2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 191/ШШ2025/02686

 

 

 

 

 

2025 03 31

191/ШШ2025/02686

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* /рд:*******/-д холбогдох,

 

60,002,254.32 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ц*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. Гэрээний дагуу захиалгат бараа материалыг Захиалагчид хүлээлгэн өгсний дараа төлөгдөх ёстой байсан дундын санхүүжилтын үлдэгдэл төлбөр: 19,826,491,20Т (Арван есөн сая найман зуун хорин зургаан мянга дөрвөн зуун есэн нэгэн төгрөг хорин мөнгө),

2. Дундын санхүүжилтийн хугацаа хэтэрсэний алданги: Гэрээний 6.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцсон дүнгээр 10,349,271.92 төгрөг,

3.Дундын санхүүжилт шилжсэний дараа гэрээт ажлыг гүйцэтгэж дуусгаснаар үлдэгдэл санхүүжилтын төлбөр: 29,826,491.20 төгрөгийг тус тус нэхэмжилнэ.

4. Дээрх гэрээний төлбөрийн нөхцөлийн дагуу төлбөр 19,826,491.20 төгрөг, алданги 10,349,271.92 төгрөг мөн эцсийн санхүүжих мөнгөн дүн 29,826,491.20 төгрөг буюу нийт 60,002,254.32 төгрөгийг гаргуулах.

Хүсэлтийн утга:

Манай '******* ХХК нь *******-тай 2022 оны 1 дүгээр сарын 10-ний өдрийн 0110-2022 тоот Бараа материал нийлүүлэх гэрээний дагуу нийт 298,264,912 төгрөгийн хаалга суулгах ажлын хөлс орсон гэрээг байгуулсан.

Энэхүү гэрээний дагуу манай тал захиалгат бараа материалыг (22 ширхэг гараашийн хаалга) 100 хувь иж бүрэн байдлаар *******-ийн талбайд 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр акт бичиг баримтаар хүлээлгэн өгсөн.

Дээрх 0110-2022 тоот гэрээний тусгай нөхцлийн 14, 15 (ГЕН 6.1, 6.2)-д заагдсаны дагуу:

1.Захиатагч тал урьдчилгаанд гэрээний үнийн дүнгийн 20%-ийн төлбөр буюу 59,652,982.40 төгрөгийг гэрээ байгуулагдан, баталгаажсанаар.

2.Захиалгат бараа үйлдвэрлэгдэж дууссан талаарх мэдээлэл ирсэний дараагаар гэрээний үнийн дүнгийн 60% буюу 178,958,927.20Т (Нэг зуун далан найман сая есөн зуун тавин найман мянга есөн зуун хорин долоон төгрөг хорин мөнгө)-ийг 4 хуваан гэрээт хугацаа хэтрүүлэн тус тус шилжүүлсэн.

3.Захиалгат бараа 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Захиалагчийн талбайд бууж баримтаар хүлээлцсэний дараа ажлын 3 хоногт төлөгдөх ёстой дундын санхүүжилт төлбөр болох 29,826,491.20 төгрөгөөс 10,000,000.007 (Арван сая) төгрөгийг 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн.

Захиалагч тал дундын санхүүжилтын үлдэгдэл төлбөр болох 19,826,491.207 (Арван есөн сая найман зуун хорин зургаан мянга дөрвөн зуун ерэн нэгэн төгрөг хоёр зуун долоон мөнгө)-ийг төлж улмаар гэрээг хааж үлдэгдэл санхүүжилтээ авах нөхцлөөр хангахыг хүссэн албан тоот, и-мэйл явуулж, ажлын байран дээр нь удаа дараа очиж нэхэмжилсэн боловч ******* одоог хүртэл ямар нэгэн төлбөр төлөөгүй байна.

Иймд манай компани өөрсдийн хөрөнгөөр захиалгат бараа материалыг 100 хувь захиалан авчирч Захиалагчид хүлээлгэн өгсөн тул *******-иас Дундын санхүүжилтийн үлдэгдэл төлбөр болох 19,826,491.20 төгрөг, Дундын санхүүжилтийн хугацаа хэтэрсэний алданги буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцсон алданги 16,349,271.90 төгрөг, Дундын санхүүжилт шилжсэний дараа гэрээт ажлыг гүйцэтгэж дуусгаснаар Үлдэгдэл санхүүжилтын төлбөр: 28,826,491,20 төгрөг тус тус нэхэмжилж байгааг нэхэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж нийт 60,002,254,32 төгрөгийг *******-аас гаргуулж өгнө үү.

******* ХХК нь *******-тай 2022 оны 01 сарын 10-ны өдөр 0132022 тоот бараа материал нийлүүлэх гэрээ байгуулсан. Захиалгат бараа материалыг захиалагчид хүлээлгэн өгсний дараа төлөгдөх ёстой байсан үлдэгдэл төлбөр болох 29,826,492 төгрөг, мөн алданги 10,349,271 төгрөг, нийт 40,175,763 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Тус гэрээний дагуу нийт 298,264,912 төгрөгийг хаалга суулгах ажлын хөлс болгож гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу манай тал захиалгат бараа материалыг буюу 22 ширхэг гараашын хаалгыг 100 хувь иж бүрэн байдлаар буюу *******-ны талбайд 2022 оны 11 сарын 08-ны өдөр актаар хүлээлгэн өгсөн. Гэрээний тусгай нөхцөлийн 14, 15 дугаар зүйлд заасны дагуу захиалагч тал урьдчилгаанд гэрээний үнийн дүнгийн 20 хувийн төлбөр буюу 59,652,982 төгрөгийг гэрээ байгуулж баталгаажсанаар, захиалгат бараа, үйлдвэрлэл дууссан талаар мэдэгдэл ирсний дараагаар гэрээний үнийн дүнгийн 60 хувь буюу 178,958,927 төгрөгийг 4 хувааж гэрээний хугацаа хэтрүүлж тус тус шилжүүлсэн. Захиалгат бараа 2022 оны 11 сарын 08-ны өдөр захиалагчийн талбайд бууж баримтаар хүлээлцсэний дараа ажлын 3 хоногт төлөгдөх ёстой санхүүжилт болох 29,826,491 төгрөгөөс 10 сая төгрөгийг 2023 оны 9 сарын 13-ны өдөр шилжүүлсэн. Захиалагч тал дундын санхүүжилтийн хөрөнгө болох 19,826,491 төгрөгийг төлж, улмаар гэрээг хааж үлдэгдэл санхүүжилт авахыг хүссэн албан тоот, мэйл явуулж, ажлын байранд нь удаа дараа очиж нэхэмжилсэн боловч, *******-аас одоог хүртэл ямар нэгэн төлбөр төлөгдөөгүй байна. Иймд манай тал өөрсдийн хөрөнгөөр захиалгат барааг 100 хувь захиалж авч ирж захиалагчид хүлээлгэн өгсөн байдаг тул үлдэгдэл санхүүжилт болох 29,826,491 төгрөг, алданги 10,349,271 төгрөгийн хамт, 40,175,763 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн хариу тайлбар нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна, үндэслэлээ бол нэхэмжлэлийн шаардлагын 29,828,491 төгрөг байдаг бол бараа нийлүүлж дууссаны дараа угсарч суурилуулж дууссаны дараа төлөх ёстой байсан төлбөр гэж тайлбарлаж байна. Энэ төлбөрийг бол гэрээний тусгай нөхцөлийн 16 дугаар зүйлд зааснаар үүргээ гүйцэтгээгүй байгаа. Нэхэмжлэгч нь хаалгануудыг суурилуулж өгсний дараа төлөх ёстой төлбөр гэж маргаж байна. 1-т үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь гараашын хаалгыг 2022 оны 11 сарын 08-ны өдөр хариуцагчид актаар хүлээлгэн өгсөн. Өнөөдөр бол 2025 оны 3 сарын 31-ний өдөр буюу 2 жил 3 сар болсон байна. 2-т гэрээний тусгай нөхцөлийн 16-т зааснаар 2022 оны 11 сарын 08-ны өдөр барааг захиалагчид хүлээлгэн өгснөөс хойш ажлын 3 хоногт 29,828,491 төгрөгийг хариуцагч компани төлөх үүрэгтэй байсан. Гэтэл энэ мөнгийг бүтэн 10 сарын дараа 10 сая төгрөг, 2 жилийн дараа шүүхэд хандахад увуулж цувуулж төлсөн байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2022 оноос 2024 хүртэл албан бичгээр мэдэгдэл, шаардлагыг нэхэмжлэлийн хамт удаа дараа явуулж байсан. Хариуцагч компани нь 2022 оны 11 сарын 08-ны өдөр хаалгаа хүлээж авсны дараа 2022 оны 11 сарын 23-ны өдрийн 6/22 дугаар албан бичигт заасан 2 хаалгыг суурилуулж өгөөч гэх албан бичгийг явуулсан. Үүний дагуу 2 хаалгыг Хөвсгөл аймагт хүмүүсээ томилж суурилуулж өгсөн. Үүнтэй холбоотой баримтыг сая нотлох баримтын шаардлага хангаагүй хэдий ч өөрт байгаа баримтын хүрээнд гаргаж өглөө. Үлдэх 20 хаалгыг өнөөдрийг хүртэл суурилуулдаггүй, энэ талаар хүсэлт гаргадаггүй, энэ суурилуулахгүй өнөөдрийг хүрсэн асуудал нь нэхэмжлэгчээс шалтгаалаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байхгүй гэж үзэж байна. Тийм учир танайх хаалгаа суурилуулаагүй юм чинь үлдэгдэл мөнгийг өгөхгүй гэж одоо 2 жил хагас болох гэж байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч компани нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй бараа материалыг компанид шилжүүлсэн. Хуульд зааснаар худалдан авагч нь үнийг бүрэн төлөх үүрэгтэй. Тэгэхээр хангалттай хугацаа өгч хүлээцтэй хандаж, удаа дараа албан бичгээр үүнийг шаардаж ирсэн. Хаалгыг өнөөдрийг хүртэл суурилуулахгүй байгаа асуудал нь өөрсдөөс нь шалтгаалсан зүйл, магадгүй хаалга суурилуулах төсөл барилга нь баригдаагүй гэж ойлгож байна. Магадгүй өөрсдөө энэ хаалгыг суулгуулсан байхыг ч үгүйсгэхгүй, үүнийг нэхэмжлэгч тал мэдэхгүй байна. Хэрвээ тийм бол нэхэмжлэгчийн зүгээс хаалгыг суулгаж өгье гэхэд суулгуулаагүй, манайхыг гэрээний үүргээ зөрчсөн, бид хаалгаа өөрсдөө суурилуулсан юм чинь ийм зардал гарсан гэж баримтыг хэрэгт гаргаж өгөх байсан байх, гэтэл энэ талаар ямар ч баримт гаргаж өгөөгүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа тул энэ нь хариуцагчийн өөрсдөөс нь шалтгаалсан буруутай үйл ажиллагаа. Нөгөө талаар гэрээний тусгай нөхцөлийн 5-т зааснаар угсралт суурилуулалтын үйлчилгээг бараа материалын дагалдах үйлчилгээ гэж зааснаас 1 ширхэг хаалганы үнийн угсралт суурилуулалтын үнэ шүү гэх задаргаа байдаггүй. Гэрээний хавсралт нэгээс энэ үнийг харж болно, 10 ширхэг хаалганы нэгж үнэ нь 15,550,400 төгрөг, 8 ширхэг хаалганы нэгж үнэ 11,223,000 төгрөг, нийт 3 хувийн хөнгөлөлттэй буюу 298,264,912 төгрөг гэж гэрээний үнийг заасан. Мөн гэрээний тусгай нөхцөлийн 6-д суулгалт хийх хаалганы поремийг бэлэн болсны дараа нэхэмжлэгч компани 1 хаалгыг 1-2 хоногийн дотор хийнэ гэж заасан байгаа. Өнөөдрийг хүртэл энэ хаалга суурилуулах нөхцөлийг бүрдүүлсэн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэгчийн зүгээс бид бараагаа нийлүүлсэн учир төлбөрөө бүрэн авах эрхтэй, нэхэмжлэгчийн хувьд хэдийд ч бид хаалгыг суурилуулж өгөхөд бэлэн гэх зүйлийг ярьж байгаа 2-т алдангийн асуудал байгаа, үүнд 10,349,271 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч нь алданги тооцох гэрээний заалт нь танайд хамааралгүй, зөвхөн танайх гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд манайх нэхэмжлэх заалт учир танайд хамааралгүй гэж тайлбарласан. Гэрээний загвар төслийг хариуцагч компаниас бэлдсэн гэрээ юм, өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч талын зүгээс гэрээний алдангийн заалтыг өөрт хамааралтай гэж бодож албан бичгээр удаа дараа шаардсан байдаг. Гэрээний тусгай нөхцөлийн 18, 19 дүгээр заалтад хэдийгээр бараа нийлүүлэх хугацаа хэтрүүлсэн алданги гэж заасан боловч энэ нь гэрээний эрх тэгш зарчим гэж бий, нэг нь зөвхөн үүрэг хүлээдэг байх нь гэрээний тэгш эрхийн зарчимд нийцэхгүй учир гэрээний талуудад адил үйлчлэх ёстой гэж хэлмээр байна. Нэхэмжлэгчийн зүгээс 10 сая төгрөгийн алдангийг хэрхэн тооцож нэхэмжилж байна вэ гэвэл гэрээний тусгай нөхцөлийн 15 дугаар зүйлд зааснаар бараа үйлдвэрлэгдэж дууссаны дараах мэдээллийг захиалагчид хүргүүлсний дараа гэрээний нийт үнийн дүнгийн 60 хувийн төлбөр буюу 178,958,947 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан. Энэ хугацаа нь нийтдээ 3-4 тасалж өгч 2022 оны 7 сарын 05-ны өдрийг хүртэл хугацаа хэтрүүлж өгсөн байдаг. Энэ хугацааны алдангийг тооцох юм бол нийт 36,146,266 төгрөг болж байгаа, мөн сүүлийн нэхэмжилж байгаа 29 сая төгрөгийн алдангийг хэзээ төлөх ёстой вэ гэвэл бараа хүргэж өгснөөс хойш ажлын 3 хоног буюу 2022 оны 11 сарын 08-ны өдөр барааг хүргэж өгсөн, 11 сарын 11-ний өдрөөс эхэлж энэ хугацаанд төлөх ёстой байсан, гэтэл үүнийг төлөөгүйгээс өнөөдрийг хүртэл 2 жил хагасын хугацаа өнгөрсөн байна, энэ хугацааны алданги нь нийт 55 сая төгрөг орчим болсон. Нийт энэ алдангийн хугацаанд 80-90 орчим сая төгрөг болж байгаа боловч гэрээнд нийт алдангийн дээд хязгаарыг гэрээний үнийн дүнгийн 3,5 хувиас хэтрүүлэхгүй гэсэн тул энэ үнийн дүнд нь нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжилсэн юм байна лээ. Энэ шаардлага хэвээрээ.

Гэрээнд 1 ширхэг хаалганы хувьд тусдаа үнэ байхгүй, 2-т гэрээний тусгай нөхцөлийн 5-т зааснаар энэ нь бараа материалыг дагалдах үйлчилгээ гэж байгаа. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар бараа материалыг хүлээлгэж өгсөн. Гэрээнд суурилуулалт хийхэд бэлэн болсны дараа нэхэмжлэгч компани 1-2 хоногт суурилуулж өгнө гэсэн байгаа, 2-3 жил үүнээс болж төлбөрөө авч чадахгүй байгаа, авч чадахгүй байгаа зүйл нь нэхэмжлэгчийн зүгээс шалтгаалахгүй, өөрөөр хэлбэл хариуцагчийн буруутай үйлдлээс болсон гэж үзэж байна.

Нийт гэрээний дүнгийн төлбөрийн 90 хувийг хугацаа хэтрүүлж авсан, 60 хувийн төлбөрийг танай компани 3-4 хувааж төлсөн. Энэ төлбөр хэзээ төлөгдөх ёстой вэ гэвэл 2022 оны 11 сарын 11-ний өдрийн дотор боловч 2022 оны 3 сарын 22-ны өдрөөс 2022 оны 7 сарын 5-ны өдрийг хүртэлх 6 сар хоцроосон.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Нэхэмжлэгчийн зүгээс барааг хүлээлгэн өгсөн учир Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар барааны үнийг төлөх ёстой. Хэдийгээр гэрээний дагуу суурилуулсны дараа үлдэгдэл төлбөрийг төлнө гэж байгаа боловч энэ нь өнөөдрийг хүртэл 2-3 жилийн хугацаанд хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас хамаарч хаалгаа суурилуулаагүй, нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаас хамаарч хойшилж, худалдагч компанийг хохироож байгаа учир нийт 40,175,763 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Н Эй Би Трэйд ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1. Нэхэмжлэлд дурдагдсан 19,826,491.20 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн шилжүүлгийн баримтыг хэрэгт хуулбарлан өгөв.

2. Гэрээний 6.3-т заасан заалтыг баримтлан 10,349,271.92 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь тус заалт нь зөвхөн нийлүүлэгч барааг нийлүүлэх хугацааг зөрчсөн тохиолдолд алданги тооцох заалт юм. Мөн нэхэмжпэгч Н Эй Би Трэйд ХХК нь гэрээний хугацаанд бараа нийлүүлэлтийн хугацааг удаа дараа зөрчиж байсан бөгөөд бидний зүгээс алданги тооцоогүй гэдгийг дурдах нь зүйтэй.

3. Нэхэмжлэлийн шаардлагын 3 дахь хэсэгт дурдаад буй 29,826,491.20 төгрөг нь барааг нийлүүлж дууссаны дараагаар угсралт, суурилуулалтыг хийж гүйцэтгэснээр төлөгдөх ёстой төлбөр бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0110.2022 дугаар гэрээний тусгай нөхцлийн 16 дугаарт маш тодорхой тусгаж өгснөөс гадна нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ ...Дундын санхүүжилт шилжсэний дараа гэрээт ажпыг гүйцэтгэж дуусгаснаар Үлдэгдэл санхүүжилтийн төлбөр 29,826,491.20 төгрөгийг нэхэмжилж байгааг... гэж дурджээ. Энэ нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа, үүрэг гүйцэтгэсний дараагаар төлөгдөх ёстой төлбөр гэдгийг өөрөө давхар хүлээн зөвшөөрч байгаа юм.

Иймд ИХШХШТухай хуулийн 115.2.3-т зааснаар Н Эй Би Трэйд ХХК-ийн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Бараа нийлүүлэх гэрээ байгууснаас хойш 2022.11.08-ны өдөр бараа нийлүүлсэн нь хэтэрсэн хугацаа, 2 талаас албан бичгээр харилцаж, тухайн үед үүссэн нөхцөд байдлыг ойлголцоод явж байсан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талд бараа нийлүүлэх хугацаа хэтрүүлсний алданги тооцоогүй, 22 хаалга нийлүүлснийг хүлээн зөвшөөрч байна. 19 сая төгрөгийг зөвшөөрч байна, алдангийг гэрээний аль нөхцөлөөр тооцож байгаа нь ойлгомжгүй, үлдэл 29,0 сая төгрөгийг зөвшөөрөхгүй. Гэрээний тусгай нөхцөлд бараа гражийн хаалга суурилуулсны дараа төлөх дүн юм. Дундын санхүүжилт хийж дууссаны дараа төлөх мөнгийг нэхэмжилж байна, алданги мөн зөвшөөрөхгүй.

Алданги тооцох талаар тохироогүй, хаалга суурилуулах талаар бэлэн гэж байгааг мэдэж байгаа албан бичгээр харилцаж байна. Гэрээ хүчин төгөлдөр, хариуцагчийн зүгээс гражийн хаалга суурилуулах барилга бэлэн болсон нөхцөлд хаалгаа суурилуулна, хаалга суурилуулах явж болоогүй гэсэн үг.

Хариуцагч ******* нь 2022 оны 01 сарын 10-ны өдөр ******* ХХК-тай бараа нийлүүлэх гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч талаас хэлэхдээ 2022 оны 11 сарын 08-ны өдөр барааг нийлүүлсэн гэж байна, тухайн 2022 оны 11 сарын 08-ны өдөр гэдэг нь нийлүүлэх хугацаанаас хэтэрсэн хугацаа юм. Үүгээр юу гэж хэлэх гэж байна вэ гэвэл 2 талаас бараа нийлүүлэх гэрээний хугацаанд албан бичгээр харилцаж, тухай бүрд нь аж ахуйн нэгж дээр тулгарч байсан нөхцөл байдлыг ойлголцоод явж байсан, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талд бараа нийлүүлж хугацаа хэтрүүлсний алданги тооцоогүй, 22 хаалга хүлээн авснаа зөвшөөрч байгаа, бараа нийлүүлэх гэрээнд нэхэмжлэгч талаас анхны нэхэмжлэлийн шаардлага болох 60 сая төгрөгөөс 19 сая төгрөгийг төлсөн, үлдэгдэл 10 сая төгрөгийн алдангийг гэрээний аль нөхцөлөөр шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. 2-т үлдэх 29 сая төгрөгийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний тусгай нөхцөл дээр ч бараа нь тухайн гараашын хаалга суурилуулсны дараагаар төлөгдөх дүн байгаа. Нэхэмжлэгч нь мөн нэхэмжлэлдээ өөрөө дурдсан байдаг, юу гэдэг вэ гэвэл дундын санхүүжилт шилжсэний дараа гэрээт ажлыг хийж дуусгаснаар авах 29 сая төгрөгийг нэхэмжилж байна гэж байгаа. Энэ нь ирээдүйд бий болох ажил гүйцэтгэсний төлбөрийг нэхэмжилж байгаа тул 29,828,491.20 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүйгээс гадна 10,349,271.92 төгрөгийн алдангийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй.

Гэрээ гэдэг нь 2 талын хүсэл зоригийн илэрхийлэл байдаг. 2 талаас уншиж танилцаад гарын үсэг зураад энэ гэрээ байгуулагдсан. Тэгэхээр энэ гэрээгээр алданги тооцохгүй юм байна. Хэргийн материалд нотлох баримтаар өгөөгүй хэдий ч хариуцагчийн зүгээс нийлүүлэлтийн хугацаа хэтрүүлсэнд алданги тооцож болох байсан ч тооцоогүй. Ер нь бол анзыг тооцохын тулд гэрээнд тусгасан байх ёстой, алдангид ийм байр суурьтай байна. Үлдэгдэл 29 сая төгрөгийн шаардлагад сая нэхэмжлэгч талаас хэлж байгаагаар, хэдийд ч энэ хаалгыг суулгаж өгөхөд бэлэн байна гэж байна, үүнийг мэдэж байна, мэдсэн, албан бичгээр харьцаж байгаа. Гэрээ хүчин төгөлдөр байгаа, аль нэг тал нь гэрээнээс татгалзсан зүйл байхгүй, хариуцагчийн зүгээс тухайн гараашийн хаалга суулгах барилга бэлэн болсон тохиолдолд нэхэмжлэгч талаар тухайн хаалгаа суурилуулна гэж хэлж илэрхийлсэн. Одоогоор барилгын явц 100 хувь болоогүй байгаа, тэгэхээр хаалга суурилуулах болоогүй гэсэн үг, нэхэмжлэгч талаас тусгай нөхцөлийн 16 дугаар заалтыг ярьж байна, үүнийг сайн уншихад захиалагчийн Улаанбаатар хот дах талбайд хүлээлгэн өгснөөс хойш ажлын гурав хоногт багтааж 10 хувийн төлбөрийг төлнө гэж байгаа төлсөн. Хаалганы угсралт, суурилуулалт хийгдээд 2 талаас акт бичиг баримтаар хүлээлгэж өгсний дараа ажлын 3 хоногт багтааж төлбөрийг төлөх ёстой байсан. Нэхэмжлэгч талаас 3 хоногийн дотор хаалгыг суурилуулах ёстой гэж ярьж байна, энэ бол үгүй, суурилуулж дууссаны дараа акт үйлдээд 3 хоногийн дараа төлбөр төлөгдөх ёстой гэрээ юм. Дахин хэлэхэд хариуцагчийн зүгээс ингэж нэхэмжлэгч талтай айхтар маргалдах зүйл байхгүй, хаалга хүлээлгэн авсан нь үнэн, нэхэмжлэгч тал манай хүсэлт гаргасны дагуу хэдийд ч хаалгаа суурилуулах нь үнэн, манайх барилга суурилуулах хэмжээнд очиход танайхаар суурилуулах нь үнэн, суурилуулсны дараа 3 хоногт багтааж 29 сая төгрөгийг төлөх нь үнэн. Тэгэхээр яах вэ гэвэл гэрээний явцад 2 тал албан бичгээр харилцаж байсан, тухайн үед нэхэмжлэгч талд ч хүнд хэцүү асуудлууд тулгарсан, манайд ч хүнд хэцүү асуудал тулгарсан. Гэрээний явцад 2 тал нэг нэгнээ ойлгож ингээд явж байсан.

Түрүүн хэлсэнчлэн санхүүгийн хувьд хугацаа байсан, сая 03 сарын 20-ны үеэр барилгын үлдэгдлийн 40 хувийн санхүүжилт орсон байгаа, цаад санхүүжилт 100 хувь орсон тохиолдолд наадмын өмнө барилгыг дуусгана гэж бодож байгаа.

Өнөөдрийн байдлаар гэрээ хүчин төгөлдөр байгаа, 2 тал гэрээнээс татгалзсан зүйл байхгүй. Энэ хугацаанд хариуцагч талаас нэхэмжлэгч талд өөрсдийнхөө нөхцөл байдлыг тайлбарлаж ярьсан. Энэ аж ахуйн нэгжүүдийн татварын дарамт, үйл ажиллагааны хэцүү нөхцөлд манай компани харин ч аль болох боломжит хугацаанд нэхэмжлэгч талд төлбөр төлж явсан гэж харж байгаа. Мөн одоо хаалга суурилуулаагүй, гэрээний дагуу суурилуулна гэдгийг хариуцлагатай мэдэгдье. Гэрээ нь бол 2 талын хүсэл зоригийн илэрхийлэл байдаг, хариуцагч талын зүгээс хамтын ажиллагааг хүндэтгэж тухайн үед алданги тооцох боломжтой байсан хэдий ч алданги тооцоогүй, нэхэмжлэгч тал мөн ямар үндэслэлээр алданги тооцож байгаа нь тодорхойгүй байхад алданги тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн ирээдүйд бий болох буюу гараагүй дүнгийн төлбөр буюу 29 сая төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Бараа нийлүүлэх гэрээ, Гэрээний ерөнхий нөхцөл, Нийлүүлэх барааны үнийн санал болон техникийн үзүүлэлт, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хаалганы үзүүлэлт бүхий үйлдвэрийн танилцуулга /англи хэл дээр, нотлох баримтын шаардлага хангаагүй/, ******* ХХК-ийн дүрэм, ******* ХХК-иас *******-д хүргүүлсэн 2022.04.19-ний 01/2022/27, 2022.12.27-ны 01/2022/116, 2023.02.28-ны 01/2023/24, 2023.08.22-ны 01/2023/48, 2024.08.22-ны 01/2024/84, 2024.05.15-ны өдрийн 01/2024/51, 2024.10.21-ний 01/2024/111, дугаартай албан бичгүүд, *******-иас ******* ХХК-д хүргүүлсэн 2022.11.23-ны 06/22, 2024.10.22-ны 2024/10/22 албан бичиг, нэхэмжлэхүүд, зарлагын падаан, ******* ХХК-ийн зарлагын падаан, ******* ХХК-ийн Дотоод томилолт олгосон тушаал зэрэг баримтыг бүрдүүлж өгсөн,

Хариуцагчаас нотлох баримт бүрдүүлээгүй,

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч нь Бараа материал нийлүүлэх гэрээний үүрэгт 60,002,254.32 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлсөн 19,826,491.30 төгрөгийг хасч үлдэх 40,175,763 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

3. Хариуцагч нь 19,826,491.20 төгрөгийг төлсөн, гэрээний 6.3-т заасан 10,349,271.92 төгрөгийг зөвхөн нийлүүлэгч барааг нийлүүлэх хугацааг зөрчсөн тохиолдолд алданги тооцох заалт тул төлөхгүй, үлдэгдэл төлбөр 29,826,491.20 төгрөгийг хаалга угсралт, суурилуулалт хийж гүйцэтгэсний дараа төлөх төлбөр тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар гаргаж маргаж байна.

4. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Бараа нийлүүлэх тухай 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0110.2022 дугаартай Бараа нийлүүлэх тухай /Грашийн хаалга/ гэрээ байгуулж, гэрээний хавсралтаар Гэрээний ерөнхий ба тусгай нөхцөл, Техникийн тодорхойлолт, Бараа нийлүүлэх болон төлбөрийн хуваарь, Барааны жагсаалт Хавсралт №1 зэргийг баталжээ.

Нийлүүлэгч ******* ХХК нь дээрх гэрээ, баримт бичгүүдэд заасны дагуу

-5000*3000 нүхний хэмжээтэй, LPU42 төрлийн, RAL7016 Anthracite grey өнгөтэй, ахуйн зориулалттай гараашийн автомат хаалга, 14 ширхэг, нэг бүр нь 15,550,400 төгрөг, нийт 217,705,600 төгрөгийн үнэтэй,

-3200*3000 нүхний хэмжээтэй, LPU42 төрлийн RAL7016 Anthracite grey өнгөтэй, ахуйн зориулалттай гараашийн автомат хаалга, 8 ширхэг, нэг бүр нь 11,223,000 төгрөг, нийт 89,784,000 төгрөгийн үнэтэй, бүгд нийлээд 307,489,600 төгрөгийн үнэ бүхий барааг 3%-ийн хөнгөлөлт үзүүлсэн 298,264,912 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцсон байна. /хх-5-17/

5. Бараа нийлүүлэх тухай гэрээ, холбогдох хавсралтуудаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Иймээс нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу бараа бэлтгэн нийлүүлэх үүргээ биелүүлсэн ба хариуцагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй байна.

 

6. Гэтэл дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч ******* ХХК нь грашийн автомат хаалга 22 ширхэгийг хариуцагч *******-д 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр актаар хүлээлгэн өгсөн ба хариуцагч нь дээрх 22 ширхэг хаалга нийлүүлснийг хүлээн зөвшөөрч, дундын санхүүжилтийн үлдэгдэл төлбөр 19,826,491.20 төгрөгийг төлсөн, харин алданги 10,349,271.92 төгрөгийг зөвхөн нийлүүлэгч барааг нийлүүлэх хугацааг зөрчсөн тохиолдолд алданги тооцох заалт тул төлөхгүй, мөн гэрээний тусгай нөхцөлд заасны дагуу грашийн хаалгыг барилгад суурилуулсны дараа үлдэгдэл төлбөр 29,826,491.20 төгрөгийг төлнө гэсэн нь маргааны гол үндэслэл болж байна.

 

Гэрээний тусгай нөхцөлийн 16 дугаар зүйлд Захиалгын бараа хүргэлт;

Захиалагчийн Улаанбаатар хот дахь талбайд хүргэлтийг хийж, хүлээлгэн өгснөөс хойш ажлын 3 хоногийн дотор багтаан 10%-ийн төлбөр буюу 29,826,491.20 төгрөг,

Хаалганы угсралт, суурилуулалт хийгдээд 2 талаас акт бичиг баримтаар хүлээлгэн өгсний дараа ажлын 3 хоногт багтаан 10%-н төлбөр буюу 29,826491.20 төгрөг төлөхөөр тохирсон заалтын хүрээнд хариуцагчийн татгалзлаа тодорхойлж байна.

Гэрээний тусгай нөхцөлд гэрээний үнэ, урьдчилгаа төлбөр, үйлдвэрлэлийн хугацаа, захиалгын бараа хүргэлт, баталгаат засварын хугацаа дуусахад нийлүүлэгчид буцаах төлбөр, бараа нийлүүлэх хугацаа хэтрүүлсний алданги, алдангийн дээд хязгаар, барааны баглаа боодол, барааны тээвэрлэлт, хүргэлт, маргааныг шийдвэрлүүлэх, нэмэлт нөхцлүүд, бусад нөхцөл зэргийг тохиролцсон байна. Үүнээс үзэхэд нийлүүлэгч нь ГТН /гэрээний тусгай нөхцөл цаашид ГТН гэх/-ийн 5-д заасны дагуу бараа материалыг захиалагчийн заасан газар тээвэрлэн хүргэнэ, 5-д Бараа материалын дагалдах ажил үйлчилгээнд угсралт суурилуулалт хийгдэнэ гэж тусгажээ.

Дээр заалтуудын дагуу худалдах-худалдан авах гэрээний зүйл болох гражийн 22 ширхэг хаалгыг нийлүүлэгч нь захиалагчийн заасан газарт болон Улаанбаатар хотод барилгын талбайд тус тус хүргэж өгсөн байна.

Харин Гэрээний тусгай нөхцөлийн 16-д заасны дагуу хаалганы угсралт суурилуулалт хийх барилга баригдаж дуусаагүй нөхцөл байдал үүссэн ба талууд гэрээнд хэзээ ашиглалтанд орох ямар барилгад эдгээр хаалгыг суурилуулах талаар тусгаагүй тул хариуцагчийн барилга баригдаж дуусаагүй нь худалдах-худалдан авах гэрээний төлбөр төлөх хугацааг хойшлуулах үндэслэл болохгүй гэж үзлээ.

Талууд Бараа нийлүүлэх гэрээ, гэрээний тусгай нөхцлийн 13 дугаар зүйлд заасан гэрээний үнээс харахад хаалга суурилуулах зардал гэж тусгайлан тусгаагүй ба 5-д зааснаас үзэхэд гаражийн хаалга суурилуулах ажил нь дагалдах үйлчилгээнд хамаарч байна.

Дээрх худалдах-худалдан авах гэрээний онцлогтой холбоотойгоор талууд гаражийн хаалгыг суурилуулахад үнийг төлөх байдлаар гэрээний үүргийн биелэлтийг тохирсон боловч гэрээний нийт хугацаа буюу хаалга нийлүүлэх эцсийн хугацаа болон төлбөр төлөх эцсийн хугацааг тогтоогоогүй байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.

Нэхэмжлэгч нь гараашийн хаалга нийлүүлэх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байгаа тул хариуцагчийн татгалзал үндэслэл юм.

Харин алданги гаргуулах шаардлагын тухайд, Гэрээний тусгай нөхцлийн 18-р зүйлд бараан нийлүүлэх хугацаа хэтрүүлсний алдангид 0.1 хувийн алданги төлөхөөр тусгасан байгаа тул захиалагч гэрээний төлбөр төлөх үүрэг хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой алданги тохирсон гэж үзэхгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар анзын гэрээг бичгээр хийнэ гэсэнтэй нийцээгүй үндэслэлээр алданги 10,349,271.92 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч *******-иас гэрээний үлдэгдэл төлбөрт 29,826,491.20 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс алданги 10,349,271.92 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн төлсөн 457,962 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 29,826,491.20 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 307,082 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч *******-иас 29,826,491.20 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 10,349,271.92 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,962 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 307,082 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ