Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 226/МА2021/00014

 

 

 

 

021 оны 07 сарын 21 өдөр            22/00012                                           Хэрлэн сум

21 оны 07 сарын 21 өдөр             226/МА2021/00013                                         Хэрлэн сум

 

2021 оны 07 сарын 27 өдөр             226/МА2021/00014                                        Хэрлэн сум

 

 

Г-ы нэхэмжлэлтэй,

А-т холбогдох

иргэний хэргийн талаар

 

226/2021/00014

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,  

Нэхэмжлэгч Г-, 

Хариуцагч А-, түүний өмгөөлөгч С.Соёлмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул нарыг  оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 156/ШШ2021/00265 дугаар шийдвэртэй Г-ы нэхэмжлэлтэй, хариуцагч А-т холбогдох “гэм хорын хохиролд 23116492 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч С.Соёлмаагийн гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Г- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А-ын буруутай үйлдлээс болж миний нөхөр Б- 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр зам тээврийн осолд орсон. Ослын улмаас нөхрийн маань хавирга хугарч, дэлүү задарч, дэлүүгээ авахуулж, элгэнд наалт хийлгэж олон сар эмнэлэгт зовсны эцэст 2018 оны 11 дүгээр сарын 29-ний үүрээр нас барсан. Осол гарах үед Д- гэдэг залуу газар дээрээ нас барсан бөгөөд түүнийг осол гарах үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэж ярьдаг. Манай нөхөр амьд сэрүүн байхдаа осол болох үед А- машин барьж явсан гэж мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл тус эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байсан.

А- нь миний нөхрийг амьд сэрүүн байх хугацаанд болон нас барсны дараа нэг ч удаа бидэнтэй ирж уулзаж байгаагүй, эмчилгээний төлбөр, оршуулгын зардал төлж байгаагүй. Миний бие өөрт учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлоо гэм буруутай этгээд болох А-аар нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж ослын дараах эмчилгээний зардалд 4220913, талийгаачийн оршуулгын зардалд 10299011, бусад зардал болох талийгаач Б-ын зээлийн үлдэгдэл 3225168, Г-ы миний зээлийн үлдэгдэл 1356000, тухайн үед талийгаач Б- нь хөдөлмөрийн чадвараа 5 сарын хугацаанд алдсан. Үүний нөхөн төлбөр 4000000, нотлох баримтууд хуулбарласны 15400, нийт 23116492 төгрөгийг А-аас гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ

Хариуцагч А- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Талийгаач Д- нь 2004 оны Засгийн газрын 74 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” заалтыг зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А- миний эзэмшлийн ачааны “Истана” маркийн автомашиныг жолоодож явах үедээ 2018 оны 07 дугаар сарын 24-ны өдөр зам тээврийн осол гаргаж, ослын улмаас өөрөө нас барж, бусад хүнд хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан. Дээрх үйлдэлд А- намайг буруугүй гэж надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.3 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсаныг Хэнтий аймгийн Прокурорын газраас 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 02 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Г-ы нэхэмжилсэн 23116492 төгрөгийн хохирлыг төлөх үндэслэлгүй, иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 265 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч А-аас гэм хорын хорын хохиролд 6402517 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16713975 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч А-аас улсын тэмдэгтийн хураамж 117390 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар тус тус заан шийдвэрлэжээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч  өмгөөлөгч С.Соёлмаа давж заалдах гомдолдоо:  Ослын дараах эмчилгээний зардал болох 4220913 төгрөгийн талаар: Шүүх нэхэмжлэгч Г-ы шүүхэд гаргаж өгсөн талийгаач Б-ын осолд орсноос хойш эмчлүүлсэн эмчилгээний зардал болон худалдаж авсан эмний үнэ болох 4220913 төгрөгөөс 3827517 төгрөгийн эмчилгээний зардлыг гаргуулж 395396 төгрөгийг хэрэгсэхгүй болж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч Г-ы шүүхэд гаргаж өгсөн эмчилгээний зардал болон эмийн үнэнд зарцуулагдсан мөнгөний баримттай өөрийнх нь гаргаж өгсөн нэгтгэлийг тулгаж үзэхэд шүүх хохирлын хэмжээг буруу тооцоолсон байна. Үүнд: Шүүхээс нэгтгэлд нийт 77 баримт гаргасны 5-рт бичигдсэн 1800 төгрөг, 14-рт бичигдсэн 14000 төгрөг, 25-рт бичигдсэн 5150 төгрөг, 26-рт бичигдсэн 15500 төгрөг, 27-рт бичигдсэн 5900 төгрөг, 36-рт бичигдсэн 6200 төгрөг, 46-рт бичигдсэн 2350 төгрөг, 47-рт бичигдсэн 3800 төгрөг, 53-рт бичигдсэн 5050 төгрөг, 64-рт бичигдсэн 5300 төгрөг, 68-рт бичигдсэн 3621 төгрөг, 71-рт бичигдсэн 31600 төгрөг, 74-рт бичигдсэн 33800 төгрөг, 77-рт бичигдсэн 357532 төгрөг буюу нийт 491603 төгрөгийг хэрэгсэхгүй болгожээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэсэн заалтын дагуу нийт эмчилгээний дүн болох 4220913 төгрөгөөс нотлох баримтын шаардлага хангаагүй нийт 491603 төгрөгийн дүнг хасч, үүний дагуу нийт эмчилгээний зардалд 3729310 төгрөг зарцуулагдсан гэж үзэж байна.

Талийгаач Б-ын зээлийн үлдэгдэл 32251168 төгрөгийн талаар: Шүүхээс талийгаач Б- зээлдэгч, Г- хамтран үүрэг гүйцэтгэгчээр эрх эдэлж, үүрэг хүлээхээр зээлийн гэрээний бүх нөхцлийг хүлээн зөвшөөрч Хэнтий аймаг дахь ХААН банкны салбар төвтэй 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №ЗГ2016283783 дугаартай зээлийн гэрээг байгуулж 600000 төгрөгийг авсан байх бөгөөд уг зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүрийн 02-ны өдөр бүр 248000 төгрөг төлөхөөр байх тул осол гарсан үеэс хойш буюу 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс нас барсны дараах хүртэл хугацааны буюу 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн эргэн төлөлт 1240000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Талийгаач Б- нь 2018 оны 07 дугаар сарын 02-нд банкны зээлийг төлж, 2018 оны 07 дугаар сарын 24-нд зам тээврийн осолд орж хүнд гэмтсэн ба дараагийн зээл төлөх хугацаа хүртэл 9 хоног буюу 74394 төгрөг байхад бүтэн сар буюу 248000 төгрөгөөр тооцсон. Талийгаач Б- 2018 оны 11 дүгээр сарын 30-нд нас барж дараагийн зээл төлөх хугацаа хүртэл 3 хоног дутуу 27 хоногоор бодож 223000 төгрөг байх ёстой байтал 248000 төгрөгөөр бодож тооцсон нь үндэслэлгүй байна. Зүй нь 1240000 төгрөг биш 793394 төгрөг гарах байжээ.

Нэхэмжлэгч Г-ы нэхэмжлэлийн шаардлагын дагуу шүүхээс талийгаач Б-ын зээлийн төлбөр 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацааны банкны зээлийг хариуцагч А- төлөх хэргийн бодит байдал хэрхэн тогтоогдсон, бодит байдалд нийцсэн эсэх, энэ тохиолдолд хуульд хэрхэн зохицуулсан талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэж тусгаагүй.

Шүүхээс талийгаач Б-ын банкны зээл болох 1240000 төгрөгийг А-ыг төлүүлэхээр шийдвэрлэсэн хохирол нь хэргийн бодит хохирол биш, эрүүгийн хэрэгтэй шууд шалтгаант холбоо байхгүй, өөрөөр хэлбэл энэ зээлийн эдийн засгийн өгөөжийг осол гарахаас өмнө 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр талийгаач Б- хүртээд зээлийн гэрээний үүргийн дагуу банкны өмнө зээлээ төлөх нь Б-ын үүрэг болохоос А-тай ямар ч холбоогүй. Нэхэмжлэгч нь талийгаач Б-ын олох ёстой байсан орлогыг нэхэмжилсэн. Талийгаач Б-ын олж байсан тээврийн хөлсний орлогоос банкны зээлийг төлж байсан гэж үзэж Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар олох ёстой байсан орлогыг нэхэмжилж байгаа тул нэхэмжлэгч банкны зээлийг давхар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул 1240000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Талийгаач Б-ын хөдөлмөрийн чадвараа алдсан 5 сарын хугацаанд алдсан нөхөн төлбөр 4000000 төгрөгийн талаар: Шүүхээс талийгаач Б-ын хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас 2018 онд олох байсан орлогыг түүний 2017 онд олсон тээврийн хөлсөнд дүйцүүлэн гаргаж 1335750 төгрөг гаргуулахар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь талийгаач Б- нь 2018 онд ердөө 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажилласан 7 сарын хугацааг 2017 оны бүтэн жилийн орлоготой дүйцүүлэх биш, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд олсон тээврийн хөлсөд дүйцүүлэн олох ёстой  орлогыг гаргасан нь үндэслэлгүй байна. Зүй нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон тээврийн хөлстэй дүйцүүлэн гаргах нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 07 дугаар сарын 24-ний өдрийн хүртэх хугацаанд тээврийн хөлс олсон талаарх материал хавтаст хэрэгт байхгүй байна.

2018 оны эхний 07 дугаар сарын ажлыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 10 өдрийн хүртэлх хугацаанд түүний нэр дээр дансны хуулгаас тээврийн хөлсийг түүвэрлэхэд /220000+180000+170000+200000+340000+180000+120000+200000+ 25000+100000+80000+140000/ нийт 1955000 төгрөг байна. Үүнээс 01 сарын орлого 279285 төгрөг юм. Б- нь осолд орсон хугацаа 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс олох байсан орлого 279285х4=1117142 төгрөг болж байна. Нийт 6406517 төгрөгөөс 1555858 төгрөгийг хасч тооцож өгнө үү.

А- нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 04-05 цагийн үед Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр багийн нутаг Улаанбаатар хотоос Хэнтий аймаг чиглэлийн АБ 501 тоот замд өөрийн эзэмшлийн “Истана” маркийн автомашиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Д-т жолоогоо шилжүүлэн Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ын Б заалтыг, Д- нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ын А заалтыг зөрчсөний улмаас Д-ын амь нас хохирч, тус тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигч Б-ын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан болно.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т заснаар гэм хорыг хамтран хариуцах бөгөөд учирсан гэм хорыг хувааж төлөх нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож  өгнө үү” гэжээ.    

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г- нь хариуцагч А-т холбогдуулан гэм хорын хохиролд 23116492 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч А- нь “надад холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, миний эзэмшлийн машиныг өөр хүн барьж яваад осол гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж” мэтгэлцсэн байна.

Иргэн Э.Д- нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хариуцагч А-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас өөрөө нас барж, тус тээврийн хэрэгслээр зорчиж явсан Ц.Б-, Э- нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй байна. Иргэн Ц.Б- нь 2018 оны 11 дүгээр сарын 30 ны өдөр нас баржээ /хх 89/.

Нэхэмжлэгч Г- нь талийгаач нөхөр Ц.Б-ын зам тээврийн осолд хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдож түүний эрүүл мэнд, эд хөрөнгөтэй холбоотой хохирлыг нэхэмжлэх эрхтэй болох нь гэрлэлтийн гэрчилгээ болон өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар нотлогдсон ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч А- нь осол гаргасан тээврийн хэрэгслэлийн өмчлөгч тул учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй” гэж тайлбарласан байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан хохиролыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус  хуульчилжээ.

Осол гаргасан “Истана” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч буюу өмчлөгч нь А- болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн  гэрчилгээ, мөн тээврийн хэрэгслэлийн эзэмшигч А-ын зөвшөөрлөөр автомашиныг Э.Д- жолоодож явсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон байна.

Дээрх хуулийн зохицуулалтаар хохирол учруулах нөхцөл байдал бий болгосны улмаас хүлээлгэх хариуцлага гэм буруутай эсэхээс хамаарахгүй, заавал гэм буруутай байхыг шаардахгүй байх тул хариуцагч А-ыг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүх дүгнэлт хуульд нийцжээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г-ы нэхэмжлэлийн шаардлагаас зам тээврийн осол гарсан өдөр болох 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд хэрэглэсэн эм тариа болон эмчилгээний зардлын баримтуудыг хэргийн баримтаас түүвэрлэн нотлох баримтын шаардлага хангасан 3827517 төгрөгийг, мөн түүний хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас олох байсан орлогыг 2017 онд авч байсан тээврийн хөлсний баримтуудыг үндэслэн олох байсан орлогыг тодорхойлж 1335000 төгрөгийг гаргуулахаар, хохирогч Ц.Б-  нь элэгний хорт хавдар, цус алдалтын дараах цочмог цус бадалт амьсгал зүрх судасны хурц дутагдлын улмаас нас барсан тул оршуулгын зардалд нэхэмжилсэн 10299011 төгрөгийн, мөн нэхэмжлэгч Г-ы банкны зээлийн төлбөрт нэхэмжилсэн 1356000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г-ы баримт бичиг нотариатаар батлуулсаны зардал болох 15400 төгрөгийг хариуцагч А-аас гаргуулах нь зүйтэй байна.

Харин зээлдэгч Б-, хамтран үүрэг гүйцэтгэгч Г- нар нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ХААН банкны Хэнтий салбараас 6000000 төгрөгийг безнесийн зориулалтаар авч зээлийн гэрээ байгуулсан ба энэ нь зээлдэгчийн банкны өмнө хүлээсэн үүрэг бөгөөд авто осолтой шалтгаант холбоогүй тул хохирогч Ц.Б-ын банкны зээлийн төлбөр 1240000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117390 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийддвэрлэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн  өдрийн 156/ШШ2021/00265 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “6402517 /зургаан сая дөрвөн зуун хоёр мянга таван зуун арван долоо/” гэснийг “5177917 /таван сая нэг зуун далан долоо мянга есөн зуун арван долоо/” гэж, 2 дахь заалтын “117390” гэснийг “99360” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч А-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117390 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ДЭНСМАА

                                  ШҮҮГЧИД                                          Г.БОЛОРМАА

                                                                                                                         

                                                                                                        Я.АЛТАННАВЧ