Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00857

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00857

 

 

 

 

Х.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2021/00538 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Эгийн хариуцагч У.Мт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 80 280 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.М, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр У.М нь өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалан Ж.Хтой зээлийн гэрээ байгуулж, нэг сарын хугацаатай 40 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. У.М гэрээний үүргээ хугацаандаа биелүүлж чадаагүй учраас 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэрээний хугацааг 7 сараар сунгаж, хүүг 5 хувь болгохоор тохиролцсон. Мөн оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээний хугацааг дахин 3 сараар сунгасан байна.

Ж.Х нь 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нас барсан бөгөөд өвлөх эрхийн гэрчилгээг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Х.Эд олгосон. Өвлөх эрхийн гэрчилгээг хуулийн дагуу авсан, гэрчилгээнд хүү алдангийн хамт өвлүүлэхээр заагдсан. Иймд шаардах эрхгүй, алданги өвлөгдөөгүй дуусгавар болсон тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч анх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй гэдэг үндэслэлээр шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 41960 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. Тодорхой шалтгааны улмаас шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байсан тул дахин 2020 оны 11 дүгээр сард гаргасан. Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдахад хугацааг шинээр тоолохоор заасан тул хугацаа хэтэрсэн тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Тухайн үед хариуцагч мөнгөө төлье гэхэд аваагүй тухай тайлбар логик дарааллын хувьд ч алдаатай, үндэслэлгүй. 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хугацаа сунгасан хэлцэлд эхний сарын хүүг дурдаагүй тул эхний нэг сарын хүүг хүлээн авсан гэдэгт маргахгүй. Мөн энд дурдсан хүү 6 400 000 төгрөгийг авсанд маргахгүй. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн баримтад төлөөгүй сарын хүүг нэмж үндсэн зээл 44 800 000 болгон бичсэнийг зөвшөөрч байна.

Иймд үндсэн зээл 40 000 000 төгрөг, хүү 2015 оны 5-12 дугаар сар хүртэл хүүг нэг сарын 4 хувиар тооцон 12 800 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх сүүлийн 3 сарын хүүг нэг сарын 5 хувиар тооцон 6 000 000 төгрөг, нийт 58 800 000 төгрөг, алданги хуулийн дагуу 50 хувиар тооцвол 29 400 000 төгрөг болно. Ингэж тооцвол нийтдээ хариуцагч 88 200 000 төгрөг төлөх ёстой байх боловч алдангиас хасч анх нэхэмжилсэн 80 280 000 төгрөгийн хэмжээгээр хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч У.М шүүхэд хариу тайлбартаа: Тус шүүхэд хандан Х.Э удаа дараа надаас үндэслэлгүй их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч шаардах эрхийг өв залгамжлалын журмаар олж авчээ. Гэвч өвлөх эрхийн гэрчилгээг хуулийн дагуу аваагүй, бусад өвлөгч байгаа эсэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргах эрхгүй. Мөн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 19 тоот өвлөх эрхийн гэрчилгээнд Х.Э нь ямар эрх өвлөж авсан нь ойлгомжгүй, барьцааны гэрээний талаар дурдаагүй тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхгүй гэж үзэж байна. Мөн алданги өвлөгдөхгүй, зээлдүүлэгч нас барснаар дуусгавар болно.

Түүнчлэн өвлөх эрхийн гэрчилгээ 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр олгогдсон. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2017 оны 11 дүгээр сард нэхэмжлэгч өөрөө товлосон шүүх хуралдаанд ирээгүйгээс нэхэмжлэлийг буцаасан буюу өөрийнх нь үйлдлээс шалтгаалсан тул хөөн хэлэлцэх хугацааг энэ хооронд тасалдуулж шинээр тоолох үндэсгүй.

Анх 2015 оны 4 дүгээр сард талийгаачаас 40 000 000 төгрөг зээлж, зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан нь үнэн, үүнд маргахгүй. Сарын дараа 40 000 000 төгрөгөө миний ажил бүтээгүй тул буцаан төлье гэхэд за дараа больё гээд аваагүй. Талийгаач өөрөө мөнгөө буцаан авах сонирхолгүй оронд нь хүү авч, мөнгө хүүлэх сонирхолтой байгаагаа хэлж байсан. Мөн мөнгө зээлсэн гэдгийг манай хүүхдүүдэд битгий хэлээрэй гэдэг байсан. Талийгаач хүүхдүүдтэйгээ хамт амьдардаггүй байсан тул түүний охин гэх нэхэмжлэгчийг танихгүй. Талийгаачид зээлийг өгч, авахад дандаа бэлнээр мөнгө өгч авсан ба нийт 9 000 000 орчим төгрөг төлсөн. 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хугацаа сунгасан гэх гэрээг сүүлд мөн оны 12 дугаар сарын 15-ны өдөр уулзахдаа нэгэн зэрэг нөхөж хийсэн болно. Сүүлд нөхөж хийсэн болох нь уг баримт дах бичиглэл дээрээс харагдана. Талийгаачтай хамгийн сүүлд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр уулзахдаа 4 800 000 төгрөг нэмж авсан мэтээр баримт үйлдсэн ч бодитоор аваагүй харин хүүг нэмж тооцсон баримт юм. Уг баримтыг сайн дураар үйлдээгүй, аргагүйн эрхэнд бичсэн тул зөвшөөрөхгүй. Мөн энэ өдөр уулзахдаа түүнд 1 000 000 төгрөг бэлнээр өгсөн, үүнээс хойш мөнгө төлөөгүй байгаа нь үнэн. Мөн хуулиар алданги өвлөгдөхгүй нас барснаар дуусгавар болж байгаа. Хамгийн сүүлд Манай зүгээс үндсэн зээл дөчин сая төгрөгөөс төлсөн мөнгийг хасч үлдэх хэсгийг талийгаачид төлөх үүрэгтэй байсныг үгүйсгэхгүй ч өвлөх эрхгүй буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан У.Мээс 48 300 000 /дөчин найман сая гурван зуу мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31 980 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг У.Мийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005648 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу 23 дугаар байр, .... тоот, 48 мкв гурван өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 629 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 469 650 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч У.М давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хариуцагчийн зүгээс 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ж.Хид зээлийн төлбөрт бэлнээр өгсөн 1 000 000 төгрөгийг хүлээн авсан баримт үйлдээгүй, дээрх гэрээний алинд нь ч оруулж тооцоогүй зэрэг нөхцөл байдлуудыг тухайн үед Ж.Хтой хийх уулзалтанд цуг явсан, мөнгө зээлж зээлийн төлбөр төлөхөд тусалсан нэр бүхий гэрчүүдээс мэдүүлэг авахуулах хүсэлтийг шүүх хангаагүйгээс дээрх нөхцөл байдлыг нотлох боломжгүй болгосон нь хуульд заасан оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн болно.

Гэрч асуулгах хүсэлтийг хангахаас татгалзаж, хэт нэг талыг барьж мэтгэлцэх бололцоогүй болгосон тул хэргийг шударгаар шийдвэрлэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрж шүүгчээс татгалзсан боловч татгалзлыг хүлээн авалгүй хуралдааныг үргэлжлүүлсэнд гомдолтой байна.

Би Ж.Хтой байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр хүү нийт 41 600 000 төгрөгөөс 9 000 000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 32 600 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Ж.Х холбогдох гээд чадахгүй байсан, нас барсан гэдгийг хожим олж мэдсэн. Би тодорхой хэмжээнд цаг тухайд нь холбогдож зээлээ төлдөг байсан ба алданги тооцож авах талаар бидний хооронд яриа хэлцэл болоогүй, зээлдэгч нас барснаар Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.3-т зааснаар үүрэг дуусгавар болно. Мөн өв нээгдэж эрх шилжих хуульд заасан хугацаа тоологдох нь талуудын хүсэл зоригоор ангид шинжтэй тул зээлдүүлэгч нас барснаас хойш алдангийн хугацааг тоолох үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд гэрээг сунгаагүй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт зааснаар анзын хэмжээ илт их гэж үзэн бууруулсан нь үндэслэлтэй.

2015 оны 5 дугаар сарын 15, мөн оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хэлцлүүд нь нөхөн гүйцэтгэсэн, зээлийн төлбөрт төлсөн мөнгийг хүү болгон бичилт хийсэн, бодитоор өгөөгүй зээлийг өгсөн мэтээр тооцож гэрээний сунгалт хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл учир хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Мөн зүйлийн 56.1.10-д зааснаар тус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус байх юм.

Гэтэл шүүх энэхүү хүчин төгөлдөр бус хэлцэл дотроос 2016 оны 1,2,3 сард 5 хувийн хүүтэй байх нөхцлийг тусгайлан тасалж авч тус саруудад харгалзах зээл, зээлийн хүү, алдангийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Мөн шүүх ийнхүү үндсэн зээл 33 600 000 төгрөгөөс 2016 оны 1-3 дугаар сард 5 хувийн хүүтэй зээл олгосон гэж үзсэн үндэслэлээ тайлбарлаагүй байна.

Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 15, мөн оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хэлцлүүдээс зарим хэсгийг хүчин төгөлдөр буст тооцож зээл, зээлийн хүү, алданги тооцсон нь хууль бус байх тул шүүхээс хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 48 300 000 төгрөгөөс (32 600 000 төгрөгийг дүнг хүлээн зөвшөөрч үлдсэн) 15 700 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч Х.Эгийн өв нээлгэсэн нотариатын лавлагаанаас барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах эрх өвлөгдөөгүй байна. Иймд шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан нь буруу.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3, 167.1.5. 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож эсвэл оролцогчийн нотлох баримт гаргах эрхийг ханган дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Х.Э нь хариуцагч У.Мт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 80 280 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Ж.Х, У.М нар 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Ж.Х нь 40 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч У.М нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу мөнгийг, хүү, алдангийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээж, мөн өдрөө Ж.Х нь У.Мт 40 000 000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн үйл баримт хэрэгт авагдсан зээлийн гэрээ, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. /хх7, 88-89/ Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Эгийн өвлүүлэгч болон хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх7, 88-89/ Иймээс гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Хэрэгт “Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч У.Мийн хүсэлтээр 2015.04.15-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа сунгах тохиролцоо” гэх 2015 оны 5 дугаар сарын 15, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тус тус огноолсон бичгийн баримт авагджээ. /хх-6-7/

Хариуцагч тал “2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөр огноолсон гэрээг мөн оны 12 дугаар сарын 15-ны өдөр нөхөж хийсэн, уг хугацаанд зээлийн гэрээг сунгаагүй, зээлийн төлбөрт төлсөн мөнгийг хүү болгон бичсэн хүчин төгөлдөр бус хэлцэл” гэх үндэслэл заан маргасан байна.

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт “Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино” гэж заасан.

Талуудын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөр огноолсон гэрээний 1-т “2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг 7 сарын хугацаагаар сунгав”, 2-т “Зээлийн гэрээг сунгасан 7 сарын хугацааны хүүд 6 400 000 төгрөг төлж барагдуулсан байна” гэсэн агуулга тусгаж, харилцан гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /хх6/ Уг гэрээ нь дээрх хуульд заасан нөхцөлд хамаарч байх тул Ж.Х, У.М нарыг зээлийн гэрээний хугацааг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан, уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Харин 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр огноолсон хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Учир нь 2015 оны 10, 11, 12 дугаар сарын хүүг төлөөгүй гэх үндэслэлээр үндсэн зээл дээр төлөгдөөгүй хүүг нэмээд зээлийн хэмжээг 44 800 000 төгрөг, түүнээс хүү тооцон төлөх тохиролцоо нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 282.4 дэх хэсэгт нийцэхгүй.

Иймд талуудын зээлийн гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр дууссан гэж үзэх тул уг хугацаанаас хойш зээлдүүлэгч нь зээлийн хүү тооцон шаардах эрхгүй.

Анхан шатны шүүх “зээлийн гэрээний хугацааг 2015 оны 5 дугаар сараас 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд сунгагдаагүй ... талууд гэрээг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 3 сараар сунгасан ...” гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэх журмыг зөрчсөн байх боловч давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд залруулан дүгнэх боломжтой байна.

Зээлдэгч У.М нь зээлийн гэрээний хугацаанд зээлийн хүүд буюу 2015 оны 5-9 дүгээр сарын хүүд 8 000 000 /40 000 000 х 4%=1 600 000 х 5 сар/ төгрөг төлсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдсон. /хх89/ Харин “2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэлцэл хийхдээ зээлдэгч Ж.Хид 1 000 000 төгрөг төлсөн” гэх тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй байна. Тодруулбал, тус өдөр хийсэн хэлцэлд “2015 оны 10, 11, 12-р сарын хүүг төлөөгүй тул үндсэн зээл 40 000 000 төгрөг дээр төлөөгүй 3 сарын хүү 4 800 000 төгрөгийг нэмж зээлийн төлбөрийг нийт 44 800 000 төгрөг болов” гэсэн агуулга тусгагджээ. /хх-6/

Талууд 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хэлцлээр зээлийн үүргийг тооцохдоо зээлдэгчээс 6 сарын зээлийн хүүд 6 400 000 төгрөг авсан талаар дурдаж, үндсэн зээлийг 40 000 000 төгрөг, мөн оны 10 дугаар сараас 12 дугаар сарын хүүгийн хэмжээг 4 800 000 төгрөгөөр тодорхойлсон байдаг. Эдгээр баримтуудыг харьцуулан үнэлэхэд хариуцагч У.Мийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байх тул “уг үйл баримтын талаар гэрчийн мэдүүлгээр нотлох хүсэлтийг шүүх хангаагүй” гэх тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээрхээс дүгнэвэл зээлдэгч У.М зээлийн үүрэгт буюу үндсэн зээл 40 000 000 төгрөг, зээлийн хүүд 4 800 000 төгрөг, нийт 44 800 000 төгрөг төлөх үүргээ  хугацаанд биелүүлээгүй, үүний улмаас 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний 3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувиар хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги төлөх үүрэг үүсчээ.

Талууд 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор У.Мийн өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны Бага тойруу 27 дугаар байрны 18 тоотод байрлах 48 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалахаар харилцан тохиролцон гэрээ байгуулж, улмаар улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байна. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ учир тэдгээрийн хооронд барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Зээлдэгч У.М зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь баримтаар тогтоогдсон учир зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй. Анхан шатны шүүх талуудын харилцааг зөв тодорхойлсон хэдий ч шаардах эрхийн хууль зүйн үндэслэлийн талаар холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс нөхөн дүгнэв.  

Хариуцагч У.М нь нэхэмжлэгч Х.Эг “зээлийн гэрээний үүрэгт алданги тооцон шаардах, мөн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхгүй, өвлөх эрхийн гэрчилгээнд энэ талаар дурдаагүй” гэж маргасан төдийгүй энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

Зээлдүүлэгч Ж.Х 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан, түүний охин Х.Э нь 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр болон мөн оны 5 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг өвлөн авсан болох нь хэрэгт буй 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /хх-6, 10/

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт эрх өвлөгдөхөөр заасан тул нэхэмжлэгч Х.Эд зээлийн гэрээний үндсэн үүргийг шаардах эрхээс гадна түүнийг дагалдаж үүссэн алданги болон барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрх давхар шилжсэн гэж үзнэ. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу алданги шаардах эрх нь үндсэн шаардах эрхээс салгаж үл болох эрх учир өвлөх эрхийн гэрчилгээнд бичигдээгүй гэх үндэслэлээр шаардах эрхгүй гэж үзэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч Х.Эгийн, хариуцагч У.Мээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж буй нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсгийн заасантай нийцжээ.

            Хариуцагчийн зээлийн үүргийг тооцвол  үндсэн зээл 40 000 000 төгрөг, зээлийн хүүд 4 800 000 төгрөг /2015 оны 10-12 дугаар сарын хүү 1 600 000 х3 сар/, алдангид 20 000 000 төгрөг, нийт 64 800 000 төгрөг төлөхөөр байна. Хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийхээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт заасан, зээлийн гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дууссан тул уг хугацаагаар зээлийн хүү зогсоно. Хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дах хэсэгт хүүгээс анз тооцохгүй, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй тул үндсэн зээл 40 000 000 төгрөгөөс алданги тооцох нь хууль зүйн үндэслэлтэй.  

Зээлдүүлэгч Ж.Х 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нас барсан байдал, түүнээс хойш У.Мийн хувьд зээлийн өр төлбөрийг хэнд төлөх нь тодорхой бус байсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасныг баримтлан зээлдүүлэгчийг нас барах хүртэлх хугацааны алдангийн хэмжээг бууруулан тооцвол 5 480 000 төгрөг болж байна. Анхан шатны шүүх 48 300 000 төгрөгөөр хариуцагчийн зээлийн үүргийн тодорхойлон, энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй учир шийдвэрийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.

Мөн хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд түүний өмчлөлд бүртгэлтэй барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсгийг агуулгаар нь тайлбарлан хэрэглэсэн байх тул тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2021/00538 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 469 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                  Н.БАТЗОРИГ

 

                                                                                       Ч.ЦЭНД