Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 88

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Шүүгдэгч Д.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат нарыг оролцуулан шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Суврагачин овогт Д.Г-од холбогдох 1821000000056 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Чойбалсан сумын 1 дүгээр баг ........ гэх газар оршин суух, гавъяа шагналгүй, урьд

- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ял,

- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Суврагачин овогт Д.Г

Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Зүүн гол” гэх газраас хохирогч Б.Б-гийн 1 тооны адууг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан “1 тооны адуу авсан” гэсэн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ зөвшөөрч байна. Хэрэг хийсэндээ харамсаж байна... ” гэв.

 

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын хэдний өдөр байсныг санахгүй байна. Манай мал дээр хүнгүй байхад адуунаас ухаа зүсмйн 1 тооны даага алга болсон байхаар нь би тэр хавиараа хайж байгаад олдохгүй байхаар нь саяхан цагдаагийн байгууллагад мэдэгдсэн чинь манай алга болсон ухаа зүсмийн 1 тооны даагыг хөдөө гэрийн ертөнцийн зүгээр урд байдаг айлын Д.Г хулгайлан авч хүнд өгсөн байсныг мэдээд Д.Г-той уулзахад миний алдсан гэх ухаа зүсмийн 1 тооны дааганы оронд буурал зүсмийн 1 тооны үрээ өгсөн. Надад одоо ямар ямар нэг санал гомдол байхгүй...” гэжээ.  /хх-ийн 10-11 тал/

 

Гэрч С.Алтансүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Болдоо надаас 2017 оны 05 дугаар сарын хэдний өдөр байсныг санахгүй байна. Манай гэрт ирээд эмчилгээний зардал хэрэгтэй байна, 250.000 төгрөг надад зээлээч, намар идэшний адуу өгье” гэхээр нь би тухайн үед 250.000 төгрөг Болдоод өгөөд явуулсан. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 10 цагийн орчимд Болдоогоос адуугаа авахаар гэрт нь очиход нөгөө морио авах гэж байна уу, байж байгаарай гээд явснаа аваад ирлээ гээд нэг тооны ухаа зүсмийн даага өгөхөөр нь Лхагвасүрэн гэх айлын гадаа ажиллаад өөрийн эзэмшлийн машинаараа гэртээ авч ирсэн. Надад даага өгөхдөө ямар нэг зүйл хэлээгүй бариад ирэхээр нь өөрийн адуунаасаа өгч байна л гэж бодсон. Уг адууг өөрөөр нь янзлуулах гэхэд хутга байхгүй гээд яваад өгсөн...” гэжээ .  /хх-ийн 16-17 тал/

 

- Гэрч Ц.Мөнхсайханы мэдүүлэг /хх-ийн 47 тал/

- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6 тал/

- Д.Г-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/

- Чойбалсан сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 7 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Суврагачин овогт Д.Г нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Зүүн гол” гэх газраас хохирогч Б.Б-гийн 1 тооны адууг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогч Б.Б, гэрч С.Алтансүх нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Д.Г-од холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Г-ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Г-ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явж байхдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.  

Шүүгдэгч Д.Г-од эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Г-ын ......................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Суврагачин овогт Д.Г-ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Г-од тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Г-од тэнсэгдсэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д.Г-ын ..................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ