Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 384

 

                                       

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

          улсын яллагч Э.Ундраххэрлэн,

хохирогч С.Бямбадолгор,

          шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Б.Эрдэнболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Цад холбогдох эрүүгийн 1806 00164 0154 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Төв аймгийн Өндөр ширээт суманд төрсөн. 49 настай эрэгтэй. бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “-ны салбарт харуул ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овгийн Д овогтой Ц.

 

            Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Д.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 18-ны орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы 745а тоотод өөрийн эхнэр С.Бямбадолгорыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож бие махбодид нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Хөнгөн ял шийтгэл

оногдуулж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байнаа.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Бямбадолгор мэдүүлэхдээ: “…Тухайн өдөр нөхөртэйгөө маргалдаад нөхөр маань миний хөл дээр гишгиж гэмтээсэн. Одоо гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй, бид хоёр эвлэрсэн. Нөхөр маань энэ хэрэг болсноос хойш огт архи уугаагүй. Нөхөр маань буруугаа хүлээгээд дахин ийм байдал гаргахгүй гэж надад хэлсэн. Өмнө нь нөхөр маань надад гар хүрч байгаагүй…. Миний нөхөр Д.Цад тэнсэх ял шийтгэл оногдуулж өгнө үү.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч С.Бямбадолгорын мэдүүлэг /хх-11-12/, бага насны гэрч Ц.Баасанбямбын мэдүүлэг /хх-13/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №562 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-18/, шүүгдэгч Д.Цын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-24/, шүүгдэгч Д.Цын хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар /хх-37/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүгдэгч Д.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 18-ны орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы 745а тоотод өөрийн эхнэр С.Бямбадолгорыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч С.Бямбадолгорын өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 18-ны орой 18 цаг 40 минутанд гэртээ ирсэн чинь нөхөр согтуу байхаар нь “яагаад архи уусан юм бэ” гэж асуухад “чи ямар орой ирдэг юм бэ” гэж хэлэхээр “манайхаас зайл” гээд хөөгөөд гаргасан. Тэгтэл нөхөр согтуу гараад явахаар нь осгоод үхчих юм болов уу гэж бодоод араас нь гараад “хайчих гэж байгаа юм бэ” гэж хэлээд татсан чинь “чамд хамаагүй” гээд намайг түлхсэн чинь би ч түүнтэй зууралдаад хамтдаа ойчсон. Д.Цнадаас түрүүлж босож ирснээ миний баруун хөлийн шагай орчим руу дээрээс дэвссэн. Босоод явах гэхэд хөл эвгүй болсон. Д.Цогбадрахад “хөл эвгүй болчихлоо” гэхэд "би хугалсан юмуу, өөрөө хугалж ирчихээд" гэж хэлсэн.”/хх-11-12/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад бага насны гэрч Ц.Баасанбямбагийн өгсөн: “…Аав тэр өдөр гэртээ архи уугаад унтаад байж байхад ээж ажлаасаа ирсэн. Аав ээжийг “ямар удаан ирдэг юм бэ” гэж хэлсэн. Тэгээд аав ээж 2 хэрэлдээд ээж аавыг “гэрээс зайл” гэж хэлэхэд аав гараад явсан. Ээж аавын араас гараад удаагүй орж ирсэн. Тэгтэл ээж цагдаа дуудаж аавыг барьж өгч эрүүлжүүлсэн. Ээжийн хөл яагаад хугарсаныг мэдэхгүй, би гэртээ байсан.” /хх-13/ гэх мэдүүлэг,   

 

Мөрдөн байцаалтад Д.Цын яллагдагчаар өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 16-17 цагийн орчим гэртээ амарч байгаа юм чинь гээд 1 шил 0.33 литрын архи уусан. Тэр архийг уугаад согтоод унтсан. Нэг сэрэхэд 18-19 цагийн орчимд эхнэр ажлаасаа тараад гэртээ ирсэн байсан. Би согтуудаа 2 хүүхддээ хоол хийж өгсөн. Тэгтэл эхнэрийг ажлаас ирэхэд бага хүүхэд “аав загнаад” гэж хэлээд эхнэр намайг сэрээгээд бид хоёр маргалдаж байхыг санаж байна. Намайг хүүхэд загналаа цагдаа дуудна гэхээр нь би гэрээс гарахад эхнэр намайг явуулахгүй гэж надтай ноцолдохдоо хөлөө хугалсан гэж байсан. Би хөл нь яг яагаад хугарсаныг согтуу байсан болохоор мэдэхгүй байна. “ /хх-14-16/ гэх мэдүүлэг

 

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №562 дугаартай шинжээчийн дүгнэлт:

            1. С.Бямбадолгорын биед баруун хөлний шилбэний тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3. ШЭГЗТЖ-н 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар нөлөөлөхгүй” /хх-18/ гэх дүгнэлт,

              

Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-23/,

Шүүгдэгч Д.Цын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-24/ зэрэг болно.

 

        Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан жумаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

        Иймд шүүгдэгч Д.Цын үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

          Хохирогч С.Бямбадолгор нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч Д.Цыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Шүүхээс шүүгдэгч Д.Цад ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д оногдуулсан зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн

хөрөнгөгүй, Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Боржигин овгийн Д Цыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

        3. Д.Цад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зан үйлдээ засах үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

 

        4. Д.Ц нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөр төлбөргүй

болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Цад урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

         9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Цад

 авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС