| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0272/Э |
| Дугаар | 318 |
| Огноо | 2018-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 318
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
улсын яллагч П.Болормаа,
хохирогч Ө.Шинэбат,
шүүгдэгч Б.Энарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Эд холбогдох эрүүгийн 1806 0140 40284 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, аймгийн сумын Эрүүл мэндийн төвд галч ажилтай, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамтаар аймаг сум 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт гийн Э, РД:.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах К-7 дугаартай байрны орцонд 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр иргэн Б.Шинэбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцлүүлэгт хохирогч Ө.Шинэбат мэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр үүд хаалга чанга нүдээд байсан. Эхлээд эхнэр маань гарч очсон. Тэгээд эрэгтэй согтуу хүн дуграад байхаар нь би хойноос гараад очсон. Гэтэл энэ хүн эхнэртэйгээ, мөн нэг согтуу хүнтэй орцонд орилж чарлаад байсан. Би хэдэн давхарт гарах гэж байгаа юм бэ гэсэн чинь эхнэр нь миний араас түлхээд нөхөр нь намайг зодсон. Би шүд унгаачихлаа гэсэн чинь чи ямар бааштай юм бэ гээд намайг
дахин зодсон. Эмчилгээний зардлаа авбал надад хохирол гомдол байхгүй” гэв
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ө.Шинэбатын мэдүүлэг /хх-6-7, 38-39/, гэрч Б.Ганцэцэгийн мэдүүлэг /хх-8-10/, гэрч Б.О.Батчулууны мэдүүлэг /хх-12-13/, гэрч Ц.Оюунбилэгийн мэдүүлэг /хх-15-16/, шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 2426 дугаартай дүгнэлт /хх-22/, Б.Эгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-43-46/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-26/, шүүгдэгч Б.Эгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-27/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Шүүгдэгч Б.Э нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах К-7 дугаартай байрны орцонд 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр иргэн Б.Шинэбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцлүүлэгт хохирогч Ө.Шинэбат мэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр үүд хаалга чанга нүдээд байсан. Эхлээд эхнэр маань гарч очсон. Тэгээд эрэгтэй согтуу хүн дуграад байхаар нь би хойноос гараад очсон. Гэтэл энэ хүн эхнэртэйгээ, мөн нэг согтуу хүнтэй орцонд орилж чарлаад байсан. Би хэдэн давхарт гарах гэж байгаа юм бэ гэсэн чинь эхнэр нь миний араас түлхээд нөхөр нь намайг зодсон. Би шүд унгаачихлаа гэсэн чинь чи ямар бааштай юм бэ гээд намайг дахин зодсон. Эмчилгээний зардлаа авбал надад хохирол гомдол байхгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Ө.Шинэбатын өгсөн: “…150-аас 155 см орчим өндөр нуруутай 38 орчим насны хар өнгийн куртиктэй эрэгтэй хүн намайг энэ хар миний гэр гэж хэлээд нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж миний дээд талын үүдэн 2 шүд унахаар нь шүд унагаачихлаа гэж хэлсэн чинь ахиад цохисон.” /хх-7-8/,
“…миний толгой байнга өвдөж байна. Тухайн үед миний 2 шүд ёозортойгоо унасан. Үүнээс болоод одоо болтол шүд хийлгээгүй байгаа.” /хх-38-39/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Ганцэцэгийн өгсөн: “…миний ойлгосноор Э нь буцаж манайд орж ирэх гээд орцны хаалганы кодыг мэдэхгүй учраас орцны үүднийг маш чанга нүдхээр нь орцны жижүүр оруулахгүй гэсэн чинь зодсон юм шиг байна лээ.” /хх-8-10/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.О.Батчулууны өгсөн:” …Э орцны жижүүр залуутай муудалцаад шүдийг нь цохисон гэж хэлсэн. Яагаад муудалцаж байгаа юм бэ гэхэд орж ирэх гэсэн чинь орцны хаалганы код мэдэхгүй болохоор орцны хаалгыг тогшисон юм шиг байна лээ. Тэгээд орцны жижүүр гарч ирээд яаж гэж байгаа юм бэ гэж асуугаад маргаан болсон юм шиг байна лээ.” /хх-12-13/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Ц.Оюунбилэгийн өгсөн: ”… манай нөхрийг 29 тоотод түлхэж оруулаар нь цагдаа дуудсаны дараа манай нөхөр амаа дарсан гарч ирэхээр нь яасан, юу болсон бэ гэтэл шүд рүү нь цохисон байсан.” /хх-15-16/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад Б.Эгийн яллагдагчаар өгсөн: “…орцны жижүүрийн нөхөр нь гэх хүн гарч ирээд намайг чи хэн бэ, хаашаа орох гэж байгаа юм бэ, аль, айлд орохыг чинь харна гэж хэлээд миний ардаас дагаад 9 давхарт гараад ирэхээр нь манай эхнэр Ганцэцэгийн хаалгыг тогшиж байх хооронд би тэр залууг чи яасан хэрэгт дуртай юм бэ гэж хэлээд маргалдаж байгаад Шинэбатын шүд рүү нэг удаа цохисон чинь уруулнаас нь цус гарсан.” /хх-43-46/ гэх мэдүүлэг,
Шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 2426 дугаартай дүгнэлт:
1. Ө.Шинэбатын дээд үүдэн 2 шүд унасан, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт тогтомол 10 хувь нөлөөлнө. /хх-22/ гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-26/,
Шүүгдэгч Б.Эгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-27/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Энь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Энь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Энь хохирогч Ө.Шинэбатад шүүхийн шатанд 1.000.000 төгрөгийг барагдуулсан болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Эд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Энь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Бгийн Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Эг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар
Б.Э нь шүүх оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Хохирогч Ө.Шинэбат нь цаашид гарах хохирлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС