Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/232

 

 

 

 

 

 

   2024           02             21                                          2024/ДШМ/232

 

А.Э, Д.Н нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 2023/ШЦТ/1377 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Н, шүүгдэгч А.Эийн өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Э, Д.Н нарт холбогдох эрүүгийн 2302002730187 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Дуут овгийн А.Э, 1999 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Үйлст хур” ХХК-д менежер ажилтай гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 42-111 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:У399032051/;

2. Боржигон овгийн Д.Н, 1994 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эх 1-166 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ИЖ94032100/;

            1. Нийтийн албан тушаалтан буюу Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч болох шүүгдэгч А.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад “...прокурорын зөвшөөрөл авахаар хуульд зааснаас бусад тохиолдолд гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, олж тогтоох мөрдөн шалгах ажиллагааг бие даан явуулах...”, 4 дэх заалтад “...Мөрдөгч гэмт хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох талаар энэ хуульд заасан ажиллагаа явуулна...” гэж хуулиар олгогдсон мөрдөгчийн бүрэн эрх, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг”, 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, мөн хуулийн 39 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”, 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “...албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...”,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно”,

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дугаартай тушаалаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.6-д заасан “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, 2.4.2-т “албан тушаалын байдлаа урвуулан ашиглахгүй байх” гэснийг тус тус зөрчиж гэмт хэргийн талаарх 1476 дугаартай гомдолд мөрдөн шалгах ажиллагааны явцад олж авсан Д.Бын эд хөрөнгийн талаарх баримтат мэдээлэл буюу арилжааны банкны дансны мэдээллийг нь хувийн зорилгод ашиглан 2023 оны 02 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1-166 тоотод гэрч Д.Баас 10.000.000 төгрөгийг зээлээр авсан,

мөн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өсвөр насны гэрч Г.Н эцэг, эхийн хамтаар дуудаж уулзаад “2.650.000 төгрөгийг Д.Бт өгнө” гэж хэлээд Г.Н болон түүний эцэг эхээс 2.650.000 төгрөгийг гаргуулан аваад Д.Бт өгөлгүй ашиглан тус тус өөртөө давуу байдал бий болгосон,

шүүгдэгч А.Э нь гомдол гаргагч Д.Нийн “...Г.Нд холбогдуулан худал гомдол гаргасныг мэдэгдэхгүй...” гэсэн ашиг сонирхлынх нь үүднээс Д.Бт худал хэлж 12.900.000 төгрөгийг өгөх болон гэмт хэргийн талаарх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Нээс 1.000.000 төгрөгийг хахуульд авсан,

2. шүүгдэгч Д.Н нь “...нөхөр Д.Бт худал хэлүүлж 12.900.000 төгрөгийг дамжуулан өгөх ...” зорилгоор 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёр дугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч А.Эийн албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: А.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Дуут овогт А.Эийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогт Д.Нийг “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч А.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 3 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Д.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 cap хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 3 cap хорих ялыг нэмж нэгтгэн, нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг 4 жилийн хугацаагаар, нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгч А.Эт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараагаас, шүүгдэгч Д.Нт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тус тус тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар АТГ-ын барьцаа, хохирлын 100900033401 тоот Төрийн сангийн дансанд байршуулсан 1.000.000 төгрөгийг улсын орлого болгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.Н гаргасан давж заалдах гомдолдоо: “...2023 оны 02 дугаар сарын 7-ны өдөр манай нөхөр гэртээ үл таних эмэгтэй хүн дагуулж ирсэн, тэр эмэгтэй нь манайд ирээд 2 цаг орчим болсон, нөхрийн данснаас 2 удаагийн гүйлгээгээр 2,650,000.00 төгрөг авснаас үүдэн нөхөр бид хоёрын хооронд үл ойлголцол үүсэж, маргаан гарсан. Улмаар 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр энэ асуудалтай холбоотой гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллагад гаргасан. Уг гомдол, мэдээллийг мөрдөгч А.Э шалгаж, дүүргийн хяналтын прокурорын 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2176 дугаар тогтоолоор “...гэмт хэрэг хаана үйлдэгдсэн нь тогтоогдохгүй, хохирогч мэдээллийн эх сурвалжаа зааж чадаагүй, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байна. ...” гэх дүгнэлт хийж, гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн үйл явдал болсон. Дээрх гомдол шалгагдаж байх явцад мөрдөгчид шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан 1,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн боловч уг гомдолд холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналыг мөрдөгчөөр гаргуулах буюу өөрт ашигтай ямарваа шийдвэр гаргуулах санаа, зорилго байгаагүй, ийм саналыг ч түүнд би тавиагүй болно. Энэ нь ч гэрчүүдийн мэдүүлэг, А.Эийн тайлбараар тогтоогддог. Миний бие ч анхнаасаа өөрт холбогдох асуудлыг үнэн зөвөөр мэдүүлж, тайлбарласан. Түүнчлэн миний цагдаагийн байгууллагад гаргасан гомдлыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгаж, шийдвэрлэсэн гэж үзэж байгаа бөгөөд мөрдөгч надаас хахууль өгөхийг шаардсан зүйл байхгүй болно. Би өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж, сэжиглэгдэн хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаагүй ба өөрийн болчимгүй үйлдлээсээ болж эрх зүйн байдлаа насан туршдаа дордуулж, ял шийтгэгдсэндээ маш их харамсаж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр арын 6-ны өдрийн 2023/ШЦТ/1377 дугаар шийтгэх тогтоолыг хянаж, миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч А.Эийн өмгөөлөгч Ж.Гантулга гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл “Хахууль авах” гэмт хэргийн заавал байх шинжийг... Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн...-ний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол...” гэж хуульчилсан. Алхан шатны шүүх шүүгдэгч А.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 1.000.000 төгрөгийн хахууль авсан гэж дүгнэсэн. Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Н гэрчээр “...Эрхэст хандаж намайг энэ мөнгийг авсан гэж битгий хэлээрэй, манай нөхөртэй цуг орж ирсэн охиныг авсан байна. ...” гэж хэлээд “тэр мөнгийг өгчих, тэгээд би чамд 1.000.000 төгрөгийг өгье” гэж хэлээд маргааш 02 дугаар сарын 15-ны өдөр Эрхэс над руу залгаад “мөнгийг нь эртхэн өгье, яаж байна гэхээр нь “Халдвартын цэцгэн бууз гэх хоолны газар хоол идэж байна, ирээд авчих” гэж хэлсэн. 10-20 минутын дараа ирээд хоолны газрын үүдний сандал дээр сууж байгаад би өөрөө 12.100.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг нь би өөрөө тоолж цагдаагийн албан хаагч Эрхэст тоолж өгөөд нөхөр рүүгээ Эрхэсээр залгуулж “мөнгийг олчихлоо, та эхнэртэйгээ ирээд манай ажлаас 17-18 цагт ирж аваарай” гэж яриулсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх 26-31/ тал шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр “...би гэртээ гэр бүлийн маргаан гаргуулахгүй байлгахаар гэрт ирсэн охин мөнгийг авсан байна” гэж нөхөр Д.Бт хэлүүлэх зорилгоор мөрдөгч Эрхэст 1.000.000 төгрөг өгсөн. ...” гэж мэдүүлдэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгч А.Э гомдол гаргагч Д.Нийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлд зааснаар хүлээн авч гэмт хэргийн шинжгүй байх тул мөн хуулийн 30.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг үндэслэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг прокурорт гарган, хуулийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн. Шүүх шүүгдэгч Д.Нийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор мөрдөгч А.Эт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1.000.000 төгрөг өгсөн нь хахууль өгөх гэмт хэргийн шинжийг хангаж байна дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нийн мөрдөгч А.Эт албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй болохыг ухамсарлаж ойлгон хүсэж үйлдсэн шууд санаатай үйлдэх гэм буруугийн субьектив талын шинж тогтоогддоггүй. Эрүүгийн хэрэгт цугларсан ямар нотлох баримтаар хахууль өгөгч Д.Нийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар ашиг сонирхлын үүднээс, шүүгдэгч А.Э албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Д.Нээс 1.000.000 төгрөг нэхсэн, бусдаар дамжуулан авах үйлдэл гаргасан үйл баримтыг тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд явуулалгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргасан байна. Шүүгдэгч А.Э албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа гэмт хэргийн талаарх гомдол гаргагч Д.Нийн өгсөн 1.000.000 төгрөгийг авч өөртөө давуу байдал олгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх xууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 2023/ШЦТ/1377 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.Эт шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч А.Эийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие давж заалдах шүүхийн шатнаас эхэлж оролцож байна. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянадаг тул үйл баримт болон бусад нотлох баримтуудад тайлбар өгөхгүйгээр хууль хэрэглээний талаар тайлбарлана. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч А.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо “нийтийн албан тушаалтан ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд,...” гэж заасан байдаг. Албан тушаалын байдал гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх, үүрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг, албаны эрх мэдэл гэдэг нь хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийн нэгдлийг ойлгоно. Харин албан үүрэг, бүрэн эрхт тухайн нийтийн албан тушаалтанд хүлээлгэсэн чиг үүргийг хэрэгжүүлэх шаардлагатай хуулиар олгосон эрхийг зайлшгүй биелүүлэх шаардлагыг ойлгоно. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтууд нь энэ гэмт хэргийн объектив талыг хангахгүй байна. Шүүгдэгч Д.Н нь “би гэртээ гэр бүлийн маргаан үйсгэхгүйн тулд гэрт ирсэн охин мөнгийг авсан байна гэж нөхөр Батбаярт хэлүүлэх зорилгоор мөрдөгчид 1.000.000 төгрөгийг өгсөн” гэж тогтвортой мэдүүлдэг. Уг мэдүүлгээс үзэхэд энэ гэмт хэргийн шинжтэй тохирохгүй байна. Харин миний үйлчлүүлэгчийн үйлдэлд бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийн шинж байгааг үгүйсгэхгүй. Тухайн мөнгийг авч байгаа нөхцөл байдал нь албаны бүрэн эрх, бусад чиг үүргээ хэрэгжүүлэхдээ холбоогүй юм. Иймд анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч А.Эийн тухайн мөнгийг авсан гэж байгаа нөхцөл байдал, түүнийг хэрэгжүүлж байгаа зорилго, албаны эрх мэдэл, албан тушаалтын байдалтай нь шууд холбоотой байсан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, зохих зүйл, ангиар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. Хэрэв хөнгөрүүлэн зүйлчлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл миний үйлчлүүлэгч А.Эийн хувийн байдлыг буюу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэн түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч А.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гомдол гаргагч Д.Нийн цагдаагийн байгууллагад өгсөн гомдол, мэдээллийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлд зааснаар хүлээн авч, гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад үндэслэн хэрэг нээхээс татгалзсан шийдвэр гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нийн надад албан тушаалын байдалтай минь холбогдуулж хахууль өгөх үйлдлийг гэмт хэргийн шинжтэй болохыг ухамсарлаж, ойлгон хүсэж үйлдсэн шууд санаатай үйлдэл гэм буруугийн субъектив талын шинж тогтоогдоогүй. Миний албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл гаргасан Д.Нийн надад өгсөн 1.000.000 төгрөгийг авч, өөртөө давуу байдал бий болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, намайг хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Д.Нийн өмгөөлөгч Ч.Нямцоож тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Нийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тухайн үед хэргийг шалгаж байсан мөрдөгч буюу шүүгдэгч А.Эийн зүгээс Д.Нээс ямар нэгэн байдлаар цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээллийг шалгахтай холбоотойгоор хахууль өгөхийг шаардсан нөхцөл байдал тогтоогддог. Д.Н нь шүүгдэгч А.Эт тухайн 1.000.000 төгрөгийг өгөхдөө гэрээс нь алга болсон гэх 13.000.000 төгрөгийг тухайн үед цагдаагийн байгууллагад гаргасан гомдолд дурдагдаж байсан нөхрийнх нь дагуулж ирсэн Нарансолонгыг “тухайн мөнгийг авч явсан байна. Энэ эмэгтэйгээс хурааж авлаа гэдэг байдлаар нөхөрт минь дамжуулаад өгөөч” гэсэн санал тавьсан нөхцөл байдал байдаг. Өөрөөр хэлбэл, шүүх гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрт үнэлэлт, дүгнэлт хийж өгнө үү. Миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа зүйл, анги нь 2.700-14.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ялын санкцитай. Мөн анхан шатны шүүх хуралдаанд прокурорын зүгээс Д.Нийг 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын санал гаргасан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан байгаа. Иймд миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Прокурор А.Дүүрэнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч нараас “эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэж гомдол, тайлбар гаргаж байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгдэгч Д.Н нь бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон. Хэдийгээр шүүгдэгч Д.Н нь “би ямар нэгэн шийдвэр гаргуулахын тулд тухайн мөнгийг өгөөгүй” гэж тайлбарлаж байгаа боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтуудаар өөрийнхөө ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор шүүгдэгч А.Эт 1.000.000 төгрөг өгсөн болох нь хангалттай тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Н нь өөрийнхөө ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор шүүгдэгч А.Эт 1.000.000 төгрөгийг өгч байгаа үйлдэл нь хахууль өгөх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Нт оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээд тохирсон. Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн. Харин шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч нараас “энэ гэмт хэрэг нь хахууль авах гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа тул хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэсэн агуулгаар гомдол, тайлбар гаргасан. Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Д.Нийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор 1.000.000 төгрөгийг авсан үйлдэл байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүй. Түүнд оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н, шүүгдэгч А.Эийн өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

1. Нийтийн албан тушаалтан буюу Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч болох шүүгдэгч А.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д “...прокурорын зөвшөөрөл авахаар хуульд зааснаас бусад тохиолдолд гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, олж тогтоох мөрдөн шалгах ажиллагааг бие даан явуулах...”, 4-д Мөрдөгч гэмт хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох талаар энэ хуульд заасан ажиллагаа явуулна...” гэж хуулиар олгогдсон мөрдөгчийн бүрэн эрх, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг”, 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, мөн хуулийн 39 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”, 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “...албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...”,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно”,

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дугаартай тушаалаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.6-д заасан “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, 2.4.2-т “албан тушаалын байдлаа урвуулан ашиглахгүй байх” гэснийг тус тус зөрчиж гэмт хэргийн талаарх 1476 дугаартай гомдолд мөрдөн шалгах ажиллагааны явцад олж авсан Д.Бын эд хөрөнгийн талаарх баримтат мэдээлэл буюу арилжааны банкны дансны мэдээллийг нь хувийн зорилгод ашиглан 2023 оны 02 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1-166 тоотод гэрч Д.Баас 10.000.000 төгрөгийг зээлээр авсан,

мөн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өсвөр насны гэрч Г.Н эцэг, эхийн хамтаар дуудаж уулзаад “2.650.000 төгрөгийг Д.Бт өгнө” гэж хэлээд Г.Н болон түүний эцэг эхээс 2.650.000 төгрөгийг гаргуулан аваад Д.Бт өгөлгүй ашиглан тус тус өөртөө давуу байдал бий болгосон,

шүүгдэгч А.Э нь гомдол гаргагч Д.Нийн “...Г.Нд холбогдуулан худал гомдол гаргасныг мэдэгдэхгүй...” гэсэн ашиг сонирхлынх нь үүднээс Д.Бт худал хэлж 12.900.000 төгрөгийг өгөх болон гэмт хэргийн талаарх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Нээс 1.000.000 төгрөгийг хахуульд авсан,

2. шүүгдэгч Д.Н нь “...нөхөр Д.Бт худал хэлүүлж 12.900.000 төгрөгийг дамжуулан өгөх ...” зорилгоор 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёр дугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч А.Эийн албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг тус тус  үйлдсэн болох нь:

гэрч Д.Бын “...Би дахин нөгөө мөнгөний талаар лавлаад асуухад Эрхэс “би таньд худлаа хэлж чадахгүй юм байна. Танай эхнэр таныг айлгах гээд нуучихсан юм байна лээ, танай эхнэр намайг 1.000.000 төгрөгийг аваарай” гэж хэлж байсан, тэгээд би авчихсан шүү” гэж хэлж байсан. Манай эхнэр 13.000.000 төгрөгийг өөрөө нууж байснаа мэдэгдүүлэхгүйн тулд Эрхэс гэх цагдаагийн албан хаагчид өгсөн байсан. Тэр цагдаагийн албан хаагчаас мөнгөө авах үед “11.900.000 төгрөг байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь “12.900.000 төгрөг байх ёстой” гэхэд “танай эхнэр 1.000.000 төгрөгийг нь аваарай гэж хэлээд таньд харин битгий хэлээрэй гэж надад өгсөн” гэж хэлсэн. ...” /1хх 22-25/,

насанд хүрээгүй гэрч Г.Н “...Баянзүрх дүургийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн мөрлөгч Эрхэс гэдэг хүн над руу залгаад “чи ингээд 15.000.000 төгрөгийн хулгайн хэрэгт сэжиглэгдэж байна. Чи ирж мэдүүлэг өг гэхээсээ илүү чамд зөвлөгөө маягийг юм өгөх хэрэгтэй байна” гэж хэлж байсан. Тэгээд би Эрхэс гэдэг хүн дээр очоод болсон зүйлийн талаар бүгдийг нь хэлсэн чинь сонсож байгаад “за одоо орж мэдүүлэг өгөх шаардлагатай байна” гэж хэлж байсан. Тэгээд мэдүүлэг авах гэж байхад нь “би насанд хүрээгүй” гэж хэлэх үед “за зүгээр, зүгээр насанд хүрсэн болгоод авчхаж болно” гэж хэлээд миний регистрийн дугаарыг өөрчилж мэдүүлэг авсан. Тэгээд мэдүүлэг авч дууссаны дараа цаасан дээр “үнэн зөв” гэж бичүүлж байгаад “за ингээд хэрэг чинь хаагдчихлаа” гэж хэлж байсан. Тэгээд маргааш нь над руу буцааж залгаж “чамайг мөнгө авсан гэж сэрдэж байна. Хэрвээ чи ээж, аавдаа мэдэгдэхгүй гэж хүсэж байвал, тухайн мөнгийг хуваагаад төлье гэж гэрээ хийж болно” гэж цагдаагийн алба хаагч хэлж байсан. Тэгэхээр нь би уг хүний эхнэр болон цагдаагийн алба хаагч болох Эрхэс нартай гэрээ хийж байсан. Цагдаагийн алба хаагч Эрхэс нь “чамайг үнэхээр хулгайд сэрдэж байгаа бол уг мөнгөний эзэн гэх хүмүүстэй яриад багасгаад өгье” гэж хэлж байсан. Тэгээд гэрээ хийсний дараа эхнэр нь цагдаагийн алба хаагч Эрхэсийн хамт утсаар яриад мөнгөө нэхэж дарамтлаад байсан болохоор би шалгагдаж байх хугацаандаа уг 2.650.000 төгрөгийг аав ээжийн хамт Сансарын колонкийн ойр хавьд байх Хаан банкны АТМ-ээс авч бэлнээр өгч байсан. ...” /1хх 38-40/,

Д.Нийн гэрчээр “...Тэгэхээр би 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр уулзаад цагдаагийн алба хаагч Эрхэсийг шат руу дуудаад “алга болсон 12.100.000 төгрөг надад байгаа, намайг энэ мөнгийг авсан байна гэж манай нөхөрт битгий хэлээрэй, манай нөхөртэй цуг орж ирсэн охиныг авсан байна гэж хэлээд энэ мөнгийг өгчих, тэгээд би чамд энэ мөнгөний 1.000.000 төгрөгийг нь өгье” гэж хэлсэн. Маргааш нь Эрхэс над руу залгаад “мөнгийг нь эртхэн өгье, яаж байна, юу болж байна” гэхээр нь би “Халдвартын цэцгэн бууз” гэх хоолны газарт хоол идэж байна ирээд авчих” гэж хэлсэн чинь 10-20 минутын дараа ирээд хоолны газрын үүдний сандал дээр сууж байгаад би өөрөө 12.100.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийн нь тоолж цагдаагийн алба хаагч Эрхэст өгөөд нөхөр рүүгээ Эрхэсээр залгуулж “мөнгийг нь олчихлоо, та энхэртэйгээ ирээд мөнгөө манай ажлаас 17-18 цагт ирж аваарай” гэж яриулж байсан. ...Би худал мэдүүлэг өгсөн гэдгээ мэдэж байгаа. Тэгэхдээ би уг Нарансолонго гэх охиныг гүтгэсэн зүйл байхгүй. ...Би цагдаагийн алба хаагч Эрхэст алга болсон гэх худлаа мөнгөө өгчихөөд гэртээ орж ирэхэд уг охины аав нь над руу 2 удаа залгаад байхаар нь би Эрхэс рүү залгаад “нөгөө охины аав нь над руу залгаад байна” гэж хэлсэн чинь “та наад хүнийхээ утсыг битгий аваарай” гэж хэлсэн. Утсаа авахад уг хүн “ямартай ч танай данснаас гарсан 2.550.000 төгрөгийг мөрдөн байцаагч нь өгсөн шүү, нөгөө үлдэгдэл мөнгө чинь юу болж байна” гэсэн. А.Э рүү зурвасаар “...уг охины аав нь чамд 2.650.000 төгрөг өгсөн гэж байна, чи наад мөнгөө Баагийгийн данс руу хийгээрэй” гэж хэлээд дансыг нь бичээд явуулсан...” /1хх 28-30/,

Д.Эрхэсийн яллагдагчаар “...Тэгээд сайн шалгаж үзэхэд уг таб нь гэрийнхэн хивсэн доороос гарч ирж байсан. Харин мөнгийг нь эхнэр нь авсан байсан учраас уг гэмт хэргийн талаарх, гомдол мэдээллийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэж Баянзүрх дуүргийн прокурорын газарт шилжүүлсэн. Эхнэр болох Д.Н нь уг 13.000.000 төгрөгийг өөрөө авчихсан байж байгаад “манай нөхөрт мэдэгдэхгүйгээр өгчихөөрэй” гэж хэлээд надад 1.000.000 төгрөгийг надад өгсөн. Нарансолонго нь Батбаярын гэрээс гарч явахдаа картыг нь авчихсан байж байгаад уг картаас нь 1.650.000 төгрөгийг авсан байсан учраас уг хүүхдийн ар гэрээс тухайн мөнгийг гаргуулан авсан. Тухайн үедээ бэлэн мөнгө хүлээн авсан тэмдэглэл үйлдэж авахаа мартсан байсан. Би тухайн мөнгийг 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 8 цагт уг хүн болох Д.Б гэх хүнд өөрийн зээлэн авсан 13.650.000 төгрөгийг эргүүлэн өгсөн. Би мөнгө хүлээн авахдаа тэмдэглэл үйлдээгүй марчихсан байсан.” /2хх 58-59/ гэсэн мэдүүлгүүд,

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс албаны шалгалт явуулсан материалын хуулбар /1хх 78-165/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс албаны шалгалт явуулах үеэр авсан тайлбар /1хх 7/, Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын эрүүгийн тасгийн мөрдөгчийн албан тушаалын тодорхойлолт /1хх 173-175/, Д.Бын эзэмшлийн Хаан банкны 5024047605 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 213/, М.Майннэгэнийн эзэмшлийн Хаан банкны 5020968175 тоот дэлгэрэнгүй хуулга /1хх 205/, Н.Алтанзавьяагийн /А.Эийн ээж/ эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 198/,  хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татггалзах тухай 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөгчийн санал /1хх 19, 74/, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2176 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол /1хх 75/, Д.Нийн Бүртгэлийн Ө-1476 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд хохирогчоор хууль сануулах баримт /1хх 63-64/, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/1795 дугаартай тушаал /1хх 218-220/, мөрдөгчийн албан тушаалын тодорхойлолт /1хх 221-222/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч А.Эийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Д.Нийг “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албаны хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчсөн, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдаг нийгмийн аюулын хэр хэмжээ ихтэй.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.Э нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчөөр буюу нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албаны эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх зорилгоор хуулиар олгогдсон мөрдөгчийн бүрэн эрх, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад олж авсан Д.Бын эд хөрөнгийн талаарх баримтат мэдээлэл буюу арилжааны банкны дансны мэдээллийг нь хувийн зорилгод ашиглан гэрч Д.Баас 10.000.000 төгрөгийг зээлээр авсан, мөн өсвөр насны гэрч Г.Н эцэг, эхийн хамтаар дуудаж уулзаад “2.650.000 төгрөгийг Д.Бт өгнө” гэж хэлээд Г.Н болон түүний эцэг эхээс 2.650.000 төгрөгийг гаргуулан аваад Д.Бт өгөлгүй ашиглан тус тус өөртөө давуу байдал бий болгосон, мөн шүүгдэгч А.Э нь гомдол гаргагч Д.Нийн “...Г.Нд холбогдуулан худал гомдол гаргасныг мэдэгдэхгүй...” гэсэн ашиг сонирхлынх нь үүднээс Д.Бт худал хэлж 12.900.000 төгрөгийг өгөх болон гэмт хэргийн талаарх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Д.Нээс 1.000.000 төгрөгийг хахуульд авсан,

 мөн шүүгдэгч Д.Н нь “...нөхөр Д.Бт худал хэлүүлж 12.900.000 төгрөгийг дамжуулан өгөх ...” зорилгоор 1.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёр дугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч А.Эийн албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгсөн шүүгдэгч нарын дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Д.Н “...мөрдөгч надаас хахууль өгөхийг шаардсан зүйл байхгүй болно. Би өөрийн болчимгүй үйлдлээсээ болж эрх зүйн байдлаа насан туршдаа дордуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хянаж, миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч А.Эийн өмгөөлөгч Ж.Гантулга “...Эрүүгийн хэрэгт цугларсан ямар нотлох баримтаар хахууль өгөгч Д.Нийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар ашиг сонирхлын үүднээс шүүгдэгч А.Э албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Д.Нээс 1.000.000 төгрөг нэхсэн, бусдаар дамжуулан авах үйлдэл гаргасан үйл баримтыг тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд явуулалгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргасан. Шүүгдэгч А.Э албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа гэмт хэргийн талаарх гомдол гаргагч Д.Нийн өгсөн 1.000.000 төгрөгийг авч өөртөө давуу байдал олгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэх xууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.Эт шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2023 оны 02 дугаар сарын 8-ны өдөр, мөн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүгдэгч А.Э нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан /1хх 173-175/ бөгөөд төрийн тусгай албан хаагч буюу нийтийн албан тушаалтан байжээ.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно, мөн хуулийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан буюу хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд өөрөөр хэлбэл, гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа эрүүгийн хариуцлага нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ял нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг болон төрийн албанд мөрдөгддөг хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтлэг ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчсөн, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах хор уршгийг учруулдаг онцлогтой.

Тиймээс анхан шатны шүүхээс А.Э, Д.Н нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан үзэж, шүүгдэгч А.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 3 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Д.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Мөн тухайн гэмт хэргийг үйлдэх үед буюу гэмт хэргийн замаар олсон 1.000.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар Авилгатай тэмцэх газрын барьцаа, хохирлын 100900033401 тоот Төрийн сангийн дансанд байршуулсан 1.000.000 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгааг дурьдах нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын төрөл, хэмжээ нийцсэн байна гэж дүгнээд “ял хөнгөрүүлэх, зүйлчлэл өөрчлөх” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Эийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 107 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/1377 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Н, шүүгдэгч А.Эийн өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.   

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 107 /нэг зуун долоо/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ

  ШҮҮГЧ                                                                      М.АЛДАР

 

              ШҮҮГЧ                                                                      Н.БАТСАЙХАН

 

              ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ