| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2309012831837 |
| Дугаар | 2024/ДШМ/238 |
| Огноо | 2024-02-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2024/ДШМ/238
2024 02 22 2024/ДШМ/238
Д.Гад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Булганчимэг,
шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Л.Очбаяр,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/1199 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Л.Очбаярын гаргасан давж заалдах гомдлоор Д.Гад холбогдох эрүүгийн 2309012831837 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгий Д.Г, 1975 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, зуслангийн харуул ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 112 дугаар байрны 3 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 31-114 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:Ж375010414/,
Д.Г нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн задгай тоотод байрлах хохирогч Г.И эзэмшлийн зуслангийн хашаанаас 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор “Daihatsu Hujet Truck” загварын 65-74 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж, хохирогч Г.И урт нь 4 м, өндөр нь 5 м хэмжээтэй 10 ширхэг төмөр торон хашаа, 7.5 см өргөнтэй, 2.5 м өндөртэй 11 ширхэг төмөр шон, 40-50 см х1 м хэмжээтэй хашаа холбох төмөр, 1 тонн усны цагаан сав, 200 литрийн улаан өнгийн усны сав, төмрийг хулгайлан авч 1.157.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Д.Гыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, “Хулгайлах” гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Гыг 02 /хоёр/ жил, 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэг хянан шийдвэлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаартай “... “Daihatsu Hujet Truck” загварын 65-74 УБП маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн. ...” тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Д.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Л.Очбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: “...1. Хохирогчийн зуслангийн байшингийн хашаанаас алдагдсан эд зүйлийн нэр төрөл, тоо хэмжээг бүрэн тогтоогоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан нотлогдвол зохих байдлыг тогтоогоогүй талаар:
Мөрдөгч, прокурор, шүүхийн зүгээс зөвхөн хохирогчийн мэдүүлгээр 4 м өндөр 1.5 м хэмжээтэй 10 ширхэг төмөр торон хашаа, 7.5 см өргөнтэй 2.5 өндөртэй 11 ширхэг төмөр шон, 40-50 см хэмжээтэй хашаа холбох төмөр, 1 тонн усны цагаан сав, 200 литрийн улаан өнгийн усны савыг хулгайлсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч Д.Г нь бүхий л цаг хугацаанд мэдүүлэхдээ нийтдээ 8 ширхэг төмөр торон хашаа, 1 тонн усны сав авсан гэдгээ удаа дараа тогтвортой мэдүүлдэг. Тухайн авсан эд зүйлүүдээ бүгдийг нь хохирогчид хүлээлгэн өгсөн байдаг. Гэтэл Д.Гын зүгээс авсан эд зүйлийн нэр төрөл, хэмжээний талаар удаа дараа мэдүүлэг өгөөд байхад энэ талаар огт шалгаж тогтоогүйд гомдолтой байна. Хэрэгт авагдсан хохирогчоос гаргаж өгсөн камерын бичлэгт төмөр торон хашаа ачаад явж байгаа нь тодорхой харагддаг. Түүнчлэн тухайн камерын бичлэгийг бүхэлд хохирогч гаргаж өгөөгүй, мөрдөгч камерын бичлэгийг хэргийн бодит байдлыг тогтоохоор иргэн, хуулиин этгээдээс гаргуулах ажиллагаа огт хийгээгүй улмаас авсан гэж ямар ч нотлох баримтгүйгээр гүтгэгдсэн.
Хохирогч яагаад бүтэн бичлэгийг гаргаж өгөөгүй зөвхөн нэг удаа явсан 5 секунд, 20 секундын бичлэгийг тасдаж өгсөн нь эргэлзээ төрүүлдэг. Хохирогчийн өгсөн мэдүүлгээр зуслангийн байшиндаа ах, дүү нараараа ээлжлэн байнга амьдардаг, хохирогчийн ах, эгч нар нь 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ирэх үед 4-5 ширхэг гацуур мод хулгайд алдагдсан байсан гэх мэдүүлгээс үзэхэд хэрэг болохын өмнө өөр хүмүүс нэвтэрч байсан нь тогтоогдож байна.
2. Хэргийн бодит байдлыг тогтоогоогүй талаар:
Шүүгдэгчийн мэдүүлгээр “...өглөө эхнэр, хүүхдээ хүргэж өгөөд буцаж явахад замд 2 хүн гараа өргөөд байж байхаар нь зогссон. Буугаад уулзсан чинь “хашаа зөөгөөд өгөөч, бид хоёр дугуйгаа нөхөөд солихгүй бол болохгүй байна. 30.000 төгрөг” гээд надад түлхүүр харуулаад байсан. Тэгэхээр нь би зөвшөөсөн. ...” гэж тогтовортой мэдүүлдэг.
Гэтэл мөрдөх байгууллагын зүгээс шүүгдэгчийн өгсөн мэдүүлэгт дурдсан нөхцөл байдлыг тогтоох наад захын хийгдвэл зохих дараах ажиллагаануудыг хийгээгүйд гомдолтой байна. Үүнд:
-Портер авто машин зогсож байсан гэх газарт үзлэг хийгээгүйн улмаас портер машинтай 2 хүн зогсож байсан газраас хохирогчийн гэрийн хаягийг шууд заах боломжтой эсэх, түүнчлэн хэргийн газар хүртэлх зайг тогтоогоогүй.
-Хэргийн газраас тухайн портер зогсож байсан гэх газар хүртэл гудамжны камер, тухайн зам дагуу байрлах айлуудын камерын бичлэгийг бэхжүүлж авах талаар ямар ч ажиллагаа хийгээгүй.
-Хэргийн газраас доод сэлхийн уулзвар хүртэлх замын хяналтын камерт үзлэг хийж бэхжүүлж аваагүй. Хэргийн газраас доод сэлхийн уулзвар хүртэл Сэлхийн уулзварт байрлах 2 Мини маркет дэлгүүрийн камер, уг байрлалаас дээш өгсөхөд байрлах Мини маркет дэлгүүрийн камер, Аз хүнс дэлгүүрийн камер, Сэлхийн 3 дугаар автобусны буудал дээр байрлах Панда хүнсний дэлгүүрийн камер, Сэлхийн 4 дүгээр буудалд байрлых замын хяналтын камер, Сэлхийн 5 дугаар буудалд байрлах “Morning” хүсний дэлгүүрийн камер, сэлхийн уулзварын замын хяналтын камер зэрэг хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох боломжтой маш олон камерууд байхад шалгаж тогтоогоогүй.
-Шүүгдэгчийн зүгээс өмнөх саруудын цалингаас АТМ-ээс хэд хэдэн гүйлгээр бэлэн мөнгө авчихсан байдаг гэж мэдүүлдэг. Гэтэл мөрдөгчийн зүгээс Хаан банкнаас Д.Гын хаан банкны дансны хуулгыг авахдаа 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны дансны хуулгыг авчихаад мэдүүлэгтээ нь таарахгүй байна гэж буруутгадаг. Өөрөөр хэлбэл, хэрэг болсон өдөр 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр бөгөөд Д.Г өмнөх сарын цалингаас бэлэн мөнгө авсан гээд мэдүүлээд байхад өөр цаг хугацааны дансны хуулга авчихаад мэдүүлэгтээ таарахгүй байна гэж буруутгаж байгааг ойлгохгүй байна.
Аливаа хэрэг зөв буруу, гэм буруутай буюу гэм буруугүй гэж шийдвэрлэхээс урьтаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх ёстой гэж ойлгодог. Гэтэл мөрдөгчийн зүгээс хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох ямар ч ажиллагаа хийгээгүй зөвхөн яллах талын нотлох баримтыг бүрдүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох үндсэн зарчмуудтай нийцэхгүйг эрхэм шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.
3. Гэм буруугийн талаар:
Дээрх эргэлзээтэй нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн үргэлжлэх цаг хугацаа зэргээс дүгнэхэд Д.Г нь гэм буруутай гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал,
-Д.Г нь харуул хамгаалалтын ажил эрхлээд 10 орчим жил болж байгаа ба өөрийн хариуцаж байсан хотхоны үлгэр жишээ ажилтан. Маш шударга, үнэнч нэг ч удаа ийм төрлийн асуудалд холбогдож байгаагүй. Гэтэл хохирогчийн гэрийн гадна тухайн эд зүйл байрлах газрыг бүхэлд харж болохуйцаар байрлуулсан хяналтын том хэмжээний камер байгаа, мөн хохирогчийн гэр өөд өгсөн замд олон тооны хяналтын камер байрлуулсан байхад харуул хамгаалалтын ажил эрхэлдэг хүн өөрийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайн гэмт хэрэг үйлдэх эсэх,
-8 ширхэг хашаа, 1 тонн усны савыг Д.Г нь авахдаа нийтдээ 2 цаг орчим хугацаа зарцуулсан байдаг. Хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа хүн гэгээн цагаан өдөр, айл хөршүүд, ойр орчмын хүн шууд нэвт харууцтай хашаанаас ийм урт хугацааны турш эд зүйл хулгайлах эсэх. Түүнчлэн, хохирогчийн зуслангийн байшин нь хүн амьдраагүй удсан хуучин байшин биш бөгөөд байнгын тогтмол хүнтэй, тохижуулсан, мод бут тарьсан, байнгын арчилгаатай айл болно.
-Хохирогчийн хашаанд 1 тонн усны сав, 8 ширхэг торон хашаанаас гадна өөр олон тооны төмөр хашаа байхад зөвхөн байшингын хажууд байсан 8 ширхэг хашааг зөөвөрлөсөн. Өөрөөр хэлбэл, портертэй 2 хүний зааж өгсөн эд зүйлийг авсан бөгөөд өөр бусад эд зүйлд гар хүрээгүй болно.
Дээрх нөхцөл байдлыг дүгнэхэд Д.Г нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд нотлох баримтын хүрээнд, логикийн хувьд эргэлзээтэй байна.
Иймд анхан шатны шүүх нотлогдвол зохих байдал нотлогдоогүй, хэргийн бодит байдал тогтоогдоогүй, мөрдөгчийн зүгээс хийгдвэл зохих наад захын мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, эргэлзээтэй олон нөхцөл байдал бий болсон байхад гэм буруутай гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Гад холбогдох хэрэгт хохирогч цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаас хойш хохирогчийн гаргаж өгсөн сиди бичлэг дээрх машины дугаараар тээврийн хэрэгслийн эзэмшигчийг эрэн сурвалжилж шүүгдэгч Д.Гыг олж тогтоон гэрчээр мэдүүлэг авахад “Портер машинтай 2 хүн айлаас юм зөөгөөд өгвөл 30.000 төгрөг өгнө гэж хэлснийг хүлээн зөвшөөрсөн. Тэр 2 хүний машины дугуй нь хагарчихсан сууж байсан” гэж мэдүүлдэг. Уг мэдүүлгийг авснаас хойш 2 сар гаруйн хугацаанд мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж портер машинтай хүнийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан. Энэ хугацаанд ямар нэгэн нөхцөл байдал тогтоогдоогүй, шалгагдаад явж байхад шүүгдэгч Д.Гын манаач хийдэг газрын ойр орчмын зуслангийн хашаанаас эд зүйл алдагдсан талаар 7 дугаар сард илэрсэн бөгөөд мөрдөгчийн хийсэн хэргийн газрын нөхөн үзлэгээр хохирогч өөрийн эд хөрөнгөө таньж олсон байдаг. Хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаар шүүгдэгч Д.Гын мэдүүлгийг туйлын үнэн гэж үзэхгүй бөгөөд түүний удаа дараагийн мэдүүлэг зөрүүтэй байдаг. Шүүгдэгч Д.Г өглөө хүүхдээ сургуульд хүргэж өгсөн гэдэг боловч энэ нь нотлогдоогүй бөгөөд сургуулиас холбогдох бүхий л баримтыг цуглуулсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд, шүүх хуралдааны шатанд ч өмгөөлөгч Л.Очбаяр энэ асуудлыг ярьсан байдаг. Шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж, шүүхийн шийтгэх тогтоолын 7 дугаар нүүрэнд өмгөөлөгч Л.Очбаяраас ярьж буй зүйл ямар баримтаар няцаагдаж, гэм буруугийн асуудал ямар баримтаар нотлогдож буй талаар дүгнэлт хийсэн. Прокурорын зүгээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд, шүүх хуралдааны явцад хохирогчийг оролцуулж, дахин мэдүүлэг авсан. Шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Л.Очбаярын ярьж буй зүйл нотлох баримтаар тогтоогддоггүй. Шүүх хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Л.Очбаярын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Г нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн задгай тоотод байрлах хохирогч Г.И эзэмшлийн зуслангийн хашаанаас 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор “Daihatsu Hujet Truck” загварын 65-74 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж, хохирогч Г.И урт нь 4 м, өндөр нь 5 м хэмжээтэй 10 ширхэг төмөр торон хашаа, 7.5 см өргөнтэй, 2.5 м өндөртэй 11 ширхэг төмөр шон, 40-50 см х1 м хэмжээтэй хашаа холбох төмөр, 1 тонн усны цагаан сав, 200 литрийн улаан өнгийн усны сав, төмрийг хулгайлан авч 1.157.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Г.И: “...Би 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зусланд Батлан хамгаалахын зуслангийн хойд талд байрлах өөрийн зуны зуслангийн байшиндаа ирэх үед манай байшин болон хашаанаас эд зүйл алга болоогүй байсан. 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр манай ах, эгч хоёр 18 цагийн үед ирээд явахад манай хашаа зүгээр байсан гэсэн. Тэгсэн би өнөөдөр буюу 2023 ны 4 дүгээр сарын 08-ны өдөр 16 цагийн орчим зуслан дээр очиход хашааны үүдэнд жижиг дөрвөлжин төмөр газарт уначихсан, байшингийн баруун талд байсан урт нь 4 м, өндөр нь 1,5 м хэмжээтэй 10 ширхэг төмөр торон хашаа, 7,5 см өргөнтэй, 2,5 м өндөртэй 11 ширхэг төмөр шон, 40-50 см, 1 м хэмжээтэй хашаа холбох төмөр ойролцоогоор 10-20 ширхэг, тонн усны цагаан сав, 200 литрийн улаан өнгийн усны сав алга болсон байсан. ...” /1хх 34-35/,
Д.Гын яллагдагчаар “...Би 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн 116-5 тоотоос эхнэрийг өглөө 06 цаг 20 минутын үед “Гүнжийн булаг” дэлгүүртэй уулзвар дээр хүргэж өгөөд буцаад гэр рүүгээ явж байсан чинь замд хоёр хүн гараа өргөөд байж байхаар нь зогссон. Тэгээд буугаад уулзсан чинь “хашаа зөөгөөд өгөөч, бид хоёр дугуйгаа солихгүй бол болохгүй байна, 30,000 төгрөг өгнө” гээд надад гэрийн түлхүүр харуулаад байсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зуслангийн тэнд уулын орой зааж өгөхөөр нь нөгөө заасан газар нь очоод ачих ёстой хашаагаа ачиж автобусны буудал дээр нөгөө хоёр хүний байсан газар нь буулгаж байгаад тэр хоёр залуугаас “энэ хашааг би яах гэж байгаа юм” гэхэд “зарах гэж байгаа” гэхээр нь “хэдэд зарах вэ” гэсэн чинь “600,000 төгрөгөөр зарна” гээд байсан. Би “надад 450,000 төгрөг л байна" гээд хэлсэн чинь “заза тэгвэл ав, ав” гэхээр нь би тэр хашааг аваад өөрийнхөө гэртээ ирээд хашаандаа буулгасан. ...Мөн дахиад “1 тонны цагаан усны савыг аваад ир” гээд нийт 450,000 төгрөгөөр авсан. ...” /1хх 7-9/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 18, 21-22, 19-20, 23-24/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэгдлэл /1хх 28/, “Дамно” хөрөнгө үнэлгээний тайлан /1хх 47-48, 52-54/, Д.Гын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 82-87/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 122-123, 124-125/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Шүүхээс шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэв.
Шүүгдэгч Д.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Л.Очбаяраас “...нотлогдвол зохих байдал нотлогдоогүй, хэргийн бодит байдал тогтоогдоогүй, мөрдөгчийн зүгээс хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, эргэлзээтэй нөхцөл байдал бий болсон байхад гэм буруутай гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү. ...” талаар давж заалдах гомдол гаргажээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Гын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирол, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 02 /хоёр/ жил, 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Дараахь тохиолдолд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, тухайн нотлох баримтыг нотлох баримтад тооцохгүй байх эсэхийг шийдвэрлэнэ. ...” гэж нотлох баримтаар тооцохгүй байхаар хуульчилжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн гэмт хэргийг үйлдэхдээ 2 удаа зөөвөрлөсөн ба ингэхдээ “2 хүний гуйлтаар явсан, гэрч нар байсан, 8 ширхэг төмөр торон хашаа байсан” гэх боловч энэ нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан, эсхүл барагдуулахаа илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулах ялыг хөнгөрүүлэх эсэхийг шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээнд хамаарах боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Г нь гэм буруу дээр маргаж байгаа нөхцөл байдлаас дүгнэхэд ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заажээ.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Д.Г нь гэмт хэрэг үйлдэхдээ “Daihatsu Hujet Truck” загварын 65-74 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан нь хавтаст хэргийн бичгийн баримтаар тогтоогдож байх тул тухайн тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Л.Очбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Гын анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 80 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/1199 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Л.Очбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 80 /ная/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ