| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2025/00281/И |
| Дугаар | 191/ШШ2025/02598 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/02598
| 2025 03 28 | 191/ШШ2025/02598 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: БНХАУ-ын Өвөр Монголын Өртөө Засах Орны иргэн A******* /Монгол улсад оршин суух үнэмлэх паспортын дугаар *******1/
Хариуцагч: Ч******* овогт Л******* Г******* /ИБД*******/-т холбогдох
40,802,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.П*******,
Хариуцагч Л.Г*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны иргэн A*******-д хариуцагч Монгол Улсын иргэн Л******* овоггой Г******* нь жонш нийлүүлнэ гэж тохиролцож жонш худалдах, худалдан авах гэрээ №1 дугаартай гэрээг байгуулж 50,000,000 төгрөг авсан байдаг. Гэвч Лхагва овогтой Г******* нь надад 27,201,500 төгрөгийн жонш нийлүүлээгүй ба бид тохиролцож дээрх мөнгийг Л.Г******* нь бүцааж төлөхөөр болсон болно. Хариуцагч нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэлцлийг хийсэн ба өдөр өөрийн өмчлөлийн 15,000,000 арван таван сая/ төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 12,201,500 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус тус барагдуулна гэж тохиролцсон байдаг. Мөн тус хэлцлийн 2 дугаар зүйлд зааснаар төлбөрийг төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр заасан байдаг. Гэвч хариуцагч Л.Г******* нь өнөөдрийг хүртэлх хутацаанд A*******-ээс зээлж авсан 27,201,500 төгрөгөөсөө ганц ч төгрөгийг төлөлгүй хэлэлцээр болон хуулиар хүлээсэн үүргээ эөрчиж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Хариуцагчийг зээлсэн мөнгөө буцааж өгөхийг удаа дараа аман хэлбэрээр шаардаж, мөнгөө өгөх боломжит хугацааг нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд хангапттай өгч байгаа хэдий ч ямар нэгэн үр дүн огт гарахгүй байгаа тул ийнхүү шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Иймд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэлцэл болон Монгол улсын Иргэний хуупийн холбогдох зүйл, зааптүудыг үндэслэн хариуцагч А.Г*******оос хэлцлийн үндсэн үүрэг болох 27,201,500 төгрөг мөн тус хэлцлээр тохиролцсон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 13,600,750 төгрөг, нийт 40,802,250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч A******* -д олгож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Талууд Жонш худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2021.11.15-ны өдөр Гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах хэлцэл байгуулж 15,000,000 төгрөгийг 2021.12.31-нд төлөх, 12,201,500 төгрөгийг 2022.01.20-ны өдөр төлөх, хугацаандаа төлөөгүй бол алданги төлөхөөр заасан, үндсэн үүрэг 27,201,500 төгрөг болсон. Мөнгө шилжүүлсэн баримтыг бид гаргаж өгсөн, үлдэгдэл мөнгийг жоншоор төлнө гэж тохироогүй, төлсөн гэвэл баримтаа гаргаж өгөх ёстой. Хариуцагчийн гаргасан жонш пүүлсэн гэх баримт нь манай үүрэгтэй хамааралтай баримт гэж үзэх боломжгүй байна. Г******* нь өөрөө байнга жонш олборлож худалддаг хүн тул манай баримт гэж үзэхгүй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
3.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2021.05.15-ны өдөр A*******-тай Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт байх Шалз 1 нэртэй газраас 92%-ийн агууламжтай жоншийг 1 тонныг 700,000 төгрөгөөр нийлүүлэхээр тохирч гэрээ байгуулсан. Жоншны газар дээр нь буюу Шалз 1 талбай дээр нь зарахаар тохирсон боловч 2021 оны 08 сарын 03-ны өдөр 44,6 тн буюу 92% жонш мөн 50,8 тн шороог Бор-Өндөрийн гаалийн талбайд өөрийн биеэр хүргэж, БНХАУ-ын иргэн A*******-д хүлээлгэж өгсөн болно. Жоншны үнэ 44,6*700,000=31,220,000 төгрөг, шорооны үнэ 50,8 тн*150,000=7,620,000 төгрөг, нийт 38,840,000 төгрөгийн жонш нийлүүлсэн болно. Үлдэгдэл 11,160,000 төгрөгийн жоншийг нийлүүлэхээр ажил хийж тухайн цаг үед цар тахлын давагдашгүй хүчин зүйл тохиолдож ажиллах хүч, шатах тослох материал тасарч ажил зогсонги байдалд орсон. Улмаар жонш олборлох эрхийн хугацаа дуусч одоог хүртэл зохих байгууллагын шийдвэрийг хүлээж байна. Энэ хугацаанд худалдан авагч талтай 3 удаа биеэр очиж уулзаж учир байдлаа хэлж байсан. Сүүлийн жил гарангийн хугацаанд A******* нь Өвөр монгол яваад холбоо барьж чадаагүй болно гэжээ.
4. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2021.05.15-ны өдөр 1 тонн жоншийг 700,000 төгрөгөөр газар дээрээс нь A******* ирж авах, ачих ковшийн зардал, гарал үүсэл, татвар зэрэг зардлыг худалдан авагч төлөх, 1 жил хугацаанд нийлүүлэхээр тохирсон, урьдчилгаанд 50 сая төгрөг авсан, 1 тонн шороог 40-50 агууламжтай шороог 1 жилийн хугацаанд өгөхөөр тохирсон, сард жонш 70 тонн, шороог бололцоогоороо гарсан хэмжээгээр нь нийлүүлнэ гэж тохирсон. 2021.05.15-ны өдөр урьдчилгаа 50 сая төгрөг би авсан. 2021.08.06-ны өдөр жоншийг би Хэнтийн Норовлин сумаас Бор-Өндөрт хүргэж өгсөн. 38,250,000 төгрөгийн жонш нийлүүлсэн, 44,6 тонн*700,000=31,220,000 төгрөгийн жонш нийлүүлсэн, шороо 50,8*150,000=7,620,000, 50,000,000 төгрөгөөс нийлүүлсэн жоншны үнэ 38,840,000 төгрөгийг хасч үлдэгдэл 11,160,000 төгрөг гарч байна. 2021.08.06-нд 3 сая төгрөг шилжүүлсэн, энэ мөнгө ачилтын тусдаа зардал юм. 11,160,000 төгрөгөөс алданги тооцож төлөх хүсэлтэй байна. Үндсэн гэрээ, гаалийн талбайд оруулсан бичиг зэрэг баримтууд байна гэв.
5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэлцэл, итгэмжлэл, Хаан банкны дансны хуулга баримтыг бүрдүүлж өгсөн, хариуцагчаас Жонш худалдах, худалдан авах 2021 оны 05 сарын 15-ны өдрийн №01 тоот гэрээ, А ХХК-ийн 2021 оны 08 сарын 06-ны өдрийн жонш пүүлсэн гэх баримтыг нотлох баримтаар шүүх хуралдааны явцад гаргаж өгөөгүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч нь Жонш худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн мөнгөнөөс үлдэх төлбөрт Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэлцэлд заасан үлдэгдэл жоншны төлбөрт 27,201,500 төгрөг, алданги 13,600,750 төгрөг, нийт 40,802,250 төгрөгийг хариуцагч Л.Г*******оос гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч үлдэгдэл жоншны төлбөрт 11,160,000 төгрөг төлөх тооцоотой, алданги тооцно гэдэг нь жонш олборлох үйл ажиллагаа тасралтгүй явуулж байгаа үед нийлүүлэхгүй бол алданги тооцохоор тохирсон, гэтэл жонш олборлоогүй тул алданги төлөх үндэслэлгүй гэж маргажээ.
3.Талуудын хооронд Жонш худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдан авагч тал гэрээний төлбөрт 50,000,000 төгрөгийг худалдагчид шилжүүлсэн болох нь хариуцагч талаас гаргасан Жонш худалдах, худалдан авах 2021 оны 05 сарын 15-ны өдрийн №01 тоот гэрээний эх хувь, Хаан банкин дахь A*******-ийн данснаас данс руу 2021 оны 05 сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг, 10,000,000 төгрөгөөр тус тус жоншны урьдчилгаа төлбөр гэх утгаар шилжүүлсэн гүйлгээний мэдээлэл бүхий дансны хуулга баримтаар тогтоогдож байгаа ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаангүй байна.
4.Харин 2021 оны 11 сарын 15-ны өдөр Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэлцлээр, худалдан авагч БНХАУ-ын иргэн A*******-д Жонш худалдах, худалдан авах №01 тоот гэрээний гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл жоншны төлбөр 27,201,500 төгрөгийг Монгол улсын иргэн Л.Г******* нь 15,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний дотор багтаан төлөх, 12,201,500 төгрөгийг 2022 оны 01 сарын 20-ны дотор тус тус төлж барагдуулах, хэлцлийн 1-т заасны дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутамд алданги төлнө гэж тохиролцжээ. /хх-3/
Хариуцагч нь Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэлцэл баримтыг үгүйсгэж, худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр дээр дээр 700,000 төгрөгийн жонш бүхий шороог нэхэмжлэгч 500,000 төгрөгөөр зарсан алдагдал мөнгийг нэмж тооцон 27,201,500 төгрөгийг гаргасан гэж нэхэмжлэгч тайлбарлан, 2021.08.06-ны өдөрт гэрээний үүрэгт 38,250,000 төгрөгийн жонш, болон жоншны агууламж бүхий шороо нийлүүлж үлдэг тооцоо 11,160,000 төгрөгийг төлөх тооцоотой гэж тайлбарлан, шүүх хуралдаанд Жонш худалдах, худалдан авах 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №01 дугаартай гэрээ, А ХХК-ийн 2021 оны 08 сарын 06-ны өдрийн жонш пүүлсэн гэх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч хариуцагчийн татгалзал баримтаар тогтоогдохгүй, уг баримтад талуудын маргаж байгаа гэрээний үүрэгт нийлүүлсэн жоншийг пүүлсэн гэх мэдээлэл тусгагдаагүй тул дээрх хэлцэл гэх баримтыг үгүйсгэх хангалттай баримт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
5. Жонш худалдах, худалдан авах гэрээгээр Хэнтий аймгийн Норовлин сум, Жаргалант багийн Шалз гэх газраас жонш нөхөрлөлийн хэлбэрээр олборлож байгаа Л.Г*******оос 1 жилийн хугацаанд жонш худалдан авах, урьдчилгаа төлбөрт 50,000,000 төгрөгийг Л.Г*******ийн Хаан банкны данс руу шилжүүлэх, худалдагч тал сард 70 тонноос дээш 92 хувийн агууламжтай жоншийг олборлож нийлүүлэх, худалдан авагч тал 1 тонн жоншийг 700,000 төгрөгөөр газар дээрээс нь авах бөгөөд цаашид жоншны үнэ өсөх буурах үед харилцан тохиролцож төлбөрийг хийхээр тохирч, гэрээний хариуцлагыг 2 тал үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол хоног тутамд 0.3 хувийн алданги тооцохоор тохиролцжээ.
6. Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Уг гэрээний төлбөрт нэхэмжлэгч Amuleng 50,000,000 төгрөг шилжүүлсэн боловч жоншийг бүрэн нийлүүлээгүй тул талууд 2021 оны 11 сарын 15-ны өдөр Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэлцэл нэртэй баримт үйлдэж, худалдах-худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр тооцоог 27,201,500 төгрөгөөр тогтоож, уг мөнгийг төлөх хугацааг тогтоож, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцсон байна.
Талууд дээрх хэлцэл гэх баримтад алдангийг тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцэж байна.
7. Иймд хариуцагчийн татгалзал хэргийн баримтаар тогтоогдохгүй байгаа тул хэрэгт авагдсан 2021 оны 11 сарын 15-ны өдөр Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэлцэл баримтыг үндэслэн гэрээний үлдэгдэл төлбөр 27,201,500 төгрөг, алданги 13,600,750 төгрөг, нийт 40,802,250 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн төлсөн 361,962 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Л.Г*******оос 27,201,500 төгрөг, алданги 13,600,750 төгрөг, нийт 40,802,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч БНХАУ-ын Өвөр Монголын Өртөө Засах Орны иргэн A*******-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361,962 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Г*******оос 361,962 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ