн өмгөөлөгч З.Б******* нарыг оролцуулан, Ш.Ч, Ш.У, Т.У нар болон Б.Н нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэрэгт гаргасан эвлэрэн хэлэлцэх хүсэлтийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.У, Ш.У, Ш.У болон нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С******* нараас шүүхэд бичгээр гаргасан эвлэрэн хэлэлцэх хүсэлт, эвлэрлийн гэрээндээ:

  1. Нэхэмжлэгч Т.У, Ш.У, Ш.Ч нарын гаргасан Т.У Ш.У, Ш.Ч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээг энэхүү эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулсанаас хойш 7 хоногийн дотор нэхэмжлэгч Т.У Ш.У, Ш.Ч нарын нэр дээр бичиж өгнө.
  2. Нэхэмжлэгч Т.У Ш.У, Ш.Ч нар нь болон нэхэмжлэгч бөгөөд гуравдагч этгээд Б.Н үл хөдлөх хөрөнгийн эзэмших, ашиглах боломжийг хангаж өөрсдийн эзэмшил газраас орц гарцыг дараах байдлаар гаргаж өгөхөөр тохиролцов.
  1. Ш.У******* эзэмшил газрын урдуур, Т.У, Ш.Ч нарын эзэмшил газрын баруун талын /захаар/ 1 автомашин зорчих боломжтой 3 метр өргөнтэй орц, гарцыг гаргаж өгнө.
  2. Орц, гарц гаргах газрын тойм зургийг хавсаргав. /3 дугаар хавтаст хэргийн 50 дахь тал/
  3. Нэхэмжлэгч нарын зүгээс орц, гарцад хамаарах 3 метр өргөн зам баригдах боломжтой газрыг өөрсдийн эзэмшил газраас хасуулах хүсэлтийг газар эзэмших эрхийн гэрчилгээ бичигдсэнээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд бүрдүүлж өгнө.
  4. Дээрх орц, гарцад хамаарах газрыг автомашин зорчих боломжтой болгох ажлыг нэхэмжлэгч Т.У, Ш.У, Ш.Ч нар хариуцна.
  5. Б.Н өмнө нь ашиглаж байсан нэхэмжлэгч нарын газар дээгүүр дамнуулан өнгөрсөн хуучин цементен замыг нэхэмжлэгч нар буулгаж, өөрийн эзэмшил газраар ашиглана.
  1. Нэхэмжлэгч бөгөөд гуравдагч этгээд Б.Н нь шүүхэд гаргасан Сүхбаатар дүүргийн засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А324, А325 дугаар захирамжийн С.Г*******, Ш.У, У******* ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
  2. Нэхэмжлэгч нарын газар эзэмших боломж нөхцлийг Б.Н бүрдүүлж (одоо байгаа хашааг нээлттэй байлгахыг зөвшөөрч), газар эзэмших эрхэд аливаа хэлбэрээр саад учруулахгүй.
  3. Талууд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66-69 дүгээр зүйлд заасны дагуу эвлэрлийн гэрээг шүүхийн захирамжаар баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор харилцан тохиролцов гэжээ.

Нэхэмжлэгч Б.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: ...Бадарч овогтой Н тус шүүхэд гаргасан Дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/324 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай захирамжийн С.Г*******, У******* ХХК-д холбогдох хэсэг, дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/325 дугаартай захирамжийн Ш.Уд холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох... шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Т.У, Ш.Ч, Ш.У нараас Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан Т.У Ш.У, Ш.Ч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгөхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг,

2. Нэхэмжлэгч Б.Н******* Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/324 дүгээр захирамжийн С.Г*******, У******* ХХК-д холбогдох хэсэг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/325 дугаар захирамжийн Ш.Уд холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шүүхээс тус тус захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.У, Ш.Ч, Ш.У нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэрэгт Б.Н нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох хэргийг нэгтгэж шийдвэрлэснээр шүүхээс нэг ажиллагаагаар тус хэргүүдийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

4. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бэс эвлэрэх хүсэлтийг гаргаснаар хэргийн оролцогчид эвлэрэн хэлэлцэх саналуудаа хэлэлцээд харилцан буулт хийж, нэхэмжлэгч Б.Н******* нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах, хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Т.У Ш.У, Ш.Ч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгөхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөр тохиролцож, ингэснээр маргааны зүйл болсон орц, гарцын асуудал-ыг дараах байдлаар шийдвэрлэхээр эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч Т.У, Ш.У, Ш.Ч нарын гаргасан Т.У Ш.У, Ш.Ч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээг энэхүү эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулсанаас хойш 7 хоногийн дотор нэхэмжлэгч Т.У Ш.У, Ш.Ч нарын нэр дээр бичиж өгнө.

4.2. Нэхэмжлэгч Т.У Ш.У, Ш.Ч нар нь болон нэхэмжлэгч бөгөөд гуравдагч этгээд Б.Н үл хөдлөх хөрөнгийн эзэмших, ашиглах боломжийг хангаж, өөрсдийн эзэмшил газраас орц гарцыг дараах байдлаар гаргаж өгөхөөр тохиролцов.

4.2.1. Ш.У******* эзэмшил газрын урдуур, Т.У, Ш.Ч нарын эзэмшил газрын баруун талын /захаар/ 1 автомашин зорчих боломжтой 3 метр өргөнтэй орц, гарцыг гаргаж өгнө.

4.2.2. Орц, гарц гаргах газрын тойм зургийг хавсаргав. /3 дугаар хавтаст хэргийн 50 дахь тал/

4.2.3. Нэхэмжлэгч нарын зүгээс орц, гарцад хамаарах 3 метр өргөн зам баригдах боломжтой газрыг өөрсдийн эзэмшил газраас хасуулах хүсэлтийг газар эзэмших эрхийн гэрчилгээ бичигдсэнээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд бүрдүүлж өгнө.

4.2.4. Дээрх орц, гарцад хамаарах газрыг автомашин зорчих боломжтой болгох ажлыг нэхэмжлэгч Т.У, Ш.У, Ш.Ч нар хариуцна.

4.2.5. Б.Н өмнө нь ашиглаж байсан нэхэмжлэгч нарын газар дээгүүр дамнуулан өнгөрсөн хуучин цементен замыг нэхэмжлэгч нар буулгаж, өөрийн эзэмшил газраар ашиглана.

4.3. Нэхэмжлэгч бөгөөд гуравдагч этгээд Б.Н нь шүүхэд гаргасан Сүхбаатар дүүргийн засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А324, А325 дугаар захирамжийн С.Г*******, Ш.У, У******* ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

4.4. Нэхэмжлэгч нарын газар эзэмших боломж нөхцлийг Б.Н бүрдүүлж (одоо байгаа хашааг нээлттэй байлгахыг зөвшөөрч), газар эзэмших эрхэд аливаа хэлбэрээр саад учруулахгүй.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:, 20.1.1 д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;, 21 дүгээр зүйлийн 21.1.-д Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:, 21.1.1.-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах;, 68 дугаар зүйлийн 68.1.-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно., 68.2.-т Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна., 68.3.-т Шүүх хуралдааны явцад эвлэрвэл энэ тухай хуралдааны тэмдэглэлд тусгана., 68.4.-т Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж заасан.

 

6. Дээрх байдлаар нэхэмжлэгч нар болон хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас харилцан буулт хийж, орц, гарцын маргааныг шийдвэрлэх арга замаа тодорхойлж, улмаар газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж олгохоор тохиролцсон эвлэрлийн гэрээг шүүхэд бичгээр гаргасан, шүүх хуралдааны явцад эвлэрэн хэлэлцсэн талаар тайлбар гаргаж, уг асуудлаар дахин маргах эрхээ алдах, гомдол гаргах эрхгүй болох үр дагаврыг ойлгосноо илэрхийлж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь талуудын эвлэрлийг батлах хуулиар тогтоосон журамд нийцэж байна.

7. Мөн нэхэмжлэгч Ш.Ч, Ш.У нараас Т.Ут олгосон итгэмжлэлд эвлэрэх, нэхэмжлэгч Б.Н******* Б.Бд олгосон итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, эвлэрэх, хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас О.С******* олгосон итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, эвлэрэх бүрэн эрхийг тус тус олгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.-д Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна., 28.2.-т Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрх эдэлнэ:, 28.2.2.-т нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх;, 28.2.3.-д нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах; 28.2.5.-д эвлэрэх; гэж заасан шаардлагыг хангажээ.

8. Ийнхүү талуудын байгуулсан эвлэрлийн гэрээгээр тохиролцсон асуудал нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс эвлэрлийн гэрээг хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1.-д Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

9. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталсан шүүхийн тогтоолыг хэргийн оролцогчид шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэх болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.У, Ш.Ч, Ш.У болон нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба нарын эвлэрлийг баталж, Т.У, Ш.Ч, Ш.У нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох, Б.Н нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү шүүхийн тогтоолыг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид уг шүүхийн тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ

ШҮҮГЧ Л.БАТБААТАР

ШҮҮГЧ Г.УРАНГУА